Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мөнхбаяр: Олимпиадын зохион байгуулалт Монголын нэр хүндтэй холбоотой учир анхаарч ажиллаж байна DNN.mn

Монгол Улсын Их Сургуулийн физикийн тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа.


-Монгол Улс 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадыг зохион байгуулна шүү дээ. Энэ талаар тодруулаач?

-Азийн физикийн олимпиад нь жил бүрийн тавдугаар сард зохиогддог. Монгол Улс 2003 оноос хойш Азийн физикийн олимпиадад оролцож эхэлсэн. 2008 оны Азийн физикийн IX олимпиадыг эх орондоо зохион байгуулж байсан туршлагатай. Энэхүү олимпиадад Азийн 25-30 гаруй улс оролцдог. Энэ жилийн тухайд манай улс зохион байгуулах эрхийг авч тун удахгүй тавдугаар сард зохион байгуулна.

-Азийн физикийн олимпиадыг зохион байгуулахтай холбоотой энэ оныг физикээр амьсгалах жил болгож өнгөрүүлнэ гэсэн үү?

-Тийм. Азийн физикийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах ажилтай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын физикийн нийгэмлэгээс багш сурагчдыг физикээр амьсгалуулах жил болгож зарласан юм. Энэ хүрээнд 21 аймгийн багш сурагчдад физикийн хичээл, үзүүлэн туршилтууд явагдаж байна. Ирэх долоо хоногт Увс аймагт миний бие физикийн сургалтын багийг ахалж оролцохоор болсон. Энэ долоо хоногт сургалт Хөвсгөл аймагт болж өнгөрсөн гэх мэтчилэн 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээр тойрон сургалт, туршилтыг хийхээр төлөвлөсөн байна.

-Олон улсын физикийн олимпиадад ямар бодлогууд орж ирдэг вэ?

-Сүүлийн жилүүдэд олон улсын физикийн олимпиадын бодлогууд ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг өгч шийдлүүдийг нь гаргуулдаг нэлээн хүнд бодлогууд орж ирдэг. 2018-2020 он хүртэл Нобелийн шагнал авсан шинэ нээлтүүдтэй холбоотой бодлогуудыг ахлах ангийн сурагчдаар бодуулж байна. Энэ нь олон улсад физикийн түвшин, сургалт ямархуу хүрээнд байгаа гэдгийг шалгадаг том шалгуур. Үүнээс Азийн физикийн олимпиад нь олон улсын олимпиад хүүхдүүдээс хоёр дахин илүү их оюуны хүч шаарддаг, оюуны потенциал шалгадаг том олимпиад юм. Учир нь Ази бүсэд БНХАУ, Энэтхэг, Израиль, Сингапур, Хонконг гэх мэт дэлхийн хүчирхэг орнууд оролцдог учраас Азийн олимпиад нэлээн чанга бодлогуудтай, хүнд олимпиад байдаг

Олон улсын олимпиадад дэлхийн 80 гаруй орон оролцдог учраас Азийн физикийн олимпиадыг бодвол бодлогын хувьд түвшин доогуур ч цар хүрээ, хүүхдүүдээр хийлгэж буй байдлыг хараад үзэхэд сүүлийн жилүүдэд нэлээн чанга, шинжлэх ухааны шийдлүүдийг олуулах гэдэг нь онцлог юм. Азийн физикийн олимпиадад Монгол Улс нийтдээ гурван медаль, дөрвөн шагналт байртай, олон улсын физикийн олимпиадад найман мөнгөн медаль, хорь орчим хүрэл медаль түүнтэй дүүцэхүйц шагналт байрыг эзэлсэн байна. Азийн физикийн олимпиад нэлээн чанга учраас манай улс сүүлийн жилүүдэд шагналт байр хавьцаа оролцож, зарим жилүүдэд шагналт байрт орохгүй оролцох үе бас бий.

Тэгэхээр ямар хүнд шалгууртай олимпиад болох нь харагдаж байна. Энэ жил манай улс зохион байгуулж байгаа учраас хүнд, илүү шинжлэх ухааны шийдлийг олуулах бодлогууд тавих байх гэж миний зүгээс харж байна. Миний хувьд сүүлийн гурван жил олон улсын физикийн олимпиадад Монголын физикийн багийг ахалж оролцож, 2019 онд Азийн физикийн олимпиадад Монголын багаа ахалж Австралид оролцож байсан. Энэ жил бодлого, туршилт, зохион байгуулалтын ажлууддаа анхаарч байгаа. Олимпиадын зохион байгуулалтын ажил нь Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал учраас их анхаарч ажиллаж байна. Багийг бэлдэх багш нарын баг, бодлогуудыг тавих бодлогын комисс гарч бүх зүйлд анхаарч ажиллаж байгаа.

-Байгалийн шинжлэх ухаан математик, физик ямар ач холбогдолтой вэ?

-Ач холбогдлын хувьд гэвэл аливаа зүйлийг олон талаас нь харах, асуудлыг өөр өөр өнцгөөс харж шийдэх шийдлүүдийг шинжлэх ухааны хэллэгээр буюу физик, математикийн хэллэгээр илэрхийлж хүүхдүүдэд олгодог. Хүн бүр математикч физикч болох албагүй ч хүн бүр амьдрал дээр гарч буй ямар нэгэн асуудлыг шийдэх шийдлийг мэддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, байгалийн шинжлэх ухаан асуудал шийдэх шийдэлд их чухал үүрэгтэй. Түүнчлэн байгалийн ухааныг судалсан хүмүүс нийгэм болон хүмүүнлэгийн чиглэлээр суралцахад амархан юм шиг санагддаг. Магадгүй нийгэм хүмүүнлэгийн салбараас гарсан хүмүүс байгалийн ухаан буюу математик, физик, химийг сурна гэдэг тийм ч амар биш байх. Тиймээс хөрвөх чадвартай шинжлэх ухаан гэж ач холбогдлын хувьд ойлгодог.

-Сүүлийн үед хүүхдүүд физикийн хичээлийг хэр их сонирхож байгаа вэ?

-Инженер хүмүүсийн гол суурь үзүүлэлт нь физикийн хичээл байдаг. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт физикийн хичээл бараг байхгүйтэй адил нөхцөл байдал үүсчихээд байгаа учраас хүүхдүүд физикийг сонирхох нь багасчихаад байна. Төрөөс бодлогоор байгалийн суурь шинжлэх ухааныг дэмжих, их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг төлбөрөөс хөнгөлөх зэргээр дэмжиж инженерүүдийг бэлдэх хандлагаа нэн түрүүнд тавихгүй бол суурь шинжлэх ухааныг хүнд гэж сонгож буй хүүхдүүд их цөөхөн байна. Энэ бол зөвхөн Монголд ч биш, дэлхийн томоохон сургуулиудын байгалийн ухааны хүүхдүүд цөөхөн байдаг.

Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж байж урт хугацаандаа хүүхдүүд сонирхоно, түүнээс өнөө маргаашдаа хүүхдүүд олноор сонирхож, сонгохгүй. Би гадаадад олон их сургуульд зочилж байсан, физикийг сонгож буй оюутнууд манайхтай адил цөөхөн байдаг.

-Хүүхдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ салбарт дурлуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, ЕБС-ийн хөтөлбөрт анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, олон нийтийн телевизээр төрөл бүрийн нэвтрүүлэг, контентууд явдаг. Түүний оронд шинжлэх ухааны, инженерийн чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэж гаргаж хүүхдүүдийг багаас нь инженер сэтгэлгээтэй болгож байж хүүхдүүд илүү дурлах юм.

Телевизээр шинжлэх ухааны, инженер сэтгэлгээний нэвтрүүлгүүд их ховор гардаг. Физикийн улсын, хотын, дүүргийн олимпиадуудад олон хүүхэд оролцдог ч ахлах ангиасаа өөр мэргэжил сонгодог нь ажиглагддаг. Гуравдугаарт, ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалт их хийх хэрэгтэй. Багш нар сайн байж хичээлээ сонирхолтой зааснаар багшийгаа дагаад сурагчид тухайн хичээлд сонирхолтой болдог. Тиймээс багш нарыг чадавхжуулах ажилд илүү анхаараасай гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэлгэрсайхан: Хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Иргэдэд гуравдугаар сарын 1-нээс Үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг олгож эхэлсэн. Энэ ажлын талаар тодруулахгүй юу?

– Тийм ээ. Улсын бүртгэлийн байгууллагын нэг онцлог бүртгэл бол гадаадад зорчих эрхийн бүртгэл буюу гадаад паспортны бүртгэл байдаг. Зөвхөн 2023 он гарснаас хойш өдөрт л 2300-аад гадаад паспортын бүртгэл хийгдэж байна. Нийгэм эдийн засгийн байдлаас ч тэр “Ковид-19” цар тахлын үед хөл хориотой байснаас ч тэр гадагшаа явах урсгал нэмэгдэж байна гэж харж байгаа. Тус бүртгэлийн онцлог нь энэ бүртгэлийг хийснээр үр дүнд нь иргэдийн гар дээр бичиг баримт гарч очдог.

Энэхүү бичиг баримт нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой гэсэн шаардлага тавигдаад нэлээд хугацаа өнгөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын эрхийн бүртгэлийг баталгаажуулж иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн

гэрчилгээ зэрэг иргэд өөрийн гар дээр бичиг баримтууд авдаг юм. Гадаад паспорт бол гадагшаа чиглэлтэй хамгийн чухал бичиг баримт. Монгол Улс дотроо хэрэглэгддэг биш гадаадад аялах, зорчиход тухайн улсуудын хил гаалийн ажилтан дээр л шалгагддаг бичиг баримт учраас чухал бичиг баримт юм.

Бидний хувьд сүүлийн жилүүдэд, 2020 оноос хойш бэлтгэл ажлыг сайн хангасны үндсэнд цахим гадаад паспорт бичиг баримтын захиалгыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч эхэллээ. Мэдээж иргэдээс захиалга авах, хянаж баталгаажуулах, үйлдвэрт бичилт хийх, түгээж хүргэх, олголт хийхэд тодорхой хугацаа зайлшгүй байдаг. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд гадаад паспорт бичиг баримтыг гурав, таван жил гэсэн хугацаатайгаар олгодог, резинен тамгаар сунгадаг байсан. Зөвхөн энэ л сунгадаг байсан асуудал гэхэд л стандартыг хангахгүй байгаа талаар маш их зөвлөмжийг бид олон улсын байгууллагуудаас авдаг байсан. Тодруулбал, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ИКАО) иргэдийн зорчих хөдөлгөөн буюу гадаад паспорт дээр ямар стандарттай байхыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Тиймээс бид 2019 оны нэгдүгээр сараас хойш гадаад паспортыг сунгалтгүй болгосон. Үүний дараа буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард цахим хуулиуд батлагдсан бөгөөд цахим хуулиуд дотор Улсын бүртгэлийн байгууллагын нэгэн онцлогтой ажил болох тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэний цахим үнэмлэх болон бусад төхөөрөмжүүд болох гар утас, таблет, компьютер дээр иргэд тоон гарын үсгийг авах бололцоогоор хангагдсан юм. Тэгэхээр энэ тоон гарын үсгийг олгоход хэрэглэсэн дэд бүтэц, техник хангамж, программ хангамж нь өнөөдөр цахим гадаад паспорттой холбогдож, гадаад паспортын чип дээр тоон гарын үсэг шивэгдэж байна гэж ойлгож болно. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сараас гадаад паспортын зургийг иргэдээс цахимаар авдаг болсон. Өмнө нь иргэд аль нэг зурагчин дээр зургаа угаалган цаасан зургаа авчирдаг байсан бол иргэдээс тодорхой хэрэгслүүд болон веб сайтаар дамжуулан файл хэлбэрээр зургийг нь авах, эсвэл газар дээр нь шууд зургийг нь аван үйлчилдэг болсон. Ерөөсөө эдгээр бүх ажил нь цахим гадаад паспортын бэлтгэл ажлууд байсан юм.

-Шинэ цахим гадаад паспорт ямар давуу талтай вэ?

-Цахим гадаад паспорт гэж юу вэ гэвэл чипэн дээрээ тухайн иргэний өөрийн мэдээллийг хадгалах учир хамгийн сайн таньж баталгаажуулах, олон улсын стандартыг хангасан найдвартай баталгаатай бичиг баримт юм аа гэж ойлгож болно. Гадаад паспортын хуудасны тоо өмнө нь 32 байсан бол одоо цахим гадаад паспорт 48 хуудастай болон нэмэгдсэн. Мөн иргэдэд сонгох бололцоог нь хангах үүднээс чипгүй буюу цахим биш энгийн гадаад паспортын шинэ загварыг гаргаж, хоёр төрлийн паспортыг иргэддээ олгож эхэлж байгаа юм. Цахим гадаад паспорт дотор чип байрлаж байгаа юм. Энэхүү чип нь дээр хэлснээр тухайн иргэний өөрийнх нь мэдээллийг хадгалснаар ямар нэгэн гадаад улс, эсвэл өөрийн улсын ч тэр хилээр саадгүй, хурдан шуурхай зорчих гол үндэс нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм чухал бичиг баримтын хувьд нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хууль бусаар дуурайлган хийхгүй байх, тухайн цаг үед газар дээр нь иргэнийг таньж баталгаажуулах талаас нь стандартын нарийвчилсан түвшинд шалгадаг учраас л цахим паспорт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор үүссэн юм. Өөрийн ч тэр, бусад улсын нь ч тэр хил гаалиар түргэн нэвтрэх асуудалд илүү давуу талтай. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдэг асуудлыг бид сүүлийн үед маш их ярьдаг болсон. Бид хуучин зөвхөн гадаад паспорт дээрх мэдээлэл дээр тулгуурлан иргэдтэй харьцдаг байсан бол одоо чип дотор бичигдсэн мэдээллээр иргэнтэйгээ харьцана. Мөн энэхүү чиптэй паспорт буюу цахим гадаад паспорт нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд олон шаардлагууд байдаг юм аа. 2021 оны арванхоёрдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн юм. Бид аливаа олон улсад хэрэглэгдэх чухал бичиг баримтанд шинэ технологи, загварыг нутагшуулж хийхдээ заавал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай харьцаж, түүнд элсэн орж тэдний заавар зөвлөмжөөр ажилладаг учиртай юм. Одоо энэ байгууллагад 90 гаруй улс элсэн ороод явж байгаа. Тэгэхээр иргэдийн гар дээр очсон цахим паспорт энэ 90 улсын хооронд ямар нэгэн саадгүй зорчих боломжийг нээсэн л гэсэн үг. Энэ байгууллагад элссэнээрээ бусад гишүүн улсууд манай гадаад паспортын ямар стандарттай, хүчин чадлын мэдээллийг бусад байгууллагууд руу хуваалцан, ашигладаг. Ингэснээр Монгол Улс Олон улсын байгууллагад нь элссэн юм байна, стандартын паспорттой гэдгийг холбогдох байгууллагууд нотолж, баталсан учраас энэ хүмүүсийн паспорт найдвартай гэдэг дээр иргэдэд илүү боломж олгогдоно. Сонирхуулж хэлэхэд паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан мэдээллүүдтэй. Энэ мэдээллийг бид санамсаргүй хийгээгүй юм. Олон улсад ингэж улсаа сурталчилж ийм мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг л юм байна. Ямар ч улсад зорчсон монголчууд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн паспорттой байх ёстой гэсэн сэтгэлээр л сүүлийн жилүүдэд бэлтгэл ажлыг хангасны үүднээс хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг л иргэд маань сайн ойлгоосой гэж хүсэж байна.

