Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улаанбаатар хотод үйлдвэрлэл, бизнес, худалдааны байгууллагууд хэр олон байдаг юм бэ?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес, аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь зөвхөн Улаанбаатарт хаяглагддаг. Тэр дотроосоо уул уурхайн салбарыг хасаад үзэхээр 90 гаруй хувь нь бас Улаанбаатарт бий. Энэ нь Монгол Улс ганцхан төвтэй улс болж харагдаж байгаа юм. Улаанбаатар хот нэг ёсондоо Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь төлөөлж байгаа том цэг, хамгийн том зах зээл.
Уул уурхайд ихэвчлэн том аж ахуйн нэгжүүд байдаг. Тэдгээрийг хасахаар дийлэнх хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд үлдэж байгаа юм. Энэ бол зөвхөн Улаанбаатар гэлтгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь давжаа жижиг бизнесүүд байна гэсэн үг.
-Салбараар нь харвал үйлдвэрлэл, шинэ технологи хөгжүүлэлт хэр байх юм бэ?
-Сүүлийн үеийн нөхцөл байдал, трендээс харахад худалдаа үйлчилгээний чиглэлийн бизнесүүд ихэнх хувийг эзэлж байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй улс тэр чигтээ. Энэ бол манай улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбар бага жинг эзэлдгийг харуулна. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэрлэлийн салбар ДНБ-д эзэлж байгаа хувь нь маш бага байна. Үүний үр дагавар нь Монгол Улсад үлдэх нэмэгдсэн өртөг бага, монголчуудад үлдэж байгаа ашиг нь сайнгүй гэсэн үг. Худалдаа үйлчилгээний бизнес бол гадагшаа гарах валютын урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.
-Улс орны нийслэл хотод үйлдвэрлэл явагддаг, шинжлэх ухаан хөгжиж лабораториуд нь шинэ инноваци бий болгож байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт ийм үйлдвэрлэл тун бага явагдаж байна уу даа?
-Ганц нийслэл хот гэлтгүй хот бүр өөрийн гэсэн эдийн засагтай байдаг. Тэр хотын эдийн засаг хамгийн түрүүнд бодлогоосоо, тэр хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлээс хамаардаг. Яг хот төлөвлөлт болон хотын эдийн засаг яривал бүсчилсэн хөгжлийн асуудал руу орж таарна. Учир нь манай улс онцлогтой.
Өргөн дэлгэр газар нутагтай ч дэд бүтэц, хот хоорондын холболт муутай учраас Улаанбаатар руу, эсвэл Дархан, Эрдэнэт гэсэн хоёр, гуравхан цэг рүү бүх бизнес, зах зээл нь татагдаж байдаг. Хэрэв бид Монгол Улсыг бүхэлд нь эдийн засаг, зах зээлийн ялгаатай байдлыг нь арилгаж, эдийн засгийн хөгжлийг нь сайжруулна гэвэл бүсчилж хөгжүүлэхээс өөр сонголтгүй.
Хот бүр, бүс бүр өөрийн хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй байх ёстой. Улаанбаатар хот Монгол Улсын санхүүгийн төв, баруун бүс нь мал аж ахуй, гарал үүсэл нь тодорхой, эрүүл мах бэлтгэж экспортолдог. Зүүн болон хойд бүс Сэлэнгэ орчмоор газар тариалан, Хөвсгөл зэрэг төвийн бүсийн хойд хэсгээр аялал жуулчлал хөгжсөн байх. Урд хэсэг нь уул уурхайгаараа тэргүүлэх чиглэл болгож, бүс бүсээрээ хөгжүүлэх эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдтэй байж зах зээл тарна.
Бүсүүд дэд бүтэц болон эдийн засгийн солилцоогоороо холбогдож, тархсан жигд хөгжлийг бий болгодог. Тэгэхгүйгээр бүх зүйл нь Улаанбаатарт төвлөрөөд байхаар бусад бүсүүдийн хөгжил хоцрогдож, нөгөө л нийслэл рүүгээ тэмүүлэх хүн амын урсгал тасрахгүй. Тэднийг буруутгах аргагүй. Тиймээс миний хувьд Улаанбаатар хотыг санхүүгийн төв болж, хүнд үйлдвэр нь Дархан, Сэлэнгийн районд гэх мэтээр бүсчилж хөгжүүлэх нь зүйтэй гэж хардаг.
-Үнэхээр тийм. Нийслэл рүү татагдаж ирсэн хүн бүр өнөөдөр бизнес эрхлээд, цалин орлоготой байж чадахгүй байна. Харин эсрэгээрээ нийгмийн халамж хавтгайрсан, ажилгүй иргэд сошиалаар нэг хэрүүл маргаан, хов жив ярьж суудаг болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь хотын иргэд тэд үйлдвэрт, лабораториудад ажиллаж баймаар. Тийм үү?
-Үүнтэй санал нийлнэ. Учир нь өнөөдөр хувийн хэвшлийн хувьд үйл ажиллагаа явуулахад хүний нөөцийн маш их дутагдалтай болсон. Ажилчид олдохгүй байна гэж хүн бүр ярьдаг боллоо. Мэргэшсэн ажилтнуудаа авч үлдэх гэхээр бүтээмж өндөр биш байгаа учраас өндөр цалин өгч тухайн компанид тогтоож үлдээхэд хэцүү болчихоод байгаа юм.
Нөгөө талаараа бүтээмжээс гадна Улаанбаатарт чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээл үндсэндээ байхгүй болж байна. Жишээ нь, хувиараа бизнес эрхлэх сонирхолтой хүн олон байдаг. Тэр хүмүүс яагаад ажил хийгээд, бизнес эрхлээд хангалттай орлоготой бүтээмж өндөртэй байж чадахгүй байна вэ гэхээр тэр хүмүүст эдийн засгийн эрх чөлөө байхгүй болчихоод байгаа юм. Нэг юм хийх гэхээр байнгын дарамт, олон шат дамжлага, чөлөөтэй үйлдвэрлэж чөлөөтэй бүтээгдэхүүнээ нийлүүлж, хэрэглэгчид нь чөлөөтэй сонголт хийж авах нөхцөлийг хууль дүрэм журмаар хаачихдаг учраас эдийн засгийн эрх чөлөө сул болчихсон. Ингэхээр бизнес эрхлэхэд хүндрэлтэй. Ингээд ирэхээр бүтээмж буурч байдаг. Компаниуд бүтээмж өндөртэй байх техник технологид хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Түүнтэй холбоотойгоор мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчдаа авч үлдэж, цалин хангамж санал болгох боломжгүй, өөрөөр хэлбэл чөтгөрийн тойрогт орчихоод байгаа юм.
-Гарцыг та юу гэж харж байна вэ?
-Бид хувийн хэвшилд ч тэр, иргэдэд ч тэр эдийн засгийн эрх чөлөөг нь бий болгох талаас нь анхаарч ажиллах ёстой. Яагаад бидэнд хүний нөөц дээр асуудал үүсээд байна вэ гэхээр төрийн зах зээлд оролцох оролцоо хэт өндөр байна. Төр өөрөө бизнес эрхлээд байна. Маш их хөрөнгөтэй, маш их хөрөнгө оруулалт хийх боломжтой төр гэдэг том компанитай хувийн хэвшлийн багахан компани өрсөлдөх ямар ч боломжгүй. Энэ нь зах зээл дээрх чөлөөт өрсөлдөөнийг хааж байгаа явдал. Тиймээс төрийн оролцоог арилгахгүй бол, бизнес дэх төрийн оролцоог бүр байхгүй болгохгүй л бол аж ахуйн нэгжүүд эдийн засгийн эрх чөлөөтэйгөөр бизнес эрхлэх боломжгүй.
Үүний зэрэгцээ төр нь өөрөө маш их хэмжээний халамжийн бодлого хэрэгжүүлж байгаа. Ажил эрхлээд цалин аваад амьдралаа аваад явъя гэхээр хүмүүс цалин хүрэлцэхгүй байна гэдэг. Төр нь ч тэр, ард түмний маань цалин хүрэлцэхгүй байна гэх. Гэхдээ нөгөө талаасаа төр тэр хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх сонирхол нөхцөлийг халамжийн бодлогоороо байхгүй болгочихсон. Өнөөдөр хүмүүс маш их хэмжээний халамж авчихаар хэн ажил хийх юм бэ. Хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлтийг бууруулж байгаа хамгийн том систем бол халамжийн бодлого болчихсон. Энэ чөтгөрийн тойргоосоо гаръя гэвэл халамжийнхаа системийг бүрэн зогсоож байж, яг шаардлагатай хүмүүст хүргэж, ажил хөдөлмөр эрхлэх чадамжтай хүмүүст халамж өгдгийг бүрэн зогсоосон цагт өөр болно. Тэгж байж хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх болно, өөрсдөө бизнес эрхлэх сонирхолтой болно. Хүмүүс өөрсдөө дор хаяж бизнес эрхлээд явах сэдэл санаачилга нь сайжраад ирнэ шүү дээ. Компаниудад мэргэжлийн чадвартай ажилтнууд олдоод ирнэ. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт нэмэгдээд ирнэ. Ингэхээр компаниудын хувьд ч дараагийн шатандаа орж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтаа бүтээмж өндөртэй чиглэлүүддээ хийх боломж бий болох юм. Ийм зоригтой алхмуудыг авахгүй бол чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр л байна.
Энд нэг зүйл бий. Төрийнхөн иргэд, аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх гэхээр зах зээл чинь бага байна, төрийн халамж хамаагүй гэж ярьдаг. Үнэндээ тийм биш. Зах зээлийг зөвхөн Монгол Улсаар хязгаарлах ёсгүй. Харин ч манай улс маш олон давуу талтай зах зээлтэй. Орос, Хятадын зах зээлийг харж бизнес эрхэлж байгаа хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлээд явдаг.
-Улаанбаатарт шинжлэх ухаанч технологиуд хөгждөг, лабораториуд ажилладаг болмоор байна. Гэтэл өнөөдрийн Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд бэлгэ тэмдэг төдий л байх шиг?
-Хэрэгтэй л дээ. Шинжлэх ухааны салбар хоёр чиглэлээр ажилладаг. Нэг нь суурь судалгаа хийдэг. Нөгөөх нь инновацийн бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай шинэ технологийг гаргаж байдаг. Инновацийн бүтээгдэхүүнүүд гаргахын тулд суурь судалгаагүй бол явахгүй. Үүнд боловсролын салбар суурь дэвсгэр болох ёстой. Гэтэл энэ салбар маань тэгж чадаж байгаа юу гэдэг асуудалтай.
ШУА, хүрээлэнгүүдэд эрдэмтэд чадлынхаа хэрээр шинэ технологи гаргахаар ажиллаад байдаг. Тэр хүмүүс нэг талаасаа хуучны социализмын үеийн сэтгэлгээ, санхүүжилтийн асуудлаас болоод бидний хүсээд байгаа шинэ технологийг гаргаж чадахгүй байгаа юм. Компаниудын хувьд социализмын чиг хандлагатай шинжлэх ухааны салбарыг хүлээж байснаас гадаадын бэлэн патентыг авчраад ажлаа хийх нь цаг хугацаа, хөрөнгө оруулалтын хувьд хэмнэлттэй. Тийм учраас ч манай шинжлэх ухааны салбарын судалгаа, инноваци эрдэмтдийн үйл ажиллагаа хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалттай нийцэж чадахгүй байгаа юм.
-Тэгвэл өөрчлөх шаардлагатай шүү дээ. Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж шинэ нээлт, инновацийг хөгжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй?
-Шинжлэх ухааныг хөгжлийг ярьж байна гээд зөвхөн төсөв ярьдаг хуучны механизмаасаа салах ёстой. Түүний оронд хөрөнгө оруулагч гэдэг талаас, шинжлэх ухааны салбарт хэн хөрөнгө оруулалт хийдэг юм бэ. Мэдээж суурь судалгаанд төсвөөс санхүүжилт олгохоос өөр аргагүй. Харин суурь судалгаан дээрээс үндэслээд гарч ирж байгаа инновацийн бүтээгдэхүүний технологид хувийн хөрөнгө оруулалтуудыг илүү татаж, санхүүжилтийн механизмыг өөрчлөх ёстой. Боловсролын салбараа, тэр дотроос гарч ирж байгаа бүтээгдэхүүн болох оюутнууд, төгсөгч нарын чанарыг сайжруулах нь ганцхан шинжлэх ухааны салбарт ч биш манай хувийн хэвшлийнхэнд ч маш чухал болчихоод байгаа юм. Өнөөдөр хувийн хэвшилд шинээр ажилд орж байгаа хүмүүс шаардлага хангаж чадахгүй байна шүү дээ.
-Үүн дээр нэг асуулт байна. Өнөөдөр улаанбаатарчууд яагаад ажилд тэнцэхгүй, бүтээмжгүй болчихоод байна вэ. Хүн ажил хийж, хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг гэдгийг яаж ойлгуулах вэ?
-Нэг талаасаа түрүүн ярьсан халамжийн системээр угжиж, ажил хийлгэхгүй залхуу болгочихсон. Аргагүй шүү дээ. Тэр хүмүүсийг төр өөрөө залхуу болгож байна. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн салбарыг үүнд нөлөөлөх ёстой гэж би боддог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа контентуудаас инженерийн салбарын талаар, хүүхдүүдэд мэдлэг сэдэл санаачилга төрүүлэх нэвтрүүлэг байна уу. Бизнес эрхлээд би ингэж сайхан амьдарч байна гэдгийг харуулж байгаа билүү. Үйлдвэрлэл явуулбал ийм үр өгөөжтэй, улсад ийм ашигтай гэдгийг харуулж байгаа ямар ч сэдэл алга. Харин эсрэгээрээ дуу, бүжиг, хов жив л явах юм.
Нөгөө талаас хувийн хэвшил, компанийн эзэд бол худалч хулгайч гэдэг үзэл санааг олон нийтэд суулгадаг болчихлоо.
-Баян чинээлэг хүн хамгийн муу гэдэг хандлага тогтож байна…?
-Яг ийм үзэл санааг суулгаад байгаа. Гэтэл тэр хүмүүсийн ихэнх нь өөрийнхөө хөдөлмөрөөр олон жил, өдөр шөнөгүй ажиллаж байж энэ амжилтанд хүрсэн байгаа. Тэр хүмүүсийн амжилттай талаас нь хүмүүст мэдээлэл хүргэж байгаа зүйл алга. Би ажил хийвэл ийм гоё баян чинээлэг болох боломжтой гэдэг модел загвар байхгүй байна.
-Улаанбаатар төдийгүй Монгол даяараа худалдаа үйлчилгээний салбар хамгийн их хувийг эзэлж байна гэлээ. Зах зээлийн зарчим ч гэлээ хэтэрхий нэг чиглэл рүү хазайж байгаа хэрэг биш үү. Нөгөө талд үйлдвэрлэл, инновацийн хөгжил босч байх ёстой биз дээ?
-Худалдаа үйлчилгээг огт байхгүй болгоно гэж хэлж болохгүй. Манай өөрийн эдийн засгийн бодлого тэргүүлэх чиглэлүүд тунхаглалын чанартай байгаагаас л үүдэлтэй шүү дээ. Төрийн өөрийнх нь бодлого үйл ажиллагаа богино настай. Дунджаар 2.5 жилийн настай байхаар урт хугацааны бодлого байхгүй болж, гарч ирсэн хүн бүр дур дураараа юм ярьж бодлого гаргаад байхаар эдийн засгийн хөгжилд саад болоод байгаа юм.
Үйлдвэрлэлийн салбар яагаад хөгжихгүй байгаа нь бүтээмжтэй холбоотой. Бидний бүтээмж муу, доогуур байгаад байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчид томорч чадахгүй байна. Бүтээмж муу байгаа учраас нэмэлт хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд инновацилаг шинэ бүтээгдэхүүнийг яагаад гаргаж чадахгүй байна вэ гэхээр энэ салбарт өндөр хэмжээний урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг. Гэтэл компаниуд өнөө маргаашийн урсгал зардал, цалингийн зардалдаа л эргэлдэж байна. Дээр нь манай төрийн бодлого урт хугацаатай, тогтвортой биш. Төр өөрөө бизнес эрхлээд байхаар компаниудын хувьд өрсөлдөх боломжгүй. Тухайлбал, УИХ-аас Үйлдвэрлэлийг дэмжих хууль баталж байлаа. Хуулиа хэрэгжүүлэхгүй байсаар хүчингүй болгосон. Тэр хуулийг батлахад нэг заалт дээр нэлээд олзуурхаж байлаа. Түүнд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлдээ технологи сайжруулах чиглэлээр оруулсан хөрөнгө оруулалтын 70 хүртэл хувийг Засгийн газар буцааж олгоно гэсэн заалт байсан юм.
Ер нь ийм туршлага дэлхийн бүх орнуудад байдаг. Жишээ нь, Европод аливаа нэг жижиг дунд үйлдвэрүүд бүсээсээ хамаарч, шинэ технологи шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлсэн бол оруулсан хөрөнгө оруулалтын 70 хүртэл хувийг Засгийн газраас нь олгодог. Төрөөс нь тэгж дэмждэг. Ингэснээр тухайн компани үйлдвэрүүдийг тоног төхөөрөмж сайжирч, бүтээмж нь өснө. Эцсийн эцэст дам утгаараа ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын байрыг өсгөж, ажил эрхэлж байгаа хүмүүсийн цалин орлого нэмэгддэг. Манайд тэр хууль хэрэгжиж чадсан бол үйлдвэрүүдийн хувьд маш чухал ач холбогдолтой байсан.
Өнөөдөр хүмүүс яагаад худалдаа үйлчилгээний салбар руу ороод байна вэ гэхээр эргэлт хурдан, шаардлагатай хөрөнгө оруулалт багатай учир хошуураад байгаа юм. Харин өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс Монгол Улсын баатрууд гэж хэлж болно.