Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Эрдэнэбат: Гэр хорооллын 220 мянган айл өрхийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцох ёстой DNN.mn

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өмнөх долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаар төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулагдсан. Та уг сонсголын үр дүнгийн талаар ямар бодолтой байна?

-Тус үйл ажиллагааны үеэр Хөгжлийн банкнаас авсан зээл нь зориулалтын бус, чанаргүй зээлийн ангилалд орсон, улсын төсвийн хөрөнгөөр хаасан, мөнгө угааж санхүүгийн луйвар хийсэн гэх мэтээр зээлдэгчдийг ангилж ярилаа. Тус нээлттэй сонсголоос төрсөн сэтгэгдэл гэвэл ҮАБ-ын зөвлөл, Хөгжлийн банкны тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолуудаа хэрэгжүүлээгүй төр Засгийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг маш том асуултын тэмдэгтэй л үлдлээ. Хөгжлийн банк бол экспорт, импортоос гадна улсын төсөв, арилжааны банкаар санхүүжүүлэх боломжгүй, нийгэм нийтийн төлөө, экологийн (агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах гэх мэт) төслүүдийг санхүүжүүлэх зориулалттай тусгай зориулалтын, Бодлогын банк бөгөөд 100 хувь Монгол Улсын Засгийн газрын банк юм. Засгийн газрын 2016-2020 он, 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг жил жилээр нь хугацаатай нь, хэрэгжүүлэх аж ахуйн нэгжтэй нь, хөрөнгийн хэмжээтэй нь баталчихсан. Үүнийг бүх төрийн байгууллага хэрэгжүүлэх, биелүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй. Улаанбаатар хотын нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хулгайлсан хүмүүст хэн хариуцлага тооцох вэ. Манай “Эрэл” группийн хамт олон УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн гаргасан шийдвэр тогтоолын дагуу “БҮК-1” (Байшин үйлдвэрлэх комбинат-1) үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулснаас хойш үйл ажиллагаагаа улирал харгалзахгүй явуулсан бол 40 мянган айлыг зах зээлийн өртгөөс даруй 2-3 дахин хямд үнээр орчин үеийн үйлдвэрийн барилгын хийц, эдлэлээр, хүнээс хамаарах алдаагүй, чанарын өндөр түвшинд газар хөдлөлт болон галд тэсвэртэй, дулаан алдалтгүй ашиглалтын зардал бага, эрчим хүчний хэмнэлттэй Олон улсын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи бүхий эко-ногоон орон сууцанд оруулчихаар байлаа. Өөрөөр хэлбэл, нийт гэр хорооллын айл өрхүүдийн 20 хувь нь иж бүрэн хороолол буюу сургууль, цэцэрлэг, соёл амралтын төвтэй, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тав тухай орон сууцанд амьдрах боломжтой байсан. Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлын асуудал ч 20 хувиар буурсан байх байлаа. Гэтэл энэ боломжийг алдагдуулсан УИХ, Засгийн газарт ямар хариуцлагыг, хэн хүлээлгэх ёстой юм бэ гэдгийг нээлттэй сонсголд оролцогчид хөндөж байлаа. Иргэд энэ алдагдсан боломжийнхоо хариуцлагыг нэхэх эрхтэй. Энэ асуудлыг ярих цаг нь болсон юм байна. Гэр хорооллын айл өрхүүдийг Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрхээр хангаж чадаагүй, алдагдсан боломжийг тооцож гаргаагүй байна. Гэр хорооллын мянга мянган иргэдийн төлөөлөл асууж байна. Хөгжлийн банкнаас гэр хороололд амьдарч байгаа өрхийн орлогод нийцсэн барилга байгууламж барихаар “Эрэл” ХХК-ийн БҮК-1 үйлдвэр ашиглалтад орчихсон юм бол яахаараа бид утаагүй түлш нэртэй хор түлээд сууж байгаа юм бэ” гэдгийг асууж.

-Хөгжлийн банкинд үүссэн асуудлын учиг шалтгааныг та юу гэж харж байна?

-Сонсох үйл ажиллагаанд оролцож байхад УИХ, Засгийн газрын гишүүдийн хэлээд асуугаад байгаа зүйлээс нэг л юм тод харагдаж байна. Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд Ерөнхий сайд, Сангийн сайд болон тухайн үеийн улс төрийн томилгоогоор цүнх баригч нар томилогддог тул менежмэнт муу, мэргэжлийн бус хүмүүс байсан нь ийм зохион байгуулалттай хямралт нөхцөл байдлыг бий болгосон гэж дүгнэж байна. Тэд мэргэжлийн банкирууд биш. Ерөөсөө л улс төрийн захиалгаар томилогдсон хүмүүс байж. Зээлийн газрын дарга, Эрсдэлийн удирдлагын газрын дарга гэх мэт дарга нар нь намын доторх фракц фракцаасаа томилогдчихсон. Захирал нь дуудаад мэдээлэл авах гэхээр түүнийг нь гаргаж өгдөггүй. Нэг үгээр хэлбэл, улс төрийн захиалгаар зээл олгодог учраас өнөөдөр ийм хямралын байдалд орсон. Гэтэл үнэхээр Засгийн газрын стратегийн чухал ач холбогдолтой төслүүдийг Хөгжлийн банкны зорилго, бодлогын дагуу импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, нийгмийн, экологийн зээл авч, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулсан ААН-үүд ч байна.

2018 онд ОУВС-гаас арилжааны банкуудад хийсэн шиг маш сайн мэргэжлийн түвшинд хараат бус бие даасан ОУ-ын санхүүгийн аудит оруулан шалгаж, үнэн бодит хяналт шалгалтын дүнг улс төрөөс хараат бусаар ялгаж, салгаж, ард иргэддээ мэдээлэх хэрэгтэй байна гэв. Хөгжлийн банкны удирдлага, менежмэнт нь мэргэжлийн бус, зохион байгуулалт муутай тухайлбал, Шинэ Яармаг хороолол барилга, орон сууц барихаар 200 гаруй тэрбум төгрөгийн, Буянт-Ухаад хороолол барихаар ТОСК-д 300 орчим тэрбум төгрөгийн зээл тус тус өгсөн байна. Барилга барих нь буруу биш зөв. Гагцхүү Засгийн газрын зүгээс хяналт тавьж, бодлогоор удирдах ажил огт хийгээгүйн улмаас иж бүрэн хот, тосгон, хороолол барих БҮК-1 үйлдвэр нь ашиглалтад орчихоод байхад, Хөгжлийн банкны удирдлагууд эдгээр барилга барих компаниудынхаа барилгын хийц эдлэлүүдийг БҮК-1 үйлдвэрт үйлдвэрлүүлээд түүнээсээ дээрх бүх компаниудын зээлийн төлбөрийг бүрэн төлүүлсэн бол дээрх компаниуд ч өнөөдөр найдваргүй зээлдэгчийн ангилалд орохгүй, төслүүд нь ч бүрэн сайн хэрэгжиж дуусах байсан. Энэ мэт байдлыг нээлттэй сонсголын үеэр УИХ, Засгийн газрын гишүүд болон оролцогчид шүүмжилж байна. Энэ бол яах аргагүй бодит үнэн шүүмжлэл. Хоорондоо нягт уялдаа холбоо бүхий 4-5 төслийг Хөгжлийн банк тус тусад нь салгаж зээл өгч бүгдийг нь найдваргүй зээлийн ангилалд оруулсан. Нэг үгээр хэлбэл, БҮК-1 үйлдвэрийг нам зогсоогоод ямар ч үйлдвэргүй компаниудад үнэтэй хороолол барих зээл өгөхөөр бүгд өрөнд орно биз дээ. Уг нь Засгийн газар нь бодлогоор төлөвлөж, тооцож, зохицуулалт хийж, холбож байж улсад хэрэгтэй, ард түмэнд ашигтай төслүүд дэмжигдэх ёстой! Уг нээлттэй сонсгол дээр УИХ, Засгийн газрын гишүүд, оролцогчид Хөгжлийн банкны энэ дампуурлыг үе үеийн Сангийн сайд нарын шууд нөлөөн дор хийгдсэн гэж дүгнэсэн. Одооны гүйцэтгэх заxирал Сангийн яаманд байхдаа 2016 онд улсын төсвөөс (татвар төлөгчдийн мөнгөөр) 3,0 их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны зээлийг хаасан гэсэн. Үүний цаана ямар их луйвар байгаа нь ойлгомжтой гэсэн. Сүүлийн үед энэ хоёр намаас бусад нь хэн ч биш, бүх бизнесийг дээрэмддэг болсон. МАНАН-МАФИ ийн гол бизнес нь барилга болсон (угаасан мөнгө, авлига хээл хахуулийнхаа дүрийг хувиргадаг). Сангийн сайд, УИХ ын төсвийн байнгын хорооны дарга нар энэ бүхний ард нь байдаг гэдгийг хэлж байна. Энэ том МАНАН-МАФ-ийн сүлжээг УИХ-аас томилогдох хяналт шалгалтын түр хороо, аль нэг намын ажлын хэсэг, УИХ, Засгийн газрын хамтарсан болон дагнасан ажлын хэсэг шалгаад, үнэн шудрага шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Улс төрийн их хэлмэгдүүлэлт, давтагдаж МАНАН-МАФИ өөрсдөө шалгуулсан дүр эсгээд, сугарч үлдэх магадлал тун өндөр байна. Юу үнэн энэ үнэн!

Ер нь манай улсад Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагдсаны тод илрэл энд харагдаж байгаа юм. Дөрвөн жил тутам болдог УИХ-ын сонгуулийн дараа мөн Засгийн газар дунджаар 1,3 жилд солигдох бүрд бодлого нь байнга өөрчлөгдөж, намаараа талцан, түрүүчийн Засгийн газрын бүх шийдвэрүүд орвонгоороо эргэдэг учраас томоохон бодлогын чанартай ажлууд хийхэд энэ мэтчилэн алдаа завхрал гараад байгаа юм. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хөгжлийн банкны гүйцэтгэх заxирал тус тус зургаан удаа солигдсон байна.

Хөгжлийн банкинд үүссэн асуудал бол:

Нэгдүгээрт, Улс цөөхөн хүн амтай. Намаараа хуваагддаг бодлого манай улсыг сүйрүүлж байна. Сүүлдээ бүр МАНАН МАФИ болж төгөлдөржсөн. (Ялангуяа хөдөө орон нутагт намчирхал гамшиг болсон байгаа),

Хоёрдугаарт, засгийн газрын бодлогын залгамж чанар бүрэн алдагдсан,

Гуравдугаарт: Манай улсын эрх мэдэлтнүүд бүх түвшиндээ улсынхаа төлөө ажиллах бус, мэдээ мэдээлэлд ойр байдлаа хувийн эрх ашигтаа нийцүүлэн ашиглахдаа гаршсан, авлигажсан, санаа зовж, ичих асуудал бүүр байхаа больсон. Төрийн албан хаагчид, албан тушаалдаа цүнх баригчийн ажлын шагналд томилогддог учраас, бие даасан шийдвэр гаргаж чаддаггүйн улмаас улсын ажил хөдлөхөө болиод удаж байна,

Дөрөвдүгээрт, Хөгжлийн банкинд үүссэн асуудлын учиг шалтгааныг дүгнэж харахад өнөөгийн бидний бий болгосон нийгмийг бүхэлд нь тод томруунаар харуулж буй нэг том бодит жишээ юм.

Өнөөдөр бидний амьдралд үүсчихээд байгаа энэ тогтолцооны гажуудлыг засч, энэ олон болохгүй бүтэхгүй алдаа завхралыг монголчууд бид л өөрсдөө аль болох хурдан засаж залруулах ёстой! Хойч үеийнхэндээ, өөрсдийн хүүхдүүд, ач зээ нартаа, тогтвортой хөгжиж буй улс орныг үлдээх ёстой болохоос биш, ийм цадиггүй нийгмийг үлдээж хэрхэвч болохгүй!

-Нээлттэй сонсгол хийснээр ямар нэгэн үр дүнд хүрч, гарц гаргалгаанд хүрэв үү?

-Үнэндээ ямар ч үр дүнд хүрээгүй. Гэхдээ УИХ-ын ЭЗБХ-ны нээлттэй хяналтын сонсох үйл ажиллагааны анхны хурал байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аас хяналтын сонсгол зохион байгууллаа. Цаашид сонсох үйл ажиллагааг арай өөр байдлаар зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд, оролцогчид санал гаргаж байна лээ. Бид өглөөний 08:30 минутад цугларч 09:00 цагаас эхэлсэн. Орой 22 цагт дууссан. Бүтэн 13 цаг хуралдахад энэ зээлдэгч нар Хөгжлийг банкийг дампууруулчихлаа гэсэн мессэжийг л өглөө. Гэтэл нэг аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаанд 10-хан минут олгосон нь үүссэн бодит нөхцөл байдлаа тайлбарлах ямар ч боломжгүй байлаа. Нийгмийн хариуцлагатай Хөрөнгө оруулалтын төсөл рүү хамтдаа хөтлөлцөж орчихоод, асуудал үүсэхээр Хөгжлийн банкны удирдлагууд биднийг хаяад зугтааж байна. Нэг ёсондоо биднийг усанд живүүлчихээд өөрсдөө амьд гарах гэж зүтгэж байна. Гэтэл “Эрэл” ХХК , Засгийн газартай хамтраад агаар,ус,хөрсний бохирдлыг арилгах, гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахын төлөө л нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг хийж, Хөгжлийн банкнаас зээл авч улс орныхоо хөгжлийн сайн сайхны төлөө л ажилласан шүү дээ. Тулгарсан асуудлаас нүүр буруулж, зугталгүйгээр асуудлын шийдлийг хайгаад л явж байна. Банк дампууруулахад хүргэсэн хэмээн буруутгаад байгаа зээлдэгчдээ Хөгжлийн банк нэг удаа дуудаж уулзаад “Үүссэн асуудлаа ний нуугүй ярилцаад, санал бодол, гарц гаргалгаагаа ярьж болно шүү дээ. Манай хувьд өмнө нь олон удаа ОУ-ын банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгож байсан. Тэгвэл, та энэ туршлага дээрээ үндэслээд олон улсаас мөнгө босгох ажлаа яаравчлуул. Бүгдээрээ хамтраад эргэлтийн хөрөнгөө босгох ямар гарц гаргалгаа байна” гээд асууж болно шүү дээ. Тэгвэл би нээлттэй сонсголын үеэр хэлсэн саналуудаа ярина. Эргээд бодоход, намайг шүүхэд өгч, үйлдвэр, банк, сургуулийг нь булааж авах дээрмийн үйл ажиллагаа явуулсан. Эрх мэдэл бүхий хүмүүс шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, шүүх, хууль хяналтын байгууллагуудтай нийлж авлига өгч, бизнес дээрэмдэх схем хүртэл гаргасан тухай 2021 оны гуравдугаар сарын 8-нд УИХ ын нэр бүхий гишүүд хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсныг санаж байгаа биз ээ. Одоо энэ асуудал шалгагдаад явж байна. Гэхдээ маш удаан шалгаж байна. Миний хувьд 33 жил бизнес эрхэлсэн хүн. Одоо ч би дэлхийн орчин үеийн технологийг эх орондоо нэвтрүүлж бүхэл бүтэн эко- ногоон хот, тосгон барихыг зорьж байна. Энэ хугацаанд би иргэдээсээ, төр засгаасаа юу ч нуугаагүй, бүх зүйл шилэн, ил тод байсаар ирсэн. БҮК-ийг хувьчилж авчихаад, дүр төрхийг нь өөрчлөөд ажилчдаа гудамжинд гаргаад, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг төмрийн хаягдалд өгөхийг хүсээгүй. Тийм ч учраас 30 жил бартаатай, сайдтай, намагтай, хадтай, асгатай замаар хамт олонтойгоо хамтран зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Бид төр засгийнхаа урилгыг хүлээж аваад Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн. Харин энэ урт хугацаанд хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан цуг байгаа компанийнхаа хамт олон, гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө үргэлж баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

-Тухайн үед хувьчлал явуулахдаа тодорхой хэмжээний шалгуур нөхцөл тавьж байсан гэдэг. Та тэр шалгуур нөхцөлөөс хазайсан уу?

-Тухайн үед 1992 оноос хувьчлалыг гурван янзаар хийсэн. Нэгдүгээрт, хүн болгонд үнэгүй өгсөн ягаан, цэнхэр тасалбар, хоёрдугаарт, менежмэнтийн хувьчлал, гуравдугаарт, дуудлага худалдаа. Бид БҮК-ээ дуудлага худалдаагаар авч байсан. Энэ гурван хувьчлалд, өмч хувьчлалын гэрээнд нь ижил гурван заалт байсан: Нэгдүгээрт, ажилчдаа ажлаас нь халж болохгүй. Хоёрдугаарт, үйлдвэрийн үндсэн чиглэлийг өөрчилж болохгүй. Гуравдугаарт, орчин үеийн тоног төхөөрөмжид шилжүүлнэ хэмээн заасан. Эдгээр гурван заалтын аль нэгийг зөрчвөл гэрээг хүчингүй болгон цуцалж, улсад буцааж шилжүүлэхээр заасан. Тэгвэл Засгийн газар ТӨБЗГ улсын хэмжээнд хувьчилсан өмч хөрөнгө, өмч хувьчлалын гэрээний заалтууд яаж хэрэгжиж биелснийг одоо ард түмэндээ дүгнэж тайлагнах цаг нь болсон. Үүнийг ард түмэн нэхэл хатуутай шаардах байх. Өмч хувьчлалын үр дүнгээ одоо нэг дүгнээд үзэх хэрэгтэй! Энэ 30 жилийн хугацаанд адгалж 10 жилээр гурван удаа гэрээгээ дүгнэж улс орон даяар ард түмэндээ тайлагнаж холбогдох арга хэмжээ авсан бол ажилгүйдэл, ядуурал өнөөдрийн байдлаас тэс өөр, хариуцлага, сахилга бат өндөр түвшинд, авлига хээл хахуульгүй хүн бүр ажилтай, орлоготой аж үйлдвэржсэн, өрхийн орлого өндөр, хөгжилтэй орны түвшинд хүрсэн аз жаргалын индэксээр дэлхийд тэгүүлэх хэмжээнд байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл бид Хөгжлийн банкийг байгуулагдсанаас хойш 10 жилийн дараа хоцорсон хойно шалгаж байна. 2015, 2016 онд арга хэмжээ авах байсан гэж нээлттэй сонсгол дээр оролцсон хүн бүр ярьж байна.

1992 оноос хойш байсан бүх үйлдвэрүүдийг хувьчилсан. Харамсалтай нь олон мянган хүн ажилгүй, гудамжинд гарч, мэргэжилтэй ажиллах хүчнүүд маань үр хүүхдээ тэжээх, өдрийн хоолныхоо төлөө чадах бүхнээ хийсээр олонх нь ядуурал руу шилжсэн. Хэн тэгвэл гэрээнийхээ үүргийг биелүүлсэн юм бэ. Би гэрээгээ биелүүлээгүй хүмүүсийн хөрөнгийг нь хурааж ав гэж хэлээгүй л дээ. Үнэндээ бидэнд тухайн үед дэлхийд тэргүүлж байсан Зүүн Европын олон үйлдвэрүүд байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр тухайн үед байсан үйлдвэрүүдийн нэр нь мартагдаж, төрөл нь арилжчихсан байгаа. Манайх 33 жилийн туршид гэрээнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн, “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэгчээр зохион байгуулалттайгаар барьж хориод, хөрөнгийг нь дээрэмдээд, улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан хуйвалдан мафийн сүлжээ бий болгосон. Гэгээн цагаан өдөр ямар ч нотлох баримтгүй хөрөнгийг нь булаадаг болсныг бид бүгдээрээ харж байна.

-Та нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн үе ирчихлээ гэж хэлэх гээд байна уу?

-Би энэ хэлмэгдүүлэлтийн хонгилоор явж байгаа. “Эрэл” ХХК болон “Эрэл”-ийн Эрдэнэбатыг Монголын ард түмэн сайн мэднэ. Насаараа л бүтээн байгуулалт хийж, үйлдвэр аж ахуйн нэгж байгуулж, босгож явна. Надад 2019 оны зургадугаар сард ээлжит зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн бүх үеийг эргээд бодоход энэ хонгилоор яагаад чирэгдэх болсон нь улс төртэй холбоотой гэж бодож байна. Их хэлмэгдүүлэлтийн үед шүүхийн шийдвэргүйгээр Онцгой комиссынхон шууд л хүн буудчихдаг байсан. Одоо зарим хүмүүс яг ийм байдал руу орох талаар ярьж байна. Шүүхийн шийдвэр хугацаа их алдаж байна. УИХ онцгой эрхтэй комисс байгуулж хууль гаргаад хөрөнгийг нь хураагаад авчихъя” гэж Нээлттэй хяналтын сонсох үйл ажиллагаан дээр ил тод ярьж байна.

-Ер нь бол шүүх гэм буруутайг нь тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцохгүй хэмээн заасан. Гэтэл өнөөдөр хэн нэгнийг хууль, шүүхийн албан ёсны ямар нэгэн шийдвэр гарахаас өмнө санаатайгаар нийгмээр нь, нийтээр нь үзэн ядуулах, харлуулах технологи танил болоод удаж байна. Та өөрийгөө ийм технологид орсон гэж үздэг үү?

-Тийм ээ.Үүнийг олон жил явуулж байна. Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог гэдэг дээ. Шүүх хяналтын байгууллагууд энэ технологийг салбартаа нутагшуулаад гаршсан байна. Эхлээд төлөвлөгөө схем гаргаж байгаад, хэвлэл мэдээлэл- цахимаар нийгэмд гэмт хэрэгтэн болгож хүлээн зөвшөөрүүлж, яллуулаад дараа нь цагдаа, прокурор дээрээ яллах дүгнэлтээ үйлдэж, шүүх шийтгэх тогтоолоо гаргуулж, зохион байгуулалттай захиалгат хонгилоо төгс үйлддэг болсон.

Өнөөдөр манай нийгэмд төр барьж буй улс төрийн улаан, хөх өнгөнд хамааралгүй л бол энэ МАНАН-МАФ-ийн бүлэглэлд үнэ цэнэтэй бүх зүйлээ (бүх бизнесээ) дээрэмдүүлж, дээр нь нэмээд олон жилийн хорих ялтай шоронд орно.

-Таныг нөлөө бүхий аль нэг намын гишүүн биш болохоор албаар буланд шахаад байдаг юм уу. Та өөрөө нам байгуулж байхаар аль нэг намын гишүүн байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан болов уу?

-Бид, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хэсэг нөхдийн хамт 1998 онд “Эх орон” (МАШСН) намыг байгуулсан юм. Манай намын уриа “Өөртөө итгэж, өөрсдөө хийцгээе” буюу монгол хүн импортоор авдаг бүхнээ өөрсдөө үйлдвэрлэхийг зорьсон хэрэг. Миний бие уг намыг байгуулалцсанаасаа хойш, ээлжилж төрийн эрх барьдаг хоёр том намын хавчилт шахалтыг 24 жилийн турш амсаад явж байна. Намын маань гишүүд ч гэсэн миний адил янз бүрийн шахалт дарамт амсаж маш их харамсаж явдгаа энэ дашрамд хэлэх нь зүйтэй.

-БҮК ашиглалтад орж байх үед төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд очоод нээлт сүртэй болж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр банк дампууруулах хэмжээний төсөл хэмээн чиглэгдэх болсныг гайхаж байна л даа. Алдаа завхрал хаана гарчихав?

-Манай үйлдвэр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орж нээлтийн ажиллагаанд албан ёсоор манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга, салбарын сайдаас авахуулаад УИХ, Засгийн газрын гишүүд, шат шатны удирдлагууд ирж оролцож бид бүхэнд баяр хүргэж байсан. Монгол Улсын төрөөс 2017 оны “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал -Төрийн Гэрэгэ”-ийг мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Барилгын Материалын Үйлдвэрлэлийн Шилдэг аж ахуйн нэгж”-ээр “Эрэл” ХХК-ийн БҮК-1 Үйлдвэрт тус тус олгож шагнуулсан. (хавсаргав)

Шинэ зууны шилдэг бүтээн байгуулалт, “БҮК-1” Үйлдвэр нь барилгын салбарт дахин нэг түүхийн шинэ хуудас болсон гайхалтай бүтээн байгуулалт болсон талаар хэн хүнгүй л сайшаан магтаж байсан. Энэ шинэ үйлдвэр ганцхан угсармал орон сууц барих зориулалттай бус. Бүх төрлийн барилга, байгууламж барих хүчин чадалтай. Каркасан барилга бол 45 давхар хүртэл, угсмар барилгыг 25 давхар хүртэл барих бүрэн боломжтой. Дээр нь сургууль, цэцэрлэг, соёл амралтын байгууламжууд, үйлдвэрийн барилгууд гээд барьж байгуулж болох юу л байна бүгдийг нь барих боломжтой.

Манай хуучин оросын технологитой Байшин үйлдвэрлэх комбинат үйлдвэр 1960-аад онд 120 мянгат, 220 мянгат, Сансар, төмөр замын таван давхар саарал байруудыг барьсан, 1980-аад онд технологио шинэчлээд гурав, дөрөвдүгээр хороолол, 13, 14, 15 дугаар хороолол гээд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг тэр чигээр нь барьсан үйлдвэр. Энэ үйлдвэр бол ганцхан орон сууц барьдаг биш, хот тосгоноор нь барих зориулалттай, өндөр хүчин чадалтай, тийм ч учраас олон сургууль, цэцэрлэг, улсын томоохон эмнэлгүүдийг барьсан юм шүү дээ. Хамгийн сүүлд Сүхбаатарын талбайн зүүн талын Соёлын төв өргөөг барьж дуусгаад зогссон. Түүнээс хойш үйлдвэр тоногдож, зогссон байхад нь бид 1994 онд Байшин үйлдвэрлэх комбинатыг дуудлага худалдаагаар (тэр үеийн) 570 сая төгрөгөөр худалдаж авч байсан.

-Монгол Улсын Засгийн газраас авч болох шагналыг бүгдийг авч, сайшаан магтуулж байгаад яагаад банк дампууруулсан нэр зүүх болов?

-Ийм давуу талуудтай мөртлөө хамгийн багадаа хоёр дахин хямдаар ард түмэнд очих байр орон сууцыг дөрвөн жилээр хойшлуулсаар байгаа гол учир шалтгаан бол эрх мэдэлтнүүдийн эзэмшлийн компаниудийн өндөр үнэтэй зарагдаж байгаа байрууд зарагдахгүй том эрсдэлд орчих учраас л манай энэ үйлдвэрийг зогсоогоод байгаа гэж харагдаж байна.

-Тэгвэл та Хөгжлийн банкнаас авсан Чингис бондын мөнгөөр яг юу хийсэн юм бэ?

-Тэр мөнгөөр үйлдвэртээ технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, XXI зууны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэрийг барьж 2017 онд ашиглалтад оруулсан. Манай компанид төртэй хамтарч ажиллах урилга ирэхээс өмнө жилд 200-500 айлын орон сууц бариад ашиглалтад оруулчихдаг байлаа. 2013 оны хоёрдугаар сард УИХ-ын 23 дугаар тогтоол, Улаанбаатар хотын 2020-2030 оны хот төлөвлөлтийн бодлого гарч үүний дагуу 2013 оны дөрөвдүгээр сард манайд НЗДТГ, Хотын захиргаанаас урилга ирсэн. Цаашид 184 мянган айлыг барилгажуулна. Улаанбаатар хотын зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийг дүүрэг тус бүрээр нь хэрхэн яаж барилгажуулах талаар Ерөнхий төлөвлөгөө нь гарчихсан байсан. Бүр манай үйлдвэрт тусгайлан зориулаад хийчихсэн юм шиг альбом сэтгүүл хүртэл өгсөн. Тэр сэтгүүл, урилга нь одоо ч бий. (хавсаргав)

УИХ-аас 2012 оны аравдугаар сард 52 дугаар тогтоол гарч таван тэрбум долларын Чингис бонд босгохоор боллоо. Эхний 1.5 тэрбум долларын мөнгө нь ороод ирчихсэн. Одоо ямар төсөлд олгох талаараа Засгийн газар судалгаа хийж байна. Та бүхэн уг бондоос зээл авч үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, техникээ шинэчлээд УИХ, Засгийн газартайгаа хамтарч ажиллаач гэсэн. Танай хамт олон өнгөрсөн зууны УБ хотыг өвөл зунгүй улирал харгалзахгүй барьсан сайхан баялаг түүхтэй үйлдвэр шүү дээ. Хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмж, технологио шинэчилж дахин шинэ зууны хороолол, тосгоныг бариач гэсэн.

Энэ үед Бондын мөнгөний зарим нь ороод ирсэн, Хөгжлийн банк байгуулагдсан, Монгол Улс жинхэнэ хөгжлийн гараанд ирсэн мэт үнэхээр сэтгэл хөдөлж их бүтээн байгуулалтын нүргээн нүдэнд харагдаж шууд л зөвшөөрсөн дөө.

-Та олон жил бизнес эрхэлсэн хүн. Гэхдээ төрийн байгууллагаас хамтарч ажиллах санал ирэх төдийд зээл аваад үйлдвэрээ шинэчилчихсэн хэрэг үү?

-Засгийн газрын 180 дугаар тогтоол 2013 оны тавдугаар сарын 18-нд гарсны дараа Барилга хот байгуулалтын сайд 2013 оны зургадугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банкинд заxиалга, худалдан авалтын баталгаа гаргаж өгсөн байдаг. Тэрхүү баталгаан дээр Байшин үйлдвэрлэх комбинат бол агаар, хөрсний бохирдлыг бууруулж Улаанбаатар хотын 184.000 өрхийг барилгажуулах онцгой чухал түүхэн үүрэгтэй. Бид энэ үйлдвэрт жил бүр 150.000 м2 соёл олон нийтийн барилга, байгууламж буюу сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, нийтийн орон сууц, 5000 айлын амины орон сууцыг жил бүр захиалж тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэж Хөгжлийн банкинд хүргүүлсэн (эх хувийг хавсаргав).

Хөгжлийн банк худалдан авах багцаа үүний дараа 2013 оны наймдугаар сард Хөгжлийн банкны зээлийн хорооны хурлаар орж 2013 оны наймдугаар сарын 16 ны өдөр 14.0 сая ам.долларын зээлийг 8.8 хувийн хүүтэйгээр, “Эрэл” ХХК-д (БҮК-1 төсөлд) олгосон.

Миний хэлж, ярьж байгаа бүхэн УИХ, Засгийн газар гээд төрийн бүх шатны байгууллагаас гарсан тогтоол шийдвэрээр баталгаажсан, баримт нотолгоотой зүйл гэдгийг дахин хэлье. Жишээ нь, Бондын зөвлөлөөр орсон төсөл манайхаас өөр байхгүй болов уу. Үүнийг шалгаж үзэх л хэрэгтэй.

-Засгийн газраас хүсэлт тавьсны дагуу Байшин үйлдвэрлэх комбинатдаа технологийн шинэчлэл хийхийн тулд Хөгжлийн банкнаас яг хэдэн төгрөгийн зээл, хэзээ авсан юм бол. Валютын зээлтэй юм уу төгрөгийн зээлтэй юм уу?

-Одоо доллар болон еврогийн зээлтэй. Манайд Чингис бондоос 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр 14 сая ам.долларын зээл 8.8 хувь хүүтэй олгосон. Тухайн үеийн ханшаараа дээрх дүн 20 тэрбум төгрөг байсан. Уг нь Хөгжлийн банк Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн бол ханшийн зөрүүнд орох ёсгүй байсан.

ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжөөр, бондоос санхүүжих төсөлд 1/3-ийг олгож үлдсэн 2/3-ыг төсөл хэрэгжүүлэгч ОУ-аас босгохоор шийдвэрлэсэн. Тиймээс бид 2014 онд Герман улсын Комерц банкнаас 13.1 сая евро, 2015 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 9.0 сая ам.долларын зээлийн шугам нээлгэж, Хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан, өөрөөр хэлбэл 2014, 2015 оны хоёр зээл нь ҮАБЗ-ийн 28/20 тоот зөвлөмжийн дагуу “Эрэл” ХХК нь ОУ-ын банкуудаас хөрөнгө оруулалт олж, өөрсдөө босгож олсон эх үүсвэр юм.

-Тэгэхээр та компанидаа шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа 2/3-ыг гадаадаас өөрсдөө босгосон байх нь ээ. Тухайн үеийн ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу гэсэн үг үү?

-Тэгсэн, би сая дээр хэлсэн шүү дээ.

-Үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш ямар ямар бүтээн байгуулалт хийв. Үйлдвэртээ ажиллах хүний нөөцөө бэлдсэн байсан уу?

-Үйлдвэр ашиглалтад орж байхад дөрвөн ээлжээр ажиллах 500 хүнийг бэлдсэн байсан. Герман мэргэжилтнүүд 2013-2017 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд дээрх тооны хүмүүсийг бэлдсэн. Монгол ажилчид 100 хувь үйлдвэрээ аваад явах хэмжээнд хүний нөөцийг бэлдсэн.

Манай үйлдвэр өвөл зунгүй улирал харгалзахгүй ажиллаж, жилд 150 мянган метр кв ашигтай талбайг 24 цагийн турш (дөрвөн ээлжээр) үйлдвэрлэх томоохон хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Бид Хөгжлийн банкнаас авсан зээлээ яг зориулалтынх дагуу ашиглаад, үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулсан. Анхнаасаа бидэнд захиалга өгөх худалдан авалтын баталгаа гаргаж өгөөгүй бол бид юу гэж бүхэл бүтэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд шиг хот тосгон барих хэмжээний ийм том үйлдвэрийн зээл авах билээ дээ. Манай үйлдвэрийн онцлог нь ганц нэг хувь хүн, хувь компани захиалга авч, ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломж байхгүй гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд л амжилттай явах ажил. Анхнаасаа “Хөгжлийн төлөө түншлэл” гэсэн урилга өгч, нийгмийнхээ өмнө хариуцлагатай хөрөнгө оруулалт хийж төртэйгөө хамтарч ажиллаач гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл үйлдвэр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар удаа дараа биеэр ирж танилцсан, тэдэнд болон 76 гишүүд, Улаанбаатар хотын Засаг дарга, ИТХ-ын 45 төлөөлөгчид жил бүр олон удаа бүх шийдвэр тогтоол, танилцуулгаа өгдөг байсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг төр засаг бүгд л дэмжсэн, яг хэрэгжилт дээрээ байхгүй улс төрийн шийдвэр болчихдог юм.

Гэтэл агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах-утаагүй зуух, утаагүй яндан, утаагүй түлш нэрээр ямар их хэмжээний мөнгө салхинд хийсгэж байна вэ. Энэ бол эцсийн бүрэн шийдэл биш төгс шийдэл нь барилгажуулалт. Утаа гаргаад байгаа яндан, хөрс бохирдуулж байгаа жорлон хоёрыг байхгүй болгоод яг тэр газар дээр нь барилгажуулаад айл өрхийг байранд нь тав тухтай амьдруулах явдал юм.

-Шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаас хойш хүмүүсийн нүдэнд үзэгдэх, гарт баригдах ямар бүтээн байгуулалт хийв?

-Цайз зах дээр Европын Хөрөнгө Оруулалтын банкны төслөөр хэрэгжиж байгаа эхний ээлжийн 20 айлын таун хаусыг, 1м2-ын борлуулалтын үнэ 1.6 сая төгрөгөөр 2021 онд барьж ашиглалтад орууллаа. Цаашлаад нэг хоногийн ажил ч гэж гололгүй, Улаанбаатар хоттой нийлээд НОСК, Германы хамтын ажиллагааны JIZ-тэй хамтран Тахилтын аманд 2020 онд жижиг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. 2019 онд Гандангийн хашаан дотор Шашны их сургуулийн багш нарын зоорийн давхартай, дөрвөн давхар, нийтийн байрыг 1м2-ын борлуулалтын үнэ 1.2 сая төгрөгөөр ашиглалтад орууллаа.

-Танай БҮК-ыг зориулалтын дагуу бүрэн хүчин чадлаар нь ашиглах бол Хөгжлийн банкны зээлээ ямар хугацаанд төлөхөөр төлөвлөсөн байсан бэ?

-Манай компани, Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоол, 2019 оны 202 дугаар тогтоол хэрэгжсэн бол 2018 оноос эхлээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгуудаа бариад явах байсан. 2019 оноос жил бүр 2500 айлын орон сууц барихаар тусгасан байсан. Улсын төсвөөс үүнд 1.4 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байсан. (хавсаргав)

ТЭЗҮ-ээр 3.7-4.5 жилийн дотор бүх зээлээ төлж дуусгах ёстой байсан. Өнөөдөр манай үйлдвэрийн 500 ажилтан дөрвөн жил ажилгүй сууж байна. Төслөө хэрэгжүүлж, БҮК-1 үйлдвэрээ ажиллуулахын тулд сахиагүй даргын үүд ч алга.

-Танай компанийг ямар ч барьцаа хөрөнгө байршуулахгүй, ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан гэсэн хардлага байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Анх бид Хөгжлийн банкнаас 2013 онд 14 сая ам.долларын зээлийг авахдаа БҮК-ын хуучин үйлдвэр дээрээ нэмээд, зээлээр Германаас худалдан авч буй тоног төхөөрөмжөө оруулаад барьцаа хөрөнгө байршуулсан.

-Та зээл авахын тулд хэн нэгэнд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлээгүй гэдэгтэй итгэлтэй байна уу. Таныг бусдад нөлөөлж зээл авсан гэх хардлага одоо ч нийгэмд байна шүү дээ?

-Хөгжлийн банкинд хамгийн анх 2016 онд шалгалт оруулсан байдаг. Уг шалгалтын дараа манайхыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгуулахаар нэр бүхий хүмүүс хүсэлт өгсөн. Үүний дагуу 2016-2018 он хүртэл хоёр жилийн турш шалгуулаад 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 346 дугаар тоот Прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд “Энэ төсөл дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил алга, ямар нэгэн сайд дарга, банкны удирдлагуудын нөлөөллөөр зээл авсан зүйл алга” УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр, хуулийн дагуу байна гэсэн шийдвэр гарсан. Би хэнд ч авлига өгч байгаагүй ээ.

-Тэгвэл зээл авсан, зээл олгосон хэн хэнийх нь цаашдын гарц гаргалгаа юу байна вэ?

-Нээлттэй сонсголын үеэр авсан мэдээллээр Хөгжлийн банк энэ ондоо багтаж нэг их наяд төгрөгийн зээлээ төлөхгүй бол дампуурлаа зарлах хэмжээнд хүрчихсэн байгаа юм байна. Сангийн сайдын хэлж байгаагаар 2023 оны арванхоёрдугаар сардаа багтаагаад Самурай бондын мөнгийг төлж чадахгүй бол дефолт болно гэж байна. Тэгвэл үүнээс гарах ямар гарц төлөвлөгөө байгааг УИХ-ын гишүүд асуугаад байна. Нөхцөл байдал нэгэнт ийм хүнд байгаа үед бид бүгдээрээ ний нуугүй ярилцах ёстой. Тухайлбал, Хөгжлийн банкны зээлдэгчид яавал зээлээ боломжоороо төлөх бололцоо байна. Ямар гарц болоомж байгаа талаараа нээлттэй ярилцаж, Засгийн газрын шийдвэрээр зориулалтын дагуу зээл олгогдож, үйлдвэр нь баригдчихсан байгаа төслүүдийг яах ёстойгоо ярих хэрэгтэй. Манайх 2018 онд нөхцөл байдал хүндрээд ирмэгц Олон улсын Дубайн сан, Лондонгийн олон улсын сангуудад хандаж гэр хорооллыг дахин төлөвлөх төслөө танилцуулж хөрөнгө босголтын сангуудтай холбогдож, олоод 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Хөгжлийн банкинд танилцуулсан. Гэтэл ОУВС аас зөвшөөрөхгүй тул Хөгжлийн банк гадаадын эх үүсвэрээс зээл авах боломжгүй гэж хэлсэн. Дараа нь бид гадны стратегийн хөрөнгө оруулагч хайж хэд хэдэн газарт танилцуулсан. Санал солилцоход бэлэн болсон байгаа. Энэ талаараа УИХ-ын нээлттэй сонсгох үйл ажиллагаанд тодорхой танилцуулсан. УИХ-ын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт болон Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, дэд заxирал Ж.Эрхэмбаатар нарт “Эрэл” ХХК-ийн албан тоотоор саналаа хүргүүлсэн. Мэдээж хамгийн сүүлчийн муу хувилбар бол шүүх. Шүүхгүйгээр шийдэх харилцан ашигтай маш олон гарц, гаргалгаа байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид яаралтай, хоёр талаасаа ширээний ард сууцгааж зөв шийдвэр гаргах ёстой гэж ойлгож байна.

Монгол хүн “Амны билгээс Ашдын билэг” гэдэг Энэ стратегийн ач холбогдолтой том үйлдвэр маань удахгүй ард түмэндээ ашиг тусаа өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна! Зөв хөгжилд хурдан орохын төлөө хүн бүр хичээн ажиллацгаая. Монголынхоо бүх ард түмэнд эрүүл энх, гэр бүлийн аз жаргалыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *