Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Ч.Уранхолбоогийн худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол заргыг ШӨХТГ-т мэдүүлбэл хяналт шалгалт хийнэ

ШӨХТГын дарга Б.БатЭрдэнэтэй ярилцлаа.


Дуучин Ч.Уранхолбоог ШӨХТГын даргаар нэг өдөр ажиллуулах шалтгаан юу байсан юм бол?

-Дуучин Ч.Уранхолбоо “Хөөрхөн дэлхий” ТББ-аараа дамжуулан хүүхэд багачуудын төлөө олон ажил санаачлан хийдэг. Хоёрдугаарт, таван хүүхдийн ээж. Тийм учраас ШӨХТГ-аас санаачлаад хэрэглэгч өөрөө хэрэглэгчийн эрхийн асуудлыг яаж харж байна вэ гэдгийг зургадугаар сарын 1-ний өдрийг угтаад хийсэн. Энэ хүрээнд таны хүүхэд ямар хүнс хэрэглэж байна вэ, юу идэж ууж байна вэ гэх асуудал болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой Хүнсний аюулгүй байдлын хууль, Органик хүнсний тухай хуулийн хүрээнд хүүхдүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг хөндөхийг зорьсон. Энэ хүрээнд бид дөрвөн шатлалын дэлгүүрээр орж хяналт шалгалт хийсэн. Нэгдүгээрт, хүүхдүүд өөрийн дураар орж хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ТҮЦ, жижиг дэлгүүрүүд, хүнсний сүлжээ дэлгүүрүүд болох Номин, Сансар, Оргил зэрэг дэлгүүрүүд болон хүсний бөөний төв болох Тэнгэр плазагаар орсон. Учир нь БЗД-ийн гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд Тэнгэр плазагаас хүнсний бүтээгдэхүүнээ авдаг. Түүнчлэн бид амьжиргааны түвшин арай дээгүүр хэрэглэгчид үйлчлүүлдэг Е- Март худалдааны төвд мөн хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалт хийсэн газруудад нөхцөл байдал ямар байна?

-Монгол Улсад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д зааснаар импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн монгол, орос, англи хэл дээр байхаар заасан. Тиймээс бусад улсын хэл дээр байгаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон гэсэн үг. Гэтэл хяналт шалгалтаар зах худалдааны төвүүд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 51 орчим хувь нь амьдардаг гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгчид бодит байдал дээр солонгос, герман, хятад, вьетнам, тайланд, япон зэрэг хэлээр бичигдсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Ялангуяа хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал нь хүүхдэд зориулсан хүнсний бараа бүтээгдэхүүн бидний мэддэггүй хэл дээр бичигдсэн сав баглаа боодол, шошготой байна. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгожилтод тавих MNS66482016 шаардлага гэж байдаг.Тухайн шаардлага дээр шошгоны мэдээллийг зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэлээр бичнэ гэсэн байдаг.

Энэ асуудалд тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хил гаалиар орж ирэх үед нь холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавих ёстой юм биш үү?

-Монгол Улсын хил гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг тухайн улсаас нь шууд импортолж байгаа болохоор үйлдвэрлэгч орон монгол, англи, орос хэл дээр бүтээгдэхүүнийхээ шошгыг үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс өөрийнх нь хэл дээрх шошготой нь оруулж ирдэг. Ингээд оруулж ирснийхээ дараа Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлээр нь шошгыг нь нааж худалдан борлуулна хэмээн гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдүүлдэг. Гэтэл оруулж ирснийхээ дараа хуулийн дагуу, ном журмаар нь гүйцэтгэлгүйгээр шууд худалдаанд нийлүүлдэг. Үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудалд олон сөрөг нөлөө үзүүлж байна. ДЭМБ-аас хүүхэд насыг 0-19 нас хүртэл байхаар тооцдог. Энэ тооцооллоор хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөр Монгол Улсад жилдээ 0-14 насны 81 мянга орчим хүүхэд өвдөж байна. Харин 0-19 насны заалтаар авч үзвэл 100 мянга гаруй хүүхэд өвдөж байна. Түүнчлэн хорт хавдрын эзлэх хувийг тооцоолоод үзэхэд 2010-2019 онд 0-19 насны 367 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан байна. Тиймээс бид зайлшгүй энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай.

Таны хэлж байгаагаар дөрвөн шатлалын хүнсний дэлгүүрээр орж хяналт, шалгалт хийсэн юм байна. Тэгвэл яагаад заавал ТҮЦ ажиллуулдаг жирийн иргэн дээр очиж шууд дамжуулалтаа хийсэн юм бэ. Иргэд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна?

-Бусад газруудад мөн л адилхан хяналт шалгалт хийсэн. Хоёрдугаарт, нэг зүйл хэлчихмээр байгаа юм. Хүнсний аюулгүй байдал, тэр дундаа хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ТҮЦ, жижиг дэлгүүрийн худалдаа эрхлэгчийн ядарсан байдал, амьжиргаа залгуулж байгаа гэдгээр халхавчлагдах, шалтаглаж болохгүй юм. Хүүхдэд хортой хүнс ерөөсөө худалдан борлуулж болохгүй. Миний хувьд цахим орчинд өрнөж байгаа шүүмжлэлүүдийг харж, анхаарч байгаа. Та бүхэн бодоод үзээрэй. Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, мухлаг, лангуу, хүнсний дэлгүүрүүд Монгол Улсын хэмжээнд 90 гаруй мянга бий.

Тухайн ТҮЦний эзэнд торгуулийн арга хэмжээ авсан уу?

-Торгуулийн арга хэмжээ аваагүй. Сануулаад л өнгөрсөн. Хоёрдугаарт,хүнсний бараа бүтээгдэхүүн, хүүхдэд худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг сайтар анхаарах ёстой гэдгийг хэлсэн. Бидний шалгалтын үр дүнд цагаан самар оруулж ирдэг Баруун Хөшөөт компани бүтээгдэхүүнийхээ хаяг шошгонд анхаарч, зөрчлөө арилгахаар болсон. Тус компани 2018 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас торгууль шийтгэл авч, хүнсний аюулгүй байдал зөрчсөн асуудлаар сануулах арга хэмжээ авахуулсан юм билээ. Тус компани дээр бид хяналт шалгалт хийж байна.

ШӨХТГ үндсэн чиг үүргээсээ хазайж МХЕГын чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийлээ гэх иргэд ч байна. Танай байгууллагын үндсэн чиг үүрэгт хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалах горимыг шалгах үйл явц хамаардаг уу?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага ШӨХТГ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн барааны аюулгүй байдлыг хангах шаардлагууд бий. Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн долдугаар зүйлд барааны талаарх мэдээлэл авах хэрэглэгчийн эрхийг заасан. Тухайн барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, барааны орц найрлага, барааны нэр төрөл, үнэ, баталгаат болон эдэлгээт хугацаа, хэрхэн хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн нэр хаяг, таних тэмдэг код гэхчлэн бүх зүйлийг заасан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хэрэглэгчийн мэдэх эрхийг хангахын төлөө үйлчилдэг. Энэ хуулийн хүрээнд бид хяналт тавьдаг.

Хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд хуульд заасан стандартаа мөрддөг байх юм бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ асуудлыг тогтолцоогоор нь өөрчлөх алхам хийж байна гэж ойлгож болох уу?

-Хүнсний аюулгүй байдлын тухай яг энэ асуудлыг хөнддөг байгууллага маш ховор байдаг. ШӨХТГ 16 жилийн турш оршин тогтнохдоо энэ асуудлыг огт хөндөөгүй юм билээ. Б.Бат-Эрдэнэ гэж хувь хүн өөрийнхөө нэр төрийг бодвол энэ асуудлыг хөндөхгүй байж болно. Тухайлбал, Хүчит шонхор захтай холбоотой асуудал ч бас үүнд хамаатай. Тухайн газрын ойр орчим 80 гаруй мянган шарил байдаг. Би ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа хөндөхгүй, өөрийн нэр төрийг бодоод, шүүмжлэлээс айгаад хойш суусаар байвал энэ асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй. Яагаад гэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд шийдээгүй л байна шүү дээ. Хууль эрх зүйн орчин байна уу гэвэл байна. Гэтэл гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хил гаалиар орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн дээр үндсэн шаардлагаа тавиад, хуулийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн огт орж ирдэггүй байсан бол бид уухайлаад, ажиллаад, иргэдийг бухимдуулаад байх шаардлагагүй. Монголчууд өрөвч, тусч ард түмэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ таны хүүхэд ямар чанартай бүтээгдэхүүн, юу идэж байгааг мэдэхгүйгээр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ярих ямар ч боломжгүй. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй.

Дуучин Ч.Уранхолбоо цахим орчинд олон мянган дагагчтай. Өөрийн цахим хуудсаараа дамжуулж олон төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчлан борлуулдаг. Тиймээс зарим иргэд Уранхолбоо иргэдийг шалгах биш, Ч.Уранхолбоог ШӨХТГ шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Ч.Уранхолбоо цахим орчинд 400 гаруй мянган дагагчтай. Цахим орчинд идэвхтэй байдаг. Энэ утгаараа бидний тухайн өдрийн үйл ажиллагаа дээрх тооны хэрэглэгчдэд шууд хүрсэн. Бид Ч.Уранхолбоотой хамтран ажилласан үндсэн зорилго бол хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг зөвлөмж, сэрэмжлүүлэг байдлаар бодит байдлыг үзүүлэхийг зорьсон. Уранхолбоогийн өөрийнх нь зарж борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбоотойгоор “Та өөрөө тухайн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үү. Өөрөө хэрэглэхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаар танд итгэдэг, таныг дагадаг хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээс хордвол яах вэ. Эсвэл эрүүл мэндээрээ хохирвол яах вэ” гэдгийг асуусан. Дуучин Ч.Уранхолбоо “Би өөрөө хэрэглэж үзэж, судалсны үндсэн дээр тухайн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах байдлаар хамтран ажилладаг” гэж хариулсан. Түүний худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол заргыг манай ШӨХТГ-т мэдүүлбэл хяналт шалгалт хийнэ. Бид жижиг дэлгүүр, том дэлгүүр гэж ялгадаггүйтэй адил энэ хүн, тэр хүн гэж ялгахгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу төр иргэний өмнө хүлээсэн үүргийн дагуу шалгалт хийхэд ямар ч асуудал байхгүй. Харин сугалаатай холбоотой асуудал манай чиг үүргийн асуудал биш. Тэр бол цагдаагийн байгууллагын шалгах ёстой асуудал.

П.БАТЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *