-”Америкийн өдрүүд” арга хэмжээ үргэлжилсээр-
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Америкийн өдрүүдийн хүрээнд “Америкийн баримтат кино өдрүүд” арга хэмжээг зургадугаар сарын 15-19-ний хооронд Тэнгис кино театрт, “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд” арга хэмжээг зургадугаар сарын 15-16-нд тус тус зохион байгуулсан билээ. Америкийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдийн нэг болох “Нээлттэй хаалганы өдрүүд”-ийг АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг соёл, урлаг, боловсрол, визний хөтөлбөрийн танилцуулга бүхий үйл ажиллагааны цогц мэдээллийг 21-24-ний хооронд Улаанбаатар хот дахь Америкийн соёл мэдээллийн төвд иргэдэд үнэ төлбөргүй хүргэлээ.
Өнгөрөгч баасан гариг буюу 24-ний өдөр “Америкт суралцъя – боловсролын хөтөлбөрүүд” сэдвээр нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан юм.
Тус нээлттэй хаалганы өдрүүд арга хэмжээний үеэр Фулбрайтын Оюутны хөтөлбөр, Цэргийн атташегийн бакалаврын хөтөлбөр, бакалаврын оюутнуудын GLOBAL UGRAD хөтөлбөр, бакалаврын эмэгтэй оюутны манлайллын хөтөлбөр FLEX хөтөлбөр, эмэгтэй сурагчдын TechGirls хөтөлбөр, FLEX хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын танилцуулга, EducationUSA боловсрол үнэлгээний төвийн мэдээлэл, ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа гэх мэтчилэн маш үнэтэй зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олон нийтэд хүргэлээ.
Энэ үеэр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Боловсрол соёлын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул “Монгол Улс болон Америкийн нэгдсэн улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан явуулж буй “Америкийн өдрүүд” арга хэмжээ зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Зургадугаар сарын 21-24-ний өдрүүдэд “Америкийн нээлттэй хаалганы өдрүүд”-ийг Улаанбаатар хотын Нийтийн номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвд зохион байгуулсан. Эхний өдөр буюу 21-нд “Америкийн хоолны соёл”, 22-нд “Америкийн засгийн газрын соёлын хөтөлбөрүүд”, 23-нд “Англи хэл, мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд”, 24-ний өдөр буюу сүүлийн өдөр “Америкт суралцъя – боловсролын хөтөлбөрүүд” сэдвээр тус тус зохион байгуулагдлаа. Үргэлжлүүлэн зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны хооронд Америкийн цэргийн жазз хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж Улаанбаатар болон Дархан хотуудад үнэ төлбөргүйгээр тоглоно. Өргөнөөр оролцоорой” гэв.
Тус Нээлттэй хаалганы өдөрлөгийн FLEX хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч Б.Энхмаа “Future Leaders Exchange Program (FLEX) буюу Ирээдүйн Манлайлагчдын хөтөлбөр нь бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцаад ирэх боломжийг олгодог. Анх 1992 оноос хэрэгжиж хэлсэн тус хөтөлбөрт оролцогч нь америк айлд байрлаж, хөтөлбөрөөс гадна америк соёл, түүхтэй танилцах боломжтой. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт найм, есдүгээр сард явагдан, жилд 20 сурагч хамрагддаг.
Хөтөлбөрийн үндсэн шалгуурууд: Монгол Улсын иргэн байх, ахлах анги буюу 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх, сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх, АНУ-ын визний шалгуурыг хангасан байх шаардлагатай. Тус хөтөлбөр АНУ-аас бүрэн санхүүждэг бөгөөд 30 жилийн хугацаанд дэлхийн нийт 21 улсаас 29 мянган хүүхэд хамрагдсан байдаг. Монгол Улсын хувьд 2017 онд Монгол Улс болон АНУ-ын дипломат харилцааны 30 жилийн ойгоор БСШУСЯ-ны дэмжлэгээр хэрэгжиж эхэлсэн. 2017 оноос хойш Монгол Улсаас 90-ээд хүүхэд шалгарч, 70 хүүхэд хөтөлбөрт амжилттай хамрагдан ирсэн. Харин үлдсэн 20 хүүхэд ирэх наймдугаар сард хөтөлбөрт хамрагдахаар бэлтгэгдэж байна. Хүүхдүүд америк соёлоос суралцангаа монгол соёлоо түгээх үүрэгтэй. Тэтгэлэгт ирж очих визний төлбөр багтана. Түүнчлэн хүүхдүүд тус тусдаа америк айлд байрладаг. Мөн эрүүл мэндийн даатгал, сар болгон хувийн хэрэглээнд нь зориулан 200 ам.доллар өгдөг. Нэг удаагийн сургалт хичээлтэй холбоотой 300 ам.долларын мөнгөн тэтгэмж өгнө. Хөтөлбөрт шалгарч явах гэж буй хүүхдүүдийг чиг баримжаа олгох сургалтад хамруулдаг. Эцэг эхчүүдээс гадаад паспортын зардал, сарын тэтгэмжээс гадна хувийн хэрэглээний зардал, явах үедээ ачаа хэтэрсэн тохиолдолд илүү ачааны мөнгө, Америкт хэрэглэх утас болон интернэтийн хэрэглээний төлбөр шаарддаг. Хөдөө орон нутагт бид шалгаруулалтаа зохион байгуулдаг байсан бол “Ковид-19” цар тахлаас шалтгаалан цахимаар шалгаруулалтаа авч байна. Энэ жилийн шалгаруулалт мөн цахимаар явагдана. Шалгаруулалт нийт гурван үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд эссээ бичүүлнэ. Хоёрдугаар шатанд 16 асуултад 15 минутад хариулахаар англи хэлний богино хэмжээний тест дээр ажиллана. Тэнцсэн тохиолдолд гуравдугаар шатанд орох эрх үүснэ. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй хүүхдүүд 2006 оны нэгдүгээр сараас 2008 оны долдугаар сарын 15-ны хооронд төрсөн байх шаардлагатай. Хөтөлбөрт тавигдсан шаардлагыг бүрэн хангасан сурагчид хамрагдах боломжтой. Урьдчилсан бүртгэл гэж байхгүй. Сүүлийн таван жилд АНУ-д гурваас дээш удаа зорчсон бол хөтөлбөрт хамрагдах боломжгүй юм” хэмээн хөтөлбөрийг танилцуулагч мэдээлсэн юм.
Энэ үеэр FLEX хөтөлбөрт хамрагдсан 2019 оны төгсөгч Ч.Мядаггаравын сэтгэгдлийг сонслоо.
Тэрээр “Би FLEX хөтөлбөр буюу ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөрийн 2019 оны төгсөгч. FLEX хөтөлбөр нь Америкийн төрөөс бүрэн санхүүжилттэйгээр 2017 оноос хойш Монголд хэрэгжиж буй хөтөлбөр юм. Хөтөлбөрт Монголоос 20 хүүхдийг шалгаруулж, Америкт ахлах сургуульд нэг хичээлийн жилийн турш суралцах боломжийг олгодог юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Америкийн соёл, америк зочин айлд байх, Монгол Улсаа сурталчлах зэрэг олон боломж бүрддэг. Мөн гадаад оронд суралцаж буй учраас өөрийгөө олох, шинэ орчинд нүд нээгддэг. Сургуулийн систем өөр учраас өөр төрлийн сургалтуудад хамрагдаж болдог аж. Америк сургуулийн нэг давуу тал болох сурагч өөрийн сонирхолд тулгуурлан хичээлээ сонгон суралцдаг. Америкт суралцаад ирээд FLEX төгсөгч болдог. FLEX төгсөгчдийн холбоо нь нийгэмд зориулсан сайн дурын үйл ажиллагаа болон сургалт зохион байгуулдаг сайн дурын нийгэмлэг юм” хэмээв.
Хөтөлбөрүүдийг товчхон танилцуулъя.
Фулбрайтын оюутны хөтөлбөр
Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Fulbright Foreign Student Program буюу залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр аж. Хөтөлбөрт оролцогч нь боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженерчлэл зэрэг бүх чиглэлээр суралцах боломжтой. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт жилийн эхээр эхэлж, жилд 13-15 оюутан хамруулдаг. Хөтөлбөрийн шалгуурт -эссээ, эсээг (Times New Roman фонтны 12pt-оор бичигдсэн дээд тал нь хоёр нүүр PDF) бичнэ, мэргэжлийн ур чадвар болон академик сурах чадварыг харуулсан гурван тодорхойлох захидал, ажлын байрны хамтран ажиллагсад эсвэл бакалаврын багшаасаа авсан гэх зэрэг гурван тодорхойлох захидал байх хэрэгтэй байдаг аж. Мөн дипломын хуулбар ба дүнгийн хавтгай, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар байх ёстой юм байна.
Бакалаврын зуны солилцооны, бүрэн тэтгэлэгт залуу эмэгтэйчүүдийн манлайллын SUSI хөтөлбөр
Study of U.S Institutes (SUSIs) for young Women Leaders буюу бакалаврын эмэгтэй оюутанд зориулсан тус хөтөлбөр нь 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. АНУ-ын их дээд сургуулиудад зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудлуудад оролцох оролцоог нэмэгдүүлэх манлайлах ур чадварыг төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих аж. Хөтөлбөр нь их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8 дугаар сард ихэвчлэн зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
-Их дээд сургуулийн бакалаврын 1, 2, 3 дугаар курсийн эмэгтэй оюутан байх, эмэгтэйчүүдийн болон манлайллын чиглэлээр дур сонирхолтой байх, англи хэлний чадвартай байх (академик англи хэлний чадвартай байж, хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой) зэрэг шалгууртай байна.
Бүрэн тэтгэлэгт менторын TECHGIRLS хөтөлбөр
TECHGirls хөтөлбөр нь ирээдүйдээ шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах сонирхолтой залуу эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой менторинг хөтөлбөр юм. Хөтөлбөрт оролцогч бүрэн дунд сургуулийн сурагч нь АНУ-д дөрвөн долоо хоногийн динамик сургалтад хамрагдсаны дараагаар 6-7 сарын хугацаанд менторшип, манлайллын хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт жилийн сүүлээр эхэлж, жилд гурван сурагч хамрагддаг аж.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага нь:
-Монгол Улсад оршин суугч иргэн байх, хөтөлбөр эхлэх үеийн байдлаар 15-17 настай сурагч байх, шинжлэх ухаан, технологи, англи хэлний өндөр мэдлэгтэй байх, хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орондоо буцаж ирэн ЕБС-ын сургуульд дор хаяж нэг жил суралцах хугацаа үлдсэн байх, инженерчлэл математикийн чиглэлээр өндөр түвшний мэдлэгтэй ур чадвартай байх, буцаж ирэн олон нийтэд чиглэсэн төсөл эхнээс нь дуустал хариуцан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, чадамжтай байх гэсэн шалгууруудтай аж.
Тус өдөрлөгийн үеэр илтгэлд оролцсон сонсогчоос сэтгэгдлийг нь сонсов.
Америкийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон оюутан өдөрлөг маш гоё болж өнгөрлөө.
Би анх удаа тасралтгүй дөрвөн цаг хүмүүсийн яриаг чих тавин сонсож байна.
Миний англи хэлний чадвар хэдийгээр тийм сайн биш ч гэсэн хичээвэл болно, чадна гэсэн агуулгатай ярианууд яригдсанд туйлын баяртай байна. Өмнө Америкт сурах талаар сонсоод хөрөнгө, мөнгөтэй айлын хүүхдүүд л сурдаг гэх ойлголттой явж байгаад энд ирээд ийм олон тэтгэлэгт хөтөлбөр байдаг гэдгийг сонсоод гайхаж баярласан. Мөн өдөрлөгийн үеэр FLEX хөтөлбөрийн талаар сонсголын бэрхшээлтэй хүмүүст хэлмэрчтэйгээр тайлбарлаж өгч байгааг хараад сэтгэл хөдөлсөн. Энэ бүх илтгэл, ярианы дараа хөтөлбөр тус бүрийн ширээн дээр сонирхсон хүмүүсийн асуултад тодорхой хариулж байсан нь маш сайн зохион байгуулалттай санагдсан. Ирсэн хүмүүсийг чин сэтгэлээсээ хамруулах зорилготой байгаа нь эндээс харагдаж байв. Би их сургуулийн оюутан ирэх жил гуравдугаар курст суралцах учраас гадаадад суралцах маань хаагдаж байгаа гэж бодтол 2+2 хөтөлбөр байдаг талаар мэдэж авсан өгөөжтэй өдөрлөг байлаа” хэмээн ярьж байв.
Уншигч та бүхэндээ “Америкийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагдах АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн тоглолтын хуваарыг танилцуулъя.
Дээр дурдсанчлан АНУ-ын цэргийн хамтлаг аялан тоглолтоо зургадугаар сарын 26-ны ням гариг Монгол Улсын филармонид 18:00 цагт, 28-нд Дархан хотын “Залуучууд театр”-т 18:00 цагт, 30-нд Улаанбаатар хотын Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд 18:00 цагт, долдугаар сарын 2-нд Мишээл цэцэрлэгт хүрээлэнд 18:00 цагаас тус тус зохион байгуулагдах аж.