Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бэлтгэл хурандаа Б.Бэхбат: Ард түмний нүд чих болсон Монголын цагдаа энэ ноцтой хэргүүд дээр ажилласангүй DNN.mn

Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх хэлтсээс ажлын гараагаа эхэлж Монголын цагдаад 39 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бэлтгэл хурандаа Б.Бэхбаттай ярилцлаа.


-1990-ээд он бол Монголын цагдаад хүнд он жилүүд байсан гэдэг. Ялангуяа энэ үед орон нутагт ажиллаж байсан цагдаа нарын хувьд нэлээд чанга үе байсныг дурсдаг. Та бол тэр хүмүүсийн нэг. Тиймээс орон нутгийн цагдаа тэр үед яаж ажиллаж байсан дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-Би 1983 оны долдугаар сараас Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлж байлаа. 1983-1988 он хүртэл орон нутгийн цагдаагийн алба хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Би 1988 онд ЗХУ-д Дотоод явдлын яамны Волгоград хот дахь Мөрдөн байцаагчийн дээд сургуульд суралцаж, 1991 онд төгсөж ирсэн. 1992 оноос Монголын цагдаа хүнд болсон шүү дээ. Дөнгөж зах зээлд шилжсэн, техник тусламж байхгүй, хувцас хангалтаа хийж чадахгүй. Дарга нар зайлуул, өөрсдөө дээшээ доошоо ярьж, хувийн аж ахуйн нэгжүүдэд хандаад л гүйнэ. Арьс ширийг бид өөрсдөө явж цуглуулж байж хойш урагш нь гаргаж хувцсаа бэлдэнэ. Хувцасгүй хүртэл болж байлаа. Хөвөнтэй дээлтэй ажилдаа ирдэг. Дүрэмт хувцас хийж чадахгүй болчихсон үе. Машин тэрэг ч муутай. Газар хэлтсийн дарга нарын ганц нэг машин байна. Зав чөлөөгөөр нь унаж холын хэргээ мөрддөг. Нэг явахаараа өдөржин шөнөжин ажиллана, жолооч ч унтахгүй, бид ч унтахгүй. Баахан хүний нэрс гаргаж аваад л сум дамжаад давхиж өгнө. Шаардлага ч өндөр байж, тэр үед.

-Мөрдөгч хэргээ заавал илрүүлэх ёстой гэдэг шаардлага…?

-Тийм ээ. Нэг удаа хоёр аймгийн 15 сумаар олон тооны адуу хулгайлсан хүний хэрэг мөрдөж таарлаа. Тэр үед унаа байдаггүй. НАХЯ-ны хэлтсийн даргын унааг гурав хоногийн томилолттой гуйж авч явлаа. Гэтэл би хэргээ мөрдөөд бүр 14 хоночихлоо. 140 гаруй хүний нэрс гаргачихсан, тэр бүртэйгээ уулзах ёстой. Буцаж ирээд нэгд, машины хугацааг хэтрүүлсэн, хоёрт, 140 хүний гурван хүнээс мэдүүлэг тайлбар аваагүй хэргээр надад арга хэмжээ авах болдог юм байна. Тийм л хатуу байсан цаг.

-Та бол Өвөрхангай аймгаас ажлын гараагаа эхэлсэн. ЗХУ-д мэргэжил дээшлүүлж ирээд нутагтаа ажилласан байдаг. Номын дуу сонсч ирсэн залуу цагдаа хэрхэн ажиллаж байв?

-Орон нутагт дагнасан мөрдөгч гэж байхгүй. Хүн ам, дээрэм, зам осол, хүчингийн гээд төрөл бүрийн хэргийг орон нутгийн мөрдөгч бүгдийг мөрддөг. Бүх хэрэг дээр оролцдог учраас сонирхолтой. Өөрөөр хэлбэл, олон талын мэдлэг шаарддаг, тэр хэрээр туршлагаждаг. Замын осол гэж өөр, хүчингийн хэрэг өөр, хулгайн хэрэг өөр. Ялангуяа малын хулгай дотроо нэлээд их. Тэр бүрт бидэнд мөрдлөгөө явуулахад том хувь нэмэр оруулж байсан хүмүүс бол нутгийн иргэд. Тэд маш их ажигч гярхай зантай. Одоо бол хүмүүс тийм биш болсон шүү дээ. Хэнтэй хэзээ тааралдсанаа мартчихдаг.

-Хэлэхийг ч хүсдэггүй болсон?

-Тийм. Харин бидний үед бол нутгийн өвгөчүүл “Тэр үед тийм зүсний морьдыг ийм хувцастай хүмүүс ингэж туугаад явж байсан” гээд л дурангаар харснаа ярьдаг байв. Тэр нь ч хулгайн хэргийг илрүүлэхэд ихээхэн дэм болдог байлаа. Бусад хэрэг дээр ч тэр, адилхан.

-Орон нутагт ямар хэрэг голдуу гарч байв. Таныг мэргэжил дээшлүүлээд ирэхэд нэлээд их хэрэг шийдэгдээгүй дарагдсан байсан гэдэг шүү дээ?

-Орон нутагт тэр бүр онц ноцтой хэрэг гарах нь ховор. Голдуу бол хулгайн хэрэг гарна. Тэр дотроо малын хулгай, орон байрны хулгай их. Яршиг даа, үүний төлөө ч дээ гэмээр хэргүүд ч гарна.

-Мөрдөгч болоод илрүүлсэн анхны хэргээ санана биз?

-Саналгүй яахав. Би анх 1985 онд анхны хүн амины хэрэгт томилогдож таарлаа. Баруун Баян-Улаан сумын төвөөс 30 км Хөөвөр гэдэг газарт гарсан хэрэг. Ямар ч туршлагагүй дэслэгч анх удаа хүн амины хэрэг дээр томилогдсон нь тэр. Маш их айж байсан. Ийм том хэрэг дээр би ажиллах гэж гээд л. Тухайн үед манай газрын дарга Цэндсүрэн гэж мундаг хүн байлаа. Сүүлд Эрдэнэт үйлдвэрийн Отгонбаяр агсны хэрэгт хэлмэгдээд, сүүлд цагаадсан даа. Тэр дарга маань “Бэхбат аа, чи явах ёстой, чамд бид итгэж байна” гэж хэлэхээр хүн шал өөр болчихдог юм билээ. Ингээд л явсан.

-Нөхцөл байдал ямар угтав?

-Сумын төвөөс 30-аад км, ойр орчиндоо айл амьтан байхгүй зэлүүд газарт очиж таарлаа. Тэнд ёстой л А-гаас эхэлсэн. Биднийг очсон шөнө жаахан бороо дуслаад хоносон байв. Өглөө нь элсэн дээр хүний гутлын мөр янзын гоё тодорчихсон угтлаа. Мэдээж бидэнтэй хамт тусгай шинжээч явахгүй.

Өөрсдөө шинжээчээ хийнэ. Ингээд гутлын мөрийг бэхжүүлж байж хэргийг илрүүлж байлаа. Хохирогч Тарагт сумаас илгээлтээр ирсэн малчин залуу. Эхнэр нь сумын төвд төрөх болж, эргэхээр явах хойгуур хэрэгтэн гэрт нь хулгай хийхээр орсон байгаа юм. Хохирогч яг тэр үед гэртээ ирж таарчихсан. Ингээд л хулгайч гэрийн эзнийг цохиж хөнөөгөөд зугтаачихсан байдаг юм. Бүтэн 10-аад хоног мөрдөлт явуулж байж, гутлын мөрөөс эхлээд л янз бүрийн туршилт их хийсээн. Эрүүгийн төлөөлөгч, прокурортойгоо хамтарч байж илрүүлж байлаа даа.

-Орон нутагт хааяа бас ноцтой хэрэг гардаг. Илрүүлэхэд хүндрэлтэй ямар хэргийг мөрдөж байв?

-Аймгийн төвд ноцтой нэгэн хэрэг гарч байсан. Тухайн үед хэвлэлээр нэлээд шуугиан болж байсан санагдана. Төрсөн эгчийгээ таван настай хүүтэй нь хөнөөгөөд зугтаасан хэрэг. Түүн дээр бид ажилласан. Тухайн үедээ илрэхээргүй л ноцтой хэрэг байсан.

-Илрэхээргүй гэдэг нь?

-Эхний үед хэн үйлдсэн нь маш бүрхэг байсан. Хоёрт, ах дүүс нэгнийхээ аминд хүрэх тухай ойлголт тухайн үед байхгүй байв. Түүнд жаахан төөрөлдөж яваад сүүлд хэрэгтнийг олсон юм. Эгч, дүү хоёр аав ээжээсээ үлдсэн хөрөнгөөс болж маргалдсан. Түүнээс үүдэж дүү нь эгчийгээ таван настай хүүхэдтэй нь хамт боомилж алчихаад зугтаачихсан байсан. 20 гаруйхан настай залуус. Гэрт нь эмээ ээж нь гээд хараагүй хөгшин байсан юм. Тэр хөгшин үйл явдлыг сонссон байж. Бид хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас нэг их тоогоогүй. Гэтэл хамгийн гол гэрч болж таарсан. Эгч дүү хоёрыг хэрэлдэж маргалдаад байсныг сонссон байгаа юм. Тэгээд л хэрэг гарах үед дүү нь ирсэн байсан гэдгийг бүр сүүлд хэлснээр бид хэрэгтний мөрөөр явж олж байсан.

-Та Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга хүртэл ажиллаад Улаанбаатар руу шилжсэн байдаг. Хотод ирээд мөрдөн байцаахаас илүү цагдаа нарын төлөө нэлээд ажилласан байх аа?

-Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга хүртлээ дэвшиж ажиллаад 1997 онд Улаанбаатар хотын Төмөр замын цагдаагийн хэлтсийн боловсон хүчин, хүний нөөц хариуцсан дэд даргаар ажиллаж эхэлсэн юм. Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан хүн шал өөр чиглэл рүү ороод ирсэн л дээ. Сонин ч байсан. Цагдаа нарыг сургаж хүмүүжүүлдэг, хүний нөөц хариуцдаг алба. Сүүлд ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Тэр үед цагдаа нарыг хувцастай болгох, хувцасны хэв маягийг нь шинэчлэх, яавал дулаан чанартай, биед эвтэйхэн байлгах талаар нэлээд ажилласан. Гутлыг гэхэд хичнээн ч удаа шинэчлэв. Цагдаа нараас санал ихээр авна, тэгж байж дулаан хувцастай болгосон шүү дээ.

-Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх албанд 40 орчим жил зүтгэнэ гэдэг тэр бүр хүнд олдохгүй түүх юм. Цагдаа хүн ямар үед мэргэжлээрээ бахархдаг юм бэ?

-Хохирсон иргэдийн хувь заяаг шийдэж, эд хөрөнгийг олж өгөх, хүнээ алдсан хүний гомдлыг тайлаад өгөхөд л бахархал төрдөг байлаа. Нөгөө талдаа хүнийг хэлмэгдүүлэхгүй байх.

Зарим хэрэг хурдан илэрнэ, зарим нь зовж илэрнэ. Түүний төлөө явсан хугацаа, хүч хөдөлмөр нэлээд их. Өлсөж цангах бол мөрдөгч хүнд юу ч биш. Тэгж явсны эцэст хэргээ илрүүлчихээд урт амьсгаа авдаг байж билээ. Цагдаагийн албаараа, мэргэжлээрээ бахархаж байсан нэг түүх бий. Ард иргэдээс янз бүрийн гомдол ирнэ. Цагдаа бүгдийг шалгах үүрэгтэй. Гэтэл нэг удаа Уянга сумын Баараа гэж газраас нэг хөгшин унааны ганц морио алдсан гомдол ирдэг юм байна. Тухайн хүндээ том өмч шүү дээ. Түүнийг нь хөөцөлдөж өдөржин шөнөжин явж илрүүлчихээд шөнийн 04:00 цагт гомдол гаргасан өвгөнийхөө гэрт нь явж очлоо. Морийг нь олчихлоо гэдгээ дуулгахлаа. Гэтэл нөгөө хөгшин маань Миний ганц морины төлөө төр явдаг юм байна гээд л уйлж байсан. Тэгэхэд л их баярлаж байлаа. Хөгшин Миний морь яах вэ. Ингэж явж байгаа чинь хамгийн гоё байна гээд л умгар гэртээ шөнө дөлөөр босоод цай цүй идээ ундаа болоод л. Тийм сайхан сэтгэл үнэртсэн явдал санаанаас гардаггүй юм.

-Та мөрдөн байцаах албанд нэлээд удаан ажилласан хүн. Хэрэг мөрдөж дуусгаад прокурор шүүх рүү шилжүүлэхэд буцах тохиолдол хэр байв. Үүнийг асууж байгаа учир нь сүүлийн үед шүүх дээрээс хэрэг буцдаг явдал задгайрлаа шүү дээ?

-Мөрдөгчид тэр хэргийг тултал явдаг. Бүх талаас нь бүрэн дүүрэн илрүүл гэж үүрэг өгдөг байлаа. Хэрэг буцах тохиолдол маш цөөхөн байв. Хэрэг буцаж байна гэдэг ажил дутагдалтай байна гэсэн үг. Мөрдөөд жин тан болоод шүүх дээр очиж байгаа хэрэг буцах ёсгүй. Хэрэг буцна гэдэг ойлголт тухайн үеийн цагдаагийн байгууллагын ажилд гологдол гэж үздэг байсан. Одоо бол буцахгүй хэрэг алга байна. Ингэснээр цаг хождог, ач холбогдлыг нь алдагдуулдаг арга хэрэгсэл болчихов уу даа гэж хардаг болсон.

Өөрийгөө магтаж байгаа юм биш, мөрдсөн хэргийг маань шүүгч уншихгүй тасалдаг байсан. Одоо ингэж ярьж болохгүй л дээ. /инээв/.

-Мөрдөгчийн чадварыг шүүгч мэддэг болоод тэр биз дээ?

-Тийм найдвартай мөрддөг байсан гэсэн үг. Энэ хүн хэлмэгдүүлэхгүй, тултал нь илрүүлчихсэн гэж үздэг байсан гэх юм уу даа. Тэр үед өмгөөлөгч гэж байдаггүй байлаа. Тийм үед хүн хэлмэгдүүлдэг байсан бол хэргийг яаж ч бичиж болно шүү дээ. Одоо бол өмгөөлөгч хүний эрхийг хамгаалж байна гээд хэргийг завааруулж, ашиг сонирхол оруулдаг болчихсон. Прокурор, шүүгчтэйгээ хуйвалдаад л Монголын цагдааг ажил хийлгэхгүй байна шүү дээ.

-Ний нуугүй хэлэхэд цагдаад ч ийм явдал байхгүй гэж хэлэх аргагүй шүү дээ?

-Хүмүүс тэгж яриад л байгаа юм. Би бол итгэдэггүй. Учир нь цагдаа, мөрдөн байцаагч хүн тийм ёс зүйтэй байх ёстой. Тэр ёс зүйд л итгэж байна. Одоо бол шинжээч томиллоо л гэнэ. Итгэхээ байчихсан. Хөнгөн гэмтлийг хүнд, хүндийг хөнгөн болгоод суллачихдаг. Тэгэхээр салбар бүрд шударга ёс байна уу үгүй юу гэж асуух болчихоод байна.

-Шударга ёсны асуудал яривал их хүнд юм. Онц ноцтой хэргүүд одоо яригдаж байна. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг гээд л. Таны үеийнхээр бол хохирлын хэмжээгээрээ онц ноцтой хэрэг мөн биз?

-Ноцтой хэрэг байлгүй яахав. Ёстой цаазаар авах ялтай хэрэг.

-Эрх мэдэлтэй хүмүүс ард түмнийхээ боломжийг хэдэн их наядаар нь хулгайлж, төрөө тоносон онц ноцтой хэрэг үйлдэгдэж байхад Монголын цагдаа, прокурор, шүүх хаана явсан юм бэ. Тэд яагаад нүдээ аньчихав гэдэг асуулт гараад байгаа юм л даа?

-Үнэхээр хохирлыг нь хэлж барахгүй том хэргүүд гардаг болж. Таны хэлдгээр нүд чих болсон цагдаа яагаад ажилласангүй вэ гэж байна. Үнэн л дээ. Түүнийг зөвшөөрч байна. Уг нь цагдаад гүйцэтгэх ажиллагаа гэж байна даа. Бусдаас мэдээлэл авах, шалгах, тогтоох, тагнах, мөрдөх, нууц ажиллагаа явуулах эрхтэй. Энэ тал дээр цагдааг хүчгүйдүүлсэн дээ гэж хардаг. Дээрээс нь улс төрийн нөлөөлөл их ордог болж. Нэг хэргийг илрүүлэх гэхээр дээрээс цагдаагийн алба хаагчдыг зовоодог байх. Энэ мэтчилэн ард түмэн хууль сахиулах байгууллагууддаа итгэхэд хэцүү болсон нь үнэн.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч Б.Баяраа: Хөгжлийн банкны 150.000 хуудас хэрэгтэй 15 хоногт шүүгч танилцах боломжгүй DNN.mn


Хөгжлийн банкны хэргийн 84 яллагдагч, 257 оролцогч, 460 гаруй хавтаст хэргийг шүүх эсэх урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын процесс болон бусад асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Маш олон холбогдогч, оролцогчтойгоор Хөгжлийн банкны шүүх хурал олны анхаарлыг нэлээд татаж байна. Шүүх хурлыг хаалттай явуулах шийдвэр гаргасанд шүүмжлэл өрнөөд байна шүү дээ. Үнэхээр хаалттай явуулах үндэслэл байсан уу?

-Хувь хүн, байгууллагын нууцад хамаарах асуудал хэлэлцэгдэх тул хаалттай явуулъя гэсэн хүсэлтийг өмгөөлөгч гаргаж, прокурор хүсэлтийг дэмжсэнийг үндэслэн шүүхээс хаалттай явуулах шийдвэр гаргасан. Хуульчид бүгдээрээ хаалттай явуулах үндэслэл дээр санал нэгдсэн гэсэн үг. Харин нууцад хамаарах нотлох баримтыг хаалттай хэлэлцээд бусад үйл явцыг нээлттэй явуулсан бол хардлага сэрдлэг гарахгүй байсан байх.

-Ядаж л тэр шүү дээ. Нөгөө талаар шүүх хурлын үйл явцын талаар нэлээд маргаантай зүйлүүд яригдаж байна. Оролцогчид шүүх хурлын явцад эрхээ эдэлж чадах эсэх гээд л?

-Зөвхөн хурал эхэлсэн нээлттэй үеийн талаар дурдахад шүүх хурлын процесс анхнаасаа мордохын хазгай болсон л доо. Олон оролцогчтой гэдэг шалтагаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг үндэслэлгүй хязгаарлаж, үг хэлэх боломжийг 10 минутаар хязгаарласан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ингэж хугацааны хязгаарлалт хийх зохицуулалт хуульд байхгүй.

Мөн зориулалтын бус танхимд хурал хийж байгаагаас шалтгаалан өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ харьцах, зөвлөх боломж нөхцөл бололцоо хязгаарлагдмал байна. Театрын танхимд тусгаарлаад суулгасан учраас тэр бүр үйлчлүүлэгчтэйгээ уулзах гээд хүн босгоод бусдын хөл дээгүүр гишгээд нааш цаашаа яваад байх боломжгүй шүү дээ. Түүнчлэн шүүхэд яллах, цагаатгах талын чиг үүргийг эн тэнцүү хэрэгжүүлж, тэгш эрхтэй оролцох статус бүхий прокурор болон өмгөөлөгчийн нөхцөл байдал ялгавартай байгаа нь ноцтой. Тухайлбал, прокуроруудыг хамгийн урд талын эгнээнд ширээ засч, техник хэрэгсэл, тог цахилгаан ашиглах боломжоор хангачихсан. Гэтэл ихэнх өмгөөлөгчид харанхуй хүйтэн нөхцөлд үзэгчдийн суудал дээр өвлийн гадуур хувцастай, ширээгүй өвдөг дээрээ цаас, бал тавиад сууж байгаа тул өмгөөллийн ажлаа бүрэн хийх нөхцөл бүрдэхгүй байна. Хамгийн ноцтой нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Тухайлбал, олон оролцогчтой онцлог хэрэг гэх шалтагаар зарим шийдвэрийг санал хураагаад олонхийн саналаар шийдье, хэргийн оролцогчдын олонхи ирсэн тул хойшлуулах хүсэлт ирүүлсэн цөөнхийн хүсэлтийг хүлээн авахгүй гэх мэтээр улс төрийн зарчмаар шийдвэр гаргаж болохгүй. Зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хурал явагдах ёстой.

Шүүгч зөвлөлдөх тасалгаанд зөвлөхгүйгээр урьдчилан шийдвэр гаргаад улмаар энэ тухай өмгөөлөгчдийн шаардлагын хариуд Заавал хөшигний араар орох юм уу гэх мэтээр үл тоомсорлож, хавтаст хэргээ үзэхгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж байна. Шүүхийн дэг анхнаасаа алдагдсаныг та бүхэн нээлттэй үед нь харсан байх.

-Сонирхолтой юм. Шүүх хурлыг зохион байгуулах танхим олох гэж нэлээд юм болсон шүү дээ. Шүүх хурлыг урлагийн танхимд өрнүүлж байна. Үүнээс үүдэлтэй үр дагавар байна уу?

-Театр бол урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулдаг газар болохоос шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг газар биш. Тиймээс хоёр дахь өдрөө ч шүүх хурлын албан ёсны уур амьсгал орохгүй байгаа. Үзэгчдийн суудлаас оролцож байгаагаас ч тэр үү урьдчилсан дэглэлттэй ший жүжиг үзэж байгаа мэт сэтгэгдэл эрхгүй төрж байна. Магадгүй шүүгч тайзан дээр ширээ засаад суухаар тэгж санагдаж байгаа байх. Нөгөөтэйгүүр урлагийн тоглолт үздэг танхим учраас хурлын үйл явцын үеэр оролцогчид алга ташчихсан сууж байх жишээтэй. Ямартаа ч цаашид шүүх хурлыг олон өдөр хоногоор урлаг уран сайхны танхимд хийж болохгүй гэсэн сургамжтай үйл явдал болж байх шиг байна. Ер нь манай улсын шүүхийн байгууллага танхим байр савны хүрэлцээ муу байгаагийн улмаас олон улсын хэмжээнд Монгол Улс шүүх эрх мэдлийг хэрхэн доогуур үздэг, хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлт ямар түвшинд байгааг илчилсэн шившигтэй нөхцөл байдал үүслээ гэж харагдаж байна. Үе, үеийн УИХ, Засгийн газар, яамд, тухайлбал Хууль зүйн яамаар жишээ авахад өөрийн харьяа агентлагуудад өндөр орднууд барьсанаас биш шүүхийн байр савыг анхаарч байгаагүйн гор өнөөдөр гарч байна шүү дээ. Бусад үед ч шүүх хурлын байр танхим хүрэлцээгүй, талбай багатай улмаас Хулганы нүхэнд хуралдав гэх хэлц үг хүртэл үүсчихсэн байдаг нь нууц биш. Гэсэн атлаа Шүүхийг нүд цавчилгүй харж байна гэх мэтээр шүүхэд хууль бусаар нөлөөлөх ажлаа төр засгийн зүгээс сайн хийж байна.

-Энэ хэрэг өөрөө олон оролцогчтой учраас ийм нөхцөлд хуралдахаас аргагүй гэж шүүх байгууллагын зүгээс тайлбарлаад байгаа. Буруутгах аргагүй юм?

Хөгжлийн банкны гэх хэргийг том тоо гүйцээж, сүр оруулах гэж зориуд олон оролцогчтой болгосон гэж би хувьдаа үзэж байгаа. Тухайлбал, эрүүгийн хэргийг зөвхөн субъект болон үйлдлийн хамаарлаар нэгтгэх, тусгаарлах үндэслэлтэй. Гэтэл 2011 оноос хойшхи үе, үеийн хоорондоо хамааралгүй, тэр бүү хэл улс төрийн өөр байр суурьтай Засгийн газраас байгуулагдсан Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, ТУЗ, ажилтнуудыг шууд нэг хэрэгт нэгтгэж шалгасан. Хоорондоо цаг хугацаа, орон зай, үйлдлийн хувьд хамааралгүй үйлдлүүдийг тусгаарлан шалгасан бол хэрэг ингэж томрохгүй. Ядаж л Хөгжлийн банк Чингэлтэй дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү нүүсэн гэхээр хэргийн шүүхийн харьяалал өөр байна. Хөгжлийн банкинд хамаатуулан хэрэг хийсэн болон хэлмэгдсэнийг ялгаж салгахгүй бөөнөөр нь яллаад шүүхэд шилжүүлсэн гэж хуульчийн хувьд үзэж байгаа. Гэхдээ нотлох баримтын талаар одоогоор тухайлан ярьж болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хар цагаан, зөв буруу, үнэн худал нь ус тос шиг ялгарах биз. Ямартай ч бүгд буруутай, эсвэл буруугүй гэж урьдчилан хэлэх боломжгүй. Гэм бурууг зөвхөн шүүх шийдвэрлэх зарчимтай.

-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн онцлогийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндсэн хурал зарлах шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Хэргийн үйл баримт болон хаалттай хурлын үйл явцыг олон нийтэд мэдээлэхгүй байх нууцын баталгаа өгсөн тул нарийн ярих боломжгүйг ойлгоорой. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нотлох баримт цуглуулах үндэслэлтэй талаар өмгөөлөгчдийн зүгээс маш олон үндэслэл гаргаж байгаа. Энэ хэрэг одоогоор шүүхээр шийдвэрлэгдэхэд хэт түүхий, нойтон байна. Үнэхээр хуулиа баримталвал нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй.

-Яагаад?

-Шүүгч 500 хавтаст хэрэг буюу багадаа 150.000-аас багагүй хуудас материалыг 15 хоногт уншиж танилцах, судлах ямар ч боломжгүй. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийг яаран зарлаад өнөөдөр хурлаа хийж байна. Хууль зүйн сайд шүүхийн үйл ажиллагаанд хутгалдсан талаараа ам алдсан нь ёсоор болж Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг Сар шинийн өмнө хийчихлээ. Уг нь ийм хэргийг 30 хоногоор сунгах боломжтой. Энэ 15 хоногийн хугацаанд ажлын цагаар өмгөөлөгч, хэргийн оролцогч нар хавтаст хэрэгтэй танилцаж байсан . Нөгөө талаар шүүгч өөрөө бусад шүүх хуралд оролцож хэрэг шийдвэрлэж байсан гэдгийг тооцоолохоор хэргээ гүйцэд судалж үзэх бодит боломж бүрдэхгүй юм. Шүүх хурал эхлэхэд хурал хойшлуулах хүсэлтийг урьдчилан шийдэж, оролцогч нарт танилцуулж санал авахгүй яаран алхаа тогшиж байгаа зэргээс үзэхэд энэ хэргийг гэм буруугийн шүүх хурал руу шилжүүлэх шинжтэй байна.

-Гол нь энэ бол нэлээд том хэрэг. Олон нийтийн зүгээс гэм буруутай хүмүүст тохирсон ял шийтгэлийг нь цаг хугацаа алдахгүйгээр оноох ёстой гэж шаардаж байна шүү дээ?

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч урьдчилан гэм буруутайд тооцдоггүй. Хууль засагладаг, ардчилсан, эрх зүйт төртэй улсад бол шүүхийн шийдвэр гарах хүртэл хэн нэгнийг урьдчилан буруутгах эрхгүй. Учир нь шүүхээр цагаатгагдах боломжтой шүү дээ. Харин манай улсад бүх зүйл урвуу хамаарлаар явж байна.

Хөгжлийн банкны гэх хэрэг гурван шат дараалсан шүүлтүүрээр шийдэгдэх шинжтэй. Эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн өмнө яллах ажиллагаа хийж, дараа нь парламент дээр улс төрчид шүүж хэлэлцээд эцэст нь албан ёсны шүүхээр энэ бүхнийг ёсчилж баталгаажуулах ажиллагаа хийгдэж байх шиг байна. Урьдчилаад албан бусаар яллах нь шүүхэд нөлөөлж байгаа нэг хэлбэр юм. Мэдээж албан тушаалтны буюу цагаан захтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нь иргэд олон нийтийн өөрөөр хэлбэл та бидний хууль ёсны эрх ашиг гэдэгтэй маргахгүй. Гэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хараат бус мэргэжлийн шүүхээр гэм бурууг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн хэнд ч болов ял завшуулахгүй, ял шийтгэл гарцаагүй байх зарчмын дагуу зохих хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх н ь зүйтэй. Нөгөөтэйгүүр гэмтэйг шийтгэхийн зэрэгцээ гэм буруугүй хэнийг ч болов хилсээр ял оноохгүй байх торгон ирэн дээгүүр хүний амьдрал хувь заяаг шийдвэрлэдгээрээ шүүн таслах ажил нь нарийн мэргэжлийн ажилд тооцогддог. Хавтаст хэрэгт ямар баримт байгааг үзээгүй, мэдээлэл багатай хэсэг болох олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улстөрчдийн сэтгэлийн хөөрлөөр хэн нэгний гэм бурууг дэнсэлж хувь заяаг шийдвэрлэдэггүй юм. Хуульчийн хувьд шүүхээс хуулийн үндэслэлтэй шударга шийдвэр гараасай гэсэн хүлээлттэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралд 80 яллагдагч 102 өмгөөлөгчтэй оролцоно DNN.mn

Хөгжлийн банкны хэргийг өнгөрсөн сард прокуророос шүүхэд шилжүүлсэн билээ. Нийт 257 оролцогчтой тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 15-нд товлогдоод байна. Дашрамд дурдахад ийм тооны оролцогчтой хэргийн шүүх хурал явуулах шүүх танхимын багтаамж нийслэлийн хэмжээнд байхгүй гэгдэж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хувь хүн, дөрвөн хуулийн байгууллагын нэрсийг зарласан юм. Үүнд:

-Хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр;

-Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Баяраагийн Чойжилжалбуу, Энхнасангийн Эрдэнэ, Хүрэлсайханы Баттулга;

-Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Должидын Батбаяр, Гомбын Цолмон,

-Гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр;

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ;

-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа;

-Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр;

-Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа;

-Санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан Цогбаатарын Содхүү, Ядмаагийн Батцэцэг;

-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Оргойн Баяр;

-Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг нар байгаа бол хуулийн этгээдүүдээс:

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК;

-Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

-Хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК-ийг шүүхээс зарлалаа.

Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс гадна прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15 хэргийн нийт 257 оролцогч оролцохоор товлоод байна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Алга болсон гэх гурван автобус урлагийн байгууллагад байна DNN.mn

Хөгжлийн банкны хоёрдугаар сарын нээлттэй сонсгол өнгөрсөн даваа гаригт эхлэв. Сонсголын хоёр дахь өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДБМ лизинг” ХХК-иас 2016 онд зохион байгуулсан АСЕМ-ын үеэр зээлээр авсан автобусны түрээсийн санхүүжилтийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татлаа.

Засгийн газар, БНСУ-ын Экзим банк хооронд байгуулсан 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 43 автобус нийлүүлж, АСЕМ-ын үйл ажиллагаанд ашигласан байдаг. Үүний дараа дээрх автобуснуудыг хэрхэх тухай асуудал өрнөсөн байгаа юм. Ингээд 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Сангийн яамны тоот бичгээр автобус тус бүрийн үнэлгээг 44 сая төгрөгөөр бууруулж, 270 сая төгрөгөөр дамжуулан зээлдүүлж эхэлжээ.

“ДБМ лизинг” компани 2017-2020 оны хооронд нийт 40 автобусыг жилийн 4.5 хувийн хүүтэй зээлийн журмаар төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгосон байна. Тодруулбал, ЦЕГ, ИНЕГ, АТГ, БХЯ, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ОБЕГ болон хувийн аж ахуйн нэгжүүдээс Нью жуулчин турс, Атибус, Ач буян тревэл, Зэлтэрийн зам, Минтранс, Эрдэм транс, Түмэнд нээлттэй хязгаарынхан, Шивээ овоо, Тээвэр ачлал зэрэг компаниудтай зээлийн гэрээ байгуулан худалджээ. Гэтэл гурван автобус хаачсан нь тодорхойгүй байна. Энэ тухай сонсголын үеэр УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад тэрбээр “Зам тээврийн яамнаас асуусан нь дээр байх. Дамжуулан зээлдэх гэрээг Зам тээврийн яам хийсэн. 2016-2019 он хүртэлх алдагдлыг өнөөгийн үнэ цэнээр тооцвол яаралтай эзэнтэй болгох нь зөв. Эзэнгүй байсан болохоор гурван автобус алга болчихлоо. Дахиад хоёр жил гэрээ байгуулахгүй явчихаж байна. Энэ хугацаанд алдагдсан үнэ цэнэ багагүй” гэсэн тайлбарыг өгсөн. УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “19 автобусыг төрийн байгууллагад өгсөн бол 21-ийг нь хувийн хэвшилд лизингээр өгсөн юм байна. Гурван автобус олдохгүй байгаа. Шинжээчид хайгаад олохгүй байна. Зам тээврийн яам, Сангийн яамнаас асуусан ч олдоггүй” гэсэн нь анхаарал татаж байгаа. Автобус тус бүрийг 270 сая төгрөгөөр үнэлж, жилийн 4.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай зээлээр олгосон гэхээр гурван автобусны нийт үнэ нэг тэрбум төгрөг давах юм. Ийм хэмжээний үнэлгээтэй гурван ширхэг автобус сураггүй алга болно гэдэг ноцтой асуудал.

“Эрдэм транс”-ын баазаас 31 автобус эзэддээ шилжжээ

Автобусны маргаан АСЕМ-ын үеэр л эхэлсэн. Үндэсний аудитын газрын АСЕМ-ын санхүүжилтэд хийсэн 2018 оны аудитын тайлан бий. Автобусны эрлийг хайвал тус тайланд “…3.2.5 “АСЕМ”-ын үйлчилгээнд явсны дараа автобусуудыг нэг сарын хугацаатай хадгалуулахаар 2016 оны 10 дугаар сарын 14-нд “АТҮТ” ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, мэргэжилтэн Э.Жанцалдулам нар акт үйлдэж, 43 автобусыг жагсаалтаар, гэрээ байгуулалгүйгээр “Тэнүүн огоо” ХХК-д хүлээлгэн өгч нэг жил хадгалуулсан байна. “Тэнүүн огоо” ХХК 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 42 автобусыг хүлээлгэн өгсөн баримт үйлдэлгүйгээр ЗТХЯ-ны өмнөх талбай /авто зогсоол/-д авчирч байршуулж, нэг жил хадгалсны дулаан агуулахын төлбөр 69.0 сая төгрөгийг нэхэмжлэн, төлбөрийг шийдэх хүртэл нэг автобусыг барьцаанд авсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 14-д барьцааны автобусыг буцаан авсан байна” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2018 оны хоёрдугаар сар хүртэл автобусны тоо бүрэн байжээ.

Тайланд үргэлжлүүлэн “…“АТҮТ” ТӨҮГ-ын захирал /Х.Дэлгэрнаран/-ын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/309 дүгээр тушаалаар автобусыг хадгалах, хүлээлгэн өгөх 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилсон байна. Уг комисс “Эрдэм транс” ХХК-тай автобусыг хадгалах, хадгалуулах тухай ТГ17/015 дугаар гэрээ байгуулж 43 автобусыг тус компанийн гадна талбайд жагсаалтаар хүлээлгэж өгсөн байна. Тухайн үед жагсаалтад 43 автобуснаас 7 автобусны GPS, 1 автобусны антен, 2 телевизийн удирдлага, 4 хөгжмийн удирдлага, 5 автобусны дугуйн колбак дутагдсан байна… 2018 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар аудитаар хяналтын тооллого хийхэд “Эрдэм транс” ХХК-ийн дулаан агуулахад 21 автобус байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар “Ди Би Эм лизинг” ХХК 31 автобусыг зээлээр худалдсан байна” гэжээ.

“Эрдэм транс” ХХК: АТҮТ-өөс“Танайх том баазтай юм чинь автобуснуудыг түр хадгалуулъя” гэж гуйсан

Аудитын тайлангаас “Тэнүүн огоо” ХХК-ийн баазаас бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан 43 автобус “Эрдэм транс” ХХК-ийн баазад шилжүүлэх үеэс бүрхэг болж эхэлсэн харагдаж байна. Тиймээс энэ асуудлаар “Эрдэм транс” компанийн удирдах албаны нэгэн ажилтантай холбогдож дараах тодруулгыг авлаа.


-АСЕМ-ын 43 автобусыг танай компанийн баазад хадгалуулсан байдаг. Ямар байгууллага танайд хандсан юм бэ?

-Манайх Улаанбаатараас гадна хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага. Тэр утгаараа АТҮТ-өөс тухайн үед манайд хүсэлт гаргасан. “Танай компанийн бааз том талбайтай юм байна. Тиймээс эдгээр автобусыг танайд түр хугацаанд байршуулах хэрэгтэй байна” гэж гуйсан. Бид ч зөвшөөрсөн.

-Хэдэн автобус авчирсан бэ. Хүлээлгэж өгөхөд автобусны бүрэн байдал хангагдаж чадсан уу?

-Ямар ч асуудал гараагүй.

-Танай баазад 43 автобус хүлээлгэж өгсөн гэсэн аудитын тайлан байна. Гэтэл гурван автобус дутсан. Танай бааз дээрээс л зээлээр худалдан авагчид авсан болж таараад байгаа. Гурван автобусны талаар та мэдэх үү?

-Бид анх авчирсан автобуснуудыг тоог нь бүрэн хүлээлгэж өгсөн. Өөр ярих зүйл алга гэв.

Д.Цэрэнсамбуу: Урлагийн гурван байгууллагад автобус өгсөн нь үнэн

Хөгжлийн банкны сонсголын үеэр “ДБМ лизинг” ХХК-ийн дэд захирал асан Г.Ганбаатар “Миний сонсож байснаар 3 автобусыг төрийн байгууллагуудад Засгийн газраас олгосон гэсэн. Драмын театр ч билүү. Тиймэрхүү байгууллага сонсогдсон. Манайх 43 автобусыг Сангийн яам, ЗТЯ, Чингис хаан банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Ашиглагдахгүй удсан. 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн” гэсэн юм.

Энэ тухай Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуугаас тодруулсан юм.

-АСЕМ-д ашиглаж байсан 43 автобуснаас гурав нь сураггүй болсон асуудал мандаад байгаа. Гэтэл Улсын драмын эрдмийн театрт байгаа сураг дуулдлаа. Танайх улсаас автобус авсан хэрэг үү?

-Урлагийн байгууллагууд нэгдээд яам, Засгийн газарт энэ автобус унааны асуудлаар хандсан байдаг. Урлагийн байгууллагын хувьд том хэмжээний автобустай байх маш чухал. Орон нутагт ч монголчууд байгаа шүү дээ. Тэдэнд соёл урлагийн үйлчилгээг хүргэх ёстой. Үүний тулд уран бүтээлчид автобусаар орон нутгийг зорих хэрэгтэй болдог. Тиймээс хүсэлт тавьсан. Нэлээд хугацааны дараа шийдэгдэж, тухайн үеийн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан урлагийн гурван байгууллагад автобус гардуулж өгсөн.

-Ямар ямар байгууллага вэ?

-Манайхаас гадна Улсын Филармонийн Баян Монгол чуулга, Үндэсний Урлагийн Их театрт гардуулсан санагдаж байна. Зам тээврийн яамны үүдэнд арга хэмжээ нь болж байсан шүү. Манай урлагийнхан оччихсон, би үг хэлж байснаа санаж байна. Алга болчихсон автобусууд авсан болж таарч байна уу.

-Автобусны төлбөр тооцоо яригдсан уу?

-Урлагийн байгууллагуудад үнэгүй өгсөн. Сүүлд Төрийн өмчийн хорооны шийдвэр гарч, байгууллагын өмчид хүртэл шилжсэн байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа тоносон улстөрчдөд хариуцлага тооцох цаг дөхөж байна уу? DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард олон нийтэд мэдээлэл хийх үеэр “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ байгаа. Тэнд төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Таван толгойд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд нь 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” гэж мэдэгдсэн нь нүүрсний хулгайг албан ёсоор зарласан хэрэг болсон.

Үүнээс зургаан сарын дараа буюу аравдугаар сард Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанид онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тун удалгүй хууль хүчний байгууллагын өргөн хүрээтэй баривчилгаа, нэгжлэг өрнөж эхэлсэн билээ. Нүүрсний хэргээр хамгийн түрүүнд баривчлагдсан албан тушаалтнууд бол “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нар юм. Х.Нурлатын хувьд “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгасан.

Үүний дараа орон нутгийн өмчит “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХХК-ийн хамаарал бүхий 10 гаруй оффист нэгжлэг хийж, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж, “Монпорт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Г.Мөнхдөл, улс хоорондын ачаа тээврийн “Зунмен” ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ци Шаохуа нарыг баривчилсан. Б.Ганхуяг нарын найман хүнийг “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж нараас нэг хоногийн зайтай саатуулж байв.

Үүнээс хэдхэн хоногийн зайтай АТГ хэвлэлийн хурал зарлаж, нүүрсний хэрэгт холбоотой 17 хүний нэрийг зарласан. Үүний дотор УИХ-ын долоон гишүүн багтсан байлаа. Баривчилгаа цаашаа ч өрнөсөн. Одоогийн байдлаар 20 хүнийг яг энэ хэрэгтэй холбоотойгоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Түүгээр зогсохгүй Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх сураг дуулдаад нэлээд удаж байна. Нүүрсний хэрэгт холбоотой төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ-ын гишүүд нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд прокурорын байгууллага УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавилаа.

Нүүрсний хэргийг тойрсон үйл явц товчхондоо ийм. Одоо хамгийн чухал нэг асуудал хариулт нэхээд удаж байна. Монгол Улсын төсвөөс, ард түмнийхээ эдлэх боломжоос 40 их наядаар тоносон хүмүүст хариуцлага хүлээлгэх дөхөж байна уу. Төсвийн орлогын том үүц “Эрдэнэс Таван толгой” компанийг олон жил удирдсан Б.Ганхуяг гэхэд хөрс хуулалт, олборлолтын компаниас хахуульд авсан мөнгөөрөө 4.6 га газар худалдан авч, спорт цогцолбор, орон сууцны барилга эхлүүлж, орлогоо хууль бусаар нуун дарагдуулсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн гэж байгаа. Улаанбаатар төмөр замын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нүүрс тээврийн хэргээр гэрээсээ 7.3 тэрбум төгрөг, дөрвөн тэрбум төгрөгтэй тэнцэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэгтэйгээ газар дээрээ хуулийнханд баригдсан. Цаашлаад УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд худ ураг, хамаарлын сүлжээгээрээ нүүрсэнд яаж хутгалдсан баримтууд хөвөрсөөр байна. Монгол Улсыг хөгжүүлэхэд гар бие оролцоно гэж олон нийтээс санал аваад УИХ-д гарсан, төрийн албанд чин шударгаар ажиллана гэж тангараг өргөсөн нөхөд улсаа тонож байгааг монголчууд харлаа.

Ил болсон захын жишээ ийм байхад хариуцлага хүлээсэн нэг ч хүн одоо хүртэл гараагүй байгаа нь анхаарал татна. Эхнээсээ буруутай этгээдүүд мартагдаж эхэллээ. Ард түмний итгэл ч алдагдаж гүйцлээ. Тэд төр засагтаа итгэх итгэлгүй болцгоож байна. Төр засагтаа итгэх итгэлгүй болно гэдэг асар хортой зүйл. Энэ бол тусгаар тогтнолдоо эргэлзэж эхэлнэ гэсэн үг. “Манайхан төр барих ч дээ” гэсэн голонгуй яриа дуулдаад байдаг болсон нь ийм аюултай. Дэлхийд нөлөөтэй хоёр том гүрний дунд оршиж буй жижиг улсын хувьд ард түмний улс эх орноо гэх үнэт зүйл алдагдвал маш аюултай. Тусгаар улсынхаа төр засгийнхны увайгүй, худалч, тонуулчин үйлдэл ард түмнийг туйлдуулж байна. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх 40 их наяд төгрөгийг хулгайлсан нөхдөдөө эрх баригч нам нь хариуцлага тооцох ёстой гэсэн итгэл арай тасарчихаагүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Авлигатай тэмцэхийн тулд намтайгаа тэмцэнэ гэсэн. Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь МАН-ын гишүүд байгаа. Хуулийн толгой байгууллага нь “Энэ хүн нүүрсний хэрэгт холбоотой байна” гэж зарлаад хоёр сарын хугацаа өнгөрч байхад эрх баригч намын дарга ёс зүйгүй, хууль бус ноцтой хэрэгт нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоо алгуурлаад байгаа юм биш биз. Шийдвэртэй ганц алхам үлдчихээд байна. Тэрэн дээр түдгэлзээд байгаа юм биш үү гэж хардаж байна. Ийм л учраас олон нийт итгэл алдарч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө олон улсын авлигын индекс зарлагдахад Монгол Улс өмнөх жилээс 16 байраар ухарч, дэлхийд авлига өсч буй 10 орны нэгээр нэрлэгдээд байна. Авлига, хээл хахууль ямар хэмжээнд тулсныг гадны хөндлөнгийн судлаачид гаргаад ирлээ. Онц их хэмжээний хохиролтой, авлигын хэрэгт төрийн түшээдээсээ эхлээд төрийн албаараа хутгалдчихаад байхад авлигын индекс ингэж гарах нь ч аргагүй юм. Авлигатай, хууль бус зүйлтэй чөмгөө дундартал тэмцэнэ гэдэг Ерөнхийлөгчөөсөө, “Авлигатай тэмцэхийн тулд намтайгаа тэмцэнэ” гэж амласан Ерөнхий сайд нүүрсний хэрэгт татагдсан улстөрчдөдөө, намын гишүүддээ зоригтойхон хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Улсын төсөвт онц их хохирол учруулсан нүүрсний хэрэгт хуулийн байгууллага онцгой анхаарал хандуулмаар байна. Хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаа бол орон нутгийн цагдаа, прокуроруудаа татаж оролцуулаад шалгаач, Ерөнхий прокурор оо. Хэрэгтнийг баримт нотолгоотой нь барьж байгаагаа зарладаг. Ял шийтгэл хүлээлгэх болохоор сураггүй болчихдог хэргүүд Монголоор нэг байгаа. Ийм учраас хууль шүүхийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл алдарсаар байгаа судалгаа сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Үүний араас нүүрсний хулгайн хэрэг ч орж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Улсынхаа эсрэг, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг эрх баригч нам нь ч, хуулийн байгууллага нь ч үүнийг анх гаргаж ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч цаг алдалгүй анхааралдаа авах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Гансүх: Метан хий нүүрснээс өндөр илчлэгтэй, 98 хувийн шаталттай учир Улаанбаатарыг утаагүй болгох шийдэл мөн DNN.mn


“Тахь ресурс” ХХК-ийн дэд захирал Н.Гансүхтэй (Ph.D.) метан хийгээр агаарын бохирдлыг бууруулах асуудлаар ярилцлаа.

Тус компани метан хийн хайгуулын төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа ажээ.


-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг олон жил ярилаа. Метан хий бол утааг бууруулах гол шийдлийн нэг гэж үзэж байгаа. Монгол орон нүүрсний баялаг нөөцтэй, түүнийг дагаад метан хийн нөөц ч хангалттай гэж харж болохоор. Утаагүй болоход метан хийг хэрхэн ашиглаж болох талаар ярилцлагаа эхэлье?

-Утаа бол Монгол Улсын хэмжээнд хамгийн их тулгамдаад байгаа асуудал. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж байгаа. Манай улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18 дугаар байрт ордог, асар уудам газар нутагтай. Цөөн хүн амтай улс хэрнээ утаа, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ ноцтой асуудлыг жил бүрийн өвөл 12, 1, 2 дугаар саруудад яриад л зун нь мартчихдаг. Утааг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас сайжруулсан түлшний үйлдвэр барихаас эхлэн олон ажлуудыг хийлээ.

Гэхдээ эдгээр нь утааг бүрэн шийдэх шийдэл биш гэдгийг бүх эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, тэр байтугай ард түмэн бүгдээрээ ойлгочихлоо. Утаа бол байсаар л байна, утаагаар дамжаад ханиад томуу нэмэгдэж, хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Метан хий бол манайд шинэ салбар. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Харин метан хий 2004 оноос яригдаж эхлээд 2018 оноос хайгуулын үйл ажиллагаа эрчимжиж байгаа. Метан хийн салбарт Австрали, Канад улс өндөр ач холбогдол өгдөг учраас гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, ноу-хау орж ирэх өндөр боломжтой.

Манай улс нүүрсний олон уурхайгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Гэтэл стандартаараа бол нүүрсний уурхай эхлэхээс өмнө метан хийгээ ашиглах ёстой байдаг. Тэгэхгүй бол метан хийг шууд байгальд дэгдээх нь өөрөө байгаль орчинд сөрөг нөлөөтэй, мөн нүүрсний ан цавт хуралдсан хийнээс шалтгаалан уурхайд дэлбэрэлт үүсэх зэрэг олон эрсдэлтэй.

-Яг метан хийн талаар товч ойлголт өгч болох уу?

-Метан хий бол нүүрсний давхаргын ан цав, страктурт байрладаг хуралдсан шатах хий. Хүмүүс байгалийн хий гэж яриад байдаг. Тэр бол нефтийн сав газар тостой холилдохгүйгээр их хэмжээгээр хуралдсан байдаг шатах хий. Энэ хоёр хий хоорондоо нэг их ялгаагүй, адилхан шатах хий гэж ойлгож болно.

Нүүрсний давхаргын метан хий бол Монголын нүүрсний сав газруудад байгаа нэг төрлийн байгалийн баялаг юм. Энэ баялгаа манай улс олж тогтоогоод, нөөцөө тодорхойлоод, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал утаагүй болох хамгийн зөв шийдэл.

Газ хэрэглэнэ гээд ярихаар хүмүүс гаднаас худалдаж авах гэж байна гэж ойлгодог. Гэтэл манайд тэр баялаг байна шүү дээ. Нүүрс байна, нүүрсээ дагасан метан хий нь байна. Нөгөө талаар утаа бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Аймгийн төвүүд их хэмжээний уурын зуух ашиглаж байгаагаас маш их утаатай болсон. Манай хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Өвөрхангай аймаг гэхэд л Улаанбаатараас илүү утаатай.

Утааны асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т метан хийг хөгжүүлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх ажлыг тусгаж байгаа нь сайшаалтай зүйл. Одоогоор манай улсад дөрвөн компани зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулан метан хийн хайгуулын ажил хийж байна.

-Метан хийг олон янзаар ашиглаж болдог гэдэг. Тодруулахгүй юу?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын орон сууцнууд бүгд газын шугамтай. Газаар байраа халааж, тог цахилгаанаа үйлдвэрлэж, ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Метан хийг ахуйн хэрэглээнээс гадна ус халаагуурт, хийн зуух, хуванцрын үйлдвэрт, бордооны болон металл боловсруулах үйлдвэрт зэрэг олон байдлаар ашиглаж болохоос гадна экспортын чухал бүтээгдэхүүн.

Дэлхий нийтээрээ байгаль орчны асуудлын эсрэг нүүрсний цахилгаан станцаас татгалзаж ногоон эрчим хүчийг түлхүү ашиглаж эхэлсэн энэ үед метан хийг эрчим хүчний шинэ эх үүсвэр гэж ойлгож болно. Мөн метан хий нүүрснээс илүү илчлэгтэй. Утаагүй, 98 хувийн шаталттай, тортоггүй, үнэргүй байдаг.

-Метан хийн хайгуул, олборлолт байгаль экологид хэр нөлөө үзүүлдэг юм бол?

-Монгол Улсын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, боловсруулах, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэмүү өртөг шингээх бодлого баримталж байна. Метан хий бол хамгийн эко, байгальд хоргүй уламжлалт бус газрын тосны ангилалд хамаардаг ашигт малтмал. Энгийн худаг ухдагтай яг ижилхэн, 20 см-ийн диаметрийн амсартай, 300-800 метр гүн цооног өрөмдөөд, соруулж авдаг.

Ямар нэг химийн бодис хэрэглэдэггүй, ус бохирдуулахгүй. Хэрэв олборлох бол дэд станц баригддаг ч тэр нь маш жижигхэн хэмжээтэй. Олон улс оронд ашигладаг, байгальд сөрөг нөлөөгүй технологитой.

Дэлхийн олон улсад хүүхдийн тоглоомын талбайн болон хаус хорооллын хажууд, тариалангийн талбай дээр бага зай талбайд хүртэл олборлож л байдаг. Метан хийн хайгуул хийхдээ хамгийн удаандаа cap хүрэхгүй хугацаанд өрөмдөж. нүүрсний дээжээсээ газ байгаа үгүйг шинжлээд л болдог.

-Дотоодын компаниуд метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж, хугацааг хэлж болох уу?

-Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн “Номгон-9” гэдэг талбайд туршилтын олборлолт хийснийг та бүхэн дуулсан байх. Компаниуд хайгуулаа хийгээд, нөөцөө тодорхойлж байна. Нөөцөө тодорхойлсны дараа үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөнө.

Хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө дахин ТЭЗҮ боловсруулж, шингэрүүлэх үйлдвэр барих уу, дэд бүтцээ яаж шийдэх, нөөцөөсөө хамаарч орон нутагт нийлүүлэх үү, шууд Улаанбаатарт хүргэх үү, хоолой татах уу. машинаар зөөх үү гэдэг нь тодорхой болно.

Нэг сайшаалтай зүйл нь Газрын тосны тухай хуульд уламжлалт бус газрын тос гэсэн нэр томьёо орж ирсэн. Үүнийг дагаад хууль эрх зүйн орчноо сайжруулж, төрөөс маш сайн зохицуулалт хийх хэрэгтэй. Компаниудад мэдээж төлөвлөгөө, төсөөлөл байгаа. Тиймээс эхлээд нөөцөө тодорхойлоод дараа нь эдийн засгийн үр ашгаа нарийн тооцож төлөвлөгөөгөө гаргана.

Төрийн бодлого шийдвэр болон орон нутаг хэр сайн ойлгож дэмжихээс метан хийн салбарын хөгжил болоод хэрэглээнд нэвтрэх хугацаа шууд хамаарна.

-Хамгийн ойрхондоо Улаанбаатарын утааг метан хийгээр шийдэх хугацаа хэзээ байх бол гэдгийг сонсох гээд байна л даа?

-Нүүрсний хэрэглээг орлуулах тог цахилгаан болон газыг л хурдан хэрэглээнд нэвтрүүлж чадвал төдий чинээ хурдан утаагүй болно. Улс маань утааны асуудлаа хийгээр шийдэх ажлыг эрчимжүүлж чадвал нэн даруй шийдэгдэнэ. Мөн метан хийн хайгуул нь маш нарийн технологиор, гадны мэргэжилтний зөвлөгөөн дор явагддаг. Тиймээс энэ салбарт гадны мэргэжилтнүүдийг олноор авчрах хэрэгтэй. Нөөцөө тодорхойлоод газаа хэрэглээнд нэвтрүүлж чадвал эхлээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн орон нутгаа эрчим хүчээр хангана гэсэн заалттай компаниуд ч байгаа.

-Нөөц тогтоогдож, олборлолт эхэллээ гэхэд хэрэглээнд яаж нэвтрүүлэх боломжтой вэ?

-Хийгээ эхлээд цахилгаан станцуудад нийлүүлж болно. Монгол гэрт яагаад гал түлээд байгаа вэ гэхээр халаалтыг л шийдэх гээд байгаа шүү дээ. Үүнийг газаар бүрэн шийдэх боломжтой. Харин хэрхэн нэвтрүүлэх шийдлийг дэд бүтцийн инженерүүд болоод төрийн бодлогоор л шийднэ. Бидний үүрэг бол хийгээ олж, нөөцөө тогтоох, дараа нь эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн энэ салбарт гадны хөрөнгө оруулалтыг маш сайн татах хэрэгтэй. Манай компани 2022 онд гурван цооног өрөмдсөн. Судалгааны эхний үр дүн сайн гараад явж байна.

-Газ хэрэглэнэ гэхээр манайхан жаахан эмээдэг, эрсдэл тооцдог талтай..?

-Хий бол маш өндөр стандарттай. Битүүмжлэлтэй учраас аюулгүй байдалд санаа зовох хэрэггүй. Гадаадад амьдардаг бүх монголчууд газ л хэрэглэж байгаа шүү дээ. Өндөр хөгжилтэй бүх улс орон газ хэрэглэж байна. Мэдээж аюулгүй ажиллагааны заавар байгаа. Маш нарийн горимоор хэрэглэх ёстой. Дур мэдэж битүүмжийг нь алдагдуулах аюул л байгаа. Тэглээ гээд үүнээс айгаад нүүрсээ түлээд байх нь маш бүдүүлэг хэрэг биз дээ.

-Метан хийн нөөц ер нь манайд хэр их юм бэ?

-Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт тэд гэж тогтоосон судалгаа байхгүй. Хайгуулын зардал өндөр учраас улсын төсвөөс энэ зардлыг даагаад өөрийн нөөцөө шууд тогтоогоогүй гэж хэлж болно. Тийм учраас Засгийн газраас компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулан ажиллаж байна. 7,4 триллион шоо метр гэж таамагласан судалгаа байдаг. Энэ бол нөөц биш баялаг. Энэ судалгаа нь Австралийн судлаачид Монголын 15 нүүрсний ордыг түшиглэж гаргасан баримжаа тоо. Өрөмдөөд хайгуулын үйл ажиллагаа маань тогтсоны дараа нөөц болно.

-Улаанбаатарын гэр хороололд нүүрс түлэхгүйгээр газаар халаалт дулаанаа шийддэг боллоо гэхэд айл өрхийн эдийн засгийг хэмнэх үү, нэмэгдэх үү. Эдийн засгийн тооцоолол хийсэн үү?

-Импортоор ирж байгаа газаар эрчим хүчээ шийднэ гэвэл нүүрснээс үнэтэй харагдана. Харин дотоодын нөөцийг ашиглавал бага өртөгтэй. Дээр ярьсантай адил илчлэг гэхээр нүүрснээс хэд дахин өндөр. 98 хувийн шаталттай гэдэг үр өгөөж ямар тусах нь харагдаж байгаа болов уу. Үүнээс гадна агаарын бохирдлоос шалтгаалах олон асуудал шийдэгдэх давуу талтай. Тиймээс метан хийг эдийн засгийн хувьд ч тооцсон үр ашигтай харагдаж байна.

Ядаж л бид эрүүл агаараар амьсгалж үр хүүхэд маань ханиад томуу хүрэх нь багасна гэж итгэж байна. Манай улс чинь өөрийн эрчим хүчээ бүрэн хангаж чаддаггүй, хоёр хөршөөсөө эрчим хүчээ өндөр үнээр худалдаж авдаг эрчим хүчний хараат улс шүү дээ. Монгол Улс ч гэсэн бусад өндөр хөгжилтэй орнуудтай адил ногоон эрчим хүчийг хөгжүүлэх цаг болсон гэж бодож байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Даваасүрэн: Монголын эдийн засагт дархлаа хэрэгтэй байна DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсын эдийн засаг хүнд байна гэж нэлээд удаан хугацаанд ярьж ирлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлөөд байна вэ?

-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа.

Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна.

-Ковидын жилүүд эдийн засагт нэлээд хүнд туссан. Одоо л сайжрах ёстой гэсэн хүлээлт нийтээрээ байгаа. Сайн мэдээ бий юү?

-Эдийн засгийн энэ хүндрэл цаг зуурынх уу, эсвэл ужгирсан уу, ковидын өмнөх үетэй харьцуулахад эдийн засаг муудсан уу, сайжрах төлөв байна уу, үгүй юү, онилсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй, эдийн засгаа хурдан сэргээе гэх мэтээр ярьж байна. Гол нь үүний цаад учир шалтгааныг олж тогтоон, өнөөдрийн нөхцөл байдал яагаад үүссэн хүчин зүйлийг шинжилж, оношоо зөв гаргаж, эдийн засагт эмчилгээ хийх нь маш чухал. Манай улсын ДНБ-ий хэлбэлзлийн 60 гаруй хувь нь дэлхийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтөөр тодорхойлогдож байна. Тэгэхээр дэлхийн зах зээл, өмнөд хойд хөршийн нөлөөлөл, эдийн засгийн үйл явц манай эдийн засагт ямар хүчтэй нөлөөлж байна вэ гэдэг нь шууд харагдаж байгаа байх. Бид ДНБ-ий хэлбэлзлийн ердөө 40 орчим хувийг л чиглүүлэх боломжтой байна. Үлдсэн 60 гаруй хувь нь биднээс хамаарахгүйгээр гадна талд шийдэгдэж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг вэ гэдгийг харуулж байгаа үзүүлэлт юм.

Дэлхийн зах зээл ковидтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд маш тодорхой бус байдалтай болсон. Ер нь тодорхой байдаггүй л дээ. Гэхдээ тодорхой бус байдал улам бүр нэмэгдэж байна.

-Төв банк бол инфляцийн түвшинг нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа. бодит байдал бол таны хэлснээр хоёр оронтой тооноос буух шинжгүй болчихлоо. Бодлого нь буруу байна уу, бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна уу?

-Манайх инфляцийн түвшинг хэрэглээний үнийн индексээр тооцдог. Гэтэл хэрэглээний үнийн индексийн хэлбэлзлийн 50 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой байна. 2024 оны эхний хагасыг дуустал дэлхий дахинаа инфляцийн түвшин буурахгүй байх төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээр инфляцийн түвшин буурахгүй байна гэдэг түүнийг бас дахиад л тэр чигээр нь манайх импортолж авна гэсэн үг.

Манайд эерэг талын прогнозууд бий. Энэ оны дунд хүрэхэд инфляцийн түвшинг нэг оронтой тоонд оруулна гэсэн хүлээлт бий. Гэхдээ бодит байдал амаргүй байгааг хэлэх хэрэгтэй. Нэгд, 10 гаруй хувийн инфляцитай байна гэдэг сар тутам хүмүүсийн орлогоос 10 гаруй хувийн татвар авч байгаатай адилхан. Дээр нь 10 хувийн инфляцийн нөлөө тогтмол орлоготой хүмүүсийн орлогыг 42 хувь хүртэл бууруулсан судалгаа байна. Хүмүүс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гаарч байна гэж ярьж байгаа нь орлогод нь тийм хэмжээний хүнд цохилт өгч байна гэсэн үг. Дээр нь инфляцийн хоёр дахь нөлөө гэж бий. Инфляцийн түвшин бага зэрэг буурсан ч ужиг нь үлдэж, нөлөөлөл нь удаан хугацаанд хадгалагдах шинж чанартай. АНУ-д 1980-аад оны үед хийсэн судалгаа байдаг. Инфляци 5 хувиар өсөхөд ажилгүйдлийн түвшин 3 хувиар нэмэгдсэнтэй адил сэтгэл ханамжгүй байдал бий болсон. Өндөр инфляцитай байгаа тохиолдолд иргэд ажил хийх үү үгүй юү гэдэг сонголт хийхэд хүрдэг. Нэг ёсондоо энэ бол зөвхөн барааны үнэ өсөөд байна гэдэг ойлголт биш юм, өргөн цар хүрээтэй асуудал.

Валютын ханшийн тухайд ханш чангарахын хэрээр бий болж байгаа нэг том нөлөө бол хүмүүсийн монгол төгрөгт итгэх итгэл суларч байна. Долларжих хандлага өсөж байна. Долларжилт нэмэгдэхийн хэрээр Монголбанк Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх, бодлогын зорилтот түвшнээ хангаж ажиллах орон зай хумигдана. Энэ бол аюултай зүйл.

-Эдийн засаг яагаад ийм хүнд байдалд хүрчихэв. Хүндрэлээс гарах арга замыг судлаач мэргэжлийн хүний хувьд харж байгаа болов уу?

-Монгол Улс тэнцвэргүй, тогтворгүй, тодорхой бус эдийн засгийн төлөв рүү улам бүр яваад байна. Асуудлын зөвхөн нэг тал, ил хэсгийг хараад асуудлыг шийдчихэж чадахгүйд хүрсэн. Эдийн засагч хүний хувьд дархлааны тухай асуудлыг хөндмөөр байна. Дархлаа гэдэг бол эдийн засаг өөрөө өөрөөрөө илаарших явц юм. Хүн өөрийнхөө дархлааг хүчээр, янз бүрийн тариа хийгээд сэргээдэггүйтэй адил эдийн засагт ч гэсэн таарсан, таараагүй бодлого зарлаж хэрэгжүүлээд хүндрэлээс гарчихгүй. Тэгэхээр манай эдийн засагт тулгараад байгаа асуудал нь дархлаатай байх, дархлааг нь дэмжих явдал болоод байна. Эдийн засаг дархлаатай байх, гадна дотны нөлөөнд бага автдаг байх, эдийн засагт чиглэсэн шийдвэрүүд нь оновчтой байх, нэгэнт гаргасан шийдвэрээ сайн хэрэгжүүлдэг байх, дээр нь бүх түвшиндээ шийдвэрийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй, чадамжтай, чадвартай боловсон хүчинтэй байх гээд олон зүйлээс хамаарна.

Дархлааг сэргээхийн тулд янз бүрийн таарсан, таараагүй эм тариа хийгээд байвал сэргээх биш муутгах аюултай.Сүүлд нь ямар ч эм тариа хийгээд хүлээж авахаа болино. Эдийн засаг яг л үүнтэй адил …

Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхай эрдэс баялгийн экспортын орлогоос шууд хамааралтай, эмзэг бүтэцтэйн дээр хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийгээгүй нь хамгийн сул тал болоод байна. Дэлхийн банкны 2020 оны тайланд Монгол Улс нь хүний хөгжил болон институцидээ уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгөхгүй бол байгалийн баялгийн хараалтай нүүр тулах эрсдэлтэйг онцолсон.

-Хүний тухай асуудлыг эдийн засгийн салбарт онцолж ярих нь бага. Сонин содон шийдэл сонсогдож байна шүү…?

-Монголчууд бид цөөхүүлээ, тиймээс монгол хүн ховор, үнэтэй капитал юм. Энэ цөөн, ховор капиталын үнэ цэнийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой. Хүний капиталыг хөгжүүлэхийн тулд хоёрхон замаар хөрөнгө оруулалт хийдэг. Тэр бол эрүүл мэнд, боловсрол. Гэтэл уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн их орхигдсон зүйл нь монгол хүн. Уул уурхайн салбараас орж ирж байгаа нэмүү өртгийн талаар шинжилгээ хийхэд 1 ам.доллар тутмаас 99 центийг зөвхөн хэрэглээнд зарцуулсан, нэг цент хүрэхгүйг нь хуримтлуулсан байгаа юм. Зүгээр л өнөөдрөө аргацаасан эдийн засагтай явж ирсэн гэсэн үг. Энэ бол хамгийн том алдаа. Цөөн хүн амтай учраас нэг хүний үнэ цэнэ маш өндөр байхад түүндээ маш бага хөрөнгө оруулалт хийж ирсэн. Энэ бол бидэнд дэлдэж байгаа маш том дохио. Хайхрахгүй байж хэрхэвч болохгүй.

Өнөөдрийн эдийн засагт шийдвэрийг төр гаргасан, төрийн оролцоо маш өндөр байна. Эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөг тутмын 6 нь төрийн мөнгө байна. Угтаа хувийн сектор, төрийн бусад инститициуд бие даасан хараат бус байдлаар ажиллах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, чадвартай чадамжтай, өрсөлдөөнтэй ажиллах ажиллах орон зай, механизм үгүйлэгдэж байна. Эдийн засагт төрийн оролцоо маш их байна, энэ хэрээр төр данхайж байна. Энэ нь эдийн засгийн дархлаа муудаж, өвчин газар авахад нөлөөлж байна.

-Ийм муу жишгээр уруудаж байгаа улс орнуудыг бид мэднэ л дээ. Монголтой ч зүйрлэх нь бий. Гэхдээ бас ч гэж тэдний араас орчихоогүй байх гэсэн найдвар бий шүү…?

-Дорнбуш нарын макро эдийн засагчид 1990-ээд онд Латин Америкийн орнуудын популизмын үе шатыг шинжилж судалсан байдаг. Тэдний судалгаагаар нийгэмд тэгш бус байдал өндөр болоод ирэхээр нийгмийн бухимдал нэмэгддэг. Нийгмийн бухимдлыг багасгахын тулд төсвөө нэмье, халамжаараа намжаая гээд мөнгө тараадаг. Богино хугацаанд харахаар өсөлт гараад байгаа юм шиг, түүнийг харсан хүмүүс “Энэ Засгийн газар сайн ажиллаж байна” гэдэг. Өнгөрсөн хугацаанд манай улсын төсөв тэлээд л байсан. 2017 онд 7 их наяд төгрөг байсан бол зургаан жил хүрэхгүй хугацаанд гурав дахин өсчихлөө. Гэтэл манай эдийн засагт чадамж, бүтээмж, потенциал нь өссөн үү гэвэл үгүй. Ерөөсөө түр зуурын эмчилгээ,олон нийтээс дэмжлэг хүлээхийн тулд төсвөө тэлсээр ирсэн. Төсөв тэлэхийн хэрээр нийт нийлүүлэлт нэмэгдсэн. Энэ нь инфляцийн түвшин өсөхөд нөлөөлсөн. Хэрэглэгчийн итгэлийн судалгааны дүнгээс харахад инфляци өснө гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байна. Бид Латин Америкийн орнууд шиг амаргүй чөтгөрийн тойрогт эргэлдэж эхэллээ, тийм шинж тэмдэг ажиглагдах боллоо. Энэ тойрогт орсон улс орон 30-40 жил болдог гэсэн тооцоо байна.

-Гарцыг та тодорхой нэрлээч?

-Иргэдийн хүлээлтийг эерэг болгох хэрэгтэй. Ингэхдээ өмнөх зүйлээ хийж дуусаагүй мөртлөө шинэ шинэ юм барьж аваад байвал иргэдийн хүлээлт эсрэгээрээ улам сөрөг болно. Дээр нь бодит байдлыг гаргахдаа хэтэрхий их өнгө будаг холимооргүй байгаа юм. Бүр их дордчихсон юм шиг, эсвэл бүр гоё байгаа юм шиг харагдуулахыг хичээх шаардлагагүй. Бидний өнөөдөр амьдарч байгаа чинь агуулга. Агуулга дээрээ тогтохоос биш хэтэрхий хэлбэр дагамааргүй байна. Хэлбэрдсээр байгаад агуулга нь гүйцэхээ болилоо.

Тиймээс ялангуяа төрийн албанд мэдэхгүй зүйлээ хийх гэж оролдох хэрэггүй. Хамгийн сайн мэддэг зүйлээ хиймээр байна. Юм хийсэн юм шиг харагдах гэж хичээхээ болих хэрэгтэй.Эсрэгээрээ хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хамгийн сайнаар хийх тэр боломж, сонголтыг хүмүүст өгөхийн төлөө байх хэрэгтэй. Сингапурын ерөнхий Сайд асан Ли Куан Югийн үгийг би эшлэх дуртай. Нэгэн цагт маш ядуу байсан эдийн засаг өнөөдөр дэлхийн хамгийн баян үндэстэн болсон улс. Тэрээр үндэстнийхээ хөгжлийн нууцын ярихдаа хүндээ хөрөнгө оруулалт хийж, төрийн албанд хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулсан гэж хэлсэн байдаг. Юу хийхээ яг таг мэддэг, түүнийгээ хамгийн сайнаар хийдэг байж бид урагшаа хөгжинө.

-Та өмнө нь Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байсан. Таны үед банк бус санхүүгийн байгууллагын бодлого нэлээд чангарч, сайжирсныг мэднэ. Энэ салбар манайд илүү сайн хөгжих ёстой, засаглал сайтай байх ёстой. Тухайлбал, үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, олон нийтэд нээлттэй байхаас эхлээд засаглал сайжирна гэж ойлгож байгаа?

-Тийм ээ. Ил тод, нээлттэй байдал компанийн засаглалд маш чухал. ББСБ жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа төвийн хэвлэлүүд дээр нийтэлж, олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулиар хүлээдэг. Энэ нь аудит хийсэн байгууллагын өөрийнх нь ч нэр хүндийн асуудал. ББСБ-ын үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах хэлбэр. Цаашлаад ББСБ-ын өөрийнх нь чадавх нь ямар байгааг олон нийтэд нээлттэй мэдээлэх нь тэдний засаглал, ил тод байдал, өрсөлдөх чадварт эерэг нөлөөтэй. Энэ утгаараа жилд нэг удаа аудитлагдсан тайлангаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ мэдээллийг гаргахдаа олон нийтэд хамгийн ойлгомжтой, санхүүгийн наад захын мэдлэгтэй хүн ойлгохоор харагдахуйц стандартаар нийтлэх жишиг олон улсад байдаг.

-Ярилцлагын төгсгөлд саяхан хүртсэн шагналын талаар тодруулъя. Олон улсын даатгалын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлсэн байсан. Сонирхолтой санагдсан л даа…?

-2018-2020 оны хооронд Азийн хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх зохицуулалттай байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар хоёр удаа сонгогдож ажилласан юм. Тус байгууллагаас сүүлийн 10 жилийн хугацаанд Азийн зарим улсуудад хэрэгжүүлсэн даатгалын бодлого, хөтөлбөр амжилттай болсныг онцлоод өнгөрсөн 10 сард Филиппинд болсон арга хэмжээний үеэр хүндэт өргөмжлөлөөр шагнасан. Германы хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг нь Азийн хөгжлийн банктай хамтраад Азид ядуу буурай иргэдийг даатгалд хамруулах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Ази тивд 200 сая бага орлоготой, ядуу иргэдэд даатгалын үйлчилгээ үзүүлэхэд хувь нэмэр оруулсан. Одоо ингээд харахад дөрөв, таван жилийн өмнө хийсэн ажил маань байсан. Хамгийн олзуурхууштай нь аль нэг цаг үед хүний хийсэн, бүтээснийг дэлхий дахинаа үнэлж байдаг юм байна гэж мэдэрсэн. Тийм учраас миний хувьд нэр хүндийн шагнал байлаа.

Б

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эваристе Коуасси-Комлан: Монгол хүүхдүүдийг цахим хүчирхийллээс сэргийлэх ажлыг цогцоор хийх шаардлагатай байна DNN.mn

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.


-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Хүүхдийн сангийн 2023-2027 оны шинэ хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье?

-Танд бас шинэ оны мэнд хүргэе. Бид өнгөрсөн жил Монгол Улсад олон ажил хийсэн, тэр бүхэн маань тодорхой үр дүнд хүрч, амжилт гаргасанд баяртай байна.

Энэ жилээс 2023-2027 оны шинэ цикл эхэлж байгаа. Энэ нь өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, амжилтад суурилж гарч байгаа юм. Шинээр стратегийн түвшний өөрчлөлтүүдээ багтаасан. Хөтөлбөр тус бүрээр зорилго чиглэлүүд гардаг. Эхнийх нь эрүүл мэндийн салбар. Энэ чиглэлээр хүүхдийн төрөлхийн гажигийг эрт илрүүлэх, хүүхдийн хоол тэжээл, таргалалтын асуудлыг илүү анхаарч байна. Засгийн газрын энэ чиглэлийн бодлогыг илүү дэмжиж байгаа. Мөн өмнө нь эхэлсэн болон шинээр хэрэгжүүлж байгаа вакцины хөтөлбөрүүдийг дэмжинэ. Түүнчлэн өрхийн эмнэлэг буюу эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэсэгт анхаарлаа хандуулна.

Бидний дараагийн гол ажил бол боловсролын салбар. ЕБС-уудын боловсролын чанарыг сайжруулж, багш нарын чадварыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Цар тахлын үеэр цахим сургалтын асуудал нэлээд хөндөгдсөн. Үүн дээр ч бид анхаарлаа хандуулахаар зорьж байгаа. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд 21 дүгээр зуунд ажиллаж, амьдрахад шаардлагатай ур чадваруудыг суулгах тал дээр анхаарч ажиллана.

хүүхэд хамгааллын асуудалд хүчээ хаяж байсан, энэ жил ч мөн үргэлжлүүлнэ. Хүүхэд хамгааллын асуудал офлайн болон онлайн байдлаар явагдаж байгаа. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон Засгийн газрыг хүүхэд хамгааллын баримт бичиг боловсруулах институцийн түвшинд илүү дэмжиж, холбогдох агентлагуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана.

Гурав дахь нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ус, эрүүл ахуйн асуудал бий. Уур амьсгалын өөрчлөлтийн баг маань ажлын цар хүрээгээ тэлээд өөр аймгуудад усны чанар, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн энэ талаарх судалгааны ажлуудыг дэмжих, тоо баримт, нотолгоог гаргаж ирэх ажлуудыг төлөвлөсөн. Дээр нь нэмээд хүмүүнлэгийн ажлууд бий. Ямар нэгэн гамшигт өртсөн гэр бүл, хүүхдүүдийг хурдан эдгэрч, тэр асуудлаасаа салахад нь бидний үйл ажиллагаа чиглэнэ.

-Ноён Эваристе Коуасси-Комлан та Монгол Улсад ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Монголын хүүхэд хамгаалал ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Монголд бусад улсуудтай харьцуулахад цахим халдлага, дээрэлхэлт их байдаг. Судалгаанаас харахад энэ асуудал дэлхий даяар эрчимжиж байгаа. Түүний дотор Монгол Улсад ч давхар нэмэгдсээр байгаа. Монгол Улсад энэ чиглэлийн харилцааг зохицуулах хууль эрх зүйн чадавх сул байгаа нь гол асуудал. Цахим орчноос үүдээд хүүхдэд ямар аюул занал учирч байгааг багш нар, эцэг эхчүүд нь төдийлөн мэддэггүй. Хүүхэд цахим орчинд хэрхэн аюулгүй байх, дарамтад өртлөө гэхэд ямар арга хэмжээ авах талаар зааж зөвлөх ёстой хүмүүс нь тэд учраас эцэг эхчүүд, багш нарын цахим орчны боловсрол маш чухал. Бид энэ жилээс шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газартай хамтарч цахим хүчирхийллээс сэргийлэх хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ажиллана. Цахим хүчирхийллийг хүүхэд хамгааллын чухал хэсэг болгож оруулж ирж байгаа. Хүүхдүүдийн хувьд ч цахим орчинд биеэ зөв авч явахаас эхлээд цахим боловсролыг олгох ёстой.

-Цахим хүчирхийллээс гадна хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрх нь ноцтой зөрчигдөж байгаа харагддаг. Агаарын бохирдол, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудлууд бий. Эдгээр асуудал дээр бидний нөхцөл байдал ямар түвшинд байна, шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байна вэ?

-Агаарын бохирдол монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа номер нэг асуудал гэж харж байгаа. Ялангуяа жил бүрийн 10 дугаар сараас дараа жилийнхээ гуравдугаар сар хүртэл агаарын бохирдол монгол хүүхдүүдэд хүчтэй нөлөөлдөг. Гэр хорооллын орчинд агаарын бохирдол хамгийн их байдгийг бид бүгд мэддэг учраас тэндээс л ажлаа эхлэх ёстой. Тийм ч учраас НҮБ-ын Хүүхдийн сан хамтрагч нартайгаа гэр хорооллын орчинд монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцыг гаргасан. Энэ нь уламжлалт зуухыг халж, нүүрс түлэхгүйгээр гэрийг дулаалж байгаа цогц бүтээгдэхүүн юм.

Дараагийн нэг асуудал нь хөрсний бохирдол. Гэр хороололд хүүхдүүд шууд бохир хөрсөн дээр тоглож байгаа нь эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг. Хөрсний бохирдол дунд янз бүрийн металл, өвчин үүсгэгч химийн бодисууд байгаа шүү дээ. Гурав дахь эрсдэл нь хоол тэжээлийн тэнцвэрт байдал гэж бид харж байгаа. Монгол хүүхдүүдэд энэ байдал алдагдаж байгаа учраас нэг бол таргалалттай, эсвэл хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүд олширсон. Хүүхдэд хоол тэжээлийн тэнцвэрт байдал маш чухал. Гэр бүл, сургууль, шийдвэр гаргагч нарын хамтын ажиллагааны үр дүнд энэ асуудлыг шийдэж чадна. Бид өнгөрсөн жил энэ чиглэлээр томоохон форумыг зохион байгуулсан. Тэр үед сургуулийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө нь 3000 төгрөг байдаг талаар албаны хүмүүс онцолж байсан. Энэ мөнгөөр ердөө л түргэн хоол л авч хүрнэ шүү дээ. Тиймээс сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хоолны чанарыг сайжруулах, төсвийн хэмжээг нь хэрхэн нэмж болох вэ гэдэг асуудал чухал болоод байна. Таны хэлснээр гэр бүлийн хүчирхийлэл, агаарын бохирдолтой холбоотой асуудал ч ноцтой түвшинд ирсэн. Хүүхэд зөвхөн бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс гадна сэтгэл зүйн хүчирхийлэлд ч өртдөг. Тухайлбал, цаг агаар хүйтрээд ирэхээр айлууд гэрээ дулаалж, хүүхдүүд гэрээсээ гарах нь ховор болдог. Энэ үеэр сэтгэцийн хүчирхийлэлд өртөх нь элбэгшдэг. Зуухнаас болж түлэгдэх тохиолдол ч бас гардаг. Хүүхэд дээр ирж байгаа энэ олон хүчирхийлэлтэй тэмцэх нь ердөө нэг байгууллагын ажил биш, хамтын ажиллагааны хүчээр шийдэгдэнэ.

-Бид ихэвчлэн Улаанбаатар хот дахь хүүхдийн асуудлыг хөндөж ярилаа. Тэгвэл Монгол орны 21 аймгийн хүүхэд багачуудад НҮБ-ын Хүүхдийн сан яаж хүрч ажиллаж байна вэ?

-Үүнийг асуусанд их баярлалаа. Сүүлийн таван жилд бид гурван аймагт анхаарлаа төвлөрүүлж ажилласан бол ирэх дөрвөн жилийн хөтөлбөр маань улс даяар бүх хүүхдэд хүрэх төлөвлөгөөтэй байна. Аймаг бүрийн хэрэгцээ, шаардлага, асуудалд тохируулан бид үйл ажиллагаагаа төлөвлөж байгаа. Сүүлийн үед аймгуудаар зочлоход хэд, хэдэн асуудал гарч ирж байгаагаас хамгийн чухал нь усны чанар. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал.

Гурав дахь нь эмнэлгийн ажилтнууд дан ганц биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхааралдаа авах нь чухал гэж харагдах болсон. Бид аймгуудын эрсдэлийг 5 зүйлээр хэмждэг юм. Тэгэхэд зарим аймгууд нь тогтворжчихсон байдаг бол заримынх нь эрсдэл нэмэгдэж байгаа тохиолдол бий. Зарим аймгийн эмнэлгийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах шаардлагатай бол заримд нь санхүүгийн асуудал тулгарч байна. Энэ бол бидний хийж буй ажлуудын тодорхой нэг хэсэг нь л юм.

-Хувийн хэвшлийг хүүхэд хамгааллын асуудалд оруулж ирэх ёстой гэдэг стратегийг таныг барьдаг гэж дуулсан. Үнэхээр ч зөв алхам. Хувийн хэвшлийг энэ чиглэлд яаж татаж болох вэ?

-Хувийн хэвшил бидний ажилд чухал үүрэгтэй. Олон арга замаар тэдэнтэй хамтарч ажиллаж болно. Хувийн хэвшлийнхний шинэлэг санаа, удаан хугацааны ажлын туршлага, шинэ технологи, мэдлэг ур чадварт нь суурилаад хамтран ажиллах боломжтой. Тэд илүү харилцаа холбоо сайтай, санхүүгийн чадавхтай байдаг. Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх хүмүүнлэгийн ажлууд ч бий. НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд дамжуулагчийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Байгаа нөөц бололцоог нь ашиглаад асуудалд гүүр нь болж, шийдлийг гаргах ёстой.

-Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжийг байгуулахаар болсон байна. Тохижилтыг хэрхэн яаж гүйцэтгэж ашиглалтад оруулах талаар та товчхон сонирхуулаач?

-Улаанбаатар хотын захиргаанаас бидэнд Хүүхдийн сангийн нэрэмжит гудамж гаргаж өгсөнд маш их баяртай байгаа. Үнэхээр нэр төрийн хэрэг. Хийж байгаа ажлаа илүү олон хүнд түгээх боломж л доо. Хүүхдэд ээлтэй гудамж болгох талаар бүх л талуудтай хамтарч ажиллаж, зөвхөн төрийн байгууллага гэлтгүй, хувийн хэвшлийнхнийг ч татан оролцуулж байгаа. Хүүхдүүд тэр гудамжаар алхаж байхдаа аз жаргалтай, хамгийн гол нь аюулгүй мэдрэмжийг авах ёстой. Эхний ээлжинд тухайн байршлын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн санал бодлыг сонсох уулзалтыг Хотын захиргаатай хамтраад хийсэн. Үйл ажиллагаа үргэлжилж байгаа.

-Монголын хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд өсөх асуудал өнөөдөр нэн тэргүүний асуудал болчихоод байгаа нь нууц биш. Магадгүй бусад улс орны хүүхэд багачууд хөгжил, хамгааллын өөр түвшинд явж байгаа. Таны хувьд монгол хүүхдүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Анхан шатны эрүүл мэндийн тусламжийг бусад улсын түвшинд аваачих нь хамгийн чухал. Монгол Улсын Эрүүл Мэндийн сайд анхан шатны тусламжийг ажлынхаа чухал хэсэгт тооцож байгаа учраас бид мөн энэ ажлыг дэмжинэ.

2023 онд хүүхдүүдэд олон зүйлийг хүсмээр байгаа ч аз жаргалтай, баяр баясгалантай, хамгийн гол нь өвчин зовлон багатай, дээр нь нэмээд улс төрийн нөхцөл байдал тогтвортой байгаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХЗАЯА

М.ДЭЛЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв DNN.mn

Найман шарга валют арилжааны зах өглөө 09:00 цагаас эхлээд хөл хөдөлгөөнд орсоор 17:00 цагийн үед ч “буцалсан” хэвээр байна. Иргэд голдуу юань солиулахаар тус захыг зорьж ирж байна. Өнөөдрөөс яг нэг сарын өмнө голлох валют болох ам.долларыг 3470 төгрөгөөр, еврог 3690 төгрөгөөр, юанийг 494 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр оройн ханшаар Найман шарга төв дээр ам.доллар 3500, зарим цэгүүдэд 3503 төгрөгөөр, евро 3850, юань 517 төгрөг болж нэмэгдсэн үнээр худалдаалж байлаа.

Жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээд өөр тоо харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2854, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. Нэг жилийн хугацаанд ам.доллар 646, евро 615, юань 69 төгрөгөөр нэмэгджээ.

Найман шарга төв дээрх арилжаа хийж буй цэгүүдээр хүний хөдөлгөөн тасрахгүй байна. Зарим газруудаар дугаарлаж байгаад валютаа солиулж байна. Ачаалал ихтэй байгаа арилжаачид хоёр гурваараа зогсоод нэг нь толгой өндийх завгүй тооцоо бодож, нөгөөдүүл нь орж ирсэн хүмүүсээ алдахгүйг хичээн үнэ ханшаа хэлж яриа хөөрөө хийж харагдана.

Тэдгээр арилжаачдаас валютын арилжаа, ханшийн талаар асуувал ихэнх нь цаараглаж, “Мэдээлэл өгөхгүй”, “Ханшийн талаар мэдэх зүйл байхгүй” гэж ирээд тун дургүйхэн хүлээж авч байна. Валют сольж буй иргэд ханшийн нэмэгдлийн талаар шүүмжлэл өрнүүлж харагдахгүй юм. Арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдав.

Нэлээд явсны эцэст Найман шарга төвийн урд эгнээнд арилжаа хийдэг настайвтар эрэгтэй, эмэгтэй хоёр дараахь зүйлийг ярилаа. “Валютын ханш өглөө хэд болохыг бид мэддэггүй.

Өсч ч мэднэ, унаж ч мэднэ. Бид Монголбанкны зарласан ханшаар л явж байгаа. Ханш нэмэгдсээр байгаа шалтгаан бол Монголбанктай холбоотой. Урд хил нээгдлээ гээд юанийн ханш яаж эргэхийг бид мэдэхгүй. Зарим хүмүүс юань одоо сулрах ёстой гэж ярьж ирээд байна. Гэхдээ юань хэд болохыг Хятад улс өөрөө мэднэ биз дээ. Найман шаргын наймаачдаас болж валютын ханш нэмэгдээд байна гэж хүмүүс уурладаг. Үнэндээ ханшийн бодлогыг Монголбанк гаргаж байгаа. Бид зүгээр л байгаа үнээр нь зарж, авч байна” хэмээв.

Өөр нэг арилжаачин “Хил гааль нээгдсэнээр ханш буурна гэдэг ойлголт буруу. Ханшийн өсөлтийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк л хариуцна. Ер нь цаашид ханш буурах тухай прогноз харагдахгүй л байна. Нэмэгдсээр л байх болов уу” гэж байлаа.

Иргэн Д.Батдорж 50.000 юань 517 төгрөгөөр худалдаж авч байхтай таарав. Тэрээр худалдаачинтай нэлээд ярилцсан ч үнэ буурсангүй, самбар дахь үнээр монгол мөнгөө солиулж харагдана. Тэрээр “Ханш буурах болов уу гэж нэлээд харлаа. Хил нээгдчихсэн, худалдаа арилжаа чөлөөтэй болчихсон болохоор ханш буурах гэж хүлээж байлаа. Гэтэл өдөр бүр л нэмэгдээд байна. Долоо хоногийн өмнө юань 512, 513-тай байсан шүү дээ. Ханш суларна гэж хүлээвэл улам л алдагдал хүлээх юм байна. Ер нь ханшийн өсөлт дээр төр засаг, төв банк яаж ажиллаж байгаа нь огт харагдахгүй байна. Нэмэгдээд байна гэхээр ажиллахгүй л байна гэсэн үг. Ханшийн савлагаа бизнес эрхлэгчдэд хүнд туссаар байна. Үнэхээр бухимдаж байна” гэв.

Солонгосын вон солиулж буй иргэд ч цөөнгүй байна. Тэдний нэг Г.Солонго гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Найман шарга дээр хааяа вон солиулах хэрэг гардаг. Байнга ирдэггүй ч ирэх тоолонд өсчихсөн байх юм. Жил орчмын өмнө 5.000.000 төгрөгт хоёр сая гаруй вон худалдаж авч байснаа тод санаж байна. Гэтэл өнөөдөр 2.88 төгрөгөөр 1.7 сая вон авч чадаж байна. Нэг жилийн дотор ханш 300.000 воноор савлана гэдэг байж болшгүй зүйл. Би Солонгост удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Тэнд ханшийн савлагаа бараг байдаггүй. Аргагүйн эрхэнд алдагдалтай ч вон солиулж авлаа” гээд явж одов

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“UB cab” буюу Монголын “Uber”-т сэхээтнүүд явдаг болъё DNN.mn

Цахим хөгжил олон салбарт дэвшил авчирсны нэг нь такси үйлчилгээ. Гар утасны ухаалаг аппликэйшн ашиглан ямар ч бэлэн мөнгө, жолоочтой харьцахгүйгээр такси үйлчилгээг авах боломжийг дэлхий нийтэд олгосон анхны компани “Uber” гэдэг. Гэрийнхээ үүднээс такси захиалан хүссэн хэлбэрээрээ төлбөрөө төлж, дээр нь үйлчилгээний үнэлгээг хэрэглэгч өгдөг болсноороо энэ үйлчилгээ шалгарч үлдсэн юм. Жолооч элдэв ааш аяг гаргах, үйлчилгээ дутуу үзүүлэхэд дараагийн дуудлага авах магадлал буурна. Хамгийн сайн үнэлгээтэй, үйлчилгээ сайтай жолооч нар илүү олон дуудлага авч, ашигтай ажиллах боломжтой. Жолооч нарын хувьд ч “Uber” такси орлогын баталгаатай, томоохон эх үүсвэрийг бий болгож чадсан.

АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд гэхэд “Uber” такси бариад жилд 65-100 мянган ам.долларыг олдог юм билээ. Зөв боловсон үйлчлээд байх тусам зорчигчид сайн үнэлгээ өгч, орлого нэмэгддэг тухай тэд хуучилдаг.

Тэгвэл Монголын “Uber” такси бол “UB cab”. Такси үйлчилгээнд салхи оруулж, зорчигчдод илүү тав тухтай, найдвартай, баталгаатай, төлбөрийн уян хатан чанартай үйлчилгээг бий болгож эхэлсэн. 10 жилийн хугацаанд тэд 23.000 ажлын байрыг бий болгож, 700.000 хэрэглэгчтэй болсон гэж захирал Н.Отгонбаяр хэвлэлд ярина лээ. Энэ амжилтаараа Н.Отгонбаяр захирал “Next stop 2022” шагналын “Эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг залуу”-гаар тодорсныг монголчууд харсан. Үнэхээр ч “UB cab” шинэ ажил эхлүүлсэн, үр дүнд ч хүрч.

Гэрээсээ “UB cab” захиалчихаж байна. Хэдэн км явсан, хэр хэмжээний төлбөр төлөх бүхий л тооцоо нь шилэн. Хамгийн гол нь аюулгүй. Таксинд эд зүйлээ мартахад буух эзэн, буцах хаягтай. Тус компани энэ онд багтаж “UBCab Shuttle” буюу олуулаа нэг чиглэлд явдаг үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо зарлаж байна. Энэ нь автобусны буудал дээрээс, өөр хаанаас ч нэг чиглэлийн хүмүүс нэгдээд төлбөрөө төлөөд явах үйлчилгээ. Манайх шиг чиглэлийн автобус цөөхөн, байгаа хэд нь буудал дээрээ 30-40 минут хүлээлгэж ирдэг “соёлтой” оронд яг тохирсон үйлчилгээ. Хүн бүр нэг, нэг машин барьж хотын замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх шаардлагагүй. Нийтийн тээврийн хүнд ачаанаас ч үүрэлцээд аль аль нь хөгжөөд дээшлээд явах боломж.

Манай хуучин таксиныхан бол сумын төв рүү явахдаа хань татахаар замын хүн аваад хот хүрээгүй сонссон хов живээ хамж шимж ярьж уйдаагаа гаргадаг жолооч шиг ам хуурайгүй ярих нь бий. Эсвэл дуртай газраа зорчигчоо буулгачихна. Санал зөрвөл элдэв өнгөөр хараалгуулах энүүхэнд. Биед нь халдаж, хүч хэрэглэдэг жолооч нар ч бий. Эмэгтэйчүүд бол Монголын нөхцөлд такси барихад тун хэцүү. Ерөөс “Хаашаа явах уу” гэж асуудаг такси Монголоос өөр байдаггүй л болов уу. Монголчилсон энэ стандарыг эвдэх үйлчилгээг “UB cab” компани нэвтрүүлэхээр хичээж байгаа нь сайшаалтай. Захирал Н.Отгонбаяр “Муу жолооч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үйлчилгээний стандартыг хэрэглэгч тогтоож буй тул муу жолооч нь шахагдана л гэсэн үг” гэдэг. Гэвч өнөөдрийн үйлчилгээнд арай л шахагдаж, үйлчилгээний стандарт тогтож хэвшээгүй л байна. Тиймдээ ч “UB cab”-ын жолооч нарын талаарх гомдол, санал тасрахгүй л байна. Жолооч нар нь элдэв зүйл, улс төрийг залхтал ярина, зорчигчоо хүссэн газраа буулгана, такси нь бохир заваан гээд л сошиалд байсхийгээд л гомдлууд хөвөрдөг.

Тиймээс одоо “Uber” таксинд сэхээтнүүд орж ирэх хэрэгтэй. Хувьдаа машингүй хүн гэж үгүй болсон. Эмч, багш гээд төрийн албан хаагчид “Uber”-т нэгд. Ажлынхаа хажуугаар нэмэлт орлого хийх бодит ажил энэ шүү. Таксинд явахаар доошоо орно гэдэг тэнэг ойлголт манайхны дунд бий. Магадгүй муу жолооч нар л үйлчилгээний стандартыг эвдсэнээс үүдэлтэй хандлага байх. Гэтэл гадны улс орнуудад “Uber” такси үйлчилгээ жолооч нарт технологи нэвтрүүлсэн, ажиллагаа багатай, маш цэвэрхэн ажил болж хувирсан. Манайд бол төрийн албан хаагчид, сэхээтнүүд ийшээ ороод ирвэл “UB cab” жинхэнэ “Uber” утгаараа хэрэгжинэ.

Тэд хүссэн хүсээгүй оффисын соёлд суралцчихсан, хариуцлагатай, харилцааны соёлтой хүмүүс байж таарна. Зам дээр зогсож хүн ирэхийг хүлээх шаардлагагүй, гар өргөсөн хүн рүү уралдаж очихгүй, хүн хайгаад бензин тосоо дэмий үрэхгүй, “Uber”-т нэгдээд л ажлын бус цагаар, эсвэл цайны цагаар хоёр, гурван дуудлага авахад л тэр өдрийнхөө хэрэглээний мөнгийг цалингаас гадуур олчихно. Өнөөдрийн эмч, багш нарын цалин ямар байгаа билээ. Хамгийн тохиромжтой нэмэлт орлогын эх үүсвэр энэ байж болж байна.

Нэг компани 23.000 ажлын байрыг бий болгож чадаж байна гэдэг энэ салбарт эрэлт ч байна, нийлүүлэлт ч байна. Тиймээс энэ салбар руу сэхээтнүүд орж, орлогоо нэмэгдүүлдэг болмоор байна. Нэгэнт манай төр засаг төрийн чухал салбарт ажилладаг хүмүүсийнхээ хөдөлмөрийг зах зээлд нь тааруулаад үнэлж чадахгүйгээс хойш “Uber”-т давхар ажиллах боломж сэхээтнүүдэд байна.