Categories
мэдээ нийгэм

Э.Оюунтунгалаг: Өсвөр насны хүүхдүүд биднээс тэдний асуудлыг сонсохыг л хүсдэг DNN.mn

“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал Э.Оюунтунгалагтай ярилцлаа.


-“Бяцхан мисс” олон улсын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Манай байгууллага байгуулагдаад 20 жил болж байна. Олон улсын хүүхдийн хувийн байгууллага улсдаа ганц манайх л байдаг. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага нь дотроо “Охидын мисс” төв, “Academy-16” өсвөр үеийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг.

-Танай байгууллага 16-гаас доош насны хүүхдүүдэд судалгаа хийдэг гэсэн үү?

-Олон улсын хүүхдийн байгууллага учраас хүүхдийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллан хоёр жилд нэг удаа өөрсдийн үйл ажиллагаанд зориулан төрөл бүрийн судалгааг хийдэг юм. Монголд өнөөдрийн байдлаар хүүхэдтэй холбоотой нарийн судалгаа хийсэн мэдээллийн сан байдаггүй.

Аливаа зүйл, ямар нэгэн ажил тоон судалгаатай байж хийгдэнэ. Хүүхдийн байгууллагуудын хувьд судалгаа муутай байдаг учраас бид ямар нэгэн үйл ажиллагааг заавал судалгаатай эхлүүлдэг.

-Танай байгууллага хоёр жил тутамд судалгааг шинэчилж хийдэг гэлээ. Сүүлийн судалгааныхаа үр дүнгээс хуваалцахгүй юу. Ямар судалгаа хийсэн бэ?

-Бид сүүлд “Өсвөр насны хүүхдүүд хаана явна вэ” судалгааг хийж, 12-16 насны ойролцоогоор 24 мянга гаруй хүүхдийг хамруулсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд дөрвөн хүүхэд тутмын нэг нь ар гэр, гэр бүлийн асуудалтай орчинд байсан. Бидний санаачилсан “Acad­emy-16” нь “Биднийг сонс” гэсэн хөтөлбөр. Биднийг сонс гэж нэрлэсэн нь “Бидний ирээдүйг бүтээх гэж буй бол биднийг сонсоосой” гэсэн өсвөр насны хүүхдүүдийн дуу хоолой. Хүүхдийг бага насанд байх үед нь эцэг эхчүүд их анхаарал хандуулдаг ч өсвөр нас буюу амьдрал дээр биеэ даах насных нь өмнө анхаарлаа сулруулдаг. Хүүхэд өөрөө сургуульдаа явж, найз нөхдийн хүрээлэлтэй болж тэдэнтэйгээ зөвлөлддөг болдог учраас өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил болон хөгжих нь эзэнгүй байгаа юм шиг л харагддаг. Тэгэхээр “Биднийг сонс” хөтөлбөрийг хүүхдүүдийн дуу хоолойг сонсож тэдэнд зориулсан зүйлийг хийгээч ээ гэх мессэж өгөхийн тулд коронавирусийн үед санаачилж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард “Academy-16” нээсэн. Одоогоор улиралд нэг удаа хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарангаа тэдний дуу хоолойг сонсож, нэвтрүүлэг бэлтгэж байна. Өсвөр насны хүүхдүүдэд тулгарч буй мэргэжил сонгох зэрэг шаардлагатай асуудалд сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг өгүүлж, богино хэмжээний контентыг бүтээж байгаа.

-Судалгаагаар 16-гаас доош насны хүүхэд эцэг эх, найз нөхөд, нийгмээс юуг хүсч байна вэ?

-Боловсрол бол цаанаасаа өгөгдөж байдаг зүйл. Түүний дараагийн хэрэгцээ нь хүмүүжил. Хүмүүжлийг хүн гэр бүл, сургууль, найз нөхдийн хүрээлэл орчноос олж, хүмүүжиж байдаг. Манайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэдэг ганц л хөгжил дээр суурилж буй газар байна. Гэвч тус газарт очиход урдаас халамж л ярьдаг. Монголын бүх иргэд арчаагүй, хүмүүжилгүй юм шиг харьцдаг. Хөгжилд анхаарч, хөгжил рүү чигээ барьсан газрууд байхгүй байна. Хүүхдүүдэд очиж хөгжих хөгжлийн газар байхгүй учраас тэд гар утаснаас хамааралтай болж байна. Хүүхдэд уулзаж ярилцдаг, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг газар байгуулж, хүүхдийн хөгжлийг өөр өнцгөөс харж анхаарахгүй бол үнэхээр болохгүй байгаа юм. Үүнд зориулж бүх хүүхдийг оролцуулж чадахгүй юм аа гэхэд хэсэгхэн ч гэсэн хүүхдүүд энэ газрыг хөгжих боломж гэж хараасай гэсэн үүднээс “Academy-16”-г нээсэн. Одоогоор хоёр салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид бага насны хүүхдүүдийг сонсохгүйгээр тэдний өмнөөс ирээдүйнх нь зураглалыг хийдэг. Тухайлбал, намайг бага байх үед “Оддын охин” гэдэг кинонд ар талд нь зургаан байшин гардаг байлаа. Би түүнийг хараад ийм гоё байшинтай газар очиж үзэх юмсан гэж боддог байсан бол одоо тийм байшинг ямар ч газар барьдаг болчихсон байна. Яг үүнтэй адил миний бага насыг бодохоор 30 жилийн өмнө бид үүнийг төсөөлж байгаагүй. Одоо 30 жилийн дараахь ертөнцийг бага насны хүүхдүүд анзаарч байхад бид эсрэг зүйл ярьж хүүхдийг сонсдоггүй. Тухайн хүүхэд гуталчин болж сайхан загвартай гутал зохион бүтээх гэж байхад нь чи заавал хуульч болох ёстой гэх зэрэг тулгадаг. Өсвөр насны хүүхдүүд биднээс тэдний асуудлыг сонсохыг л хүсдэг. Тиймээс долоо хоногт нэг удаа эцэг эхчүүд заавал ч үгүй хүүхдэдээ цаг гарган, аялал зугаалгад явж тэдний үзэл бодлыг сонсоосой гэж хүсч байна даа.

-16-гаас доош насны хүүхдүүд юуг илүү сонирхдог вэ?

-16-гаас доош насны эрэгтэй хүүхдүүд спорт их сонирхож, хичээллэхийг хүсдэг болсон. Хувийн байгууллагууд спортын тал дээр тэмцээнийг маш сайн ажиллаж, орон зай ихтэй болсон. Хүмүүс ном уншихыг их шаарддаг. Гэвч номын сангийн орчинд нь очиход ном үзүүлэнгийн хэлбэрээр л байдаг. Хүүхэд гэртээ байгаа юм шиг ном унших боломжтой төвлөрсөн номын сан байхгүй. Орчны бүрдлийг сайжруулах шаардлагатай юм шиг санагддаг. Охидын хувьд загвар, төгс хөгжилд их дуртай байдаг. Дэлхийн монгол иргэнийг хүмүүжүүлж буй учраас хүүхдэд 1-2 гадаад хэл заавал байх ёстой. Гадуур хэлний курс, сургалтад охид их хамрагдаж байна. Боломжтой эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн хөгжилд анхаарч төвлөрсөн газарт аваачиж өгдөг. Хүмүүжил хөгжил хоёрыг холбосон зан чанарын сургалт зэргийг автомат зохион байгуулалтаар явуулах нь зүгээр санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд иргэний боловсрол хичээлд үздэг зүйлсийг бататган дадлага хийх газар байвал хүн бол харилцааны амьтан учраас хөгжиж байх ёстой.

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хэмжээнд ойлгодог вэ?

-Манай улс чимээгүй хүчирхийлэл ихтэй. Бидний зохиож буй тэмцээнд есөн мянга гаруй охин бүртгүүлж оролцон, зургаан мянга гаруй охин харилцаатай байж, 200 гаруй хүүхэд манай байгууллагаар үргэлж ирж очин байдаг. Өнөө үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй, хүүхдээ аргадах гэж гар утас өгдөг болсон. Тэр цахим орчинд юу байгаа билээ. Мөн зарим эцэг эхчүүд их буруу ойлголттой байж багш нар луу их дайрдаг. Сургуулийн багш өглөө 08:00 цагаас өдрийн 14:00 цаг хүртэл, цэцэрлэгийн багш өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл хүүхдүүдийг харж байхад тэр хүмүүст “Та нар манай хүүхдийг хүмүүжүүлсэнгүй” гэж бүх ачааллаа нэмдэг. Гэтэл эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь аваачиж, орой 18:00 цагаас гэртээ ирэхэд хүүхдийн унтах цаг хүртэл гуравхан цаг л байна. Гэр бүлийн харилцаа их жижиг болсон. Мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс гэж байна. Хүүхдээ мэддэггүй хүмүүс гэж хүүхдийнхээ ирээдүйд хүчирхийлэл хийж буй хүмүүсийг хэлнэ. Тэр хүүхдийг юуг хүсч, тэмүүлж буйг хамгийн эхэнд эцэг эх нь мэдэж байх хэрэгтэй. Бид чиглүүлэх үүрэгтэй болохоос биш заах ёсгүй. Бидний үзэж буй кинонд Солонгос кино ихэнх хувийг эзэлдэг. Солонгос киноны соёлоос бид их суралцаж байна гэсэн үг. Гэтэл яг бодит байдал дээр Солонгос улс гэр бүл салалтаараа дэлхийд тэргүүлдэг. Бид тэдний харилцаа, соёлыг суралцаж, үзэж буй учраас үүнд хаалт байх хэрэгтэй. Бид хүүхдийн хүмүүжилд стандарт тогтоох ёстой. Хүүхдийн ертөнцөд судалгаа, өөрчлөлт хэрэгтэй. Одоогоор Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоонд сайн дураараа байнгын үйл ажиллагаатай 30 байгууллага бүртгэлтэй байж, уулзалтуудыг зохион байгуулж цаг үеийн тулгамдсан асуудлыг ярилцдаг. Сүүлийн үед яригдаж биднийг хамгийн их эмзэглүүлж буй сэдэв бол хүүхдийн өвчлөл байна. Бид чинь цөөхүүлээ, 3.4 сая гаруй иргэнтэй, үүнээс 1.8 сая гаруй нь хүүхэд байна. Хүүхэд дотроос хүнд өвчтэй, онцгой шаардлагатай хүүхэд ойролцоогоор хоёр хувийг эзэлдэг. Манайд эрүүл мэндийн асуудал цэгцгүй байдаг. Энэ асуудлаас хэрхэн гарах вэ гэвэл Финланд улсын жишээг дурдвал, тэд эрүүл мэндийн даатгалын мөнгийг хүүтэй эргэлтэд оруулан мөнгийг нь ашигладаг. Бид нэн шаардлагатай өвчтэй иргэдийг эдгээхэд даатгалын хүүг зарцуулж болно. Энэ асуудлыг хүмүүс мэдэх нь мэдэж, даатгалын хүүнд хэдэн төгрөг гардаг вэ гэсэн тооцоо нь ч бий. Үүнийг шийдвэр гаргах түвшний хүмүүс шийдвэл тухайлбал, 340 хүүхдээс 40 хүүхдийн өвчлөлийн асуудлыг шийдэх боломжтой. Хүүхдийн байгууллагуудын хамгийн их эмзэглэж буй асуудал бол монгол хүүхдүүд гудамжинд өвчиндөө шаналан явж, хэдхэн хүүхэд нь эдгэж бусад нь эндэж буй асуудал. Энэ асуудлыг шийдэх гарц байгаа боловч хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.

-Танай байгууллага “Бяцхан мисс” тэмцээнийг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ?

-Манайх “Бяцхан мисс” улсын тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сард хүүхдүүдийг бүртгэж, гуравдугаар сард анхан шатыг зохион байгуулж 24-30 хүүхдийг шилж гурван сар бэлтгэж зургадугаар сарын 3-ны өдөр “Бяцхан мисс” уралдаант тэмцээнд оруулах юм. Уралдаант тэмцээн нь гурван үе шаттай. Хүмүүс мисс гэхээр өөр ойлголтоор төсөөлдөг. Дэлхийн мисс хүмүүнлэг, сайн үйлсийн элч байдаг. Үүнтэй адил манай миссүүдийн хүмүүнлэгийн аян одоо хэрэгжиж байна. Гэхдээ энэ жил их эмзэглэж байна. Учир нь тэмцээнд оролцож буй гурван баг байдаг бөгөөд бүх баг түлэнхийн төвийг зорьж сайн үйлсийн аян хийсэн. Би үүгээр Монголд хүүхдийн өвчлөл их болсныг анзаарсан. Өглөө утсаа нээхэд л хандив тусламж хүссэн хүүхдийн зураг харж байна. Хүүхдийн эрүүл мэндийн бодлогын асуудал алдагдсан байгаа юм. Дараа нь хүүхдүүдийн мэдэх ёстой зүйл болох цөм хөтөлбөрөөс асуултуудыг бэлтгэн АХА тэмцээнийг зохион байгуулдаг. Мөн загварын тэмцээн бөгөөд үндэсний хувцас, урлал орно. Энэ жил манайх эко буюу байгаль, амьтдын хувцсаар зохион байгуулах гэж байна. Тэмцээн зургадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 5-8 насны хүүхдүүд оролцох юм. Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд 6-16 насны хүүхдүүд оролцдог.

-Танай байгууллага хэзээнээс хүүхдүүдийг гадаад орон руу миссийн тэмцээнд оролцуулдаг болсон бэ?

-Бид 2014 оноос эхэлж гадагшаа тэмцээнд явуулж, дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтын үйл ажиллагааг эхэлсэн. Олон улсын тэмцээнд оролцох олон улсын патент эзэмшиж, жилд 16 мянган ам.долларыг төлдөг.

Ингэснээр бид үндэсний захирлуудын эрхийг аван тэмцээнд хүүхдүүдийг авч явах боломж нээгддэг. Дэлхийн мисс, бөмбөрцгийн мисс гэж хоёр төрлөөр явагддаг шиг Соёл урлагийн наадмын эрхийг ч эзэмшин, одоогоор албан ёсны зургаан тэмцээний эрхийг эзэмшиж байгаа. Нэг нь миссийн, гурав нь загварын тэмцээн, хоёр нь олон улсын хүүхдийн урлаг соёлын их фестиваль наадам юм. Тэмцээн нь бяцхан мисс, мистер гэдэг төрлөөр явагддаг. Манайх насны ангиллаар 6-8, 9-16 насны төрлөөр зургаан хүүхэд тус тус явдаг. Саяхан Э.Энхрийлэн шавь минь Туркийн Анталия хотод болсон “Little Miss & Mr Eurasia Africa 2022”-Олон улсын хүүхдийн наадмын Su­per Grand Prix” титмийн эзэн, Гранпри шагналт, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон “Little Miss mis­ter United World” тэмцээний “We love plants” титмийн эзэн, С.Номин-Эрдэнэ шавь минь Туркийн Анталия хотод “Little Miss & Mr Eurasia Africa 2022”-Олон улсын хүүхдийн наадмын Brilliant Talent” алтан титмийн эзэн, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод “Little Miss & Mr Eurasia Africa 2022” олон улсын хүүхдийн наадмын “Talent Gold” титмийн эзэн болж тус тус амжилт үзүүлсэн. Хүүхдүүд загварын фестивальд оролцсоноор есдүгээр сарын 12-16-ны өдөр зохиогдох “New York Fashion Week”-д анх удаа Монгол Улсаас таван хүүхэд уригдсан.

Categories
мэдээ спорт

А.Энхтуул: Шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг DNN.mn

Олон улсын шатрын их мастер, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуултай ярилцлаа.


-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнд алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Энэхүү шатрын шинжлэх ухаан, спортоор хэрхэн хичээллэх болсон тухайгаа хуваалцахгүй юу. Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Би багадаа дуулдаг, драм уншдаг, төгөлдөр хуур тоглодог урлагийн чиглэлтэй хүүхэд байсан. Тухайн үед Цоглог студи, Хүүхдийн ордны хүүхдийн багт наадам зэрэг болдог байх үед тоглолтод оролцдог байлаа. Нэг өдөр манай төгөлдөр хуурын Бүжинлхам багш маань манай ээжид ийм шатрын дугуйлан байна, та охиноо явуулаад үзээч гэж санал тавихад ээж намайг явуулж байсан. Ингэж л шатрын спортод орж байсан даа. Хамгийн сүүлд шатар бол миний явах чиг байна гэж тууштай хичээллэсэн.

-Та анх хэдэн настайдаа, ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хамгийн анх өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн настай байхдаа оролцон, нийт есөн өргөөс 1.5 оноо авч байсан.

-Шатар тоглож сурч байх үед шатрын нүүдлээ заалгахаас эхлүүлэн багшийн үүрэг их чухал шүү дээ. Таны хувьд хэн гэдэг багшаар удирдуулан шатрыг сурч байв?

-Миний хамгийн анхны шатрын багшийг “Төр Монгол” шатрын клубийн дасгалжуулагч Ц.Батболд гэдэг. Багш минь бага ангийн сурган хүмүүжүүлэгч байсан. Багш маань одоогоор Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Багануур дүүргийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшийн шавь болсон цаг үеэс хойш 16 жил хамт байна. Мөн Москвад суралцах хугацаандаа орос дасгалжуулагч нартай ажилласан.

-Та өөрийн гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Би шатраар хичээллээд 19 жил болж байна. Энэ хугацаанд улсын, тив дэлхийн олон тэмцээнд оролцсон. Хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээнүүдээс дурдвал 14 настай байхдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад оролцдог шигшээ багт шалгаран багийн хамт Герман улсын Дрезден хотод зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад оролцсон. Багийн тэмцээнүүдэд нэгнийгээ тоглуулахын тулд өнжих ёстой байдаг ч миний хувьд өнжөөгүй. Маш амжилттайгаар оролцон багтаа их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Тухайн үед олимпиад таван ангилалд хуваагдан зохиогддогийн C ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Нэг ангилалд нэг л байрыг шалгаруулдаг. Мөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаагаа тэргүүн байр эзэлсэн. Өсвөрийн тамирчин байхдаа арван жил тасраад байсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг эх орондоо авчирсан. Энэ үедээ мэргэжлийн гэж яригддаг насанд хүрэгчдийн ангилалд орос дасгалжуулагчынхаа заавар зөвлөгөөг даган хүрэл медаль хүртэж байсан. Эдгээр нь миний сэтгэлд их хоногшсон амжилтууд маань юм. Энэ жилийн улсын аварга насанд хүрэгчдийн шигшээ Монголын шилдэг шатарчид оролцдог тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн минь үнэхээр бахдам амжилт.

-Таны хувьд шатрын шинжлэх ухаан гэж юуг ойлгодог вэ?

-Шатар бол математикийн шинжлэх ухаантай харьцуулан яривал математик томьёоллоор бодон тооны хариуг гаргадаг бол шатар онол хэрэглэдэг. Шатарт бид эхний гараанд заавал онол хэрэглэдэг. Гэхдээ их өвөрмөц. Шатар нь гараа, дунд, төгсгөл гэсэн гурван үе шаттай. Дунд үед тухайн хүний ухаан юуг сэтгэж өөрийн дүрсийг хэрхэн удирдаж байгаа зэрэг нь их гайхалтай. Тиймээс шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг. Шатар бол дуусашгүй, хязгаар нь үл үзэгдэх тийм л шинжлэх ухаан. Их сэтгэл хөдөлгөм байдаг.

-Та Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан гэсэн үү. Энэ тухай тодруулахгүй юу?

-2015 онд Азийн шатрын холбоо болон Арабын нэгдсэн Эмират улсын Алейн шатрын клубт ажиллах урилга надад ирсэн. Азийн шатрын холбоонд ажиллаж байх үедээ олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах болон Алейн шатрын клубт дасгалжуулагч хийдэг байсан. Эндээс миний ажил амьдралын минь гараа эхэлсэн. Шатартай холбоотой ажил хийж эхлүүлсэндээ гэж өөрийгөө их азтайд тооцдог. Бага наснаасаа хичээллэж дуртай байсан спортоо өөрийн амьдрах эх үүсвэр болгож явах нь хэн бүхэнд тохиохгүй. Азийн шатрын холбоонд ажилласнаараа дэлхийн олон алдартай шатарчидтай танилцан, тэмцээнд урих, холбоо харилцаатай байх зэрэг боломжууд нээгдсэн.

-Сурагчиддаа юуг захиж, зөвлөдөг вэ?

-Би шавь нарт гэхээс илүүтэйгээр юун түрүүнд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Хамгийн эхэнд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Шатрын спортоор тууштай хичээллэх үү, эсвэл өмнө хэлсэнчлэн хаана ч очсон хүнтэй тоглочихдог хэмжээнд сурах юм уу гэж эцэг эхчүүдээс асуудаг. Яагаад гэвэл хүмүүс шатрын клубт ирэхээр амархан хурдан сурч, нэг, хоёр сараас тэмцээн уралдаанд оролцож амжилт гарган мэргэжлийн тамирчин шиг болдог гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ. Хүн харахад амархан юм шиг ч биеэр туулахад их хэцүү, олон жилийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг спорт. Шавь нартаа хожиж, хожигдох нь чухал биш, сайн тоглолт өрөг гаргаж, бэлтгэлээ хийх нь чухал. Аливаа зүйлд яаралгүйгээр тайван бодож, сэтгэлээ тогтоох нь их чухал гэж зөвлөдөг дөө.

-Шатарчин бүр өөрийн өргийн санг бүрдүүлсэн байдаг гэсэн үү?

-Тийм. Шатарчин хүн ер нь өөрийн тоглосон өргөө үргэлж тэмдэглэж явдаг. Миний хувьд ч ялгаагүй өөрийн шатрын программ дээр өргөө бичиж тэмдэглэн хадгалдаг. Мөн Монгол Улсын болон дэлхийн бүх орны өргүүд Chess­base олон улсын шатрын программд автоматаар хадгалагдаж байдаг. Бидний олон улсын тэмцээнд тоглож буй бүх өргүүд автоматаар хадгалагдан өргийн сан бүртгэгдэж байдаг. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ямар тоглогч хэрхэн тоглосон талаар орж харахад амархан болсон.

-Та шатар сонирхогч залууст юуг зөвлөх вэ. Шатраар хичээллэж эхэлж буй залуус юунд анхаарах хэрэгтэй байдаг юм бол?

-Шатар сонирхож буй хүүхэд, залууст хандаж хэлэхэд шатар гэдэг нь ганцхан спорт биш. Шатрын дэлхийн аварга Анатолий Карпов “Шатар бол шинжлэх ухаан, урлаг спортын цогц” гэж хэлсэн байдаг. Би шатрыг спорт гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаан талаас нь харж авч үздэг. Учир нь шатрын 64 буудал дээр хэний ч бодолд буумгүй уран сайхан нүүдлүүд тоглогдож, тооцоолон боддог юм. Шатар нь анхаарал сайжруулах, тэвчээртэй болгодог гэх мэтчилэн хүмүүс их ярьдаг. Миний хувьд олон жилийн турш тоглосноор шийдвэр гаргах чадварт сургадаг юм болов уу гэж боддог. Шатрын спорт хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Өөрийн сэтгэл зүйн байдлаас хамааран шатрын гараагаа сонгох тал бий. Шатар бол их сонирхолтой. Тиймээс энэ шинжлэх ухаанаар мастер болтлоо хичээллэдэггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд тоглочихдог, тэмцээн уралдаанд оролцдог түвшинд сурвал илүүдэхгүй шүү гэж хэлье.

-Шатар тоглох нь хүүхэд болон хүнд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж хөгжүүлдэг вэ?

-Шатар тоглоно гэдэг нь их цаг хугацаа, оюуны ачааллыг шаарддаг. Төсөөлөн бодох чадвар их сайжирсан байдаг. Шатарчид магадлалын онолоор юмсыг хардаг. Шатар тоглох нь хүний зургаа дахь мэдрэхүйг нээж, хөгжүүлдэг. Шатар тоглодог хүмүүс мэдрэмжтэй, зөнтэй болж, урьдаас таамагладаг гэж их ярьдаг. Учир нь бид шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож өрсөлдөгчийнхөө нүүх болов уу гэж бодсон нүүдлийг хийдэг. Бүгдийг зөвхөн толгойдоо хийсвэрээр сэтгэж, төсөөлөн боддог учраас эдгээр ур чадварууд нэмэгддэг гэж боддог. Тэр ч утгаараа урьдчилан таамаглах, тооцоолоход шатарчид сайн байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Шатар оюун ухааныг олон талаас нь задалж өгдөг. Хүүхдийг хайрцагласан сэтгэлгээнд оруулалгүй, өөрөө чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог учраас хоёр тархи зэрэг хөгждөг.

-Хүүхдийг хэдэн наснаас нь эхлүүлэн шатрын спортоор хичээллүүлэх нь тохиромжтой вэ?

-Хүүхдийг шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байвал аль болох эрт хичээллүүлж эхлэх нь сайн. Бага насны хүүхдийг хамгийн эртдээ таван настайгаас эхлүүлэх нь тохиромжтой. Зарим эцэг эхчүүд 3, 4 настай хүүхдүүдэд шатар заалгах гээд байдаг. Гурав, дөрвөн нас гэдэг нь хорвоо ертөнцтэй танилцан явж байх нас шүү дээ. Энэ үедээ шатар сурч явах нь зохимжгүй санагддаг. Хамгийн эртдээ таван настайгаас шатраар хичээллүүлж эхэлбэл ирээдүйд өндөр амжилтад хүрэх магадлалтай. Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүйтэй адил шатрыг хэдэн ч наснаас сурч болно.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг би зарим тохиолдолд өглөө 05:00 цагт босон шатраа бэлдэн хичээллэдэг байсан. Тиймээс зорилгоо зөв тодорхойлон хэрхэн амжилтад хүрэх, ямар учраас шатар сурах гэж байгаагаа ойлгочихвол хэзээ эхлэх нь хувь хүний сонголт юм.

-Монгол Улс шатрын спортоор олон улсад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо буюу дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 184 орноос манай улс нийт шатарчдын дундаж чансаагаар 54 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Жил ирэх тусам л манай шатарчдын чансаа бага багаар өсч байгаа. Энэ нь манайд шатрын спорт хөгжиж байгааг илтгэж байгаа болов уу гэж хардаг. Бидний үетэй харьцуулахад олон хүүхэд шатраар хичээллэж, гадны орон руу тэмцээнд явж буй хүүхдүүдийн тоог харахад үргэлж нэмэгдсэн харагддаг. Манай шатарчид тив дэлхийд тэмцээн уралдаанд оролцоход 50 хувиас дээш амжилт үзүүлдэг. Тиймээс бидний олон улсад үнэлэгдэх чансаа жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт их итгэлтэй байдаг.

Мөн намайг шатрын их спортод хөл тавиулсан анхны дасгалжуулагч Ц.Батболд багшдаа, 16 жил надтай хамт байж миний төлөө зүтгэсээр байгаа гавьяат дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшдаа, дэд мастер байхаас минь дэмжсэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай ах, “Их заргач” клубийн дасгалжуулагч их мастер н.Мөнхгал ах, хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай Дотоодын Цэргийн 805 дугаар ангийн хамт олон зэрэг хүмүүстээ баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Монгол Улсын шигшээ баг тамирчид удахгүй долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны өдрийн хооронд Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдох Дэлхийн шатрын олимпиадад оролцоно. Олимпиад нь коронавирус цар тахлын дараагаар тив дэлхийн шилдэг шатарчид цуглан тоглох гэж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тэмцээн болох байх гэж бодож байна. Монгол Улсын шигшээ баг тамирчид хичээж оролцох болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

​М.Түвшинхүү: “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгчийн дүр миний сэтгэлд хамгийн их үлдсэн DNN.mn


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт жүжигчин, найруулагч М.Түвшинхүүтэй ярилцлаа.


-“Үнэ цэн” мюзиклийн ерөнхий найруулагчаар нь та ажиллаж байна. Үзэгчдэд мюзиклээр юуг хүргэж, харуулахыг зорьж байна вэ?

-Энэ бол Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойд зориулсан томоохон бүтээл. Сүүлийн таван жилийн хугацаанд ийм бүтээл хийгдээгүй. Мөн энэ жил энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар ёслол төгөлдөр тэмдэглэ гэсэн чиглэл гарсан. Үүний дагуу ЦДБЭЧ-ын уран бүтээлчид санаа бодлоо нэгтгэн энхийг сахиулагчдын бахархлыг нь төрүүлсэн, эрсдэлтэй цаг үед алба хааж ирсэн давхардсан тоогоор 22 мянга гаруй офицер, ахлагч нарын түүхийг өгүүлсэн бүтээлтэй болъё гэж зорин бүтээлийг эхлүүлсэн. Мюзиклийн зохиолыг дэд хурандаа Р.Өнөржаргал бичсэн. Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай зураачийн баг ажиллаж байна. Бүтээлийг дэлхийн 17 улс, мужид үүрэг гүйцэтгэсэн давхардсан тоогоор 22 мянган офицер, ахлагчдаас ирж үзнэ. Тиймээс бид энэ тайзны бүтээлийг маш бодитой, яг л тэнд алба хааж үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчдын дурсамжийг сэргээх, ямар хүнд нөхцөлд Монгол цэргийг дэлхийн цэрэг болгон харуулж чадсан юм бэ гэдэг бахархлыг нь төрүүлэх бүтээл хийхээр зорьж байна.

-Одоогоор мюзиклийн бэлтгэл ажил хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Мюзикл маргааш нээлтээ хийнэ. Бид энэ бүтээлийг асар богино хугацаанд хийж байна. Үзэгч, уншигчид жүжиг, тайзны бүтээлд багадаа хоёр, гурван сарын хугацаа шаардагддаг гэдгийг мэдэх байх. Гэнэтийн шийдвэр гарсан учраас бид нэг сарын хугацаанд хийж байна. Энгийн нэг урлагийн байгууллага байсан бол энэ их богино цаг хугацаа. Цэргийн байгууллага учраас ном журмаараа ажил явагдаж гурван хоногийн дараа нээлтээ хийх гэж байна.

“Үнэ цэн” гэдэг үг үргэлж гараад байдаггүй тийм нандин үг. Ямар учраас ийнхүү нэрийдэх болсон бэ?

-Үнэ цэнэ гэдэг үг их өргөн агуулгатай. Бид “Монгол цэрэг дэлхийд ямар үнэ цэнэтэй юм бэ” гэдгийг харуулахыг хүссэн. 2004 онд 750 кг тэсрэх бөмбөг ачсан Иракт болсон халдлагыг зогсоосон алба хаагч Г.Аззаяагаар өнөөдөр бид бахархах хэрэгтэй. Монголчууд бид л бахархан ярьж үнэ цэнэтэй байлгахгүй бол болохгүй. Энэ мэтчилэн олон хүмүүсийн үзсэн, туулсан түүх байдаг. Дэлхийд гайхагдаж буй монгол цэргийн үнэ цэнэ, цаашлаад хайртай хүү, хайртай ханиа үдэж мордуулсан эх орон, эцэг эх, хань ижил, үр хүүхдүүдэд нь миний аав ямар үнэ цэнэтэй хүн бэ гэдгийг мэдрүүлэх, энэ бүрийг бид шигтгэж, дурсамжийг нь сэдрээх юмсан гэж бодож байна. Мэдээж энхийг сахиулагчийг гэр бүл нь ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж ирснийг тэр бүр мэдэхгүй. Энэ бүтээлийг үзээд миний хань, миний аав, миний хүү ямар эрсдэлтэй, аюултай хэцүү орчинд үүрэг гүйцэтгэж ирсэн бэ гэдгийг ойлгуулах нь бидний нэг зорилго. Түрүүн хэлсэнчлэн үзэгчид нь өөрсдөө бэлэн, тухайн цаг мөчид амьдарч ирсэн үзэгчид байгаа. Ер нь сүүлийн үед үнэ цэнийн тухай Монголд зайлшгүй дуугарах ёстой болсон асуудал байгаа юм.

-Тэгвэл таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?

-Ерөөсөө ойлгомжтой. Би урлагийн салбарт 26 жил ажиллалаа. Монгол хүн болж энэ газар нутагт төрнө гэдэг нь хамгийн том үнэ цэнэ. Бидэнд энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож ирсэн хамгийн анхны эмэгтэй генерал Г.Болор, Г.Аззаяа нарын олон хүн “Хүний нутагт очсон үедээ л монгол хүн болж төрсөндөө баярласан. Хоол, хүнс байхгүй, ингэж зовж байх гэж” бодогддог гэж туршлагаасаа ярьж байна. Ингэж бодохоор өнөөдөр монголчууд бидний үнэ цэнэ хаана оршиж байна вэ гэдэг тодорхой болж байгаа юм.

-Мюзикл хэдэн хэсгээс бүрдэж, хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа вэ?

-Мюзикл 10 үзэгдэлтэй. Зөвхөн тайзан дээр 70 гаруй хүн гарна. Байгууллагын бүтээл учраас үүний цаана ажиллаж буй байгууллагын даргаас эхлүүлэн үйлчлэгч, харуул хүртэл оролцож байна гэсэн үг. Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож ирсэн алба хаагчид ч судалгаанд оролцож буй учраас 200, 300 хүний оролцоо байна.

-Та “Хаадын хаан” түүхэн жүжгийн зохиолтой нэг жилийн турш уншиж танилцаж байсан гэсэн. Тэгвэл мюзиклд судалгааг ямар хугацаанд хийсэн бэ?

-Халх голын 1939 оны дайны тухай жүжиг хийх талаар яригдаж эхлэх үеэр2022 онд энхийг сахиулагчдын 20 жилийн ой болох гэж байгаа учраас үүнд анхаарвал яасан юм бэ гэсэн санал уран бүтээлчдээс ирсэн. Уран бүтээлд оролцож буй алба хаагчдаас энхийг дэмжих ажиллагаанд Өмнөд Судан, Ирак зэрэг улсуудад явж ирсэн учраас судалгаа бэлэн байгаа. Тухайлбал, Г.Болор генерал туршлагаасаа ярьж байх үед би их бахархсан. Бүсгүй хүн Нью-Йорк хотод хоёр жил олон улсын баг ахлан ажиллаж байсан болон өөрийн амьдралд үзэж туулсан зүйлсийн тухай нь сонсоход бахархахгүй байхын аргагүй их гайхамшигтай байсан. Тийм учраас “Үнэ цэн” мюзиклийн судалгаа бүгд бэлэн байсан учраас амар байна. Мөн нэг давуу тал нь цэргийн байгууллага учраас тайз хэрэглэл, зэвсэг техникээс эхлүүлэн юмаар дутаахгүй байна. Ер нь баргийн тайзан дээр галт буу ашиглагддаггүй. Энэ мюзиклд нэлээн хэдэн удаа сургуулилтын галт зэвсэг ашиглагдана.

-Та “Үнэ цэн” мюзиклээс гадна өөр уран бүтээлд ажиллаж байна уу?

-Мэдээж ажиллалгүй яахав. “Их хүрээ” энтертайнмент маань олон уран бүтээл хийж байна. Өнгөрсөн жил теле концерт хийсэн. ЦДБЭЧ-тай “Их хүрээ” энтертайнмент олон жил хамтарч ажиллаж ирсэн. Тиймээс надад итгэл хүлээлгэж найруулагчаар ажиллахыг санал болгосон хэрэг. Хийхээр бодож, төлөвлөж буй зүйл их байна. Нэг зүйлийг хийж байх үедээ давхар өөр зүйл рүү орж хийнэ гэдэг нь уран бүтээлч хүний хувьд хэцүү. Цэргийн байгууллага өглөө бүгд нэгдэн жагсаж өөр өөрийн чиглэл үүргийн ажлыг дууссаны дараа уран бүтээл рүүгээ ордог. Тэгэхээр бодож төлөвлөж байгаа зүйл бий болохоос давхар уран бүтээл хийх нь хэцүү.

-Таныг анх Улсын драмын эрдмийн театрт орж байхад хуучны ямар жүжигчид байсан бэ?

-Би 2000 он гэхэд УДЭТ-ын босгоор алхан орж байсан. Тэр үе бол алтан үеийнхний сүүлийг мушгисан, олон сайхан уран бүтээлчдээс үг сонссох боломж олдсон үе байсан. Тухайлбал, Л.Жамсранжав, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, С.Сэлэнгэ, Ж.Дорлигжав зэрэг мундаг сайхан уран бүтээлчид байж дээ. Тухайн үед анх ажилд орсон үедээ П.Цэрэндагва жүжигчинд хадаг барин багш шавь бололцсон түүхтэй. Энэ олон хүнээс би сургаалын үгийг ч сонсож зарим үед алганы амт ч хүртэж явлаа. Одоо эргээд бодоход сайхан байдаг юм.

-Лоолийн Жамсранжав гэж Монголын тайз дэлгэцийн мундаг жүжигчин байсан. Та тэр жүжигчний тухай яриач?

-Л.Жамсранжав гэдэг агуу жүжигчинтэй хамт ажиллаж байлаа. Л.Жамсранжав гуай “Хүйтэн сэнтий” жүжгийн Шанзав Бадамдорж дүрд, миний бие Мишиг гэгээний дүрд бид партнёр болон хамтарч тоглож байсан. Би ч залуу байж, тэр хүнээс авах зүйлсээ авч үлдэхийг их хичээдэг байлаа.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн их сэтгэлд үлдсэн дүр нь ямар дүр вэ?

-Ер нь жүжигчин хүний тоглосон дүр бүр сэтгэлд нь үлддэг. Анх Б.Баатар найруулагчийн тавьсан “Кармен хүүхэн” жүжигт ардын жүжигчин С.Сарантуяатай партнёр болж тоглосон. Олны хэсэг, ганц хоёрхон удаа цөөхөн тоглосон дүрүүдийн үг зарим үед мартагдах тохиолдол бий. Түүний дундаас “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгчийн дүр миний сэтгэлд хамгийн их үлдсэн. Оросын зохиолч Юлия Шиловагийн “Манайд амьдаръя” жүжигт Дима гэсэн гол дүрд тоглосон нь их гэгээн дурсамжтай сэтгэлд байж байдаг.

– СУИС-ийн танай ангийнхнаас олны танил ямар хүмүүс байна?

-СУИС-д манай ангийнхнаас олны танил гэвэл МУГЖ Л.Баттулга, СТА Ш.Доржсүрэн, Б.Баатархүү байна. Сүүлийн үе, тэр үе, манай үеийн жүжигчид гэж байхгүй. Жүжигчин бол жүжигчин гэж хэлнэ. Тэр жүжигчин илүү, энэ жүжигчин муу гэсэн ойлголт байх ёсгүй гэж боддог. Тэгээд ч театр гэдэг босго өндөртэй, олон шалгуурыг давж ордог учраас хэн сайныг хэлж чадахгүй. Мэдээж үзэгчдийн маань хардагчлан гол дүрд их тоглохоор сайн жүжигчин, гол дүр бүтээхгүй бол муу жүжигчин гэж ойлгодог хүн байхгүй байх гэж бодож байна. Залуучуудаас үнэхээрийн сэтгэл дотроосоо, шаглаж урлаж тоглодог жүжигчид гарч ирж байна.Үеийнхээ жүжигчдийн дотроос МУГЖ С.Болд-Эрдэнийг өнөөдрийн энэ цагт төрсөн ганц агуу дотортой сайхан жүжигчин гэж бардам хэлнэ.

-Сүүлд залуухан гавьяатууд их төрж байгаа. Таныг бас гавьяат болно гэж хүлээж буй үзэгчид бий?

-Тэднийг хийх зүйлээ хийн олонд үнэлэгдсэн учраас гавьяат гэдэг эрхэм хүндтэй төрийн дээд цол тэмдгийг авдаг гэж ойлгодог. Миний хувьд болоогүй болоод би аваагүй байгаа. Би гавьяат болох ёстой, болно гэж хэлэхгүй. Юм болдгоороо болно, авахгүй ч байсан болно. Заавал үүнийг хүлээх шаардлагагүй. Миний өмнө хийж бүтээх их ажил байна.

-Б.Баатар найруулагч таныг анх урлагт хөтөлж оруулж байсан гэдэг. Энэ тухай яриач?

-Би Б.Баатар найруулагчыг бодохоор их өнчирдөг. Хэрвээ энэ агуу хүн байсан бол бид хоёр сайндаж муудан явж байх байлаа. Бид 1996 онд анх танилцаад бурхан болтол нь хамт байсан гэхээр би их азтай хүн. Одоо байхгүй болсон гэж бодохоор өнчирдөг. Энэ хүн байсан бол хамгийн түрүүнд авчирч ганцааранг нь суулгаж байгаад хяналт өгөх байсан. Одоо тэр хүн бурханы орноос намайг харж буй учраас би зоригтойгоор мюзиклийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Лхагва-Очир: Сээр цохигчдод бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг DNN.mn

Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооны дэд тэргүүн Д.Лхагва-Очиртой ярилцлаа.


-Ярилцлагаа сээр цохих уламжлалт наадгайн талаар эхэлье. Ямар уламжлалтай байдаг юм бэ?

-Монголчууд эрт дээр үеэс өвлийн идэшний үеэр үхрийнхээ 12 дахь эцэг сээрийг хуга цохиж сүнсийг нь амирлуулдаг байсан. Ингэснээр тухайн өвлийн идэш болсон үхэр амгалан нойрсож сүнс нь амирладаг домтой. Улмаар Цагаан сараар эрчүүд нэгнийдээ цуглаж сээрэнд бооцоо тавин хоорондоо цохиж дийлсэн нь бүх бооцоог авдаг уламжлалтай байсан. Өнөө үед энэ нь тэмцээн уралдаан, спорт болохоор хөгжиж байна. Эр хүний эзэмших есөн дадал чадварт сээр хуга цохих чадвар орсон байдаг. Одоогоор сээр цохих гэсэн нэршлээр бид хэлж, ярьж байгаа ч тэмцээн дээр сээр шалгах гэж ярьдаг. Цохиж буй сээрээ “Энэ сээрийг шалгаад үзье” гэдэг бол цохиж шалгаж үзсэнийхээ дараа чанга сээр байна гэдэг.

-Сээр цохиход ямар дүрэм журамтай байдаг вэ?

-Өнөө үед зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд Монгол туургатны сээр цохигчдын нэгдсэн холбооноос дараах дүрмүүдийг гаргасан. Үүнд, хоёр гар хоосон байх, сээрний ар хэсгийг ямар нэгэн зүйлээр ороохгүй, бээлий өмсөхгүй байх, сээр цохиж буй гарын хуруунуудыг лентээр ороож болно гэсэн дүрэм хэрэгжиж байна. Хэд ч далайсан, ганцхан шийдвэрлэх цохилтоор цохино. Сээрийг цохиж дийлж чадахгүй бол шууд хасагдах журмаар тэмцээн явагдаж байгаа.

Түүнчлэн гарын бугуйн дээр алдаж цохивол яс гэмтэх эрсдэлтэй учраас бугуй хэсгийг ороож болно. Мөн томоохон үндэстэн хамарсан тэмцээнд заавал ч үгүй монгол дээл хувцсаа өмссөн байх шаардлагатай. Сая бидний зохион байгуулсан “Алтан бүс” тэмцээнд оролцсон бүх тамирчин үндэсний хувцастай ирсэн. ОХУ-ын Буриадаас ч залуучууд зорьж ирж оролцсон нэлээд томхон тэмцээн болж өндөрлөсөн.

-Сүүлийн үед сээр цохигчдын гарны цууралт, зөөлөн эдийн бэртэл ихэсч ГССҮТ-д очих нь ихэссэн гэсэн. Энэ тухай таны бодлыг сонсвол?

-Бид Монгол Улсынхаа үндэсний сайхан наадгайг спорт болгон хөгжүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа. Сээр цохигчдод гар нь цуурах, зэрэг бэртэл үүсдэг шалтгаан нь буруу цохисноос үүддэг. Одоогийн залууст зөвлөхөд том сээр цохихоосоо өмнө жижиг үхрийн сээр цохих эсвэл гараараа хатуу зүйл цохиж гарны махаа чангалах хэрэгтэй. Гарны махаа чангалснаар савхан ясаа гэмтээж, бэртээх асуудал учрахгүй. Гарны махаа чангалаагүй байж шууд сээр цохих нь савхан ясаа гэмтээх эрсдэлтэй. Тиймээс залуус үүнд анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө би Сүхбаатарын талбай дээр мөнгөний сээр цохиулж эхэлж байсан. Тэр үеэс л энэ наадгайг Монголчууд их сонирхдог юм байна гэж цахим орчинд лайв эрчимтэй хийж, тэмцээн уралдааныг зохион байгуулж өргөжиж эхэлсэн.

-Цахим орчинд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд сээр цохиж буй нь их харагдах юм. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах нь өндөр эрсдэлтэй шүү дээ?

-Сээр цохих нь олонд танигдахын хэрээр тэмцээн уралдаан ч өргөжиж эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа. Харин бага насны хүүхдээр нүцгэн гараар нь сээр цохиулах эрсдэлтэй. Яс нь бэхжээгүй бага насны хүүхдээр сээр цохиулах гэж буй бол гарыг нь сайн ороолгож байж бэлтгэл сургуулилтыг хийлгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд энэ асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд янз бүрийн бичлэг үзэж байснаа шууд сээр цохисноор гараа бэртээх асуудал гарч байна. Бид ч цаашдаа тэмцээн, уралдаан зохион байгуулахдаа бага насны хүүхдүүдийн гарыг нь ороолгож байна. Сээр цохино МАЙНАРАН

гэдэг нь тийм ч амархан зүйл биш, эр бяр зориг, тэсвэр тэвчээр, эрсдэл дагуулсан наадгай. Монгол эрчүүд эрт дээр үеэс дайсныхаа эсрэг бэлтгэл хийхдээ сээр цохиж нааддаг байсан. Сээр цохих нь анхаарал төвлөрүүлэх, онож цохих зэрэг анхаарлыг нэг дор төвлөрүүлж чаддагаараа давуу талтай.

-Сээр цохих тэмцээн уралдаан эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж эхэлж байгаа гэлээ. Эмэгтэй хүн сээр цохихыг юу гэж боддог вэ?

-Тун удахгүй эмэгтэй төрлөөр бид тэмцээн зохиох болно. Эмэгтэй хүн сээр цохиж чадаж байна гэдэг харин ч бахархууштай зүйл. ОХУ-ын Буриадад эмэгтэй төрлөөр тэмцээн байнга зохиогддог. Сая “Алтан бүс-2022” тэмцээнд буриад хоёр бүсгүй ирж эрчүүдийн ангилалд өрсөлдсөн.

-Сээр цохих дээр мөрийцөж түрүүнд хуга цохисон нь мөнгөө авдаг гэсэн үү?

-Мөнгөний сээр цохиход цугласан бүх мөнгийг сээрийг цохиж хугалсан хүн авдаг. Тухайн сээрийг цохихдоо таван мянган төгрөгт гурван удаа цохидог, хэрвээ цохиж дийлэхгүй бол тухайн сээрэнд нь мөнгө бооцоо болж үлддэг. Дараагийн хүн цохиж дийлбэл бүх бооцоог авдаг. Тэмцээн, уралдаанд ийм зүйл байхгүй. Тухайн даалгаж, сугалсан сээрээ цохиж хугалбал дараагийн шатанд шалгарах зарчмаар үргэлжилсээр ялагч шалгардаг.

-“Алтан бүс-2022″ тэмцээнд нийт хэдэн хүн оролцов?

-“Алтан бүс-2022” тэмцээнийг энэ жилээс бид зохион байгуулж эхэлж байна. Тус тэмцээнд нас насны нийт 500 орчим тамирчид оролцсон. Цаашид баяр наадмын үеэр жилд нэг удаа үндэсний хэмжээний том тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол туургатныг хамарсан томоохон тэмцээн зохион байгуулах зорилгуудыг тавиад явж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Бат-Ирээдүй: Эрх зүйн орчин нэг нам солигдох бүрт өөрчлөгдөж байдаг нь геологийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг саармагжуулж, удаашруулдаг DNN.mn

Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.


-Жилд ихдээ 109 талбайд лиценз олгодог байсан цаг саяхан. Одоо тэгвэл 350-400 лиценз олгохоор шийдсэн байна. Энэ дэвшилт үү?

-Энэ тун зөв эхлэл. Сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажил маш хоцрогдсон. Геологи хайгуулын ажил бол улс эх орны хөгжлийн гол түлхүүр. Үүнд аймаг, орон нутгийн төрийн байгууллага, нутгийн ард олон хүлээцтэй хандаж, зөв ойлгох ёстой. Учир нь геологи хайгуулын ажил гэдэг маань байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь маш бага юм. Бид авдрандаа байгаа зүйлээ мэдэж байж бусад хүнтэй харилцдаг. Энэ утгаар авч үзвэл улс эх орон өөрийн баялгийн нөөцийг мэдэж байж ирээдүйнхээ хөгжлийн төлөө томоохон хөтөлбөр, зорилтоо дэвшүүлнэ. Нано, IT технологийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Үүний том суурь нь газрын баялаг.

Тэгэхээр бид хаана ямар орд ашигт малтмал байгааг мэдсэний үр дүнд цаашдын хөгжлийн гарааг тодорхойлох үндэслэлтэй юм. Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг тавьсны гол чиглэл дотор хэтийн төлөв бүхий газар нутагт эрэл-үнэлгээний ажлыг эрчимжүүлэх, улмаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлснээр эрдэс баялгийн нөөц баялгийг өсгөх нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн олон зорилт, сорилтыг давах бодлогод нэг томоохон гарц болох юм. Өнөө цагт геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Энэ салбар эрсдэл ихтэй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулж ирэх нь бидний тулгамдсан асуудлуудын нэг болчихлоо. Бид эрх зүйн орчноо сайжруулж боловсронгуй болгох асуудалд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Геологийн судалгаа, хайгуулд 400 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл нэн яааралтай олгож, олон нийтэд нээлттэй зарлах бодлого барьж буй нь тун зөв, сайшаалтай ажил болж байна. Энэ тал дээр салбарын яам, агентлагууд онцгой анхааран ажиллаж байна.

-Геологийн салбарын хууль, эрх зүйн орчны тогтвортой байдал ямар түвшинд байгаа вэ?

-Ер нь манай бодлогын алдаа бол геологийн салбарын эрх зүйн орчин. Эрх зүйн орчин нэг нам, эсвэл олонх болон солигдох бүрт өөрчлөгдөж байдаг нь энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг саармагжуулж, удаашруулдаг. Төр засаг үүнд онцгой анхаарч ашигт малтмалын хуулийг чанаржуулж, давхацлыг арилгах талаар судалгаа хийж шинэчилсэн ашигт малтмалын хуулийг Их хуралд энэ оны сүүлээр өргөн барих байх гэж хүлээж байна. Тус хуулийг Их хуралд өргөн барихаас өмнө салбарын хамт олноор өргөн хэлэлцүүлэх байх.

-Геологийн нөөц нь тогтоогдож судалгаа хийж буй ямар орд, газрууд байгаа вэ?

-Хэд хэдэн орд газар бий. Тэдгээрийн томоохоноос нь дурдвал Баянхөндий, Хан-Алтай, Хармагтай гэх зэрэг алтны болон зэс-алтны үндсэн ордуудыг нэрлэж болно. Зарим нь ашиглалт хийхээр бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа хэдий ч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй их тулгарч байна. Орон нутгийн засаг захиргаа үүнд дорвитой бодлого барьж, нутгийн ард иргэдэд үнэн бодит ойлголт өгөх шаардлагатай байгаа. Энэ бол өнөөгийн амин чухал асуудлын нэг болчихоод байна. Үүнд төр засаг, төрийн бус байгууллагууд ч онцгой анхаарч ажиллах шаардлага бий болжээ. Геологи хайгуулын ажил бол уул уурхайн салбар биш шүү дээ. Уул уурхайн салбарын хөгжлөөс дор хаяж 20-иод жилийн өмнө хөгжиж байж бид ирээдүйн уурхайн талбараа бэлдэнэ. Ингэснээр улс эх орон хөгжихөөс гадна бусад салбарын хөгжлийг түргэсгэнэ. Олон улс орон газрын баялгаа л ашиглан хөгжиж байна. Манай орны эдийн засгийн дийлэнх хувийг газрын баялаг эзэлдгийн хувьд тус салбараа онцгойлон авч үзэх шаардлагатай.

-Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байна?

-Уул уурхайн эдэлбэр газар нь Монголын нийт нутаг дэвсгэрийн хэмжээний нэг хувь гаруй орчим байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд нийт 2598 тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь нийт газар нутгийн дөрвөн хувийг эзэлж байгаа юм. Үүний дийлэнх хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлж байна. Хайгуулын талбай тодорхой хэмжээний хувь эзэлж байгаа ч илүү талбайг эзэмших боломжтой. Бэлчээрийн мал, аж ахуйн асуудалд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хайгуул хийнэ гэдэг нь тодорхой хэмжээний талбайд геологи хайгуулын ажлыг нарийн үе шаттайгаар тусгай арга аргачлал ашиглан тодорхой ажлуудыг хийдэг байгаль орчинд хамгийн нөлөөлөл багатай байдаг. Энэ ажлын үр дүнд гарсан үр дүн, судалгааны мэдээллийг улс ардын аж ахуйн олон салбарт ашиглах боломжийг бас бүрдүүлж өгдгөөрөө их онцлог. Үүнийг бид орхигдуулснаас үүдэн Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ирээдүйн нөөцийн асуудал тулгарч байна. Нөөцөө бэлдээд, дараагийн хөгжлийг тодорхойлоход багадаа 20 жилийн хугацаа хэрэгтэй. Тиймээс геологи, хайгуулын салбар уул уурхайн салбараас 20 жилийн өмнө түрүүлж явж байх концепци нь энэ салбарын онцлог юм.

-Геологи, уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг татахад юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Хууль эрх зүйн орчны асуудал тулгамдсан асуудлуудын нэг. Гадны хөрөнгө оруулагчид ямар ч улсын хууль 25 жилээс доошгүй тогтвортой хэрэгжиж байж эрсдэлээ үүрнэ гэж тухайн салбарт орж ирдэг. Дөрвөн жилийн мөчлөгөөр хуулиа өөрчлөөд байх нь хөрөнгө оруулагч нарт тодорхой бус байдлыг үүсгэдэг. Энэ хүлээлтийг бий болгохгүйгээр хууль эрх зүйн орчноо маш тогтвортой байлгах ёстой. Хууль эрх зүйн орчин тогтвортой байх үед гадны хөрөнгө оруулагчид эрсдэлээ үүрэн орж ирнэ. Геологи, уул уурхайн салбарт Монгол Улс өөрөө хөрөнгө оруулан хөгжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Хайгуулын зардалд хэдэн зуун сая ам.долларын асуудал яригдана. Тэгэхээр үүнийг гадны тусламжтайгаар эрж хайх нь бидэнд өргөн бололцоог бүрдүүлнэ. Дотоодын компаниуд жилээс жилд бэхжиж байна. Манайд одоогийн байдлаар орон нутагт холбооны улс шиг орон нутгийн удирдлагууд тэнд амьдарч буй цөөн тооны иргэдийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргаж буй нь зохимжгүй байгаа юм. Энд бид нийтлэг улсын эрх ашгийг бодолцох ёстой. Монгол Улс нэг л цул улс юм бол төрийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө орон нутгийн удирдлагууд, ард иргэд ч үүнийг ойлгон хүлээн авч ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ төлөө эх оронч сэтгэлээр хандах нь чухал юм. Бид урагшаа харж амьдрах ёстой, тэгж байж улс орон хөгжинө. Газрын баялгийг зөв зохистой, ил тод, эрүүл, ард түмэндээ ашигтайгаар ашиглавал үр өгөөжийг бид хүртэнэ. Тийм учраас Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлэх, ард түмний баталгаат амьдралыг бий болгох, газрын баялгийг тэгш хүртээмжтэй байлгах үүднээс саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн барьсан нь өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.

-Өнөөгийн геологи, уул уурхайн салбарын хөгжил ямар түвшинд явж байна?

-Монголд Налайхын уурхайгаас эхлэн уул уурхай хөгжсөн түүхэн хуудас нээгдсэнээс хойш 100 жил болсон гэдэг нь асар их эрч далайцтайгаар хөгжсөн гэж бодож байна. Монголын ард түмэнд ямар их ач тусаа өгсөөр байна. Цаашид олон уурхай нээгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа билээ. Монголд энэ 100 жилийн дотор маш богино хугацаанд үндэсний боловсон хүчин өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Хаана ч өөрсдөө олж илрүүлсэн баялаг дээрээ үндэсний уурхайг байгуулж ажиллуулж явах боловсон хүчин бий болж байна. Орчин үеийн бүх уул уурхайн арга аргачлал, тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчний бааз суурь тавигдаж байна. Үүний жишээ манай Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сүүлийн хоёр жилийн ковидын үеийн хүндхэн сорилтыг давахад бид үр шимийг нь хүртлээ шүү дээ.

Тэнд дандаа монгол инженерүүд ажиллаж байгаа нь бүр ч бахархмаар шүү. Үүнтэй адил геологийн салбарын олон зуун мэргэжилтнүүд гадны компаниудад ажиллан, туршлагажихын хэрээр илүү эрсдэл багатайгаар шинээр олон ашигт малтмалын ордыг нээх боломжтой өндөр боловсролтой шинэ залуу үе төрөн гарч ирж байна. Тиймээс бидэнд болон бидний үр хүүхдэд илүү гэгээлэг ирээдүй бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Жавзандулам: Дуслын системийн чихмэл тоглоомын санаа бидний зүрх сэтгэлээс ургасан DNN.mn

“Ээлтэй ертөнц” ТББ-ын дэргэдэх “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийн мастер Д.Жавзандуламтай ярилцлаа.


-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар сонирхуулбал?

-“Ээлтэй ертөнц” ТББ-ын дэргэдэх “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд дэм болох, хүүхдүүд нь аюулгүй орчинд суралцах боломжийг бүрдүүлэхийн тулд 2011 онд үйлдвэр болон үйл ажиллагаагаа эхэлж байсан. Үйлдвэрт маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдэн 2011 онд үйлдвэр болж одоог хүртэл ажиллаж байна. “MCS” компани бидний ажиллаж байгаа энэ оффисыг таван жилийн турш үнэгүй хэрэглүүлж байгаа. Бид байгууллага болон хувь хүмүүсийн захиалга авч зөөлөн тоглоомоо хийдэг. Одоогоор “Ханни” зөөлөн тоглоомын үйлдвэрт 10 хүн, “Энэрэл” хүүхэд хөгжүүлэх төвд 10 хүн тус тус ажиллаж байна.

-Саяхан “Дуслын чихмэл” өлгүүрийг гаргасан шүү дээ. Хэрхэн санаачилж бүтээх болсон бэ?

-Сарын өмнө байгууллагын тэргүүн маань нийгэм, хүүхдэд ээлтэй зүйл шинээр хийе хэмээсэн. Ингэснээр дуслын системийн гадуур зөөлөн чихмэл тоглоом зүүлгэж хийвэл хүүхдүүд айхгүй юм байна гэж бодсон. Энэ санаа үнэхээр манайхны зүрх сэтгэлээс гарсан. Түүнээс хойш ажил хэрэг болгож ажиллаж эхлээгүй байсан. Хэд хоногийн өмнө Ч.Ганжавхлан бидэнтэй холбогдож “Танай байгууллага дуслын тоглоом хийх гэж буй талаар ярьж байсан. Бид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж байгаа юм. Үүндээ зориулан 10 ширхэг дуслын уут чихмэлийг бэлэглэмээр байна” хэмээсэн. Түүнээс хойш хувь хүн, албан байгууллагууд их холбогдож байна. Бид дуслын чихмэл уутыг “Ёо ёог гого болгоё” уриагаар хийж эхэлсэн. Одоогоор 100 гаруй чихмэлийн захиалгатай явж байна. Орон нутгаас ч өрхийн эмнэлгүүд холбогдож захиалга өгч байгаа.

-Өөр ямар төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөдөлмөрийн хичээлд оёж сургахад зориулан таван төрлийн оёдолтой оёход бэлэн бэлдэцийг гаргасан. Гар оёдлын бэлдцэд чихмэл дотор хийх чихэлтийн материал, өнгийн утас, оёдол хийх дүрст даавуу, дүрст цаасан үлгэр, хэрхэн оёх зааварчилгаа багтаж байна.

Хүүхдүүд зөөлөн тоглоомоо өөрсдөө гараараа урлаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх давуу талтай бүтээгдэхүүн юм. Одоогоор 20 мянган ширхэг бэлдэц бэлэн байна. Үүнийг маань Ерөнхий боловсролын сургуулиуд дэмжээсэй гэж хүсч байна.

-Танай байгууллагын цаашдын зорилго юу байна вэ?

-Цаашид бид бүтээгдэхүүнүүдээ илүү сайжруулж, олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах сонирхолтой байна. Хүүхдүүдийн технологийн хичээлд зориулсан бүтээгдэхүүнээ хүүхдэд илүү ойлгомжтой байлгаж өнгө үзэмжийг нь сайжруулах дээр ажиллаж байна. Олон төрлийн зөөлөн тоглоомыг гаргахаар шинэ загвар дээр ажиллаж байгаа.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ хуучирсан тоглоомыг авч очоод шинээр оёулдаг гэсэн үү?

-Тийм ээ. Манайхаас авсан тоглоом хуучирч, муудсан үед дахин шинээр хийлгүүлдэг. Эцэг эхчүүд “Танайхаас авсан туулай бүр муудчихлаа, шинээр оёулах гэсэн юм, хүүхэд нь хайртай тоглоомоо гээчихлээ гээд уйлаад шөнө унтдаггүй” гээд аав нь ирж оёулж авч байсан. Хүүхдүүд ч гадаа тоглож байгаад тоглоосоо алга болгох зэрэг асуудал үүсдэг юм байна лээ. Ер нь манайхаас тоглоом авдаг хүмүүс зөөлөн тоглоомыг муудахаар нь дахиж ирэн шинээр оёулж авдаг.

-Их сургуулийн оюутнууд танай байгууллагад сайн дурын ажил хийдэг гэсэн үү?

-Манайд сайн дурын ажил хийхээр дээд сургуулийн сурагчид их ирдэг. Гадаад орон руу суралцах сонирхолтой оюутнууд тамгатай сертификат авдаг. Сайн дурын ажил хийж нийгмийн оролцоотой байх нь гадаад руу сурахаар явах гэж буй сурагчдад их нөлөөлдөг. Оюутнууд фэйсбүүк цахим орчноос танайхыг хараад хайж ирлээ гэдэг.

-Коронавирусийн үед үйл ажиллагаа нь ямар байсан бэ?

-Хоёр жилийн хугацаанд манайд маш хүнд байсан. Хил хаалттай байж бүтээгдэхүүнүүд орж ирээгүй учраас хоёр жил үйл ажиллагаа зогссон. Хил нээгдэн зөвшөөрөл гарсан ч бүтээгдэхүүнүүдээ хийх материал үгүйн учраас саяхнаас л материалууд орж ирэхэд үнэ нь нэг дахин нэмэгдэж орж ирсэн. Манай зөөлөн тоглоомын дүүргэлтийн материал нэг шуудай 15 кг материалыг 150 мянган төгрөгөөр авч байсан бол одоо 300 мянган төгрөгөөр авч байна. Энэ хүнд үеийг туулах гээд бид бүхий л хүчээрээ чармайж байна. Одоо л ажил жигдрээд явж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Пүрэвсүх: Ард түмэн намайг маш сайхан хүлээж авсан DNN.mn

Ерөөлч, магтаалч Б.Пүрэвсүхтэй ярилцлаа.


-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд Монголынхоо зан заншил, ардын язгуур урлаг аман зохиол буюу ерөөл, магтаалыг өөрийн хэмжээнд орчин цагийн залууст ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд дуу гэхээс илүүтэй аялгуут ерөөл гэдгээр гаргаж байгаа. Зарим хүмүүс дуу гэж ойлгож байна. Хүмүүст ойлгомжтой байлгахын тулд “Энх явж мөнх жарга”, “Ерөөе өө” буюу “Ертөнцийн наранд ивээгдэж есөн үеэрээ жаргаж яваарай” зэрэг аялгуут ерөөл гаргасан. Хамгийн сүүлд “Ай хө зэ хө” гэсэн Ганнам стилийн дуу гаргалаа. Тун удахгүй мөн нэгэн аялгуут ерөөл гаргах гэж байна. Энэ нь үсний найр, унаганы тамга, эсгий хийх, гэрийн ерөөл, бэр гуйх ерөөл гээд бүгдийг багтаасан дүрстэй, аялгуутай сонирхолтой аялгуут ерөөлийг гаргах гэж байна. Хүүхдийн даахь үргээхэд хамгийн эхэнд хаанаас нь авдаг, унага тамгалахдаа ямар өдөр тамгалдаг зэрэг яг дүрсээр нь харуулж, хажууд нь ерөөлөө тавьж аялгуут ерөөл хийхээр төлөвлөж байна. Ардын мартагдах гэж буй өв соёлыг орчин цагийн залуучуудад сонирхолтой хэлбэрээр хүргэхийн төлөө явж буй энгийн нэгэн залуу байна даа.

-Та саяхан орон нутгуудаар аялан тоглолт хийж явсан уу. Ард түмэн хэрхэн хүлээн авч байв?

-Энэ тоглолт нь миний ганцаарчилсан тоглолт биш. Орон нутгаар дуучин Б.Уранзаяагийн аялан тоглолтод хамтран оролцож ирсэн. Ард түмэн намайг маш сайхан, бараг миний тоглолт юм шиг л хүлээж авсан. Нэг, хоёр жилийн дараа өөрийн тоглолтоо хийвэл их гоё хүлээж авах байдалтай байна лээ.

-Таны аав, ээж мөн бэлэн цэцэлж шүлэг зохиодог хүмүүс байдаг гэсэн үү?

-Манай Өмнөговь аймгийнхан их сайхан ерөөлч ард түмэн байдаг. Бусад эгэл жирийн сайхан ард түмэн минь нутагтаа чимээгүй амьдарч байдаг. Манай аавын хувьд сайхан дуулдаг хүн бий. Ээж минь монгол хэл, уран зохиолын багш, мөн шүлэг зохиодог. Дуулж буй нь аавыгаа дуурайсан, шүлэг зохиодог нь ээжийгээ дуурайсан. Аав, ээж минь нутагтаа ажиллаж амьдарч байгаа.

-Ерөөлч хүн их ном уншдаг байх ёстой гэдэг шүү дээ. Таны хувьд сүүлийн үед ямар ном уншсан бэ?

-Ном унших завдал олдохгүй л байна. Сүүлд “Ногоон нүдэн лам” номыг эхлүүлэн талд нь оруулаагүй орхисон. Уншиж дуусгах гэж үзэж байна. Саяхан “Тамгагүй төр” жүжгийг үзлээ. Үнэхээр их зүйл бодогдуулж, нүд, сонорыг нээсэн уран бүтээл байлаа. Тоглолт хийвэл тийм хэмжээний тоглолт хиймээр юм байна даа гэж харсан. Тайз засалт, үг хэллэг, үгийн яруу үнэхээр сайхан байсан. Ерөөл дотроо ч шингээмээр текстүүд их байлаа. Ер нь драмын жүжиг үзэж, ном сайн уншиж баймаар юм байна. Тэгснээр үг хэл илүү уран яруу болно. Ерөөлч хүний бэлтгэгдэж ерөөлч болохын гол үндсэн суурь нь ажиглалт. Мөн ном унших. Ном уншсанаар ой тогтоолт сайжрахын зэрэгцээ ухаан тэлж уран яруу болдог. Үүнийг мундаг ерөөлчид л хэлдэг байлаа. Би өөрийн амьдралдаа хэрэгжүүлэн өөр дээрээ мэдэрч байна. Урлагийн замаар явж буй залуус ном сайн унших хэрэгтэй.

-Ерөөлч хүнийг гярхай байж эргэн тойрноо сайн ажигла хэмээдэг гэсэн үү?

-Ер нь ажигласан байхад цаанаасаа орж ирдэг.

Бид хоёрын ярилцаж буй өрөөг ерөөлөөр илэрхийлж буй нь:

“Харж ажиглаад байвал

Хананы нүдэн дээрээ алтан шармал тоног тоноглосон байна

Агуу дээдсийн өлгий алдар цуутай хаадуудын зураг хөргийг

Ард түмний мэлмий сонорыг баясгахаар

Алдар нэр, үүх түүх, удам судартай нь үнэхээрийн гайхалтай үгүй л дутуугүйн гачаалгүй ханан дээрээ суурилуулжээ

Хүй нэгдлийн үеэс улбаатай

Хүн болгоны дээдэлж байдаг бодол санаа нь гүйцсэн босоо Монгол бичгээ

Жаран жарандаа жаргалтай сайхныг бодолцож

Жаазанд хийн шилэн хоргонд байрлуулжээ” Энэ өрөөг ажигласан байсан учраас шууд хэлж байна. Тухайн орчин, нөхцөлөө ажиглаагүй байсан ч хурдан сэтгэж, харсан зүйлээ мөр толгой холбон хэлэх хэрэгтэй. Эртний ховор нандин хэллэгтэй түүхэн номуудыг сайн уншвал сонин содон, хүн хэлдэггүй үг хэлнэ. Хүн болгоны хэлдэг үг онц сонин биш гэж боддог.

-Та өөрөө ерөөлөө зохиодог учраас таны хэлсэн ерөөл давтагддаггүй гэж сонссон. Өмнө нь хэлж байсан ерөөлөө санадаггүй гэсэн үү?

-Ямар нэгэн үйл ажиллагаа болохоос өмнө тухайн үед нь зохиож ерөөлөө хэлдэг. Миний ерөөл давтагддаггүй. Нэг ерөөл нэг л хэлэгддэг. Тухайн үед орж ирээд л гараад явчихдаг. Энэ бол манай Өмнөговь аймгийн нутаг газар, усны онцлог юм. Дундговиос дуучин ард төрдөг бол Өмнөговиос ерөөлч ард түмэн төрдөг. Үүнийг ууж буй ус, уул, ургамал газарзүйн онцлог гэж би ойлгож боддог.

-Ерөөл гэдгийг та хэрхэн ойлгож авч үздэг вэ?

-Ерөөл гэдэг бол амны билгээс ашдын билэг учраас үг их хүчтэй байдаг. Ерөөл маань ирээдүйд болох гэж буй зүйлийг дуудаж биелүүлдэг. Тиймээс урт настай удаан жаргалтай, эрүүл энх саруул сайхан, элбэг дэлбэг баян хангалуун элэг бүтэн амьдраарай гэж энэ бүрийг дуудаж биелүүлж байдаг учраас ерөөл их хүчтэй. Үг гэдэг өөрөө их шидтэй. Чи муу, муухай хүн гэвэл тэр хүн муу л байна. Чи сайн, сайхан, эрдэм номтой болоорой гэж хэлбэл тийм л байна. Өөрийн амнаас муу үг гаргаж хэлээд хэрэггүй. Хүнд муу үг битгий хэлж байгаарай. Миний хувьд ерөөл гэдэг ардын аман зохиолыг барьж авч дэлгэрүүлж буйн хувьд аль болох хүнтэй эетэй эвтэй, мэндтэй устай сайн сайхан зүйлийг ярьж явбал биелнэ гэж боддог. Би ерөөл биеллээ олдог гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсэн. Би хэдэн жилийн өмнө гэр бүлийнхэндээ “Би олны танил болно, би од болно” гэж хэлэхэд тэд тоодоггүй байсан. Чи ажил олж хий гэж хэлдэг байсан. Тухайн үед амьдрал хэцүү мөнгө, орлогогүй байсан. Урлагийн сургууль төгссөн хүн, би урлагийн хүн, урлагаар л амьдарна гэдэг байсан. Эхнэртээ ч анх танилцаж байхдаа, найзууддаа ч би од болно гэж хэлдэг байсан. Тэгээд одоо биеллээ олж олон түмэндээ танигдан ерөөл билгээ тавин хүндлэгдэж явж байна.

-Та цаашид юуг төлөвлөж байна вэ?

-“Ерөөе өө” гэсэн есөн аялгуут ерөөлтэй цомог энэ намар гаргах бодолтой байна. Цомгийн баяраа хийсний дараагаар ирэх жил мартын 8-ны үеэр бие даасан тоглолтоо хийх бодол байна.

-Ерөөлч болохоор сонирхож буй хүн юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Ер нь аливаа зүйлийг ажигладаг, сэргэлэн, яриа хөөрөө сайтай, бэлэн цэцлэх урлагт ном их уншдаг л байгаарай гэж хэлмээр байна. Ажиглалт сайн хийх хэрэгтэй. Урьдчилан харж нүдээрээ тархиндаа хадгалсан зүйлээ амаараа уран яруу үг холбон гаргадаг. Ерөөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагт зангиддаг зарчимтай.

-Та манай уншигчдад зориулан ерөөлийн үгээ хайрлана уу?

-За “Өдрийн сонин”-ыг уншигч олон түмэндээ эрүүл энхийн ерөөлийг тавья. Эрүүл байвал бид бүгдийг амжуулж бүгдийг үзнэ.

Жаргалан жаргалан жаргалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан гэж их зохиолч Б.Нацагдоржийн эшлэлийг би хэлэх их дуртай. Тиймээс эрүүл байх хэрэгтэй. Би сүүлийн үед хандивын тоглолтуудад маш их оролцож байна. Ходоодны хорт хавдар, элэгний хорт хавдар, цусны өвчин зэрэг маш их өвчин байна. Тийм учраас монголчууд минь идэж буй хоол хүнсэндээ анхаарч шарсан хуурсан хоол битгий идээрэй. Хүүхдүүддээ шарсан хуурсан хоол бага өгөөрэй гэж хэлье. Эрүүл энхийн жаргалыг эрхэм олон монгол түмэндээ өргөн дэвшүүлье. Эрүүл энх, саруул сайхан, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай, энх явж мөнх жаргаарай. Ертөнцийн наранд ивээгдэж, есөн үеэрээ жаргаж яваарай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дөлгөөн: Одоог хүртэл хэлэлцээр тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна DNN.mn

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Монгол Улсад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгаа нь ямар давуу талтай вэ?

-Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой байрлалаас үүдэн худалдаа, эдийн засаг, тээвэр болон улсын хөгжилтэй холбоотой бүх асуудалд хүндрэл учирч байдаг гэдгийг 1990-ээд онд мэдсэн. Бидэнтэй адил далайд гарцгүй хөгжиж буй статустай 32 орон байсан. Бүгд дуу хоолойгоо нэгтгэж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг 1990 онд байгуулсан. Монгол Улс тус бүлгийг байгуулахад манлайлан оролцсон. Мөн бусад олон улсын байгууллага болон хөгжингүй орнуудаас дэмжлэг авах, судалгаа хийдэг өөрийн гэсэн байгууллагатай болох нь зөв юм байна гэсэн санаачилгыг 2006 онд гаргасан. 2009 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчлах үеэрээ тус байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах нь зөв гэж дэмжсэний үндсэнд байгууллагын шавыг тавьсан юм. 2010 онд олон улсын эрх зүйн хүрээнд мөн хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой учраас далайд гарцгүй улс орнууд олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг баталсан. Олон улсын эрх зүйн хүрээнд олон талт хэлэлцээрийг дэмжин, гарын үсэг зурж нэгдсэнээр тус байгууллага албан ёсных болох ёстой байдаг.

Тус хэлэлцээрт доод тал нь 10 далайд гарцгүй улс орнууд нэгдэж орсноор энэ байгууллага албан ёсны болох ёстой байдаг бөгөөд 2017 онд 10 улс нэгдэж орсон. Олон талт хэлэлцээр нь олон улсын эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр болон манай улсад албан ёсоор байгуулагдсан. 2018 оноос бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлэн гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн захирагчдын зөвлөлийг байгуулсан. Бид 2014 оноос хойш судалгааны төвийн гол үйл ажиллагаа болох судалгааг хийж эхэлсэн. Тухайлбал, 2013 онд Индонезийн Бали аралд болсон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хурлаар хэлэлцэж тохирсон “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т Далайд гарцгүй улс орнууд нэгдэж орох нь ямар ашигтай вэ гэдэг судалгааг хийсэн.

-Далайд гарцгүйн улмаас ямар асуудлууд тулгардаг вэ?

-Газарзүйн онцлог байршлаасаа шууд далайн боомт руу хүрэх боломжгүй бөгөөд нэг болон нэлээд хэдэн улсын газар нутгаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх, далайн боомтоор импортын бараа бүтээгдэхүүнийг авчрах нь хамгийн эхний асуудал. Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал. Төмөр зам, авто зам нь чанартай байна уу, хөрш орон нь авто зам, төмөр замтай юу, бид өөрсдөө дэд бүтцээ байгуулчихсан байсан ч хөрш оронд нь замгүй бол хэцүү. Гуравдугаарт, цөөн тооны бараа бүтээгдэхүүн. Хүн ам цөөнтэй учраас аж үйлдвэр нь сайн хөгжөөгүй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг л зардаг. Цөөхөн бараа бүтээгдэхүүн гаргах нь олон улсын цөөн зах зээлээс хэт хамааралтай болно гэсэн үг. Мөн боловсон хүчин, ажиллах хүчний чадавхи сул. Олон улсын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэхэд чадвартай хэлэлцээ хийгч болон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мэддэг хүн хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь Япон, Монголын хооронд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах хэлэлцээр бөгөөд бүх бараа бүтээгдэхүүн, бүх салбараар нь нэрлэсэн байдаг. Тус гэрээ нь манайд анхны гэрээ байсан учраас бидний туршлага дутсан. Туршлага дутсан гэдгийг ганцхан жишээнээс харж болно. Жишээлбэл, Монголоос Япон улсад эсгий шаахай нийлүүлье гэхэд эсгий шаахайны ул нь резинен байсан бөгөөд хортой ултай эсгий шаахай байна гэж худалдан авахаа больсон. Өмнө нь хоорондоо ярьж тохироогүй, гэрээнд заагаагүйн улмаас асуудал үүсч байгаа хэрэг. Чацарганы тос, шүүс гаргахад сав баглаа боодлоос эхлэн бүх зүйлийг зааж стандартын дагуу гарган нийлүүлэх нь бидэнд ашигтай.

-Тээвэртэй холбоотой ямар асуудлууд байдаг вэ?

-Хятад улстай холбоотой тээврийн асуудлыг хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрээр зохицуулдаг. 1994 онд Хятадын засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг баталсан. Үүнд, Тяньжин болон нийт гурван боомтыг Монголд ирэх ачаа бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжтойг Хятадын засгийн газраас зөвшөөрсөн хэлэлцээр байдаг. Тус хэлэлцээрийг 2014 онд шинэчилж гэрээг байгуулсан бөгөөд нэмээд дөрвөн боомтыг ашиглаж болох нааштай заалт орсон. Хоёрдугаарт, Хятадын нөхцөл шаардлагыг биелүүлэн, тавигдсан стандарт шаардлагад нийцүүлж чадвал Монголын автомашин ачааг Хятадын нутгаар далайн боомт руу тээвэрлэх, эсвэл далайн боомтоос Монгол руу тээвэрлэх боломжтой зэрэг заалтууд орсон. Гэвч одоог хүртэл хэлэлцээр нь тодорхой үр дүн өгөхгүй, боомтуудыг ч бид ашиглаж чадахгүй байна. Яагаад гэвэл гэрээ хэлэлцээр хоёр улсын дээд түвшний дарга нар гарын үсэг зурж зөвшөөрсөн асуудал. Гэтэл доор буй засгийн газар, засгийн газрын харьяа агентлагууд хил гааль, тээвэртэй холбоотой яам тамгын газрууд Хятадын талтай ярилцаж гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлүүдийг уялдуулан ойлголцож, зөвшөөрлийг авч яриа хэлэлцээрийг хийж чадахгүй байна. Тээвэр нь бүс нутгийн хэмжээнд гэвэл БНХАУ, Монгол, ОХУ гэсэн гурван улсын хооронд эдийн засгийн коридор гэдэг зүйлийг байгуулъя гэж ярьсан ч одоог хүртэл тодорхой ажил хийгдээгүй. Тэгэхээр дээд түвшинд яригдсан асуудлыг яам, тамгын газар, агентлаг, хил гаалийн байгууллагууд хоорондоо үйл ажиллагаагаа нэгтгэж чадахгүй байна гэсэн үг.

-Олон улсын түвшинд бидэнд ямар боломжууд байна вэ?

-Олон улсын түвшинд худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт манай улс 2016 онд нэгдэж орсон, одоогоор 100 гаруй улс нэгдэж орсон байна. Нэгдэж орсон улс орнууд өөрсдийн худалдааг түргэвчлэх үүднээс хэлэлцээрт нэгдэж орсон бөгөөд энэ бүх улс хоорондоо чөлөөтэй худалдаа хийж, хилийн болон гаалийн худалдааны дүрэм журмуудыг уялдаа холбоотой болгох юм. Тухайлбал, Европын холбооны бүх улсууд нэг том айл болж байна. Европ дотроо холбооны бүх улс бараа бүтээгдэхүүнээ өөрсдийн машинаар чөлөөтэй хаашаа ч тээвэрлэх боломжтой байдаг. Дунд нь хил, гааль гэж шалгадаг цэг, хүнд суртал байхгүй. Үүн шиг бүс нутагтаа чөлөөтэй явах боломжтой. Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж орсон улс орнууд энэ жишиг шиг хил гаалийн байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж зам тээврийн дэд бүтцийг байгуулж Азийн бүс нутгийн авто, төмөр замын сүлжээнд нэгдэн орвол манай бараа бүтээгдэхүүн чөлөөтэй явах боломжтой. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээр бол далайд гарцгүй орнуудад маш чухал. Тус хэлэлцээрт далайд гарцгүй орнуудад онцгой хэрэгтэй гурван заалт орсон байдаг. Нэгдүгээрт, 8 дугаар заалтад хил хоорондын хилийн, гаалийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах заалт байгаа. Нягт хамтарч ажиллавал ямар ч саадгүй хоорондоо ойлголцох боломжтой. Хоёрдугаарт, 10 дугаар заалт, импорт, экспортын журам ба дамжин өнгөрөх асуудал гэсэн заалт. Үүнд экспорт, импорт болон дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүнд мөрдөх дүрэм журмын заалтуудыг тусгасан. Хоорондоо худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт орсон улс орнууд нэг л дүрэм журамтай. Түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн бол бараа бүтээгдэхүүнийг тус журмын дагуу явуулахад хоорондоо ямар ч асуудал гарахгүй гэсэн үг юм. Гуравдугаарт, 11 дүгээр зүйл, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө. Бид өөрсдийн машин, жолоочоор ачаагаа бусад гишүүн орны нутгаар чөлөөтэй тээвэрлэн далайн боомт болон гуравдагч улсад хүргэх боломжтой гэсэн заалт орсон. Улс бүрийн хөгжил түвшин өөр байгаа учраас нэг түвшинд аваачихын тулд тодорхой хугацаатайгаар нэгдэж ордог. Тус хугацаанд энэ түвшинд хүрэх бүх арга хэмжээнүүдийг авч хууль дүрмээ сайжруулж, төмөр зам, авто замаа барихад дэлхийн худалдааны байгууллага дэмжлэг үзүүлж болдог. Худалдаанд зориулсан тусламж гэх хөтөлбөр бий. Үүнд авто зам, төмөр зам, хил гаалийн мэргэжилтнүүдээ сургаж мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг. Тэгэхээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж буй улс өөрсдийн дутуу асуудлыг хэлж хүсэлт тавих боломжтой.

-Тус хэлэлцээрт нэгдэж орох нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Хөгжиж буй орнуудын худалдааны нийт зардал нь авто зам, тээврийн зардлыг 13-15 хувиар бууруулах боломжтой. Экспорт нь мөн үүнтэй холбоотойгоор 13-22 хувь хүртэл нэмэгдэх боломжтой. Нэг түвшинд очсоноор хил, гаалийн байгууллагуудын үйлчилгээ сайжирна, аливаа барааг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ, нэг л удаа шалгах юм. Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлэн, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хөгжиж, хилийн бүсийн худалдаа 60-80 хувиар өснө. Эрээн, Замын-Үүд хооронд худалдаачид чөлөөтэй нэвтэрч бараа бүтээгдэхүүнийг солилцон худалдан авалт хийж эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгосноор чөлөөтэй худалдаа наймааг хийх боломжтой болно. Мөн үүнтэй холбоотойгоор аж үйлдвэр, авто замын дэд бүтцийн зэрэг бүх төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтууд ихээр орж ирнэ гэсэн үг. Мөн худалдаа, үйлчилгээний ашиг орлого нэмэгдэх тусам ажлын байр нэмэгдэнэ. Засгийн газрын орлого бүрдүүлэлтэд энэ бүхэн эерэг нөлөө үзүүлнэ. Худалдааны хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэх юм. Эцэст нь хэрэглэгчид бид хямд, чанартай бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай гаднаас авах, Монголоос үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад борлуулах боломжтой юм.

-Бид бараа бүтээгдэхүүнээ экспортлоход далайд гарцгүй учраас ямар байдлаар экспортлох нь тохиромжтой вэ?

-Ихэнх далайд гарцгүй улс орнуудын хувьд Монголтой адил уул уурхайн бараа бүтээгдэхүүнд түшиглэсэн эдийн засагтай байж уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг илүү экспортолдог. Энэ нь нэг салбараас хэт хамааралтай байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсийн үнэ буурах үед тэр улсын эдийн засаг тэр хэмжээгээр буурна. Ганц хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байх нь маш эмзэг эдийн засаг юм. Тийм учраас далайд гарцгүй улс орнуудын төлөөлөгчид уулзалдан ярихад бид эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлж солонгоруулах ёстой юм байна гэдэг. Энэ асуудлыг чухал гэж далайд гарцгүй улс орнууд ярьж баталсан Венийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Үүнд, тээвэр, дэд бүтэц, худалдаа, худалдаа хөнгөвчлөл, эдийн засгийн төрөлжүүлэлт, бүс нутгийн интеграцийн асуудал ордог. Бид уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс олсон орлогоо өөр салбарт хөрөнгө оруулан бусад салбараа дэмжих ёстой гэж ярьдаг. Энэ олон салбарыг дэмжихийн тулд олсон бүх орлого тараахад салбар бүрт бага хэмжээний мөнгө оногдоно. Ингэхгүйгээр Монгол брэнд гэж цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр өртөгтэй, бараа бүтээгдэхүүн овор хэмжээ багатай байвал бид заавал авто зам, төмөр замаар тээвэрлэхгүйгээр агаарын тээврээр тээвэрлэвэл хугацаа, зардал бага байна. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй байгаль, экологийн чанартай бүтээгдэхүүнийг гаргах боломжтой. Цэвэр чацарганы тос, ургамлын гаралтай эм, хоолны амтлагч зэрэг. Монголд угтаа бүрэн боломж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

М.Биндэръяа: Хүн амьсгал авах бүртээ хүчилтөрөгчөөс гадна маш нарийн түвшний эрчим энергийг авч байдаг DNN.mn

“Лотус Йог” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Биндэръяатай ярилцлаа.


-Иог анх хэрхэн үүсч байсан талаар ярилцлагаа эхэлье?

-Бидний йог гэдэг үгээр ихэвчлэн тодорхойлдог дасгал хөдөлгөөн нь йогийн нэгээхэн техник юм. Йогийн гүн ухааны чухал бичвэрүүдийн нэг болох Maharishi Patanjali-н Yoga Sutra-д тайлбарласнаас үзвэл йог нь аливаа зүйлд төгс төвлөрлийг олж, нэг төвт сэтгэлийг үүсгэх арга зам юм. Хэт гүн гүнзгий рүү нь орохгүйгээр хамгийн энгийнээр тайлбарлавал бидний оюун санаа олон тийш цацрах гэрлийн чийдэн мэт үргэлж олон зүйл рүү зэрэг чиглэж байдаг. Магадгүй яг одоо энэ өгүүлбэрийг уншиж байхдаа ч та өөр зүйлийн тухай бодож байж болох юм. Йймээс бид аливаа хийж байгаа зүйлээ 100 хувийн бүтээмжтэйгээр хурдан шуурхай хийж чадахгүй байх нь их. Харин олон тийш сарниж байгаа оюун санаа тухайн мөчид хийж буй зүйлдээ бүрэн төвлөрч чадвал бидний аливаа зүйлийг хийж гүйцэтгэх бүтээмж хэд дахин нэмэгдэхээс гадна тэр зүйлд зарцуулж байгаа цаг хугацааг ч хэмнэх боломжтой. Хүн бүр өөрийн үүрэгт ажилд ийм бүтээмжээр хандаж чадвал нийгэмд хүртэл олон эерэг өөрчлөлтүүд гарах болов уу.

Йог нь өөрийгөө бүх түвшинд таньж мэдэх, үүнд тулгуурлан хөгжүүлж, өөрийн өгөгдсөн өгөгдөл болон үүрэг хариуцлагын хүрээнд бүтээмжтэй бөгөөд бүрэн дүүрэн амьдрах ухаан юм. Үүний тулд йогт оюун санааг дасгалжуулж, биднийг сатааруулж байгаа олон бодол, амьдралын явцад үүссэн дурсамж туршлагаас үүдэлтэй харах өнцгөө ойлгож анзаарах, бүх зүйлийг өөр өөрийн тэрхүү өнцгөөс биш, харин илүү бодитоор харж сурахад чиглэсэн олон дасгал техникүүд байдаг. Түүнчлэн хүн аливаа зүйлийн мөн чанарыг олж мэдэхээс өмнө биеийн хувьд эрүүл байх шаардлагатай тулгарна. Тиймээс йогийн ухаанд эрүүл урт наслахын тулд хийж болохуйц олон техник дадлууд байдаг. Эдгээр техникүүдийн нэг нь бидний йог гэдэг үгээр төсөөлдөг йогийн дасгал хөдөлгөөн юм. Ингээд харвал йог нь маш өргөн цар хүрээний мэдлэгийг хамарсан нэг цогц ухаан.

Йог нь бидний мэдэхээр 5000 гаруй жилийн түүхтэй шинжлэх ухаан. Харин яг системтэйгээр йог гэж нэрлэгдээгүй болохоос эх үүсэл нь хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй гэж үздэг.

-Йог дасгал хийх нь хүний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Юун түрүүнд эмчилгээний йогийн чиглэлээр нарийвчлан суралцаагүй бол, мөн өөрөө анагаахын суурьтай эмч хүн биш бол йогийн хүний биеийн эрхтэн системд үзүүлэх үр нөлөөллийн талаар аливаа нэгэн судалгааны үндэслэлгүйгээр, ялангуяа ийм үр дүн гаргаж эмчилнэ гэх зэргийн зүйлсийг ам бардам ярих нь йогийн багшийн ёс зүйд төдийлөн нийцэхгүй гэж боддог. Тиймээс би эрүүл мэндтэй холбоотой асуудалд их болгоомжтой ханддаг. Йогийн дасгалыг өдөр тутамдаа хийж, бусдад зааж, өөртөө болон бусдад тодорхой хэмжээний үр дүн харж буйн хувьд йог хийснээр хүний эрүүл мэндэд маш их эерэг өөрчлөлтүүд гарч болно гэдгийг бодитоор мэдэрсээр явна. Йогийн дасгалыг тогтмол хийснээр амьсгал уужим болж уушгины багтаамж нэмэгдэн хүчилтөрөгчийн шингээлт сайжирна. Мөн биеийн бараг бүх булчин, тэр дундаа жирийн үед төдийлөн хөдөлгөөнд оролцдоггүй гүний булчингууд хүртэл ажиллагаанд ордог. Өнгөц болон гүний булчингууд хүчтэй болсноор үе мөч, нуруу нугалмаа аливаа нэгэн бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Цусны эргэлт сайжирч булчинд болон эрхтэн системд очих хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Тунгалгийн урсгал сайжирснаар биеийн хоргүйжүүлэх процесс идэвхжинэ. Төдийлөн хийдэггүй хөдөлгөөнийг хийх явцад тархинд шинэ мэдрэлийн холбоосууд үүсч оюуны чадавх нэмэгдэнэ. Хүний биеийн сунгалт сайжирч, хүч тамир нэмэгдэхээс гадна бодисын солилцоо эрчимжиж, дааврын тэнцвэрт байдал хадгалагдана гэж хэлэх байна.

-Эрүүл байхын тулд юунд анхаарах хэрэгтэй гэж йогийн ухаанд үздэг вэ?

-Хүн бие сэтгэл оюун санааны хувьд тэнцвэртэй эрүүл байхын тулд Aahaar буюу хооллолт, Vihaar буюу амралт, Achaar буюу зөв дадал зуршил, өдрийн дэглэм, Vichaar буюу эерэг бодол хандлага гэсэн дөрвөн зүйл дээр ажиллах хэрэгтэй. Йогийн дасгал хөдөлгөөн Achaar буюу зөв дадал зуршил, өдрийн дэглэм гэдэг ойлголтын нэг хэсэг. Тэгэхээр бид зөвхөн йогийн матан дээр гараад нэг цаг хөдлөхөөс гадна хооллолт, амралт болон эерэг бодол хандлагадаа анхаарах хэрэгтэй. Тиймээс йог хийнэ гэдэг нь зөвхөн дасгал хийхийг хэлэхгүй бөгөөд эдгээр бүхэл талын дадлыг үүсгэж байж цогц утгаараа йог хийж байгаа болно.

-Йогоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Хүний биеийг махан биеэс гадна энергийн бие, оюун санааны бие, ухамсрын бие болон баяр жаргалант бие буюу бидний дотоод мөн чанар гэсэн таван давхаргаас бүрддэг гэж үздэг. Эдгээр бүхий л түвшинд бид нарийн уялдаа холбоотойгоор амьдардаг тул аль нэг давхаргад асуудал гарахад бусдадаа нөлөөлдөг. Гэтэл бид ихэнхдээ аль нэг давхаргынхаа тэнцвэрт илүү ихээр санаа тавьдаг. Харин йогоор хичээллэснээр аливаа хүн зөвхөн махан биеийн өв тэгш хөгжилд хүрээд зогсохгүй, энерги, оюун санаа, сэтгэл зэрэг бүхий л түвшинд тэнцвэрийг олох боломжтой. Хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад хүмүүс илүүдэл жинтэй бол энэ асуудлыг ихэнхдээ зөвхөн махан бие талаас нь авч үзэж шийдэхийг оролддог. Аливаа нэгэн тураах дэглэмийг барьж дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Гэтэл жин авахад нөлөөлсөн зуршил, сэтгэл санааны байдал, олон хүчин зүйлийг ойлгож дүгнэж уг үндсээр нь засаагүй тохиолдолд дэглэмээ барихаа больж дасгал хөдөлгөөн хийхээ болих үед буцаад бүр ч илүү жин авах хандлагатай байдаг.

Нөгөө талаас хүмүүс илүүдэл жингээсээ болж өөртөө сэтгэл хангалуун бус байгаа харагддаг. Гэтэл хэдий жингээ хассан ч гэсэн сэтгэл хангалуун биш байсаар байх тохиолдлууд олон байдаг. Йог бол бие сэтгэл, оюун санааг аль нэгийг нь орхигдуулахгүйгээр тэнцвэртэй болгож чадна.

Йогийн байрлалуудыг хийж байхдаа аливаа хүн өөрийгөө илүү их анзаарч сул талаа мэдрэн хүлээн зөвшөөрч тэр талуудаа засаж байдаг. Тухайлбал, йогийн хүч чадал суулгах дасгал байрлалуудыг барих үед бидний махан бие хүчтэй болоод зогсохгүй сэтгэлд хат сууж байдаг. Харин сунгалтыг шаардсан уян чанарыг хөгжүүлдэг байрлалуудыг хийх явцад бид өөрийгөө чөлөөлж сурдаг. Ингэснээр баригдмал байдлаасаа салж аливаад уян хатан хандах чөлөөтэй сэтгэлгээг өөртөө бий болгох боломжтой. Харин тэнцвэрийн дасгалуудыг хийх үед хүн оюун санаагаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Ер нь л аливаа зүйлийг оноож бодохгүй байх хэрэгтэй. Тэнцвэрээ олъё гэж бодох агшинд л тэнцвэр алдагддаг. Өөрөөр хэлбэл, тэнцвэрийн дасгалууд нь биднийг аливаа зүйлд их савчаад байхааргүй тэнцвэртэй зан чанарт сургадаг. Утга учрыг нь бүрэн ухамсарлаж хийж чадах аваас өөрийгөө таньж мэдэж хөгжүүлэх, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах, өөрийгөө болон бусдыг ойлгож хүндлэх, аливаа зүйлд хандах хандлагаа өөрчлөх зэрэг дурдаад баршгүй давуу талуудыг йог танд мэдрүүлэх болно.

-Йогоор хичээллэж байхад хоол, хүнс чухал нөлөөтэй гэсэн. Хэрхэн анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Түрүүн дурдсанчлан йогийн амьдралын хэв маягт хооллолт буюу Ahaar чухал байр суурийг эзэлдэг. Хоолны талаар ярихдаа юуг идэх юуг идэхээс татгалзах зэрэг ойлголтоос гадна хэзээ, хэрхэн, хэр их хэмжээгээр идэх зэрэг нь маш чухал ач холбогдолтой. Йогт хооллолтыг бие махбод болон сэтгэл санаанд үзүүлэх нөлөөллөөр нь авч үзэж Tamasic, Rajasic, Sattvic гэж гурав ангилдаг. Tamasic Aahaar (хоол хүнс) буюу боловсруулсан, нөөшлөгч агуулсан, удаан хадагласан, боловсрохдоо удаан хоол хүнс нь хүнд залхуу, лазантай байдал, урам зориггүй байдал мөн сэтгэл гутралыг үүсгэдэг гэж үздэг тул аль болох татгалзахыг зөвлөдөг. Тamasic хүнснүүд нь чихрийн шижин, таргалалт, элэгний аливаа өвчний шалтгаан болно гэж үздэг. Харин Rajasic хүнс гэдэг нь шим тэжээл ихтэй эсвэл шарсан хайрсан, калори өндөртэй сэтгэл санаанд хэт их эрч хүч сэргэг байдлыг үүсгэх хүнс орох бөгөөд биеийн хүчний болон энерги ихээр шатаадаг ажил хийдэг тохиолдолд тохиромжтой хэмжээнд хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв хэтрүүлэн хэрэглэж, үүссэн эрчим энергээ эргүүлээд шатааж зөв зарцуулж чадахгүй байвал эдгээр хүнс нь бидэнд уур уцаар, бухимдал, хурц ааш, шунал хүслийг бий болгодог. Харин Sattvic хоол хүнсийг йогоор хичээллэгчид түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Эдгээрт улирлын чанартай хоол хүнс, үр тариа, ногоо, жимс, тараг, бүх төрлийн шош, шинэхэн болгосон, цэвэр байгалийн гаралтай хоол хүнс зэрэг орно. Хэмжээний хувьд ходоодыг бүрэн дүүргэж идэх нь Tamasic буюу хүнд залхуу, урам зориггүй мэдрэмжийг үүсгэдэг, 75 хувь дүүргэж идэх нь Rajassic буюу эрч хүчтэй байдлыг үүсгэдэг, харин 50 хувь дүүргэж идэх нь Sattvic буюу тэнцвэртэй мэдрэмжийг үүсгэдэг гэж үздэг. Тиймээс ходоодны тал нь хоолтой, үлдсэн хэсгийн тал нь шингэн, үлдсэн тал нь хоосон байхаар хооллох хэрэгтэй. Гэвч хоолны үеэр ус цай зэргийг уухыг зөвлөдөггүй. Шингэн хэсэгт шөл, багахан лимонтой бүлээн ус зэрэг байж болно. Хэзээ идэх тухайд бүрэн өлссөн мэдрэмж төрсөн үед дор хаяж 3-4 цагийн зайтай хооллох ба өглөө, оройн хоолыг хөнгөн идэх хэрэгтэй. Жимс идэх бол хоол хооронд ямар нэг зүйлтэй холихгүйгээр тусад нь идэхийг зөвлөдөг. Хэрхэн идэх тухайд зөвхөн хоолон дээр төвлөрч, хоол идэх үедээ ярихгүйгээр сайн зажиллаж идэх хэрэгтэй. Стресстэй үед хамгийн эхэнд сэтгэл санаагаа тайвшруулсны дараа нь хооллохыг зөвлөдөг. Эсвэл зөвхөн шингэн зүйлээр хооллох хэрэгтэй. Хамгийн эцэст гэж хэлэхэд хоол идэж байхдаа хоолны тухай болон хоолыг хийсэн хүний талаар муу бодлыг үүсгэж болохгүй гэж үздэг.

-Хэдэн цагийн үед йогоор хичээллэх нь тохиромжтой байдаг вэ?

-Йогийн дасгалыг өглөө эрт өлөн дээрээ хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч хүн бүр өөрийн цаг заванд тохируулан хүнд хоол идэснээс дор хаяж гурван цагийн дараа, хөнгөн зүйл идсэнээс хоёр цагийн дараа буюу хоолоо шингэсэн үед хийхэд болно. Өөрийн ажил амьдралын шаардлагадаа тохируулан хамгийн боломжит цагт хичээллэхэд тохиромжтой. Хамгийн гол нь өдрийн аль цагт хичээллэж байгаагаас хамаарч бие махбодын онцлогтоо тохируулан төрлөө сонгох хэрэгтэй. Тухайлбал, нойргүйдэлтэй хүн оройн цагаар хэт хүчтэй эрчтэй явдаг йогийн төрлөөр хичээллэвэл улам ихээр сэргэх магадлалтай.

-Зарим хүн йогийн дасгалаар зөвхөн уян хатан, туранхай хүн хичээллэдэг гэж их буруу ойлголттой байдаг. Энэ тухайд таны бодлыг сонсъё?

-Йог гэхээр ихэнх хүний нүдэнд бараг л нугараад байгаа юмуу гэмээр янз бүрийн сунгалт шаардсан байрлал хийж буй хүмүүсийн дүр зураг харагддаг байх. Тийм ч учраас би хөшүүн, ийм зүйлсийг хийж чадахгүй гэж боддог байж болох юм. Энэ асуулт нь жоохон хэтрүүлж хэлэх юм бол “Би өлсөж байна. Хоол идэж болох юм уу? Цатгалан хүн л иддэггүй юм уу?” гэж асууж байгаа мэт. Бид сунгалт сайтай, илүүдэл жингүй учраас йогийн дасгалыг хийдэг бус эсрэгээрээ тэнцвэрээ олж хөшүүн бол чилээгээ арилгаж, сул биетэй бол хүч тамир сууж, ямар сул тал байна тэр тал дээрээ тэнцвэржихийн тулд йогийн дасгалыг хийдэг. Танд ямар сул тал байна түүндээ илүү түлхүү ажиллаарай гэж хэлмээр байна. Надад ч хөшүүн, жингийн илүүдэлтэй, хүч тамир муутай байсан үе бий. Гол нь тууштай хичээллэсний үр дүнд хүн хүссэн үр дүндээ хүрч болно. Мөн анхнаасаа хичээллэх төрлөө зөв сонговол зүгээр.

-Хүн буруу амьсгалах үед энерги их зарцуулж, шингэнээ алдаж байдаг гэсэн үү?

-Бид дасгал хийх үедээ булчинд хадгалсан сахараа задалж, энерги үүсгэхийн тулд хүчилтөрөгч хангалттай авах шаардлагатай болдог. Харин буруу амьсгалж, эсвэл амьсгалаа түгжсэнээр биедээ хүчилтөрөгчийг хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд булчинд байгаа энерги задрахын тулд сүүний хүчил ихээр ялгарч булчингийн агшилтад саад болсноор булчин ядарч цуцдаг гэж үздэг. Йогийн ухаанд амьсгалын ач холбогдолыг илүү нарийн гүн түвшинд авч үздэг. Амьсгал авах бүртээ амьсгалаар дамжуулан хүчилтөрөгчөөс гадна маш нарийн түвшний эрчим энергийг авч байдаг.

Үүнийг иогийн хэллэгт Прана буюу амьдралын эрчим гэж нэрлэдэг. Прана нь бидний биеийн таван мэдрэхүйгээр хүртэх боломжгүй маш нарийн түвшний энерги юм.

-Йогоор хамгийн багадаа зургаан сар хичээллэж байж үр дүнг нь мэдэрдэг гэсэн үү?

-Хүн бүрт гарах үр дүн хугацаа харилцан адилгүй, хичээллэх хугацаанд хэр тууштай байна гэдгээс шалтгаална. Гэхдээ зургаан сар хичээллэхэд хүн хангалттай үр дүнг мэдрэх болно.

-Йогийн салбарын хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Монголд йогийн салбар хөгжиж эхлээд 10-аад жил болж байна. Ялангуяа сүүлийн хэдэн жилд тун эрэлттэй болж буй бөгөөд ямар нэгэн байдлаар йогоор хичээллэж үзээгүй, йог гэдэг үгийг дуулаагүй хүн байхгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Энэ утгаараа харьцангуй хурдацтай хөгжиж байгаа гэж харж болох ч үндсэн мөн чанар агуулгаараа нийтэд илүү ойлгогдож, үр шим нь хүртэгдэж яваасай гэж йогийн багшийн хувьд хүсч явдаг даа.

-Йогийг сонирхож, хичээллэж буй хүмүүст юуг зөвлөх вэ?

-Орчин үеийн, олонд нэр алдар нь түгсэн алдартай Гүрү нарын нэг болох Сад Гүрүгийн хэлсэн “Та ямар ч замаар явж болно, харин тэр замдаа йогийн мэдлэгийг хамт аваад яваарай” гэж хэлсэн үг бий. Йог гэдэг нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй маш гүн гүнзгий бүхий л хүний амьдралыг энгийн хялбар, амар амгалан болгож чадах эрүүл, бүтээмжтэй амьдрах ухаан юм шүү. Тиймээс та хэрэв йогоор хичээллэж эхэлсэн бол тууштай байж, йогийн мэдлэгт цогц утгаар нь суралцаж ойлгохыг хичээгээрэй гэж зөвлөе.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 3-наас эхлүүлэх төлөвтэй байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Энэ жилийн хаврын тариалалт хэзээнээс эхлэх вэ?

-Энэ жилийн хувьд 386 гаруй мянган га талбайд үр тариа, 70 мянган га талбайд малын тэжээл, 66 мянган га талбайд тосны ургамал,17 мянган га талбайд төмс, 12 мянган га талбайд хүнсний ногоо тариалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбуудайн тариалалт Хэнтий, Сэлэнгэ аймагт хийгдэж эхэлж байна.

Мөн хүлэмжийн тариалалт хийгдэж эхнээсээ хүлэмжийн навчит ногооны ургац гарч байгаа. Хүнсний ногооны үрсэлгээ бойжуулах ажил хийгдэж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тариалалтыг хийдэг бөгөөд улаанбуудайн тариалалт тавдугаар сарын 3-наас эхлэх төлөвтэй байгаа. Одоогоор тариалангийн талбайд чийг хаах технологийн ажлууд хийгдсэн бөгөөд техник, засварын ажил, үр нарлуулах, ургамал хамгааллын ажил хийгдэж байна.

-Энэ жил хэдэн га талбайд тариалалт хийгдэх вэ. Тариалалтын шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, үрийн хүрэлцээ хангамж хэр байна вэ. Хүрэлцээ байсан ч бид худалдаж авч чадах уу?

-Энэ жил үр тариа, тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо гээд нийтдээ 560 мянга орчим га талбайд тариалалт хийнэ. Мөн 340 мянга орчим га талбайд уринш боловсруулна.

Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад нийт энэ оны тариалалтад зориулж 43 мянган тонн үр нөөцөлсөн байна.

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16 мянган тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгэн, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгөөр зээлээр олгож байна.

Шатахууны нөөцийг тасалдалгүй, хэвийн байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагатай бид хамтран ажиллаж байна. Жил бүр газар тариалангийн салбарт хэрэглэх ургамал хамгааллын бодис, бордооны жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Үүний дараа ургамал хамгааллын бодис импортлогч тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд бодисын квот олгох ажлыг зохион байгуулдаг бөгөөд тус ажил бүрэн хийгдсэн. Импортлогч аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэгчидтэй гэрээг байгуулан ургамал хамгааллын бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамжийг хүрэлцээтэй өгсөн. Энэ жил тариалангийн үйлдвэрлэлд нийт 22.5 мянган тонн шатахуун хэрэгцээтэй байгаагаас хаврын тариалалтад 8.4 мянган тонн шатахуун хэрэгцээтэй гэсэн тооцоо гарсан. Бордоо, ургамал хамгааллын бодисуудыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд оруулж ирдэг.

-Өнөөдрийн байдлаар хэдэн тонн бордоог оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд импортоор бордоо оруулж ирж худалдаалдаг. Газар тариалангийн зориулалтаар импортоор жилд дунджаар 5-6 мянган тонн орчим бордоо орж ирдэг. Энэ жил эдгээр аж ахуйн нэгжүүд тав орчим мянган тонн бордоо импортоор авахаар гэрээ хийгдсэн байна. Одоогийн байдлаар хоёр мянга орчим нь орж ирсэн, тээвэрлэлтийн шатанд мөн хоёр мянга гаруй бордоо явж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын бордооны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Дотооддоо гумины бордоо, ризо бактерийн бордоо, био бордоо, био ялзмаг, нийлмэл бордоо үйлдвэрлэдэг 10 үйлдвэр ажиллаж байна.

-Хаврын тариалалтад техникийн шинэчлэл хийж байгаа юу?

-Үйлдвэрлэгчийн итгэмжлэлтэй диллер аж ахуйн нэгжүүд трактор, техник тоног төхөөрөмжийг оруулж ирэн борлуулалт хийдэг. Тариаланчид эдгээр аж ахуйн нэгжүүдээс техник худалдан авч техникийн шинэчлэл хийж байна. Тариаланчид, ногоочдод эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох үүднээс Засгийн газар Монголбанк, Арилжааны банкуудтай хамтран жилийн гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажлыг зохион байгуулж байна.

-Техникийн хүрэлцээ хангамж ямар хэмжээнд байна вэ. Тариалалтад ямар дэмжлэг үзүүлж, ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдэд үр тарианы техникийн шинэчлэл нэлээд хийсэн. Үр тарианы тариалалтыг 14-21 хоногт багтаан дуусгах техникийн хүчин чадалтай. Аж ахуйн нэгжүүд техник шинэчлэлийн хүрээнд диллер аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлцэл хийн хамтарч техник шинэчлэлээ хийдэг. Хаврын тариалалт үндсэндээ тавдугаар сарын эхний 10 хоногоос эхэлдэг. Бүс нутгийн онцлогоос шалтгаалаад сарын хугацаанд үр тарианы тариалалт явагддаг.

Тэгэхээр үр тарианы тариалалт технологийн хугацаандаа эхлэх бүрэн боломжтой. Манай яамны төлөөлөл өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг зэрэг тариалангийн төв бүсүүдэд ажиллаад ирсэн. Хаврын тариалалтын бэлтгэл ажил хийгдэж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас стратегийн хүнс болох улаанбуудайн тариалалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэй гэрээ байгуулан олгож байна. Мөн бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулан олгоно.

Газар тариалангийн цахим бүртгэл, мэдээллийн системийг хийсэн. Энэ хүрээнд тариаланчид, тариалангийн талбайн бүртгэлийг цахим бүртгэлд оруулах, талбайн түүх хөтлөх, гарал үүслийн гэрчилгээ, урамшууллын хүсэлтийг цахимаар авдаг болно. Мөн ногоочид, тариаланчдад мэдлэг түгээх, технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ жил тариалангийн бүс, талбайд хөнөөл учруулдаг өвчин хортон, хог ургамлын тархалтын судалгааг хийнэ. Судалгааны дүнг үндэслэн зөвлөмж боловсруулна.