Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Олон улсын банкуудаас авах Оюу толгойн зээл оны өмнө шийдэгдэх нь тодорхой болсон

“Эрдэнэс Монгол” ком­панийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ком­па­нийн ТУЗ-ийн гишүүн Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн бай­гуулалт үргэлжилж байгаа гэсэн мэдээ хөрөнгө оруу­лалтад эерэгээр нөлөөлөх байх. Гүний уурхайн бүтээн байгуулалт түр зогсоход ажилгүй болсон хүмүүс ажилтай болохоос эхлээд нааштай өөрчлөлтүүд гараад эхэлчихсэн гэж ойлгож болох уу?

-Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт тавдугаар сард баталсан төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Бүх ажил нь нарийн графикийн дагуу өрнөж байна. Энгийнээр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн. Хоёр жилийн өмнө гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, царцаасан байсныг эргээд гэсгээсэн гэсэн үг. Өмнө нь ажлаасаа халагдаж, цомхотголд орсон хүмүүс ажилтай болох зэрэг эерэг алхмууд хийгдээд эхэлсэн. Нарийн техник төлөвлөгөөнүүдээ ТУЗ-өөрөө батлуулсан байгаа.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт ямар нэг саадгүй үргэлжилж байна гэж ойлголоо?

-Оюу толгой дээр ажил өөдрөг байгаа. Зорьж очсон хэн ч тэнд бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байгааг харж болно. Оюу толгойн хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн том уурхай болж чадсан. Олон улсын стандартын дагуу дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Аюулгүй байдлыг дээд зэргээр сахьдаг, технологийн горим, бусад үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн сайн уурхайн түвшинд явагдаж байгаа.

-Олон улсын банк санхүүгийн байгууллагаас төслийн санхүүжилт босгох ажил ямар шатандаа явна вэ. Оны өмнө шийдэгдэх боломж байна уу?

-Арваннэгдүгээр сардаа багтаагаад олон улсын хорь орчим банктай зээлийн гэрээгээ хийнэ. Банкны тооны хувьд 17, 18 байх уу гэдэг нь ойрын хугацаанд тодорхой болчих байх. Өмнө нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд 4.2 тэрбум ам.долларыг банкнаас зээлж авна гэж байсан. Оюу толгой компанийн санхүүжилтийн өртөг багасч байна. Өөрөөр хэлбэл энэ том бүтээн байгуулалтыг хувь нийлүүлэгч болох Монгол Улсын Засгийн газар, Монголын иргэдийн өмнөөс хамгийн үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлж байгаа. Оны өмнө шийдэгдэх боломж бий. Одоо процедурын асуудал л үлдсэн.

-Дэлхийн томоохон банкуудтай байгуулах зээлийн гэрээнд хоёр талаас бие биедээ тавьж байгаа шаардлагууд байна уу. Шийдэгдээгүй ямар нэг асуудал бий юу?

-Шийдэгдээгүй ямар ч асуудал байхгүй. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Шууд дэмжлэг биш л дээ. Шууд бусаар дэмжиж байна. Зээлд нь баталгаа гаргаж өгөх асуудлаар банк санхүүгийн байгууллагуудтай харилцаж байгаа. Санхүүжилт хийхэд нь баталгаа өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлчихсэн. Тэгэхээр Монголын Засгийн газар хүлээсэн үүргүүдээ цаг тухайд нь биелүүлж байна. Хоёр тал хүлээсэн үүргээ цагт нь биелүүлэхээс аргагүй шалтгаан бий. Цаг хугацаа мөнгөөр хэмжигдэж байна. Ажлаа хурдан явуулбал эдийн засагт үр нөлөө нь түргэн мэдрэгдэнэ. Тэр хэрээр хөрөнгө оруулалт нь цаг алдахгүй орж ирнэ. Зээл бүтвэл үйл ажиллагааных нь далайц түргэн нэмэгдэнэ. Цаашлаад Оюу толгойтой холбоотой шинэ туслан гүйцэтгэх компани, ханган нийлүүлэгчдийн хувьд бизнесийн шинэ боломжууд гарч ирнэ. Ингэж байж хөрөнгө оруулалтын үр нөлөө төгс утгаараа мэдрэгдэнэ. Оюу толгойтой хамтардаг компаниуд гэрээ хийж ажлаа эхлэх нь л хамгийн гол зүйл.

Энэ зээл яагаад сайн бэ гэдгийг энгийнээр тайлбарлая. Сүүлийн үед Монголд хөрөнгө оруулахад эрсдэлтэй гэж их ярилаа. Хөрөнгө оруулагчдад итгэл төрөх нь энэ зээлийн бас нэг сайн тал. Өнөөдөр олон улсын арилжааны болон хөгжлийн банкууд хамтраад уул уурхайн салбар дахь хамгийн том төслийн санхүүжилтийн зээлийн багцыг Монголд өгч байгаа. Тэд Монголд, Оюу толгой гэдэг том төсөлд итгэж байна гэсэн үг. Дээр нь “Рио тинто” баталгаа гаргачихаар бид энэ том зээлийг Монгол руугаа татаж чадаж байгаа юм. Ингэснээр Оюу толгой төсөл урагшилна, компанийн санхүүжилтийн өртөг буурна гээд олон давуу тал гарч ирнэ. Шууд бус эерэг нөлөөлөл ч бий.

-Шууд бус нөлөө гэдгээ тодруулаач?

-Товчхондоо Монгол гэдэг хаалттай зах зээл Оюу толгойг дагаад нээгдэж байгаа нь маш том боломж. Төслийн санхүүжилт хийж буй банкууд Монголыг өөртөө нээчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын өөр бизнес төслүүдэд энэ банкууд руу очиж яриа хэлцэл хийх боломж нээгдэж байгаа гэсэн үг. Төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүд дээр олон улсын банкуудтай ярих боломж Оюу толгойн төслийн санхүүжилтийг дагаад нээгдэнэ гэж харж байгаа. Дэлхийн ийм олон банк Монголд итгээд зээл өгөхөөр манай зах зээлд итгэх итгэл тэр хэрээр нэмэгдэх сайн тал бий. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд ч өөрөөр хүлээж авна.

-Олон улсын банкууд Оюу толгойн төслийн санхүүжилтийг энэ онд хийгээд эхэллээ гэхэд хөрөнгө оруулалтын шууд бус өгөөж нь ийм байна гэсэн таамаг тооцоо төсөөлөл гаргаж үзсэн үү. Жишээ нь ирэх жилийн эдийн засагт ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Оюу толгойн үйл ажиллагаа жигд явж байгаа, бүтээн байгуулалтын ажил нь эргээд сэргэсэн учраас шинэ бизнес олноороо бий болно. Монгол руу ирдэг гадаадын компаниудын тоо ч нэмэгдэж байна. Бизнесийн боломж гарч ирлээ гээд ирж байна л даа. Ийм сонирхолтой гадаадын компаниуд монгол түншүүдтэйгээ уулзаад хамтарч ажиллах бизнес төлөвлөгөөгөө тохироод эхэлсэн шиг байна. Мэдээж энэ харилцаа олны нүдэнд ил харагдахгүй. Оюу толгойн гүний уурхайтай холбоотой шинэ бизнесийн боломж хайсан улс олон бий. Наад захын жишээ гэхэд би өдөрт хоёр компанийн төлөөлөлтэй уулзаж байна.

-Ирэх сард Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн форум болно гэж сонссон. Шинэ бизнес, шинэ боломж хайсан хүмүүс очиж мэдээлэл авч болох нь ээ?

-Арваннэгдүгээр сарын 4-нд томоохон экспо зохион байгуулна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой ямар бизнесийн боломжууд байна вэ гэдгийг хүн бүрт тайлбарлаж өгөх юм. Оюу толгойд нэг давуу тал бий. Энэ компанийн худалдан авалтын болон туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй байдаг. Оюу толгойн хувьд чадаж байгаа нь өрсөлдөөд бизнесээ олдог зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас бүх боломжоо нээлттэй дэлгэнэ. Өмнө нь хамтарч ажиллаж байсан компаниуд нь ч орж ирнэ. Шинэ компаниуд ч орж ирэх боломжтой.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт эхнээсээ ороод эхэлчихсэн гэсэн таатай мэдээ бий. Ирэх жилүүдэд хэр хэмжээний мөнгө зах зээлд орж ирэхээр байгаа вэ?

-Жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ. Энэ бол гадаадаас хөрөнгө оруулалт гэж орж ирэх мөнгө. 2015 онд Оюу толгой дотоодын эдийн засагт нийтдээ 800 гаруй сая ам.долларыг оруулж ирнэ гэсэн төлөвлөгөө бий. Багцаагаар 1.6 их наяд төгрөг гэсэн үг. Есдүгээр сарын байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Хөрөнгө оруулагчийн оруулж ирсэн ам.доллар дотоодын зах зээлд цалин, татвар болоод зарцуулагдаж байгаа. Оюу толгойн үйл ажиллагаа тогтвортой явж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа өнөөдрийнх шиг эдийн засгийн хүндрэлтэй үед том компаниудын зарим нь хөл дээрээ зогсоод, үйл ажиллагаагаа таслахгүй явуулах нь бидэнд л хэрэгтэй.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт саадгүй урагшлахад Засгийн газрын зүгээс шалтгаалах бүхнээ хийж байна уу. Эсвэл цаг авахаар ямар нэг шийдвэр байна уу?

-Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх алхмаа цаг хугацаанд нь хийгээд явж байна. ТЭЗҮ-ийг нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээгээд авчихсан. ТЭЗҮ-ээс болж удаашрах асуудал байхгүй болсон. Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. Оюу толгой Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь. Төслийн ажил саадгүй урагшилбал наад зах нь тэнд ажиллаж байгаа хүмүүст хэрэгтэй. Нөгөө талаар олон компани Оюу толгойтой хамтарч ажиллаж, үйлчилгээ үзүүлж орлого олдог учраас бүх зүйл цагтаа явах нь хамгийн зөв шийдэл. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа удааширснаас, энэ ажлыг зогсоосноос болоод алдагдсан боломжийн тухай бид өмнө нь хангалттай ярьсан. Ам.доллараар бодоход олон тэрбумын алдагдал хүлээснийг эдийн засагчид тооцож гаргасан байдаг. Тэгэхээр цаг алдах эрх бидэнд байхгүй.

-Оюу толгойд нэмэлт хайгуул хийгдэж байгаа юу?

-Уул уурхайн ямар ч компани олборлолттойгоо зэрэгцүүлээд хайгуулын үйл ажиллагаа явуулж байдаг. Нэмэлт хайгуулыг жил бүр графикийн дагуу хийж байгаа. Оюу толгой шиг том ордын нөөц нэмэгдэх нь бидэнд л хэрэгтэй. Нөөц нь өсөхийн хэрээр энэ компанийн үнэ цэн нэмэгдэнэ. Оюу толгойн хувьцаа олон улсын зах зээл дээр арилжаалагддаг. Мөн энэ төсөл Монголд бусад хөрөнгө оруулалтыг ч нээж өгч байгаа. Энэ утгаараа Оюу толгойн нөөц нэмэгдэх тусам бидэнд өөр олон боломж нээгдэнэ гэсэн үг.

-Зэсийн үнэ яг одоо бол таагүй байна. Цаашдаа уруудаж ч магадгүй гэсэн таамаг дуулдах юм. Өөдрөг, гэгээтэй таамаг сонсогдох нь уу?

-Зэсийн зах зээл ойрын үед боломжийн байх нь гэсэн шинжээчдийн төсөөлөл гарсан. Хоёр, гурван жилийн дараа зэсийн үнэ тогтворжино, цаашид өсөх хандлагатай гэсэн тооцоо таамаг бий. Тэгэхээр Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зөв үедээ хийж байна. Зах зээл унаж байгаа үед бүтээн байгуулалтаа хийгээд гүний уурхайгаа барьчихвал зэсийн үнэ өссөн үед том ашиг олох боломж бүрдэнэ. Дэлхий даяар зах зээл хүндрэлтэй ийм үед барьж байгуулах боломжийг л хайх хэрэгтэй. Тэгвэл үнэ өссөн үед ашгаа хүртэж эдийн засаг хурдан сэргэх боломжтой.

-“Рио”-гийн талаас гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн үнэ эргээд өснө гэсэн таамгийг онцолж байгаа…?

-Зах зээл хүнд үед нь бүтээн байгуулалтаа хийх хэрэгтэй гээд байгаа нь энэ л дээ. Гүний уурхай ашиглалтад орчихвол Оюу толгой олон улсын зах зээл дээр хамгийн өрсөлдөх чадвартай зэсийн уурхай болно. Өөрөөр хэлбэл зардал нь багасна. Бага зардлаар илүү их орлого олдог компани болно. Зэсийн үнэ нэмэгдвэл энэ компани илүү ашигтай ажиллана. Илүү ашигтай ажиллавал энэ том төслийн хувь эзэмшигч болсон бидэнд бас сайнаар тусна.

-Хувь нийлүүлэгчдийн хооронд яригддаг асуудлууд шийдлээ олсон гэж ойлгож болох уу?

-ТУЗ-ийн зүгээс Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлыг маш нарийн хянана. Жишээ нь Монголын тал Оюу толгой компанийн санхүү, аудит, худалдан авалтыг хариуцсан ТУЗ-ийн байнгын хороог даргалдаг болсон. Өмнө нь хувь нийлүүлэгчдийн хооронд олон асуудал үүссэн байсан. Эдгээр асуудлыг бизнесийнхээ зарчмаар ярьж тохироод шаардлагатай тохиолдолд шинэчлэл хийгээд явж байна. Оюу толгой компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргасан. Үүнийг компанийнхаа ТУЗ-өөр дамжуулж гүйцэтгэх удирдлагадаа даалгавар өгөөд явж байгаа. Өмнө нь гарсан алдаануудаас суралцаад дахин алдахгүй байхын тулд хяналтаа тогтмол хийгээд явж байна.

-Монголын компани, монголчуудын хувьд Оюу толгой төслөөс ашиг хүртэх, энэ төслийг дагасан шинэ бизнес хийх сонирхол өндөр байгаа. Энэ тал дээр Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд хэр анхаарч байгаа вэ?

-Хувь нийлүүлэгчдийн үүднээс яривал ТУЗ-өөрөө дамжуулаад компанийнхаа бодлогын хүрээнд энэ тал дээр анхаарч байгаа. Тэр дундаа худалдан авалт, санхүүгийн тал дээр өөрийн гэсэн тодорхой байр суурийн хүрээнд тодорхой шийдвэрүүдийг компанидаа ашигтайгаар гаргана гэж үзэж байна. Үүнийг дагаад Монголын компаниуд, Монголын бизнесүүдэд боломж нээгдэнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөн дээр ч дотоодын худалдан авалтыг системтэйгээр нэмэгдүүлнэ гэж тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл Оюу толгойн авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд байвал Монголоос түрүүлж авах боломжийг нээж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *