Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Ангирмаа: Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ || DNN.mn


Хөгжмийн зохиолч, продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаатай ярилцлаа.

-Таныг анх урлагт хөл тавихад юу нөлөөлж байв?

-Гэр бүл маань урлагт хайртай хүмүүс учраас их нөлөөлсөн. Аав маань төгөлдөр хуур тоглож, уртын дуу дуулдаг, ээж минь уран зураг сонирхож цуглуулдаг байлаа. Харин ах маань “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн байсан. Миний ах, эгч нар ОХУ-д оюутан байхдаа бүгд хамтлагт дуу зохиож, гитар тоглодог байсан. Үүнээс улбаатай юм болов уу.

-Та анх өдөрт 2-3 дуу зохиодог байсан гэсэн үү?

-Би хуучин төгөлдөр хуурын ард суусан даруйдаа л нэг өдөрт маш олон дуу зохиодог байсан. Үргэлж нэгээс хоёр ая зохиож, түүндээ зориулан шүлгээ бичдэг байлаа. Миний дуунуудыг Б.Сарантуяа, С.Наран, Ж.Алтанцэцэг зэрэг поп дива уран бүтээлчид дуулж эхэлсэн. Тухайн үед ая, үгээ өөрөө зохиож, өөрөө гитар, төгөлдөр хуур сурч их чармайлттай байсан. Бүх дуунуудаа нэг дор зохиож байсан учраас анхны дуугаа хэдэн онд зохиож байснаа сайн мэддэггүй (инээв).

-Та анх 13 настайгаасаа дуугаа зохиож байсан гэж сонссон?

-Тийм. 13 настайгаасаа ая, дуугаа зохиож ирсэн. Зургаан настай байхдаа шүлэг бичдэг байлаа. Аяа зохиож, өөрөө гитар тоглож сураад, төгөлдөр хуур тоглож сурсан дариудаа “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг бүх дуунуудаа өдөр бүр зохиодог байсан. Өдөр болгон төгөлдөр хуур тоглож, маш их дуу зохиодог байсан. Би 1983 онд “Тагтаа” зэрэг дуунуудыг “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг ах нартаа ч сонсуулдаг байлаа. Балчир бага насандаа хэнд ч хандаж чадахгүй дуунуудаа бүгдийг нь хадгалж байтал 1983 онд зохиож байсан дуунуудыг 10 жилийн дараа Б.Сарантуяа дуучин маань амьдруулсан. Түүнээс үүдэн эмэгтэй дуучид миний дуунуудыг амьдруулах болсон доо. Би их завгүйгээр үргэлж хөдөлмөрлөж ирсэн.

-Анх төгөлдөр хуур сурахдаа өөрөө хар, цагааны ялгааг олж “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг дуугаа зохиож эхэлсэн гэсэн, энэ тухай тодруулбал?

-Би тамирчин байх шинжтэй байсан. Сагс, ширээний теннис их тоглодог байлаа. Манай гэрт аав маань төгөлдөр хуур худалдан авч авчирсан учраас би хар, цагаан товчлуурыг мэдэрч эхэлсэн. Тэр үед манай тэр хавьд Л.Мөрдорж гуайнх, манайх хоёр л төгөлдөр хууртай байлаа. Аав минь “Чи энэ төгөлдөр хуурыг сур. Чи Александра Пахмутова гэдэг шиг урлагийн хүн байх ёстой. Хөгжим дуу зохиож сур” гэж хэлж байсан. Би өглөө болгон хар, цагааныг уудлан, энийг ингээд үзье, энэ ингэвэл яаж дуугарах бол гэж оролдсоор байгаад “Сэтгэлд догдлуулсан орой” дуугаа зохиож байсан. Үүнээс хойш Улаан-Үдэд сургуульд явж суралцан их зүйлийг сурч байсандаа баяртай байдаг.

-Та 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хийж байсан шүү дээ. Одоо тоглолт хийх бодол байгаа юу?

-“Сэтгэл догдлуулсан орой” тоглолт миний 50 насны ойн тоглолт байсан. Энэ тоглолтыг миний бүх найз нар заавал чи хийх ёстой, олон жил тоглолт хийсэнгүй, хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ. “Киви”-гээ, шавь нараа сайхан болгочих юмсан гэж боддог байсан. Өөрийнхөө уран бүтээлийг хойшлуулдаг байж байгаад тоглолтоо хийсэн. Тоглолтод миний бүх найз нөхөд, урлагийнхан ирж дуу хуураа өргөж их сайхан мартагдашгүй тоглолт болсон. Одоо өөрийнхөө тоглолт хийхээс илүү охидын шинэ хамтлаг байгуулна гэж бодож, мөрөөдөж байна. “Киви” хамтлаг сайхан бүтээл хийж туурвисан. Би бодож, мөрөөдөж явахад миний бодож мөрөөдсөн бүхэн биелдэг. Үүнтэй адилхан би хамтлаг байгуулна, телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж мөрөөдөж байсан. Миний бүх мөрөөдөл биелсэн. Үүнтэй адилаар дахин охидын хамтлаг байгуулна гэж бодож байна. Би яаралгүйгээр төлөвлөж, боддог. Өөртөө их итгэл үнэмшилтэй байдаг. Учир нь сайн сайхан зүйлсийг бодож явж байхад бүх зүйл бүтдэг. Би маш олон шавь нартай. Шавь нарыгаа дуулахыг хараад бахархаж явдаг даа.

-Та яагаад продюсер гэх мэргэжлийг сонгож ажиллах болсон юм бэ?

-Би тайзны ард байж ямарваа нэгэн зүйлийг зохион байгуулж, менежер хийх зэрэгт илүү сонирхолтой. Тайзан дээр гараад дуулдаг хүн биш юм байна лээ. Тайзан дээр гарч дуулахаас илүүтэй арын фронтод, хөшигний ард ажиллах нь надад их чухал байдаг.

-Анх “Продюсер” гэдэг томьёоллыг үүсгэсэн шүү дээ. Тухайн үед ямар байв?

-Тэр үед манай оронд продюсер гэдэг мэргэжил байхгүй байсан ч продюсер хүн олон байсан. Н.Ганхуяг ах, Л.Тайванбат гэх зэрэг хүмүүс. Энэ нэр томьёог би жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн. Продюсер хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг өөрөө уншиж, судалсан. Гэрээ хийж, ийм ажлуудыг хийх ёстой юм байна. Продюсер гэдэг нь санхүүг нь барьж, санааг нь гаргадаг хүнийг хэлнэ. Надаас маш олон хүн зөвлөгөө авах гэж уулзаж, ямар учиртайг олон хүнд зааж зөвлөж байсан.

-“Киви” хамтлагийг анх үүсгэн байгуулж байхад ямар хэцүү зүйл тулгарч байв?

-Хамтлаг үүсгэн байгуулахад хэцүү зүйл байгаагүй. Аяндаа бүх зүйл бүтсэн. Бид хоорондоо ярилцан байгуулж байсан даа. Ямар ч гачигдал, дутагдах зүйл, бэрхшээл байгаагүй. Бид өөрсдийн студи, талбай, сургуультай асуудалгүй байсан.

-Та саяхан “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл?

-Энэ их сонин мэдрэмж байдаг юм байна. 2018 онд миний 50 насны ойн тоглолт болох гэж байхад нэг яриа үүсээд өнгөрсөн. Түүнээс хойш одоо дөрөв гаруй жил өнгөрч. Би өөрөө тоохгүй, бага зэрэг хэнэггүй явж байлаа. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай намайг тодорхойлоод, шагнал авах үе маш сайхан боллоо. Би энэ шагналын хойноос бол явах үгүй, хэнэггүй байсан. Хүмүүсийг шагнал авахад гавьяат, алтан гадас авчээ гэж хардаг байлаа. Надад их сайхан сэтгэгдэл төрсөн. Сайхан хамт олонтой гэдгээ мэдэрсэн. Бүх рок попын дива нар ирж, намайг сайхан угтаж, баярыг минь хуваалцсан анд найз нөхдөдөө үнэхээр их баярласан.

-Таны аав “Намайг Ангирмаа гэдэг” дуу хийхэд тань их шүүмжлэлтэй хандаж байсан гэсэн үү?

-Манай аав хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн хүн байсан. “Чи яагаад “Намайг Ангирмаа гэдэг” гээд өөрийгөө магтдаг, өөрийнхөө тухай дуу зохиодог хүн бэ” гэж хэлж байсан. Одоо миний дуунууд буцаад моодны болж эхэлсэн. Магадгүй энэ дуунуудыг маш эрт зохиочихсон, хүмүүс ойлгохгүй байсан. Одоо бол миний дуу моодонд орж байгаа гэж боддог.

-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах чинь их тусалж дэмждэг байв уу?

-Мэдээж. Учир нь Долгион ахгүйгээр энэ бүхнийг бүтээнэ гэдэг худлаа зүйл. Маш их зарчимч, зааварчилгаа, зөвлөгөө өгдөг, “Чи үүн дээр алдаад байна, энэ үгээ ингэж зөв ярь” зэрэг үгийг хэлдэг байсан. Ахаасаа их зүйл сурсан. Одоо ах минь дүүгээрээ “Миний дүү мундаг гоё зүйлсийг хийж байна” гэж бахархдаг даа.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-За би өчигдөрхөн шинэ гитар худалдаж авлаа. Коронавирусийн улмаас хоёр жилийн хугацаанд төгөлдөр хуурынхаа тагийг ч онгойлгохгүй ном уншдаг байсан. Гитараа аваад эхнийхээ дууг гаргачихсан байгаа. Коронавирус хүнийг залхуу, идэвхгүй байдалтай байлгадаг юм байна. Эхний дуу маань Б.Сарантуяагийн дуугаар эхэлж байна. Одоо омикрон дууссан, дуунуудаа зохиож, уран бүтээлээ бүтээж эргээд Ангирмаагийн өвөрмөц аялгуунууд гэж сонсогдож эхлэхийг хүсч байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *