Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагважав: ОУВС-гаас 7 төрлийн татварыг нэмэгдүүлэхийг шаардсан гэж байгаа нь итгэл үнэмшил багатай тайлбар юм

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын удирдлагууд 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн томоохон бизнес эрхлэгчидтэй хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Танхимын Ерөнхийлөгч Б. Лхагважав:

Долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг ОУВС-аас шаардсан гэж байгаа нь үнэмшил багатай тайлбар юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487,1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.

Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж байна гэв.

Бизнес эрхлэгчид дараах шаардлагыг тавьж байна

  1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх
  2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
  4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх
  5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах
  6. Онцгой албан татварын хэмжээг ам.долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох
  7. Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх
  8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх

Хэвлэлийн хурлын үеэр бизнесийн байгууллагын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлсэн юм.

“Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат: Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, ажиллагсдын тоогоо цөөлөхөд хүрдэг. Гэтэл төрийн албаныхан бүтцээ танахад огтхон ч санаа тавихгүй байгаа нь харамсалтай.

Тэд зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа болохоор дээрх алдаатай шийдвэрийг нь батлахгүй байхыг УИХ-ын гишүүдээс шаардаж байгаа юм байна.

Хэрвээ төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмэх юм бол нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ мэдэгдэв.

Гарц гаргалгааг нь тодорхой заачихсан шаардлагыг биелүүлэхгүй бол нийт хувийн хэвшлийнхэн энэ сараас эхлэн татвараа төлөхгүйгээр шийдээд байгаа гэнэ.

Дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *