ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шүүх хурлаас ямар нэгэн шийдвэр гарах магадлалтай гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм. Дашрамд дурдахад, шүүх хуралдаан 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ талаар Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн прокурорын газраас энэ оны зургаадугаар сард нэр бүхий есөн хүний холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэрэг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Тус хэргийн шүүх хуралдаан наймдугаар сарын 12-наас эхэлсэн. Шүүх хуралдааны явцын талаар мэдээлвэл, шүүгдэгч болон хохирогчдоос мэдүүлэг аваад дууссан. Одоогоор гэрчүүдээс мэдээлэл авч байна. Шүүх хуралдаанд нийт 49 оролцогч оролцож байна. Энэ хэрэг нь прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцална. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байна” гэсэн юм.