-Иргэд гадаад паспортоо хэрхэн авах вэ?

-Иргэд нэгдүгээрт, уламжлалт аргаар авна. Энэ нь Нийслэлийн есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, болон иргэн өөртөө хамгийн ойр буй үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол зэрэг төвүүдээс биеэр очиж захиалан авах боломжтой. Орон нутгийн иргэд 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр очиж захиалж авна. Цахим гадаад паспорт гэдгээрээ өмнө нь захиалж байснаас ялгарах зүйл байхгүй ээ хуучнаараа явагдана. Хоёрдугаарт, бид e-mongolia систем дээр улсын бүртгэлийн байгууллага одоогийн байдлаар 90 төрлийн үйлчилгээг оруулсан байна. Энэ бол манай байгууллагын нийт үзүүлдэг үйлчилгээний хувьд харьцангуй өндөр тоо юм. Бид нийт үйлчилгээнийхээ 87 хувийг цахимжуулж, цахимаар үйлчилгээ авах бололцоотой болгосон. Үүнээс иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг үйлчилгээ бол гадаад паспорттой холбоотой үйлчилгээ. Тэгэхээр бид одоогийн явагдаж буй процессыг илүү баталгаажуулж, зүгшрүүлсний дараа буюу гуравдугаар сарын 15-наас хойш e-mongolia дээр цахим гадаад паспортыг захиалах бололцоогоор хангана. Тодорхой хэмжээнд системийн зүгшрүүлэлт хийгдэх юм. Гуравдугаарт, гадаадад амьдарч ажиллаж буй монголчуудын хувьд хэрхэн авах вэ гэвэл Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилчдаар дамжуулан захиалга авна. Нэг сайн зүйл гэвэл өнгөрсөн жилүүдэд цахимжилттай холбоотойгоор явагдаж буй үйл ажиллагааны үе шат дарааллыг бууруулах зорилт тавьсан. Аливаа цахимжилт бол зүгээр л компьютер, программ хангамж, дэд бүтэц, сүлжээг хэрэглэхдээ биш хамгийн гол нь улсын бүртгэлийн байгууллагаас иргэддээ үйлчилж буй үйлчилгээний шат дараалал багассан байх ёстой юм. Тийм ч учраас өнгөрсөн жил Монгол Улсаас АНУ, Канад, БНСУ-д суух дипломат төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн байгууллагын сүлжээтэй шууд холбосон. VPN буюу хязгаарлагдмал, хаалттай сүлжээг бид ашиглаж чадсан. Ингэснээр яг л улсын бүртгэлийн аль нэг нэгж дээр буй мэт үйлчлүүлэх бололцоо энэ улсуудад гарсан. Бид цаашдаа энэ тоог нэмж гадаадад сууж буй иргэд тэндээсээ шууд улсын бүртгэлийн үйлчилгээг хурдан шуурхай, найдвартай авах тал дээр онцгой анхаарч ажиллах болно. Хуучин зөвхөн шуудангаар явуулж, хугацаа алддаг байсан.

-Иргэд хоёр гадаад паспорттой байж болох уу. Өмнөх гадаад паспортынх нь хугацаа дуусаагүй бол яах вэ?

-Тэгэхээр яг одоо иргэдийн гар дээр буй хүрэн өнгөтэй паспорт хүчинтэй хэвээр байна. Өмнө хэлсэнчлэн бид 2020 оноос хойш паспортоо 10 жилийн хугацаатайгаар олгосон. Магадгүй сарын өмнө паспортоо авсан хүн байвал 2033 он хүртэл хүчинтэй хэвээр байна. Иргэдийн сонголт юм. Иргэд надад цахим гадаад паспорт шаардлагатай байна, энэ паспортоо цахимаар сольё гэвэл манай байгууллага дээр ирж солиулах юм. Гэхдээ хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, паспортын хугацаа нь дууссаны дараа шинэ паспорт авах үед сольж олгоно. Харин өмнөх паспорт, цахим гадаад паспорт бүгдээрээ надад хүчинтэй хэвээрээ байна гэж болохгүй. Яагаад болохгүй вэ гэвэл энэ нь бидний гаргасан дүрэм журам биш юм. Олон улсад иргэд хил гаалиар гарах, улс хооронд нэвтрэхэд яригдаж буй томоохон асуудал бол мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал юм. Ер нь улс болгон гадаад паспортын олголт дээрээ онцгой анхааралтай ханддаг юм. Ямар ч улсын хувьд аль нэг улсын иргэд орж ирэхэд хамгийн баталгаатай хүмүүсийг оруулахыг шаарддаг. Тэгэхээр хоёр, гурван паспортыг тухайн улс олгож эхэлбэл муу талын л бололцоог нь нэмж өгч байна гэж хардаг учраас олон улсад төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй юм.

-Үндэсний энгийн цахим гадаад паспортын төлбөр нэмэгдсэн байсан. Энэ талаар тодруулаач?

Манай улсад нийтдээ энгийн, албан, дипломат гэсэн гурван паспорт хэрэглэгддэг. Өнөөдөр аль ч паспорт маань чиптэй болж байгаа юм. Цахим энгийн гадаад паспорт 82500 төгрөг, цахим биш энгийн паспорт 35 мянган төгрөг. Үнийн хувьд үнэтэй, хямд байна гэсэн асуудал их яригддаг. 2022 онд 50 гаруй улсын гадаад паспорт олгох хугацаа, үнийн хувьд судалгаа хийсэн юм. Бүгд найрамдах ардчилсан Лаос 35 ам.доллар, Украин 37 евро, Литва 43 евро, Япон 112 евро, Чили 111 евро зэрэг үндсэндээ 30 еврогоос дээш үнэтэй байна. Бид цахим гадаад паспортын 82500 төгрөгийг ойролцоогоор ам.доллараар тооцоход 23.5 ам.доллар, энгийн паспорт 10 ам.долларын паспорт юм.

Тэгэхээр бидний хувьд дунджаас бага үнэтэй паспорт хэрэглэж байна. Зарим иргэд гадаадын хөгжилтэй, амьдралын түвшин өндөр улсуудтай харьцуулж хэлж болохгүй, тэдэнд 1000 ам.доллар харьцангуй бага байхад Монголд өндөр үнэ гэж ярьдаг. Гэтэл паспортод хэрэглэгдэж буй бүх бүтээгдэхүүнийг бид олон улсаас л авч хэрэглэдэг. Энэ цахим болон энгийн шинэ загварын гадаад паспортын бэлдэцийг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал, үнэ зэрэгт маш том давуу тал гарч байгаа юм. Ийм учраас үнийг харьцангуй багаар олгох бололцоотой болсон. Бид дотооддоо үйлдвэрлэл хийж байна гэдэг нь үнийг тогтвортой, харьцангуй бага байх бололцоогоор хангаж байна гэж харж байгаа юм. Тэгэхээр 82500 төгрөг бол дэлхийд, ийм стандартын түвшинд хэрэглэхэд харьцангуй бага үнэ юм. Өмнө дурдсанчлан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) 9303 DOC гэсэн стандарт бий. Энэ стандартыг хангахын төлөө ажиллаж буйг би дээр дурдсан. Иргэдийнхээ хувьд сонголтыг олгож байгааг дурдах нь зүйтэй. Яг одоо таны гар дээр байгаа хүчинтэй паспортаа хэрэглэж болно, шинэ цахим паспортаа авч болно, мөн шинэ энгийн паспортаа авч болно. Яагаад ийм олон паспорт гаргаад ирэв ээ гэж их асууж байгаа. Ерөөсөө л олон улсын шаадлага, стандарт хангасан паспортыг л сонголттойгоор нэвтрүүлж байгаа юм аа. Улсын бүртгэлийн ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тийм ч учраас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон цахимжилттай холбоотой, мөн найдвартай бичиг баримт бий болгох тал дээр олон ажил хийж буйн нэг жишээ гэж харж байна.

Иргэд цахим паспорт учраас цахимын бүх зүйлийг дэмждэг байх ёстой гээд цахим гэдэг үг дээр нэлээн их ач холбогдол өгч байна. Бид ярьж сурснаараа л цахим гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Түүнээс чиптэй паспорт. Бид иргэний үнэмлэхээ чиптэй учраас цахим үнэмлэх гэж ярьж сурсан. Энэ нь өөр дээрээ мэдээлэл агуулж болох технологийг шингээсэн бичиг баримт юм. Цахим гэж яривал цахимын асуудал дээр ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Иргэний үнэмлэх дээрх чип өөр дээрээ мэдээлэл агуулж, хадгалж байдаг учраас бид жил бүр сайжруулж явдаг. Харагдах байдлыг тодорхой хэмжээнд өөрчилж явж болох ч чип нь өөр дээрээ мэдээлэл хадгалах технологи учраас найдвартай бичиг баримт болж буйгаараа давуу талтай. Үүнийг цахим гэж хэлж болохгүй, харин цахимыг дэмжиж буй технологи юм. Энэ нь өөр дээрээ үйлдлийн системтэй, программчлагдах бололцоотой учраас технологи гэж ярьж байна.

Иргэний үнэмлэх дээр жишээ авахад саяхнаас ил харагдах хаяггүй болгосон, энэ хаягийг чип дотор бичиж, эргэн уншдаг, тодорхой хэмжээний мэдээллийг хадгалдаг хэрэгсэл болж хөгжиж байна. Аливаа бичиг баримт өөр дээрээ иргэнийг таньж баталгаажуулахад маш өндөр түвшний нарийвчлал, шаардлагатай байх ёстой. Тэгэхээр иргэнээ таньж баталгаажуулах өндөр түвшний шаардлагад нийцэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гадаад паспортын үнэ, харагдах байдал нэгдүгээр ач холбогдол биш юм. Хамгийн чухал нэгдүгээр ач холбогдол нь үүнийг барьж хэрэглэж буй иргэн өөрийгөө таньж баталгаажуулах боломж нь илүү гарч буй учраас хэрэгтэй газартаа өөрийгөө таниулах, бусад үйлчилгээнд хамрагдахад илүү бололцоотой болж байгаа юм.

-Иргэний үнэмлэх дээр байх чипийг иргэд хэрхэн хэрэглэх боломжтой вэ?

-Яг өнөөдөр бид иргэний үнэмлэхний чипээ программчлан тоон гарын үсэг суулгах бололцоотой болсон бол гадаад паспорт дээрх чип дээр тоон гарын үсгийг нэвтрүүлж олгож байна. Энэ нэвтрүүлж олгож буй тоон гарын үсгээр иргэдээ таньж баталгаажуулж байна гэж ойлгож болно. Тийм ч учраас үүнийг дэлхий нийтэд хамгийн сайн технологи гэж ярьж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн бол одоо 90 гарсан. Чиптэй ч тэнд элсээгүй 190 гаруй улс байгаа юм. Тэгэхээр манай улс түрүүлж яваа 90 улстай мөр зэрэгцэн дунд нь орж байна гэж ойлгож болно.

-Иргэний бүртгэлийн дугаар ямар давуу талтай вэ?

-Одоо шинэ иргэний үнэмлэх дээр бид иргэний бүртгэлийн дугаарыг регистрийн дугаарын оронд ил гаргаж өгсөн. Регистрийн дугаарын хэрэглээг халаагүй, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд илүү түлхүү ашиглах юм. Хуулиар регистрийн дугаар өөрчлөгдөх боломж бий. Тухайлбал, хүйс сольсны бүртгэл гэж байдаг, хүйсээ солиход регистрийн араасаа хоёр дахь орон хүйсийг тэгш сондгойгоор зааж байдаг. Тухайн хүн хүйсээ солих үед араасаа хоёр дахь орон солигдож буй учраас регистрийн дугаар солигддог. Шүүхээр насаа тогтоолгодог хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл иргэний бүртгэлийн дугаар хэзээ ч солигдохгүй. Бид төрөхөд нь шууд бүртгэлийн дугаарыг олгож, цаашдаа бүх мэдээллийн санд энэ дугаар огт өөрчлөгдөхгүй хэрэглэгдэнэ. Өнөөдөр хэрэглээнд нэлээн нэвтэрсэн байна. Татвар төлөгчийн дугаар, E-Barimt зэргийг иргэний бүртгэлийн дугаараараа хэрэглэж болно.

Тэгэхээр цаашдын зорилго нь зөвхөн энэ дугаараараа жолооны үнэмлэх, бусад нийгмийн үйлчилгээнүүдэд харьцаж явах боломжийг олгож байгаа юм. Банк, санхүү хувийн хэвшлийнхэн иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж эхэлсэн. Тэгэхээр иргэний бүртгэлийн дугаарыг зөвхөн төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлүүд өргөн хэрэглэж байна. Энэ нь цахимжилтад хэрэг болох чухал өгөгдөл юм.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

А.Долгор: “Бодлын цагаан хун” намайг таниулсан шүтээн дуу

Монгол Улсын ардын жүжигчин А.Долгортой ярилцлаа.


-Та тун удахгүй өөрийн хүндэтгэлийн тоглолтоо үзэгч түмэн олондоо хүргэх гэж байна. Тоглолтын талаар сонирхуулахгүй юу, бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Тоглолтын бэлтгэл ажил давгүй сайн хангагдаж байна. Олон жил дуулж, олон ч концерт хийсэн учраас сайхан болох байх гэж бодож байна. Тоглолтдоо өөрийнхөө олон шилдэг уран бүтээлийг дуулж үзэгч олондоо хүргэнэ. Энэ тоглолтын гол онцлог нь шавь нарыгаа их оролцуулж байгаа, миний долоон шавь оролцоно. Бүгд урлагийн байгууллагуудад буюу Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Хилийн цэргийн ансамбль, Сүлд чуулга, орон нутгийн дуурийн театр зэрэгт ажиллаж байгаа. Хорин жилийн хугацаанд багшиллаа. Шавь нар маань эхнээсээ олны танил болоод уран бүтээл нь сайхан цэгцэрч жигдрээд явж байна. Би голдуу өөрийн уран бүтээлээ шавь нартаа өвлүүлэх үүднээс “Бодлын цагаан хун”, “Магнаг цэнхэр дэлхий”, “Зүрхний хайртай эх орон”, “Эр хүн” гэх зэрэг дуунуудаа хамтарч дуулна. Шавь нар маань ч бас өөрсдийн дуугаа дангаараа дуулна, би ч өөрийн уран бүтээлээ дангаараа дуулна. Түүнчлэн попын дуучидтай хамтарч дуулсан дуунуудаа дуулна. Тухайлбал, СТА Т.Дэлгэрмөрөн, зууны манлай поп Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин, төрийн соёрхолт Х.Лхагвасүрэн зэрэгтэй хамтарч дуулж байсан дуунуудынхаа заримыг нь дуулна. Урьд нь би тоглолт дээрээ нэг, хоёр дуучин дуулуулж, бараг л ганцаараа дуулдаг байсан.

