Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Долгион: Гавьяат цол авахаар сонин мэдрэмж төрдөг юм байна

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………….

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.


-Түүхт ойнууд дав­хацсан баяр наадмаар төрөөсөө урлагийн гавь­яат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдад бас баяр хүргэе.

-Долгион гэдэг нэр Монголын рок поп ур­лагтай үргэлж хамт хэ­лэгдэж, цуг ирсэн. Хүү­хэд байхдаа “Долгион” гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?

-Сониноос “Долгион” гэж хамтлаг байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.

-Монголын рок по­пын алтан үеийн хамт­лагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?

-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп гэдэг томъёол­лоор, орчин ца­гийн хөгжмийн утгаар нь яах аргагүй миний үеийн­хэн анх бий бол­госон гэж хэлж болно. Миний уна­ган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Гал­санбат агсан бол Монго­лын рок попын анх­ны гавьяат шүү дээ. Монго­лын төр анх удаа гитар­чинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань хэдийгээр бидэн­тэй­гээ байхгүй ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүл­тэй юм байна. Манай рок попын гэр бүлд гавьяат цолт­нууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний хам­гийн отгон нь би бол­лоо. Тийм учраас миний үеийн хамтлагуудад тог­лож, зүтгэж байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн, рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе үеийнхэн маань мэдэж, хайрлаж, хүндэлж явд­гийн нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе рүүгээ орох гэж байна. Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн, рок по­пын үндсийг тавьсан хү­мүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ. 1990-ээд оны, залуу үеийн төлөөлөл болсон та нарын үеийнхэн бид­нийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад залуучууд баяр их хүргэх юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр рок поп залуу үеийн урлаг юм. Тийм болохоор бас их баяр­лаж байх шиг байна. Энэ шагнал бол рок по­пын­хонд урам хайрласан ээл­жит баяр гэж ойлгож байна.

-Тухайн үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?

-Рок поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй хол­боо­той. Яагаад гэвэл гитар тог­лоод дуулна. Түүнийгээ ту­хайн явцуу хүрээндээ сонс­гохоос гадна цаашаа олон хүнд хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сон­сохыг хүсдэг, харилцан бие биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгс­лээр харилцан хүргэхийн тулд яв­саар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod бол­лоо. Бидний хүүхэд байхад удаан тоглогч пянз гэж бай­лаа. Тэр пянзаар рокн рол­лийн хаана Эльвис Преслей, “Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуу­чуудын толгой тархийг эзэм­дэж, маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг гариг, ер­төнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.

Галсанбатын том ах Гал­санбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг суваг нь тэр үеийн оюутнууд юм.

Галсанбаяр ах бид нарыг суулгаж байгаад  “Битлз”-ийн дууг пянзаар сонсгосон. Ин­гэж л бид “Битлз” гэдэг пянз­тай танилцаж байсан. Түү­нээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.

Тэр үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50 мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон. Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг, гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээ­рээ гэрч нь юм. Монго­лын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэл­тэй, холбоотой. Орцны хөгж­мийг өнөөдөр зарим хү­мүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйс­гэж болохгүй юм. Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдог­гүй, хаалттай хориотой дуу­нуу­даа орцонд л дуулдаг бай­лаа. Нэг ёсондоо орц нь Соё­лын төв байж. Тэнд хүү­хэд залуус цуглаж хөгжим, мэдээ­лэл хуваалцдаг, со­лилц­дог бай­сан. Орцны урлаг буюу ба­руунд underground  гэж бай­даг. Тэр урлаг маань яв­саар байгаад орчин цагийн рок попын урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв мая­гаараа хуваагдаад байж байна.

-Монголын анхны эст­рад рок, поп дуу гэвэл?

-Тухайн үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамт­лаг байгуулсан нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй. Дуу гэж ярих­гүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.

-Та нарын үеийн хамт­лаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор байдаг. Та бүх­нийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?

-Аль алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг. Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгж­мийн бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Г.Бир­­­ваа, Б.Дамдинсүрэн, Д.Лув­сан­шарав гээд л хуучны мун­даг хүмүүс баталдаг бай­сан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. На­майг анх дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд бодоход буруу юм биш бай­жээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хад­гал гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй сон­согддог дуунууд нь мөнх бай­даг. Ингэж бас тайлбар­лаж болно. 1990 онд ардчи­лал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөө­дөр зарим дуу урт нас­лахгүй байгаа.

Өөрөөр хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн, мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад бай­дагтай адил 1990, 2000-аад оны дуунууд ч мөнхрөх л болно шүү дээ.

-Та шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадам­тай давхацсан шагнал ав­сан мөч үгээр хэлэхийн ар­га­­гүй сайхан байсан байх шүү?

-Би ер нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжиг­чин, төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуу­дынх нь нэг нь би. Тийм уч­раас төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал хайр­лаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөн­хий­лөгчтэй гар бариад, тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баяр­ладаг юм билээ.

Тэгээд би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн хөшөөний хажуу­гаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд уухайлахад ая­гүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаг­гүй. Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Наадмаар тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?

-Тэр өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэд­гийг бүр онцгой ойлголоо. Над руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүр­тэл яриад “Та бол мундаг шүү” гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээ­лээ шүү дээ. Тийм л юм бол­лоо. Их сонин мэдрэмж төр­дөг юм байна. Фото аппа­ратууд түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу. Их баярласан, дог­долсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.

-Төрсөн дүүтэйгээ ур­лагт, нэг салбарт зэрэг­цээд, хамтдаа зүтгээд ява­хад ямар байдаг вэ?

-Би сэтгэгдлээ хуваалц­маар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, ор­чуулга хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асууд­лаар ороод уран бүтээл туур­вих талаасаа хаагдаж бай­сан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй хальсан даа.

Энэ жил миний дүү Б.Ан­гирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос “Алтан гадас” одон авлаа, би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэ­хэд ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны та­нил хүн. Тэр өчүүхэн жаахан авь­яасыг аав ээж минь би­дэнд өгөөгүйсэн бол юу гэж бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн бо­ловчиг хамгийн хялбар ойл­гохуйц сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.

-Б.Ангирмаагийн зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.

-Миний дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал бай­даг юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ хараад байхад продюссерыг жинхэ­нэ утгаар нь хийж чадаж бай­гаа. Хүнд хараалган зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.

Яг тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэл­тэй. Ахынхаа төлөө дүү ямар сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар хөөцөлдөхөд их үүрэг гүй­цэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж байгаагаа ерөөсөө мэ­дээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.

-Б.Ангирмаа жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?

-Тэр үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан. Би тэр үед битүүхэндээ алга та­шаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны цомог нь их мундаг болсон байдаг.

-Улсын наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наа­дам залгах нь. Та наадмаар хаагуур баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?

-Монголчууд бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавын­хаараа бол би чинь Архан­гайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архан­гайнх. Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тийм­хэн юм болсон. Их гонсгор үлд­сэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг. Тэр утгаа­раа гоё рок наадам болсон.

-Ямар нэгэн хүндэтгэ­лийн тоглолт язгуур урла­гаар эхлээд, дараа нь ний­тийн дуугаар үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?

-Зөв л дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол өөрөө хөгжөөд явчихдаг. За­луу хүн өөрөө байгаа уч­раас төрийн дэмжлэг энэ тэр гэх­гүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.

Сонгодог урлагтаа хөрөн­гө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спор­тоор бол олимпийн мөнгөн медаль. Э.Амартүвшин над­тай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмж­дэг байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөг­жөөд л байж байна.

-Та бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ өнгөрөө­чих­сөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?

-(Инээв). Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөд­рийн орчин цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавь­сан. Дэлхийн бүхий л рок хамт­лагаар дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа  шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.

Би одоо үндэсний хөгж­мөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажил­лаж байна. “Жонон” хамт­лагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байх­гүй юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаа­чилсан юм. Их гоё санаа.

-Улаанбаатарт “Битлз” хамтлагийн хөшөөг бос­госон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?

-Очдог гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээ­чээд сараачаад аймаар бол­гочихдог юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа тэгсэн. Хөшөө цэвэрлээд арч­чихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан чинь “Хэдэн залуус ирээд л цэвэр­лэчихдэг” гэж байв.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *