Нарансэвстэйн боомтын асуудал нийгмийг талцуулсан сэдэв болоод удаж байна. Говь-Алтай аймгийн нутагт орших энэхүү боомт нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгартай, зүүн тийш ердөө 60-хан км-т Ганьсу мужтай хиллэдэг. Өөрөөр хэлбэл, төв Хятадтай хиллэдэг цорын ганц боомт юм.
Хэл ам дагуулаад буй Нарансэвтэйн боомтыг сэргээх, нээх талаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Гэвч байгаль хамгаалагчид, эрдэмтдийн төлөөлөл, нутгийн иргэд нийлсэн хүчтэй эсэргүүцэгчид гарч ирэв. Тэд “Хэрвээ уг боомт нээгдэх юм бол Их говийн дархан цаазат газарт амьдарч буй ховордсон ан амьтад сүйрэх аюултай” гээд сүрхий хөдөлгөөн өрнүүлж байгаа харагдсан. Үүгээр зогсохгүй “Боомт сэргээх нэрийдлээр Мэлтсийн алтыг ухаж, байгаль орчныг сүйдлэх нь байна шүү” гээд иргэдийг турхирав. Үнэн хэрэгтээ тусгай хамгаалалт бүхий дархан цаазтай газар уул уурхайн лиценз олгохыг хуулиар бүрэн хориглосон байдаг. Тэр дундаа алтны тусгай зөвшөөрлийн талаар бүр ч ярилтгүй. Харамсалтай нь иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж, эх орончдын дүр эсгэсэн элдэв хөдөлгөөнийхөн тэдний дэмжлэгтэйгээр томоохон төслүүдийг гацаадаг танил технологи мөн л Нарансэвстэйд давтагдаж байна. Хуучин энэ боомтыг Монгол Хятадын Засгийн газрын гэрээний дагуу нээж, богино хугацаанд ажиллуулж үзсэн удаатай. 1992 оны есдүгээр сард нээгдсэн Нарансэвстэйн боомт нэг жилийн дараа хаалгаа барив. Тухайн үед энэ боомтоор ганзагын наймаа хийж байсан улсууд Их говийн дархан цаазат газраар дамждаг байж. Тиймээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзээд хаах шийдвэр гарч байсан түүхтэй. Харин өнөөдөр тэр үеийн нөхцөл байдлыг давтахгүйгээр боомтыг нээх бүрэн боломжтой гаргалгааг судлаачид, энэ чиглэлийн мэргэжилтнүүд дэвшүүлдэг. Нэг хувилбар нь тэрхүү баянбүрдийг дайрахгүйгээр, Баянхонгор аймаг буюу Шивээхүрэн, Бургастай боомтын чиглэлд хилийн зурвас дагуу зам тавьж Нарансэвстэй боомтыг ажиллуулах боломжтой юм билээ.
Нэг ёсондоо тусгай хамгаалалттай бүсийн гадуур нь зам тавина гэсэн үг. Уг боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 50 км өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж, засмал зам тавьбал дээрх асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэсэн хувилбар яригддаг.
Аль арваад жилийн өмнө Хятадын талаас Алтай хотоос Нарансэвстэйн боомт хүртэл засмал зам тавьж, тэнд босох барилгын асуудлыг шийдэх санхүүжилтийг Торгоны зам төслөөс гаргах боломжтойгоо илэрхийлж байсан. Гэвч Монголын талаас нааштай хариу өгөлгүй явсаар өдий хүрлээ. Үр дүнд нь бид юу хожив. Дотооддоо зохион байгуулалтын ажлуудаа шийдээд Нарансэвстэйн боомтоо нээчихсэн бол эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг гарц үүсэх байлаа. Ядаж л баруун аймгуудын хөгжлийн гарц нээгдэх байв. Уг боомтоос цааш 60-аадхан км яваад л Ази-Европыг холбосон Торгоны замд хүрнэ. 2000 гаруй жилийн түүхтэй энэ зам Казахстан, Киргизистан, Иран зэрэг улсыг дамжаад европт очдог. Монголчууд торгоны замаар дамжиж Европт, дундад азид хүрэх хөгжлийн хурдасгуур нь Нарансэвстэйн боомт юм. Цаашлаад энэ гарцаар бараа бүтээгдэхүүнээ хямд авах, экспортлох олон, олон боломж нэмэгдэнэ. Харин хойшоо Цагааннуур, Боршоо зэрэг боомтуудтай холбож чадвал хамгийн дөт транзит гарц гарч ирэх юм билээ.
Монгол Хятадын хилийн шугамны хоёр талын дүр зураг өдөр, шөнө шиг ялгаатай байдаг. Ердөө тав, арваадхан км-ийн цаана айлын тал уул уурхай, нефть, газрын ховор элементийн олборлолтыг нээлттэй явуулж байна шүү дээ. Гэтэл манайхан зах хязгааргүй уудам нутгаа өөрсдөөсөө харамлан хав дарж, үр шимийг нь үзэж чадахгүй суусаар хамаг боломжоо алдаж байна.
Б.БИЛИГ