Categories
мэдээ цаг-үе

Б.Дашням: Эх орноо төлөөлөн олон орны тогооч нартай өрсөлдөх болсондоо баяртай байна

Энэ сарын 21-27-нд Францад олон улсын Абилимпиксийн ес дэх удаагийн наадам болох гэж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой тэмцээн юм байна. Энэхүү тэмцээний нарийн боовны төрөлд тогооч Б.Дашням оролцохоор болжээ. ТэрээрШангриллазочид буудалд нарийн боовны тогоочоор ажилладаг юм байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

Юуны өмнө олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Монгол Улсаас анх удаа би оролцож байгаа учраас надад их хариуцлага ноогдож байгаа. Улсынхаа нэрийг гаргахын тулд өөрөөсөө дайчилж болох бүхий л хүчээ шавхана даа. Надаас гадна арваад хүн оёдол, гар урлал зэрэг хэд хэдэн төрлөөр оролцох юм билээ.

Бэлтгэлээ хэр хангаж байна?

-Олон улсын тэмцээнд оролцохын тулд хувь хүний зүгээс дайчлах бүхий л чадлаа дайчлан бэлтгэлээ хангаж байна. Олон улсын дүрмийн дагуу бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байгаа. Надаас шалтгаалах хамгийн том зүйл бол бэлтгэл гэж би боддог. Бэлтгэлээ сайн хангаад очоод тэргүүн байр эзлэхийн төлөө чармайж, хичээж оролцох болно. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа учраас олон орны тогооч, нарийн боовчдоос суралцаж, туршлага хуримтлуулаад ирнэ ээ.

Энэхүү тэмцээнд оролцохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Ямар шалгуураар тэмцээнд оролцох эрх авсан бэ?

-Миний оролцож байгаа тэмцээний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд л оролцох ёстой байдаг. Юун түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй байх ёстой. Тухайн зохион байгуулж буй байгууллагаас өмнөх жилийн оролцогчдод тавигдах шаардлагыг нийтэлсэн байдаг. Хоёрдугаарт, дээрх тавигдсан шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Мөн тэмцээнд хэрэглэгдэх багаж төхөөрөмжийг ч гэсэн зааж өгдөг. Манайд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч ажилладаг байгууллага байгаагүй. “Олон улсын абилимпийн холбоо” гэж Японд төвтэй байгууллага 1938 онд байгуулагдсан байдаг. Энэ жил Франц улсад ес дэх удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Монгод Улсад 2015 онд Т. Цэдэнбалын санаачилгаар “Монголын Абилимпийн холбоо” байгуулагдсан. Албан ёсоор 2015 оны аравдугаар сард олон улсын абилимпийн холбоонд гишүүнээр элссэн юм билээ. Гишүүн болсон цагаасаа эхлээд олон улсын байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор Францад болох олон улсын тэмцээнд оролцох эрхийг авсан байсан. Тиймээс холбооныхоо хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Таны бодлоор тэмцээнд хэрхэн оролцвол илүү үр дүнтэй гэж бодож байна. Ийм бүтээгдэхүүн хийнэ гэдэг ч юм уу?

-Тэмцээнээс өмнөх бэлтгэлийн үед өөрийн хийе гэсэн бүх нарийн боовоо хийе гэж бодож байна. Өөрийн хийж чадах бүх л хувилбарын нарийн боов хийж бэлтгэл хийж байна. Тэмцээний өдөр оролцогчид яг юу хийж өрсөлдөх талаар мэдээлэл задардаг юм билээ. Тэр заавар дээр юу хий гэсэн байна түүнийг нь оролцогчид хийж өрсөлдөх байх.

Тэмцээнд нарийн боовны хичнээн тогооч өрсөлдөх бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Нийт 41 орны тогооч оролцоно. Үүнээс нарийн боовны төрлийн 16 тогооч өрсөлдөнө. 16 тогоочийг хоёр хэсэг болгон хуваасан байгаа. Миний хувьд хоёрдугаар хэсэгт багтсан.

Мэргэжлээрээ хэр удаан ажиллаж байна вэ?

-Би Хан-Уул дүүрэг дэх Технологийн дээд сургуульд нарийн боовчин мэргэжлийг эзэмшсэн. Сургуулиа 2013 онд төгссөн. Би мэргэжлээрээ дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

Хэдэн настай вэ?

– Одоо 25 настай.

-“Шангриллазочид буудалд хэзээнээс тогоочоор ажилласан бэ?

-Би сургуулиа төгсөөд л “Шангрилла” зочид буудалд ажилд орсон. Анх “Шангрилла” зочид буудалд ажилд орох анкет бөглөсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа “Шангрилла” зочид буудлаас ажилд авсан талаар хариу ирсэн. Энэ буудлын гал тогоонд орсон даруйдаа гурван сарын хугацаанд дадлага хийж туршлага хуримтлуулсан. Ингээд үндсэн ажилтан болсон.

Энэхүү тэмцээнд орох болсонд хамт олон чинь хэр хүлээн авч байна. Таны тэмцээнд оролцох зардлыг бүрэн гаргахаар болсон гэж сонссон?

-Манай хамт олон надад маш таатай ханддаг. Ажилчдын зан харилцаа эелдэг, сайхан уур амьсгалтай. Энэ нь надад ажиллах маш таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Урам өгдөг. Өндөр зэрэглэлийн зочид буудал болохоор хүчирхэг, чадалтай хамт олонтой гэж хувьдаа боддог. Ийм чадалтай эелдэг, зан харилцаа сайтай хүмүүстэй хамт ажиллахад их сайхан байдаг шүү. Бас олон зүйлийг хамт олноосоо сурч авдаг. Зардлын тухайд гэвэл “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо” болон “Монголын Абилимпийн холбоо”-ны ерөнхийлөгчийн зүгээс намайг ийм тэмцээнд оролцох гэж байгааг “Шангрилла” зочид буудлын захиргаанд албан тоот бичиг хүргүүлж мэдэгдсэн. Их сайхан хүлээн авч манай байгууллагын зүгээс намайг их дэмжсэн. “Шангрилла” зочид буудлын удирдлагуудад маш их талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь зүйтэй юм аа гээд намайг дэмжсэнд нь маш их баярладаг.

Таны хамгийн их хийх дуртай амттан юу вэ?

-Миний хамгийн хийх дуртай амттан бол “Cheese cake”. Яагаад вэ гэвэл хийхэд хялбар хэрнээ амттай байдаг. Бас ихэнх хүмүүс “Cheese cake”-нд их дуртай байдаг. Би нарийн боов хийхээс гадна бүх төрлийн амттан хийдэг. Чихэр, шоколад, mousse бялуу, аяган бялуу гээд ер нь талхнаас бусад бүх төрлийн амттан, нарийн боовыг хийдэг.

Хүссэн хүн болгон амттан урлаад байдаггүй. Ер нь тогооч мэргэжлийн сайхан нь юу вэ?

– Би мэргэжил бүхэн сайхан гэж боддог. Миний мэргэжлийн хувьд зөв технологи хамгийн чухал. Бас үйлчлүүлэгчийн сэтгэлд амт чанар, үзэмж, сэтгэл ханамж, сэтгэлд нь нийцэх их чухал. Миний хувьд амттан хийдэг. Амттанд дургүй хүн гэж ховор болов уу. Миний хийсэн амттанг идээд тухайн үйлчлүүлэгч таатай мэдрэмжийг авна гэдэг үнэхээр сайхан.

Мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би энэ байгууллагынхаа шилдэг ажилтнаар тодорч байсан. Ирээдүйд мэргэжлийнхээ дагуу өөрийн гэсэн кофе шоптой болохыг мөрөөддөг. Өөрийнхөө кофе шопд хамгийн амттай гэсэн бүхий л амттануудыг хийж хүмүүст хүргэхийг хүсдэг. Ирээдүйд энэ мөрөөдөл маань биелэх байх аа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж ажиллаж байна.

Э.Ариунзул

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *