НҮБ-ын Ерөнхий Асамблейн Тогтвортой Хөгжлийн Дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг2015 онд тунхаглан баталсан билээ. Үүний дараа УИХ-аас Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд хүргэх, түүхэн ач холбогдол бүхий хууль, бодлогын баримт бичгийг гаргасан юм. Сануулбал, 2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд УИХ-ын 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх бодлогын баримт баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд төвлөрч ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, тус байгууллага нь тогтоол шийдвэр, журмуудыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцүүлэх, үүнтэй зэрэгцэн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх салбарын уялдааг хангасан дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбаруудын холбогдох яамд, агентлаг, төрийн бус байгууллага, холбоод, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан салбарын тулгамдсан асуудлуудыг томьёолох, түүнийг хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын уялдааг үнэлэх ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ. Тэгвэл энэ сарын 2-3-ны өдрүүдэд хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгийг явуулав. Энд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниэла Каспарикова нар уригдан оролцсон юм. Бүтэн хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэгт салбар яамдын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
-Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгээс та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ?
-НҮБ-аас тунхагласан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго”-т “Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг хөхиүлэн дэмжинэ” гэж заасан байгаа. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийг эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн талаарх урт хугацааны дээрх баримт бичгээс гадна дунд хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн бодлогын баримт бичгүүд, холбогдох хууль, журмууд байгаа боловч эдгээрийн хоорондын уялдаа холбоо, хэрэгжилтийг нь хянах нэгдсэн тогтолцоо байхгүй байгаа нь энэ салбарын хөгжилд ихээхэн саад учруулж байгаа юм. Харин “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг дунд хугацаанд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээндаж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуй, газар тариаланд суурилсан хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд тухайн салбарын бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоодууд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор бусад салбаруудын бодлоготой уялдуулан бодитой хэрэгжихүйц хүнс үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахын тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
-Цаашид бүх салбарт ийм хэлэлцүүлгийг зохион байгуулах уу?
-Тэгэлгүй яахав. Энэ ажил нь 2017 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бид мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хайгуул ашигт малтмал, олборлолт болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 8 удаагийн ийм цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний дараа дэд бүтэц, нийгэм, байгаль орчны салбаруудын хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөсөн байна. Дээрх салбаруудын зорилтуудыг Үндэсний хөгжлийн газар дээр байгуулагдсан макро эдийн засгийн Ерөнхий тэнцвэрийн загварыг ашиглан бодлогын харилцан нөлөөлөл, үр дүнгийн шинжилгээ хийх замаар дунд хугацааны тэргүүлэх салбар, бодлого арга хэмжээг томьёолно. Гарах үр дүнд эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болгоход аль салбарыг дунд хугацаанд илүү төрөлжүүлж хөгжүүлэх шаардлагтай болохыг тодорхойлох юм.
-Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг зарлалаа. Эхний ээлжинд 2020 он гэхэд үр дүнгээ өгнө гэж байсан. Энэ талаар та тодруулахгүй юу?
-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шат нь2020 онд дуусна. Дараагийнх нь 2025 он хүртэл хэрэгжих юм. Гэтэл 2030 он хүртэл тогтвортой хөгжилд хэрхэн яаж хүрэх дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө бидэнд байхгүй байна. Энэ төлөвлөгөөг гаргахын тулд 2025 он хүртэл хэрэгжих дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөөгөө боловсруулахажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх дунд хугацааны хоёрдугаар үе шатын нэгдсэн төлөвлөгөөг 2019 онд батлуулах зорилготой ажиллаж байгаа юм. Ингэснээр 2020 оноос хойш ажиллах Засгийн газрын мөрийн хөтөлбөр дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдаж, цэгцрэх бөгөөд бодлого төлөвлөлтийн шугам тавигдана. МУТХҮБ-2030 г хэрэгжүүлэх 2025 он хүртэлх нэгдсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж баталсанаар, бодлогын уялдаа холбоо, тогтвортой байдал, залгамж чанар хангагдах бололцоо бүрдэнэ.
2020 он хүртэлх нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг нэгтгээд Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулсан. 2020 он хүртэлх Засгийн газар яг ямар бодлого баримталж ажиллахаа энэ Гурван тулгуурт хөгжлийн бодлогоороо зарласан байгаа. Монгол Улсын хөгжлийн гурван багана нь “Хүн төвтэй нийгмийн бодлого”, “Олон тулгуурт эдийн засгийн бодлого”, “Тогтвортой, хариуцлагатай засаглалын тогтолцоог байгуулах” юм. Ингээд тогтвортой хөгжлийн 2020, 2025, 2030 он хүртэл богино, дунд, урт хугацааны бичиг баримтууд бүрэлдэж байна гэж ойлгож болно. Бүх салбар яамдууд, орон нутгийнхан манайхан энэ зорилтууддаа хүрэхийн тулд нэгдсэнтөлөвлөгөөтэй ажиллах шаардлага тулгарч байгаа.
-Гурван тулгуурт хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих үндэс нь юу вэ?
-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Засгийн газар хоёрдугаар сарын 6-нд баталсан. Одоо хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Энэ бодлогын баримт бичиг амжилттай хэрэгжихийн тулд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь чухал. Тиймээс Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бичиг баримт нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр байх юм. Хууль, журмын дагуу энэ хөтөлбөрт 30 тэрбумаас дээш ТЭЗҮ-тэй төслүүдийг салбар яамдуудтай олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж гаргаж ирсэн. Нийт 70 гаруй төсөл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан бөгөөд батлуулахаар ажиллаж байна.
-Эдгээр төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг тодотгохгүй юу. Хэзээнээс хэрэгжих боломжтой гэж харж байна вэ?
-Одоогийн байдлаар тэдгээр 70гаруй төслийг санхүүгийн дөрвөн эх үүсвэрээс босно гэж харж байгаа.Үүнд төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж юм.Энэхүү хоёр эх үүсвэрийг Сангийн яам хариуцаж байгаа. Харин төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концесс, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хэвшлээр хэрэгжих төслүүдийн ажлын зохион байгуулалт нь Үндэсний хөгжлийн газар дээр байна. Төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн учраас хөрөнгө оруулалтыг хугацаанд нь хийж чадвал 2020 он гэхэд хэрэгжих боломжтой.
-Эдийн засгийг хөдөлгөх хэд хэдэн багц төслүүд байгаа гэл үү. Аль салбарт түлхүү байна вэ?
-Монгол Улс Олон тулгуурт эдийн засагтай болохын тулд бүх салбараа хөгжүүлэх ёстой. Тиймээс ТЭЗҮ хийгдсэн төслүүд бүх салбарт байгаа. Том төслүүдийг нь сонирхуулбал, дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүчний хөгжлийн төслүүд байна. Эдийн засгийг босгох хамгийн том ажил бол Таван толгойн дэд бүтцийн багц төсөл. Тиймээс том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөө орон нутгаа хөгжүүлье гэвэл нэн тэргүүнд авто зам, төмөр замын ажлуудаа түргэвчлэх хэрэгтэй. Дан ганц зам тавиад зогсохгүй эргэн тойрных нь дэд бүтцийг шийдэж өгдөг эрчим хүчний асуудал чухал байгаа. Том бүтээн байгуулалтуудаа цогцоор нь хөдөлгөж байж цэгцэрнэ л дээ.
-Хүн төвтэй нийгэм бодлого гэж хөгжлийн бодлогодоо хэд хэдэн зорилт дэвшүүлсэн байна лээ. Манай улс хэзээ ядуурлаас гарах вэ?
-Хүн төвтэй нийгмийн бодлогын хамгийн чухал нь ядуурлыг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт юм. Өнөөдөр монголчуудын гуравны нэг буюу нийт хүн амын 29,7хувь нь ядуу байна. Энэ тоо хөдөө орон нутагт 35 хувьд хүрч байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж2020 он гэхэд ядуурлыг бүрэн хянадаг болно. Манай улсын хөгжлийн бодлого цэгцтэй төлөвлөгөөтэй болсноор энэзорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч чадах юм. Жишээлбэл, халамж хэрэгтэй иргэдэд халамжийн хөтөлбөрт оновчтой хамруулдаг, хэт бага орлоготой, ажлын байр олдохгүйбайгаа иргэдэд ажлын байр санал болгодог байдлаар төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын нийгмийн хариуцлагынхүрээнд хийж болно. Ядуурлыг хянадаг шалтгаанаар нь ангилсансистемтэй болбол 2030 он гэхэд манай улс ядуурлаас гарах боломжтой гэж үзэж байгаа.
-Тэгвэл сайн засаглалыг яаж бий болгох вэ?
-Төрийн алба бол залгамж чанартай байх ёстой. Улс төрийн болон төрийн албан тушаалтан хоорондоо ялгаатай. Улс төрийн сонгуулийн үр дүнд төрийн албан хаагчид өөрчлөгддөг энэ буруу жишгийг халж байж сайн засаглал тогтно. Тиймээс Төрийн албаны шинэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төрийн албанд орохыг хүссэн хүмүүс тодорхой босгыг давдаг болж байж энэ албанд тэнцдэг, хариуцлагатай, ёс зүйтэй нөхцөл бүрдэнэ л дээ.