Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Болормаа: Химийн мэргэшлээр гүнзгийрэн суралцах оюутны тоо жилээс жилд буурч байна DNN.mn

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн доктор, профессор О.Болормаатай ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг, ямар учраас хэрэгтэй байдаг талаар эхэлье. Та энэ талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хими бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг, маш энгийнээр жишээ хэлбэл, бид өглөө босоод гар нүүр, шүдээ угааж эхлэхдээ л оо, саван гэх мэт химийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх юм. Бидний хоол хүнс ч тэр чигтээ хими, түүнийг чанартай байгаа эсэхэд хяналт тавихад химийн шинжилгээ хийгдэнэ гээд яриад байвал их. Ширээн дээр суугаад юм бичье гэхэд л цаас үзэг гээд бүгд хими л байгаа. Химийн чиглэлээр мэргэшвэл амьдралдаа юу бүтээж болох, амьдралын баталгаа ямар байх талаар ярилцах нь энэ чиглэлээр мэргэшихэд тустай болох байх. Ер нь химич хүн гэхээр ихэнх хүмүүс лабораторид л ажилладаг, эсвэл химийн хичээл заадаг багш болно, эсвэл анагаахад ороход л хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл хими бидний амьдралын салшгүй хэсэг, химийн ухаанаар суралцвал зөвхөн лаборатори, багшаар зогсохгүй маш олон төрлийн салбарт хүчээ сорих боломж нээгдэнэ. Тухайлбал, олон төрлийн судалгааны ажлууд хийх, хөнгөн үйлдвэрийг удирдах, бизнесийн гээд олон салбарт ажиллах, хөрвөх боломжтой юм. Мөн олон улсын хэмжээнд судалгааны ажил хийх боломжтой.

-Ирэх жил МУИС-ийн химийн ангийг хоёр оюутан л төгсөнө гэх мэдээлэл цахим орчноор тархсан, энэ талаар тодруулбал?

-Ер нь сүүлийн жилүүдэд хими гэлтгүй байгалийн ухаанаар тухайлбал, хими, физик, математикаар нарийн мэргэшиж төгсөх оюутны тоо эрс багассан. Үүн дотроо миний ажилладаг химийн тэнхимд ирэх жил төгсөх идэвхтэй суралцаж буй хоёр оюутан байна. Нарийн мэргэшлийн хичээл орох гэхээр бүлэг үүсэхгүй болж байна даа. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн байгалийн ухааны салбарын химийн тэнхимд өнөөдөр нийт 125 оюутан идэвхтэй суралцаж буй тоо баримт байна. Статистикийн мэдээнээс харвал, 18 оюутан 4 дүгээр түвшинд суралцаж байгаагаас яг идэвхтэй суралцаад түвшин ахисан хоёр оюутан, ямар нэг шалтгаанаар 4 дүгээр түвшинд орсон төгсөх боломжтой 9 оюутан байна. Энэ жил төгсөх хоёр оюутан байна гэдэг нь ташаа мэдээлэл, тус хоёр сурагч дээр өмнөх жилүүдийн төгсөх боломжтой есөн оюутан нэмэгдэх юм. Ер нь элссэн бүх оюутнууд зэрэг төгсдөггүй, зарим нь чөлөө авна, шантраад алга болно, энэ чиглэлээр сурах сонирхолгүй гэдгээ мэднэ гэх зэрэг олон төрлийн шалтгаанаас хамааран нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр түвшиндээ орж буй хүүхдийн тоо цөөрдөг. МУИС нь өвөл, хавар гэсэн хоёр улиралд төгсөлттэй, намар элсэлт авдаг. Дөрөвдүгээр түвшний төгсөх оюутан нь өвөл, хавар хоёр улирлын алинд нь ч төгсөх боломжтой.

2020-2021 онд химийн хөтөлбөрийг 13 оюутан, 2021-2022 онд 10 оюутан төгссөн. Нийт элсэж буй оюутны тоо багасч байгаа юм. МУИС 2014 оноос либерал арт системд шилжсэн, энэ нь байгалийн ухаанаар мэргэших оюутны тоог эрс багасгасан юм. Учир нь анхнаасаа ерөнхий суурийн олон хичээл үзсэний дараагаар хими сонгоод химийн нарийн мэргэшил рүү орно гэхээр дөрвөн жилд багтахгүй л дээ. Дараа нь элсэж байгаа багцандаа өөрчлөлт оруулж шууд элсдэг нэг багц бий болгосон ч төдийлөн үр дүнгээ өгч эхлээгүй л байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, сурах бичигт хийх өөрчлөлтийг хэтэрхий олон удаа хийж байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгоод буй гэж харагдаж байна. Тухайлбал, би Японд олон жил ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байх үедээ нэг зүйл ажигласан юм. Жишээлбэл, сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа үе шаттай, эцэг эхийн оролцоог хангадаг, судалгаатай хийгддэг болохыг хараад их зөв юм гэж боддог байсан. Өнөөдөр БСШУЯ ахлах сургуулийн лабораторийн хичээл хийх нөхцөл, лабораторийн чадавхын талаар судалгаа хийж байгаа гэж сонссон. Энэ ажил үнэхээр чухал, олон байгууллагын дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэж найдаж байна.

-Химийн шинжлэх ухааны чиглэлээр сонгон суралцах оюутан цөөн болоод байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Хими гэлтгүй байгалийн ухаанаар элсэх оюутны тоо жилээс жилд буурч байна. Энэ талаар МУИС, тэр дундаа шинжлэх ухааны сургууль сүүлийн үед олон арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгсөн оюутнуудад 75, 100 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн. Элсэлт тааруу байгаа нь олон шалтгаантай холбоотой гэж бодож байна. Үүнд, ерөнхий боловсролын хөтөлбөрийг эргэж харах, сурах бичгийн агуулга, чанарт үнэлгээ өгөх, багшлах боловсон хүчний нөөц, чадамжийн асуудал гэх мэт багтах юм. Байгалийн ухааны хичээлийг амьдралтай холбож сонирхолтой туршилттай заах нь их чухал. Жишээ нь, намайг дунд сургуульд байхад биологийн хичээлийн хүрээнд бид сургуулийнхаа хашаанд ногоо тарьдаг, ажиглалт туршилт хийдэг байсан, химийн лабораторид багш маань туршилт хийлгэдэг байсан нь намайг химийн ухаанд дурлуулсан гээд бодохоор багаас нь л эхлэх нь зөв гэж харагдаж байна. Мөн их дээд сургуулийн маш сайн судалгаа хийж амжилттай явж байгаа судлаачдаар сонирхолтой эвентүүд хийлгэх, хөдөө орон нутагт байгалийн ухааны чиглэлээрх лабораторийн хичээлүүдийг жигд оруулдаг болгох. Ямар ч юманд стандарт гэж зүйл байдаг, энэ нь хаа ч ижил байвал ижил критеритэй болно гэсэн үг.

Улс орны хөгжлийн амин судас өөрсдөө баялгаа бүтээхэд оршино. Баялаг бүтээгчдэд яах аргагүй инженер, техологиийн мэргэжилтнүүд багтана. Тэгэхээр бид баялаг бүтээгчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн болон хотын зарим дүүргүүдийн хими, биологи, физикийн багш нар дутмаг, эсвэл бусад шалтгаанаар сонгон суралцах боломж муутай байгаа нь оюутны элсэлтэд шууд нөлөөтэй. Их, дээд сургуулиудад судалгааны ажлынхаа талаар танилцуулж улс орны хөгжилд ямар хувь нэмэртэй болохыг таниулан вэб сайт, телевиз, сошиалаар энгийн туршилттай контент, уралдаан тэмцээнийг түлхүү зохион байгуулбал энэ чиглэлээр суралцах оюутны тоо эрс өснө гэж бодож байна.

-Байгалийн шинжлэх ухаан улс орны хамгийн чухал салбар. Ихэнх сурагчид маань нийгмийн шинжлэх ухааны салбар болох хуульч, эдийн засагч, урлаг соёлын мэргэжлийг сонгож байна. Энэ нь улс орон хөгжихгүй байх шалтгаан тийм үү?

-Байгалийн шинжлэх ухааны гол тулгуур хуулиуд нь аль хэдийнэ батлагдсан, аливаа үзэгдэл юмсын зүй тогтол, учир шалтгаан, чанарыг тайлбарлах, баялаг бүтээхэд тулгуур болдог. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нийт 100 мянга орчим сурагчдын ердөө зургаан хувь нь л химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн байна. Тэдний ихэнх нь анагаахын чиглэлээр суралцдаг. Өмнө хэлсэнчлэн энэ чиглэлийн хичээлүүдийг багаас нь системтэй заах хэрэгтэй. Орчин үед дэлхийн улс орнууд боловсролын салбарыг тэр чигт нь эргэж харж байна. “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтаар “Ковид-19” цар тахлын өмнөх боловсролын асуудал, цаашид яах талаар ярилцаж хэлэлцлээ. Өнөөдөр боловсрол бол мэдлэг олгож байгаа юм гээд сурах бичгийн хүрээнд зааж түүнийгээ цээжилсэн эсэхийг дүгнэдэг байж болохгүй. Харин насан туршид суралцаж байх арга барилд суралцуулах, өнөөдрийн чиг хандлагад тохирсон ур чадварт суралцуулахад анхаарч боловсрол эзэмшүүлэх нь чухал болж байна. Телевиз, сошиал орчинд байгалийн ухааны чиглэлийн олон төрлийн контентуудыг хийх, энэ талаарх ажлуудад хөрөнгө мөнгө хуваарилах хэрэгтэй. Жишээ нь, хөрс, усны чиглэлийн маш хөөрхөн контетууд хийвэл тэр нь олон хүүхдийн сонирхлыг татна шүү дээ. Энэ нь зөвхөн хими гэлтгүй хүрээлэн буй орчны хамгаалалд ч үр ашгаа өгөх юм.

-Таны бодлоор химийн шинжлэх ухааны салбарыг хэрхэн дэмжиж, цаашид тус салбарыг хөгжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Багш, эмч нарын цалин бага, амьдралын баталгаа муу байгаа нь энэ чиглэлийн мэргэжилтний хомсдол үүсгэж байна. Өнөөдөр лабораторийн тоног төхөөрөмж байгаа ч мэргэжилтэн дутагдаж байна гэдэг бол улсын лабораторид ажиллахад цалин бага байгаатай болон мэргэжилтний тоо цөөрсөнтэй холбоотой юм.

Мөн улс даяар шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгүүдийг бий болгох шаардлагатай санагддаг. Сошиал бүх платформуудад улс төр, нийгэм, соёл гэдэгтэй адил шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгийг бичих нь хүүхдүүдэд их сонирхолтой байх болно.

Ер нь химийн үйлдвэртэй болох баялгаа бүтээдэг байх, баялаг бүтээдэг салбарт ажилладаг хүмүүсийн нийгмийн баталгааг хангах шаардлагатай юм. Сурагчдыг сонирхолтой болгох чөлөөт нэвтрүүлгүүд хийх, бүтээлч сэтгэлгээнд үндэслэн уралдаан тэмцээн зохиох зэрэг нийтэд хандсан арга хэмжээг их хийх хэрэгтэй санагддаг. Мөн шинжлэх ухааны музей бүх байгалийн ухааны чиглэлээр туршилт хийх боломжтойгоор бүх бүсэд ижил стандартаар байгуулах, шинжлэх ухааны хялбаршуулсан, ойлгомжтой контентуудыг тогтмол гаргадаг байх зэрэг олон арга бий гэж боддог.

Боловсрол гэдэг мэдлэгийг сурагчийн тархи руу хийж буцаан авах биш болсон. Тухайлбал, химийг амьдралаас салгачихсан байгаа юм. Хими гэхэд томъёотой, бодлоготой зүйл байдаг гэж ойлгоод бүх хүүхэд химид дургүй болж байгаа юм. Гэтэл хими яг л савангаар гараа угаахад механик бохирдол, тосыг яагаад арилгаж байгааг хүүхдүүдэд ойлгомжтойгоор тайлбарлаж хэрэгцээнд суурилан хийхгүй болохоор салангид болчихоод байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Д.Мөнхзул: Шатар төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг DNN.mn

Дэлхийн шатрын холбооны мастер, өсвөрийн дэлхийн хошой аварга Д.Мөнхзултай ярилцлаа.


-Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн хошой аварга болсонд нь баяр хүргэе. Тус тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Тухайн үед Монголын шатрын спортоос дэлхийн хошой аварга болж байсан хүн байхгүй учраас аварга болсондоо би маш их баярласан. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагааны өмнө Олон улсын мастер цолоо авч буйгаа мэдсэн. Олон улсын мастер цолыг гурван норм биелүүлэн рейтингээ өсгөж авдаг учраас тэрхүү цолоо авсандаа дэлхийн хошой аварга болж байгаа шигээ ихээр баярласан. Тус тэмцээнд 70 орны 620 тамирчин оролцсон. Өсвөрийн 16 хүртэлх насны 11 шилдэг тамирчинтай өрсөлдсөн. Миний хувьд хамгийн хүнд өрөг тавдугаар өрөг байсан. Бид хоёр эхнээсээ л өгөө аваатай явсаар дунд нь би жаахан илүүрхсэн ч савлагаатай тоглолт болж тэнцсэн. Тэмцээний онцлог гэвэл нэгдүгээр ширээнд тоглож байсан тамирчин Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад багийнхаа нэгдүгээр ширээнд тоглож мөнгөн медаль хүртсэн хүүхэд байсан. Тэр хүүхдийг дөрөвдүгээр өрөг дээрээ хоёр цагийн дотор хожсон. Тэмцээн Румын улсын нуур болон хар далайн эргийн голд байрладаг Мамаиа гэдэг газар зохион байгуулагдсан нь их таалагдсан. Тэр үед өглөөний цайгаа уучихаад, үргэлж далай руу явж далайгаас энерги авдаг байсан. Тэгээд дараагаар нь өргөө бэлддэг байсан.

-Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Анх аав, эгч хоёрыгоо гэртээ шатар тоглодог байсныг хараад шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан настай, үсгээ мэддэг байсан учраас хамгийн анх морины нүүдлийг “Г” үсэг шиг нүүдэг юм байна гэж мэдэж авсан. Ингээд үргэлжлүүлэн шатрын нүүдлүүдээ суралцаж эхэлсэн. Цэцэрлэгтээ даам мэддэг байсан учраас шатрыг бас сурахыг хүссэн юм.

-Энгийн шатрын тэмцээн есөн өргөөр тоглогддог. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 өргөөр тоглогддог юм уу?

-Том тэмцээний өргүүд ер нь 11 өргөөр тоглогддог. 11 өрөг тоглосон учраас их ядардаг. 10, 11 дүгээр өргүүд маш чухал өргүүд болсон. Арван настай байхдаа Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үед есдүгээр өргийн дараа түрүүлж байсан ч сүүлийн 10, 11 өрөгтөө муу тоглоод медалиас мултарсан юм. Тиймээс 11 өрөг тоглох нь их чухал.

-Таны өмнө нь гаргаж байсан амжилтуудыг сонирхвол?

-Би 2014 болон 2022 онуудад Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль, 2017, 2018 онуудад Сурагчдын дэлхийн аварга өсвөрийн тэмцээнээс хоёр алтан медаль, 2015, 2019 онуудад Сурагчдын дэлхийн аваргаас хоёр мөнгөн медаль хүртэж байсан. Нийтдээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгөн медальтай.

-Шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүд юунд хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

-Шатрын спортоор хичээллэж байгаа хүүхдүүд сэтгэл зүйгээ сайн бэлдэж анхаарах хэрэгтэй. Мөн өөрийн эрүүл мэнд биедээ анхаарах хэрэгтэй. Би Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцож байх үед нэг өрөг дээр тоглолтдоо илүү байсан ч дунд үеэс бие өвдөж, хэцүү байдалд ороод өрөгтөө хожигдсон. Тэр үед багтаа муу тоглолт үзүүлсэн. Тоглолтдоо ч анхаарах хэцүү байсан учраас эрүүл мэнд чухал гэдгийг ухаарсан даа.

-Шатар тоглох нь хүүхдэд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж, хөгжүүлдэг вэ?

-Ер нь шатар тоглож буй хүүхдүүд шатраа, тоглолтоо их бодох хэрэгтэй гэдэг учраас тэвчээртэй сууж сурдаг. Миний хувьд ч багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч одоо сайн сууж чаддаг, тэвчээртэй байхад суралцсан. Ер нь нөгөө хүнээ бодож байх үед хоёр талдаа 1 цаг 30 минут гээд нийтдээ гурван цагийн хяналтад стандарт төрөл байдаг. Тиймээс өрсөлдөгчөө нүүдлээ бодож байх үед зарим хүүхдүүд босоод явж байх тохиолдол бий. Энэ үед тэвчээр хэрэгтэй. Мөн шатар тоглосноор 2-3 нүүдлийн дараахыг сайн хардаг, цаашдаа ч төсөөлөн бодож тооцоолдог учраас тархийг хөгжүүлдэг. Шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож төсөөлдөг. Тиймээс оюун ухааныг задалж хөгжүүлдэг.

-Найман настайдаа дэлхийн шатрын холбооны дэд мастерын болзлыг хангаж байсан гэсэн. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тийм, 2014 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дэд мастер болсон. Одоо 16 насандаа Дэлхийн аварга болж буй учраас мэргэжлийн гэж үзэн олон улсын мастер цол авч байгаа.

-Тэмцээн уралдаанд орохоосоо өмнө өөрийгөө хэрхэн зоригжуулж, сэтгэл зүйгээ удирддаг вэ?

-Би 2017 онд Албанид зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 настайдаа оролцож байсан. Тус тэмцээнд оролцож байх үед миний дээр жагссан өндөр рейтингтэй охидтой тоглоход “За чадна аа, хичээгээд үзээрэй” гэж өөртөө хэлдэг байсан. Тухайн үед “Big Bang” хамтлагийг их сонсдог байсан. Тэмцээний үеэр тус хамтлагийн дуучин Дэсоны төрсөн өдөр болж байсан юм. Тиймээс энэ өдрийг сайн даваад гарна гэж бодоод ялсан.

-Өдөрт хэчнээн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?

-Байнгын бэлтгэлтэй байдаг. Клубтээ долоо хоногт гурван өдөр, гурван цагаар хичээллэдэг. Өгсөн даалгаврыг хийж, бие даан хийх зүйлсээ хийдэг. 2019 оноос хойш “Гэгээн арвай” клубийн Их мастер Б.Гүндаваа багш дээр тасралтгүй бэлтгэл хийж байгаа.

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа вэ?

-Дараагийн тэмцээн гэвэл ирэх аравдугаар сард насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Цаашид их мастер болж, ирээдүйд өөрийн хүрч чадах хязгаар хүртэл явна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жу Юүн Жэ: Сонин уншигчид илүү баттай мэдээллийг авах боломжтой DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дон Хун нарын сэтгүүлчдийн төлөөлөл манай улсад энэ сарын 18-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл айлчилж байна. Өчигдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Солонгосын сэтгүүлчдийн холбоо хамтран уулзалт зохион байгуулж хоёр талын төлөөллүүд хэлэлцээр хийсэн юм.

Энэ үеэр Кённам аймаг Улсан хотын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Жу Юүн Жэтэй ярилцлаа.


-Солонгос улсад сонины зах зээл ямар хэмжээнд байна вэ. Хүмүүс сонинг хэр уншиж байна вэ?

-Орчин үед техник технологи хөгжсөн учраас ихэнх хүмүүс гар утаснаасаа мэдээллийг авч буй. Тиймээс сонин уншдаг хүмүүсийн тоо тодорохой хэмжээнд багассан. Гэхдээ тогтмол уншигчидтай сонин байсаар байгаа.

-Солонгост хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунд сонин ямар байр суурийг эзэлдэг вэ?

-Одоогоор Солонгост интернэт, телевиз, радио, сонин гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий. Үүнээс хамгийн бага уншигчтай нь сонин мэт боловч яг үнэндээ хамгийн их хүнд хүрдэг (хэвлэгдсэн тоо зэргээр) нь сонин. Сонин цаасаар болон цахимаар хэвлэгддэг. Цаасан сониныг уншсан хүнд тухайн мэдээлэл илүү тогтож үлддэг. Ерөнхийдөө сонингийн хэвлэл бусад хэвлэлийг бодоход бага уншигчидтай юм шиг боловч хамгийн их тоогоор хэвлэгдэж, хамгийн олон хүнд хүрдэг.

-Солонгост одоогоор хэчнээн сонин байдаг вэ. Үндэсний сонин гэж байдаг уу?

-Улсаас санхүүжүүлдэг улсын нэг л “KBS” гэдэг телевиз байдаг. Сонин, сэтгүүл, радио зэргийн хувьд улсын хамааралтай нэг ч байгууллага байхгүй. Бүгд тус тусдаа нэг компанийн харьяалалтай байдаг.

-Бүх зүйл интернэт рүү шилжиж буй энэ цаг үед сонин ямар байр суурьтай менежмэнт хийж байгаа вэ?

-Солонгос улсад сонин дээд цэгтээ хүртэл хөгжиж байсан. Интернэт гэдэг зүйл гарч ирснээр ерөнхийдөө хүмүүст хүрэх нь багассан. Гэхдээ тодорхой хэмжээний тогтмол уншигчид байгаа учраас эдийн засгийн хувьд сониноор ашиг орлого олдог байсан нь багассан хэдий ч мэдээлэл хүргэх явцад сонины уншигчид илүү баттай мэдээллийг авах боломжтой.

Сонины зах зээлийг ихэсгэе гэвэл интернэтийн зах зээлийг мөн ашиглах хэрэгтэй. Интернэтэд сонины талаарх сурталчилгаа зэргийг оруулан уншсан хүнд сонин унших сэдэл төрүүлэх хэрэгтэй.

-Энэ удаагийн айлчлалын үр дүнгээс юуг хүлээж байна вэ?

-Цаашид Солонгос болон Монголын сэтгүүл зүйн салбарыг аль аль талд нь хөгжүүлэх зорилготой. Бид энэхүү үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх бодолтой байна. Хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа улам хөгжөөсэй гэж хүсч байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Баяржавхлан: Дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж явна DNN.mn

“Тоонот” рекордсын уран бүтээлч Jason буюу Б.Баяржавхлантай ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлд “Crush” нэртэй дуугаа гаргасан. Сүүлийн үед өөрийн цомгоо гаргахаар ажиллаж байна даа. Цомгоо гаргах хугацааг нарийн төлөвлөсөн зүйлгүй, ямартаа ч он гарахаас өмнө амжаад гаргана гэсэн бодолтой байна.

-“Тоонот 21х21” төслийнхөө хаалтын шоуг амжилттай хийлээ. Энэхүү төслийнхөө талаар хуваалцахгүй юу?

-“Тоонот 21х21” төслийг бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан анх наргиа маягаар ярилцаж байсан юм. Ярилцаж байх үед хийх боломжтой юм шиг санагдаад төслийг эхлүүлсэн дээ. “Тоонот” рекордсын продюсер Э.Дэлгэрмөрөн энэ ажлыг санаачлан бид дэмжиж оролцсон. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, аялан тоглолтоо хийлээ. Хөдөө орон нутгийн сонсогчдодоо бид ойн баярын бэлэг болгон уран бүтээлүүдээ илүү ойроос, чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн юм. Бид “Тоонот 21×21” төслийн хаалтын тоглолтоо үнэ төлбөргүйгээр Сүхбаатарын талбайд хийж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үзэгчдийн хандивласан хандивыг бид “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна.

-Таны хувьд анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Ер нь багаасаа л урлаг, соёлд сонирхолтой байсан. Хүүхэд байхын аав, ээж хоёр минь дуу дуулуулах гэж багш хөлслөн, Casio хөгжим дарж дуулдаг байсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. 10 жилд байхдаа “Only Top” гэдэг хамтлагтай байсан. Үүний дараагаар “SS” хамтлагийн гишүүн болсон доо.

Долдугаар ангидаа “Хотын охид” нэртэй УСК-нд тоглосон юм. Энэ бол миний урлагт хөл тавих шалтгаан болсон байх.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй ч аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь санхүүч мэргэжилтэй. Хоёулаа төмөр замчин хүмүүс. Өөрийн дуулах авьяасаа ааваасаа л өвлөж авсан гэж боддог доо. Аав минь уртын, ардын дууг их сайхан дуулдаг байлаа.

-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо юуг хүргэхийг зорьдог вэ?

-Дуунууд минь миний өөрийн дуртай хийхийг хүсдэг байсан зүйлс. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдарч буй хүн. Тиймээс дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж буй уран бүтээлч.

Манай “Тоонот” рекордсын залуус бүгд уран бүтээлч залуус. Үзэл, санаа бодол нэгтэй залуучуудын нэгдэл гэж хэлж болно.

-Таныг үзэгчид “Учрал”, “Хүний цаана”, “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр мэддэг болсон. Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал их ирж байна уу?

-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Тийм учраас киноны саналууд ирсээр байгаа. Тоглох боломжтой кино төслүүд байвал хамтарч ажиллахад дургүйцэх зүйлгүй ажиллана.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан гэсэн. Театр танд ямар үр өгөөжтэй байв?

-Би Кино урлагийн дээд сургуулийг 2013 онд төгсчихөөд Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Тухайн хугацаандаа тоглогдож байсан бүхий л жүжигт жүжигчин, туслах най руулагчаар ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Тухайн үедээ уран бүтээлийн хамгийн анхны сууриа сайн тавиулсан гэж боддог. Сургуульд сурч байх үедээ мэдэж олж аваагүй олон зүйлсийг УДЭТ-аас мэдэж, сурч авсан даа. Миний сэтгэлд үлдсэн сайхан хамт олон.

-Таны хувьд амьдралдаа юуг чухалчилдаг вэ?

-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн тухтай орчин. Амьдралдаа чухалчилдаг зарчмын хувьд үнэнч байдал, тууштай хөдөлмөрийг хэлнэ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?

-Уран бүтээлээ л цаашдаа үргэлжлүүлэн хийнэ. Ойрын үед цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажиллаж буй цомгийнхоо дараа дахин нэг цомгийн ажилдаа орох байх. Уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээлч байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна тэр хүндэтгэлийг дааж явахыг хичээдэг дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цэцгээ: Боловсролын сайд нь ингэж багш нараа худалч, хуурамч мэтээр цоллох нь зөв үү, буруу юу DNN.mn

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнг танилцуулсан юм


Дээрх сэдвээр ахмад багш М.Цэцгээтэй ярилцлаа.


-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэл хийж 700 гаруй багшийн хуурамч дипломын асуудлыг сөхлөө. Ахмад багш хүний хувьд та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Боловсролын сайдын багш нарын хуурамч дипломын асуудлыг сөхөж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ боловсролын асуудал гэдэг бол маш эмзэг. Хүн бүхэнтэй шууд холбоотой асуудал байдаг. Нийгэмд одоо ямар ойлголт төрж байна вэ гэхээр Монголын боловсролын салбар тэр чигээрээ уналтад орчихсон юм шиг, багш нар нь дандаа хуурамч, хулгайч болчихсон шиг ойлголт төрөөд байна. Энэ бол маш аюултай. Цаашдаа боловсролын салбар унахын цондон байхыг ч үгүйсгэх аргагүй.

-Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол багшийг мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж байсан, энэ талаар таны бодлыг сонсвол?

-Тэр нь зүйтэй л дээ. Гэхдээ ер нь багшийн боловсон хүчний асуудал амаргүй болсон. Эдгээр багш нар нэгэнт л хичээл номоо заагаад Их, дээд сургуулиудад багшлаад ирсэн юм чинь богино зайн сургалтад хамруулаад, сертификат гардуулаад багшлах эрхийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. МУИС, МУБИС гээд Монголын гол хоёр сургуулийн багш нар хүртэл хуурамч дипломтой гээд яригдаж байна. Эдгээр багш нарыг нийгэмд гадуурхагдаж үлдээх биш, харин ч сургалтад дахиж сургаад, мэдлэг чадвар, боловсролыг нь дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв. Ийм л зүйлийг хийгээсэй гэж бодож байна.

Хамгийн гол нь багш нарын асуудал их эмзэг. Ингэж багш нарыг хуурамч, худалч гэж нийгэмд зарлаж болохгүй. Мэдээж ажлын шаардлага хангаагүй нэгийг нь сургалтад хамруулаад чадварыг нь сайжруулах нь зөв. Ингэхийн оронд үндсэндээ багшийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ улам дэвжээгээд, мэргэжлийн хувьд нь улам чадавхжуулаад, улам өргөөд, нэр хүндийг нь баталгаатай болгох байтал Боловсролын сайд нь ингэж хуурамч, худалч мэтээр нийгэмд ойлгуулж, цоллож байгаа нь зөв үү, буруу юу. Би хувьдаа үүнийг зөв зүйтэй үйлдэл яавч биш гэж ахмад багшийн хувьд бодож байна. Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол болоод бага ангийн багш их эрэлттэй байдаг. Бага ангийн багш хөдөө суманд очиж ажиллах их асуудалтай болсон гэж сүүлд дуулдаад байгаа. Ингээд бага ангийн багш нараа есөн шидээр нь цоллоод эхлэхээр багш нарын сэтгэл зүйд айхавтар хортой нөлөөлнө. Одоо ингээд нийгэмд хуурамч дипломтой багш нар, хуурамч сургууль гэх хандлага бий болно. Боловсролын системээр ингэж улс төр хийж болохгүй л юм байгаа юм даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто “TRQ”-ийн 49 хувийг худалдаж авах тохиролцоонд хүрчээ DNN.mn

“Рио Тинто” компани нь одоогийн байдлаар “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдаж авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан байсан нь дэмжигдэж, зарчмын тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Рио Тинто Оюу толгойн 66 хувийг дангаараа эзэмших аж.
“Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад доллараар буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Тус саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн аж. Уг хэлцэл санал хураалт энэ оны IV улиралд зохион байгуулагдан эцэслэгдэх төлөвтэй байгаа бөгөөд саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай байна. Зөвшөөрсөн тохиолдолд энэхүү хэлцэл амжилттай эцэслэгдэх юм.
“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь “Оюу толгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэдгийг “Рио Тинто Монгол” мэдэгдэж байна хэмээн тус компанийн албан мэдээлэлд онцолжээ.
Categories
мэдээ нийгэм

Д.Булган: Донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ анх удаа хийсэн DNN.mn


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Д.Булгантай ярилцлаа.


-Үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж чадсан багийнханд нь баяр хүргэе. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улсад анх 2011 оноос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжиж эхэлсэн. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь өндөр өртөгтөй, нарийн технологи шаардсан эмчилгээ бөгөөд багийн ажиллагаатайгаар хийгддэг эмчилгээ юм. 2011 онд Монгол Улсын ардын эмч, дэд профессор, зөвлөх эмч Н.Оюундэлгэр эмчээр ахлуулсан баг байгуулагдсан. Хүний нөөцийн сургалтыг Солонгос улсад хийж, техник тоног төхөөрөмж бэлдэж, эмчилгээг хийх тусгай тоноглогдсон ариун өрөөг бэлдэж 2014 онд анхны тохиолдлоо БНСУ-ын Гэгээн Мариягийн эмнэлэг, Католикийн их сургуулийн профессоруудтай хамтран хийж байсан. Түүнээс хойш одоо хүртэл ӨӨРӨӨС- ӨӨРТ (Ауто) нь цусны үүдэл эс шилжүүлэн суулгах 27 тохиолдлыг амжилттай хийсэн байна.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг нь 2022 оны наймдугаар сарын 4-ний өдөр Донороос-Өвчтөнд (Aлло) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа хийлээ.

-Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай хэчнээн хүн байдаг вэ?

-Цусны хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой бид оношилгоо эмчилгээг олон улсын түвшинд хийх шаардлага тулгарсан. Иймээс үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулахыг зорьсон.

Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь хоёр төрөл байдаг. Өөрөөс – өөрт (Ауто) болон донороос- өвчтөнд (Алло). Өөрөөс-өөрт нь – цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээ нь ихэвчлэн цусны архаг хавдартай хүмүүст хийгддэг бөгөөд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүний тоо ч олон байдаг. Бид тэдгээр эмчлүүлэгчдийг олон үе шаттайгаар эмчилгээ хийж бэлдэж байгаад үүдэл эс шилжүүлэх эмчилгээндээ авдаг.

Харин Донороос – цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны цочмог хавдар болон хавдрын бус зарим эмгэгийн үед хийдэг бөгөөд эмчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Алло-цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зайлшгүй шаардлагатай нэг асуудал бол донор эмчлүүлэгчийн хоорондын эд нийцлийн тохироо гэж байдаг. Монгол Улсад одоогоор эмчлүүлэгчийн төрсөн ах дүүг шинжлээд таарах донор үгүй бол энэ эмчилгээ хийгдэх боломжгүй болно. Гэтэл гадаадын өндөр хөгжилтэй орнуудад донорын бүртгэлийн сан гэж байдаг. Хүмүүс сайн дураараа очиж эд нийцлийн шинжилгээгээ өгөн бүртгүүлнэ гэсэн үг. Хэрэв ах дүүгээс тохирох донор олдохгүй бол нэгдсэн сангаас хайдаг. Тиймээс манай улсын хувьд цаашид үүдэл эсийн бүртгэлийн сан байгуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Тэгснээр өвчтөнүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэн, амьдрах хугацаагаа уртасгах боломж нэмэгдэнэ.

-Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлж байгаа гэж сонссон.

-Тийм ээ. Манай үндэсний багийн бүтцэд хүүхдийн хавдрын эмч нар багтсан байгаа. Бид бас хүүхдэд өөрөөс нь болоод донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй ажиллаж, боломжийг судалж байна.

-Багийн гишүүдээ хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Монгол Улсад анх 2011 онд Үүдэл эс шилжүүлэн cуулгах баг байгуулагдаж байсан бөгөөд энэ онд шинэчлэгдэн, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний хэмжээний баг болон батлагдсан. Багийн бүрэлдэхүүнд цус болон лабораторийн эмч нар голчлон орж, сувилагч, лаборант, техникч, бусад нарийн мэргэжлийн эмч, инженерууд орсон. Энэ баг ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан. Багийн ахлагчаар Н.Оюундэлгэр эмч ажилладаг бөгөөд анх 2014 онд өөрөөс-өөрт, 2022 онд донороос -эмчлүүлэгчид үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхлэхэд зөв удирдан зохион байгуулж, зоригтой эхлүүлж амжилттай хийж чадсан. Цаашид баг хамт олноороо уг эмчилгээг нутагшуулахаар ажиллаж байна.

-УНТЭ-т олон улсын стандартад нийцсэн цусны хавдрын хими эмчилгээний хэсгийг байгуулсан гэсэн үү?

-Цусны хавдартай хүмүүст хими эмчилгээ хийсний дараа цусны эсүүд унаж халдварт өртөмтгий болдог. Хими эмчилгээ хийлгэсний дараах орчин их цэвэр ариун байх шаардлагатай байдаг.

УНТЭ-ийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвд ЭМЯ-ны хөрөнгө оруулалттайгаар олон улсын стандартыг хангасан, тусгай тоноглогдсон, хепа филтер бүхий ариун есөн ортой “Хими эмчилгээний хэсэг” -ийг байгуулсан. Энэ нь цусны хавдартай хими эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчдэд халдвараар хүндрэх эрсдэлийг бууруулж, ор хоног болон эмчилгээний зардлыг багасгах чухал нөлөөг үзүүлэх болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ш.Гүрбазар: Ажлын гараагаа зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн DNN.mn

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Гурван сайхан бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн талаар тань ярилцлагаа эхэлье…

-Монгол хүний бэлгэшээл юм, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор миний бүтээлүүдэд Монгол Улсын төрийн шагнал хүртээсэнд үнэхээр их баярлаж, догдолж байгаа. Уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан хүндлэл. Монголоо, эх орноо гэсэн шүлгүүдэд минь өгсөнд их баяртай байгаа. Төр түмний буяндаа, түмэн олондоо их баярлаж талархаж байгаа. “Би Монголоороо гоёдог” 16 бадаг урт найраг. “Би Монголтойгоо адилхан” ч бас л бэсрэг найраг, тэдгээрийг Болор цомд уншиж байлаа. Харин “Монголын үнэртэй салхи” бол шүлэг л дээ. Энд нэг л юм бий. Ерөөсөө манай алдартай эх орны шүлгүүд голдуу нийтлэлийн аястай байдаг. Тэгэхээр би ер нь эх орныг иргэний уянгын хийсвэрлэл маягаар туурвиж үзье гэж л энэ гурван бүтээлээ хийсэн юм. Энэ нь сэтгэл, сэтгэмж хоёр л гэсэн үг шүү дээ. Тэгэхээс улстайгаа адилхан, улсаараа гоёно, эсвэл нэг улсын үнэртэй салхи гэж байдаггүй байх. Шүлгүүдийг маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Д.Отгонбаяр, Т.Сэр-Од нар бага хэсгээс нь дуу хийж хүмүүст хүргэж олонд танил болгосон. Эх орны шүлгийг бусдаас онцлогоор гаргаж ирнэ гэсэн бодол байсан. Бодол минь төр түмний хайр, хүндэтгэлд хүрлээ дээ. Уран бүтээлийн тухай ярихад, намайг уран бүтээлч болгож энэ онгодыг хөтөлсөн хүмүүсийг их боддог. Нэгдүгээрт, миний өсөж төрсөн говь нутаг, ижий аав минь намайг их уяхан болгосон юм. Үүнээсээ шүлэг бичих санаа төрж зургадугаар ангидаа шүлэг бичиж эхэлсэн. Долдугаар ангид Боржигоны яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Батжаргал багштай учирч, наймдугаар ангиасаа домогт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай танилцаж 2019 он хүртэл ах дүүс шиг хамт явлаа. Оюутан байхдаа 1974 онд Д.Намдаг гуайтай гэрт нь танилцаж багш шавийн барилдлагатай болж хичээлд нь сууж байсан. Энэ сайхан хүмүүсийг бараадсаны буян, утга зохиолын их буян надад ирсэн гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Хайрын тухай шүлэглэсэн роман бичээд дуусч байгаа гэсэн үү?

-Тийм. Би 2018 онд “Бодь гөрөөсний зүүд” гээд эхийн сэтгэлийн тухай өгүүлсэн шүлэглэсэн роман бичсэн. “Бодь гөрөөсний зүүд” роман надад их том урам өгсөн. Романыг уншсан, үзсэн, судалсан судлаачид их сайн шүлэглэсэн роман болсон гэсэн. Үүнээсээ урамшин хайрын тухай шүлэглэсэн роман бичээд бараг дуусч байна. Хайр сэтгэл мөнхийн сэдэв учраас энэ оны сүүл гэхэд гаргачих болов уу гэсэн бодолтой байна даа.

Мөн төр түмэн минь үнэлж Монгол Улсын төрийн соёрхол гэх сайхан шагналаа хүртээсэн учраас энэ оны аравдугаар сард төр түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлэн талархлын тоглолт хийх гэж байгаа. Найр наадам гэхээс илүүтэй талархлын тоглолт зохион байгуулах нь хүнд хүртээлтэй, надад бахдалтай юм даа. Талархлын тоглолтыг “Hero” энтертайнмент зохион байгуулна. Үүнийг ажил, бүтээл болгон явж байна. Миний үеийн зохиолч хүн дээд тал нь 30, 40 номтой байх юм. Би гэхэд жүжиг, яруу найргийн шүлэглэсэн роман зэрэг зургаан номтой. Надад өөрийн бүх шүлгүүдээ буцаж түүвэрлэн тав зургаан номоосоо өөрийнхөө хураангуйлсан шүлгийн ном гаргах бодол ч байна. Миний шүлгүүд миний л бодол, надтай л адилхан. Би ч эх оронтойгоо адилхан шүү дээ. Миний түүвэрлэсэн шүлгээс нэг хүн ч гэсэн мэддэг байгаасай гээд түүвэрлэсэн зохиол дээрээ ажиллаж байна. Уран бүтээлч, сэтгүүлч хүний хувьд хөтлөх урлагт 50 жил, шүлэг бичихэд 50 гаруй жил, жүжиг зохиоход 40 жил, Монголын сэтгүүл зүйн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөн ажиллаж, тус дөрвөн ажлыг өөрийн чадлын хэмжээнд хийгээд зорьж яваа хүн. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд “Гүрбазар” академи үүсгэн байгуулсан. Залуучуудыг соён гэгээрүүлэх, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээ Академийнхаа хүрээнд зааж, сургалтдаа шинэ хөтөлбөрүүдийг нэмэх зэрэг ажлуудтай байна. Үүний зэрэгцээ хоёр, гурван хүний кино зохиол дээр сууж зүгээр суухгүй л байна, ах нь.

-Хүний сэтгэлд хоногшиж үлдсэн, ямар ч хүнд уудалмаар дурсамж бий шүү дээ. Тийм дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь маш олон дурсамж бий. Хүн дурдатгал, дурсамж хоёр дээрээ амьдарч, өөрийн бодлынхоо талыг дурдатгалаараа бүтэн болгож байдаг юм гэсэн. Хүн заавал өөр рүүгээ нүүж байдаг амьтан. Өдий настай хүн бага нас, 15, 16 настай үеэ бодож, тэр дурдатгалаараа эргэж, хөглөгдөж явдаг. Хүний амьдралын тал нь дурсамж байдаг. Юу мөрөөднө тэр хэмжээндээ сайхан явна, сайхан зүйлсийг мөрөөдөж түүнийгээ бүтээхийг зорих гэдэг шиг мөрөөдөл, дурсамж хоёр хүнийг авч явдаг гэж боддог. Эргээд бодоход ямар нэгэн юм хийж бүтээн хүнд харуулах гэдэг их сайхан. Би долдугаар ангидаа шүлэг уншин урлагийн үзлэгтээ алтан медаль авч, намар нь аймгийнхаа тоглолтод оролцсон. Тэр үед ижий аав хоёрыгоо суулгаад, ээж аавдаа харуулах нь хамгийн сайхан байсан. Ижий ааваараа магтуулна гэдэг их сайхан. Одоо бодоход уран бүтээлч болж байгаагаа ээж аавдаа харуулсан байх нь. Манай аав над руу нэг хараад, нэг эргэж хараад суугаад байж билээ. Одоо эргээд бодох нь ээ нэгдүгээрт, энэ чинь миний хүү шүү гэсэн байртай, хоёрдугаарт хүмүүс хүүг минь хэрхэн хүлээж авч байна вэ гэсэн байдалтай байсан. Тэр нь л их сайхан, гоё дурсамж байдаг даа.

-Та зохиолчдын хороонд С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж зэрэг зохиолчидтой хамт ажиллаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-1977 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангийг төгсөн шууд Монголын зохиолчдын хороонд хуваарилагдсан. Тэр үед Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Д.Мягмар, Н.Банзрагч зэрэг дандаа алдартай зохиолчидтой нэг коридорт явж, нэг сонин уншиж, нэг цайны газарт хоол иднэ гэдэг надад их хувь тохиосон. Зохиолчдын хороонд хоёр жил ажилласан минь надад А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хоёр жил сурсантай адил тийм их өглөг, буянаа өгсөн. Анхныхаа ажлын гарааг зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн.

-50 гаруй жилийг утга уран зохиолын салбарт зориулсан хүний хувьд залуу үеийн төлөөлөлдөө юуг захиж, зөвлөх вэ?

-Би тийм сэдвээр бичвэл зохиолч болно, энийг бич тэрийг бич гэж сэдэв заахгүй. Сүүлийн үед манай залуучууд их сайн бичиж байгаа. Яруу найрагчдын шүлэг өөрийнх нь үзэл бодолтой л адилхан байдаг юм. Тиймээс тэр яруу найрагч сайн, тийм шүлэг хамгийн мундаг шүлэг гэж түвшин тогтоож болохгүй. Миний шүлгүүд надтай л адил миний л үзэл бодол, таалагдах хүн, таалагдахгүй хүн ч байж болно. Залуучуудыг, ялангуяа зохиолчдыг харахад утга зохиол сурталчилгаа их муудаад байна даа гэж харагдаж байна. Утга зохиолыг ямар зохиол, ямар бүтээл юу гарч ирсэн талаар ерөөсөө сурталчлахгүй байна. “Болор цом” бол утга зохиол сурталчилгаа биш шүү дээ. Хүмүүсийг уран зохиолд хайртай болгох баяр. 1970-1980-аад онд утга зохиол сурталчилгаа маш өндөр хөгжсөн, нэг шүлэг гарахад улсаараа хоорондоо ярилцаж, судалж шүүмжилдэг байсан. Утга зохиол сурталчилгаа, судлал муудсан учраас энэ салбар хөгжөөгүй юм шиг харагдаж байгаа юм. Залуучууд суугаад сүүлийн үеийн дууг гоё дуу гэж байгаа ч хамтдаа сууж тэр яруу найрагчийн шүлэг тийм гэж ярилцаж байхыг хараагүй. Залуучууд өөр өөрийнхөө мэддэг, мэдэрдэг, өмгөөлдгөө л бичдэг.

-Та утга уран зохиол, яруу найраг ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Хатуухан хэлэхэд, би өнөөдөр манай урлаг ямар хэмжээнд явж буй гэдгийг хоёр талтай хардаг. Нэгдүгээрт, жаахан урагшилмаар байна. Өнөөдөр Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав гуай шиг хөгжмийн зохиолч төрөх ёстой шүү дээ. Дараагийн үе ийм хүмүүсийг бий болгох ёстой. Тэр хэмжээний томоохон бүтээлүүд гарч байна уу гэдэгт анхаарч ийм уран бүтээлчдийг төрүүлэх ёстой. Одоо хүртэл сайхан симфони гарч ирэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, XXI зууны монголчууд мөртлөө урлагийн салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхэд их муу байна. 1970-аад оны сүүл гэхэд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 90 хувийг ОХУ-д консерватор төгссөн хүмүүс хөгжимдөж байсан. XXI зуун бол Англид, АНУ-д хөгжмийн сургуульд хүүхдүүдийг сургаж гадны соёлыг дотогшоо оруулж ирэхгүй дотроо бие биедээ дарлаад байж болохгүй шүү дээ. Монголын бүх хөгжмийн зохиолчид дандаа хойно ОХУ-д төгссөн. Тухайлбал, СУИС төгссөн залуучуудаас Соёлын яам конкурс аван улс мөнгийг нь төлөөд гадагшаа сургах хэрэгтэй. Зураач, хөгжмийн зохиолч, найруулагч, удирдаач зэрэг урлагийн бүх төрөлд 10 хүүхдийг сургахад таван жилийн дараа Монголын урлаг хөгжинө. Манай урлаг өөрийгөө тойрч эргэлдээд байж болохгүй. Боловсон хүчнийг бэлтгэж, бодохгүй бол урлаг өөрөө унана. Хүн уншиж, бодохгүйгээр хөгжиж явахгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд Монгол Улсын Консерватори, СУИС өөрсдийн чадлынхаа хэрээр боловсон хүчнийг бэлдэж байгаа.

Би Монгол Улсын боловсролын яамны сайдад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн. “Гүрбазар” академи байгуулж байна, би 300 хүнээс шалган 10 хүүхдийг сонгон шалгаруулж авъя. Тэгээд гурван сар тэр хүүхдүүдэд хичээл заая, ганцхан энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төр дааж хүүхдүүдээс төлбөр авахгүй байх гэсэн саналыг тавьсан. Сургалтын талаар зарлах үед зурагтаар од болох, хурдан нэрд гарах гэсэн сургалт юм гэж зарим залуус ойлгож ирэх нь ч бий. Би 300 хүүхдээс 10 хүүхдийг шалгаруулаад гурван сар бэлтгэж телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нарын дараагийн халааг бэлдэх хүсэлтэй байна.

Төгсгөлд нь хэлэхэд түмэн олон, төрдөө их баярлаж байгаа. Би ганцхан зүйлийг сэтгүүлч хүний хувьд их бодсон. Долдугаар сарын 6-ны өдөр төрийн шагналаа аваад үдээс хойш, маргааш нь цахим хуудсаар олон хүн нийгмийн сүлжээнд их хүндэтгэлтэй хандаж нүдээ олсон шагнал байна гэж хүндэтгэсэн. Ард түмэн минь намайг ямар их хүндлэв ээ, үүний хариуд нэг зүйл хийх юмсан гэдэг бодол төрсөн. Олон түмэндээ маш их баярласан учраас талархлын тоглолт хийх төлөвлөгөөтэй байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой үнэд бага зэрэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй DNN.mn

ХХААХҮЯны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Тариаланчдын холбоотой хамтран Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоосон. Энэ талаар тодруулбал?

-Тариалалтыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зорилгоор ХААДС-гаас буудайн үр, шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, техник, тоног төхөөрөмжийг 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэй үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас авах нөхцөлтэй зээлээр олгодог. Энэхүү зээлийн төлбөрийг ургац хураалтын дараа улаанбуудай болон мөнгөөр нөхөн бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, ХААДС-гаас зээлээр олгосон техник, тоног төхөөрөмж, бараа материалын төлбөрт авах улаанбуудайн үнийг яам тогтоодог. Ингэхдээ тухайн жилд улаанбуудай тариалахад зарцуулсан орц, зардлын тооцоон дээр үндэслэн улаанбуудайн нэг га талбайн өөрийн өртөг, ургац тогтоолтын урьдчилсан дүнгийн дундаж, ашиг зэргийг үндэслэн үнийг тогтоодог. Энэ жил Монголын тариаланчдын Үндэсний холбооны санал, өртөг зардлын тооцоо зэргийг үндэслэн ХААДС өр төлбөртөө авах буудайн үнийг ангиллаас хамаарч 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон.

-Энэ жилийн хувьд хэчнээн тонн улаанбуудайг хураан авахаар төлөвлөсөн бэ. Үүнээс гурилын үйлдвэрлэлд хэдэн тонныг борлуулах вэ?

-Борлуулалт, ажлын төлөвлөлтийг бодитой гаргах үүднээс жил бүр наймдугаар сарын 2025ны өдрүүдэд голлох нэр төрлийн таримал дээр ургац тогтоох буюу ургацын урьдчилсан балансыг гаргадаг. Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 441.4 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2022 оны тариалалтад зориулан 60 орчим мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд спирт, тэжээлийн үйлдвэрлэлд 50 орчим мянган тонн, гурил үйлдвэрлэлд 330,0 гаруй мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

-Өнөөдөр тариаланчдын үндэсний холбооноос тонн улаанбуудайн ханшийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс аргагүйд хүрсэн гэж мэдээлсэн. Улаанбуудайн үнэ нэмэгдвэл гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Бараа, бүтээгдэхүүний үнэ, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг харгалзаж ХААДС-д авах хүнсний буудайн үнийг 880 мянгаас нэг сая төгрөг байхаар тогтоосон. Тариаланчид гурил, тэжээл, спиртийн үйлдвэрт нийлүүлэх буудайн үнийг үйлдвэрүүдтэй харилцан тохиролцож үнээ тогтоодог. Аливаа үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой жигд ажиллаж байж үр дүнд хүрдэг. Тариалангийн салбар нь жилд нэг удаа борлуулалт хийдэг онцлогтой салбар. Гурилын эрэлт нийлүүлэлттэй холбоотой гурилын үнэд бага зэрэг өсөлт гарахыг үгүйсгэхгүй бөгөөд гурилын үнэд огцом өсөлт гарахгүй.

-ХААДС болон хувийн хэвшил 550 мянган тонн улаанбуудай хадгалах сав бий гэсэн үү?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд буудай хүлээж авах элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж байгаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Даваасүрэн: Япон, ХБНГУ, Австрид асаргааны ажилтан сард доод тал нь таван сая төгрөгөөр цалинждаг DNN.mn

“SL caregiver” мэргэжлийн асаргааны төвийн захирал Л.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монголчууд харьд очоод хэл үггүй ажилладаг хэрнээ эх орондоо ажиллахаараа няцаад эхэлдэг –


-“SL caregiver” мэргэжлийн асаргааны төвийнхөө үйл ажиллагаанаас хуваалцахгүй юу?

-Асрахуйн мэргэжлийг товчоор тайлбарлавал хэн нэгэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрүүл орчинд зөв, урт удаан амьдрахад нь дэмжлэг үзүүлдэг мэргэжил юм. Манай асаргааны төв нь асаргаа шаардлагатай хэн бүхэнд ажлын найм болон 24 цагаар асаргаа сувилгааны үйлчилгээг үзүүлдэг.

Бид өндөр настны асаргаа, төрсний дараахь ээжийн асаргаа, харвалтын дараахь асаргаа, хэвтрийн өвчтөний асаргаа, эмнэлэг дээрх асаргаа, хавдар хими туяа эмчилгээний дараахь асаргаа, хүүхэд асаргаа зэрэг найман төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Асрахуйн мэргэжилтэн нь туслах үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдал болон сэтгэл санааны амар амгалан байдлыг дэмжин ажилладаг.

-Танай төвөөс асаргаа сувилгааны ажилтан авах зар гаргасан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулбал?

-Асаргаа сувилгааны ажил бол маш хүнд ажил юм. Хэлж ярихад амархан ажил боловч тухайн хүн гардаж ажиллахад их хүнд ажил. Манай VIP асаргааны багц үйлчилгээг авсан үйлчлүүлэгчдэд бид мэргэжлийн сувилагч, эмч нарын хамтарсан баг асаргааны үйлчилгээг үзүүлдэг. Манай асаргаанд ажилладаг ажилтнууд сард 2-4 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Яагаад гэвэл байнгын асаргаа шаардлагатай тухайн үйлчлүүлэгчийг 24 цагаар ажлын таван өдөр гэрт байрлаж асрах үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас ажилтнууд маань ар гэртээ санаа зоволгүй, ажилдаа төвлөрч санхүүгийн асуудалд сэтгэл зовохгүй чин сэтгэлээ зориулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хичээн ажиллаж байна. Маш олон хүн өндөр цалинтай ажил хийхийг хүсч манай төвд ханддаг ч ихэнх нь амархан шантарч тууштай биш байдаг.

-Хэдээс хэдэн насны хүмүүс асаргааны төвөөр үйлчлүүлдэг вэ?

-Манай төвөөр асаргаа шаардлагатай бүх насны хүмүүс үйлчлүүлдэг.

-Асаргаа сувилгааны ажилтан өдөрт ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой байдаг вэ?

-Тухайн асарч байгаа үйлчлүүлэгчийн биеийн байдлаас хамаарч олон тооны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Тухайлбал, үйлчлүүлэгчийг хооллох, усанд оруулах, бие засуулах зэргээр үйлчлүүлэгчийн хувьд өөрөө хийж чадахгүй байгаа үйлдэлд нь гар бие туслах, тэдний амьдрах орчныг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах, тэднийг аюулгүй орчинд сэтгэл хангалуун яг л эрүүл хүнтэй адил ажиллаж амьдрахад нь туслах нь асаргааны ажилтны хамгийн чухал үүрэг юм.

-Танай асаргааны төв өдөрт хэдэн хүн асарч үйлчилдэг вэ?

-Манайх одоогийн байдлаар 54 үйлчлүүлэгчид өдөр тутмын амьдралын чанарыг нь сайжруулах зорилготой асаргааны үйлчилгээг үзүүлж байна.

-Ажлын зарын дагуу хүмүүс хэр ирж байгаа вэ. Цалин ч мөн өндөр юм байна?

-Маш олон хүн зарын дагуу утсаар мэдээлэл авах болон манай оффист өөрийн биеэр ирж уулзаж байна. Манай монголчууд гадны улсад очоод асаргааны ажил хийгээд маш хүнд нөхцөлд амьдраад болдог байж өөрийн улсдаа орон гэртэйгээ ойр, эх хэлээрээ яриад байгаа мөртлөө тууштай сайн ажиллах ажилтан ховор байгаа нь маш харамсалтай. Тийм ч учраас яагаад манай улсад асаргааны мэргэжилтний цалин 3.5 сая төгрөгөөс эхэлж цалинжиж болохгүй гэж. Асаргааны мэргэжилтэн шөнийн цагаар бүтэн унтаж амарч чадахгүй, ажлын таван өдөр 24 цагаар ажиллаж байна. Хэрвээ бид жишээ нь Япон, ХБНГУ, Австрид асаргааны ажлаар ажиллавал сард доод тал нь таван сая төгрөгийн цалинтай ажиллах байх. Яг энэ жишгээр манай эрүүл мэндийн салбарынхан өөрсдийн хөдөлмөрөө бодитой үнэлдэг болох цаг хэдийнэ болчихоод байна шүү дээ.