Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн газрын олон шалгалтаас болоод жолооч нар тээвэр хийж чадахгүй байна гэв

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын ар гэрийнхэн буюу “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Хандлагаа өөрчилье авлигаас салъя” гэсэн аяныг эхлүүлж байгаа талаараа энэ үеэр онцолсон юм.

Тэдний зүгээс улс хоорондын “C” зөвшөөрөл олгоход авлига хээл хахууль гарч байна. Үүнийг олгох ёстой компаниудад нь биш олон улсын тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй, боломжгүй компаниудад олгож, нэрийг нь шилжүүлж өгөх зэрэг дамлан худалдах ажлууд бодитоор явагдаж байна хэмээн асуудал дэвшүүлж байлаа.

“Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ны гишүүн Ж.Туул: “Бид тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл байна. Бидэнд долоодугаар сарын 20-ноос хойш жолооч нараас маш их санал хүсэл, гомдол ирсэн. “Авто тээврийн үндэсний төв”-өөс нэг машин, нэг жолооч гэсэн журам гаргасан байдаг. Тодруулбал, энэ журмаас үүдэн жолооч нарыг хоморголон зогсоон, торгож бичиг баримтыг нь хурааж аваад буй талаар гомдол ирсэн. Ингээд “Авто тээврийн үндэсний төв” болон “Зам тээвэр хөгжлийн яам”-д наймдугаар сард албан бичиг хүргүүлсэн юм. Үүний хүчинд нэг тээврийн хэрэгсэлд зөвхөн нэг жолооч биш. Харин нэг компанид харъяалагдсан бол тухайн компанийн тээврийн хэрэгслийг ямар ч жолооч барьж болно гэсэн залруулгыг хийлгүүлсэн. Гэвч улс хоорондын тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөл буюу “С” зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Үүнтэй уялдаад “Авто тээврийн газар”-аас маш их шалгалт хийгдэх болсон. Энэ шалгалтаас үүдэн олон хоног тээвэр эрхэлж чадахгүй байна гэсэн гомдол жолооч нараас ирсэн” гэлээ.

Үүгээр ч зогсохгүй жолооч нарын бичиг баримтыг дур мэдэн ашиглан авто тээврийн системд бүртгүүлсэн хятад эзэнтэй компаниуд байгаа юм байна. Жишээлыэл, Гашуунсухайт боомтод ажилладаг мөртлөө Шивээхүрэн боомтод ажилладаг гэсэн бүртгэлтэй жолооч байжээ. Жолооч өөрөө мэдээгүй байхад өөр компанид бүртгэсэн байсан гэнэ.

М.САЙНЗАЯА

2 replies on “Авто тээврийн газрын олон шалгалтаас болоод жолооч нар тээвэр хийж чадахгүй байна гэв”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *