Уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа.
-Хамгийн сүүлд уртын дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Сүнжидмаа” дууг дуулсан байсан. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Сүнжидмаа” хэмээх дууг ардын дуучин Б.Алтанжаргалтай хослон дуулсан байгаа. Бидний мэдэх нь цөөн хэдэн бадаг боловч, энэ дуу хорь гаруй бадаг байдаг юм билээ.
Одоогоор хөгжмийн зохиолч Б.Чинбат ахын намар болох тоглолтод амьд хөгжимтэй дуулахаар зэхэж байна. Мөн бодож төлөвлөсөн уран бүтээлүүд дээрээ ажиллана. “Уртраг жаран”, “Навчтай мод” зэрэг цөөнгүй ардын болон уртын дууг сэргээн дуулсан. Энэ дуунуудаа дүрсжүүлж ард түмэндээ хүргэнэ гэсэн бодолтой байгаа даа.
-Хамгийн анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байв даа?
-Би 2013 онд, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг багшийн минь дуулж олон түмэнд хүргэсэн соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, яруу найрагч Долгорын Нямаа гуайн шүлэг, Галтайн Балжинням гуайн аялгуу “Тэмээний дэргэд дуу дуулахад” хэмээх сайхан дууг дуулсан. Энэ миний хамгийн анхны дүрсжүүлсэн дуу юм л даа. Дараа нь “Талын таван толгой”, мөн ардын хэв маяг бүхий “Учирсан зүг” хэмээх нийтийн дууг дуулсан.
-Хэдийнээс дуулж эхлэв. Ер нь яагаад ардын болоод уртын дууг сонгон дуулах болсон юм бэ?
-Миний аав болон эмээ их сайхан дуулдаг. Аав минь сумынхаа сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг. Харин уртын дууг дуулах үндэс суурийг тавьж өгч, хөтөлж оруулсан хүн бол миний эмээ юм. Анх намайг наймдугаар ангид орсон жил эмээ минь уртын дуу зааж өгсөн л дөө. Яг тэр үед манай суманд “Хасбанк”-ны нээлт болж, театр дээр урлаг соёлын тоглолт, өдөрлөг болдог юм байна. Эмээгээ дагуулаад л яваад очлоо. Харин тэрхүү өдөрлөгт азтан шалгаруулж, би касио хөгжим хожсон шүү. Ингэж эмээ бид хоёр хөгжимтэй болж, их баярлаж билээ. Хөгжимтэй болсных уртын дуугаа улам л мэрийж сурах болсон. Эмээ минь хажуудаа суулгачихаад “За одоо дуул” гээд л хэлнэ. Хамгийн анх “Идир жинчин” хэмээх уртын дууг эмээ минь зааж өгсөн. Говь, тэмээ, жинчдийн тухай өгүүлдэг дуу юм. Хүүхэд байсан болоод ч тэр үү уртын дуу сурах амаргүй байсан шүү. Тухайн үед төвөгтэй санагддаг байлаа. Эргээд бодоход уртын дуугаа ойлгодоггүй байж. Харин сүүлдээ уртын дуундаа дуртай болж, улам шимтэн, шинэ дуунууд суръя гэж эмээгээ тэвдүүлэх болсон доо. Харин дараа нь “Саран хөхөө” театрын уртын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэндэжид хэмээх сайхан эмэгтэйн шавь нь болсон. Багш минь надад олон ч дуу зааж өгсөн дөө.
-Улмаар СУИС-ийн уртын дуучны ангид элсэн орсон уу?
-Яг үнэндээ дуучин болно гэж боддоггүй байсан юм. Барилгын архитектурч болно гэсэн бодолтой, сонирхолтой байсан л даа. Харин Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцсоноороо дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн л дээ. Учир нь би тэрхүү улсын уралдааны хоёрдугаар байрт орсон юм. Гэтэл манай тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэд агсан тэрхүү уралдааныг үзчихээд “Хэрэв зээ, чи дуучин болох юм бол, сургалтын төлбөрийг чинь даана” гэдэг юм байна. Энэ нь надад их том боломж шиг санагдсан. Ингээд л Соёл урлагийн их сургуулийн босгыг алхаж байлаа.
-Хэн гэдэг багшийн удирдлагад хичээллэж байв. Багшийнхаа тухай яриач?
-Үндэсний их баяр наадмынхаа өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан Б.Батболд багшийнхаа шавь нь болж байлаа. Манай багшийн нэг онцлог байдаг. Тэр нь тухайн хүний онцлогийг гаргаж, өөрийг нь өөрөөр нь хөгжүүлэх. “Чи энийг яг ингэж хий. Энэ сард энэ гурван дууг л сур” гэж хэлдэггүй. Харин ерөнхий суурийг нь тавьчихаад “Чи юу дуулмаар байна тэрийгээ дуул” л гэнэ. Ер нь багшийнхаа хажууд сайн дуулж байгаад, сургуулиа төгсөөд багшгүй болчихоороо яг өмнөх шигээ байж чадахгүй тохиолдол гардаг юм байна л даа. Багш минь үүнд сургахгүй байхыг эрмэлздэг байж дээ гэж бодогддог юм. Үүнээс гадна хувь хүн талаасаа бидэнд их үлгэр, дуурайл болдог. Тиймдээ ч багшаараа бахархдаг даа.
Манай багшийн үед жилдээ ганц нэгхэн уртын дуучин, зарим жилдээ төгсөлтгүй байх үе ч байсан юм билээ. Харин бидний үед уртын дуучнаар сурах хүсэлтэй залуус их болсон юм шиг санагддаг. Манай анги гэхэд л хорь гаруй хүүхэдтэй байлаа. Ямартай ч багшийн минь ач гавьяагаар чадварлаг сайн дуучид төрсөн гэж боддог. Бүгд л орон нутгийнхаа театруудад мөн чөлөөт уран бүтээлч хийн тус тусын уран бүтээлээ туурвиж байна.
-Ер нь уртын дуучны онцлог давуу тал нь юу байдаг юм бол?
-Миний анзаарснаар уртын дуу хүний зан араншинд их нөлөөлдөг шиг санагддаг. Уртын дуучид аядуу тайван, аливаад адгаж яардаггүй хүмүүс байх нь олонтаа. Миний хувьд ч ийм зан араншинтай шүү. Уртын дуунаас гадна, өсөж төрсөн говь нутаг минь нөлөөлдөг юм болов уу даа.
-Та аль нутгийн хүн бэ?
-Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат л даа. Миний бага нас хөдөө, ахуйн соёлтой тун ойр өнгөрсөн. Үүндээ их баярлахын сацуу хүмүүст хэлж, ярихдаа их дуртай. Би бүр багадаа хурдан морь унаж, эмнэг сургадаг байсан шүү. (инээв). Гэхдээ төв суурин газар суугаад, монгол ахуйгаасаа бага багаар холдоод л байна. Бас хүүхдүүдээ ч хөдөөний борогшуу болгож чадахгүй байгаадаа бага зэрэг сэтгэл дундуур явдаг юм.
Ямартай ч бусад аймагтай харьцуулахад манайх цөөхөн дуучинтай л даа. Тиймдээ намайг их дэмжинэ. Уран бүтээл бүрийг минь шимтэн үздэг. Энэ их сэтгэл, итгэлийнх нь хариуг олон сайн уран бүтээлээр хариулах юмсан даа гэж хүсдэг юм.
-Цаашид ямар дуунуудыг сэргээж дуулах бодолтой байна вэ?
-Би Говийн ноён хутагт Данзанравжаагийн бүтээл туурвилыг өөрийнхөө хэмжээнд судалдаг л даа. Энэ чиглэлээр СУИС-аа төгсөхдөө дипломоо хамгаалж байлаа. Тэр гайхалтай хүний зохиосон маш сайхан дуунууд байдаг. Мэргэжлийн уртын дуучдын уралдаан болоход тодорхой хэдэн дуунаас сонгож дуулах хэрэгтэй гэдэг л дээ. Харин тэрхүү жагсаалтаас нь харахад бараг ихэнх нь Данзанравжаагийн бүтээл туурвил байдаг. Гэхдээ Данзанравжаа гуайн дуу гэхэд хүмүүс ихэвчлэн эргэлздэг. Тиймээс миний хувьд домог зэргийг нь судалж тэр гайхалтай хүний уран бүтээл гэдгийг батлах, үзэгчдэдээ хүргэнэ гэсэн том зорилготой доо.
Мөн Дорноговийн “Алтан говийн унага”, “Бүргэд хоншоортой бор” зэрэг сайхан дуунуудыг зохиосон Банзрагч гэдэг хүн байдаг. Энэ хүний дуунуудыг сэргээн дуулах бодолтой байгаа. Нутагт минь авьяас билигтэй сайхан хүмүүс байдаг шүү. Тэр дунд “Саран хөхөө театр”-т бүхий л амьдралаа зориулсан Андуу хэмээх сайхан буурай бий. Түүнийг Дорноговийн гаралтай төдийгүй, Монгол ардын дуунуудын өвлөн тээгч гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ сайхан хүмүүсээс суралцаж, судалж мэдэж цаашдын уран бүтээлдээ тусгах бодолтой байдаг.
Ер нь аливаа зүйлд уламжлал, басхүү шинэчлэл хэрэгтэй. Тиймээс ардын дуугаа үндэсний хөгжим болон орчин үеийн хөгжимтэй хослуулах нь зөв гэж ойлгодог юм. Тэгж байж залуу үеийнхэн илүү сонирхож, ойлгох байх. Тэгээд ч ардын дуу маань ямар ч хөгжимтэй хосолж чаддаг нь үнэхээр гайхалтай шүү. Би сургуулиа төгсчихөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн театрт ажиллаж байлаа. Тэгэхэд дандаа морин хуур, лимбэ, цөөхүүл, оркестртойгоо дуулж байсан. Мөн “Никитон” хамтлагийнхантай хамтран уран бүтээл хийж байлаа. Аль аль нь л сонсголонтой байдаг шүү. Ямартай ч жилээс жилд манай залуус ардын дуугаа сонсох, дуулах дуртай болж байна. Үүнд их баярлаж, урамшиж явдаг.
-“Марко Поло” киноны хоёрдугаар ангид дуулсан гэж сонссон юм байна. Ямар дуу дуулсан бэ?
-2015 оны зун Унгарт “Марко Поло” киноны хоёрдугаар анги хийгдэж байсан. Тэр үеэр кинонд уртын дуугаа дуулж дүрээ мөнхлөх боломж олдсон юм. “Зээргэнтийн шил” хэмээх уртын дууг дуулсан. Ер нь гадныханд бид тэс өөр ертөнц байгаа юм л даа. Зөвхөн зүс царай гэлтгүй манай урлаг, тэр дундаа уртын дуу. Уртын дуу бол Монголыг танилцуулж, нэрийн хуудас нь байж чаддаг. Миний хувьд энэ сайхан урлагаараа үргэлж бахархаж явдаг даа.
-Ардын дуучин хүний нэг онцлог нь үндэсний хувцсаараа ихэвчлэн гоёдог. Ер нь хувцасныхаа донж маягийг хэрхэн тааруулдаг вэ?
-Би энгийн үед өмсөж болохуйц үндэсний хэв маягтай хувцсаа өөрөө оёчихдог. Харин тайзны хувцсыг мэргэжлийн түвшинд урласан байх ёстой гэж ойлгодог. Ерөнхийдөө хэсэг хугацааг өнгөрүүлээд л тайзны хувцаснуудаа шинэчилдэг. Уран бүтээлдээ тохируулахаас гадна ойрд өмсөөгүй өнгө, загвараа сонгон хийлгэдэг.
-Дуу дуулаад өгөөч гэсэн санал хэр их ирдэг вэ?
-Ер нь цөөнгүй ирдэг шүү. “Дууны үг тарни байдаг” гэдэгчлэн миний хувьд тухайн дууны үгийг их анзаарч хардаг. Мөн ардын хэв маягтай дууг дуулахыг илүүд үздэг юм. Нийтийн, ардын, эсвэл уртын дуу гээд холиод байх нь тийм ч таатай биш болов уу гэж ойлгодог.
-Та гэр бүлээ танилцуулаач?
-Манайх ам бүл дөрвүүлээ. Миний ханийг Г.Наранбат гэдэг. Морин хуурч залуу бий.