Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Малчдын байдал нүд халтирам байсан тул чадах зүйлээрээ туслахаар шийдсэн

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэлд нэрвэгдсэн малчдад туслах өөрсдийн санаачлагыг өрнүүлж, “Малчдаа мартах учиргүй” хандивын тоглолтоо хоёр өдрийн турш цахимаар зохион байгуулах аж. Энэ талаар дуучин Б.Болдоос тодрууллаа.


-“Малчдаа мартах учиргүй” хандивын тоглолтоо цахимаар зохион байгуулах гэж байгаа юм байна. Уг ажлыг хийх сэдэл хаанаас төрсөн бэ?

-Хандивын тоглолт гэхээр ирээд дуулаад өг гээд хоёр дуу дуулаад явах маягаар л явагддаг шүү дээ. Бидний хувьд Дундговь аймагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн дараа газар дээр нь очиж, бодит байдалтай танилцахад үнэхээр нүд халтирмаар хэцүү байсан. Нэвтрүүлэг хийж яваад буюу очиж үзэж байж тоглолтын санаа гарсан. Бид хоёрын тоглолт бүрэн хэмжээгээрээ телевизээр цацагдаж байгаагүй. Тиймээс IPTV –гээр дамжуулаад бүрэн хэмжээний тоглолтоо хүргээд, олсон орлогоо бүгдийг нь малчдад хандивлая гэж шийдсэн. Үүгээрээ ямар ч ашиг харахгүй, хэдэн хүн үзнэ түүнийг нь хэрэгтэй хүмүүст нь өгье л гэсэн зорилготой.

-Үзэгчид тайзан дээрээс дуулахыг сонсох гэж тоглолтыг зорьж үздэг. Гэвч цар тахлаас үүдэж анх удаа цахимаар тоглоход зохион байгуулалтыг хэрхэн хийж байна вэ. Яаж үзэх вэ?

-Хүмүүс дансны дугаараа бичээд хандив цуглуулдгаас өөр л дөө. DDISH, Univision-ээ 10 мянган төгрөгөөр цэнэглэнэ, тэр нь хандив гэсэн үг.

No description available.

-Одоогоор хичнээн хүн тасалбар захиалаад байна. Хэр удаан үргэлжлэх вэ?

-Хэдэн хүн үзэхийг урьдчилан тооцоолох боломжгүй, маргаашаас мэдэгдэх байх. Тоглолтын хувьд Бөхийн өргөөнөөс дамжуулж, хоёр цаг үргэлжилнэ. Бидний зүгээс өөрсдийн зүгээс бэлтгэлийг сайтар хангасан. СГЗ Ш.Гүрбазар ах хөтөлж, Тарвилан хийдийн хамба лам нар мөн оролцоно. Дундуур нь олон дуучид байхгүйгээр зөвхөн өөрсдийн уран бүтээлээ хүргэж, нэвтрүүлгээ ч бас үзүүлнэ.

No description available.

-Үзэгчид хандивын тоглолт шударга болж байна уу гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Хүмүүсийн хардалт байж магадгүй. “Зудтай үед нохой зоолдог” гэгчээр бусдын зовлонгоор хандив нэрийг барьж ашиг олж, мөнгө унагадаг хүмүүс олон байдгийг анзаарлаа. Үүн дээр хэлэхэд энэхүү тоглолтын маань цаана ямар ч улс төрийн зорилго, ашиг хонжоо харсан сэдэл байхгүй шүү. Үзсэн харсан эмзэглэсэн зүйлдээ л өөрсдийн чадахаараа тусалъя гэсэн хүсэл. Урлагийнхан хоёр жил зогсолт хийсэн ч бүх зардлуудаа бид хоёр өөрсдөөсөө гаргаж, хийж байгаа. Ийм байдлаар хандивын үйл ажиллагааг явуулах нь хэн хэндээ хардалт, сэрдэлт үүсгэхгүй, шударга. Хандивын тоглолтын орлого ил тод эзэддээ очих болно.

Хүмүүс хандив өргөе гэж байгаа ч бид хүмүүсээс хандив авахгүй. Өөрсдөө хийгээд эздэд нь хүргэе л гэж зорьж байна. Мөн ямар ч компани, байгууллагаар ивээн тэтгүүлээгүй. Харин тоглолтын дараа Дундговь аймаг руу өвс, тэжээл ачих, хүргэх зэрэг ажилд туслах хувь хүн, байгууллагууд нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна. Би Дундговийн хүүхэд биш. Мөнгөө Говь-Алтай аймгийнх, би Булганых. Гэхдээ зүгээр сайхан сэтгэл л байхгүй юу.

-Дундговь аймагт очиход нөхцөл байдал ямархуу байсан бэ?

-Дундговь аймагт очиход малчдын байдал үнэхээр хүнд байсан нь үнэн. Малчдын мал нь байхгүй, шуурганд уруудаад явчихсан. Хургануудын эх нь байхгүй, бүгдийг нь сүүгээр угжиж тэжээж байхтай харсан. Мал нь идэх өвсгүй, гэр орон, хашаа хороо нь нурж, өвөр дээрээ тэвэрч байгаад нялх хүүхдээ алдсан гэр бүл ч байсан, үнэхээр хэцүү.

-Танай гэр бүлийг тойрсон олны хэл ам одоо ч байсаар байгаа харагддаг. Үүнд хэрхэн ханддаг вэ?

-Хандивын юм хийхэд сөрөг зүйлс, дайралт, хардалтууд ирж л байна. Бид ашиг хонжоо олохын төлөө биш, буяны үйлс хийж яваа болохоор тэр хамаагүй ээ.

Ч.БИНДЭРЪЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *