Categories
мэдээ цаг-үе

Б.Болор: Хамтарсан нөхдөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болортой ярилцлаа.

Эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой таагүй мэдээллүүд улам их түгж байна. Байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахгүй юу?

-Аливаа улс тухайн жил, ирэх онуудын, сүүлийн жилүүдийн төсөөлөл гээд бүх үзүүлэлтүүдийг тооцож үзэж байж төсвөө баталдаг. Орон бүр л төсвөө өөдрөг гаргадаг. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тийм учраас түүхий эдийнхээ үнэд тулгуурладаг. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд ямар байхаас шалтгаалж Монголын эдийн засаг дээшлэх үү, доошлох уу гэдэг нь шийдэгддэг. Энэ нь манай улсын хамгийн том дутагдал. Үүнийг өөрчлөхийн төлөө бид ажиллах ёстой. Бидний хувьд 2010-2011 оны үед нүүрс, алт, зэсийн үнэ нэмэгдэхэд эдийн засаг сэргэлт авсан. Тэр үеийнхээ дундаж үзүүлэлтийг оруулж фактор болгоод төсвөө баталдаг. Аль ч улсын төсвийн орлого баталснаар нь төвлөрнө гэж байхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Аль болох л бүтээх талаас нь УИХ Засгийн газраа шахаж ажиллаж байна. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар байхад баталсан төсөв боломжийн болсон. Үүн дээр Ч.Сайханбилэгийн буюу хамтарсан Засгийн газар тодотгол оруулж ирэхдээ дутагдал гаргасан. Ер нь намууд тэр дундаа АН, би ч гэсэн төсвийн тодотголыг орж ирсэн хэлбэрээр нь батлуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тиймдээ ч нэлээд сайжруулж баталсан.

Төсвийн тодотгол яагаад муу болсон гэж?

-Засгийн газар тодотголыг оруулж ирэхдээ зардлаа илүү их танах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хямрал гэж хавтгайруулж ярьж байгааг би нэг их ойшоохгүй байгаа. Хямрал гэдгийг тодорхойлдог ажилгүйдлийн тоо өсөх, инфляц 20 хувиас дээш гарах зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм хэмжээнд асуудал хүрээгүй, хүн ам өсч, ажилгүйдлийн тоо буурч, тодорхой ажлууд хийгдэж, аймгуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсч байна. Жишээ нь манай Архангай аймагт үзүүлэлтүүд нь дээшилсэн. Тэгэхээр улс төрийн оноо авахын төлөө алхам тутамдаа “хямрал, хямрал, хямрал” гэж яриад байх нь буруу. Орлого тасалдаж байгаа нь зөв зүйл биш ч тартагтаа тулчихаагүй байгаа. Бид Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гаргана гэх зэргээр баахан шуум тараачихсан. Үүнтэй холбоотой улс орон даяар хүлээлт үүсчихсэн байдаг. Гэтэл УИХ нь тэр ажил руугаа орохгүй хоёрын хооронд улс төр хийгээд хэрэггүй нэг асуудал дээр ихэнх хугацаагаа авч байна. Жишээ нь Цэцийн дүгнэлт дээр л гэхэд үдээс өмнө гурван цаг боллоо. Ингэж байгаа нь харамсалтай л байдаг юм. Төсвийн тухайд тодотголоо Засгийн газар оруулж ирэх байх. Хэзээ вэ гэдгийг нь мэдэхгүй байна.

Цалингаа тавьж, эм тариагаа авч чадахгүйд хүрлээ гээд байгаа. Үнэн юм уу?

-Цалин, тэтгэвэр тасалдахгүй. Зарим нэг нөхөд оноо авахын тулд ийм зүйлийг завсар чөлөөгүй яриад байгаа юм. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг долоо хоног бүрээр нь авч үзэж байгаа. Тэндээс харахад цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх тухай зүйл огтхон ч харагдахгүй байна. Мөн өрийн дарамт маш их ярьж байна. Тэгвэл зах зээлийн эдийн засгаараа хөгжиж байгаа улс орнууд чинь мөнгө босгож байж л эдийн засгаа тэлдэг. Зарим гишүүд хөрөнгө оруулалт татахын тулд өр тавиад байна гэж ярих юм. Зайлуул Ерөнхий сайд нь энэ хоёрын нэг нь нөгөөгийнхөө оронд явдаг юм биш гэдгийг байн байн л хэлээд байгаа. Тодруулбал, энэ хоёр хамт л явдаг зүйл. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын амыг МАН өөрсдөө 45-уулаа байхдаа 2012 онд хийсэн хуулиараа барьсан. Тэгэхэд Элчин сайдуудыг цуглуулж уулзаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилсөн. Тэр шийдвэрээс болж хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй болсон байдаг. Ийм байж өнөөдөр гэнэт саран дээрээс буугаад ирчихсэн юм шиг ийм зүйл яриад байж болохгүй л дээ. Хамтарна гэж хамтарчихаад шүү. Бид эдийн засгаа тэлэх тусам ДНБ-д эзлэх өрийн хэмжээ багасаад явдаг зарчимтай. Европын холбоонд сүүлд элссэн зүүн Европын орнуудын өрийн хязгаар 90 хувьтай байх жишээтэй. АНУ-ын тухайд яриад ч хэрэггүй байх. Манай улсын хөгжлийн түвшинд байгаа эсвэл өндөр хөгжчихсөн орнууд манай түвшинд байхдаа ямар байсныг харьцуулаад үзэхээр аль болох л мөнгө босгож тэр хэмжээгээрээ дэд бүтцээ шийдэж, үйлдвэрүүдээ босгосон байдаг. Манайх үйлдвэрлэгч болох ёстой. Гэтэл тэр үйлдвэрүүдийг хэн ч зүгээр бариад өгөхгүй. Тиймээс тодорхой түвшинд зээллэг яригдана. Мэдээж оруулж ирсэн мөнгийг зарцуулахдаа ч сайн менежменттэй байх ёстой. Чингэс, Самурай бондын хөрөнгийг тавиад туучихсан гэж хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа юм. Гэтэл зарцуулалтын нэг мөнгө хүртэлх задаргааг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Дандаа л бүтээн байгуулалт руу орсон юм билээ. Түүнээс биш Чалкогийн өр шиг авангуутаа тараагаад өгчихсөн зүйл байдаггүй юм билээ. Хөрөнгө оруулалтынхаа хуульд өөрсдөө 2012 онд сонгуулийн өмнө популизм хийж өөрчлөлт оруулж хөрөнгө оруулалтаа багасгачихаад, тэгээд сонгуульд ялагдчихаад эргээд зай завсаргүй ийм зүйл яриад улс орныхоо хөгжилд чөдөр тушаа хийгээд яваад байхыг буруу л гэж бодож байгаа.

Одоо МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гээд эхэллээ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталдаг. Баталсан хөтөлбөрийг ямар ч Засгийн газар, хэдэн ч удаа солигдсон бай хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг л шаардана. Харамсалтай нь хамтарсан нөхдөд мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна. Хамтарсан нөхөд юуг хүсч байгаа вэ гэхээр яаж өөрийнхөө намын хүмүүсийг энд тэндэхийн албан тушаалд аваачиж тавих вэ. Яаж тартагт нь тулгаад гарах вэ гэдэг бодолтой байна. Ярьж байгаа, хэлж байгаа үйлдлүүд нь надад тэгж л харагдаад байна.

МАН засгаас гарах нь тодорхой болчихож байгаа юм биш үү?

-Харин тийм. Гарахдаа хүндрэлтэй байгааг нь улам хүнд болгоод явах санаатай. Нэг юм ч болов Монгол Улсынхаа төлөө хамтраад хийе гэж огт дуугарахгүй юм.

Харин АН, МАН-ынхан Таван толгойг явуулахгүй байх тал дээр сайн нэгдэж байгаа юм биш үү. Таны хувьд ямар санаатай байгаа вэ?

-Таван толгойн талаар сошиал орчинд тодохой байр сууриа илэрхийлчихээд байгаа. Таван толгойг явуулах нь зөв. Гэхдээ саяын оруулж ирсэн гэрээгээр явуулж болохгүй гэдэг хувийн бодолтой байна. Уншаад үзэхэд Монголын эрх ашигт нийцэхээргүй ийм л гэрээ байгаа. Ер нь Оюу толгойн гэрээг өмнөх парламентын үед явуулсан. Бас л асар их учир дутагдалтай гэрээ болсон. Түүнээс дор зүйл оруулаад ирэхээр ойлгомжтой биз дээ. Өнөөгийн болон тэр үеийн нөхцөл байдал өөр ч гэж яриад байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа Засгийн газар нь өөрийнхөө төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийг байнга доош нь хийж, муулж янз бүрээр яриад байгаа нь сонирхол татам. Гэтэл Эрдэнэс таван толгой компани нь өөрөө тэс өөр мэдээллийг өгч байна. мэдээж ашигтай ажилласан байгаа. Чалкогийн өр болох 300 сая гаруй ам.долларын 200 гаруй саяыг нь олборлосон нүүрсээрээ дарчихсан байгаа биз дээ. Ашигтай ажилласан гэдгээ үүнээс өөрөөр яаж нотлох шаардлагатай юм. Гэтэл ашиггүй ажиллаад бүр их өртэй компанид өгөх гээд байгааг би ойлгохгүй байгаа. Нарийн зүйл рүү нь орвол үнэхээр болохгүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр хулгайгаар зурагдах гэж байсан гэрээг УИХ зогсоосноороо түүхэн гавьяа байгуулсан гэж харж байгаа. Зөвхөн өнөөдрийн хүндрэлийг харж энэ гэрээг хийж болохгүй. Би, миний үр хүүхэд, ач, зээ нар Монголдоо амьдарна гэж бодсоны үндсэн дээр гэрээг хийх ёстой. Харин энэ гэрээг хийж байгаа хүмүүс цаашид Монголд амьдрахгүй гэж бодож байж магадгүй. Би айхтар популизм хийгээд байдаггүй ч энэ асуудал дээр дуугүй байж чадаагүй.

Гэрээнд Монголын талын олох орлогыг юу гэж заасан байна?

-Хар ухаанаар яривал Эрдэнэс Таван толгойн бүх зүйлийг Энержи ресурст шинжлүүлэх заалтууд л туссан. Гэтэл хүн бүр Эрдэнэс Таван толгой компанид цөөн хувьцаатай. Иргэдэд байгаа хувьцаа бол хийсвэр зүйл биш. Иргэд Эрдэнэс Таван толгойд хувьцаа эзэмшиж байгаа учраас Энержи ресурс руу үйл ажиллагааг нь шилжүүлэхдээ асуух уу гэх мэтчилэнгээр нарийн асуудлууд байна. Хөрөнгө оруулагч хэн байх нь хамаа алга гэж болно. Бид Хятадын компани гээд байгаа юм биш. Ер нь харилцан ашигтай, хувьцаа эзэмшигч иргэдийн эрхийг хангасан байх ёстой. Ганцхан жишээг дурдахад Блүүмберг дээр “Мongolian mining corporaratian бол энэ жилийн төгсгөл гэхэд дампуурч алга болно. Тэднийг аврах ганц зүйл нь Таван толгойн гэрээг байгуулж өрөө дарах” гэж бичсэн байна. Ийм зүйл рүү бид орох ёсгүй. Дэлхий нийт уншдаг Блүүмберг зүгээр сонсоод биччихдэг хэвлэл биш. Тэгэхээр бид аль болох засч сайжруулаад явуулах ёстой. Ийм л хувийн бодолтой байна.

Эхнээсээ зохион байгуулалттай байсан гэсэн үг үү. Энэ Засгийн газрыг энэ гэрээг байгуулах гэж байгуулагдсан гэдэг үг ч гараад байгаа?

-Энэ бол миний хувийн бодол. Үүнийг өөрөөр харж байгаа УИХ-ын гишүүд, хувь хүн олон байгаа. “Хийх ёстой, манайд ашигтай” гэж тайлбарлах хүн цөөнгүй бий. Тэгэхээр санал зөрөлдөж байна л гэсэн үг.

Тэгвэл гэрээг хэрхэн өөрчлөх вэ. Ямар чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой гэж?

-Минийхээр болдог бол Энержи ресурс гэдгийг нь Эрдэнэс таван толгойгоор сольчиход л гэрээ явчихна. Бүр болохгүй бол ийм гэрээг хийж байснаас одоогийнхоор нь орхичихсон нь дээр.

Төмөр зам тавих, нүүрс угаах үйлдвэр барих асуудал нь тусдаа яригдана. Мөнгө төгрөгөөс эхлээд дахиад л бөөн асуудал босно ш дээ?

-Ярьж болохгүй зүйл байхгүй. Олборлож байгаа нь үнэн. Олборлож байгаа үнийн зөрүү нь хүртэл их том ялгаатай байна. Цаад тал нь 50 ам.доллараар олборлуулдаг бол Эрдэнэс таван толгой нь 17 ам.доллараар олборлуулж байна. Ингээд л ялгаа гараад байгаа юм. Ерөнхий зүйлийг ярихад л ийм. Бүр нарийн яривал утгагүй зүйл болно.

Хувьцаанаас хэзээ ногдол ашиг авах вэ гэдэг асуулт бий?

-Саяын гэрээг баталчихсан бол хувьцаа замхарч байгаа юм. Тэгээд л М.Энхсайхан өдөр шөнөгүй “1072 хувьцаа чинь саналын эрхгүй, амьгүй” гэж яриад байгаа. Хувьцаа амилна гэдэг ашиг хүртэж эхлэхийг хэлнэ. Заавал өнөөдөр байх албагүй. 1800 оны үед АНУ-ын томоохон корпорациудын хувьцаа амилахгүй явсаар байгаад сүүлдээ ашиг өгч эхлэхдээ бүх хувьцаа эзэмшигчдээ саятан болгосон жишээтэй. Ийм гэрээг Засгийн газар зөв хийх үүрэгтэй. Тэгээд засах үүргийг нь УИХ өгч байна. гэтэл засахгүй гээд улайраад, муйхарлаад зүтгээд байж болохгүй.

Ер нь сүүлийн үед УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж чадахаа больчихоод байна уу?

-Монголчууд улс төрөөсөө гарч чадахгүй байна. Орой зурагт үзэхэд цагийн мэдээний 55 минутад нь улс төр гарч байна. Яагаад гэвэл хүн бүр нь улстөрч болчихсон. Тийм ч учраас энэ гишүүд нь хүртэл болж л өгвөл кинопоо дарж дэмий юм ярьж цаг хугацаа авч зурагтаар гарах сонирхолтой. Цэцийн дүгнэлтийг гурван цаг хэлэлцэх ямар шаардлага байдаг юм. Асуулттай гишүүн байна уу гэхэд 20 гишүүн нэрээ өгч байна. Гишүүн тус бүр таван минут асуухад цаг 40 минут хариулт өгөх гэж мөн ийм хугацаа болж байна. Ингээд л үдээс өмнөх чуулганы хуралдаан дуусч байна ш дээ. Та бүхэн хараарай. Уралдаж кноп дардаг нэр бүхий хэдэн л хүн бий. Харагдаж л байвал би сайн гэж боддог юм уу яадаг юм. Тэгсэн хэрнээ хэрэгтэй юм ярихгүй. Ерөнхий сайд ч гэсэн “Би татвар нэмэхгүй” гэж баахан ярьчихаад татвар нэмэх хуулиа татахгүй яваад байдаг нь бас л утгагүй. Улс төрийн бай болж байна. Тэр дундаа энэ удаа олонхигүй байгаа учраас улстөржилт нь дийлдэхгүй байна. Заавал гурван бүлэг зөвшилцөнө гэх мэтээр харамсалтай л байдаг. Одоо тойргийг жижиг болгоно гээд байгаа нь их том ухралт. Жижиг болгочихвол 76 тэрбумтан л худалдаад авчихна.

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *