Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жамьяндагва: Жандаарм гэдэг нэр хүртэл авч байлаа DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС Ардын жүжигчин, Тө­рийн шагналт Б.Жамьян­дагватай хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Ардын жүжигчин, Тө­рийн шагналт
Б.Жамьян­дагватай ярилцлаа.


-Театрын нөхцөл байдал нэлээн хүндрэх
шинжтэй харагдаж байна. Том эрх ашгаа бодохгүй, хувь хү­мүүсийн жижиг ашиг со­нирх­лоор
явах тал руу орж байх шиг байна. Цаашид яах бол?

-Балетын хувьд ярихад, биеэ даасан
Балетын үндэс­ний театр байгуулахгүй л бол
хэцүү байдалд орно. Шинэ сайд болгонд би ороод хэлдэг юм. Та нар биеийн тамир
спортыг төрөлжүүлж хөг­жүүлж байна. Боксыг боксоор нь, бөхийг бөхөөр нь хөг­жүүлж
байгаа учраас амжил­тад хүрч байна. Урлагт ч олон төрөл байдаг юм шүү. Тө­рөлжүүлж
хөгжүүлэх хэрэгтэй. Ардын урлагийг ардынхаар нь, орчин үеийнхийг орчин үеэр нь сонгодгийг
сонгод­гоор нь төрөлжүүлж хөгжүү­лэх ёстой юм гэдэг л дээ. Гэвч юу ч өөрчлөгддөггүй.
Өө тийм үү, Жамьяандагва гуай гээд л болоо. Үг ер авдаггүй юм. Одоо энэ яаманд нь
урлагийн мэргэжилтэй хүн нэг ч алга. Хэрэг байхгүй.

-Дуурь, балет аль аль нь улс даяар
мэргэжлийн ганц, ганц найруулагчтай. Г.Эрдэнэбаатар та хоёр. Хоёулаа ажлаа өгөхөөр болсон гэх юм?

-Энэ сарын 15-наас би Ерөнхий балетмейстрээ
өгө­хөөр болчихлоо. Таныг зөв­лөх балетмейстр болгоод 200 мянгаар цалинжуулна гэж
байна лээ. Мэдээж би ажлаа өгөлгүй яахав. Угаасаа ирэх жилээс явна. Сүүлчийн удаа
нэг шинэ балет хийчи­хээд явна. Найруулагч гэдэг ер нь маш ховор болчихож. Манай
Эрдэнэбаатар най­руулагч бол маш өндөр боловсролтой хүн шүү дээ. Театрын ёс зүйг,
сонгодог урлагийг их сайн мэддэг, ер нь өндөр боловсролтой хүн. Хүн нь ч их томоотой,
дуугай. Драмын сайн найруулагч гэвэл, манай муу Мөнхдорж байна. Баатар байна, Найдандорж
зүгээр. Бусад нь хэрэг байхгүй. Эд чинь овоо найруулагч нар байгаа юм шүү дээ. Иймэрхүү
хэмжээнд байгаа юм.

-Таныг ингэж хэлэхээр хөгшчүүл
залуучуудыг голлоо гэх байх л даа?

-Одоо тэгэх л байх даа. Үнэндээ тийм
биш юм. Най­руулагч гэдэг чинь маш өргөн кругозортой, ертөнцийг үзэх үзэл нь их
зөв, том зохиолыг жижгэрүүлчихдэг, жижиг зо­хиолыг томруулчихдаг, зо­хиолч­дын алдааг
засаад сайн бүтээл болгочихдог тийм л улсууд байдаг юм. Одоо тийм найруулагч байхгүй
бол­жээ л гэж байгаа юм.

-ДБЭТ цаг үеийн хям­ралыг даваад
овоо сэргэж эхэлсэн. Бүрэн босгоод авах бололцоотой яг эгзэг­тэй үедээ хөгжмийн
теат­рын мэргэжлийн найруу­лагч нараасаа салчихаар ойлгомжгүй л болно биз дээ?

-Хамгийн гол нь төр засаг бодлогоо
энэ рүү хандуу­лахгүй байна. Тавин жил энэ балетыг би авч явлаа. Нэг хөгжүүллээ,
нэг унагалаа, дахин жаахан өөд нь гаргаж ирлээ.

-Унагасан гэх нь юу юм. Ерэн хэдэн
он цаг үе нь өөрөө хямралын үе байсан юм чинь. Та уг нь овоо олон жил торгоолоо?

-Уг нь гайгүй болж ирж байгаа юм.
1970-1980 оны үед энэ театрын балетын бүрэлдэхүүн ная гаруй ерэн хүнтэй болчихсон
шүү дээ. Тэгж дэлхийн сонгодог том том сор бүтээлүүдийг тавь­сан. “Парисын дарь
эхийн сүм”-ээр хийсэн “Эмеральда”, “Хунт нуур”, “Дон Кихот”, “Коппелия” гэхчилэн
бүгдийг нь тавьсан л даа. Урын сан баяжаад дэлхийн хэмжээнд хүрсэн юм. Ерэн оны
нийг­мийн өөрчлөлтөөр тэр бүхэн байхгүй боллоо шүү дээ. Ная ерэн хүнээ байг л дээ,
сүүлийн арав гаруй жилд ямар ч бай­сан эргээд сэргэж ирж байна. Би ч бодож байна.
Монголд сонгодог балетын урлагийг бий болголоо, хөгжүүллээ, өдий тавин жил боллоо,
нас ная хүрлээ. Сүүлчийн удаа нэг балет тавьчихаад явна. Ардчиллын тухай юм. Цааш
нь та нар аваад яв гэж хэлэх байна.

-Нарийн мэргэжил дээр догол гарлаа
л бол сонго­дог урлаг шууд унах нь тодорхой л доо?

-Би үүн дээр яг санаа нийлж байна.
Сонгодог урлаг бол соёлоосоо дээд түвшний зүйл юм. Биеэ даасан шинж­лэх ухаан болоод
таван зуу­гаад жил хөгжчихсөн. Тийм учраас тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс хийдэг нарийн
урлаг юм. Харин ардын урлаг, цэн­гээний урлаг нь ард түмэн байгаа цагт байж л байдаг.
Сонгодог урлагт төрийн бод­лого зайлшгүй хэрэгтэйн учир энэ шүү дээ.

-Балетыг хөгжүүлэх бод­логоор анх
таныг бэлт­гэсэн юм биш үү?

-Яг ч тийм биш юм. Энэ театрыг үндсэндээ
долоо найман хүн хөөцөлдөж байж байгуулсан юм. Би 25 настай­даа хойшоо сургуульд
яваад 30-тайдаа төгсч ирсэн юм. 1962 онд. Ирээд мэргэжлийн­хээ ажлыг хийх гэхээр
мэр­гэж­лийн балетын бү­рэл­дэ­хүүн байгаагүй. Анхнаасаа би Монголд сонгодог урлаг,
түү­ний дотор балетын урлагийг бий болгож хөгжүүлэх юм сан гэж чин зориг шулуудсан
хүн л дээ. Ирээд яаманд саналаа тавьсан. Рымский Корса­ковын “Шехеразада” балетыг
тавимаар байна гэж. Яг тэр жил ЗХУ-ын Ташкент, Пермь хотуудад хэдэн хүүхэд ба­летын
сургууль төгсч ирж таарсан юм. Би ч төгссөн, тэр хүүхдүүд ч төгссөн. Ингээд мэргэжлийн
балетын бүрэл­дэхүүн бий болох үндэс нь тавигдсан юм. Тэр үед гурван театр хамт,
энд хамтран ажил­лаж байсан Намхай­цэрэн, Гаваа, Чулуун, Лув­саншарав, Э.Оюун гуай
гэсэн хүмүүс байлаа л даа. Бид хэд сонгодог урлагийн театр байгуулах тухай ярилцаж
хөөцөлдөөд, театр байгуулах саналаа танилцуулж, дарга нартай хэрэлдэхдээ хэрэл­дэж,
хэлцэхдээ хэлцэнэ. Ю.Цэ­дэнбал дарга дээр хүртэл орж байж энэ театрыг байгуулахаар
болсон юм. 1962 оны хавар намайг Соё­лын яамны сайд Болд дуу­даад Ховдын театр хаагдчих­лаа.
Очиж сэргээгээд ир гэсэн. Улстөрийн товчооны гишүүн Дүгэрсүрэн гэдэг хүн нэг нө­хөртэй
очоод Ховдын театр зэвэрчээ гээд хэлчихэж гэнэ ээ. Тэгээд хаачихаж. Бүх хүмүү­сээ
халчихаж. Тэрийг сэргээж нээчихээд эндээ Ерөнхий балетмейстрээр ажиллана биз дээ.
Ирэхэд чинь энэ театрыг байгуул­чихсан байна гэж найдаж байна. Дээгүүр асуудал их
сайн явж байгаа. Боломж гарна гэсэн. Тэр хавар би Ховд явлаа. Чойдог явлаа. Тэнд
Лхадорж гэж хөгжмийн зохиолч байсан. Хормейст­рээр Лувсаншаравын хүү Даваахүү явсан.
Бид хэд очоод арван жилийн хүүхдээс 16 хүүхэд авч, хуучин жүжигч­дээс Дугараа Хүүхээ
гэсэн хэдэн хүнийг эргүүлж аваад арав гаруй бүжиг дэглэн тавьж намар гэхэд театрыг
нь нээчихлээ.

-Дандаа монгол бүжиг биз дээ?

-Дандаа монгол бүжиг. Тэр надад их
юм өгсөн. Чой­дог бид хоёр дандаа баруун монгол бүжгийн судалгаа хийсэн юм. Судалгаан
дээрээ үндэслээд арван хэдэн бүжиг дэглэсэн. Агуу их биелгээч Пүрэвжав гуайтай ч
уулзаж явлаа. Би их азтай хүн. Тэнд театр нээчихээд энд бас театр нээсэн. 1963 оны
хавар намайг Ховдоос дуудлаа. Дуурь бүжгийн театрыг бай­гуулахаар боллоо, нээлтээ
юугаар хийх вэ гэсэн. Би өмнө нь гуравдугаар сард “Ше­херазада”-гаа тавьчихсан байсан
юм. Чичинадзе гээд Гүржийн балетмейстр ирж Чайковскийн “Риминий да Франческа” гэдэг
нэг бүлэгтэй балет тавьсан. Шехераза­датай нэг орой тоглодог. Үүгээр анх балет нээсэн
юм. Энэ театрыг байгуулсан хэдхэн хүн байдаг юм. Тэр дотор намайг оруулахгүй хасах
санаатай улсууд их бий л дээ. Түр Ховд яваад ирснийг далимдуулж байхгүй юу. Үнэндээ
энийг байгуулсан хүмүүс бол Лхасүрэн, Чулуун, Лувсаншарав, Намхайцэрэн, Гаваа, Э.Оюун
гуай, Таяа, бид хэд байгаа юм л даа.

-Танаас өөр балет­мейстр байгаагүй
юм уу?

-Балетмейстрээр төгссөн хүн Лхасүрэн
бид хоёр бай­сан юм. Лхасүрэн маань би дууриа аваад явъя, чи балетаа авч яв гэсэн.
Тоглоом шоглоомоор би хэллээ. Чи юмны хялбарыг харж байна, хэцүүг нь надад өгч байна.
Гэхдээ яахав би балетад дур­тай юм чинь гэсэн ийм яриа бид хоёрын дунд боллоо. Балет
бол үггүй, бүх юмаа хөдөлгөөнөөр, хөдөлгөөнөө өөрөө утгажуулж зохиодог хэцүү урлаг.
Ингэж би ерөн­хий найруулагчаар (балет­мейстр) ажиллаж эхэлсэн юм. Анх 24 хүүхэд
төгсч ирснийг голлоод хуучин улсуудаас хэдийг шилж 40-өөд хүнтэй болж аваад эхэлсэн
л дээ. Манайх чинь бараг Азидаа нэг номерийн театр гэж хэлнэ шүү. Энийгээ л устгачихгүй
бол. Бусад оронд хоосон байшингууд л байдаг шүү дээ. Уран бүтээлчид нь гэрээгээр
хааяа ажиллаад явж байдаг.

-Одоо балетад хэдэн хүн байгаа вэ?

-Ердөө гучаадхан бүжиг­чин байна.

-Хэдэн хүнтэй байвал хэвийн гэж
үздэг вэ?

-Манайхны хамгийн сайн мэдэх “Большой
театр” 300 хүнтэй. Хамгийн багадаа 150, 100, 80 хүнтэй байдаг юм. Манайх 80-90 хүнтэй
байсан үе бол яг л боломжийн бай­вал зохих хэмжээндээ очсон үе юм. 1991 онд баахан
хүнийг огцор гэлээ. Намайг ч огцор гэхэд нь тэгье ээ л гэсэн. Тэр үед Н.Энхбаяр
Соёлын хорооны дарга байсан юм. Балетын бүрэлдэхүүнд бай­сан Батхүрэл, Батсайхан
гэ­сэн хэдэн хүн намайг огцруу­лахаар хурал хийлгэлээ. Бусдаараа хүчээр гарын үсэг
зуруулчихдаг юм билээ л дээ. Сүүлд нь тэр хүмүүс надаас уучлалт гуйгаад орж ирсэн.
Нэлээн хэдэн хүн гарын үсэг зурж, тэр хурал дээр намайг хоцрогдсон гэж үзэж байна
гэж ярьцгаасан юм. Яг тэр үед би Москвагийн
олон улсын балетын тэмцээнд шүүгчээр очиж ажилладаг, орчин үеийн бүжгийн хореографийн
тэм­цээнд Гран при-г нь авчихсан байсан хүн шүү дээ. Тэр бол ерөөсөө хамаагүй байдаг
юм билээ л дээ. Нийгмээрээ самуурчихсан үе юм чинь. Гэтэл би хүмүүстээ маш хатуу
шаардлага тавьдаг, өндөр сахилга баттай байлгадаг хүн л дээ. Жандаарм гэдэг нэр
хүртэл авч байсан. Тэгж байж балетын урлаг оршин тогтдог юм, уг нь. Хатуу дэг журамд
байх дургүй, дураараа байх гэсэн хүмүүсийн ашиг сонирхол байж л дээ.

-Та шууд явчихсан юм уу?

-Тийм. За би явъя. Би хорин хэдэн хүнтэй эхэлсэн балетыг
ная ерэн хүнтэй бол­голоо. Хоёрхон балеттай байсныг би хорин хэдэн ба­леттай болголоо.
Залуучууд та нар цааш нь аваад явдаг юм бол сайн байна. Би гар­лаа гэсэн. Орой нь
гэртээ харьчихаад байтал ардын жүжигчин Ю.Оюун тэргүүтэй арван хэдэн солист манайд
хүрээд ирдэг юм байна. Таныг гарч байгаа бол бид бас гарлаа гэцгээж байна. Тэд чинь
нөгөө л балетаа бодсон, ингэж баллаж болохгүй гэж санасан улс байна л даа, хөөрхий.
Шалаад болдоггүй ээ. Та нэг юм байгуулаач,
бид тусдаа гаръя гэцгээсэн. Тэгж байгаа улсыг би яах вэ дээ. Дандаа манай шилдэг
солис­тууд хүрээд ирж байгаа юм чинь. Цаана чинь нурчих юм биш үү болж байгаа юм
уу гэсэн чинь нурвал нураг хамаагүй. Та биднийг
аваад балетын нэг юм байгуул гээд болдоггүй. Тэгээд “Балет холл” гэж байгууллаа.
Тэр хэдийгээ бас жаахан юм үзүүлье гэж бодоод Энэтхэг, Балбаар явлаа. Яваандаа наашаагаа
нийлүүлэх санаатай яваад байлаа л даа. Үүний тулд Балетын үндэсний театрыг байгуулах
нь зөв юм байна гэж бодлоо. Ерөнхий сайд Жасрай дээр орж Балетын үндэсний театр
ийм байх ёстой юм, балет хөгжүүлье гэвэл энэ л хэрэгтэй гээд саналаа танилцуулсан.
Жас­рай Ерөнхий сайд тэр үеийн Соёлын хорооны дарга Энх­баярт энэ театрыг байгуул
гэсэн үүрэг өгсөн юм. Албан ёсоор тушаал гаргаад би Балетын үндэсний театр бай­гуулчихлаа.
Нэг жил явлаа. Улсаас жилдээ 200 сая хө­рөн­гийн татаастай байхаар засаг баталж
байгуулсан юм. Алс нь би нааш нь нийлүүлэх, нийлүүлээд урд талыг нь дуурийн театр
байна биз, хойд тал нь Балетын үндэс­ний театр болог гэсэн санаатай байсан юм.

-Үндэсний театраа цааш нь яагаад
үргэлжлүүлэн ажиллуулсангүй вэ?

-Азийн хэдэн орноор явж ирчихээд бүжигчдээ
ДБЭТ-руу нийлүүлье гэж байтал Энхбаяр Ерөнхий сайд болчихсон. Ерөнхий сайд болмогцоо
Балетын үндэс­ний театрыг маань татан буулгаад, Дуурийн театрын балетыг бас татан
буулгаад, намайг жүжигчдээ нааш нь авчир гэсэн шийдвэр гарга­чихжээ. Гэтэл жүжигчид
маань намайг очихгүй бол очихгүй гээд энэ театрт ирдэггүй. Намайг ир гээгүй юм чинь
би юу гэж очихов. СУИС-д очоод багшилчихсан. Нөгөө хүүх­дүүд маань Жа багшийг очих­гүй
бол бид очихгүй гэсээр байтал баахан хугацаа өнгөрчихгүй юу. Энд балет нь хэцүү
байдалд орчихсон бай­даг. Тэгж байтал Г.Эрдэнэбат театрын дарга боллоо. “На­майг
даргаар тавьчихлаа. Би энэ балетыг өөд нь татах хэрэгтэй байна. Надад үүрэг өгсөн.
Балет болохоо бай­лаа, та л очихгүй бол болохгүй нь ээ” гээд ирлээ. Та нар хөөх
болохоороо хөөчихөөд одоо яахаараа гуйдаг юм. Би очих­гүй гээд явуулчихлаа.Тав хо­ногийн
дараа дахиад хүрээд ирэхээр нь дахиад эсэргүү­цээд явуулчихлаа. Гурав дахиа ирлээ,
нөгөөх чинь. Аргагүй очлоо. Ирээд 2001 оноос
хойш энэ балетыг жаахан янзлаад явж байгаа юм. Урын сангийн бүх бале­тууд маань
олон хүний бүрэлдэхүүн дээр тавигдсан жүжгүүд. Хүн нь цөөрөөд тог­лож чадахгүй болчихсон.
Ухаандаа “Хунт нуур” 26 хунтай байсныг 16 хунтай болгож таарууллаа, “Дон Кихот”-оо
бас байгаа хүндээ тааруулаад тавилаа. “Мөнгөн залаа” гэж балет байсан. Хөгжмийг
нь ашиглаад “Чой­жид дагина” балетыг шинээр тавьчихлаа. Том том жүжгүү­дийг бүгдийг
нь цөөхөн бүрэлдэхүүндээ тааруулж өөрчилж тавьж, өдий хүртэл ингэж явлаа л даа,
би.

-Хэдэн хүүхэд Орос руу явуулсан.
Тэд хэзээ ирэх билээ. Дахин явуулах сураг байна уу?

-Өнөөдөр балет яахав дээ, нэгэнт төр
засгийн бод­лого нь алдагдчихсан юм чинь. Сургуульд хүүхэд явуулж байгаа юм алга.
Гурван жилийн өмнө би тэр үеийн Сангийн сайд Баярцогт дээр орж хөөцөлдөж байж тэр
хэдэн хүүхдийг явуулсан юм. Арваад хүүхэд Оросын Пермь рүү явуулснаас өөр юу ч байхгүй.
Харин манай ХБК их сайн сургууль юм шүү дээ. Эндээс төгссөн хүүхдүүдийг л авч аргалж
байна. Эрэгтэй хүүхэд их цөөхөн. Эмэгтэй­чүүд нь гайгүй. Гайгүйхэн эрэгтэйчүүд нь
гадагшаа гарч явчихаад байгаа юм. Цалин мөнгө нь бага юм чинь явъя гэхээр явуулахаас
яахав. Нэг талаар манай бүжигчид хаана ч гологдохгүй байгаа нь бахархалтай. Хоёрт,
хүний хүүхдийн амьдрал байна гэж бодоод яв даа л гэдэг юм. Ингээд ярихаар өөрийгөө магтсан болчих байх даа,
би 1963 оноос хойш хоёр жил тутамд 10-16 хүүхэд гадагшаа сургуульд явуулдаг байсан.
Тэгж тасралтгүй явуулсны хүчинд 1980 он гэхэд ерэн бүжигчинтэй болсон юм. Ерэн оноос
бодлого алдагдчихсан учраас одоо гуч хүрэхтэй үгүйтэй хүн байна.

ХБК мэргэжлийн багш нар л дутмаг болохоос
сайн сур­гууль. Сайн бэлдэж байна. Манайд одоо Ганцоож гэж маш сайн бүжигчин байна.
Өлзийсайхан, Мөнгөнхөлөг гээд сайн сайн жүжигчид байна. Ганцоож дөнгөж хорь гаруй
настай. Бүжигчнийхээ хувьд Алтанхуягаас илүү шүү дээ. ХБК-ийг сайн хүүхдүүд төгсдөг
юм. Хамгийн гол нь энд юм сурч аваад гадагшаа гарчихдаг байхгүй юу. Театр сургадаг
юм.

-Америкийн “Нью-Йорк сити” балетын
компанийн­хан саяхан ирж тоглолоо. Та энэ тоглолтын талаар юу хэлэх вэ?

-Яахав дээ, байдаг л юм. Баланчиний
балет шүү дээ. Гүржийн нөхөр юм тэр чинь. Аль дээр үед Америк руу гараад явчихсан.
Түүний ба­лет л явсаар байгаад “Сити балет” болчихсон. Баланчи­ний балетын гол алдаа
дутаг­дал бол балетыг зөвхөн тех­ник, гоо сайхныг л харуулах ёстой, утга санаа илэрхийлэх
ёсгүй гэсэн үзэл зарчмаар явж байгаа юм. Тэр нь мэргэж­лийн том том шүүмжлэгч нарын
дунд их шүүмжлэл дагуулдаг. Сонгодгийг жаахан неоклассик маягаар өөрчлөх гэсэн оролдлогууд
л байгаа юм.

-Орчин үеийн авсаархан, хөнгөн
шингэн маягаар үзэгчдийг татаж байгаа хэрэг үү?

-Тийм. Би Нью-Йоркт олон улсын шүүгчээр
очиж байсан. Тэнд нь очоод хөтөл­бөрийг нь үзсэн л дээ. Тийм л юмаар голлочихсон
компани юм билээ. Ер нь манай монгол­чууд өөрснийхөө юмыг үнэлэхгүй, гадны юмыг
хэт шүтээд байх юм аа. Би үүнд асар их дургүй. Бүр социа­лизмын үеэс тийм болчихсон
юм. Манай Х.Уртнасан, Ц.Пүрэвдорж гээд сайхан дуучид гараад дуулахад ба­раг алга
ташихгүй шүү дээ. Гадны нэг муухан дуучин ирэхэд орилоод л алга ташаад байдаг байсан
юм. Тэр үзэл бодол одоо хүртэл явж байна. Бүр их болчихсон юм уу даа. Энэ бол үндсээ
алдаж байгаагийн шинж шүү. Ийм муухай сармагчин шиг болчихсон. Гадны юмыг дуурайхдаа
дандаа муугий нь дуурайна. Өөрөөр хэлбэл, утга зохиолын урсгал гэхэд цэвэр, бохир
хоёр урсгал явж байдаг. Тэрний аль бохирыг нь дэмжинэ, аль мууг нь дуу­райна. Яг
л сармагчин шиг дуурайж байна. Гадны сайн юмнаас суралцалгүй яахав. Сайнаас нь суралцах
ёстой юм. Монгол хүн монгол хүнээ үнэлж байя.

-Урлагийн зөвлөл, зарим хувь хүмүүс
сонгодог уламжлал, дэгийг эвдсэн арай шинэлэг юм оруулж ирж үзүүлэх үүднээс иймэр­хүү
тоглолт авчирдаг бололтой?

-Сонгодог урлаг дөрөв таван зуу дахь
жилдээ явж байна. Хэн өөрчилж ча­даагүй.
Москвад олон улсын хурал болдог юм. Тэнд Оросын агуу Пётр Андреевич Гусьев
гэдэг хүн хэлж байсан. Сонгодог уламжлалыг яг тэр чигээр нь байлгах ёстой. Энийг
хэн ч өөрчилж чадах­гүй гэж. Жишээ нь, “Хунт нуур”-ын дөрвөн хунг одоо хүртэл хэн
ч өөрчилж чадах­гүй л байгаа шүү дээ. Би энэ балетыг 1975 онд тавьсан. Өөрчлөх гээд дөрвөн хунг дөрвөн булангаас ч гаргаж
үзсэн, янз янзаар үзсэн. Илүү гаргаж чадахгүй юм билээ. Сонгодог балет бол бие даа­сан
шинжлэх ухаан болтлоо хөгжчихсөн учраас хэн ч өөр­чилж чаддаггүй юм. Хэн ч өөрчилж
чадахгүй. 1910 онд Айседора Дункан гэж Аме­рикийн
балетчин сонгодог дэг хэрэггүй, хуруун дээрээ гарахгүй гээд өлмий дээрээ бүжиглээд
л байхгүй болсон ийм жишээ цөөнгүй.

-Та түрүүн багаасаа шууд балет
руу ороогүй гэлээ. Яг яасан юм бэ?

-Би чинь хөдөөний, Зав­хан аймгийн
Тэлмэн сумын малчны хүүхэд. Арван нас­тайдаа нэгдүгээр ангид ор­сон. Арван дөрөвтэйдөө
сур­гуулиа төгсөөд мал эмнэл­гийн техникумд очсон. Нэг жил малын ангид сурлаа. Гэтэл
офицерийн сургууль гэж сайхан сургууль байна, ядуучуудын хүүхэд авдаг гэнэ гэсэн
яриа сонсдлоо. Тэнд нь очоод нэг тас хар офицертэй уулзлаа. Чи ядуу юу гэхээр нь
ядуу айлын хүүхэд ээ л гэсэн. Тэгж намайг офицерийн сургуульд авсан юм. Мундаг сургууль байсан юм шүү. Боксын хичээл долоо
хоногт дөрвөн удаа орно. Тэр үед Офицерийн сургууль бүх тэмцээнийг авдаг байлаа
шүү дээ. Би бүжгийн группэд нь орлоо. Офицерийн сургуу­лиа төгссөн чинь бүх хүүх­дийг
цэргийн дээд рүү хуваа­рилсан. Би ганцаараа цэр­гийн ансамбльд орсон юм. Цэргийн
ансамбль 1955, 1956 онуудад Хятад, Солон­госоор,
баруунчаа Чех, Румын, Оросоор явж тоглодог байлаа. Ансамбльд гурван жил болоод би
Орос руу шалгалт өгч балетмейстрээр төгсч ирсэн л дээ. Уг нь Лхасүрэн бид хоёроос гадна балетмейстр мэргэжилтэй
хоёр ч хүн байсан юм. Бас л хүн муу хэлсэн болчих болов уу, яадаг бол. Баян-Өлгийн
Лхасүрэн, Дорнодын Бэх-Очир гэж хоёр нөхөр байлаа. Намайг хүнээр юм хийлгэ­дэггүй
дандаа ганцаараа хийж байна гээд Лхасүрэнгээр “Дон Кихот”-ыг тавиулах бол­лоо. Хоёр
сар нүдлээ. Манай энд тэгэхэд Оросоос том том багш нар ирж баг­шил­даг байлаа шүү
дээ. Нөгөө оро­сууд “Дон Кихот” чинь сонго­дог зохиол. Тэр хүн чинь казах бүжиг
тавьж байна гээд яа­маар гүйчихжээ. Тэ­гээд Баян-Өлгийн Лхасүрэнг балет хийж чадахгүй
юм байна гээд явуул­чихсан юм. Театрын дарга Дашдондог төлөвлө­гөөнд орчихсон жү­жиг,
чи минь тавьж үз, шагнана шүү гэхээр нь би “Дон Кихот”-ыг тавьсан юм. 45 хоногт хийгээд хяналтад орлоо. Онцсайн гэж батлагд­сан. Театрын
дарга амлас­наараа намайг 2000 төгрө­гөөр шагналаа. Гэтэл хавар нь санхүүгийн шалгал­таар
акт тавьчихаж. Ажлаа хийж бай­гаа хүнд мөнгө өглөө гэж буруутгажээ. Нөгөө 2000 төгрөгөө
хэдэн жил дараалан цалингаасаа суутгуулж байж төлсөн дөө. Дараа нь “Ай ёо доктор”
гэдэг балетыг бас надаар тавиулахгүй гэсэн. Надтай хамт хойно төгссөн Бэх-Очир гэж
нөхрийг авчир­лаа. Бас л хоёр сар нүдээд, явдаггүй. Сүүлдээ надад өгсөн. Бас 45
хоногийн дотор тавьсан юм.

-“Балет холл”-ыг та их хүндрэлийн
үед байгуул­сан. Яаж ажиллаж байсан юм бэ. Цалингаа яаж тавьж байв?

-Маш хэцүү үед байгуул­сан шүү дээ.
Энд тэнд тоглолт хийх мэтээр яаж ийгээд болгож байсан. Би банкнаас бас зээл авсан.
Харин нэг ч удаа хүмүүсийн цалинг таслаагүй шүү.

-Зээлээ яаж төлсөн бэ?

-Гадагшаа явж тоглодог чинь тэрний
л төлөө шүү дээ. Энэтхэг, Балба, Лаос мэтийн Азийн янз янзын орнуудаар явлаа. Балет
байхгүй, мэд­дэггүй улсууд, хөөрхий. “Үйлийн гурван толгой” ба­летыг авч явсан юм.
Дал га­руй хүн­тэй тоглодог балетыг товч­лоод долоон хүнтэйгээр тавиад явчихсан
юм. Балган эд нарыг гараад ирэхээр хачин их сонирхоод бид на­рыг нэг жил ажиллаач
гэсэн л дээ. Жигтэйхэн халуун газар юм чинь би энэ халуунд байж чадахгүй гээд татгалзлаа.
Гуйгаад болдоггүй. Сарын 10 мянган доллараар ажиллана гэж байж нэг юм болиулсан.

-Сүүлчийн балетаа тавина гэж түрүүн
хэллээ. “Бадарчин ба ардчилал” гэсэн үү. Хэн хөгжмийг нь бичих вэ?

-Одоо зүгээр жирийн бү­жиг бичих хүн
байна уу. “Жа­лам хар” шиг хөгжим бичдэг зохиолч байна уу, байхгүй шүү дээ. Нэг
л их том том улсууд хөгжим бичдэг гээд яваад байх юм. Композитор гэдэг чинь Монголд
одоо алга. Ц.Нацагдорж, Б.Шарав гээд л болчихож байсан үе саяхан. Одоо ганц Шарав
үлдлээ шүү дээ. Харин энэ Алтангэрэл гэж гайгүй залуу байна. Түүгээр балетын хөгжмөө
бичүүлж байгаа юм.

-Бүгд Концерт л бичиц­гээдэг?

-Тэднийг ер нь ямар хөгж­мийн зохиолч
гэх юм. Орчин үеийн урсгал хөөсөн л улс байдаг шүү дээ. Том дуурь, том балет бичдэг
хүнийг л хөгжмийн зохиолч гэдэг юм. Том симфони найрал хөгж­мөөр том үйл явдлыг
харуулж бичдэг хүнийг хөгжмийн зо­хиолч гэнэ гэж үг бий. Нөгөөдүүл нь мелодист юм.
Энэ бол зүгээр л ая зохиогч. Тийм улсууд бүгдээрээ л нэг бичиг барьчихаад хөгжмийн
зохиолч гээд яваад байгаа юм. Үүнтэй адилхан балет­мейстр, танцмейстр гэж хоёр өөр
байгаа юм. Нэг нь балет найруулан тавьдаг, нөгөө нь концертын бүжиг дэглэдэг.

-Та Х.Алтангэрэлийг яагаад сонгов?

-Би сураглаад байлаа. Хангалархуу
аятайхан юм биччихдэг хүн байна уу гээд сураглаад байсан чинь Ал­тангэрэл гэдэг
залуу гараад ирлээ. Дуудаад уулзлаа. Яриад үзсэн чинь ер нь боломжийн юм. Гучин
такт бичээд ирэхэд чинь арвыг нь би хасаад хаячихна шүү гэ­лээ. Өмнөх хөгжмийн зохиол­чидтой
яаж ажиллаж байснаа ярилаа, зохиолоо үзүүллээ санаагаа хэллээ. Таалагдаж байна уу
гэсэн чинь таалаг­даж байна, би яг энүүгээр чинь бичмээр байна гэнэ. Тэгж тэр залуутай
холбогдчихоод байж байна.

-Та олон улсын шүүг­чээр хичнээн
жил ажилла­чихав?

-1976 оноос хойш. Хам­гийн сүүлд
2005 онд ажилла­сан. Сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээн уралдаан хийхээ больчихлоо
шүү дээ.

-Шалтгаан нь юу вэ. Эсвэл эрс багассан
юм уу?

-Мөнгөндөө баригдаад больчихсон. Эрс
багасахаар барах уу бүр больчихсон шүү дээ.

-Балет үзье гэвэл га­даадад аль
театрууд зүгээр вэ?

-Балетаар Орос бол номер нэг шүү дээ.
Францын балетыг үзчих хэрэгтэй. Аме­рик бол дандаа Оросоос л гарсан улсууд байгаа
шүү дээ. Юрий Барешников, Баланчи­нов гээд дандаа оросууд бай­гаа юм. Тэгээд яахав,
хуучин соц орнуудад балеттай ул­сууд бий л дээ. Одоо Хятад Солонгос хоёр балетыг
хөгжүүлж байна.

-Та наад зах нь хоёр гурван хүн
бэлдэхгүй бол ганцхан Х.Гэрэлчимэгтэй зууралдаад хол явахгүй биз дээ?

-Тавин жилд би ганц хүн л олж байгаа
нь энэ шүү дээ. Балетмейстрийн ажлаас хү­мүүс их зугтаадаг юм. Багш болно л гэцгээдэг
юм. Бэрх­шээ­лээс нь айдаг юм байна лээ. Олон талын маш их су­далгаа хийнэ. Маш
том цар хүрээнд асуудлыг хардаг байх хэрэгтэй. Тийм болохоор хэр баргийн хүн энэ
рүү оро­хоос татгалздаг, орлоо ч ихэнхдээ гологдоод байдаг юм.

-Нарийн мэргэжил, орлуулахгүй хүмүүс
гэж байна. Энийг огт ойлгохгүй болжээ. Балетмейстрүүд баруунд их өндөр настай хүмүүс
байх юм?

-Тэрийг ойлгодоггүй. Оросыг л хар
л даа. Дандаа ная гарчихсан хүмүүс. Миний найз Григорьевич гэхэд л ная гарчихсан
хүн. Одоо балет­мейстрээ хийгээд л явж бай­на. За яахав дээ. Би яахав. Хийдгээ хийгээд
авдгаа авчихсан хүн. Одоо миний хувьд ганцхан зорилго байна. Балетыг тусгаарлаад
бие даасан театр болгох. Ганц зорилго энэ.

-Та яаж ийм эрүүл чийрэг байж чаддаг
вэ?

-Хүн хувийнхаа дэг жур­маар л амьдардаг
шүү дээ.

-Ямар дэглэмээр амь­дар­даг вэ?

-Идэж уухдаа хүртэл өөрий­гөө хянах
хэрэгтэй байдаг. Балетын хүн наад зах нь өлсөж болохгүй цадаж болохгүй гэсэн номтой.
Тэр номоороо л явах хэрэгтэй.

-Жишээ нь, та ямар хоол иддэг вэ.
Мах их хэрэглэ­дэг үү?

-Би орой хоол иддэггүй. Өдөр л иддэг.
Өглөө сайхан өтгөн кофе уучихдаг юм. Талх маслоо идчихнэ. Өдөрт нэг удаа л кофе
уудаг.

-Сүүтэй цай огт уудаггүй юу?

-Уудаггүй байсан. Лувсан­шарав л намайг
сүүтэй цайнд оруулчихаад байгаа юм. Би дандаа
кофе, цай л ууж яв­сан. Лувсаншарав надад “сүүтэй цай их сайн шүү дээ, ууж бай”
гэж хэлсэн юм. Тэ­гээд сүүлийн үед сүүтэй цай уудаг болсон. Гэхдээ орой л уудаг
юм. Өдөр нь махтай хоол идчихнэ. Би дандаа “Улаанбаатар”-т(рестораныг хэлж байна)
хоол иддэг шүү дээ. Дөчин таван жил зөвхөн эднийд хооллож байна.

-Дасчихсан учраас уу?

-Эдний бүх юм нь шинжилгээтэй байдаг
юм. Мах шөлөө авахдаа ч эднийх ганц л газраас авдаг. Өөр бусад ресторанд хоол идэ­хээр
гэдэс дорхноо өвдчихдөг шүү дээ.

-Та нэг л супермэн явж харагддаг.
Амьдрал тань нууцлаг маягтай. Энэ та­лаар ярьж болох уу. Гэртээ та нар бас л дэглэм
өндөр­тэй байдаг уу?

-Юу нь нууцлаг байхав дээ. Эхнэр минь гадаад харилцааны хүн шүү дээ. Англи,
франц хэлтэй. Охин маань орос англи хэлний багш, СУИС-д байдаг. Хүү хувиараа ажил
хийдэг. Эхнэр маань их нямбай, айхтар чамбай хүн л дээ. Миний эрүүл саруул байдагт
гэр бүлийн хүний маань нөлөө их шүү дээ. Одоо гэртээ. МИАТ-ийн сэтгүүлийн англи
хэл дээр­хийг нь хийж байгаа. Би ер нь европ маягийн амьд­ралтай болчихсон хүн.
Эхнэр ч гэсэн. Муугаар хэлэх юм бол бэртэгчин болчихсон байгаа юм л даа.

-Таны эхнэр Улаанбаа­тарынх уу?

-Увсын Зүүнговийнх шүү дээ. Би нутагтаа
очихгүй олон жил болсны учир үүнтэй холбоотой. Дандаа Увс руу явдаг байсан юм. Хүүхдээ
тэнд өвөө эмээд нь өгчихдөг болохоор тэр л дээ. Онгоцоор нисээд л Увсад буучихдаг.
Баруунтурууны сангийн аж ахуй, Зүүнговь сумаар явдаг. Увсыг бол би маш сайн мэд­нэ.
Нутагтаа бол жаран жил очоогүй. Энэ зун харин гэр бүлээрээ Завханы Тэлмэндээ очих
гэж байна.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *