Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс хуралджээ.
Нийслэлийн Татварын газраас энэ сарын 27-ны өдрийн байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 22.4 тэрбум буюу 88.12 хувь, агаарын бохирдлын төлбөр 950 сая буюу 92.93 хувь, авто зам ашигласны төлбөр 9.7 тэрбум буюу 86.79 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн 353534 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь хамрагдсан байгаа талаар комиссын гишүүдэд танилцуулсан байна.
Хурлын үеэр Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Татварын газрын удирдлагуудад даалгажээ. Мөн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болгосон байна.