Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Уулархаг нутгаар нойтон цас орно

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар хур тунадас орсон. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 27-32 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо, нойтон цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, сэрүүсч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6 дугаар сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар, 6 дугаар сарын 1, 2-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчил 1.5 км зам туулан 15:02 цагт очиход эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Ямаатын тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, Зүүнбаян багаас хойд зүгт 10 км-т/ иргэн Ц-ийн өөрөө өргөгч автомашин 05.28-ны өдрийн 17:00 цагт шатсан. Мэдээллийг иргэн Ц мөн өдрийн 17:24 цагт аймгийн Онцгой байдлын газар ирүүлсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Шивэртийн хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 08:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, 05.28-ны өдрийн 09:30 цагт түймрийг унтраан тус багийн Засаг дарга Р.Хатанбаатарт хүлээлгэн өгсөн. Уг түймэрт 15 га ойн талбай шатсан.

5. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи, шуурга: Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн “Худагтын бууц” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 22 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 58 км-т/ тус сумын нутгаар 05.28-ны өдрийн 17:00 цагт салхи 18 м/с хүрсний улмаас малчин С-ын 5 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр нурсан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Л.Баярсайхан мөн өдрийн 22:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *