“Тоонот” рекордсын уран бүтээлч Jason буюу Б.Баяржавхлантай ярилцлаа.
-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлд “Crush” нэртэй дуугаа гаргасан. Сүүлийн үед өөрийн цомгоо гаргахаар ажиллаж байна даа. Цомгоо гаргах хугацааг нарийн төлөвлөсөн зүйлгүй, ямартаа ч он гарахаас өмнө амжаад гаргана гэсэн бодолтой байна.
-“Тоонот 21х21” төслийнхөө хаалтын шоуг амжилттай хийлээ. Энэхүү төслийнхөө талаар хуваалцахгүй юу?
-“Тоонот 21х21” төслийг бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан анх наргиа маягаар ярилцаж байсан юм. Ярилцаж байх үед хийх боломжтой юм шиг санагдаад төслийг эхлүүлсэн дээ. “Тоонот” рекордсын продюсер Э.Дэлгэрмөрөн энэ ажлыг санаачлан бид дэмжиж оролцсон. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, аялан тоглолтоо хийлээ. Хөдөө орон нутгийн сонсогчдодоо бид ойн баярын бэлэг болгон уран бүтээлүүдээ илүү ойроос, чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн юм. Бид “Тоонот 21×21” төслийн хаалтын тоглолтоо үнэ төлбөргүйгээр Сүхбаатарын талбайд хийж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үзэгчдийн хандивласан хандивыг бид “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна.
-Таны хувьд анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?
-Ер нь багаасаа л урлаг, соёлд сонирхолтой байсан. Хүүхэд байхын аав, ээж хоёр минь дуу дуулуулах гэж багш хөлслөн, Casio хөгжим дарж дуулдаг байсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. 10 жилд байхдаа “Only Top” гэдэг хамтлагтай байсан. Үүний дараагаар “SS” хамтлагийн гишүүн болсон доо.
Долдугаар ангидаа “Хотын охид” нэртэй УСК-нд тоглосон юм. Энэ бол миний урлагт хөл тавих шалтгаан болсон байх.
-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй ч аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь санхүүч мэргэжилтэй. Хоёулаа төмөр замчин хүмүүс. Өөрийн дуулах авьяасаа ааваасаа л өвлөж авсан гэж боддог доо. Аав минь уртын, ардын дууг их сайхан дуулдаг байлаа.
-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо юуг хүргэхийг зорьдог вэ?
-Дуунууд минь миний өөрийн дуртай хийхийг хүсдэг байсан зүйлс. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдарч буй хүн. Тиймээс дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж буй уран бүтээлч.
Манай “Тоонот” рекордсын залуус бүгд уран бүтээлч залуус. Үзэл, санаа бодол нэгтэй залуучуудын нэгдэл гэж хэлж болно.
-Таныг үзэгчид “Учрал”, “Хүний цаана”, “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр мэддэг болсон. Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал их ирж байна уу?
-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Тийм учраас киноны саналууд ирсээр байгаа. Тоглох боломжтой кино төслүүд байвал хамтарч ажиллахад дургүйцэх зүйлгүй ажиллана.
-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан гэсэн. Театр танд ямар үр өгөөжтэй байв?
-Би Кино урлагийн дээд сургуулийг 2013 онд төгсчихөөд Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Тухайн хугацаандаа тоглогдож байсан бүхий л жүжигт жүжигчин, туслах най руулагчаар ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Тухайн үедээ уран бүтээлийн хамгийн анхны сууриа сайн тавиулсан гэж боддог. Сургуульд сурч байх үедээ мэдэж олж аваагүй олон зүйлсийг УДЭТ-аас мэдэж, сурч авсан даа. Миний сэтгэлд үлдсэн сайхан хамт олон.
-Таны хувьд амьдралдаа юуг чухалчилдаг вэ?
-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн тухтай орчин. Амьдралдаа чухалчилдаг зарчмын хувьд үнэнч байдал, тууштай хөдөлмөрийг хэлнэ.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?
-Уран бүтээлээ л цаашдаа үргэлжлүүлэн хийнэ. Ойрын үед цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажиллаж буй цомгийнхоо дараа дахин нэг цомгийн ажилдаа орох байх. Уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээлч байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна тэр хүндэтгэлийг дааж явахыг хичээдэг дээ.