Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ононхангай: Оюу толгойн уурхайд хэд, хэдэн хүн нас барахад бүгдийг дарж нуусан DNN.mn

Оюу толгойн гүний уурхайд таван уурхайчин нас барсан. Энэ мэдээллийг тус компани нуун дарагдуулж ирсэн гэх мэдээлэл түгээд буй. Энэ талаар Геологи, уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангайтай ярилцлаа.

-“Оюу толгой” ХХК уурхайчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа гэж та саяхан мэдээлэл хийсэн. Чухам ямар зөрчил гарсан болж таарав аа?

-Оюу толгой компани буюу Оюу толгой төсөл дээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гэрээлэгч компаниудын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Бидний мэдэж буйгаар гүний уурхайд олборлолт хийж байгаа “Даян контракт майнинг” ХХК, “Рэдпаф Монголиа” ХХК, “ХасуМегавтт” ХХК, мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил гүйцэтгэж байгаа Туркийн хөрөнгө оруулалттай “ЭНКА” ХХК, Оюу толгойн үндсэн компаниуд ажилчдынхаа эрх ашгийг ноцтой зөрчсөн. Тодорхой тооны ажилчид надад итгэмжлэл олгоод хөдөлмөрлөх эрх болон хүний эрхийн асуудал дээр өөрсдийг нь төлөөлж ажиллаач гэсэн юм.

Эдгээр компаниуд ажилчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тогтоодоггүй. Тогтоосон ч буруу тогтоож, гүний уурхайд хүнд хортой нөхцөлөөр тогтоож цалин хөлс олгодоггүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэмэгдэл цалинг буруу боддог. Илүү цагийн хөлсийг хуулийн дагуу олгодоггүй. Түүнээс гадна “ЭНКА” ХХК нь хэдийгээр газрын гадарга дээр ажиллаж байгаа ч баяжуулах үйлдвэр гэдэг хортой нөхцөл байхад хэвийн нөхцөлөөр ажиллуулдаг. Үндсэн “Оюу толгой” ХХК гүний уурхайчид угаартах болон Ковидын жилүүдэд хэд хэдэн хүн амь насаа алдсан тохиолдол гарсан. Гэвч энэ ноцтой мэдээллийг олон нийтэд битгий хэл хууль, цагдаагийн байгууллагад ч бүртгүүлдэггүй дарж нуудаг байдал нь ил болсон.

-Хэд, хэдэн хүн амь насаа алдсан гэдгийг баримттай хэлэхгүй юу. Дэлхийн хэмжээний уурхайд нас барах тохиолдол нэг бус байна гэдэг ноцтой сонсогдож байна?

-2021 онд манай байгууллагаас ХЭҮК, тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарт албан бичиг явуулж байсан. Тэдгээрээс хариу тайлбар ирүүлж байсан. Оюу толгойгоос өөрсдөөс нь албан тайлбар өгсөн байдаг. Нэг ёсондоо “Манай дээр ийм осол гарсан” гэдгийг баталсан. Хамгийн гол нь нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн “Оюу толгой” ХХК-тай тохиролцчихдог учраас энэ хэргийг сөхөж ярихаар тэдний зүгээс дургүйцээд байдаг. Мэдээж тэдний буруу биш шүү дээ.

-Тодорхой цаг хугацаатай, шалтгаан нөхцөлийг нь сонсъё?

-Эхнийх нь, 2020 оны наймдугаар сарын 17-нд 45 настай ажилтан гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Хоёр дахь нь, 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр уурхайн талбай дээр 41 настай эрэгтэй, гурав дахь нь энэ сарынхаа 31-ний өдөр 46 настай эрэгтэй ажилтан нас барсан. Дөрөв дэх нь, 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 50 настай эрэгтэй гүний уурхайд нас барсан. Мөн Оюу толгойн СОС эмнэлгийн ажилтан эмэгтэй 2021 оны хоёрдугаар сард хэвийн бус байдалд орж, дэмийрч, самуурах үйлдэл гаргасан байдаг. Тухайн үед тэр хүнийг СЭМҮТ-д шилжүүлсэн юм билээ. “Оюу толгой” ХХК энэ талаар албан ёсоор мэдэгдээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна гэдэг. Энэ талаарх баримт надад хангалттай байгаа.

Өнгөрсөн зун экспат ажилтан Германы иргэн өрөөндөө нас барсан. Хавар бас монгол ажилтан өрөөндөө нас барсан. Тухайн хүнтэй хамт ажиллаж байсан ажилтан дөнгөж сая надтай ирж уулзаад, тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөд явлаа. Өрөөндөө нас бараад хоёр хоносны дараа нүд халтирмаар болчихсон байхад мэдсэн гэж байна. Ингээд уурхай дээр нас барсан хүний тоо нэмэгдээд байдаг юм. Бүр өмнө нь ч баяжуулах үйлдэврийг барьж байсан хятадууд нэг ажилтан охиныг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд хогийн саванд хийчихсэн байсан. Энэ тухай ахмад ажилтнууд мэддэг, ярьдаг. Мөн хоёр ажилтан бохирын цооног дотор гагнуур хийж байгаад хоёулаа нас барсан гээд яриад байвал гараад л байна.

-Энэ тухай нийгэм тэр бүр мэддэггүй?

-Эдгээр нас барсан ноцтой тохиолдлыг Оюу толгой компани олон нийтээс нуудаг, чив чимээгүй өнгөрөөдөг. Сүүлд гадаад ажилтан нас барсан хэргийг нэгэн сайтын сэтгүүлч олж мэдээд ЦЕГ-аас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй” гэсэн байдаг. Нэг ёсондоо ЦЕГ-т “Оюу толгой” ХХК ямар нэгэн осол, амиа алдсан хэргийн талаар мэдээлдэггүй гэсэн үг. Энэ бол ноцтой зүйл. Гол нь тус компани иймэрхүү алдаа дутагдалтай байгаа асуудлыг нийгмээс нуудаг. Олон нийтэд гаргаад тавьсан ч газар авахгүй, чимээ аниргүй болчихдог нь хачирхалтай.

Манай төрийн хяналтууд “Оюу толгой” ХХК дээр ажилладаггүй л гэсэн үг. Хяналтаа тавьж чаддаггүй, ажиллаж чаддаггүй. Ямар нэгэн осол аваарын дараа хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Энэ л хамгийн ноцтой зүйл. Шүүхээр орж шийдэгдэхгүй, тус компани нэрээ хамгаалаад хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцдог юм уу, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нэрээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж байна уу, дарагдаад алга болчихдог. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөөж ил болгох хэрэгтэй. Ийм хэргийг хав дараад байдаг, болчихдог учраас дараа дараагийн ослууд гараад эрдэнэт хүний амь эрсдээд байна.

-Хяналт шалгалт хангалтгүй гэсэн үг үү?

-“Оюу толгой” ХХК-ийг ХЭҮК юм уу холбогдох байгууллагууд шалгахдаа хөрсөн дээр нь, бодит байдал дээр очиж шалгадаггүй. Зөвхөн бичиг цаасан дээр л шалгалт хийдэг. Тийм зүйлд Оюу толгой ямар ч өө гаргахгүй. Хүний эрхийг ингэж хамгаалж байна, ийм үлгэр жишээ үзүүлж байна гээд сурталчлаад байдаг шүү дээ. Ялгаварлан гадуурхалт байхгүй, бэлгийн болон ажлын байрны дарамт байхгүй гэх мэтээр бичиг баримтыг ямар ч өө гаргахгүйгээр хийдэг. Гэтэл бодит байдал дээр дүрэм журмууд нь ажилтанд халтайгаар, сүрдүүлсэн байдлаар хэрэгждэг.

Төр иргэнээ өмөөрч хяналт тавьж хөрсөн дээр нь ажилламаар байгаа юм. Сүүлд гүний уурхайд 100 гаруй уурхайчин арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хоёр шөнө, нэг өдрийн ээлж угаартсан. Дараа нь 27, 28-нд бас хэсэг уурхайчин угаартсан. Энэ хэргийг нийгэм бас л мэдээгүй. “Оюу толгой” ХХК албаныханд мэдээлэл өгөөгүй байсан юм билээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл, ХААБ-ын шугамаар хаашаа ч мэдээлэл өгөөгүй дотроо дарчихсан байсныг ажилчдаас бидэнд баримт нотолгоо, дүрс бичлэг, дуу, зураг хөргөөр баталгаажуулж ирүүлсэн.

Энэ бүгдийг олон нийтийн сүлжээнд ил болгосны дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үйлдвэрчний эвлэл Оюу толгойд шахалт үзүүлж байж дуртай, дургүй хариу өгсөн. 100 орчим ажилтан өртсөн, 63 нь хөнгөн угаарталд өртсөн. 15 нь амьсгалын аппарат зүүж, эмчилгээ авсан гэх агуулгатай мэдээлэл ирүүлсэн юм билээ.

-Цөөн тооны уурхайчин угаартсан гэдэг мэдээлэл гарсан. Гэтэл таныхаар бол 100 гаруй ажилтан гэнэ үү?

-“Оюу толгой” ХХК дотоод сүлжээгээрээ манайд тийм олон хүн угаартаагүй. Энэ нөхөр худлаа мэдээлэл түгээж байна. 27, 28-нд 17 ажилтан угаартсан гэдэг л дутуу мэдээлэл тавьсан байсан. Өмнө нь 100-гаараа угаартсан талаар дурдаагүй. Дотооддоо хүртэл худлаа мэдээлэл тарааж байна шүү дээ.

Эдгээр мэдээлэл ил болсонтой холбоотойгоор байх, “Олон нийтийн мэдээллийн сувагт ямар байдлаар хандах вэ” гэсэн удирдамж гаргаж ажилтнууддаа танилцуулсан гэдэг мэдээлэл сүүлд авлаа. Тэр удирдамждаа “Та бүхний цахим сүлжээнд тавьж байгаа мэдээллүүдийг бид харж байгаа. Дүн шинжилгээ хийж, хянаж байгаа. Тиймээс та бүхэн анхааралтай хандана уу” гэсэн байна лээ. Энэ бол шууд сүрдүүлэг, дарамт. Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх, мэдээлэл авах, мэдээлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг энэ компани шууд боогдуулж байна.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *