Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөр: Улс орны хөгжил эрдэмтдээсээ асуулт асууж, сонсохоос эхэлдэг

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Магистр, докторын сургуулийн захирал Биологийн ухааны доктор, профессор Б.Баттөртэй ярилцлаа.


-Та Биологи, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн болсон тухайгаа эхлээд ярихгүй юу?

-Би 1991 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад судалгааныхаа үр дүнгээр 1998 онд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. ХААИС-ийн харьяа мал эмнэлгийн хүрээлэнгийн паразитологийн лабораторид 1991-2001 он хүртэл ажилласан. 2001-2002 онд энэ сургуулийнхаа халдварт өвчин судлалын тэнхимд паразит судлалын багшаар ажилласан. Харин 2003-2007 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирлаар ажиллаж, 2007-2009 он хүртэл Японы Кагошима их сургуульд зочин судлаачаар ажилласан. Тэгээд 2009 онд Монголд буцаж ирээд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2010 оноос ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирлаар ажиллаж байна. Монголдоо буцаж ирснээс хойш Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторид хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн гурван төслийн удирдагчаар ажиллахын зэрэгцээ сүүлийн таван жил Япон-Монголын хамтарсан “САТРЕПС” төслийн дэд удирдагч, менежер, Хятад-Монголын хамтарсан судалгааны төслийн удирдагч гэх мэт арваад төсөл хөтөлбөрийг удирдан ажиллалаа.

-Хятад-Монголын хамтарсан ямар төсөл дээр ажилласан бэ?

-БНХАУ-ын Шанхайн Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтраад хүнсээр дамжин халдварладаг өвчний оношилгооны технологийг боловсронгуй болгох сэдэвт төслийг Мал эмнэлгийн хүрээлэнгийнхээ молекул генетикийн лаборатори, Хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн лабораторийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж байна.

-Магистр, докторын сургуульд хичнээн оюутан суралцаж байна?

-ХААИС нийт 10 мянга гаруй оюутантай. Үүнээс 3800 оюутан магистр, докторт суралцаж байна. 3300 магистрант, үлдсэн 500 орчим оюутан нь докторт суралцдаг. Манай сургууль бүрэлдэхүүний таван сургуультай, Дарханд салбар сургууль нь байдаг. ХААИС-д үндэсний хэмжээний дөрвөн хүрээлэн харьяалагддаг. Манай сургууль судалгаанд суурилсан их сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна. Магистр, докторт сурч байгаа оюутнууд хөдөө аж ахуйн бүх чиглэлээр суралцдаг. Докторын 29, магистрын 44 хөтөлбөрөөр суралцуулж байна. Нийтдээ мал эмнэлгийн салбар, мал аж ахуйн салбар, ургамал газар тариалангийн салбар, эдийн засаг бизнесийн салбар, газар экологи, хөдөө аж ахуйн инженерийн бүх чиглэлээр сургадаг.

-Танай сургуулийн “Малчны анги” одоо байгаа юу?

-Хуучин “Мэргэжилтэй малчин” бэлтгэе гээд сургалтууд явуулдаг байсан. Одоо бол малчны анги байхгүй.

-Манай улсын хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэгтэй. Үүнд энэ чиглэл салбарын сургалт, мэдлэг, мэргэшсэн мэргэжлийн хүчин чухал үүрэг гүйцэтгэх байх. Танай сургууль ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн хамгийн том зорилго нь судалгааны их сургууль болох зорилготой. Судалгааны их сургууль юугаараа ялгагддаг вэ гэхээр багш профессорууд нь өөрсдөө зөвхөн мэдлэгийг дамжуулдаг биш, мэдлэгийг бий болгодог судалгаа хийдэг байх хэрэгтэй. Бид аль болох ахисан түвшний сургалтад анхаарах, сургалтын тоо, чанарыг нэмэгдүүлэх,гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа судлаачид дэлхийн түвшинд судалгааны ажлыг хийж олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний томоохон өгүүллүүдийг нийтлэх бодлого баримталдаг. Энэ нь тухайн их сургуулийг дэлхийн хэмжээний сургуулиудтай өрсөлдөх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, их сургуулиудыг эрэмбэлэхэд хамгийн чухал үзүүлэлт болдог. Тийм учраас бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургууль болох том зорилтын төлөө манай хамт олон ажиллаж байгаа.

-Сургалт, судалгааны ажил явуулахад хүндрэлтэй ямар асуудал тулгарч байна?

-Манай сургууль төрийн өмчит их сургууль боловч зөвхөн оюутнуудынхаа төлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Төрөөс олгох ёстой санхүүжилтээ огт олгодоггүй. Манайх улсаас 1,8 тэрбум төгрөгний авлагатай. Энэ нь дулаан, цахилгааны суурь санхүүжилт гэж явдаг. Үүнийг олгохгүй байна. Харин улсын төсвөөс их сургуульд шинэ хичээлийн байрын барилга баригдаж байгаад их сургуулийн боломж чадавхыг дээшлүүлэх их ач холбогдолтой ажил боллоо хэмээн манай хамт олон энэ жилдээ багтаан хүлээж авахаар бэлтгэж байна.

-Та сургалт судалгааны эрдмийн ажил хийнгээ оюутнууддаа хичээл заадаг уу?

-Би хөдөө аж ахуйн салбарт ХААИС, мал эмнэлгийн хүрээлэнд 28 жил ажилласан. Яг багшилсан нь 4-5 жил. Магистр, докторын ахисан түвшний сургалтын бодлогыг сүүлийн арваад жил зангидан удирдаж ажиллаж байна. Ахисан түвшний сургалтаараа бид чадварлаг судлаачид, мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргахыг зорьдог. Энэ ч үүднээсээ өөрөө мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт шилдэг технологиудыг бий болгох чадвартай шилдэг судлаачдыг бэлтгэж гаргахад анхаарч ажиллаж байна. Мэдээж хэрэг ХААИС-ийн Магистр Докторын Сургуулийг хариуцдаг хүнийхээ хувьд магистр, докторын сургалтыг аль болох олон талын чадварлаг мэргэшсэн эрдэмтдийг сургалтад оролцуулан тэднээрээ дамжуулан чадварлаг мэргэжилтнүүд, эрдэмтдийг бэлтгэж мэргэшүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг.

-Сүүлийн жилүүдэд сургалт судалгааны ямар ажлууд хийсэн бэ?

-Олон чиглэлд хөдөө аж ахуйн бүх салбарт сургалт судалгааны ажлуудыг тогтмол хийж байна. Эдгээрээс дурдвал, тогтвортой хөгжлийн төлөө Япон-Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааг дэмждэг САТРЕПС хөтөлбөрийн судалгааны төслийг Монгол Улсад анх удаа судалгааны багаараа хэрэгжүүллээ. Энэ төсөл нь Японы Засгийн газраас буцалтгүй тусламж хэлбэрээр Японы нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны сан болон ЖАЙКА байгууллагаас нийтдээ 4,5 сая доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй байлаа. Төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори лабораторийн нэлээд тоног төхөөрөмжийг шинээр нийлүүлсний дээр нэг залуу судлаач докторын зэргээ Япон улсад хамгаалсан бол 20 гаруй хүнийг урт, богино хугацаагаар Япон улсад сургаж дадлагажууллаа. Монгол залуу судлаачид маань Японы судлаачидтай ижил түвшинд ажиллах чадвартайг ч харуулаад авлаа.

-Япон-Монголын эрдэмтэд хамтарч ямар чухал судалгааны үр дүн гаргасан бол?

-Япон-Монголын хамтарсан судалгааны баг маань “Монгол оронд эгэл биетүүдээр дамждаг өвчнүүдийн тархалтын судалгаа, оношилгооны аргуудыг боловсронгуй болгох” сэдэвт Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны САТРЕПС төслийн үр дүнгээ саяхан зургадугаар сард хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн үр дүн нь судалгаа боловсруулалтын ажлын хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан гүйцэтгэсний дээр гарсан үр дүн нь шууд үйлдвэрлэлд нэвтэрч эхэлснээрээ бусад оронд хэрэгжсэн САТРЕПС төслүүдээс онцлогтой байсныг төслийн үр дүнг хүлээж авсан Япон-Монголын хамтарсан үнэлгээний баг өндрөөр үнэлснийг зориуд тэмдэглэхэд таатай байна. Төслийн хүрээнд цусны паразитаар үүсгэгддэг өвчнүүд болох хачигийн халуун, адууны нийлүүлгийн өвчнүүдийн үүсгэгчдийн цэвэр өсгөврүүдийг лабораторийн нөхцөлд ялган авч эдгээр өсгөврүүдээс гарган авсан өвөрмөц рекомбинант уургуудыг ашиглан дөрвөн төрлийн өвөрмөц оношлуурууд, түүний дотор адууны нийлүүлгийн өвчнийг малын бэлчээрт нь 10 хүрэхгүй минутын дотор оношлох боломжтой түргэвчилсэн оношилгооны тестийн технологийг боловсруулан бүх оношлуурууд маань малын эмч нар болон мал эмнэлгийн лабораторийн оношилгоонд ашиглагдаж эхлээд байна. Оношлууруудыг маань үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Монгол Улсын Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэлд талархлаа илэрхийлье. Шижлэх ухаан талаасаа ч манай төсөл маш ололттой байлаа. Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийг лабораторийн өсвөр болгон гарган авсан үр дүн маань олон улсад үнэлэгдэж шинэ эмийн бодис турших, шинэ вакцин гаргах, шинэ төрлийн оношлуурын судалгаанд олон улсын хэмжээнд шинэ хэрэглэгдэхүүн болж байгаад бид их сэтгэл хангалуун байгаа. Манай судалгааны хамтарсан баг дэлхийд сүүлийн 40 жилд гаргаж авч чадаагүй байсан адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийг нь өвчтэй адуунаас ялган авч зохиомол орчинд буюу лабораторийн орчинд өсгөврлөж тогтвортой омог гарган авсан.Түүнчлэн дээр дурдсан өвчнүүдийн тархалтын судалгааг Монгол орны бүх аймгийг хамруулан судалж тархалтын зураглалуудыг гаргалаа. Хийсэн судалгаануудынхаа үр дүнд тулгуурлан эдгээр өвчнүүдтэй тэмцэх зааврыг боловсруулан батлууллаа.

-Та “Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас” хэмээх бүтээл хэвлүүлсэн гэсэн?

-Мал эмнэлгийн ухааны доктор профессор Б.Батцэцэг захирал, дэд профессор Н.Дамбий багш бид гурав нийлээд “Монгол орны мал, амьтны паразитын ангилал зүйн нэгдсэн атлас”нэртэй томоохон бүтээлийг хэвлүүлэн гаргаад байна. Энэхүү ном 800-гаад хуудастай, 384 мал амьтанд шимэгчилдэг паразитыг нэгтгэж бидний үеийн болон биднээс өмнөх үеийн хүн эмнэлэг, мал эмнэлэг, биологийн салбарын эрдэмтдийн судлан тодорхойлсон Монгол оронд байдаг зүйл зүйлийн эгэл биетэн, хорхой шавж, хачиг, шимэгчдийн бүх зүйлийг олон салангид эх сурвалжид байсныг нэгтгэн ном буюу монограф болгож гаргасан гэж хэлж болно. Энэ ном бол маш олон эрдэмтэд судлаачдын олон жилийн хөдөлмөр болсон судалгааны үр дүнг нэгтгэсэн том бүтээл юм. Түүнчлэн өвчин үүсгэгчийг таних, биологи болон тархалтыг нь мэдэхэд гарын авлага болж байна. Мөн судлаачид төдийгүй практикт ажиллаж байгаа хүний эмч нар болон малын эмч, биологичид, энэ чиглэлээр сонирхон суралцаж байгаа оюутнуудад ач холбогдолтой бүтээл юм.

-Өнөөдөр шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болох гэж байна?

-Энэ чуулганыг их сургуулийн болон хүрээлэнгийн эрдэмтэд маш их хүлээж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү хурлаар шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд шийдчих болов уу гэж хүлээгээд байгаа шүү дээ. Тиймээс энэ их хурлын үр дүнд шинжлэх ухаанд зарцуулдаг төсөв хөрөнгө бодитойгоор нэмэгдэж шинжлэх ухаанд хандах хандлага, эрдэм шинжилгээний ажлын үнэлэмж, судлаачид, эрдэмтдийн үнэ цэнэ нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулсан шийдвэр гарах байх гэсэн хүлээлт салбарынхны дунд их байна. Мөн их, дээд сургуулиудыг шинжлэх ухааны бодлогоор дэмждэг болоосой. Ялангуяа ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх алхам хийгдэх байх гэж харж байна.

-Эрдэм шинжилгээний салбарыг манай улс хэр дэмжиж байна вэ?

-Манай улс сүүлийн 30 жил эрдэмтдээ тоосонгүй шүү дээ. Уг нь улс орны хөгжил эрдэмтдээсээ асуулт асуухаас эхэлдэг байхгүй юу. Манай улс эрдэмтдийн үгийг биш, улстөрчдийн үгийг их сонсдог болчихсон. Шинжлэх ухаан улс орныхоо хөгжлийг хөтлөгч байх ёстой юм. Дэлхийн ямар ч улс оронд ийм л байдаг. Энэ бодлого манайд их алдагдсан. Үүнийг төр засаг маань анхаарч эхэлж байгаа нь энэ удаагийн шинжлэх ухааны их хурал зохион байгуулагдаж байгаагаар харагдаж байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *