Categories
мэдээ нийгэм

Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаан Бангкок хотноо боллоо

НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 5 дугаар хуралдаан Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.

Хоёр жилд нэг удаа хуралддаг тус хорооны хуралдаанаар Ази, номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 2017 оны тайлан, Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед бүс нутгийн интеграци, олон улсын худалдаа болон худалдааны бодлогын гүйцэтгэх үүрэг, Тогтвортой хөгжлийн хүрээнд худалдаа хөнгөвчлөх, цаасгүй худалдаа болон цахим арилжаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих асуудлууд болон АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганд оруулах тогтоолын төслийг хэлэлцэв.

Тус чуулганы даргаар Балба Улсын Үндэсний төлөвлөлтийн комиссын дэд дарга Сварним Вагие, дэд даргаар Шри Ланка Улсын Стратеги, олон улсын худалдааны яамны Олон улсын худалдааны дэд сайд Аржуна Сүжива Сенасингх болон Монгол Улсын ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нар сонгогдон ажиллав.

Хуралдааны үеэр зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн хүрээнд худалдаа хөнгөвчлөх, цаасгүй худалдаа болон цахим арилжааг дэмжих”, “Тогтвортой хөгжлийн хүрээнд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг дэмжих” зэрэг хэлэлцүүлэгт монголын төлөөлөгчид илтгэл тавьж Монгол Улсын өнөөгийн худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид АНДЭЗНК-той чөлөөт худалдааны хэлэлцээ хийх үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамтран ажиллах, технологи болон инноваци, технологийн асуудлаар техникийн туслалцаа авах хүсэлт тавив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *