Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбаатар: Дагуул хотуудын газар доорх шугам сүлжээний зургийн үндэслэлүүдийг ирэх жилийн өдийд тодорхой болгохоор зорьж байна

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хот байгуулалтын талаар ярилцлаа.


-Салбарын яамны зүгээс хот төлөвлөлтөд онцгой анхаарч ажиллахаа та мэдэгдсэн.Эндээс ярилцлагаа эхэлье?

-Нийслэл хотын хүн амын төвлөрлийг сааруулах, иргэдээ хямд, түрээсийн орон сууцаар хангах, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлууд эрчимтэй өрнөж байна. Энэ үед яам эхнээс нь дуустал хяналтаа тавьж, ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах шаардлагатай. Нийслэл хотоо цэгцэнд нь оруулж чадвал дараа дараагийн бүтээн байгуулалт тэр дундаа Майдар, Шинэ Зуунмод хотуудын бүтээн байгуулалт эхнээсээ зөв зарчмаар явна гэсэн үг. Тийм ч учраас манай яам бусад мэргэжлийн байгууллагуудтай нэг нүдээр харж, ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

-Шинэ Зуунмод, Майдар хотуудын бүтээн байгуулалтын ажилтай та газар дээр нь очиж танилцсан. Эдгээр хотуудыг байгуулахад юун дээр анхаарч ажиллах вэ?

-Хот байгуулна гэдэг цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж дээр үндэслэж байж хийгддэг ажил. Зөвхөн дан ганц хот бус зэргэлдээх хот суурин газруудыг тооцоолон, хамтад нь хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламжийн тоо, байршил зэрэг суурь судалгааг зайлшгүй хийх шаардлагатай.

-Шинэ Зуунмод хот Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж чадах уу?

-Улаанбаатар хотын задралыг шинэ хот төлөвлөлттэй уяж, харж үзэх нөхцөл байдал бий болсон. Үүний эхлэл болох Хөшигтийн хөндий дэх шинэ нисэх буудал баригдаж, ашиглалтад орох гэж байна. Онгоцны буудлыг тойрсон үйлчилгээ болон тээвэр ложистик явна. Дараа нь Богдхаан төмөр замын трассыг энэ хөндийгөөр явуулснаар Хөшигтийн хөндийд эхний ээлжинд тээвэр ложистик онгоцны буудлыг дагаж бий болно. Цаг хугацаа шаардана л даа. Маш их судалгаа хийгдэнэ.

-Энэ хот хэзээ байгуулагдаж дуусах вэ?

-Хөшигтийн хөндийн нисэх буудлыг дагасан Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулах шийдвэр Их хурлаас гарсан. Энэ хот өнөө маргаашдаа, нэг жилийн дотор монгол гэрийг барьж, буулгаж байгаа юм шиг баригдчихгүй ээ. 30 гаруй мянган хүн амтай хотыг байгуулахын тулд доод тал нь 10-аас 30 жил бүтээн байгуулалт хийгдэнэ. Хөшигтийн хөндийн онгоцны буудлаас найман км-ийн зайтай Зуунмод хот байгаа. Энэ хотын хөгжлийн асуудлыг цаашид цогцоор нь харах ёстой. Зуунмод хотын цаана Майдар хот байгуулах шийдвэр мөн гарсан. Сэргэлэн сумын газар нутаг болох Хөшигтийн хөндийд байгуулагдах хотын ирээдүйн төвлөрлийг цогцоор авч үзэх ёстой. Ингэхийн тулд усны асуудлаас эхэлнэ. Хөшигтийн хөндийд цаашдаа 200-300 мянган хүн амтай, үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдтэй болно. Ингэхийн тулд усны нөөц хүрэлцэх үү, инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрүүд нь хаана байх вэ, Шинэ Зуунмод хотод дулааны станц байх ёстой юу, дулааны шийдэл байх уу, давхар сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд явах ёстой юу, цэвэр усны нөөцөөсөө хамаарч цэвэрлэх байгууламж нь дундаа нэг байх уу, хоёр талдаа байх уу гээд суурь судалгаануудыг зайлшгүй хийх ёстой. Ингэж өргөн өнцгөөр харж, эх үүсвэрүүдээ олж, инженерийн шугам сүлжээг цогцоор нь харж байж, зураг төслүүдээ хийж хөрөнгө оруулалтыг үе шаттай эхнээс нь хийх хэрэгтэй. Газрын доор маш олон ажлууд хийгдэж байж байшин босно. Яриад л маргааш нь байшин барьдаг юм байхгүй.

-Газрын доорх дэд бүтцүүд хийгдсэний дараа ямар ажлууд хийгдэх вэ?

-Төмөр зам, авто замын сүлжээг шийднэ. Онгоцны буудлаас Майдар ороход Зуунмод хотоор дайрах уу, урд талаар нь гарах уу, ямар замууд байх уу гээд замтай нь сэтгэнэ. Үүний дараа эдийн засагтай нь бодох ёстой. Монгол Улсын хотуудаас Улаанбаатар хот бол үйлчилгээний хот. Үйлдвэр бараг байхгүй. Барилгын материалын ганц хоёр үйлдвэр, арьс ширний 27 үйлдвэртэй. Тиймээс Хөшигтийн хөндий дэх хотын эдийн засаг, ажлын байрыг бий болгохын тулд ямар бизнесүүд бий болж, хэн очиж ажиллах вэ гэдгийг цогцоор нь харах ёстой. Энэ хотод тээвэр ложистикийн бизнес явж, тэр төвлөрлүүд бий болно гэж ойлгож байгаа. Давхар аялал жуулчлалын бизнесүүд ч явна. Зуунмод хотын төлөвлөлт үүнтэй уялдаж явна.

-Тээвэр ложистикийн хөгжил нь Хөшигтийн хөндийн нисэх буудалтай уялдаад явах байх. Аялал жуулчлал нь хэрхэн хөгжих вэ?

-Энд угсаатан зүйн музей барих төлөвлөгөө бий. Цаашаа Манзуширийн хийд шинэчлэгдэх төслүүд явж байгаа учраас тэндэхийг гадаадын болон дотоодын жуулчид үзэж хараад цаашаа Майдар, Тэрэлж рүү явдаг аялал жуулчлалын бүс нутаг болох төлөвлөгөө бий. Ингэхийн тулд энэ хотод ямар ямар үзвэрүүд бий болгож, үүнийг дагасан ямар бизнесүүд бий болох вэ гэдгийг газрын дээрх дэд бүтэцтэйгээ уялдуулж зурж өгч, ажлуудыг эхлүүлэх ёстой. Одоо бид Майдар хотыг төлөвлөж байгаа. Усны судалгаанууд эхнээсээ хийгдэж эхэлж байна. Эдгээр газрууд ямар ч инженер дэд бүтэц байхгүй газрууд. Энэ хөндий Сэргэлэн сумын газар нутгийн нэгээхэн хэсэг. Одоо энэ ажлыг эхлүүлэхийн тулд орон нутагтайгаа хамтарч, хандлагаа өөрчлөхөөс эхлээд баг болж, цогцоороо нэг бодлоготой байж, инженерийн шугам сүлжээний шийдэл болон зургуудыг гаргасны дараа, хөрөнгө оруулалтын бодлогыг хийж байж энэ хөндийн ажлууд явна. Социалист системийн үед Монгол Улс бүх 60 гаруй, хот суурингуудаа барьсан. Тэр үед яаж барьсан бэ гэвэл нэг намын тогтолцоотой, төлөвлөгөөтэй байсан учраас нэг бодлогоор бүх нөөцийг цуглуулж, зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг хийж, эмх цэгцтэй нэг бодлоготой хийсэн. Өнгөрсөн 30 жилд бүх юм задарсан. Цэвэр, бохир усны эх үүсвэр нь гэхэд манай яамны төсөвт яваад байдаг, дулаан цахилгааны эх үүсвэр нь Эрчим хүчний яаманд, зам нь Зам тээврийн яамандаа яваад байдаг. Харин газар нутгийг сум аймаг нь өөрсдөө олгодог. Энэ эрсдэлийг тооцож, нэг баг болж, цогцоор нь харж, их бүтээн байгуулалтуудыг хийх хэрэгтэй.

-Бүтээн байгуулалтын ажил нь хэзээнээс эхлэх вэ?

-Зураг төслөөсөө эхэлнэ. Шинэ Зуунмод хотын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж эхэлж байна. Төлөвлөлт бол газрын дээрх нь. Газрын доорх ертөнцийн эх үүсвэр болох шугам сүлжээ огт яригдаагүй байгаа. Ирэх хоёр жилд газрын доорх ертөнцөө төлөвлөж, хаана усны нөөц байна гэдгээс эхлээд төлөвлөлтөө хийнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг. Газрын доорх ертөнцөө судлаад, гаргаж ирсний дараа байшингийн зургууд зурагддаг. Эдгээр ажлуудыг өмнөх Засгийн газрууд үе шаттай эхлүүлээд явж байсан. Одоо салбар дундын уялдааг бэхжүүлж, орон нутагтайгаа нэг ойлголттой болоод 2020 оны төсвийн тодотголд энэ хөндийд баригдах хотын зургийг тавиулна. Ирэх жилийн өдийд тодорхой зургийн үндэслэлүүдтэй болчих юмсан гэж зорьж байна.

-Энэ төслийн тооцооллыг манай мэргэжилтнүүд өөрсдөө хийх үү?

-Тэгнэ. Төр засгийн байгууллагуудаа ч дайчилна. Салбар дундын хүмүүсийг дайчилна. Зургийн төлөвлөлт хийдэг компаниудтай ч хамтраад явна.

-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцсан гэсэн. Ямар бодолтой байгаа вэ?

-Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийнэ. Үүний дараа газрын доорх ертөнц болох шугам сүлжээ рүү орно доо. Ерөнхий төлөвлөгөөгөөр бол зөвхөн нэг хэсгийг төлөвлөсөн байна лээ. Гэтэл уулын цаана нь байдаг Зуунмод хотоо яах уу, Майдар хотыг яах вэ, Сэргэлэн сумын төмөр зам яаж явах юм гээд Хөшигтийн хөндийг цогцоор нь харах зайлшгүй шаардлага бий. Хүссэн хүсээгүй онгоцны буудал Хөшигтийн хөндий рүү нүүгээд ирлээ. Задрал явахаас аргагүй болж байна шүү дээ. Тэгэхээр бид зүй тогтлыг зөв төлөвлөж, үе шаттай ажлуудаа хийж, ажлын байрыг бий болгож, хүмүүсийн амьдрах орчинг бий болгохоос өөр аргагүй. Майдар хот ч энэ төлөвлөгөөгөөр явах ёстой.

-Ер нь задралыг бүрэн утгаар нь хийхийн тулд дахин хэд хэдэн хотыг байгуулах асуудал бий шүү дээ?

-Тийм ч их хот байгуулахгүй. Бид 3.5 сая хүн амтай. 20 жилийн дараа таван сая л болох юм билээ. Монгол Улс газар нутгаараа дэлхийд томдоо ордог. Тиймээс ажлын байраа дагаж, Өмнийн говьд баригдаж байгаа уул уурхай дагасан жижиг хотууд нь ямар түвшинд байх вэ гэдгийг ярина. Мөн Дархан Эрдэнэт хотууд нь ямар түвшинд байх юм гээд ажлын байр хаана байх вэ гэдгээ бодож, үе шаттайгаар явуулна.

-Ханбогдыг хот болгох асуудал бий шүү дээ?

-Оюу толгой ажиллаж байгаа нөхцөлд Ханбогдыг зайлшгүй хот болгох асуудлыг харах ёстой. Мөн усны нөөцийг нь давхар харах хэрэгтэй. Ер нь Ханбогд хотын тэргүүлэх чиглэл нь уул уурхай. Тиймээс 15-20 мянган хүн амтай хот байна гэж бодлогыг нь гаргах ёстой. Түүнчлэн Цогтцэций, нефтийн үйлдвэрийг дагасан Алтанширээ хэдэн хүнтэй ямар хот байхыг нь үе шаттайгаар төлөвлөх ёстой.

-Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл мөн танай яам дээр явж байгаа?

-Энэ асуудлыг судалж байгаа. 20 жилийн дараа таван сая болох хүн амыг ажлын байраар хаана бий болгохыг зөв төлөвлөж, тэнд нь байгаа болон байгуулагдах хот сууринг яаж төлөвлөх вэ гэдэг асуудал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *