Улаанбаатар хотын нийтийн тээвэр элдэв хэл ам, авлигын асуудалтай байсаар өнгөрсөн оныг өнгөрөөсөн. Одоо харин эрх биш ном журамдаа орж, хотын иргэд арай гайгүй тохь тухтай унаагаар зорчих нөхцөл нь бүрдэж эхлэх шинжтэй. Харин нийтийн тээврээр зорчих иргэд маань өөрсдөө бага сага соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм.
Автобусанд ороод халаасан дахь хогоо хаядаггүй, ганцаараа яваа мэт аяглаж утсаар ярихдаа чанга чанга орилдоггүй, хэн нэгэнтэй шууд дүрстэй дуудлага хийж ярихдаа ойр тойрны хүмүүсийг оруулдаггүй, зөвхөн өөрийнхөө сонирхсон видеог үзэхдээ дууг нь тултал нь чангалдаггүй байх гээд жижиг мэт боловч соёлын олон зүйлд суралцмаар байна. Ерөөсөө таны эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Ийм зарчмыг ойлговол бид сэтгэхүйн арай өөр түвшинд очно л доо.
Эдгээрийн нэг чухал хэсэг бол нийтийн тээвэрт үүргэвчтэй зорчиж сурах соёл. Соёл уу, дадал, зан үйл үү. Та үүргэвч үүрч л яваа бол яг автобусанд суухдаа үүргэвчээ урдаа үүрч ордог баймаар байгаа юм. Монголчуудын жишээ авч ярих дуртай гаднын орнуудад үүргэвчээ дандаа урдаа авч ордог. Учир нь ардаа байгаа хүнд төвөг болохгүй, зөрөхөд ямар нэг хүндрэлгүй гэх мэт.
Ядаж л элдэв хулгай зэлгийгээс эд хөрөнгөө хамгаалахад тун нэмэртэй л дээ. Үүргэвчээ ардаа үүрсэн хүнтэй зөрнө гэдэг хэцүүхэн зүйл. Үүргэвч нь тээглээд цаашаа ямар байх нь тодорхой байгаа биз. Нийтийн тээврээр зорчдог бүх хүн үүнийг мэднэ.
Тиймээс том жижиггүй үүргэвчтэй явж байгаа бол нийтийн тээврээр зорчихдоо үүргэвчээ урдаа үүрдэг зан үйлийг хэвшүүлцгээе. Бүгд ингээд хэвшчихвэл бусад зорчигчдод үзүүлж байгаа хүндлэл, бас бусдад тээр учруулахгүйг хичээж байгаа үйлдэл юм.
Хөгжлийг нь магтан дуулдаг улс орнуудынхаа хэрэгтэй гэж бодсон жижиг ч хамаагүй дадлыг хэдүүлээ ч гэсэн өөрсөд дээрээ хэрэгжүүлээд эхэлбэл том биш