Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны гуравдугаар сард багтаан УИХ-д өргөн барих ёстой. Энэ хүрээнд сэтгүүлчдэд илтгэл танилцуулах уулзалтыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд тус илтгэлийн I бүлэг болох “Халдашгүй чөлөөтэй байх эрх” бүлэгт тусгагдсан Сэжигтнийг баривчлах ажиллагаа, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Бүх насаар хорих ял, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ сэдвийг танилцууллаа.
Энэ талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Манай улсад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорьдог, хэрэгт авагдсан баримтыг ямар нэгэн байдлаар задалж, сэжигтнийг нийгмээр зүхүүлж ялладаг жишиг тогтсон мэт дүр зураг ажиглагдах боллоо. Эндээс цагдан хорих ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах, хангах чиг үүрэгтэй ХЭҮК үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт байдаг. Түүнчлэн хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Мөн хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч баривчилж, цагдан хорьж болохгүй. Сүүлийн үед цагдан хоригдсон, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд ойлгогдох мэдээлэл олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар цацсан байж болзошгүй олон тохиолдол гарч байна. Энэ бодитой бол хүний эрхийн зөрчил юм. Түүнээс хүнийг цагдан хорьсон талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэлд мэдээ хэлбэрээр гаргах нь хэвлэлийн эрх чөлөөний асуудал байх.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нь шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хангах, хамгаалах зорилгоорхүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хорих, баривчлах тохиолдол байдаг. Хамгийн гол нь, хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ бүх процесс явагдах ёстой. Цагдан хорихоос өөр арга хэмжээ хэрэглэх боломжгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгож хэрэглэх, цагдан хорих нийтлэг журам байх албагүй гэсэн олон улсын эрх зүйн зарчим байдаг. Манай улсын хувьд цагдан хорих нийтлэг журмыг хуульчилсан.
-Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээны тоон үзүүлэлт өсөж байна уу, эсвэл?
-2016 оноос хойш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тоон үзүүлэлт буурч байна. Бидний хийсэн судалгаагаар нийт гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүний 12 орчим хувийг цагдан хорьж байна гэдэг судалгаа гарсан. Хүний амь насыг хохироосон, их хэмжээний хохиролтой, олон үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэг, мансууруулах бодистой холбоотой зэрэг нийгмийн хор хохирол ихтэй хэргүүдэд цагдан хорих явдал түгээмэл байна.
-Сэжигтэнг цагдан хорих үндэслэлийг хуульд яаж заасан байдаг юм бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой үндэслэл бүрдсэн бол бүх гэмт хэрэгт цагдан хориж болохоор хуульчилсан.Энэ арга хэмжээг хэрэглэхдээ мөрдөх байгууллага саналаа прокурорт танилцуулж, прокурор хянаад шүүхэд хүргүүлж шийдвэрлэдэг.
Хүний эрхийн Үндэсний Комисс цагдан хорих зарим үндэслэл хэт өргөн байна гэж дүгнэж байгаа. Тухайлбал, хойшлуулшгүй тохиолдол гэдэг үндэслэл.
Дээр дурдсанчлан бүх төрлийн гэмт хэрэгт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтойгоор хуульчилсныг нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай. Ялангуяа Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр заасан тодорхой хэргүүдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж болохгүй.
-Хохирогч, гэрч шууд нэрлэн заасан гэх үндэслэлээр цагдан хорих зохиуцулалд хуульд байдаг. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Гэмт хэрэг үйлдсэн хүн оргон зайлахыг завдсан, гэрч, хохирогч заасан гэх үндэслэлээр цагдан хорьж байгаа нь олон улсын гэрээ конвенцод шууд утгаараа нийцэхгүй мөн л өргөн хүрээтэй зохицуулалт юм. Гадаадын зарим туршлагаасүзэхэд, оргон зайлахыг завдсан гэх үндэслэл байдаг хэдий ч ямар баримтаар тогтоогдсон байх талаар хуульчилсан байдаг. Энэ үндэслэлийг практик дээр харилцан адилгүй ойлгож хэрэглэж байгаа нь хүнийг эрхийг хязгаарлах, хорьсон асуудал бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Энэ үндэслэлийг хэрэглэхэд хүндрэлтэй байдаг талаар судалгаанд оролцсон шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын70 орчим хувь хүлээн зөвшөөрсөн үр дүн гарсан. Гэтэл хууль нэг мөр ойлгогдож байх шаардлагатай шүү дээ.
-Сэжигтнийг баривчлах ажлыг баасан гарагт олноор гүйцэтгэж байна гэдэг шүүмжлэл нийгэмд үүсээд удаж байна. Энэ тухайд?
-Сэжигтнийг баривчлах ажлыг баасан гарагт түлхүү хэрэглэж байна, “хар баасан гараг” гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа нь үнэн.
Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн судалгаа болон ХЭҮК-оос 864 кэйст хийсэн судалгаанаас үзвэл, баасан гарагт сэжигтийг баривчлах тохиолдол хамгийн бага хувьтай байна. Өөрөөр хэлбэл, Комиссоос хийсэн дээрх судалгаагаар сэжигтнийг баасан гарагт баривчилдаг гэх ойлголт сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр тогтоогдохгүй байна гэсэн үг.
Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан кэйсүүдийн хугацааг судлаж үзэхэд, лхагва гарагт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Мөн даваа, мягмар гарагт баривчлах ажил ихэвчлэн явуулдаг болох нь судалгаагаар гарсан. Түүнчлэн бямба гарагт баривчлах нь түгээмэл байна. Ерөнхийдөө олны анхаарал татсан зарим хэрэгт сэжигтнээр татагдсан этгээдийг баасан гарагт баривчилснаас болж олон нийтийн дунд ийм ойлголт үүссэн байж болох юм.
Мөрдөх байгууллагын зүгээс эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг алдахгүйн тулд эсхүл, хуульд заасан 48 цаг дуусах хугацааг ажлын өдөр байхаар тооцоолж саналаа прокурорт хүргүүлдэг гэх тайлбар хэлж байгаа юм. Нөгөө талаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх боломжтой бол ажлын сүүлийн өдөр баривчлах, цагдан хорих арга хэмжээг нэн яаралтай шийдвэрлэх асуудалд болгоомжтой хандаж байна. Энэ нь нийгмийн шүүмжлэл их, уг ажиллагааг шүүхээр хэрхэн хэлэлцэх процесс тодорхой биш байгаатай ч холбоотой юм.
Цаашид шүүх дээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх үйл явцыг маш тодорхой болгох шаардлага тулгарч байна. Энэ нь өмгөөлөгч тал болон прокурорууд шүүхийн өмнө мэтгэлцдэг тогтолцоог бий болгох хэрэгтэйг харуулж байгаа юм.
Мэтгэлцээнд үндэслэж шүүх шийдвэрээ гаргадаг зарчимд шилжихгүй бол шүүхийн хэлэлцүүлгийн үйл явц нарийн зохицуултгүйгээс болж, шүүгч маш их шүүмжлэлд өртөж байна. Зураг, хувийн мэдээлэлтэйгээ цахим орчинд тараагдаж байна. Энэ шүүгчийн хараат бус, бие даасан байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс хуульд таслан сэргийлэх арга хэмжээ авах нарийвчилсан зохицуулалтыг тусгах шаардлагатай. Энэ саналыг Улсын хуралд хүргүүлэхээр илтгэлд тусгасан.
-Сэжигтнийг 30 хоног цагдан хориод дахиад сунгадаг. Ингэсээр 58, 59 дэх хоногт нь мэдүүлэг авдаг кэйс олон байдаг гэсэн. Энэ тухайд?
-Хүний эрхийн Үндэсний Комисст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдол тогтмол ирдэг. Сүүлийн үед нэмэгдэх хандлага байна. Хууль бусаар цагдан хоригдсон, хугацаа хэтэрч цагдан хоригдлоо гэх агуулгатай гомдол мэдээлэл түгээмэл ирж байна. Таны хэлсэн асуудлын хувьд өмгөөлөгч нараас ийм гомдол ихэвчлэн ирдэг.
Хуулиараа бол сэжигтнийг баривчилснаас хойш зургаан цагийн дотор мэдүүлэг авна гэж хуульчилсан байдаг. Энэ процесс хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа болов уу.
Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 58, 59 дэх хоногт нь мэдүүлэг авч байна гэх асуудалд хэргийн нөхцөл байдлыг бүрэн судалж мэдээгүй учраас тодорхой хариулт өгөх төвөгтэй. Ийм кэйс гарч байхыг үгүйсгэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг дан ганц мэдүүлгээр, ялангуяа хэрэгт холбогдсон хүний мэдүүлэгт тулгуурлаж явагддаггүй.
Магадгүй мөрдөн шалгах ажиллагааг өөр арга хэлбэрээр тодруулбал, бусад гэрчээс мэдүүлэг авах, нотлох баримтыг нягтлан шалгах, баримтжуулах зэрэг ажиллагааг явуулж байж болно. Энэ ажиллагааг явуулж байхдаа яллагдагчийг цагдан хорьж байхыг үгүйсгэх арга байхгүй.
Үндсэн хууль, олон улсын гэрээгээр сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мэдүүлэг өгсөн тохиолдолд бусад баримтаар нотлогдож байх ёстой. Үүнтэй холбоотойгоор цагдан хорьсны дараа байн байн мэдүүлэг авдаггүй байх боломжтой. Харин цагдан хорьсон хугацаанд нотлох баримт цуглуулах ажиллагаагаа хийгээгүй, зөвхөн өөрөөр нь хэрэг хүлээлгэх, өгсөн мэдүүлэгт нь тулгуурлаж бусад нотлох баримт цуглуулах үүднээс удаан хугацаагаар хорьж байгаа бол хүний эрхийн зөрчил юм.