Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 8 дугаар сараас Ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10-аад автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн 8 тонн гаруй самрыг хураан хэрэг бүртгэлийн дугаар авч цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгаж хууль сахиулан ажиллаж байна
Тус эргүүл, хяналт шалгалтыг цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын яамны Салбарын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргийн цагдаагийн газрууд болон иргэд олон нийтийн оролцоотой улам эрчимжүүлхээр төлөвлөжээ.
ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ЗААЛТУУД
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглосон байдаг.
– Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч хуш модны самар нь ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг.
– Хуш модны самарны үнэлгээг БОАЖ Сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологийн эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн.
– Ойн тухай хуулийн 3.1.12 “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт
ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна…”
Хуш модны 1 кг цайруулсан самарны экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176600 төгрөг, нойтон самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
Энэ үнэлгээн дээр үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
– Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
– 1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай.
– Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялагийг тухайн жилийн 09 дүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой.
Иймд Богдхан ууланд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртхөөс урьдчилан сэргийлэхийг Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.