Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Үгсэн хуйвалдсан шатахуун импортлогч 26 ААН-ийг торгосон ч шүүх өнөөдрийг хүртэл шийдээгүй байна DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж буй. Энэ хуульд өөрчлөлт оруулах ямар зайлшгүй шаардлага тулгарсан бэ?

-Хэрэглэгчийн эрх өнөөдөр зөрчигддөггүй байх ёстой. 2003 оны шинэчилсэн найруулгаас хойш 22 жилийн дараа хийгдэж байгаа шинэчилсэн найруулга. Энэ хугацааг эргээд харвал цахим худалдаатай холбоотой асуудлууд яригдаад эхэлсэн. Алсын зайн худалдаа эрхлэхтэй холбоотой асуудлууд хөндөгдөөд эхэлсэн байна. Дэлхийн улс хоорондын худалдааны гэрээгээр зохицуулагддаг маш олон харилцаанууд шинэчлэгдсэн байна. Бид дагнасан хэлбэр дээр, салбар болгон дээр хэрэглэгчийн эрх зөрчигдөж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Энэ дээр үүсч байгаа асуудлууд байна.

-Тухайлбал?

-Хэрэглэгч 5000 төгрөгөөр хохироод үлддэг биш, 50 мянган төгрөгөөр хохирсон иргэн тухайн хохирлоо барагдуулахын тулд өмгөөлөгч авах шаардлагатай болдог. Өмгөөлөгчийн хөлс сая төгрөг. 50 мянган төгрөгөөр хохирсон иргэн хэзээ ч өмгөөлөгч аваад, шүүхийн харилцаанд орохгүй. Тиймээс бид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрхэн үйл явцыг хялбаршуулах вэ, тухайн хохироосон байгууллага шууд төлбөрийг гаргаж өгдөг хэлбэр лүү шилжүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгэхгүй бол нэг хэрэглэгч дээр 50 мянган төгрөг мэт боловч эргээд харахад нэг сая хэрэглэгчийн хувьд 50 мянган төгрөг хэдэн төгрөг болох вэ гэдэг асуудал. Энд нөгөө аж ахуйн нэгжүүдийн хууль бусаар олж байгаа мөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа та хэрэглэгчдийн төлөө тодорхой ямар ажлууд хийсэн бэ?

-Би IPTV-тэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Автомат сунгалт хийгддэг. Тухайлбал, хэрэглэгч хүүхэд өөрийнхөө дуртай багцыг сонгоод орхичихдог. Гэтэл гурав, дөрөв, магадгүй зургаан сар, жилийн хугацаанд мэдэгдэхгүйгээр цаанаас нь автомат сунгалт хийгдсэн тохиолдол байсныг зогсоосон. Намайг ШӨХТГ-ын даргын ажлаа өгсний дараа энэ дахиад хуучин хэлбэртээ орсон байна. Энэ байгууллагын дарга хэн байхаас үл шалтгаалаад, тэр хэрэглэгч хохирохгүй байх тогтолцоо нь өөрөө хэрэгжих ёстой. Энэ хаана байна вэ гэхээр нөгөө хуулийн хэрэгжилт буюу санкц дээр асуудал байгаад байгаа юм аа гэсэн үг. Тэнд тодорхой арга хэмжээ авахгүй байгаад байгаагаас тухайн байгууллагууд үзэмжээрээ хандаж байна.

-Хуулийн төслийг боловсруулах хүрээнд “Хэрэглэгч, түлш эрчим хүч” сэдвээр анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Оролцогчид эрчим хүчний татаасын асуудлыг хөндөж байна. Энэ боломжтой юу?

-Сэргээгдэх эрчим хүчний тариф байна. Эрчим хүчнийхэн “Бид хуучин бичилт дээр бичдэг байсан, одоо бичихээ больсон” гэж хэлж байна. Гэхдээ хасаад л байгаа юм. Бидний үндсэн зарчим, Хэрэглэгчийн тухай хууль дээр ямар зарчим баримталдаг вэ гэхээр нэг талдаа “Хүн хэрэглээгүй зүйлийнхээ төлбөрийг төлөх ёсгүй”. Нөгөө талдаа тухайн төлбөр хураамжийг төлөхдөө хэрэглэсэн хэмжээгээрээ л төлөх ёстой. Яагаад вэ гэхээр, хэрэглэгч гэж хэн бэ гэдэг хуулийн заалт бол хэрэглэгч өөрийнхөө хэрэглээнд ашиглахаар авсан бараа бүтээгдэхүүнээ худалдан авна. Нөгөө талдаа төрийн үйлчилгээг хэлдэг. Тухайлбал, Үндэсний олон нийтийн радио телевизийн хураамжийг яагаад цахилгааны төлбөр дээр нэмж авах ёстой вэ гэх мэт асуудал байна. Хэрэглэгч төлөхгүй гээгүй шүү дээ. Гэхдээ яагаад цахилгааны төлбөртэй нийлүүлж авч байгаа юм бэ. Өнөөдөр бэлэн мөнгөө бариад, кассанд төлөхөөр явдаггүй болсон. Бүгд цахимжсан. Бүгд банкны аппликэйшнтэй болсон. Заавал нэг байцаагч очиж төлбөр нэхдэг байсан 1990 оны системийг 2025 онд яагаад хэвээр нь үргэлжлүүлэх ёстой гэж. Яагаад өнөөдөр шугамын радиогийн мөнгөө авсаар байгаа юм бэ гээд энэ бүгд жишээнүүд байхгүй юу. Тэгэхээр бид цаашдаа хэрэглэгч хэрэглээгүй хэрэглээнийхээ төлбөрийг төлөх ёстой юу. Ялгамжтай тариф тогтоох ёстой.

-Монголд нэн тулгамдаж буй асуудал түлш, эрчим хүчний асуудал байна. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжийг торгож байсан. Тэр асуудал өнөөдрийг хүртэл шүүхийн харилцаан дээр шийдэгдээгүй байна. Үгсэн хуйвалдсан асуудал. Гэтэл тэнд дөрвөн жилийн хугацаанд хэрэглэгч хохирсон. Шүүхийн харилцааны үүдэлтэйгээр хэрэглэгч хохирсон хэвээрээ л байгаа байхгүй юу. Гэтэл хэрэглэгчийн эрх ийм удаан хугацаанд зөрчигдсөөр байх ёстой юу гэдгийг бид судлах ёстой. Тиймээс бид эрх зүйн харилцаанд маш олон зүйлийг тусгах ёстой. Нөгөө нэг зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дампуурлын тухай хууль, Иргэний хууль байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль жижиг Иргэний хуульд тооцогддог. Яагаад вэ гэвэл иргэн болгон хэрэглэгч. Тэгэхээр хэрэглэгч гэдэг иргэн бүрийн асуудлыг хөндөж байгаа юм. 3 сая 544 мянган иргэн бүгд хэрэглэгч байхгүй юу. Иргэний тухай хууль буюу гэрээний харилцаагаар зохицуулагдаж буй бүх харилцаан дээр хэрэглэгчийн асуудал хөндөгдөж байгаа учраас бид Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг зайлшгүй бусад хуулиудтай дүйцэх хэмжээнд аваачих ёстой. Үүнийг цаг хугацаатай хөл нийлүүлсэн хэлбэрт нийцүүлэх ёстой.

-Өрсөлдөөний тухай хуулиас хяналттай холбоотой заалтыг хассан гэж хэлэлцүүлэгт оролцогч хэлсэн. Ер нь Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасныг иргэд, салбарынхан шүүмжилдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага 2022 онд яг ямар түвшинд очсон бэ гэдэг дүгнэлт гарсан. Тэндээс оймсны хэрэг гарлаа. Тэндээс машин мөнгөний хэрэг гарлаа. Тэндээс авлигын хэрэг гарлаа. Маш хүнд сурталтай. Реконстракшн буюу татан буулгаад, дахин зохион байгуулах хэлбэр хуулинд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын чадамж, чадавх сулраад, өөрийн ногдсон чиг үүргийг биелүүлж чадахгүй хэмжээнд очих, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж эхлэх харилцаан дээр тухайн байгууллагыг татан буулгаад, дахин шинэчлэн байгуулдаг. Энэ хэлбэр дээр явж байгаа юм. Удахгүй байгуулагдана. Хуучин мэргэжлийн хяналтын байгууллагыг бүх салбарын яамдад байхад нь болиулаад, нэг газарт төвлөрүүлж байсан. Тэр хэлбэр нь юу вэ гэхээр маш олон салбарын давхацсан хяналт шалгалт явуулаад байна, хүнд суртал ихсээд байна гээд мэргэжлийн хяналтын байгууллагыг нэгтгэж байгуулж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага хуучин тогтолцооноос өөр хэлбэртэй байгуулагдах ёстой гэж бодож байна.

-Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 93 хувийг ОХУ-аас, 5 хувийг Хятадаас авдаг. Эрчим хүчний хараат энэ байдлыг халж, өөр эх үүсвэр хайх хэрэгтэй гэж эдийн засагчид мэдээлж буй. Тухайлбал, Казахстанд ОХУ-тай адил үнэтэй шатахуун бий, түүнийг оруулж ирвэл гэсэн санаа дэвшүүлж байсан?

-Бидний хувьд ерөөсөө хямд өртөгтэй эрчим хүчний ханган нийлүүлэгч дотоод эх үүсвэр шүү дээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 2025 оны улсын төсөвт 14 мега төслийн төсвийг тавьж өгсөн. Тэнд 90 мегабайтын Эрдэнэбүрэнгийн УЦС бий, 310 мегабайтын Эгийн голын УЦС байна. Энэ хоёр усан цахилгаан станц сэргээгдэх эрчим хүчээр дамжуулаад бид дотоодын эрчим хүчийг хангах асуудал хөндөгдөж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Эгийн голын УЦС-ыг ашиглалтад оруулснаар хойд бүс буюу Хөвсгөл, Булган, хангайн бүсийн тодорхой хэсэг эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцын ашиглалтад оруулснаар өмнийн говь, зүүн талд байгаа Багануурын цахилгаан станцыг өргөтгөлийг нэмж барьснаар зүүн бүсийн эрчим хүчийг хангах асуудал шийдэгдэж байгаа юм. Нөгөө талдаа Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюу толгой компаниас БНХАУ-д эрчим хүчинд төлж байгаа 110-120 сая ам.долларыг Монгол Улс хэмнэх боломж бүрдэнэ. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор ОХУ-д жил бүр төлж байгаа 17.5 тэрбум төгрөгийг хэмнэх, эх орондоо авч үлдэх боломж бүрдэнэ.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

One reply on “Б.Бат-Эрдэнэ: Үгсэн хуйвалдсан шатахуун импортлогч 26 ААН-ийг торгосон ч шүүх өнөөдрийг хүртэл шийдээгүй байна DNN.mn”

Монгол улсын хөгжлийг гацаагч, гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэгч нь шүүх болоод удлаа………

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *