Сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан бензин, шатахууны үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тонн тутамд 240 мянган төгрөгөөр бууруулж, автобензинд тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянган төгрөг болгосон юм.
Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 30-33 ам.доллараар буурч байгаа сайн талтай ч, долларын ханшийн өсөлт нь нефть импортлогч компаниуд санхүүгийн алдагдалтай ажиллах, зах зээл дээр жижиглэнгийн үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хэмжээг төрөл тус бүрт дахин тонн тутамд 100 мянган төгрөгөөр бууруулах тогтоол баталлаа. Ингэснээр онцгой албан татварын хэмжээг автобензинд тонн тутамд 160 мянган төгрөг, дизелийн түлшинд 180 мянган төгрөг болголоо.