Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Насанбаяр: Массачусетсийн технологийн институттэй урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан

БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад ирлээ. Уг хамтын ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Гурван жилийн өмнө “Шинэчлэлийн” Засгийн газар боловсролын чанарын шинэчлэл хийнэ гэсэн үндсэн зорилт тавьсан юм. Боловсролын чанарын шинэчлэлийн үндсэн зорилт нь монгол хүүхэд, оюутан, багш бүрийг хөгжүүлэх байлаа. Засгийн газраас “Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан төлөвлөгөөний дагуу “Инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж CDIO загварыг туршиж эхэлнэ” гэж заасан. Энэ хүрээнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлсэн юм. Улмаар МТИ бидний саналыг хүлээн авч БСШУЯ-ны төлөөллийг урьснаар хамтын ажиллагаа эхэлсэн гэж хэлж болно. Харин тус институтийн Гадаад харилцаа хариуцсан захирал тэргүүтэй багийнхан өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголд ирж ШУТИС, МУИС, МГХДС-иудад ажиллаад буцсан байгаа. Тэд манай улсад ажиллах хугацаандаа судалгаа хийгээд явсан.

-Ямархуу судалгаа хийсэн юм бол. Судалгааны дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эсэхээ шийдсэн үү?

-Урьдчилсан судалгааны тайланд “Сонирхолтой, харилцан ашигтай хамтын ажиллагаа бий болгох олон таатай нөхцөлтэй улсын хувьд Монгол Улс бол МТИ-тэй хамтран ажиллах хүчтэй хамтрагч байж чадна гэдгийг бид олж тогтоолоо. Монголчууд үндэстнээрээ боловсролд маш их анхаардаг” гэж дүгнэсэн байдаг. Ер нь гадаадын сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ хийхдээ захиргааны аргаар буюу Засгийн газраас нь санал болгосны үндсэн дээр хамтран ажилладаг. Харин МТИ тухайн улстай захиргааны аргаар гэрээ хийдэггүй. Тус институтийн доктор, профессорууд нь Монголын их, дээд сургуулийн багш нартай яаж хамтарч ажиллах вэ гэдгийг шийддэг. Зүгээр нэг цаасан дээр зураад өнгөрөх гэрээ биш, амьд харилцаатай бодит үр дүнг чухалчилдаг юм.

-Хамтын ажиллагааны хүрээнд ямар, ямар ажил хийхээр төлөвлөсөн бол?

-Хамтын ажиллагааны хүрээнд ойрын жилүүдэд багш, судлаач төдийгүй оюутан залууст зориулсан олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тохиролцсон. Эхний ээлжинд ирэх хавраас эхлэн заах болон сурах аргын сургалт хийхээр төлөвлөж байгаа. МТИ-ийн Заах болон сурах аргын лабораторийн ажилчид манай улсад ирж инженерийн болон шинжлэх ухааны боловсролыг олгох шинэлэг заах арга зүйн болон багшлах шилдэг туршлагаасаа хуваалцах юм. Тус институтийн оюутнууд суралцаж байх явцдаа бизнесийнхээ үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг юм билээ. Бүр МТИ-ийн төгсөгчдийн байгуулсан 25800 компанид 3.3 сая хүн ажиллаж байгаа гэх тооцоо байдаг. 1990 оноос хойш л гэхэд тус сургуулийн төгсөгчдийн байгуулсан 900 гаруй компани байна. Оюутнуудыг ийм амжилтад хүргэх багшлах арга бол МТИ-ийн амин чухал зүйл. Уг сургалт явагдсаны дараа буюу ирэх зун МТИ-ийн оюутны багууд манай улсад зургаагаас найман долоо хоногийн хугацаатайгаар ирнэ. Тэд монгол оюутнуудтай хамтран гар утасны аппликэйшн бүтээх юм. Ингэснээр монгол оюутан программ хангамж, платформ болон сүлжээний талаар мэдлэг эзэмшин шинэ технологийн гарааны компани байгуулах боломжийг суралцана.

-Багш нар болон оюутнууд МТИ-д тэтгэлгээр суралцахыг илүүтэй сонирхож байгаа байх. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч хамтран ажиллах вэ?

-Тус институт нь жил бүр гадаадаас 100 оюутан элсүүлдэг. Тэгэхээр маш өндөр босготой гэсэн үг л дээ. Харин тэдэн дунд Монголоос нэг оюутан заавал элссэн байдаг. Хэрэв оюутнууд тус сургуульд тэнцэх юм бол Засгийн газрын тэтгэлгээр суралцана. Одоогийн байдлаар тус сургуулийн бакалаврын хөтөлбөрт таван оюутан суралцаж байгаа. Мөн нэг хүн багшилж байна. Нийт төгсөгчдөөс нь 81 Нобелийн шагналтан төрсөн байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд ирэх оны намар Монголоос нэг багшийг МТИ-ийн хөтөлбөрт хамруулах юм. Явсан багш маань өөрийн чиглэлийн хичээлийн танилцуулга болон заах арга зүйн материалын судалгаа хийхээс гадна судалгааны ижил чиглэлтэй МТИ-ийн багш, профессор, судалгааны багуудтай холбоо тогтооно. Ингэснээр МТИ-ийн багшлах болон сурах аргын лабораториос зохион байгуулж буй сургалтад тогтмол хамрагдаж Кауфманы багшлах эрхийн үнэмлэхтэй болох юм. Түүнээс гадна хот төлөвлөлтийн асуудлаар хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Манай улсын хот төлөвлөлтийн арван мэргэжилтэн АНУ-д очиж “Монголын хотжилтын семинар” зохион байгуулж цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгоно.

-Хамтын ажиллагааны гэрээний үнийн дүнг сонирхуулахгүй юу?

-Гэрээний дүн 381 мянган ам.доллар. Ийм бага дүнтэй гэрээ хийсэн түүх МТИ-д байхгүй юм билээ. Гэхдээ бидэнд үнийн дүн чухал биш. Оростой тэрбум ам.доллар, Португалтай 20 гаруй сая ам.долларын гэрээ хийдэг газар. Бидний хувьд мөнгөндөө баригдаж гэрээ байгуулаагүй. Урт хугацааны тогтвортой ажиллах гэрээ байгууллаа. Гол нь бодит үр дүнг л хүлээж байгаа юм. МТИ бол дэлхийн шилдэг 100 их сургуулийг тэргүүлж байгаа. Ийм сургуультай хамтын ажиллагаа эхлүүлнэ гэдэг бол цаашид Монголын оюутан залууст боломж олгож байгаа хэрэг. Одоо хамгийн гол нь гэрээгээ үр дүнтэй байлгах нь чухал болчихоод байна.

-МТИ-ийн талаар товчхон танилцуулахгүй юу?

-Тус институтийг 1861 онд байгуулсан байдаг. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг сүүлийн гурван жил тэргүүлж байгаа. Тэнд багшилж буй профессорууд Бойнг, BMW, Самсунг зэрэг дэлхийн шилдэг 800 гаруй компанитай судалгааны түвшинд хамтран ажилладаг. Төгсөгчдийнх нь байгуулсан компанийн 30 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажилладаг. Одоогоор нийт 11319 оюутантай, 1021 профессор, 809 багштай. Нийт оюутны 32 хувь нь 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа юм билээ.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *