Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бодолд минь тод үлдсэн тэр нэгэн наадам DNN.mn

Наадам хаяанд иржээ. Наадам дөхөхөөр сэтгэл гэгэлзээд, бага насны минь дурсамж сэргэж байна. Хааяа нэг аавыгаа дагаад үүрээр адуунд явдаг үе, уяа тойроод гийнгоолоод наадмын зүг гэрийнхэнтэйгээ явдаг тэр л сайхан дурсамжууд хөвөрнө.

Морь ярихаар л нүд нь сэргэдэг аавын минь баяр. Нас насны морь уядаг манай уяан дээр хол ойрын уяачид ирэх нь сайхан. Тэд нэг гал болоод морьдоо хоёр гурван километрийн зайд тарлана. Тав, зургаахан настай би зургаан насаа ээлжилж унана. Ах маань морийг минь хөтөлж “эргүүлж” өгдөгсөн. Тэр үед охин хүүхэд морь унах нь ховор байсан санагддаг юм. Бакал өмсөөд эрэгтэй хүүхдүүдтэй тоглоно. Учир нь морь унадаг хүүхдүүд ихэвчлэн эрэгтэй байсных байх л даа. Ер нь л багадаа дүрсгүй, эрэгтэйлэг хүүхэд байж шүү.

Ингээд л хэдэн хоног уртын болоод богины сунгаа хийж миний унасан морь түрүүлж, айрагдана. Хааяа ардуур орно. Түрүүлж айрагдахаар би гэдэг хүн чинь бахархана шүү дээ. Наадамд яг түрүүлэх юм байна хэмээн бат итгэнэ.

Наадмын өдөр болж гэрийнхэн бүгдээрээ морь унаад явна. Гэрт хонины ээлжийн ганц хоёр хүн үлдэнэ. Машин ховор байсныг ч хэлэх үү хөтөлгөө морьтой, майхан, идэж, уух зүйлсээ мотоцикльдоо ганзагалаад арваад хүн явна даа. Аав, эгч, ах нар, хажуу айлын ах, эгч хоёр гээд л олуулаа явдагсан.

Манайх их, бага хонгор морио, саарал даагаа голчилж сойно. Урьд нь их хонгор морийг ах унадаг байснаа сүүлд нь намайг унуулдаг болов. Учир нь ах моринд томдсон юм. Дэнхийсэн том хүү л харагддаг байсан биз. Тэгээд ахын халааг би авч, ах наадам болгонд надтай хамт явдаг байлаа.

Эгчийн үг биеллээ олсоннь…

Өвөлжөөний урд байрлах “Хорины овоо”-г жил болгон тахидаг юм. Түүнд ганцхан даага уралдана. Аав бид хоёр саарал даагаа сойж сойж уралдав аа. Тэгсэн ардаа даага үлдээсэн ч арваннэгдүгээр байрын даагыг “Баян ходоод”-оор цоллов. Тэр нь миний даага. “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой…” л гэнэ. Дааганы шагнал ходоод биш шаазан даага бэлэглэсэн юм. Наадам тараад гэртээ ирэхэд эгч маань түүнийг харчихаад дараа нь үүнийхээ ижлийг авчраарай хэмээн захиж билээ.

Дараа нь “Рашаант”-ын наадам болов. Манайхан уламжлал ёсоор бөөндөө явцгаана. Мотоцикльдоо майхнаа тэгнэн замын хүнсээ аваад ах түрүүлээд явлаа. Араас нь аав, ах бид гурав уяагаа гийнгоон дуу хадаан, ээж минь сүү, айрагны дээжээр мялаан наадмын зүг хөдөллөө.

Морьдоо амраах үүднээс замдаа хоноглодог байсан учир нэг өдрийн өмнө гардаг байв. Наадам дөхөхөөр ч тэгдэг юм уу, уяа нь таарахаар ч тэгдэг юм уу хонгор морь муухай ааштай болчихно. Бас болоогүй гэр рүүгээ, ижил сүрэг рүүгээ “гүйчихнэ”.

Бид зорьсон газартаа ирээд майхнаа босгож төвхнөлөө. Энд тэндгүй хүүхдүүд гүйлдээд л, морь янцгаана. Оройн нар жаргах үед зүлэг ногоороод бүр ч сайхан…

Их нас 25 бил үү 28 километрээс эргэдэг байлаа. Замдаа ядарна, морин дээрээ зүүрмэглэж орхино.

Гараа ойртох тусам хүүхдүүд “ггүү хөгг, ггүү хөгг гүүггг” гэж орилоод, зарим нь “дутуу эргэчихээд” мотоциклиор “туулгаж” ирдэг байж билээ. Бас болоогүй ах нар уртаа гэгч нь шилбүүр барьчихдаг байсан юм. Гараан дээр очоод олс татаад морьдоо тайвшруулаад “Хоржийлоо” хэмээн хэлэхэд бүгд дэрхийн эргэлээ. Морьд эргэх, барианд орох торгон мөч хамгийн сайхан санагдана.

Ягаан нөмрөг, наадмын цэнхэр цамц салхинд дэрвэлзэж холоос харсан хүн ч анддаггүй. Даваадоржийн хонгор морь мөн байна. Хүүхэд нь ягаан нөмрөгтэй гэлцдэг байж билээ.

Замын дундаас мотоцикль гарч ирнэ. Тэр аав, ах хоёр минь. Аав наадамд явахдаа цэнхэр өнгийн нударгатай тэрлэг өмсдөг. Аавыг дээлнийх нь өнгөөр таньдаг байв. Тэгээд л намайг дуудаад “Явуул” гэнэ шүү дээ. Үүнийг морь маань сонссон мэт хурдална. Бараг л ташуур хэрэггүй. Өөр хүн “За одоо явуул” гэхийг тоодоггүй аавын хоолойг таньдаг байсан ч юм шиг санагддаг.

Ингээд л Рашаантын наадамд барианд орохдоо буруу талаар нь орсноос болж хоёрдугаар байрт орж билээ. Зэрэгцээд барианд ороход зөв талаар зураас давбал түрүүлсэнд тооцсон юм. Түрүүлсэн гэж өөртөө бат итгэсэн би айрагдсандаа сэтгэл жаахан гонсойсон ч морио аз жаргалтайгаар цоллууллаа. Морьтой минь ижил зүсний хонгор даагаар шагнаж байсан юм. Энэ үед эгчийн үг биеллээ оллоо гэж байсансан.

Тэр өдрийн наадам өндөрлөж орой сэрүү орохтой зэрэгцэн харихаар болов.

Замдаа хоноглох зуурт уяж байсан морь, миний унаж ирсэн морь гэрийнхээ зүг биднээс түрүүлээд “гүйчихсэн”. Унах морьгүй үлдсэн би байныхаа даагыг унаад гэртээ ирж билээ.

Том хонгор морьтой минь хэд хэдэн наадамд айрагдаж тэр үедээ л сумандаа Даваадоржийн хонгор гэж дуудуулж билээ.

Байны хонгор даага минь өсч хоёр унага гаргасан юм. Тэр жилийн энэ өдрийн наадам хөгтэй ч юм шиг хөгжилтэй ч юм шиг болж билээ. Сэтгэлд минь тэр үеийн бүх зүйл тодхон байдаг даа. Наадам наадмын дундаас энэ л өдрийг үл мартана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *