Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Өлзий: Төрийн наадмын гурван түрүү хүртсэн ах нартайгаа их шөвөгт үлдэж түрүүлсэндээ сэтгэл өндөр байна

Тийн унжлагат хэмээх нохой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд найм давж түрүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.


-Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргадаг чансааг жилийн турш тэргүүлж үүнийгээ баталж, сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Бөхчүүд сар шинийн барилдаанаар ирэх жилийнхээ өнгийг тодорхойлдог шүү дээ. Энэ барилдаанд амжилттай барилдсан бөхчүүд улсын наадмаар цолоо ахиулах нь олон байдаг?

-За, сар шинийн барилдаанд зориулж бэлтгэлээ жигд сайхан базааж түрүү бөхөөр тодорсондоо баяртай байна. Дээр үеэс монголчуудад уламжлагдаж ирсэн энэ том барилдаанаар бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэж үздэг. Сар шинийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, дээгүүр барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ улсын наадамд амжилттай барилдаж цолоо ахиулсан тохиолдол олон л доо. Үүнийг их бэлгэшээж байгаа шүү.

-Сар шинийн барилдааны бэлтгэлээ хаана базаасан бэ. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Миний бэлтгэл жигдхэн сайн байсан. Ганц минийх ч биш бөхчүүдийн бэлтгэл сайхан ханасан байна лээ. Сар шинийн барилдааны даваа бүр л хүнд байлаа.

-Дөрвийн даваанд улсын харцага О.Хангайтай оноолт таарсан нь олон бөх сонирхогчдын анхаарал татаж байсан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Надтай нэг үед гарч ирж тэнцүүхэн өрсөлдөж байгаа О.Хангай харцагатай таарч барилдахдаа “Би давчихвал цаашаагаа түрүүлэх боломж их байгаа шүү” гэж бодоод л барилдсан.

О.Хангай сар шинийн барилдаанд тогтмол дээгүүр барилддаг хоёр ч удаа үзүүрлэсэн бөх болохоор тэр. Бид хоёр чинь Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан чансааг бүтэн тэргүүлж байгаа шүү дээ. Цаашдаа ч олон удаа таарч барилдаж бие биенийгээ ирлэж, хурцалж өгөх байх даа.

-Та зургаагийн даваанд Увс аймгийн харьяат улсын харцага Т.Баасанхүүтэй тунасан. Уран барилдаант харцагатай яаж барилдахаар төлөвлөж байсан бэ?

-Манай Т.Баасанхүү чинь уран дайчин барилдаанаараа бөх сонирхогчдын талархлыг хүлээсэн бөх. Их хурдтай, тэсрэлттэй барилддаг харцагатай тогтоож, хараатай барилдана л гэж бодож байсан даа. Давуулж бариад хутгахад нь зөрүүлж мушгиад давсан.

-Энэ том барилдааны их шөвөгт аварга, арслангуудтай шалгарч үлдээд юу бодож байв. Яаж барилдахаар төлөвлөж байв?

-Бөхийн барилдааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж бид дөрөв шалгарч үлдсэн. Ч.Санжаадамба аваргыг ам авахаар гарын даа нарын зүг хандахад нь “намайг амлах болов уу” гэж таамаглаж байсан ч аварга П.Бүрэнтөгс арсланг амласан. Тэгээд л өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Ц.Содномдорж арслантай тунаж барилдаад давсан. Төрийн наадмын гурван түрүү хүртсэн сайхан ах нартайгаа үнэн хүчийг үзэж барилдаж түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.

-“Сар шинийн барилдаан сайхан боллоо” гэж бөх сонирхогчид дор бүрнээ ярьцгааж байна. Сар шинийн барилдаанд түрүүлэхэд Ховд нутгийн зон олон их баярласан байх. Таны хувьд сар шинийн барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн харьяат анхны бөх боллоо шүү дээ?

-Нутгийн маань зон олон их баярласан байх. Олон ч хүн баяр хүргэж амжилт хүсч байсан. Сар шинийн барилдаан 1963 оноос хойш зохиогдоход манай Ховд аймгийн бөхчүүд түрүүлж хараахан амжаагүй байсан. Аймгийнхаа бөх сонирхогчдын хүлээлтийг тайлж “бага наадам”-ын түрүү бөхөөр тодорсондоо их баяртай байгаа.

-Бөх сонирхогчдын тааврыг ажиглахад түрүү, үзүүр бөхчүүдийн жагсаалтад таны нэр харагдахгүй байсан. Олон хүний таавар эвдэж хүчтэй арслангуудыг давж түрүүллээ дээ?

-Таавар тухайн хүний хувийн үзэл бодол юм даа. Зарим бөх сонирхогчид таавартаа өөрийнхөө дэмждэг бөхийн нэрийг бичих нь ч бий. Бөхийн өнгийг хараад мэддэг хүмүүс ч олон байгаа. Намайг түрүүлнэ гэж тааварласан хүмүүс ч цөөнгүй байсан болов уу.

-Сар шинийн босгон дээр таныг “Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос “Үзэгчдээ дээдэлдэг бөх”-өөр тодруулж шагнал гардуулж байсан?

-Монгол үндэсний бөх гэдэг бидний том өв соёл эрийн гурван наадмын нэг. Энэ их өв соёлоо мэддэггүй, дээдэлдэггүй монгол эр хүн гэж байдаггүй. Бөхчүүд чинь ард түмнийхээ хайр хүндэтгэлээр өдий зэрэгтэй явж байгаа. Үзэгчдээ хүндэлж намраас хойш 13 барилдаанд тасралтгүй зодоглож энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. Цаашдаа ч барилдаан алгасалгүй зодоглож байхыг хичээнээ.

-Төрж өссөн нутаг, аав ээж, гэр бүлийнхээ талаар танилцуулаад ярилцлагаа өндөрлүүлье.

-Алс баруун хязгаар, Алтайн өндөр уулсын дунд орших Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээдэг шиг өсч төрсөн нутгаараа бахархаж, хайрлаж явдгаа. Миний аав Баярхүү, ээж Замбалцэцэг нар маань малчин хүмүүс. Би одоо эхнэр, охины хамт амьдарч байна даа. Сар шинийн баяраар нутагтаа очиж ээж, аавдаа золгож амжаагүй л явна. Ярилцлагын төгсгөлд Монголын ард түмэн болон намайг дэмждэг Ховд аймгийн Зэрэг сумын зон олон доо сар шинийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсье.

О.ДАШНЯМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *