МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Ганбаттай ярилцлаа.
-Энэ жилийн элсэлтийн шалгалтад математик, физик, химийн хичээл дээр хүүхдүүд ихэвчлэн хангалтгүй дүн авчээ. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ нь тогтолцооны буруугаас үүдэлтэй. Хэмжээст оноо биш анхны оноогоор нь ярих ёстой. Анхны оноо хэд байна түүгээрээ явах ёстой байсан. Жишээ нь, математик дээр 400 буюу коллежийн босго гэдэг нь зуугаас 14 оноо юм. Хими дээр 15 оноо. Үүнийг яаж авах ёстой вэ гэхээр зөвхөн сонгох таван хариултын нэг баганы дандаа А юмуу B -г нь дугуйлчихад л авчих оноо юм. Яах аргагүй боловсролын тогтолцооны асуудал.
Тогтолцооны хувьд яривал олон асуудал бий. Сурах бичгийг жил бүр тендер зарлан шинэчилж хэвлэдэг. Сургуулийн багш нартаа сурах бичгээ шинэчлэх бүртээ сургалт явуулдаггүй. Шалгалтын асуулт зохиох асуудлыг дурдаж болно. Шалгалтын асуултуудад багш нар маш их эргэлзэж байна. Багш нар шалгалтын асуултуудыг үзэж болдоггүй мөртлөө хувийн компаниуд түүнийг нь аваад олон хэлбэрээр бизнес хийж байгаа юм. Энэ нь боловсролын тогтолцооны том гажуудал. Хэмжээст оноог больчих хэрэгтэй. 800, 400 оноо гээд л яриад байдаг. Энэ нь өөрөө хүмүүсийг маш их төөрөгдөлд оруулаад, системийн гажуудалд орчихсон байгааг ил болгож харуулахгүй байна.
-Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд маань сургалт дамжаанд их л хамрагдсан байтал яагаад ийм тааруухан дүн авав гээд гомдолтой байх шиг байсан.
-Элсэлтийн шалгалтандаа бэлдэж сургалт, дамжаанд хамрагдаж байгаа хүүхдүүдийн хувь нь өөрөө маш бага юм. Хүмүүс ойр тойрныхоо хүүхдээр төсөөлөөд байна. Хотын төвийн сургуулиудын хүүхдийн хэмжээнд ярих юм. Сумын төвийн хүүхдэд сургалт, дамжаанд хамрагдах ямар боломж бий гэж. Хотын захын хорооллын хүүхдүүд хүнд нөхцөлд хичээллэж байна.
Хотын төв болон захын хорооллын сургуулиудын хүүхдүүдийн ялгаа эрс гарч байгаа. Хотын төвд сурч буй хүүхэд дээр дүгнэлт хийгээд түүнийгээ яриад байгаа нь боловсролын системийн гажуудлын нэг хэлбэр юм. Таны эргэн тойрны хүүхдүүд сургалтад хамрагдаж байгаа ч гэр хорооллын болон сумын төвийн хүүхдүүд сургалтад хамрагдаж чадаж байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал.
-Багш нар хүүхдийн шалгалтын дүнд хэр нөлөө үзүүлдэг вэ. Багш нарын ур чадвар, чадамж манайд хэр байгаа вэ?
-Багш нар элсэлтийн шалгалтын үнэлгээн дээр ч маргаантай байдаг. Багшийн ур чадвар хүүхдүүдийн элсэлтийн шалгалтын дүнд маш сайн нөлөөлнө. Сайн багштай сургуулийн хүүхдүүд өндөр оноо авч байгаа. Олонх массаараа хотын захын дүүргийн сургуулиудын хүүхдүүд элсэлтийн шалгалтад тааруу дүн авч байна. Багшийн ур чадварын асуудал мэдээж яригдана. Гэхдээ Монгол Улс багш нараа гаргуунд гаргаад хаячихсан. Энэ нь 20 жилийн өмнө ажлаа авч байсан багштайгаа цаг үе, хэрэглээтэй нь холбогдуулан ажилладаггүй.Багш нараа чадавхжуулах ажлыг бодитоор хийж ирээгүй. Чадавхжуулна гэхээр өвөл, зуны амралтаар нь хотод авчирч, эсвэл хоёр, гурван багш хөдөө очиж, семинар шиг юм хийдэг. Энэ нь ямар ч үр дүнгүй. Үр дүнтэй болгох арга хэмжээг авах нь зүй юм.
Багшийн чадавхыг ярихын өмнө цалингийн асуудлыг ярих ёстой. Элсэлтийн шалгалтад муу дүн авч байгаагийн 20 хувьд нь л багшийн чадварын асуудал яригдах болов уу. Нийгэм маш их өөрчлөгдөж байгаа. Хүүхэд нь муу сурвал багшийн буруу болдог цаг үе ирсэн. Өмнө нь муу сурвал хүүхдүүд бидний буруу болдог байлаа. Солонгос улсад багшаа хамгаалах хууль гаргасан. Эцэг эхчүүд шууд багштай харьцдаггүй. Сургуулиар дамжуулж харьцана. Тухайн багш амарч буй тул оройн цагаар залгаж болохгүй байх жишээний. Манайд бол шөнийн хэдэн цагт ч хамаагүй цахим хуудсаар нь дамжуулан хүүхдийнхээ асуудлыг ярьж, амрах ёстой цагт нь маш их шахалт, дарамт үзүүлдэг. Яамны шалгалт гээд энэ их дарамт бүхэн багш нарыг ажиллах сонирхолгүй болгож байна. Муу юм болгоныг хойд талын овоохой гэдэг шиг багш руугаа чихээд байж болохгүй. Багшаа хамгаалсан тогтолцоо, журам гаргах хэрэгтэй байна.
-Энэ жилийн элсэлтийн шалгалтын материал нь ерөнхий сургалтын агуулгаас хүнддээд хүүхдүүд ийм тааруу оноо авчихав уу гэж ч ярих хүмүүс байна л даа.
-Багш нарын хувьд ерөнхий сургалтын агуулгаас хүндэдлээ гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ миний хувьд хүндэдсэн зүйлгүй байх гэж таамаглаж байна. Яагаад таамаглаж байна гэхээр өмнөх долоо, найман жилийн үр дүнтэй адилхан байгаа юм. Математикийн зуугаас 13 гэдэг чинь өмнөх жилийнхээ жишигт л байгаа гэсэн үг. Байгалийн ухаан болох суурь шинжлэх ухааны боловсролын түвшин уначихсан байгаа.
Элсэлтийн шалгалтад алдаатай асуулт байж болно. Түүнийг багш нартайгаа үзээд ил болгох хэрэгтэй. Багш нартаа шалгалтын материалыг харуулахгүй, хувийн компанид нээлттэй байдал бий болгож, бизнес хийгээд байж болохгүй л гэж үзэж байна. Элсэлтийн шалгалтыг хүн бүр төдийгүй улсын ирээдүй, боловсролын түвшин ямар байгаа вэ гэдэг асуудлыг харуулж буй үзүүлэлт гэж үзэн улсаараа анхаарах нь зүй юм. Асуудал байна гэхээр манайхан буруутан хайгаад явчихдаг. Ихэвчлэн багш нарын буруу болгож, ханддаг. Буруутан хайхаас илүү яавал хүүхдүүд маань элсэлтийн шалгалтад өндөр оноо авч болох гарцаа л хайх хэрэгтэй.
-Хотын төв болон захын дүүргүүдийн хүүхдүүдийн мэдлэгийн ялгааг яаж ойртуулж болох вэ. Энэ тал дээр таны санал?
-Цахим болон танхимын хосолсон сургалтын системийг оруулж өгөх шаардлага бий. Хотын төвийн сайн багшийн хичээлийг тухайн танхимд зааж буй багш, сурагчид хамтдаа хичээлийн цагийн тал хувьд нь үзэж болно. Цахимаар зааж буй багш сурагчдын асуусан асуултад хариулж чадахгүй. Ангид буй багш асуултад хариулж, хүүхдүүдтэй ярилцана. Хүүхэд, багш хоёр хоёулаа сайжрах сайн талтай. Коронагийн үеийн сөрөг зүйлсийг ярилгүйгээр цахим системийг зөв ашигламаар байна.
Л.МИНЖМАА