Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Очирбат: Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна DNN.mn

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон нутаг руу чиглэх хөдөлгөөн ихэсчээ. Түүнчлэн орон нутгийн замд осол аваар гарах эрсдэл энгийн үеэс харьцангуй ихэсдэг. Жишээлбэл, Дорнод аймгийн Булган суманд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тус сум руу явах замд бүхээгтэй ачааны машин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдөж замын хажуу руу өнхөрчээ. Уг зам нь эвдрэл гэмтэл ихтэй учир замын нүх тойрох гэж байгаад машинууд мөргөлдсөн байж болзошгүй аж. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбаттай орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл б айдлын талаар ярилцлаа.


-Дээрх ослоос харахад замын эвдрэл гэмтлийг тойрч гарахдаа жолооч нар нэгнийгээ зөрж өнгөрөхийг хүлээх тэвчээр дутмаг ажиглагдаж байна?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад авто зам засвар арчлалтын байгууллага замын эвдрэл гэмтэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүтэн байдлыг шуурхай засварлах үүрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал,  газар зүйн онцлогоос шалтгаалаад замын эвдрэл гэмтэл нэлээдгүй байгаа. ТЦА хамгаалах бүсний хэрэглээний судалгаа хийсэн. Мөн замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдалд хяналт, судалгаа хийсэн.

Бид хяналтадаа авсан 7833 км урт, хатуу хучилттай автозамаас 36 км квадрат орчим зорчих хэсэгт байгаа эвдрэл гэмтлийг тогтоосон. Авто зам засвар арчлалтын байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлж, замын эвдрэлийг засуулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр мэдэгдэл шаардлага өгсөн. Үүний үр дүнд авто зам засвар арчлалтын компаниуд эвдрэл гэмтлийг зассан дүнгүүдээ ирүүлж байна.

-Орон нутгийн замд иргэд хамгаалах бүс хэр зүүж байна вэ?

-Орон нутгийн замд хамгаалах бүсний хэрэглээг тогтоох зорилгоор судалгаа хийгдсэн. Орон нутгийн зам дээр ажиллаж буй албан хаагчид жолооч, жолоочийн хажуу талын зорчигч, арын суудлын зорчигчдын хэдэн хувь нь хамгаалах бүс хэрэглэж буйг судалсан. Нийт 856 мянган тээврийн хэрэгсэл судалгаанд оролцсон. Давхардсан тоогоор 500 мянга гаруй  жолооч хамгаалах бүс хэрэглээгүй. Жолоочийн хажуу талын суудлын 600 мянган зорчигч хамгаалах бүс мөн хэрэглээгүй. Арын суудлын гурван сая зорчигч огт суудлын бүс хэрэглээгүй байна гэсэн судалгаа гарсан. Орон нутгийн зам дээр ч бай, суурин газрын зам дээр ч бай ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдвол суудлын бүс зүүгээгүй хүмүүсийн амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

-Суудлын бүс тогтмол зүүх аянд олны танил хүмүүс оролцож байсан?

-Тийм ээ, суудлын бүс зүүх дадалыг хэвшүүлэх зорилгоор олон нийт рүү чиглэсэн “Амь аврагч алтан гурвалжин хамгаалах бүсийг хэрэглэцгээе” гэж уриалж  байна. Олны танил хүмүүс, бөхчүүд энэхүү уриалгад нэгдэж байгаа нь талархууштай. Суудлын бүс хэрэглэхгүй байх нь маш буруу. Томоохон зам тээврийн ослоос хүний амийг суудлын бүс хэрэглэх дадал аврах юм. Зөвхөн жолооч гэлтгүй бүх зорчигчид хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлж 100 хувьд хүргэх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна.

-Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл гаргахад хүний нөөцийн асуудал тулгарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд зам, замын байгууламжууд их баригдах болжээ. Сумдуудыг болон аймгуудыг холбосон шинээр тавигдсан замууд дээр хяналт шалгалт тавих хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа. Мөн аялал жуулчлалын бүс, амралтын газрууд ихтэй бүсэд тодорхой хэмжээний хяналт тавих шаардлагатай ч ажиллах хүчин хэрэгтэй байна. Ирэх жилүүдэд цахилгаан шугам сүлжээний холболт хийгдсэн газруудад камерын системээр хянах боломж бий болно. Одоогоор тийм нөхцөл зарим замууд дээр бүрдээгүй байна.

-Жолооны эрхгүй, эсвэл туршлагагүй хүнд жолоодох эрхээ шилжүүлэх зөрчил хэр их гардаг вэ?

-Иргэдийн нийтлэг гаргадаг нэг зөрчил байна. Хүүхэд болон гэр бүлийн гишүүддээ жолоодох эрхээ шилжүүлэх. Мөн найз нөхдөдөө ч эрхээ шилжүүлж байна. Хүүхдээ 16,17 нас хүрэх үед нь цагдаа байхгүй юм чинь гээд жолоогоо шилжүүлдэг асуудал байна. Энэ нөхцөл байдал нь өөрийгөө болон бусад хүний амь насыг эрсдэлд оруулж байна.

-Орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Ялангуяа халууны улиралд автомашин барих үед нозоордог, нойр хүрдэг. Тиймээс тодорхой цагуудад машинаасаа бууж биеийнхээ чилээг гаргах нь аюул осолд өртөх эрсдэл бага. Мөн иргэд орон нутгийн замд явахдаа заавал замын эсрэг тал руу гарч бие засдаг буруу зуршил байна. Суурингийн гадна замд 80 км цагийн хурдтай явах дүрмээ баримтлах нь чухал. Тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Приус маркийн машины насжилт өндөр байна. Мөн ондоо автомашины пүрш, амортизатор суурилуулчихдаг нийтлэг техникийн зөрчлүүд их байна.

One reply on “Б.Очирбат: Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *