Categories
гадаад мэдээ

​Б.Немцовын хэргийг шалгах ажиллагаа ямар явцтай байгаа талаар ярьжээ

Оросын Холбооны улсын Мөрдөн байцаах комиссын тэргүүн Александр Бастрыкин Борис Немцовын аллагатай холбоотой хэрэг явдлын талаар өчигдөр Оросын нэгэн сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа “Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу жил орчмын өмнө Оросын сөрөг намын томоохон төлөөлөгч болох Б.Немцовыг Кремлиэс холгүйхэн алсан юм. Түүнийг буудсан этгээдүүдийг долоо хоногийн дотор баривчилсан бөгөөд нийтдээ энэ хэрэгт 5 хүн сэжиглэгдэж байгаа, тэдний эсрэг хавтаст хэрэг нээж ажиллаж байгаагаас хойш нэлээд удаан хугацаа өнгөрлөө” гэжээ.

Мөн цааш нь хэлэхдээ “Немцовыг устгах төлөвлөгөөг 2014 оны есдүгээр сараас эхлэн боловсруулж эхэлсэн байдаг. Зохион байгуулагчдаар нь Чеченийн “Хойд” нэртэй тусгай батальоны албан хаагчид болох Руслан Мухудинов голлон ажиллаж, Беслан Шаванов, Заур Дадаев, Хамзат Бахаев нарыг өөртөө урвуулсан байж. Тэд Немцовын араас нэлээд хэдэн сар мөшгисөн бөгөөд түүнийг ямар замаар гэртээ харьдаг, хэдэн цагт хаагуур яаж явдаг зэргийг сайн судалсны эцэст хороосныг мөрдөх ажиллагааны явцад тодорхой болгосон” гэв.

Б.Немцов Моксвагийн цагаар 23:30 минутын үед ГУМ дэлгүүрээс Дурицкая гэх украйн эмэгтэйтэй хамт гарч, гэрийн зүг алхсан байна. Энэ үед алуурчид хуваагдаж, Шаванов, Губашев нар Дадаевт ажиллагааг эхлэх дохиог өгчээ. Дадаев улстөрчийн араас дагасаар “Большой Моксворецкий” гүүрэн дээр гүйцэж очоод “макаров” маркийн буугаар зургаан удаа буудаж, амийг нь хороосон байна. Түүний дараа Дадаевыг Шаванов, Губашев нар ZAZ маркийн машинаараа тосон авч зугтсан байна. Сэжиглэгдэж байгаа хүмүүс мөрдөн байцаах ажиллагааны эхний үед л хэргээ хүлээжээ. Тэднээс аллагыг гардан үйлдсэн гол сэжигтэн болох Дадаев ямар зорилгоор хэргийг үйлдсэнээ хэлэхдээ “Немцов Charlie Hebdo гэх сэтгүүлийнхнийг хамгаалж байсан үйлдэлд нь зэвүүцэж түүнийг буудсан. Тэр лалынхныг үргэлж гадуурхдаг байсан” гэжээ.

Оросын холбооны улсын Мөрдөн байцаах комиссын тэргүүн Александр Бастрыкин ярилцлагынхаа төгсгөлд энэ хэргийг хэзээ мухарлан шийдэх тухай ямар нэгэн тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна гэжээ.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *