“Монгол аура” төвийн тэргүүн,
доктор Б.Сарандаваатай ярилцлаа.
-Та бол олны танил хүн, харин
хувь хүнийхээ хувьд хэн бэ гэж хүмүүс сонирхож байгаа болов уу. Таны төрсөн
нутаг, аав ээжийн тухай дурсамжаар яриагаа эхлэх үү?
-Би эцэг, эхээс наймуулаа. Хүнд
өргөгдсөн хүүхэд байгаа юм. Одоо ч ээж, аавынхаа ачийг бодож явдаг. Миний аав
бол өргөж авсан ээжийн маань төрсөн ах нь. Дүүдээ л намайг өргүүлсэн юм. Би
Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрөөд, дараа нь Дундговьд өссөн. Тэр сайхан
газруудын энерги надад үйлчилсэн байх гэж би боддог. Би Дундговь аймгаа төрсөн
нутаг шигээ боддог. Тиймдээ ч миний хоёр хүү Дундговьд мэндэлсэн. Миний номын
багш хоёр хүүд маань Занабазар, Аюурзана гэж нэр хайрласан юм. Одоо бодоход
Өндөр гэгээн Занабазар гайхамшигтай мэдлэгтэй, ур ухаантай хүн байжээ. Бодоод
үз дээ. Дэлхийн бүх энерги 21 цэг дээр явдаг. Олон улсын энергийн маш олон
хуралд оролцлоо. Дэлхийн энерги, газрын энерги, хүмүүс хоорондын энерги
долгионыхоо давтамжаар 21 циклтэй байдаг. Өндөр гэгээн Занабазар 21 дарь эхийн
дүрийг бүтээсэн нь 21 энерги юм гэж би ойлгодог. Өндөр гэгээний бүтээсэн
бурхадаас гадагшаа гарсан ганц нэг нь 200-300 сая доллараар үнэлэгдэж байх
жишээтэй. Ямар агуу их бүтээл, агуу их оюун ухаан бэ. Намайг хүндрэлтэй төрөхөд
аав маань багш дээр очиж, хадаг барьж, миний амийг аварсан гэдэг. Түүнээс хойш
миний багш намайг ивээлдээ аваад “Ум дари дүдари дүри суха” гэсэн тарнийг бичиж
өгсөн нь надад байдаг. Тэр нь абшиг болж явдаг юм байлгүй. Тарни өгснөөс нь
хойш энэ ажлыг нь сайхан уламжилж яваа. Дээрээс надад багшийнхаа замналаар яв
гэж өгөгдөл өгсөн байх аа гэж боддог. Аюурзана чинь ч нэг дарь эхийн нэр шүү
дээ. Одоо миний хоёр хүүгийн үр үндэс өсч үржээд олон дарь эхтэй болж байна.
Өнөрдарь, Анударь, Өлзийдарь Номуударь гээд олон дарь эх бий дээ.
-Та ач охиддоо нэр өгдөг үү?
-Нэр өгч байна.
-Юу мөрөөддөг хүүхэд байв?
-Би их мөрөөдөмтгий хүүхэд
байлаа. Дандаа гоё юм бодож явдаг. Ном их уншдаг. Д.Нацагдорж тэмдгийн болзол
хангана, “Номын сайн нөхөр” болно гэж хичээдэг байлаа. Ээж, аав хоёр маань
“Нүдний чинь хараа муудлаа” гээд загнахаар хөнжил дотроо гар чийдэн тусгаад ном
уншдаг байв. Дараа нь Д.Нацагдорж тэмдгийн болзол хангасан, таван онцын эзэн ч
болж байлаа. Аав маань гурван дугуйттай. Намайг дэргэдээ суулгаад, хөдөө
цайныхаа сүүнд явна. Тэгэхэд нь үүл хараад дандаа дүрсэлж боддог сонин хүүхэд
байсан. Багаас л энэ бүхний үндэс суурь тавигдсан гэж боддог шүү. Би Хөдөө аж
ахуйн дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа ч ангийнхныгаа Гандан хийдэд очиж
мөргүүлдэг байлаа. Одоо бодоод байхад хүн залбирлаа зөв бодож, бодлоо зөв
хэлсэн цагт тэр нь биелж байдаг. Хүн сүсэг бишрэлтэй байх ёстой юм билээ. Сүсэг
гэдэг нь гурван төрөл. Итгэж сүсэглэх, залбирч сүсэглэх, сэтгэлээсээ сүсэглэх
гэж байдаг. Зарим хүн “Би сүсэггүй” гэдэг. Сүсэггүй хүн гэж байдаггүй. Үгүйдээ
л сэтгэлийн сүсэгтэй байгаа шүү дээ. Сэтгэлийн сүсэгтэй улсууд чинь ямар ч
байсан гутлаа тайлаад, бурхан дээрээ аваачаад тавьчихгүй. Хувцсаа ээж аавынхаа
зурган дээр овоолчихгүй л байх.
-Бага байхад маань эмээ тарни
уншаад л “Урт насалж удаан жаргах болтугай” гээд миний өмнөөс залбирдаг байсан.
Ээжүүдийн залбирал хэр нөлөөлдөг бол?
-Нөлөөлөлгүй яах вэ. За миний
хүү Ногоон дарь эхийн тарни “Ум дари дүдари дүри суха” гээд уншаарай гэж
хүмүүст хэлдэг. “Энийг уншихаар хүү маань юмнаас айхаа больчихлоо” гэдэг.
Судлаад үзэхээр нэг тарнийн нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галавын тамаас
аврахын сацуу, очир эрдэнийн адил хамаг муухайг зайлуулж авран нигүүлсэхүйн
увдистай гэдэг. Тарнийг санскридээр уншина уу төвдөөр уншина уу монголоор
уншина уу хамаагүй. Гагцхүү Дарь эхийн тарнийг уншихад миний айдас алга болж,
бүх юмнаас аврагдана гэж тархиндаа кодолсон учраас л тарни ид шидээ олж байгаа
юм. 2004 онд би “Сэтгэл судлалын уламжлалт арга” сэдвээр боловсрол судлалын
доктор хамгаалахдаа нууц тарнийн аргыг судалсан юм. Сэтгэл судлалын уламжлалт
аргаар бид жил бүр арга хэмжээ зохиодог. Таван хишгийн даллага нэг дор авдаг.
Энэ даллага авахдаа хамгийн эхлээд хийморь гэж юу юм бэ гэж тайлбарладаг. Шашин
талаас нь хийморийг ингэж тодорхойлдог юм байна, шинжлэх ухаан талаас нь ингэж
хэлдэг юм байна, энерги талаас нь ингэж тодорхойлдог гээд хэлдэг. Мөнгө дууддаг
гээд л шүүмжлээд байдаг. Гэтэл бид Намсрайн даллага авч өгдөг. Намсрай бурханы
бүх арга барил, бэлгэ тэмдгийг хэлнэ. Монголчууд бүх бурхан тахилдаа
бэлгэдлүүдийг шингээж өгсөн байдаг. Дараа нь Гонгорын даллага авна. Гонгорыг
сайхан тайлбарлаж өгнө. Яагаад гавлынх нь ясан дотор дүүрэн алт эрдэнэс байдаг
гэхээр “Монголчууд аа, тархиа ажиллуулсан цагт алт эрдэнэс та нарын гарт шүү”
гэдгийг хэлж байгаа юм. Яагаад Намсрай бурханы гарт алт эрдэнээр бөөлжөөд
байдаг үхэр хулгана бариулсан гэхээр хулгана хөеөгөө цуглуулдаг учраас “Ард
түмэн минь та нар хуримтлалтай байсан цагт аз жаргалтай амьдарна” гэдгийг
хэлсэн байх жишээтэй. Дараа нь бид буян хишгийн даллага авдаг. Даллагынхаа
уутыг бие махбодын өнгөөр хийх ёстой гээд тайлбарладаг. Нэг лекцийн дараа нэг
ном гаргадаг. 21 аймгаар дөрвөн удаа тойроход янз янзын даллагын ууттай байсан.
Энэ тухай бичээд ном гаргасан юм. Буян хишгийн даллага авсны дараа Өлзий
хутгийн даллага авдаг. Ажлаа яаж бүтээх вэ. Хүн бодлоо яаж удирдах ёстой юм.
Бодол биелдэг, үг амилдаг гэдгийг бодолцох учиртай. Үг амилсан цагт үйлдэл
дагадаг. Тийм учраас манай монголчууд “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал
могойн хорлол” гэдэг ш дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг чинь хүн битгий
муу хэлж бай. Хүнтэй битгий жөтөөрх. Энэ муухай долгион чинь өөрт ирдэг юм шүү
гэдгийг хэлж байгаа юм. Би чамд нэг ном өгөхөд чи авахгүй бол надад л үлдэнэ.
Түүн шиг хүн муухай харааж зүхэж, атаархаж жөтөөрхөж байсан ч авахгүй гэсэн
кодыг толгойдоо суулгасан бол тэр муухай долгион та нарт очихгүй. Тийм л учраас
“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэсэн үгтэй. Тавд нь бид мөнгөөр
далладаг. Түүнийг маань баахан шүүмжилдэг. Мөнгө даллах гэдгийг би зохиогоогүй
юм. Монголын ард түмэнд өдий хүртэл уламжлагдаж ирсэн зүйл. Олуулаа нэг дор
цуглаад, нэгэн дуугаар, нэгэн зэрэг сайхан даллага авахад тэр их оюун ухааны
давтамж, тэр их хэлбэлзэл далд ухамсар нэгдэнэ. Буян хишгийн даллагын утга учир
үүнд оршдог юм.
-Зөвхөн таны хүч чадал биш олон
хүний хүч чадал нэгдэх нь ээ?
-Нэгэн дуугаар, нэгэн зэрэг
даллага авна гэдэг бол тэр хүмүүсийн буян хишиг оршиж байгаа хэрэг. Худгийн ус
хэмжээтэй гэдэг. Саяхан Ийгл телевизээр нэг эрдэмтэн Чой хамбатай суугаад ярьж
байна лээ. Сарандаваа нэг дор 3000 хүн цуглуулчихаад транст оруулдаг гэж байна
лээ. Тэр олон хүн ухамсраараа нэгдэж байгаа. Далд ухамсар дээд хүчтэй
холбогдоод, оюун санааг нэгэн тогоон дотор, нэг тойрог дотор транс хэлбэрт
оруулахад бүгд нэгэн зэрэг хурайлаад, нэгэн зэрэг босоод, нэгэн зэрэг сууж
байгаа гэж тэр эрдэмтэн хачин сайхан тайлбарласан. Хурайлна гэдэг чинь дээд
хүчнээс хурааж авч байна гэсэн үг юм билээ. Та нар борооны дусал мэт их буян
хишиг бууж байна гэж бодоод өөрт ногдохыг хэр хэмжээгээрээ ав гэж би хүмүүст
хэлдэг. Хүн болгон баян болно гэж үгүй. Хүн бүрийг төрөхөд төчнөөн хуй торго
хэрэглэнэ, төчнөөн амуу буудай иднэ гээд төрсөн өдрийн төөрөг байдаг. Нар зөв
хурайлна гэдэг энергийн хуйлрал бий болгож байгаа гэсэн үг. Даллаж авна гэдэг
дотоод гадаад энергиэ өөртөө дуудаж байгаа хэрэг. Монголчууд замд явахдаа
өмнүүр нь хонь адуу явахад “Буян хишиг орж ирж байна” гэж бэлгэшээдэг ийм
учиртай. Уухайлна гэдэг хүч оруулдаг. Хурай гэдэг өөрийн дотоод энергийн эрч
хүчээр хурайлж авч байна гэсэн үг. Даллана гэдэг тэнгэрээс торсон орны эрчилсэн
эрч хүчийг буулгаж даллаж авч байна гэсэн үг. Тэгээд бид уухайлаад өвөртөө
хийгээд авч байна гэдэг чинь гадаад дотоод энергийн эрч хүчийг дотоод
сэтгэлийнхээ эрч хүчээр өөртөө оршоож авч байгаа юм. Үүнийг шинжлэх ухаан
талаас нь ч шашин талаас нь ч хэлж өгдөг. Өдий олон жил уламжлагдаж ирсэн ёс
заншлыг дорд үзэж болохгүй. Зарим хүн намайг доромжилно биз. Ард түмнийг мал,
мухар сүсэгтэй гэж доромжилж таарахгүй.
-Сарандаваа гэдэг ямар утгатай
нэр вэ?
-Манайх найман даваатай.
Сарандаваа нь сар сар гэсэн утгатай.
-Та 21 дарь эхийн хийдээ яаж
босгосон бэ. Энэ хийд эхлээд таны сэтгэлд ямар дүр төрхтэй бууж байв?
-Монголчууд эрт үеэс Дарь эх
бурханыг шүтэж дээдэлж ирсэн. Энэ амьдралыг үүрч яваа бүсгүйчүүддээ туслах
юмсан, болж бүтэхгүй бүхэнд нь засал хийж өгөх юмсан гэж би олон жилийн турш
бодож “21 дарь эхийн бодлын орон түлхүүр хийд”-ээ босгохоор зорьсон юм. Уг нь
миний багш хэлдэг байсан. Чингэлтэй хайрхан дээр бурхан багш суугаад, бүх ард
түмнээ харж байдаг. Туул голын эрэг дээр Ногоон дарь эх ард түмнээ, рашаанаа
хараад ивээлдээ авч байдаг гэж ярьдаг байсан. Газар хөөцөлдөөд бараагүй.
Хашааныхаа газар дээрээ л хийдээ босгосон юм. 2008 оны наймдугаар сарын 8-ны
найман цаг, найман минутад шав тавиад, өөрсдийнхөө хүчээр босгосон. Анхандаа
өөрийнхөө мөнгийг эндээ оруулж бага багаар босгож байгаад нэг давхраа босгоод
банкнаас зээл авсан юм. Зарим улсууд “Сарандаваа чинь мөнгө дууддаг байж зээл
аваад байхдаа яадаг юм” гэдэг. Ард түмэндээ зориулж сайхан юм босгохын тулд
урьдчилж мөнгө аваад, дараа нь 21 аймгаар явж, ард түмнийхээ хандиваар
бүтээсэн. “Та нарын лекцэнд суусан мөнгө чинь энэ хийдэд орж байгаа шүү” гэж би
хүмүүст хэлдэг. Яг манай гэр бүлийнхэн бол унтлагын өрөөтэй, гэртэй л улсууд
шүү дээ. Одоо энд 21 дарь эхийн бүхэл бүтэн орд харш босчихсон байгаа. Нэг
давхарт нь гэхэд л 21 дарь эхийн хот мандал бий. Нэг лам ирж үзээд “Ямар мундаг
юм бэ, Монголд битгий хэл Азид ч 21 дарь эхийн хот мандал байхгүй шүү” гэж
хэлсэн. Ер нь хот мандал нь бясалгалын зан үйлд хэрэглэгддэг орон. Хот мандлыг
хүний биеийн анотомийн маш нарийн зохион байгуулалтаар бүтээдэг. Хоёр давхарт
гарахдаа 21 дарь эхийн түлхүүрээр явж, бие хэл сэтгэлээр үйлдсэн үйлийн үрээ
арилгадаг учиртай. Хэлээрээ битгий муу үг хэл, сэтгэлдээ битгий муухай юм
агуулж бай гэдэг. “Болно, бүтнэ, явна, эдгэнэ, чадна, ялна дийлнэ” гэж бодож,
сэтгэлээ амирлуулдаг. Битгий муу муухайг үзэж хар, дандаа инээмсэглэж яв
гэдгийг шашин хэлдэг. Шинжлэх ухаан талаасаа бол бодол биелдэг, үг амилдаг
гэдгийг аль дээр үеэс хэлчихсэн байдаг. Альберт Эйнштейн хүртэл “Нэг муухай үг
хэлэхэд 13 эерэг үг хэлж байж тархинаас чинь гарна шүү” гэж тайлбарласан
байдаг. Энерги талаасаа хүн дандаа сайхныг бодож нар сар ертөнцдөө залбирч
явсан цагт бүх юм сайхан болно. Сайн юм бодсон хүнээс сайхан энерги ялгарна.
Муу юм бодсон хүнээс муу энерги ялгарна. Дээр үед монгол эмэгтэйчүүд 21 дарь
эхийн түлхүүрийг шаглаж оёсон эсгий дээрээ аргаа түшээд, амарждаг байжээ.
Хийдийн гурван давхраас дээшээ спирал маягийн энергийн шатаар гарч, Ногоон дарь
эхийн дотор буюу сав шимийн ертөнцөд орно. Энд бие сэтгэлээр үйлдсэн үйлийн
үрийг арилган дахин шинэ хүн болж мэндэлж байна гэж бодож, дээшээ гарч ирэхэд
долоон метр 77 см Ногоон дарь эх бурхан угтана. Гурвалжин дотор байдаг нь
учиртай. Гурвалжин дотор амин цэнэг хуримтлагдаж байдаг учраас тэнд гарч ирэхэд
сайхан болно. Тэнд бас Бүжинлхам бурхан, Насны бурханд мөргөөд, хүсвэл 21
шатаар гараад дээд хүчдээ гэрэлт зул өргөдөг. Ингээд дахин давхцахгүй 108
шатаар гарч, амин энергиэ тэтгээд буцна. Ингэж 21 циклиэр энерги авахаар бодсон
юм.
-Багш тань хэн гэдэг хүн байв?
-Багшийнхаа нэрийг хэлж
болохгүй. Манай багш гэвш цолтой, Зава Дамдингийн шавь нь байсан хүн.
-Та тоог их бэлгэдэх юм. Орой
унтах, өглөө босохдоо ч нарийн цаг минут товлодог гэсэн үү?
-Ихэнхдээ гурван цаг 33 минут
33 секундэд унтахаар хэвтдэг. Гурван гурвын ес гэдэг. Манай ажилтнууд ч мэднэ.
Хөдөөгүүр болон гадаадад явж байсан ч наана нь унтахгүй. Өглөө долоон цаг
долоон минут долоон секундэд босно. Зургаа өнгөрөөд сэрчихдэг ч юм бодож
байгаад цагтаа босдог. Тэр нь гурван долоон 21 гээд энергийн тоо. Дандаа ингэж
бэлгэдлээр амьдардаг. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг шүү дээ.
-Та энэ их олон ном бичихийн
тулд өөрийгөө байнга цэнэглэх шаардлагатай болно. Юу таныг цэнэглэдэг вэ?
-Манай өрөөнд таван номын сан
байдаг. Дээр хоёр том номын сан бий. Одоо ч хэдэн ном унших гээд гаргаад
тавьчихсан байна.
-Гадаадад олон улсын хуралд их
суудаг юм аа?
-Гадаадад энергийн хуралд явж,
бас лекц уншдаг. Яваагүй газар байхгүй. Японы Эмото Масару гуайтай хамтарч
ажилладаг. 2012 онд Хадо гуай усны энергиэр хамтарч ажиллаад надад “Дэлхийн энх
тайвны шагнал” өгсөн. Өөрийнх нь хүндэт шагнал байхгүй юу. Дэлхийн энергийн
төвөөс “Дэлхийн хамгийн их энергитэй хүн”-ээр намайг тодруулж байлаа. Хятадад
хоёр удаа лекц уншлаа. Тэнд цагдаагийн хамгаалалттай явдаг юм. Өнгөрсөн жил
Малайзад олон улсын хурал болоод, илтгэл тавьсан. “Дэлхийн энергийн мастер”
гэдэг цолыг надад энд ирж гардуулсан.
-Та яаж ингэж их энергитэй
байдаг юм бэ?
-Манай ажилчдаас асуугаарай.
Бид нар лекцэндээ бэлтгээд заримдаа унтдаггүй шүү дээ. Манай нөхөр “Чи өчигдөр
таван цагт унтсан. Өнөөдөр унтаач” гэдэг. Ийм үед өөрийнхөө их энергитэйг
мэдэрдэг. Хоёр, гурван цаг нам унтаад энергиэ нөхчихдөг юм. Миний бясалгал
хийдэг нэг өрөө бий. Дээр бясалгалын нэг гэр байдаг.
-Та дууны шүлэг бичдэг гэсэн.
Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-Усны тухай дууны шүлэг бичсэн.
Н.Жанцанноров гуай ая хийсэн юм. Усны дуулал гэж дуу байна. 21 дарь эхийн
тухай, шүтээн, галын тухай дууны шүлэг бичсээн. Ингэхэд би 53 ном бичсэн. 16
төрлийн эрдэм шинжилгээний ажил хийсэн байна. 1993 оноос өнөөдрийг хүртэл 258
мянган хүн үзсэн байдаг. 32500 хүн дээр судалгаа хийсэн. Яагаад ханьгүй, үрийн
заяагүй байна гээд судалдаг. Нас барсан хүн дээр хүртэл судалгаа хийсэн.
-Нас барсан хүн дээр ямар
судалгаа хийх вэ?
-Хүн зүгээр байж байгаад нас
барахгүй шүү дээ. Давтамж энерги гээд нарийн юмнууд бий.
-Ямар дүгнэлт гарсан бэ?
-Нас барсан 108 хүн дээр
судалгаа хийсэн. Хүн эхээс төрөхөд өмсөх хувцас, идэх хоол, насны тоо заагдсан
байдаг атал энэ бүгдээ гүйцээлгүй гэнэт осол, өвчин эмгэгээр нас бардаг. Төрсөн
он сар, гариг эрхсийн нөлөөг судалсан. Хагацлын үүд нээгдэнэ гэж хүний био ритм
байдаг. Хүн 12 жил болоод жил ордог шиг таван жил болоод хагацлын үүд нээгддэг.
Жил орсон, мэнгэ голлосон, хагацлын үүд нээгдсэн гэх мэт нөлөөлдөг. Хүн ерөөсөө
зүгээр байж байгаад өөд болдоггүй. Ердийн тоон дээр хүн нас бардаггүй, жилээ
угтдаг юм уу, жил ороод гарахдаа юм уу нас барсан байдаг. Од эрхсийн нөлөөг
тооцож байх учиртай. Хүний давтамж ингэж нөлөөлдөг. Би энэ бүхнийг зохиогоогүй.
Манай монголчууд аль дээр үеэс “Жил орох нь заслаа хийлгэе” гэж ярьдаг байсан.
Засал номоо хийлгээд, бурхан тахилдаа мөргөөд сайхан боллоо гэдэг кодыг
тархиндаа хийх учиртай. Түүнээс биш “Жил орох нь ээ, яанаа үхэх нь ээ гээд
яваад байж болохгүй нь.
-Таныг лекц уншиж, цэнгүүн хийж
маш их мөнгө олдог байх гэж хүмүүс ярьдаг, та тийм их мөнгө олдог юм уу?
-Саяхан дуун сүүн энергийн
цэнгүүнээ хийлээ. Намайг энэ олон хүнийг цуглуулаад нэг их мөнгө олчихлоо гэж
яриад байдаг. Үнэндээ бол энэ жилийн энергийн цэнгүүн дээр гэхэд л алдагдалтай
үлдсэн. Итгэлт хамбад мөргөх 13 азтан тодруулсан. Зарим хөтлөгч, дуучиндаа өгөх
ёстой мөнгөө өгч чадаагүй л байна. Хүн юм хийхэд ашигтай гардаг бол минийх тэг
ашигтай гардаг. Сүүлийн цэнгүүний орлого нь 12 сая, зарлага нь 14 сая байх
жишээтэй.
-Та тайзан дээр гоё харагдаж
байсан. Хувцсыг чинь ямар хүн хийдэг вэ?
-Би ерөөсөө долоон энергийн
хувцас өмсдөг. Хувцас хийж өгдөг хүн бий.
-Таныг олны танил болохоор
сонгуулийн өмнө нам хүчнээс санал тавьдаг уу?
-2010 онд хэлсэн. Би хэзээ ч
намд элсэхгүй. Олон түмэндээ л өөрийнхөө бодсон санаснаа чадах ядахаараа түгээж
явна гэдгээ амлачихсан. Мөнгөний ханш ихэссэн ч бай багассан ч бай 10 мянгаараа
л та бүхэнд лекцээ уншиж байна гэдгээ хэлсэн. Чи бодоод үз. Нэг лекцийн
билетэнд гэхэд 21 зүйлийн юм дагуулдаг. 7000 гаруй төгрөгийн өртөгтэй билет
гардаг. Сувд, шүр гэх мэтийг дагуулж өгдөг. Ойлгох нэг нь ойлгоно биз.
Ойлгохгүй нэгэнд нь заавал өөрийгөө ойлгуулах гээд хэлээд байх юм байхгүй.
Саяхан нэг хүн “Таныг УИХ-д оруулна гээд нэрийг чинь гаргачихсан байна” гэсэн.
Би хэзээ ч нэр дэвшихгүй ээ. Яахав шоронд суулгана гэсэн биш УИХ-д суулгана гэж
байгаа нь бэлгэтэй юм. Гэхдээ би бүх шоронгоор явж лекц уншсан л даа. Хандивын
юм маш их хийсэн.