Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.
-Нийслэлийг хөдөлгөдөг томоохон салбар болох нийтийн тээврийн асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ салбарт өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсон. Нийслэлийн зүгээс энэ асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байна. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийнэ бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Бидний барьж буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэх.
Энэ хүрээнд автобусны парк шинэчлэлтийг хийнэ. Туршилтаар цахилгаан автобусыг нийтийн тээвэрт явуулж байна. Шат дараатай төлөвлөгдөн хийгдэж байна. Сabel car буюу агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэхээр тооцоо судалгаа нь хийгдээд явж байна. Агаарын дүүжин замын тээврийн хувьд Хайлааст, Дарь-Эх, Баянхошуу гэх мэтчилэн өндөрлөг газар амьдарч байгаа иргэдийнхээ ая тухыг бодож энэ төрлийн тээврийг хэрэглээнд нэвтрүүлэхээр сонгосон. Агаарын дүүжин тээврийг зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэдэг байсан бол ОХУ-ын Новогород хот болон Камбож, Тайланд, Францын Брэст хот, Туркийн Анкарад, Амeрикийн Нью-Йоркд, Английн Лондонд, Тайвань, Солонгос, Хонконг, Сингапур, Колумб, Бразил, Пeру гэх мэт дэлхийн олон оронд нийтийн тээвэртээ хэрэглээд эхэлсэн. Манай улсын хувьд ч нийтийн тээврийн салбартаа нэвтрүүлэхэд олон талын давуу талтай гэж харж байгаа.
Түүнчлэн хамгийн их зорчилттой Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордны хооронд өдөрт 400-450 мянган зорчигч зорчдог. Энэ замд соронзон галт тэрэг явуулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр эдгээр ажлуудын зэрэгцээ таксины үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 598 такси үйлчилгээнд явдаг. Олон улсын стандартаар Улаанбаатар хотод 3-4 мянган такси шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд энэ жилдээ багтаан 1000 таксигаар парк шинэчлэл хийчих юм бол нийтийн тээврийн ачааллыг бууруулах нэг шийдэл болох юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслүүдийг хөдөлгөнө.
Мөн нийтийн тээврийн салбарын ачааллыг бууруулахад эко бодлогын хүрээнд дугуйн замын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Сонирхуулж тоо баримт дурдахад, сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 27 км дугуйн зам тавигдсан байна. Харин бид нэг жилийн хугацаанд 50.1 км дугуйн зам нэмж барихаар тооцоо, судалгаа хийгээд, ирэх дөрөвдүгээр сараас ажил нь эхлэх гэж байна. Бид иргэддээ дугуйгаар явах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс дээр дурдсан ажлууд цогц болсноор нийтийн тээврийн олон хувилбарт систем бий болж, зорчигчид аюулгүй, ая тухтай зорчих, замын түгжрэл буурах асуудал шийдэгдэх юм.
-Түгжрэл бууруулах арга замуудыг эрж хайхын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн нийтийн тээврийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгааг та хэллээ. Гэхдээ агаарын дүүжин замын тээврийн тухайд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлнэ гэдэгт итгэхгүй олон хүн байгаа.
-Автобуснуудаа шинэчилж чадаагүй байж соронзон галт тэрэг,агаарын дүүжин тээвэр тавина гэдэг нь сонгуулийн шоу гэдэг ч юм уу тиймэрхүү хандлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид хийнэ. Төсөв мөнгө нь шийдэгдсэн. Франц, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэхээр болсон. ТЭЗҮ нь урьдчилсан байдлаар хийгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас агаарын дүүжин тээврийн ажил эхэлнэ. Тэгэхээр энэ мөрөөдөл биш. Биелнэ.
Одоо бид өчнөөн удаан хэрэглэсэн автобусыг эх орондоо авчирч хэрэглэхээ больё. Улаанбаатар хот 2020 онд “Нэг хот нэг стандарт” уриатай бодлого барьж байна. Энэ хүрээнд нэг километр ч бай, нэг метр ч бай замыг стандарт, норм дүрмийнх нь дагуу гүйцэтгэнэ гэдэг бодлого барьж ажиллаж байгаа. Тиймээс нийтийн тээвэр дээр болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд нь саадгүй явж байна.
-Өнгөрсөн онд иргэдэд хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдийн сургуулийн автобус байсан. Энэ онд автобусны тоог нь нэмэхээр болсон гэж байсан?
-Сургуулийн автобусыг туршилтаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус явуулж эхэлсэн. Зөвхөн сурагчдад зориулсан тусгай чиглэлийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан 40 автобус үйлчилсэн. Хичээл амрахад буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн статистик тоо баримтыг харахад давтагдсан тоогоор 115 мянган хүүхдэд сургуулийн автобусаар үйлчлүүлсэн байв. Үр дүнд нь дээрх тооны хүүхдүүдийг зам тээврийн осол, аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гэж хэлж болно. Мөн эцэг, эхчүүд тайван ажлаа хийх боломж нөхцөлөөр хангаж, хотын түгжрэлийн асуудалд тодорхой тооны хувь нэмрээ оруулсан нь харагдсан. Тиймээс Улаанбаатар хотоос энэ ондоо 200 шинэ автобусаар хүүхдийн автобусны парк шинэчлэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Одоогоор нийтийн тээвэрт явж байгаа автобусуудыг хүүхдийн автобусны үйлчилгээнд явуулж байгаа. Шинээр авах гэж буй 200 автобус нь хүүхдэд зориулагдсан,тусгай стандартын дагуу байх юм. Энэ оны тавдугаар сард эхний автобусуудаа оруулж ирнэ. Бид ч мөн хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгох ёстой хэмээн ажлаа уялдуулж ажиллахыг зорьдог.
-Та бүхний эхлүүлсэн ажил сонгуулийн дараа өөрчлөгдөж, эсвэл зогсчихгүй байгаа?
-Аль ч нам, эсвэл сонгуульд ялалт байгуулсан бай бүтээн байгуулалтын ажлыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй, шаардлагатай гэж үздэг. Нийтийн эрх ашиг, Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах асуудал чухал учраас түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон эхлүүлсэн ажлыг аль ч улс төрийн хүчин эсэргүүцэхгүй болов уу.
-Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон нийслэлээс олон ажил хийж байгаа. Жишээ нь, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал илт сайжирсанд, иргэд ам сайтай байна.
-Их хотын 600-650 мянган иргэнийг тээвэрлэж буй нийтийн тээврийн салбарт онцгой анхаарал хандуулах ёстой. Парк шинэчлэлт огт хийгдээгүй байлаа гээд заавал хиртэй суудлын бүрээс дээр сууж, хүйтэн, бохир орчинд зорчих ёсгүй. Би ажлаа авснаас хойш энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Мэдээж өмнө хэлсэнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон. Харин парк шинэчлэл хийтлээ байгаа автобуснуудаа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгахын төлөө нийтийн тээврийн үйлчилгээний газар болон бусад харьяа байгууллагатай хамтран ажиллаж байна. Шинэ коронавирус тархсантай холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссоос ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг өглөө болгон 06:00 цагаас эх авалтыг шалгаж,суудлын бүрээсийн хир тортог, үндсэн цэвэрлэгээ, ариутгалыг шалгахын зэрэгцээ жолооч нарын биеийн байдлыг хүртэл хянаж явуулж байгаа. Энэ эрсдэлтэй цаг үед ариутгал, халдваргүйжилт хийх нь маш чухал. Нэг дор олон хүн тээвэрлэж буй автобусны ариутгал, халдваргүйжилт дээр нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг манай автобус компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин ажиллаж, орой болгон автобусуудад ариутгалыг хийж байна. Солонгос улсад ариутгалыг ямар технологоор хийдэг үү манай нийтийн тээвэр яг тэр горимоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа нь сайшаалтай. Нэг зүйлийг онцолж хэлэхэд өмнө нь нэг автобусыг 30 минут цэвэрлээд буудаг байсан бол одоо хоёр цаг цэвэрлэж байна. Суудлын бүрээс, зөөлөвчийг нь хүртэл ариутгаж байгаа. Аж ахуйн нэгжүүд маань цэвэрлэгээ, ариутгалыг маш сайн хийдэг болсон. Улмаар халдвараас сэргийлж гар ариутгах уусмалыг бүх автобусуудад байршуулсан.
Харин иргэд маск, бээлий зүүж, ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг сахин биелүүлэх хэрэгтэй. Мөн автобусаар зорчихдоо гараа ариутгаж хэвшээрэй гэдгийг иргэддээ уриалмаар байна.
-Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж хэвшиж байгаа. Энэ ажлыг дэмжих үүднээс ямар ажлууд хийж байна вэ. Нийтийн тээврийн картаар үйлчлүүлсэн иргэдэд НӨАТ-ын баримт олгодог болох гэж байгаа гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Иргэд нийтийн тээврээр карт уншуулж үйлчлүүлж байгаа. Карт борлуулах болон цэнэглэх цэгүүдийг бүх төлбөрийн системээр нэвтрүүлэх шаардлагатай учраас шат дараатай арга хэмжээ авч байна. Нэгдүгээрт, энэ сардаа багтаагаад автобусаар зорчиж буй иргэдэд НӨАТ-ын баримт олгохоор болж байгаа. Нэг иргэн өдөрт 2-3 удаа автобусаар зорчихдоо карт уншуулсан бол тэр дунд нь нэг ширхэг НӨАТ-ын баримт өгдөг байхаар зохицуулж байгаа. Яагаад гэвэл маш олон зорчилт хийгдэж байгаа учраас тэр болгонд нь НӨАТ-ын баримт өгөх боломжгүй юм билээ. Энэ мэтчилэн нийтийн тээврийг хөгжүүлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Ямар ч байсан 2020 онд нийтийн тээврийг шинэ үйлчилгээтэй, шинэ шатанд гаргана.
Д.ТУЯА