“Худалдаачин үндэстэн” форумыг санаачлагч, олон улсын худалдааны зөвлөх Б.Дашравдантай ярилцлаа
– “Худалдаачин үндэстэн-2023” форум “Монгол-Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагааг хэлэлцэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.Форумыг хэрхэн санаачилах болов?
– Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлтийг ойрын таван жилийн дотор 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанч, албан ёсны, үнэн бодит мэдээлэл дутмаг байгааг засах; Монгол, Хятадын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаа ч түүнийг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа гүйцэж чадахгүй байгаад шинжээчдийн анхаарлыг хандуулах шаардлага үүссэн; Хоёр улсын тус тусын бизнесийн соёлын онцлогийг бизнес эрхлэгчдэд танилцуулах; Монголын талаас өмнөд хөрш рүү түүхий эдийн экспорт, Хятадаас Монгол руу өргөн хэрэглээний барааны хилийн худалдааны импорт хийх явцад үүсдэг хүндрэлийг гэтлэх, хоёр улсын уламжлалт гадаад худалдааны бүтэц, зээл, буцалтгүй тусламж хэлбэртэй хөрөнгө оруулалтаас итгэлцэл, түншлэлд тулгуурласан инноваци, шинжлэх ухаан технологи, ноу-хау, тогтвортой хөгжил, мэдлэг шингэсэн эдийн засаг, худалдааны харилцааг төлөвшүүлэхэд Монгол Улсын төр, хувийн хэвшил, судлаачдын зүгээс бодит санал санаачилга гаргах цаг үеийн шаардлага; Монгол – Хятадын бизнес эрхлэгчдийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хүндэтгэл, ёс зүй дээр суурилсан бизнесийн түншлэлийг хөгжүүлэхгүйгээр манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа нийлбэр нь тэг байдаг зогсонги байдал руу орж буйг хоёр талд сэрэмжлүүлэх цаг үе нь өнөөдөр гэдгийг судлаач, шинжээчид хэлэлцэн форумыг санаачилсан. Бид бизнесийн үр ашгийг шинжлэх ухаанчаар бүтээлцье гэж байгаа хэрэг л дээ. Түүнчлэн Монгол Улсын өмнөд хөршөөс хөрөнгө оруулалт татах, Хятадын зах зээл рүү экспорт хийх, импортын бизнес эрхлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд БНХАУ-ын Засгийн газрын гадаад руу хөрөнгө оруулах болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, журам, хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн орчин, үйлдвэрлэлийн кластер, татвар, мөнгөн гүйлгээний дүрэм, тээвэр ложистик, олон улсын худалдааны бодлого зэргийг танилцуулах, Монгол Улсыг сонирхож буй Хятадын пүүс компаниудад Монголын бизнесийн орчны талаар үнэн зөв мэдээлэл олгон хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд форумын үндсэн зорилго оршино. Форумаараа дамжуулан 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд 100 сая ам.доллароос багагүй мөнгөн дүнтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг төслүүдийг хэрэгжүүлэх зорилттой байна. Энэ удаагийн форум маань “Үүд нээе” гэсэн уриатай. Энэ үг нь олз ашиг олох, үүсгэх, шинжлэх ухаанчаар бизнесийг эрхэлье, ёс зүйтэй хамтын ажиллагаа зэрэг утгыг илэрхийлж байгаа юм.
– Форумд гадна, дотноос ямар хүмүүс оролцох вэ?
– Монгол Улсын Хятадтай хийх худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг дагнан судалдаг судлаачид, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын гадаад хөрөнгө оруулалт, Хятадын хил дамнасан цахим худалдааны чөлөөт бүсийн орчин, өмнөд хөршийн хүнс, хөдөө аж ахуй, эмийн бүтээгдэхүүнийн экспорт, импортын асуудлаар мэргэшсэн шинжээчид, Монгол-Хятадын найрамдал хамтын ажиллагааны чиглэлээр ажилладаг хоёр орны найрамдлын нийгэмлэг, бизнесийн зөвлөлүүдийн төлөөлөл, Монгол Улсын бизнес эрхлэгчид, Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг болон ирээдүйд явуулахаар төлөвлөж буй Хятадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, худалдааны байгууллагын төлөөлөгч нараас бүрдсэн 111 VIP оролцогчид байхаар бид төлөвлөсөн. Форумдаа Хятадаас гурван профессорыг урьсан.Нэгдүгээрт, БНХАУ-ын Ляонин их сургуулийн зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли. Энэ профессор маань Бүс ба замын гадаад хөрөнгө оруулалт, хятадын төр хувийн хэвшлийнхэн гадагшаа хөрөнгө оруулалт хийхдээ юуг анхаарах шаардлагатай талаар ярина.Хоёрдугаарт, БНХАУ-ын Гуандунь муж, Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргa Жан Дафень. Хятадад хил дамнасан цахим худалдааны 165 бүс байдаг.Хамгийн анх цахим худалдааны бүс Ханжоу хотод 2015 онд байгуулагдсан.Манай улстай хамгийн ойр таван цахим худалдааны бүс байна.Хөххот, Бугат хот, Манжуур, Шилийн хот, Улаан хот.Яг Вандуй мужид 32 цахим худалдааны бүс байна.Профессор маань Хятадын онлайн худалдааны платформууд дээр гадаадын бараа бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах, гаргадаг гол цэгүүдийн талаар ярих юм.Гуравдугаарт, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, био анагаах ухааны төвийн захирал, БНХАУ-ын Бээжингийн Нисэх, Сансар судлалын Их сургуулийн фармоголгийн доrтор, АНУ-ын Лос Анжелес хотод Калифорнийн их сургуульд эм зүйн шинжлэх ухааны чиглэлээр докторын дараах судалгааны ажлаа хамгаалсан Жоу Жун гэх залуу ирнэ.Тэрээр хүнс, гоо сайхан, эм, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадаас наашаа хэрхэн импортлох зэрэг экспорт, импортын асуудлыг ярих юм.Миний хувьд Хятадын аж үйлдвэрийн кластер, тэндээс үйлдвэрлэгч сонгох гэж байгаа бол юу анхаарах шаардлагатайг ярина.Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэл Хятадад хувийн өмч патентийг хэрхэн бүрдүүлэх, франзайс яаж бүртгүүлэх, брэнд яаж үүсгэх зэргийг ярих болно.Үүнээс гадна нэлээд хэдэн зочин илтгэгчид бий.Тэр хүмүүс маань Монгол, Хятадын харилцан худалдаа хөрөнгө оруулалт орчимд тулгарч байгаа саад бэрхшээл тээвэр ложистик зэргийг хөндөж ярилцах юм.
– Ер нь Монголын бизнесменүүд Хятадтай бизнес хийх аргаа хэр мэддэг вэ?
– Энэ арга хэмжээний философи нь хятадтай бизнес хийх гэхээр бизнесийг шинжлэх ухаанчаар хий гэдэг гол философитой. Том ч бай жижиг ч бай пүүс компаниуд Хятад руу явж бизнес хийхдээ огт Хятадын талаар мэдээлэл байдаггүй.Жишээлбэл, Хятадаас худалдан авалт хийхэд хамгийн багадаа 86 төрлийн хөнгөлөлт эдэлдэг.НӨАТ-ын буцаалт 13 хувь хүртэл байдаг.Үүнийг ихэнх нь мэддэггүй.Мэдсэн ч 13 хувиа бүтнээр нь авч чаддаггүй.Хятадын инноваци шингэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авбал бас буцаалт 15 хувь хүртэл авдаг.Ядууралтай тэмцэж байгаа бүс нутгаас худалдан авалт хийвэл мөн буцаалт авдаг.Хятад руу бараа бүтээгдэхүүн гаргая гэхээр онлайн шопууд дээр нь ноолууран бүтээгдэхүүн, архи хүнс гоо сайхны бүтээгдэхүүн зөвхөн табао, жиндун дээр яаж бараа гаргах уу гэж асуудаг. Гэтэл хил дамнасан цахим худалдааны 165 чөлөөт бүс байна. Бүс бүр өөрийн гэсэн дүрэм журамжтай.Дүрэм журмыг нь ойлгочихвол ерөнхийд нь гаргачихна.Дараа нь аль платформ руу оруулах нь нээх чухал биш.Хятад жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Хятад руу оруулахыг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргадаг.Энэ жил 1182 жагсаал гаргасан.Тэрийг судлах ёстой болдог л доо. Тэгэхээр энэ форумаар 2024 онд хятадтай яаж харилцах вэ гэдэг ерөнхий хууль дүрмийн талаар мэдээлэл авна. Нэг талаараа сургалт ч гэж хэлж болмоор юм байна.
– Монголчууд Хятадын зах зээлд нэвтрэх боломж хэр байдаг вэ?
– Хятад руу экспорт хийхдээ бид нөөцөө сайн тодорхойлох ёстой. Монгол Улс хүний нөөц, эд хөрөнгө, түүхий эдийн хомсдолтой. Хүртээмжтэй түүхий эд гэвэл нүүрс л байна.Хятадын дунджаас дээш түвшний хэрэглэгчдэд зориулсан бизнес хийгээч ээ.Өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийгээч ээ.Тэгвэл тэр бүхнийг ийм ийм замаар оруулах боломжтой гэдгийг форумаар хэлнэ.Гааль, татвар ямар байдаг талаар ч мэдээлэл өгнө.Үндсэндээ форумын үндсэн ба зочин илтгэгчид 20-60 минутын хугацаанд илтгэл танилцуулна. Илтгэлийн явцад оролцогчдын сонирхсон асуултыг цахимаар аван илтгэгч; илтгэлийн дараа 20 минутын хугацаанд хариулт өгнө. Мэдээж хэрэг нэг өдрийн уулзалтаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжгүй учраас форумын оролцогчдын нэмэлт болон дэлгэрэнгүй асуултанд зохион байгуулагчид, шинжээчид хамтран гурван сарын турш 7 хоног бүр цахим шуудан илгээх байдлаар хариулт өгөх ба байнгын эргэх холбоог үүсгэх юм. Форумын оролцогчдын эрэлт хэрэгцээн дээр суурилан 2024 оны гуравдугаар сард Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн В2В уулзалтыг зохион байгуулна.Энэхүү уулалтанд Худалдаачин Үндэстэн форумын оролцогчид тусгай нөхцлөөр оролцоно гэсэн үг.Манай компаниуд хил дамнасан худалдааны талаар үндсэндээ ойлголтгүй.Дандаа л дундын зуучуудаар яваад байдаг.
– Хятадын компаниуд Монголын компаниудыг хэр сонирхдог юм бол?
– Монголыг сонирхох явдал ковидоос хойш нэмэгдэж байна.Гэхдээ мэдээж бид өөрсдийгөө моодны байлгах ёстой.Өнөөдөр Монголд худалдааны чиглэлээр тогтмол мэдээлэл өгдөг судлаач алга.Бичдэг сэтгүүлч ч алга.Угтаа судалгааны төвүүд рүү мэдээлэл явуулаад байвал монголыг сонирхох нь түгээмэл болно.Манай компаниудын ихэнх нь урдаас хөрөнгө оруулалт авах сонирхолтой.Зарим бизнес эрхлэгчид бизнес хийх гэж байгаа улсынхаа хууль дүрмийг мэдэхгүйгээр аялалын визээр оччихдог.Аялалын визээр очоод хувийн хэрэглээний дансаараа бизнесийн орлого олоод байдаг.Ингэхээр хятад дансанд байдаг мөнгө нь блоклогдчихно.Түүнчлэн өөрсдийн барааны тэмдэгтээ бүртгүүлэхгүйгээр онлайн шопод тавихаар хятадууд урьдчилаад оюуны өмчид бүртгүүлээд блоклох нөхцөл үүсээд байна.Юу гэж хэлэх гээд байна гэхээр эхлээд хууль дүрэм журмыг нь судлаад мэдчихээд албан ёсоор бизнес хий.Хятад бол хаалттай зах зээл биш шүү л гэж хэлье.
Б.НОМИН