-Та тоглолтоо ямар учраас Эгшиглэнт 50 жил гэж нэрлэх болсон бэ?

-1973 онд Төв аймгийн Соёлын ордон гэж байхад дагалдан жүжигчнээр ороод түүнээс хойш дуулсаар яг тавь дахь жилдээ дуулж байна.

Тиймээс тоглолтоо “Эгшиглэнт 50 жил” хэмээн нэрлэсэн юм. Ерөнхийдөө би дөчин жилийнхээ ойноос хойш “Эгшиглэнт” гэж нэрлэж эхэлсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай миний тоглолтын нэрийг өгсөн юм. “Эгшиглэнт 40 жил” гэж нэрлээд дараа нь 2018 онд “Эгшиглэнт 45 жил”–ээ тэмдэглэсэн. Одоо тайзан дээрх тавин жил үзэгч олондоо дуугаа хүргэсэн ойгоороо илүү өргөн дэлгэр олон хүнийг хамруулсан сайхан баярын тоглолт хийх гэж байна. Өмнө нь ганцаараа л дуулдаг байсан бол одоо олон сайхан хүн оролцсон, шавь нартайгаа дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байгаа. Тоглолтынхоо бэлтгэлийг хийж, түмэн олондоо сайхан тоглолт үзүүлье гэж хичээж байна даа. “DDish” кабелиар шууд дамжуулж хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэнэ. “Эгшиглэнт 50 жил” тоглолт маань Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 5-нд 16 цагаас ганцхан удаа тоглогдоно. Ер нь би тоглолтоо 16 цагаас үзэгчдэдээ хүргэх их дуртай, миний үзэгчид голдуу тийм залуу хүмүүс байдаггүй болохоор гэрэл гэгээтэйд үзээд эртхэн гэртээ харих нь их тохиромжтой байдаг. Сайхан үзэгчдээ баярлуулсан сайхан тоглолт хийе гэж бодоод бэлтгэж байна даа. Би фонограмтай дуулахгүй, үргэлж амьд оркестртой дуулж байсан. Ардын жүжигчин төрийн шагналаа хүртчихээд Монголын таван оркестртой тоглолт хийж байсан, ийм тоглолт бараг байхгүй байх. Монгол Улсын филармони, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжмийн оркестр гээд таван оркестртой тоглолт хийж байсан. Ер нь голдуу үргэлж хоёроос доошгүй оркестртой тоглолтоо хийдэг. Энэ удаад бас Монгол Улсын филармони, Морин хуурын чуулга, симфони оркестртой тоглолтоо хийнэ.

-Энэ удаагийн тоглолт нь таны 37 дахь тоглолт шүү дээ. Анхны тоглолтоо хэзээ үзэгч олондоо хүргэж байсан бэ?

-Тийм. Энэ удаагийн тоглолт 37 дахь тоглолт, гэхдээ нэг тоглолтоо давтаж явдаг биш, жил болгоны тоглолт бүр өөр өөрийн өнгө аяс, нэртэй, 37 төрлийн тоглолт юм. Анхны тоглолтоо 1988 онд хийсэн. Тэр үед тоглолтоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийж байсан. Сэтгэл догдлох, айх, сандрах зүйл их гарсан, одоо ч айж ичих сэтгэл хөдлөл гарах үе бий. Би анхны тоглолтоо тал нь монгол дуу, тал нь сонгодог дуутайгаар хийж маш их хичээж зүтгэж үзэгч олондоо хүргэсэн. Анхны тоглолт учраас хэрхэн дуулснаа ч одоо санадаггүй, нэг мэдэхэд л тоглолт минь дуусаж байсан. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон маань намайг маш их дэмжиж байлаа. Тэр үед тоглолтын билет зарна гэдэг зүйл байхгүй, театраас бүх зүйлсийг дааж даавуун дээр анонс хийж түүн дээр дуучин А.Долгорын концерт болно гэж УДБЭТ-ийн гадаа өлгөдөг байсан. Өөр ямар нэгэн фм зарлал, реклам сурталчилгаа юу ч байхгүй байлаа. Үзэгч олон тэр анонсыг хараад УДБЭТ-т болсон тоглолтыг минь битүү хүн үзэж байсан даа. Тийм л нандин дурсгалтай үе юм.

-Таны Бодлын цагаан хун дуу олон түмний сэтгэл зүрхэнд нь хоногшсон бүтээл шүү дээ. Энэ дууг хэрхэн бүтээж байв, түүхээсээ хуваалцахгүй юу?

-Тийм, “Бодлын цагаан хун” бол 1990 оны “Морин хуур” уралдааны тэргүүн байрын шагналт дуу юм. Италид 1989-1990 онд мэдлэг боловсролоо дээшлүүлж ирээд 1991 онд “Морин хуур” уралдаан болсон. Италид суралцаж байх үедээ багт наадамд оролцоход надад хуримын даашинз бэлэглэсэн байсан юм. Тэгээд бэлэглэсэн даашинзтайгаа төгсөөд ирэхэд бүх зүйлийн тохироо бүрдэнэ гэдэг шиг “Бодлын цагаан хун” дууг надад өгч, цагаан даашинзтайгаа дуулж тэргүүн байр эзэлсэн. “Бодлын цагаан хун” дуу бол ард түмэнд намайг таниулж өгсөн, үнэхээр хайртай шүтээн дуу минь. “Бодлын цагаан хун” дуунаас хойш цагаан даашинзаа их өмссөн. Яг тэр үеийн цагаан даашинз маань их муудаж, элэгдсэн. Түүнээс хойш сая “Бодлын цагаан хун” дууг шавьтайгаа хамтран дуулахдаа дөрөв дэх цагаан даашинзаа хийлгэсэн. Одоо хуучин цагаан даашинз минь хуучирч элэгдэж шарласан ч хадгалаастай байдаг даа.

Монголын тал нутаг, Аргалд явсан ижий зэрэг дуунууд ард түмний сонсох дуртай дуунууд шүү дээ. Та энэ сайхан бүтээлүүдийн талаар ярихгүй юу?

-Сайхан сайхан дуунуудыг их дуулсан даа. Хамгийн гол нь энэ сайхан дуунууд намайг дуулж байх үед агуу их хөгжмийн зохиолчид байсан даа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, төрийн шагналт Б.Шарав, төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Монгол Улсын төрийн шагналт Х.Билэгжаргал, Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Нацагдорж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр гээд энэ сайхан хүмүүсийн буянаар сайхан дуунууд минь төрөн гарч ирсэн. Тухайлбал, Н.Жанцанноров гуайн “Магнаг цэнхэр дэлхий”, “Аргалд явсан ижий”, Б.Шарав гуайн “Монголын тал нутаг”, Х.Билэгжаргалын “Зүүдний хайртай нутаг”, Д.Баттөмөр гуайн “Бодлын цагаан хун”, Р.Энхбазарын “Эр хүн”, гэх зэрэг сайхан дуунууд минь бүтсэн. Аливаа зүйлд тохироо нь бүрдэнэ гэж зүйл байдаг шиг нэг хэсэг бидний үед сайхан дуучид гарч ирж байсан. Монгол Улсын ардын жүжигчин А.Энхбат, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гээд дуучид гарч ирж хөгжмийн зохиолчид ч эдгээр дуучдад зориулан мэргэжлийн дууны үг зохиож байсан. Аль алиндаа бүх зүйл нь бүрэлдсэн тийм л үе байж дээ. Одоо үеийн залуучууд эдгээр хүмүүсийн зохиосон дууг дахин дуулсаар л байна.

-Та их олон шавьтай. Шавь нартаа та юуг захидаг вэ?

-Шавь нартаа их олон зүйлс захидаг даа. Хүн хамгийн гол нь нэгэнтээ сонгож мэргэшсэн мэргэжилдээ үнэнчээр хандаж орхихгүйгээр, сайхан хоолойгоо зэврээхгүйгээр уран бүтээл их хийгээсэй гэж боддог. Хоёрдугаарт, урлагийн ажил их хэцүү, тэгэхээр энэ хүнд хөдөлмөрийг нэгэнтээ сонгосон бол ухрах зам үгүй шүү гэж хэлдэг. Ер нь урлагийн ажил хүн харахад сайхан, амархан мэт боловч тайзны ард маш их хүч хөдөлмөр, хөлс гарсан байдаг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хүн хэлсэн үгэндээ хүрэх, хүний итгэлийг даана гэдэг их том зүйл байдаг гэх зэрэг их олон зүйлийг л хэлж захидаг даа.

-Тайзан дээр 50 жил тасралтгүй дуулж, зүтгэж байж өнөөдрийн агуу их А.Долгор бий болсон гэж ард түмэн их ярьдаг. Та үнэхээр Монголын ард түмний хайр хүндэтгэлийн дээд болсон агуу дуучин?

-Өдий зэрэгтэй дуучин болоход сайхан аав ээжийн минь өгсөн өгөгдөл энэ хоолой, авьяас, газар нутаг, дуулах эрдмийг заасан багш, өдийг хүртэл дэмжиж ирсэн үзэгч түмэн нөлөөлсөн. Үзэгч түмэн минь миний дуулахыг сонсож намайг дэмжиж, би хариуд нь сайхан уран бүтээл хийх гэж мэрийж явсан. Үзэгч түмэн маань бидний баяр шүү дээ. Тиймээс үзэгч түмэндээ их баярлаж, талархсанаа илэрхийлж эрүүл энх, аз жаргалыг хүсэж байна. Энэ жил хоёр сайхан ээжийн тухай дуу хийсэн. Хүний мөрөөдөл төгсөшгүй байдаг учраас би дахин сайхан уран бүтээл хийж ард түмэндээ бэлэг барих болно. Түүнчлэн багшилж олон сайхан шавь нарыг төрүүлж Монголын дууны урлагт өөрийн чаддаг зүйлээр нэмэр хандив өргөж амьдрах болно. Энэ дашрамд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Соёл урлагийн их сургуулийн хамт олондоо баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Сонсогч олондоо мөн их баярлалаа гэж хэлье.

Үзэгч түмэн олон та бүхэн минь миний “Эгшиглэнт 50 жил” тоглолтыг үзэж, нэг үдшийг сайхан өнгөрөөхийг хүсвэл өнөөдрөөс эхлэн Соёлын төв өргөөний кассаар, ticket.mn сайтаар болон 11329173, 99106067, 94083388 дугаарын утсаар холбогдож тасалбараа захиалан аваарай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Очирхуяг: Химийн шинжлэх ухаан оролцдоггүй салбар гэж байдаггүй DNN.mn


Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Б.Очирхуягтай ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд химийн инженерчлэл гэж яг юу болох талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсад өнөөдөр химийн технологи, химийн инженерчлэл гэсэн хоёр хөтөлбөрөөр химийн салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтнийг хангаж бэлтгэж байна. Манайд 1995 оноос өмнө зөвхөн химич, химийн багш гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаад, 1995 онд анхны химийн технологич мэргэжлийн төгсөгчид төгссөн түүхтэй.

Химийн технологийг бэлтгэж ирсэн туршлагаар нь яривал хуучин хими суурьтай боловсруулах болон олборлолтын бусад үйлдвэрлэлийн технологийн суурь мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарч тухайн үед бодлогын дэмжлэгтэйгээр хөтөлбөр үүсэж бэлтгэж ирсэн.

МУИС-ийн хувьд энэ хугацаанд зөвхөн химийн технологиор 400 гаруй мэргэжилтнийг бэлдсэн байдаг. Энэ нь тийм ч их тоо биш

Химийн технологичдын хамгийн том ажлын байр болох үйлдвэрлэл, олборлолт, уул уурхай, боловсруулалтын энэ бүх чиглэлд технологийн процесст хяналт тавьж, удирддаг, шинжилгээ хийж шийдвэр гаргадаг ажлын байр зайлшгүй шаардлагатай гэдэг утгаар бэлдэж байсан юм. Монгол Улсын хувьд нийт экспортын 90 гаруй хувь нь түүхий эд, гэтэл түүхий эдийн зөвхөн олборлолт нь явагдаж байна шүү дээ. Цаашдаа бид олборлолтыг дотооддоо боловсруулах, боловсруулж бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингэсэн хоёрдогч бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргавал буцаад илүү үр ашигтай байх гэдэг шаардлагатай байгаа. Тэр утгаараа олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллахад нэн түрүүнд шаардлагатай мэргэжилтнүүд болох химийн технологичид, химийн инженерүүдийг бэлдэж байна. Технологич инженерүүдийн хооронд багагүй ялгаа бий. Технологичид нь процесс, технологийн горимын, шинжилгээ үйл ажиллагааг удирддаг бол химийн инженерүүд тухайн процесс, технологи явагдаж байгаа реакторын дизайны гол үндэслэлийг гаргаж өгдөг тооцооллын, загварчлалын инженерүүд юм. Тэгэхээр ирээдүйд химийн үйлдвэрүүд удахгүй баригдаж хэлнэ. Химийн процесст суурилсан реакторын дизайныг зөв удирдаж, зохион байгуулан хийх чадвартай мэргэжилтнүүд зайлшгүй байх шаардлагатай. Хамгийн сүүлд батлагдсан Засгийн газрын хөтөлбөр болох “Алсын хараа 2050” дээр ч гэсэн юун түрүүнд Монгол Улс 2050 хүртэл гурван шаттайгаар улс эх орны эдийн засгийн өсөлтийг төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн эхнийх нь олборлолтыг нэмэгдүүлнэ. Олборлолтын хүрээнд харахад зөвхөн нүүрс, зэсээс гадна цахиур, газрын ховор элемент зэрэг нэлээн олон чиглэлүүдийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ нь олборлолтын шинэ салбар нээж байгаа тухай л асуудал. Хамгийн гол зорилго нь хоёр дахь буюу боловсруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал юм. 2050 он гэхэд зэсийн баяжмалын боловсруулах үйлдвэр, нефть, хими, кокос химийн үйлдвэр барьж, нүүрс угааж, алт, жонш боловсруулж, нефть тойрсон нэлээд хэдэн үйлдвэрийг Монгол Улсдаа барьж боловсруулалтын салбарын хэрэгцээг өргөтгөнө гээд зорилт тавьсан байна. Тэгэхээр химийн боловсруулалтад суралцсан үйлдвэрлэл, реактор, технологийн ойлголттой мэргэжилтнүүдийг улс орон зайлшгүй нэхээд эхэлж байна гэсэн үг. Тэдгээр мэргэжилтнүүдийг л бид бэлтгэх гээд байгаа юм. Боловсруулалтын үйлдвэр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний арав орчим хувь л байна. Гэтэл “Алсын хараа-2050” дээр дор хаяж 2.5 дахин хувь нэмэгдүүлнэ гэсэн. Боловсруулалт нь одоогоор олборлолтоос их болох гэж байна шүү дээ. Өнөөдөр олборлолт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай байдаг гээд бодоход 10 хувьтай боловсруулалтыг үүнээс ихэсгээд илүү гаргана гэсэн том зорилготой явж байна. Тэгэхээр энэ хэмжээгээр багтаамж нэмэгдэх шаардлага зайлшгүй байгаа юм. “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтын хүрээнд ойрын жилүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад Монгол улсад гучин хэдэн мянган инженер шаардлагатай байна гэж гарсан байсан. Түүний нэг хэсэг нь бол хими суурьтай, технологийн мэдлэгтэй, химийн инженер, технологич зайлшгүй бэлтгэх чухал болсон. Хуучин химийн технологичдоо химич суурьтай бэлтгэж ирсэн бол одоо цэвэр инженер дээр суурилан химийн боловсруулалтын технологи болоод химийн инженер гэсэн хоёр чиглэлээр хүмүүсээ бэлтгэж байна.

-МУИС-ийн хувьд химийн инженерчлэлийн ангийг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Монгол Улсад анхны химийн инженерчлэлийн ангийн төгсөгчид 2018 онд төгссөн. Химийн инженерийн ажлын байрыг хүүхдүүд сайн сонирхож байна. Ихэнх үйлдвэрүүд маань “Low” технологи гэж нэрлэдэг эхний түүхий эдээ олборлодог үйлдвэрүүд байгаа учраас нарийн мэргэжлийн дизайн, реакторын хүмүүс одоохондоо өнөөдрийн түвшинд эрэлттэй гэхээсээ технологичийн ажлын байр шаардлагатай. Цаашдаа химийн цэвэр үйлдвэр болон боловсруулах үйлдвэр баригдаад эхлэхээр жишээлбэл, зэсийн баяжмалууд, нефть химийн чиглэлийн үйлдвэр баригдаж эхлэхэд яалт ч үгүй процессын инженерүүд хэрэг болно л доо. Бид тэднийг өнөөдрөөс бэлдээд байна гэсэн үг.

-Химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

-Арваннэгдүгээр сарын эхээр химичдийн үндэсний анхдугаар зөвлөгөөнд Монгол дахь бүх химийн салбарынхан нийлж чууллаа. Уг чуулганаар химийн салбар маань ойрын ирээдүйд яах вэ, одоо юу хийвэл зүгээр вэ гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа бүгд хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Дүгнэж хэлэхэд хими оролцдоггүй салбар гэж байхгүй болчихсон, зөвхөн уул уурхай, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна бүхий л салбарт химийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Химийн салбарын мэргэжилтнүүд уулзалт, зөвлөгөөн хийснээр давуу талууд гарч ирж байна гэж харсан. Монгол Улс маань түүхий эдээр баялаг орон. Түүхий эдийг боловсруулаад өөр бүтээгдэхүүн гаргана гэдэг нь хими суурьтай процесс юм. Ямар ч түүхий эдийг боловсруулах, дараагийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход бүх төрлийн салбар хүнс, уул уурхай, эм, барилгын материал ч хамрагддаг. Эдийн засагт нэмүү өртөг аваачдаг боловсруулах үйлдвэрүүдэд химийн л процесс явагддаг. Эдгээр процесс бүр бүгд хяналттай, мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр энэ процессыг лабораторид нь манай химичид шинжилж болж байна уу, болохгүй байна уу, шаардлага хангаж уу, үгүй юу, түүхий эд нь болж байна уу гэдэг шинжилгээ хяналтыг химич нь хийдэг, бүтээгдэхүүн болгодог процессыг хийдэг нь технологич инженерүүд юм. Тэгэхээр химийн салбарын хувьд “Алсын хараа-2050” дагуу Монгол Улс үйлдвэрлэгч орон болно, боловсруулалт, бүтээгдэхүүнээ өргөжүүлнэ, эдийн засгийн дийлэнх хэсгийг боловсруулалтын салбар болгоно л гэж үзэж байвал хүссэн хүсээгүй химийн салбарын хэрэгцээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэл гэхээр манайх том зүйлийг яриад байдаг л даа. Хамгийн энгийн жишээгээр үйлдвэрлэл гэдэг нь бүтээгдэхүүнээ түүхий эд болгох бүх процессыг хэлэх юм. Нэг бодис А-аас Б гэж өөрчлөгдөж байвал хими, энэ бүрд химичид оролцох шаардлага гардаг. Улс орны эдийн засгийн салбарын өсөлттэй уялдуулбал бүх салбарт бүтээгдэхүүн гаргах бүх процесст химичид оролцоно. Нөгөө талаасаа зөвхөн боловсруулж бий болгохоосоо гадна хэрэглээ гэж байгаа. Бид гаднаас маш их хэрэглээтэй, бензинээсээ эхлээд маш олон төрлийн зүйлсийг гаднаас импортолж авдаг. Хүнсний аюулгүй байдал гээд маш том хөтөлбөр явж байна, нефть, бүтээгдэхүүн хортой, хоргүй гээд их ярьж байна. Ерөөсөө л хүний амьдралын өдөр тутмын хэрэглээг хянах ёстой хүмүүс нь химичид. Хүний идэж уудаг хэрэглэдэг бүх төрлийн шинжилгээг химичид хийдэг. Тэгэхээр зөвхөн боловсруулах бий болгох бүтээгдэхүүнээс гадна хүний өдөр тутам хэрэглэдэг хэрэглээг хянаж, шинжилж, аюулгүй болохыг нь баталгаажуулж, хамгаалж байдаг хүмүүс химичид. Энэ төрлийн мэргэжилтнүүд маань шинжилгээ хяналтаа хийхэд зайлшгүй лаборатори хэрэгтэй болдог. Хими оролцоогүй ямар ч салбар байхгүй. Нэг салбарын жишээ дурдахад саяхан л гэхэд нефть импортлогчид химичид нь хүрэлцэхгүй нефтийн шинжилгээний мэргэжилтнүүдийг нэхэж байна. Хуучин манайд нефтийн химич бэлтгэж байх үед жилдээ арав гаруй хүүхэд химичээр суралцан төгсдөг байсан. Одоо цэвэр хими болоод төгсөж байгаа хүүхдийн тоо эрс багасчихсан энэ үед төгсөж буй хүүхдүүд нэг салбартаа ч хүрэхгүй болсон. Энэ олон шатахуун түгээх станцууд, бензин оруулж ирж буй компаниуд бүгд л шинжилгээ хийдэг. Тэгэхээр үүнийг хийдэг хүмүүс л хэрэгтэй, салбар салбарт химичид хэрэгтэй байна.

Түүнчлэн химичид цуглаад ярьж байсан зүйл нь мэргэшсэн химичдийг үнэлдэг, химичдийг шинжилгээний лабораторийн чадавхаар нь мэргэжлийн зэрэг олгодог үйл ажиллагаатай болгох тухай юм. Ингэж байж бид химичдээ чадвартайгаар нь ангилж, ажлын байр ялгаатай байдлаар ажил олгогчид өгмөөр байна. Яг лабораторид шинжилгээ хийх чадвартай химич бас янз янз шүү дээ. Үүнийг зэрэг дэвтэй болгож өгвөл үнэлэмж өөр болно гэх зэргээр манай салбарт шийдэх асуудал олон байна. Ажлын байр нь зөндөө байдаг, хүн ордоггүй ийм асуудал химийн салбараар мэргэжилтэн бэлтгэж буй ШУТИС, ХААИС, МУБИС зэрэг сургуулиудад байна. Ерөнхийдөө л химичдийн эрэлт их, хүний нөөцийн хангалт бага байна. Манай сургууль байгалийн ухааны салбарын хүүхдүүддээ тэтгэлэг зарладаг, тэтгэлгээр урамшуулахад ч химийн эрэлт хангалттай нэмэгдэхгүй бага байна. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын системд химийн хичээл хэр сонирхолтой, зөв яваад байна вэ зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй. Улсын химийн олимпиад зохион байгуулах хороогоор дамжуулаад хүүхдүүдийг химид дуртай болгох үйл ажиллагаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, олимпиадад алс дүүргийн, сумын хүүхдүүд ч орж болох цахим олимпиад хийж, оролцоод сонирхоод үзэх суралцагчдыг нэмэгдүүлэх хэлбэрээр явж байна. Дээр нь сайн багш, сонирхолтой химийн туршилт бүхий химийн хичээлийг л арван жилд зааж байж химийн сонирхол нэмэгдэнэ. Гол нь ирээдүй маань химийн салбарыг сонирхох хэрэгтэй болчихоод байгаа юм. Химиын чиглэлээр суралцагчдын тоо буурахад элсэлтийн бодлого ч давхар нөлөөлчихөв үү гэж хардаг даа.

-Өнгөрсөн жил МУИС-ийн химийн ангийг арав гаруй хүүхэд төгссөн. Энэ жил хэдэн хүүхэд төгсөх вэ?

-Цэвэр химийн чиглэлээр төгсөгч гэвэл сүүлийн үед үнэхээр санаа зовоож буй асуудал байгаа. ШУ-ны сургуулийн цэвэр химийн ангид маань шинжлэх судалгааны мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллага, хувь болоод улсын лабораториудад ажилладаг цэвэр шинжлэх ухаан суурьтай төгсөгч бэлтгэдэг, ийм ангид маань хүүхдүүд их бага элсэж байна. Энэ жил хорь хүрэхгүй суралцагч төгсөх байх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад химийн эрэлт их багасчихаад байна. Энэ маань цаанаа ЕБС-д байгаа хими сонирхогчдын тоотой, хичээлийн агуулга, химийн хичээл заадаг багш нартай уялдаад багасчихаад байна. Тэгэхээр бид ЕБС-иас нь химид дуртай болгох ажиллагааг хийж эхлэхийг бодохгүй бол болохгүй юм. Химийн инженерийн ангийн хувьд энэ жил 20 орчим суралцагч төгсөж байгаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд олборолт, боловсруулалтын нэмэгдүүлэлттэй уялдуулаад технологи, инженер суурьтай ангиудад хүүхдүүд орж сайн бэлтгэгдэж байгаа.

-Таны бодлоор арван жилийн хүүхдийг химийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ чиглэл рүү дуртай болгоход юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхэнд сайн багш, сайн лаборатори байх ёстой. Орон нутагт байгалийн ухаан, химийн багш нар хүрэлцэхгүй байна. Ялангуяа ахлах ангид хими заадаг багш нар ховор, нэг багш олон хичээл зааж байна. Орон нутагт хүн тогтохгүй байна шүү дээ. Ер нь багшаас маш их зүйл хамаардаг. Хоёрдугаарт, байгалийн ухаан чиглэлийн хүнд салбарыг хичээж сурахаас илүүтэй нийгэм хүмүүнлэгээр суралцах болсон хүүхдийн тоо их байна. Үүнийг ЭЕШ өгч байгаа байгалийн ухааны хүүхдийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад багасчихаад байгаагаас харж болно. Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ялангуяа химийн хувьд сайн лабораторид суурилсан сонирхолтой туршилт дадлагатай байж хичээл сонирхолтой болж хүүхдүүд химийг ойлгож сонирхдог онцлогтой. Тиймээс сайн бодолцож анхаарахгүй бол болохгүй байгаад байна.

-Улсын хөгжлийг тодорхойлдог гол хүчин зүйлийн нэг бол дотоодын үйлдвэрлэл. Үйлдвэрийн гол тулгуур нь аливааг бүтээх инженерүүд байдаг гэдэг?

-Монголд химийн инженер бол шинэ салбар, химийн технологийг нь түрүүлж бэлтгэсэн. Химич, химийн технологич, химийн инженер гэсэн гурван мэргэжилтнийг бэлтгэдэг гэсэн үг. Монгол Улс дөнгөж 1995 оноос химийн технологичдыг бэлдэж ирсэн. Монгол Улсад боловсруулах үйлдвэрийг идэвхжүүлэх Засгийн бодлого хангалттай байхгүй байсан. Одоо л далайцтай хөдлөх гэж байна шүү дээ. Үүнээс өмнө мөнгө их амархан олдох хэлбэрээр буюу нүүрс, зэсээ олборлож шууд гаргаж байсан. Энэ бол сүүлийн 20, 30 жилийн түүх маань шүү дээ. Үүнээс өмнө байсан төрөл бүрийн үйлдвэрүүд болох барилгын материал, арьс ширний зэрэг үйлдвэрүүд бүгд нурсан, одоо л өндийж байна. Гэтэл барилгын материалын үйлдвэр гэхэд тэр чигтээ л химийн мэргэжилтнүүд ажиллана. Нүүрсээ эхнээсээ гаргахаа больё угаая, нефть үйлдвэр баръя, зэсийн баяжмал боловсруулъя гэж буцаад үүнийг бүтээгдэхүүн болгох шаардлагатай гэдэг бодлого эхэлж байна. Тийм учраас эдгээр хүмүүсийн ажлын байрны хомсдол мэдэгдэхгүй явсаар одоо гэнэт гарч ирж байгаа юм. Өмнө бэлтгэсэн 400 хүн чинь доороо шингэчихсэн шүү дээ. Үйлдвэрүүдэд технологийн хяналт тавьж чадах чадвартай хүмүүс цөөхөн байсан. Хүмүүс үйлдвэрлэлийг биш шууд худалдааг дэмжиж байсан жилүүд байлаа л даа. Бүгдээрээ олборлолт биш боловсруулъя гэдэг бодлого нь одоо эхэлж байна гэдэг чинь яалт ч үгүй хүн болгон үйлдвэрлэл рүү орно, ороод эхлэхээрээ технологи буюу процесс сонирхон шат дамжлагын ойлгодог технологич, инженерүүд хэрэг болно. Хими оролцдоггүй салбар гэж байдаггүй, ямар нэг аргаар, багаар ч гэсэн химичид хэрэгтэй байгаа. Тэгэхээр үүнийг л мэддэг хүмүүс хэрэгтэй болж байна гэсэн үг. Химигүйгээр цаад санаа, утгыг ойлгохгүй шүү дээ. Тиймдээ ч бидний хувьд химийн үндсэн болон үйлдвэрийн процессийн суурь мэдлэг сайтай, практик дадлага туршлага чадвартай химийн боловсруулалтын технологич, химийн инженерүүдийг бэлтгэхэд голлон анхаарч байна. Энэ мэргэжилтнүүд маань ч химийн инженерчлэлийн суурь мэргэжилтнүүд тул аль ч үйлдвэрлэлд ажиллах чадвартай байхаар бэлтгэгдэх юм.


Categories
мэдээ нийгэм

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг DNN.mn

Хүний нөөцийг хэрхэн бүтээмжтэй ажиллуулахад чиглэсэн систем хөгжүүлэлт дээр ажиллаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн “Эйблсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадоржтой ярилцлаа.


-Орчин үед бизнесүүдэд компанийн соёл чухал үүрэгтэй болсон. Үүнд байгууллагад зориулсан платформ чухам ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Хэмжиж болохгүй бол удирдаж болдоггүй гэж үг бий. Хэмжихийн тулд мэдээлэл дата хэрэгтэй. Ажлын явц ямар шатанд явааг, ажилтнуудаас хэн нь бүтээмжтэй ажилласныг байгууллагынхаа системд ороод алган дээр байгаа юм шиг л харчихдаг нь хамгийн том давуу тал юм. Ердөө л системийн ачаар хэн юу хийгээд байгааг мэдчихнэ. Эйбл платформ нь удирдлагууд төдийгүй ажилтнуудын ажлыг нь хялбарчилдаг, хүн эсвэл хэн нэгний сэтгэл хөдлөлөөс үл хамааран ажилладаг шударга систем л дээ. Жишээлбэл, “Би сэтгэлээрээ ажилласан байхад…” гэж гомдоллодог ажилтнууд байдаг шүү дээ. Тэдний бүтээмж, үр дүнг амаар нь биш ажлын бүтээмж, гүйцэтгэлээр нь дүгнэнэ гэсэн үг. Ажлын шинэ арга барилд суралцах хэрээрээ цаг хожно, ашиг орлого нэмэгдэнэ. Судалгаагаар бүтээмж 30 орчим хувиар өсөж байгаа нь батлагдсан. Ер нь амжилттай байгууллага бизнесүүд ийм хэлбэрээр л ажиллаж байна.

-Байгууллагад тулгардаг олон асуудал байдаг. Тэр дундаас хүн хоорондын асуудал хамгийн төвөгтэй шүү дээ. Энэ асуудал ч бас цэгцрэх нь ээ, системийн ачаар?

-Байгууллагын тодорхой бус байдал ажилтныг хамгийн их залхаадаг. Энэ нь ажил удаашрах, ажлаасаа гарах гээд олон асуудлын шалтгаан болдог гэдгийг судалгаа ч харуулж байна. Тухайлбал, онлайн платформтой компанид ажилтан ээлжийн амралтаа авахдаа нягтлан бодогчтой уулзах шаардлагагүй байдаг. Тэрхүү ажилтны нэмэгдэл хоног, цалинг өгөгдөл дээр суурилж гаргана, үндсэндээ хэн нэгний үзэмж, хандлага нөлөөлөхгүйгээр хууль журмын дагуу тооцно. Иймээс л хамгийн шударга систем гээд байгаа юм. Зарим байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа сардаа 16 цаг буюу хоёр өдрийн цалинтай чөлөө авч болно гээд заачихдаг. Гэвч үүнийгээ хянаж чаддаггүй, зарим нь амралтын цагаа хэтрүүлж, ажил цалгаруулдаг нь нууц биш. Харин системтэй байгууллагын ажилтанд ийм боломж байхгүй. Систем шударга, найраагүй шүү дээ. (инээв)

-Гадны компаниуд энэ төрлийн датагаа шийдвэр гаргахдаа ашигладаг. Манайд ийм жишиг бий болж байна уу?

-Компаниуд хяналт удирдлагын системийг сайтар ашигладаг болжээ. Ач тусыг нь заавал тайлбарлахгүйгээр ойлгодог болсонд олзуурхдаг. Систем ашиглан асуудлаа олж хараад зогсохгүй, хүний нөөцийн ачааллыг хянаж ажлын байранд зохих хүнээ хуваарилна гэдэг нь байгууллага шийдвэр гаргахдаа датагаа шийдэл болгож байгаагийн тод жишээ юм. Нөгөө талдаа датаныхаа ач холбогдлыг ойлгохгүй байгууллагууд ч байгааг нуухгүй.

-Танай программууд Монголд ямар соёлыг бий болгосон гэж ам бардам хэлж чадах вэ?

-Анх системээ нэвтрүүлж байхад байгууллагууд ач холбогдлыг нь шууд ойлгож хүлээж аваагүй. Энэ программын цаана ажил явдаг гэдгийг ойлгуулахын тулд багагүй хугацааг туулжээ. Харин “Ковид-19” цар тахлын дараа хандлага эрс өөрчлөгдсөн. Хүн ажилд авахаас эхлээд ажлаас гарах хүртэл бүх процесс системчлэгдэж, том зургаараа байгууллагын зорилго руу чиглэгдсэн төлөвлөгөө тайлан гээд үйл ажиллагаандаа орхигдуулж болдоггүй явцуудыг тодорхой, цэгцтэй системтэй болгож, цахимаар бүтээмжтэй ажиллахад чухал хувь нэмрээ оруулсан гэж ам бардам хэлнэ. Үр дүнд нь байгууллагын соёл төлөвшдөг. Бид ажил дээрээ ажлаа хийхийн тулд тодорхой зорилготой ирдэг шүү дээ. Үүн шиг ажилтнууд системдээ нэвтрэхдээ юуны төлөө ажиллаж байгаагаа санаж байх ёстой. Манай компанийн системд нэвтрэхэд “Хүн бүрд хүртээмжтэй, бүтээлч цахим үйлчилгээ үзүүлэх дэлхийн хэмжээний компани болно” гэсэн алсын хараа, “Цахимаар бүтээлч ажиллах боломжийг хүн бүрд олгоно” гэсэн эрхэм зорилго гарч ирнэ. Үүнийг хэрэглэгч байгууллагууд өөрсдийнхөөрөө бичиж болно. Үнэт зүйл нэгтэй байгууллагууд урт хугацаанд үр дүнтэй ажиллаж чаддаг. Бид энэ л философид зангилагдаж 13 жилийн турш үйлчилгээгээ сайжруулж, алгуурхан тогтвортой өсөж явсаар өдийг хүрсэн.

-Шинэ соёлыг нэвтрүүлэх амаргүй. Ажилтнуудад дадал болгож хэрэглүүлж сургах нь хэр төвөгтэй процесс байдаг вэ?

-Бараг хамгийн төвөгтэй процесс нь хөрсөн дээрээ бууж хүмүүст ойлгуулах. Зарим байгууллагын ажилтнууд эхэндээ бидний ажлыг хялбарчлах нь гэж дуртай хүлээж авдаг ч яваандаа ажлыг нь хянах нь, бүтээмжийг нь хэмжих нь гэж дургүйцнэ. Тиймээс л тэр хүмүүст аль болох хэрэглэхэд хялбар ажиллаж дадах аргыг нь санал болгохоор ажилладаг. Арав гаруй жил ажилласан учраас программ маань янз бүрийн сурах арга барилтай хэрэглэгчдэдээ туршигдчихсан. Зарим хүн гарын авлага хараад л сурчихдаг бол нөгөө нь ярилцаж тайлбарлангаа сурдаг онцлогтой. Ажлаа хийхийн хажуугаар чатлангаа сурдаг ч хүн бий. Бид шинэчлэл хийхдээ бидний хэрэглэж дадсан нийгмийн сүлжээ шиг байдлаар өөрчилсөн. Захидал ирсэн, албан бичиг илгээсэн, хурал зарласан үед пост шиг харагдахаар хэрэглэгчдэд хялбар байхаар шийдсэн. Албаны харилцаа учраас бүх түүхүүд хадгалагдаж үлдэнэ. Гэтэл зарим компаниуд мессенжэрээр л чухал бичиг баримтуудаа илгээдэг. Тухайн хүн ажлаас гарангуут ямар ч архивгүй болж байгаа юм.

-Албан бичиг хөтлөлтийн өдөр тутмын процессийг системд оруулахын давуу талыг дурдахгүй юу?

-Албан бичиг төлөвлөнө, тушаал тогтоол, өргөдөл гаргана гэдэг нь стандартчилагдсан ажил. Үсгийн шрифт, бичвэрийн стандарт, мөр хоорондын зай гээд стандартчилагдсан процессийг технологи өөрөө удирдаад явчихна гэсэн үг. Шинэ ажилтан ч систем рүү ороод тухайн загварын дагуу л хийхэд болох юм. Ажил илүү ойлгомжтой цэгцтэй учраас энэ процесст бараг алдаа гарахгүй. Заавал компьютер дээр шивэхгүйгээр Чимэгэ системээр яриад л албан бичгээ системээр илгээж байна. Өмнө нь нэг албан бичиг төлөвлөхөд дунджаар ажлын 12 цаг буюу бараг ажлын хоёр өдрийг зарцуулдаг байсан юм билээ. Нэмээд томоохон газрын хувьд удирдах албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулах гээд цаг алддаг, үүнийгээ дагаад боломжууд ард үлддэг гээд албан бичиг дагасан төвөгтэй асуудлууд цэгцлэгдсэн. Учир нь Эйбл платформ тухайн гарын үсэг зурах албан тушаалтан хаа байгаа газраасаа тоон гарын үсгээр баталгаажуулчихаж байгаа юм. Интернэт л байхад хангалттай. Удирдах албан тушаалтны хувьд үндсэн ажилдаа төвлөрөх боломж гарч байгаа биз. Бид 2010 оноос энэ ажлыг эхлүүлж байлаа. Байгууллагууд энэ ажлаар маань илүү мэддэг юм билээ.

-Байгууллагуудад дижитал шилжилт хийхэд хамгийн чухал анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ?

-Компани үнэтэй техник, сайн систем нэвтрүүлээд л дижитал шилжилт хийчихэж байгаа юм биш шүү дээ. Байгууллагын удирдлага үнэ цэнэ, ач холбогдлыг нь ойлгож манлайлах маш чухал. Энэ бол зүгээр л нэг хоосон үг биш юм шүү, туршлагаар батлагдсан зүйл гэж хэлж болно. Удирдлага ухамсарлаад хандаж байгаа тохиолдолд систем ашиглалтын түвшин, ажлын бүтээмж эрс дээшилдэг. Нөгөө талдаа ажилтнууд бүх процессоо бүртгээд байгаа ч заримдаа удирдлагуудаас болоод л гацчихдаг тохиолдол ч бий. Үүнээс шалтгаалаад зарим байгууллага дээр системийн ашиглалт унадаг, энэ нь ажлаа хийсэн ажилтан, үүрэг өгөх ёстой удирдлагуудын дундах эргэх холбоо, цикл тасалдсантай холбоотой. Давуу тал нь гэвэл асуудал надаас болжээ гэдгийг ч удирдлага системээсээ олоод харчихаж байгаа юм.

-Зах зээл дээр хэд орчим программ гаргаад байна вэ?

-Бид 40 гаруй программ зах зээл дээр нийлүүлж, тогтвортой байдлыг нь ханган ажиллаж байна. 200 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Төрийн байгууллага, яам агентлаг, уул уурхай гээд бүхий л салбарын 800 гаруй байгууллага хэрэглэж байна.

-Жижиг дунд бизнесүүд ашиглах боломжтой юу?

-Үнэнийг хэлэхэд энэ төрлийн системийг томоохон байгууллагууд л ашигладаг гэсэн ойлголт манайханд бий. Сүүлийн жилд энэ хандлага эрс өөрчлөгдөж бага хүчээр их ажлыг амжуулахын тулд технологийн шийдэл хэрэглэх ёстойгоо ойлгож эхэлсэн, бид ч стратегиа жижиг дунд бизнес рүү чиглүүлээд байна. Тухайлбал архив хөтлөхийн тулд тусад нь хүн ажиллуулахгүйгээр программ дээрээ архив үүсгэчихдэг болсон. Үндсэндээ бизнесээ богино хугацаанд бага зардлаар системчлэх арга барилыг танд санал болгож байгаа юм. Манай системийг гурван хүнтэй гарааны компаниас эхлээд 15 мянган ажилтантай компаниуд ч ашиглаж байна. Бид эдгээр дата тоонуудыг хүний нөөц, удирдлагын арга барил, хэрэглэгчдээс ирсэн саналууд дээр үндэслэн сайжруулан системээ хөгжүүлж байна.

-Энэ төрлийн системийг ашигладаггүй компаниудыг ямар ирээдүй хүлээж байна гэж та хардаг вэ?

-Хяналтгүй бизнес урт хугацаандаа асуудалд орно л гэсэн үг. Гадны улс орнуудад ажил ийм л хэлбэрээр явж байна. Тиймээс байгууллагынхаа үйл ажиллагаанд цахим шилжилт хийх замаар хяналтын тогтолцоогоо бий болгохгүй бол байгууллагын дараагийн шатны хөгжлөө тодорхойлох боломж улам л хомс болж байна гэсэн үг.

-Та бүхэн байгууллагуудын процессийн луужинг бүтээж байна. Ирэх жилүүдэд ямар чухал ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид системдээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Судалгааны ажлын шатанд явж байгаа ч зарим зүйлээс нь хуваалцъя. Тухайлбал албан бичиг гэрээ боловсруулалтын шатанд хуулийн зүйл заалтад нийцэж байгаа эсэхийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэнэхүү: Утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутаци илэрснийг судалгаагаар тогтоосон DNN.mn

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнгөрсөн даваа гаригт болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой байдлын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн гэж байна шүү дээ. Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Манай эмч нар дэлхийн Сингапур, Франц, Испани, АНУ-ын 14 байгууллагатай хамтран энэ судалгаа хийсэн. Энэхүү судалгаа нь элэгний эсийн хавдрыг үүсгэхэд геномын түвшинд ямар онцлог байна вэ гэдгийг судалсан. Геномын түвшинд үүсч буй мутаци өөрчлөлтийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдэд үүсч буй элэгний эсийн хавдартай харьцуулж хийсэн. Ингэхэд ижил төрөлтэй мутациуд буюу гепатитын В, С, D вирусээр үүсгэгдсэн хавдар ихэнх нь гарсан ч орчны шалтгаантайгаар мутаци үүсч хавдар бий болсон гэх илэрц бас тодорхойлогдсон. Бүр тодруулбал нүүрсний утааны задралын үр дүнд бий болж байгаа хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутаци илэрсэн. Энэ нь монгол хүнд өвөрмөцөөр хавдар үүсгэж байгааг геномын түвшинд баталж дүгнэсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хүхрийн давхар ислээс хамааралтай мутацийг хавдар үүсгэж байна уу гээд барууны хөгжингүй орнуудын элэгний эсийн хавдрын мутацитай харьцуулан судалж үзэхэд нүүрсний задралаас үүсэлтэй ийм гажигшилийн илэрц нь зөвхөн монгол хүнд байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн мутаци нь утаанаас үүдэлтэй хавдраараа өвддөг иргэдтэй Монгол Улс гэдэг нэрийг дэлхий дахинд тараачихаад байнаа гэсэн үг.

-Судалгааг ямар хугацаанд хийсэн бэ?

-Судалгааг таван жилийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд хамгийн эхэнд сорьцуудаа авсан, манайх сорьц нийлүүлэхэд оролцсон. Үүний дараа Сингапур, Франц, Испани, АНУ дөрвөн улсын институтүүдээр геномын судалгаанууд нь хийгдсэн. Геномын судалгаануудын үр дүн нь сүүлийн хэдэн жилд бичигдэн хавдрын судалгааны сэтгүүлүүд дээр хэвлэгдэн гарч ирж байна.

Зарим улс орон агаарын бохирдлыг судлахдаа нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй тийм агаарын бохирдлыг судалж байгаа. Гэтэл бид нүдэнд харагдаж, хамарт үнэрлэгдэж байгаа зүйлийг агаарын бохирдолтой, агаарын бохирдолгүй гэж яриад сууж байгаа ард түмэн шүү дээ. Эдгээр агаарын бохирдлуудын судалгаанд манайх шиг утаатай ийм түвшинд буюу PM2,5 нь 300-аас дээш гарсан агаарын бохирдолтой улс оронд нэг хүн өдөрт 5-6 тамхийг уугиулан татаж буйтай ижилхэн гэж харьцуулсан судалгаа байдаг.

-Нүүрс байгалийн органик түүхий. Шахмал түлшийг ямар нэгэн бодистой хольсон учраас хортой байна уу?

-Би бол үүнийг хэлж мэдэхгүй, нотолгоотой л ярих ёстой. Гэхдээ нүүрс гэдэг бол ямар нэгэн бодистой холиогүй байхад ч хортой бодис ялгаруулдаг бүтээгдэхүүн шүү дээ. Нүүрсний задралаас гарч буй хар утаан дотор тугалга, хүхрийн исэл, азотын исэл гээд маш олон хортой бодисууд байгаа. Эдгээр хортой бодисууд нь хүний биед шууд болон дангаар нөлөөлдөг хортой бодисууд. Ер нь агаарын бохирдлыг бага, дунд, дан, шууд нөлөөлөлтэй гэж ангилдаг. Манай агаарын бохирдлын тоо хэмжээ бол шууд нөлөөлөлтэй гэдэгт орсон байгаа.

Ер нь аливаа зүйл урт болон богино хугацаанд нөлөөлж болно. Богино хугацаанд зүрх судасны эмгэгтэй, даралт ихсэлттэй, судас нь нимгэн байсан хүнд цус харвах болон инфакт өгөх, зүрх зогсох илэрцээр илэрч байгаа. Үүнийг бид тэр бүр агаарын бохирдлоос болжээ гэж дүгнэж чаддаггүй дээ л асуудал байгаа юм. Түүнээс хэрвээ агаарын бохирдолгүй байсан бол эдгээр хүмүүсийн өвчлөлийн тоо өнөөдрийнхөөс эрс бага байх ёстой байсан. Энэ бол шууд буюу богино хугацааны нөлөөлөл. Урт хугацаанд энэ өвчнийг бий болгох гэж нөлөөлж буй нөлөөлөл. Улмаар амьсгалын замын өвчнүүд болон хавдар, зүрх судасны өвчнийг үүсгэхэд гэнэт тархинд цус харвах нөлөөллийг бий болгож, эрүүл хүнд ч энэ үйл явц цаагуураа явагдаж байгаа нь л урт хугацааны нөлөөлөл.

-Таны бодлоор агаарын бохирдлоос иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Сүүлийн үед ажиглагдаж буй зүйл бол иргэдээс болж өөрсдийнх нь эрүүл мэнд нь муудаж буй мэт аль болох иргэдээ буруушаасан зүйлсийг ярьж байна. Ер нь бол агаарын бохирдлын үндсэн шалтгаан бол иргэн нүүрс түлж буйдаа ч биш, нүүрс түлэхгүй байх боломжийг нь хангаж өгөхгүйд байгаа юм. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг боловч агаарын бохирдлыг арилгаж, бууруулахгүйгээр иргэд хичнээн хичээл зүтгэл гаргаад чадахгүй. Гэхдээ өрөөндөө агааржуулалт тавигч тавих боломжтой иргэд тавьж болох ч боломжгүй нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхэд боломжгүй хүмүүст хүрэх нийгмийн бодлого байх ёстой. Гэтэл хамгийн их утаатай байгаа Зурагт, Баянхошуу, Толгойт хавьцаа байгаа хүмүүс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал үүснэ. Машинтай хүмүүс хотоос агаарт гарч, зуслангийн байшиндаа очих боломжтой бол тийм боломжгүй хүмүүс нь хэрхэх гэдэг нь асуудал юм. Тэгэхээр иргэд ингэ тэг гэх нь өрөөсгөл ойлголт ч гэлээ үүнийг мэдэж байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг хичнээн мэдлээ ч гэсэн утаанаас тухайн хүн хэрхэн сэргийлнэ гэдэг миний хувьд тархинд буухгүй байна.

Агаарын бохирдол удаан хугацаанд нөлөөлсөн тохиолдолд зуны улирал бид хичнээн агаарт гарсан ч нэгэнт үүссэн эвдрэл эргээд тодорхой олон жилийн хугацаанд арилна гэхээс биш зуны гуравхан сарын хугацаанд арилахгүй. Эдгээр эвдрэл, гэмтлийн кодчилол хүний биед үүссэн байхад бие биенийгээ улам дэмжиж байдаг. Тодорхой агаарын бохирдол гарч ирлээ гэхэд тэр эвдрэл кодчилогдсон учраас цаашаа өөрчлөлт нь үүснэ. Тэгэхээр хүний биед нөлөөлөх нөлөө нь байнгын байж, түүндээ мэдрэг болчихдог юм.

-“Угаартсаар байх уу Улаанбаатарчуудаа” хэлэлцүүлгийн үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Маш олон удаагийн хэлэлцүүлэг явагдаж, зохион байгуулагдаж байна. Үр дүнг би юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголд эрүүл мэндийн чиглэлээр өөрсдөө санаачилга гарган мэргэшиж, тэр чиглэлийн бодит мэдээллийг нийгэмд болон шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчидтэй болсныг харж байна. Энэ сэтгүүлчид ингээд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь маш том алхам. Бид бүхэн өнөөдөр шууд утаа арилна гэдэгт итгэхгүй ч сэтгүүлчид болон иргэний нийгэмлэгүүд хамтран бодитой нотолгоотой зүйлийг ярьж, анхаарлаа хандуулж байгаа нь маш чухал. Үүний үр дүн бол иргэдэд болон Монгол улсдаа асар нөлөөтэй байх том алхам гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Отгонбаяр: Монгол инженерүүд 23 мянган ажилтантай, 700 мянган хэрэглэгчтэй системийг хийж чадсан DNN.mn

“UBCab” Онлайн такси үйлчилгээ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.


-30 дахь жилдээ зохион байгуулагдсан “NEXT STOP” 2022 ёслолын “Оны эдийн засаг, бизнесийн салбарын оны шилдэг бүтээгч залуу”-гаар шалгарсанд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. 30 жил зохион байгуулагдаж буй Монголын бизнесийн салбарын оны шилдэг шалгаруулах наадмын 30 дахь хүн болж шалгарсандаа сэтгэгдэл өндөр байна. Тухайн үед сэтгэгдэл их өндөр, нулимс цийлгэнэж хэлсэн үг минь цахим хуудаст “Юм хийж буй хүний хөдөлмөр бодитойгоор үнэлэгдлээ” гэх зэрэг эергээр хүрсэн. Өмнөх жилүүдийн энэхүү шагналыг авсан эрхмүүдийг харахаар энэ бол сүрдмээр том шагнал. Хүн бүрийн мэддэг томоохон бизнесмэнүүд болох MCS-ийн Д.Оджаргал захирал, АПУ-гийн П.Батсайхан захирал гээд сүүлийн 30 жилд бизнесийн салбарыг өнгөлж яваа бүх томчууд авч байсан түүхтэй шагналыг 30 жилийн ой дээр нь Залуучуудын холбооноос гардаж авахдаа эхлээд итгээгүй шүү. Анх 20 гаруйхан настай бизнес хийдэг байхдаа “NEXT STOP” гэдэг нэрийг хараад энд нэрлэгддэг болтлоо л зүтгэнэ дээ гэж бодож байсан.

-Манай улсын иргэдийн хувьд танай үйлчилгээг хэрэглээгээ болгоод хэвшчихлээ. Тэгвэл анх монгол залууст “UBCab” аппликейшн бүтээх санаа хэрхэн бий болсон бэ?

-Дэлхийн хотуудад ийм үйлчилгээнүүд байдаг учир монголчуудын хувьд өөрсдөө санаачилсан гэж хэлэхэд хэцүү. Бидний хувьд аппликейшн суурьтай бизнес болоод нийтийн хэрэглээнд орсон “Uber” зэрэг төслүүдээс технологийн хөгжлийн хувьд тав орчим жилээр хоцорч байгаа юм. Ирээдүйд Монголд ямар технологийн бизнесүүд бий болж болохыг одоогийн өндөр хөгжилтэй орнуудаас харж болно. Яг л энэ жишгээр бид анх “UBCab”-ийг хийж байх үед “Uber” гараад ирчихсэн, ид трэнд болж байх үед бид ч мөн лавлах утас руу залгаж такси дууддаггүй, хэрэглэгч жолооч хоёрыг хооронд нь холбосон системийг хийж чадна шүү дээ гээд эхэлж байсан. 2013 онд анх хийж эхлэхэд зах зээл нь бэлэн биш, цаг хугацаанаасаа түрүүлсэн. Зах зээл бэлэн биш байна гэдэг нь иргэд ухаалаг утасны хэрэглээ гэдэг зүйл байхгүй, ухаалаг утастай мөртлөө утсаа зөвхөн зургийн цомог шиг зураг дарж, зургаа бие биедээ үзүүлдэг, дата, аппликейшн гэж мэдэхгүй

байсан. 2013 онд технологийн хөгжлөөс хэдэн үеэр хоцорчихсон байсан бол 2016 оноос бид нийтээрээ технологийн дэвшил гэдэг зүйлтэй бараг л хөл нийлүүлж байна. Энэ нь “EBarimt” аппликейшнтэй холбоотой юм.

Бид ядуу байсан, ядуу байгаа, сугалаа хонжвор, мөн худалдан авсан зүйлийнхээ хоёр хувийг эргүүлэн авна гэдэг хөдөлгөөн нь монголчуудыг бүх нийтээр нь цахим үндэстэн болгочихсон. Одоо цахим үндэстэн гэдэг үг хэрэглэхээр хүмүүс үгүй гээд байдаг. Үнэхээр цахим үндэстэн шүү дээ, 80 настай хөгшин хүртэл аппликейшн татаж, QR code уншуулж мэднэ. Нийтээрээ ийм болсон үндэстэн гэж байхгүй. Бид цөөхүүлээ ч бүх нийтээрээ аппликейшн гэдэг зүйлийг хэрэглэдэг болсон. Цахим харилцаа, и-мэйл зэргийг алгасаад шууд аппликейшн хэрэглэдэг болчихсон. Одоо монголчууд и-мэйлээр харилцах соёл байхгүй хэр нь аппликейшны соёлтой байна шүү дээ. 2017 онд анхны финтек Монголд гарч ирж анхны зээлийн ажилтангүй хиймэл оюун ухаан өгөгдсөн датанд тулгуурлан, хүний зээлийн зэрэглэлийг тодорхойлдог аппликейшн болох “Lend.mn” банкуудаас түрүүлж гарч ирсэн. Зүүн өмнөд Азийн орнуудад танилцуулагдаж, томоохон санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт аван “Анд глобал” ХХК үндэсний гэхээсээ илүү олон улсад амбицтай явж байна шүү дээ. Энэ бүхэн нь яалт ч үгүй “EBarimt” аппликейшны үр нөлөөтэй бөгөөд Монголд технологийн бизнесийн он тооллыг тэндээс эхлүүлж байгаа юм. Хэзээ нийгмийн дэвшилтэт технологид нийтээрээ хэвших байсан юм, бараг л бүх нийтээр нь бичиг үсэгжүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний үйл хэрэг болсон. Үүнийг манай технологийн салбарын залуучууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Одоо бүх нийтээрээ бичиг үсэгжүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний том хувьсал авчирсан зүйл нь “Ebarimt”. Үүний үр дүнд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд тоглогч болох боломжийг нээлттэй болгон хувьсгаж өгсөн. Тиймээс хэдийгээр хоцорсон байсан ч гэсэн эргээд харахад АНУ-д ямар зүйл трэнд болж буйг харж байгаатай адил тун удахгүй дэлхий Монголоос жишээ хардаг болно гэдэгт илтгэлтэй байна. Монголд ийм зүйл

Н.Отгонбаяр: Монгол инженерүүд 23 мянган ажилтантай, 700 мянган хэрэглэгчтэй системийг хийж чадсанболсон байна, үүнийг бусад орнуудад нэвтрүүлье гэдэг жишээнүүд гарах болов уу гэж харж байгаа.

-Манайд ийм үйлчилгээ нэвтрүүлэх талаар их удаан ярьсан. Үйл ажиллагаа явуулж эхлэхэд ямар бэрхшээл, хүндрэлтэй асуудлууд гарч байсан бэ. Шантрах үе байсан болов уу?

-Орон сууцны оффис хямдхан учраас оффисоо түрээсэлж технологийн бизнес хийдэг хүмүүст уулзах хүн гэхээс илүү, анхдагч хэрэгцээ гэдэг шиг дулаахан, интернэт хямдхан гээд орон сууцанд л ажилладаг байсан. Гаднынхан гараашинд эхэлсэн гэдэг түүх байдаг шиг одоогийн байгаа бүхий л технологийн компаниуд үйл ажиллагаагаа орон сууцнаас эхлүүлсэн байдаг. Төдийгөөс өдийг хүртэл явахад, мэдээж бизнес хийнэ гэдэг эрсдэл байдаг учраас бүсээ чангалаад, тогоо таслуулж, СӨХ-ныхоо ч мөнгийг өгч чадахгүй хүндрэлтэй байхад шантарч байгаагүйгээрээ шантрахад хүргэсэн зүйл гэвэл залуус нь шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гээд явж байхад төр засгийн дунд шатны байгууллагуудын дарамт их байсан явдал юм. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд дарга нар нь эсэргүүцэж байгаа ч гэсэн мэргэжилтнүүд нүдээ аних тохиолдол байсан. Бүх асуудлын дунд явж байхад хэрэглэгчид нь сэтгэл хангалуун, жолооч нар нь ч дуртай байхад төр та нар ингэж болохгүй гээд гомдоод байх нь логикгүй байна гээд урам өгч байсан. Тийм зүйлийг даваад гарсан нь бид боловч хийж бүтээж буй өөр олон залуучуудын урмыг хугалсан байх гэж боддог. Гол шалтгаан нь төрийн албанд хэтэрхий олон хүн ажилладаг, төсөвлөгдөж буй төсөв нь бага, бага цалинтай хүмүүс илүү орлого олохын тулд хүнд суртал бий болгож, эргээд нийгмийн хөгжлөө гацаадаг зүй тогтолтой улс болчихлоо. Бидний хувьд бол даваад гарсан. Хийж байгаа ажлаа улстөрчдөд ойлгуулж, Ерөнхий сайд ч манайд ирж танилцаж та нарт тулгарч буй зүйл юу байна гэхэд өмнө хэлсэнчлэн дунд шатны байгууллагын ийм дарамтууд байна гэж хэлсэн. Одоо бидэнд гомдоллоод байх зүйл үгүй, урагшаа харан зүтгэж нээлттэй компани болж IPO хийгээд явахад бүх зүйл нээлттэй болсон.

-“UBcab” нийслэлд төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нийт хэчнээн салбартай вэ. Олон улсад ч гарахаар төлөвлөж байгаа гэж байсан. Энэ талаар тодруулах уу?

-Манай бизнесийг mobility business гэж нэрлэдэг. Бусад орны манайх шиг аппликейшнүүдийн хөгжлийг хаашаа явж байгааг харахад хүний хөдөлгөөнд зориулсан ухаалаг шийдлүүдийг танилцуулж явах юм байна гэж харж байна. Бид бүх салбар луу орохгүй, бидний орох ёстой үндсэн гурван чиглэл бол тээвэр, хүргэлтийн үйлчилгээ, хоол (Ubeats). Энэ нь тусдаа гэхээсээ илүү бие биенээсээ хамаарсан нэг систем явж буй юм. А цэгээс Б цэг рүү зорчигч болон ачааг ч хүргэж өгч болно, хүргэлт нь дотроо хоол, ачаа ч байж болно гэх зэрэг. Үндэсний хэмжээнд аймгуудаар салбаруудаа байгуулж байгаа нь аймаг дотор такси явуулахаасаа илүү хот хооронд шуудангийн хүргэлтийн үйлчилгээг илүү хялбар болгох боломжтой гэж харан, зүтгээд явж байна. Утсаа харж сууж байгаад Архангай руу илгээмж явуулдаг, Дорнодоос ирсэн ачаагаа хүлээж авдаг зэрэг боломжийг 2023 оны эцэс гэхэд энгийн хэрэглээ болсон байна гэж харж байна.

-“UBCab” аппликейшний үйлчилгээний онцлог, давуу тал юу вэ?

-Хамгийн том онцлог нь Монгол инженерүүд А-аас эхэлж өөрсдөө суралцаж 10 гаруй жил хөгжүүлээд явж байна. Томас Эдисон гэрлийг хийхийн тулд 2000 удаа туршсан гэдэг шиг бидэнд UBCab-ийн хийж болохгүй маш олон алдаа, системээ хөгжүүлэх, маш олон мөр код, олон инженерүүдийн нойргүй хоносон шөнүүд зэрэг байгаа. Тиймээс монгол инженер залуучууд өөрсдийнхөө экосистемдээ тохируулж 23 мянган хүн ажилладаг, 700 мянган хүн хэрэглэчихдэг, ямар ч саад, гацалтгүй системийг хийж чадаж, суралцлаа. Энэ системээ хийж байх явцдаа анх тавуулхнаа байсан бол өнөөдөр инженерийн баг гэхэд 50 гаруй инженер ажиллаж байна. Энэ бол UBCab-ийг хэрэглэж буй жолоочид болон хэрэглэгчдийн оруулж буй томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. 50 инженер нэг дор нэг зорилгын төлөө ажиллана гэдэг нь том онцлог юм. Энэ нь эргээд Монголд технологийн олон олон хөгжлийн үндэс болно. Бид ганцхан үүнийг хийгээд хойшоо суухгүй, цаашид хийх олон зүйлс байна. Хот хоорондын зорчигч тээвэр, ачаа тээвэр, хүнсний үйлдвэрийн салбар тэр тусмаа хөдөө, орон нутагт буй малчдын орлогыг шууд хэрэглэгчдэд хүргэх цахим платформ, малын бүртгэлийн систем гэх мэтчилэн хийж болох маш олон зүйлийн алсын хараа, итгэх итгэлийг бид харж байна даа. Хамгийн том давуу тал гэвэл ямар нэгэн бэлэн систем авч ирж, нэг компанийн хөрөнгө оруулалтаар явж буй биш органикаараа 10 жолоочоос эхлээд өнөөдөр 23 мянган жолоочтой болсон. Анх 100 гаруй хэрэглэгчтэй байсан бол өнөөдөр хүүхэд, хөгшидгүй 700 мянган хүн хэрэглэдэг болчихсон систем байна.

-UBCab-ийн ойрын болоод хэтийн зорилгоос хуваалцах уу?

-“UBCab”-ийн ойрын хамгийн том зорилго бол бидний урт хугацааны зорилго байлаа. 2023 ондоо нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байна. Бид тодорхой хэмжээнд өөрсдийнхөө бизнесийг зах зээлийн бодит ханшаар үнэлүүлэх, энэ бол бизнес хийсэн хүмүүсийн заавал хүрэх ёстой алсын хараагаа болгож явдаг тэмдэглүүштэй үе. Нөгөө талдаа бид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зах зээлээс татан төвлөрүүлж, өмнө нь хэлсэнчлэн улс орон хамарсан ложистик тээвэр, нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ дэвшил гаргаж буй “UBCabshuttle” зэрэг бүх үйлчилгээнүүдийн санхүүжилтийг тодорхойлуулж өөрсдийнхөө хувийг санал болгож босгох зорилготой байгаа. Үүнийг 2023 ондоо IPO хийхээр мэргэжлийн байгууллагууд хуулийн ферм, үнэлгээний компаниудтай аудит зэргээ хийлгээд явж байна.

Тун удахгүй бид хэдэн төгрөгөөр, хэзээ ямар хувиа санал болгохоо нээлттэйгээр зарлах болно. Тэр хүртэл Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авч байж ярьдаг дүрэмтэй учраас хэтийн зорилгоо дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Хамгийн их хүсч буй зүйл бол дотооддоо хэрэглээ маань зөвхөн Улаанбаатарт төдийгүй, такси аппликейшн биш такси, автобусанд суухдаа хэрэглэдэг, хоол, хүнсээ захиалж авдаг ийм цогц платформ болно гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн нийслэл хотод биш орон нутгуудаар ч хэвийн хэрэглээ болох ёстой, ийм зорилго тавин ажиллаж байна даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсанд донтсон хүүхдүүдэд сэтгэл зүйч ингэж зөвлөж байна DNN.mn

Сурагчдын өвлийн амралт эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Сурагчид нийт зургаан долоо хоног амарна. Энэ амралтын урт хугацаанд айл бүрт тохиолдож буй нэг асуудал байна. Энэ нь хүүхдийн цахим хэрэглээ, гар утасны дэлгэцийн донтолт.

Мэдээж гар утас удаан хугацаанд хэрэглүүлэхгүй байхын тулд ном уншуулах, хичээлийн хоцрогдлоо арилгах, цэвэр агаарт гарах, дугуйлан секцэнд хамруулах гээд олон аргууд бий боловч хүүхэд утсаа оролдсоор л байдаг. Гэртээ өөр, өөр өрөөнд гар утас руугаа гөлөрсөн хүүхдүүдийн дүр зураг танай гэрт ч байдаг болов уу. иймийн учир утасны донтолтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөе.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн хүүхдийн сэтгэл судлаач Б.Номин хэлэхдээ, хүүхэд гар утсанд донтож буй нь их олон шалтгаантай байдаг. Тухайлбал, ганцаардах, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахгүй байх, нойргүйдэл гэх мэт. Хүүхэд ер нь хийх зүйл нь олдохгүй болохоор гар утсаа оролдож эхэлдэг. Тиймээс хүүхдээ гар утсанд донтуулахгүйн тулд та хүүхдийнхээ шинэ хобби сонирхлыг нь олж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, бие биенээ ойлгоход илүү цаг зарцуулж ярилцах хэрэгтэй. Хүүхдэдээ огт гар утас хэрэглүүлэхгүй гэж хатуурхах биш, өдөрт хэрэглэх хугацааг нь зааж өгөөрэй. Мөн гэр бүлээрээ дагаж мөрддөг дүрэм тогтоох ч боломжтой. Түүнчлэн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийлгэж, тогтсон цагт унтуулбал дэлгэцийн донтолт багасна гэдгийг хэлж байна.

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утсыг нь шууд булаан авч загнаж зандраад үр дүнд хүрэхгүй аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Тайзан дээр ажиллах нь жүжигчин хүний хамгийн том бахархал DNN.mn

Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна аа. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Улсын драмын эрдмийн театр маань өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод аялан тоглолтоо хийгээд ирлээ. “Эрдэнэт хотод соёлыг түгээе” гэсэн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулж “Анна Каренина” сонгодог жүжиг болон “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг тоглосон. Эрдэнэт хотын үзэгчид маань их сайхан хүлээж авсан. Төвийн урлагийн байгууллагын тайзан дээр тоглодог томоохон хэмжээний уран бүтээл болох “Анна Каренина” жүжгийг анх удаагаа хөдөө, орон нутагт Орхон аймагт тоглосноор нэлээд их ач холбогдолтой байлаа, сайхан болсон.

-Та Улсын драмын эрдмийн театрт ажиллаад 35 жилийг ардаа өнгөрөөжээ. Театрт анх орж байх үед нь алтан үеийн ямар ямар жүжигчид ажиллаж байсан бэ. Тухайн үеэ дурсаач?

-1982 онд аравдугаар ангиа төгсөөд, Москвагийн Театр урлагийн дээд сургуульд хэсэг хүүхдийг жүжигчний мэргэжлээр сургана гэж хүмүүс сургуулиудаар явж хүүхдүүдийг шалгаруулсны тоонд би орсон юм. Намайг шалгаж авсан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантав ах. Тэгээд театрт ирж шалгалт өгөн тэнцэж 1987 онд сургуулиа төгсөөд, театртаа орсноор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мэдээж оюутан байх хугацаанд болон сургуулиа төгсөж ирсний дараа гэхэд олон ахмад сайхан уран бүтээлчидтэй хамт ажиллаж байлаа. Ахмад үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан маань үнэхээр бахархалтай сайхан санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч, Монгол Улсын ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэрэнпагма эгч гээд алтан үеийн олон сайхан жүжигчид бий. Оюутан байхдаа театрт амралтаараа ирдэг байх үед Монгол Улсын ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуай зэрэг маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, тэдний бараа сүрийг харах боломж тохиолдож байсан. Одоо эргээд бодоход өөрөө ахмад үеийн уран бүтээлч болчихоод байж байгаа нь мөн л цаг үе үргэлж хувьсаж, өөрчлөгдөж байдаг гэдгийн илэрхийлэл гэж бодож байна даа.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Хасарын дүрээр илүү алдаршиж, танигдсан шүү дээ. Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглож байсан талаараа дурсвал?

-Би нэг бодлын их азтай хүн гэж өөрийгөө боддог. Сургуулиа дөнгөж төгсөөд тун удаагүй байхад 1989 оны хавар “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд проб хийх болоод агуу их найруулагч Б.Балжиням дээр очиж пробонд орж байсан юм. Кино үйлдвэр дээр их л олон хүн шалгаруулалт өгч байсан. Тэгээд дараа жилийн хавар нь өөрийн дүрдээ тэнцлээ гэсэн хариу сонсоод бөөн баяр болж байлаа. Тэр үед бид аялан тоглолтоор баруун аймгуудаар, Хөвсгөл аймагт явж байсан. Одоо үеийнх шиг утас гэж байхгүй, сумын холбооноос театрын урлагийн бригадыг ахалж буй хүнтэй холбоон дээр ярья гэж байна гэхэд ардын жүжигчин Г.Мягмарнаран ах очиж утсаар ярьчихаад инээгээд л хүрээд ирсэн юм. Юу болов гэхэд “Сайхан мэдээ байна аа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны пробонд орсон хүмүүсийн хариу ирж. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, залуу жүжигчин Б.Жаргалсайхан нар өгсөн дүрдээ тэнцсэн байна. Одоо үс, гэзгээ засуулж болохгүй энэ чигээр нь байлгана шүү” гэж байсан. Тэр үед Уугий (Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа) бид хоёр хамт явж байсан учраас хоёулаа энэ мэдээг сонсоод шоконд орсон. Тэгээд наадмын дараа киноны зураг авалт болж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хамгийн анхны зураг авалт бол миний тэргэнд хүлүүлж байгаад ташуурдуулдаг хэсэг байсан юм. Анхны зураг гэдэг утгаар дотроо нэлээд түгшүүртэй байсан. Зурагт орж буй хүмүүсээ харж байгаад кино зураг авалтад орвол арай өөр. Гэтэл юу юугүй тэргэнд хүлүүлж байгаад хоёр зэрэг хоёр талаас ташуурдаж эхэлж байлаа. Олон сайхан алтан үеийн уран бүтээлчидтэй, ард ажиллаж буй түүх судлаачид, зөвлөгөө өгч буй гайхамшигтай сайхан хүмүүс байсан. Кино урлаг, драмын урлаг үргэлж хамтын бүтээл байдаг. Ард минь зөвлөж байсан гайхалтай хүмүүсийн дэмээр энэ дүр дээр ажиллаж тоглосон доо.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киног найруулсан Бэгзийн Балжинням гуайн талаар ярихгүй юу?

-Б.Балжинням найруулагч их сайхан хүн байдаг юм аа. Хүмүүстэй их энгийн харьцаж, хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй юм шиг санагдсан. Учир нь 1-2 жилийн хугацаанд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтад явж байхад ямар ч хүнтэй сайхан харьцдаг, ярьж буй яриа нь егөөдөлтэй боловч цаад утга нь давхар санааг хэлж байдаг. Их сайхан харьцаатай. Киноны үед ч яг зураг авах гэж байх үед жүжигчинд олон зүйлсийг хэлэхгүйгээр яг юуг тоглож, үзүүлэх ёстой гэдгийг маш товч тодорхой, энгийнээр сайхан ойлгуулж өгдөг. Миний бодлоор найруулагч хүн олон зүйлсийг хэлж ойлгуулах гэснээс тодорхой хэлээд асуудлыг шийдэж байх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр Б.Балжинням найруулагч үнэхээр гайхалтай. Киноны зураг авалт дуусаад, дэлгэцээр гарсны дараа ч гэсэн Б.Балжинням ахтай үргэлж холбоотой байдаг байсан. Хааяа бид очиж уулзалддаг байх үед “Та нар минь байхгүй болчихоор би ганцаардаж, ганцаараа болчихсон юм шиг санагдаад. Та нар хүрээд ирэх чинь ямар сайхан юм” гэдэг байлаа. Олуулаа дуулж хуурдаад суух чинь үнэхээр сайхан шүү дээ. Ер нь их сайн хүн байсан гэж хэлнэ.

-Таны хувьд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээж байсан шүү дээ. Тоглож бүтээж байсан дүрүүдээс нь хайрлаж сэтгэлд хоногшсон, дурсамжтай нандин дүр нь ямар дүр вэ?

-Тоглосон жүжиг болон киноны дүрүүддээ 100 хувь сэтгэлээсээ өөрийгөө зориулж тоглодог. Анхны уран бүтээл гэдэг утгаараа тэр уран бүтээлүүддээ үнэхээр хайртай байдаг. Тайзан дээр анх агуу Г.Доржсамбуу найруулагчийн найруулсан “Халуун газар” гэж жүжиг бий. Яг 1987 онд сургуулиа төгсөж ирэх үед юу ч мэдэхгүй байхад минь гол дүрийг надад өгсөн. Тэр үед надад тэнд сурсан эрдмээ харуулах, агуу Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүний шавь болж төгссөнийх өөрийгөө л үзүүлнэ дээ гэж хамгийн эхэнд бодсон. Энэ тайзан дээр одоо л би өөрийгөө цаашаа явах үгүйгээ харуулж чадахгүй юм бол тэр чигтээ нэг газартаа байгаад л байна гэсэн ойлголт төрж байсан юм. Тэгээд “Халуун газар” жүжиг маань их сайхан амжилттай болж, түүнээс хойш тайзны уран бүтээл хийдэг олон олон найруулагчдын хараанд өртөж өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж дэлгэцийн бүтээл кино ч гэсэн ялгаагүй. Дэлгэцийн бүтээлд Ч.Жумдаан найруулагчийн “Хүний хүн” гэж уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Энэхүү кино нь их сайхан кино болсон. Өнөөдрийн бидний ардчилал гэж ярьдаг, энэ цаг үеийн эхлэлийг тавьсан кино юм болов уу гэж боддог. Энэ кино амжилттай болсноор мөн л миний кино, дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорих, найруулагчидтай хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн гэж боддог.

-Та сүүлийн найм, есөн жил дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэнгүй. Кинонд дүр бүтээх санал ирж байна уу?

-Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирдэг ч сүүлийн 7, 8 жилийн хугацаан дотроо тайзны уран бүтээлд анхааръя гэсэн гүн бодолтой явсан. Учир нь тайзны уран бүтээл гэдэг бол дэлгэцийн уран бүтээлээс ялгарах олон шинж чанартай байдаг. Тайзны уран бүтээл гэдэг бол үзэгчид, тайз, жүжигчдийн хооронд жинхэнэ амьд харьцаа өрнөж байдаг. Бэлтгэл сургуулилт хийхэд мэргэжлийн жүжигчин хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Ухаан санаа, оюун бодол гээд хүний хөлс хөдөлмөр юу гарах ёстой бүгдийг жүжигчин хүнээс үргэлж шаардаж байдаг. Тиймээс тайзан дээр ажиллана гэдэг жүжигчин хүний хамгийн том бахархал гэж би боддог. Дэлгэц ч сайхан, үнэхээрийн агуу ч найруулагч кино хийх гэж байхад мэргэжлийн бус хүн дүр дээр тохирсон байхаар харагдаж тэнцвэл тоглож болдог. Харин тайзан дээр мэргэжлийн бус жүжигчин гарч ирээд тоглоно гэхэд миний хувьд үнэхээр төсөөлөгддөггүй. Тиймээс илүү өөрийгөө боловсруулж, араас гарч буй залуу үедээ үлгэр болох, өөрийн хийж буй үйлдэл, тайзны хөдөлгөөн бүх зүйлээрээ үлгэрлэе гэдэгүүднээс сүүлийн жилүүдийг тайзны уран бүтээлд зарцуулж байгаа. Тайзан дээр гарсан уран бүтээлч өөрийн оюун ухаан, хөлс хүч бүхий л зүйлээ дайчилж байж тэндээс үзэгч, жүжигчин хоёрын дундах мэдрэмж маш сайн гарч ирнэ.

-Та багадаа спортод их сонирхолтой Жүжигчин болно гэж мөрөөддөггүй байсан гэсэн. Тэгвэл яагаад Москва хотын Театр урлагийн дээд сургуульд суралцах болсон юм бэ?

-Би бөхийн спортоор үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Түрүүн хэлсэнчлэн Москвад Театрын сургуульд хүүхдүүдийг сонгон шалгаруулж суралцуулах гэж байсан. Тэр үед намайг чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор “Залуучууд” зочид буудалд байрлачихсан байж байхад манай ангийн хүүхэд хүрч ирээд “Өндөр, бие хаа сайтай хүүхэд хэрэгтэй гэнэ, чи яг тохирох юм байна” гэж хэлсэн. Би тэмцээн болох гэж байхад

юун урлаг гээд сонирхолгүй байсан.

Багаасаа Алтан Москваг дотроо их төсөөлөн боддог байлаа. Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа.. гээд шүлэгт гардаг шиг Алтан Москва ямар газар байдаг гэдгийг үзэх юмсан гээд бага байхад мөрөөдлийн юм шиг л бодогддог байлаа. Манай найз “Чи дандаа л алтан Москваг үзчих юмсан гэж ярьдаг шүү дээ. Хэрвээ энэ сургуульд шалгалт өгөөд тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэхэд толгойд нээрээ л тийм юм байна шүү дээ гээд З.Жарантав ах дээр очиж бэлдүүлж, давхар циркийн нэрт жүжигчин, алиалагч Т.Латиф ах дээр намайг аваачиж өгч гардан бэлтгэл сургуулилтыг хийлгэсэн.

-Таныг Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор Харшийн сүлд модны наадам-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг хүлээж авсан гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар гарах үед л шинэ жилийн уур амьсгал орчихдог. Тэр утгаараа албан газрууд, хувийн байгууллагууд шинэ жил гээд их юм болдог. Сүүлийн хоёр, гурван жил шинэ жилийг албан ёсоор тэмдэглэсэнгүй. Энэ жил бол энэ тэнд хувийн байгууллагууд их л сайхан тэмдэглэж байна. Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор “Харшийн сүлд модны наадам”-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг 2004 онд хүлээж авснаас хойш 18 жил өнгөрчээ. Миний хувьд бурхан, номд нь хадгаа тавьж албан ёсоор хүлээж авсан. Г.Гомбосүрэн гуайн хэрэглэж явсан дээл, хувцас малгайнаас нөмрөгийг нь одоог хүртэл хэрэглэж байдаг. Одоо хүртэл “Харшийн сүлд модны наадам”-ынхаа бэлтгэл дээр ирчихсэн хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна. Сайхаан, сайхан. Агуу том жүжигчний ард түмэндээ үлдээж өгсөн энэ гайхамшигтай дүр төрхийг цаашаа өвлөөд авч явах нь үнэхээр бахархалтай, сайхан.

-Таны хувьд гэр бүлийнхээ хүн болох Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаатай нэг мэргэжилтэй, нэг салбарт ажиллах ямар байдаг вэ?

-Нэг мэргэжлээр, нэг газар хамтарч ажиллах нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, аливаа уран бүтээл дээр ажиллахад хамгийн анхны бөгөөд үнэтэй зөвлөгч нь бид хоёр хоорондоо, бие биедээ байж байдаг. Тайзан дээр Г.Урнаа гараад тоглож байхад найруулагч хэлэхээс гадна давхар би хэлж байх жишээтэй. Намайг тоглож байхад Уугий хэлнэ гэх зэрэг байнгын нэг нэгэндээ зөвлөдөг. Тийм учраас бид хоёрын драмын урлагт энэ зэрэгтээ явж байгаа нь ч мэргэжлийн хоёр хүн гэр бүл болж бие биедээ үнэнч зөвлөгч явсан нь нөлөөлсөн байх гэж боддог.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг “Ковид-19” цар тахлын өмнө ихэнхдээ он гарч буй мөчийг төв талбай дээрээ өнгөрөөж 00:00 цагаас хойш гэртээ ирж тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд гэртээ баярлаж өнгөрөөнө. Арванхоёрдугаар сарын 25-нд том хүүгийн минь төрсөн өдрийн баяр болоход албан ёсоор гэр бүлээрээ цугларч, өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн, ололт амжилт бүх зүйлсээ ярьж, ирэх ондоо юу хийх, төлөвлөгөөгөө ярилцан, зорилгодоо хүрэхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн халуун дулаан гэр бүлийн уур амьсгалтайгаар хамтдаа хооллоод тардаг. Мэдээж 31-ний орой хүүхдүүд минь бүгд гэр гэртээ, бид хоёр ч бага охинтойгоо гэртээ баярлаж өнгөрөөдөг. Ер нь сүүлийн жилүүдэд дандаа гэртээ оноо гаргасан. Энэ жил ч гэсэн тэгэх байх гэж бодож байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр, гэртээ гэр бүлээрээ хамтдаа баярлаж өнгөрөөдөг гэж ярьж, тэмдэглэж сурсан байна. Найз нөхөд, хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэж сууж, баярлаж цэнгэх зүйл байлгүй яах вэ.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр хэзээ болж байв?

-Найз, нөхөдтэйгөө тэмдэглэж байсан олон сайхан дурсамжтай үйл явдлууд байна. Би өвлийн өвөө болдог учраас олон байгууллага, газруудаар явна. Харшийн сүлд модны наадамтай холбоотой нэг шинэ жилийн баяр мартагддаггүй юм. 2006, 2007 оны үед Харшийн сүлд модны наадам болсны дараа надаас нэг хүүхэд ирж бэлэг авч байсан юм. Тэр хүүхэд над руу харчихаад их л гайхаж байхаар нь “Энэ яасан хөөрхөн хүүхэд вэ, над руу өөрөө харчихаад их гайхаж байна аа, хэдэн настай вэ” гэхэд зургаан настай гээд “Баяр хүргэе. Мундаг хүүхэд байна” гэхэд бүр илүү гайхаж хараад “Яасан их гайхаж хардаг юм бэ миний охин. Өвөөгөө харж байгаагүй юм уу” гэхэд “Миний охин төрөхөөсөө хараагүй байж байгаад хагалгаанд ороод хараатай болоод анхныхаа шинэ жилийг үзэж, өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Тэгээд ингэж их гайхаж байгаа юм шүү” гэж ээж нь хэлсэн. Энэ нь надад мартагддаггүй, дурсамжтай шинэ жил болж байсан. Тэр хүүхэд өөрийнхөө ертөнцийн бүх сайхан зүйлсийг хардаг болсноороо олон зүйлийг мэдэрч сайхан явж байгаа болов уу гэж бодож байна.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, Монгол Улс орон маань хөгжин дэвжиж байна. Юм бүхнийг сайнаар төсөөлж бодох хэрэгтэй. Би аливаа зүйлд сайн сайхан явах хувь хүн өөрөөс нь эхэлж цаашаа үргэлжилж явна гэж боддог. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг үргэлж дотроо бодож явдаг даа. Монгол сайхан оронд маань муу зүйл үл учралдаж, сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Ирж буй 2023 ондоо бид бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр бялхсан, эрүүл саруул байх болтугай гэж ерөөе.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Манай үеийнхэн Монголын дууны урлагийн нэгэн үеийн түүхийн гэрч DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ярилцлагаа тун удахгүй болох таны “Best hits” бие даасан тоглолтоос нь эхэлье. Тоглолтынхоо талаар дэлгэрүүлээч?

-Би 2013 онд Ирландаас ирснийхээ дараа “Монголын тухай” нэртэй тоглолтоо хийснээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Төрийн албанаасаа хөндийрөөд хоёр жил орчим болж. 2002 онд СУИС-ийг төгсөөд өнөөдөр 20 жил болсон байна. Тиймээс энэ хугацаа дахиж эргэж ирэхгүй учраас он гарахаас өмнө намайг сонсож мэдэрдэг, 2000 оноос хойш надтай хамтдаа байсан үзэгчидтэйгээ сайхан дуулж, баяр тэмдэглэж жаргаж нэг үдшийг өнгөрөөе гэж бодсон юм. Шинэ жилийн баяр гэхээр л монголчууд их өргөн тэмдэглэж такс төлж ширээний ард 10-20-иулаа суудаг нь үрэлгэн зардал гаргаж буй мэт харагддаг. Тиймээс үүнийг олноороо хамтдаа гоё, сайхан байдаг баяр болгох боломж байгаа юу гэдгийг харах гэж хичээсэн.

Түүхэндээ өмнө нь арванхоёрдугаар сарын 10-наас хойш, шинэ жилийн үеэр томоохон тоглолт, концерт болж байсан нь ховор юм байна. Шинэ жилийн хүлээн авалтын хамгийн хямд цэс нь 150 мянга орчим төгрөг байна. Нэг хүний гаргах зардал үүгээр зогсохгүй бөгөөд үс засалт, нүүр будалт, даашинз болон бусад такси унааны зардал зэрэгт хамгийн багадаа хагас сая орчим төгрөг зарцуулагдана. Ийм өндөр зардлаар нөгөө л хэвшмэл, хамтдаа ширээ тойрч суугаад баяр тэмдэглэдгийг өөрөөр тэмдэглэх боломж байгаа гэдгийг өөрийнхөө үе тэнгийн болон уран бүтээлч дүү нартаа харуулж зам мөр гаргаж байна. Ингээд “Best Hits” гээд өөрийн бүх шилдэг дуу, уран бүтээлүүдээ толилуулж, өөрийнхөө өнгөрсөн, одоо, ирээдүйг юу гэж бодож буй гэдгээ харуулж нэг оройг мартагдашгүй өнгөрөөе гэж бодож байна даа.

-Сүүлд 2013 онд арав гаруй жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан шүү дээ. Хамгийн анх өөрийн бие даасан тоглолтоо хийж байсан үеэ дурсахгүй юу?

-Хамгийн анх 2003 онд “Хонхны нулимс” тоглолтоо хийж байсан. Яг үнэндээ дуулж, тайзан дээр байж, үзэгчидтэйгээ хамт, тэдний алга ташилтыг мэдрэх, чин сэтгэлээсээ хамтдаа дуулах зэрэг нь жаргалтай мөч. Дуу хуур, үзэгч түмэн миний хамгийн сайн анд найз. Энэхүү тоглолт нь найм дахь томоохон тоглолт юм. Тоглолтын ард нэлээдгүй том баг буюу 200 гаруй хүн ажиллаж байна. Энэ бүх хүн миний төлөө цаг зав, сэтгэл зүрх бүхий л зүйлсээ зориулан ажиллаж байгаа.

-Та МУГЖ Г.Эрдэнэбаттай хамтарсан тоглолт хийж, дуунуудаа сольж дуулж байсан тухайгаа ярихгүй юу?

-Тийм, уран бүтээлээ тэгж сольж дуулах нь их чухал санагддаг. Уран бүтээлүүд хэн нэгэнтэй дуусах ёсгүй. Дараа, дараагийнх нь үе аваад залгамжилж явах нь их чухал. Тухайн үед, МУГЖ Г.Эрдэнэбат АНУ-аас ирээд төрийн албанд ажиллаж байсан. Миний хамгийн хайртай хүмүүсийн нэг бол МУГЖ Эрдэнэбат. Би хаана ч энэ хүнийг даган дуурайж, тэлээний түдүүлээс нь зүүгдэж явж байж хүний дайтай болсон гэж хэлдэг. Багш маань гэж хэлэхэд болно. Оюутан байхдаа намайг дэмнэж, хөтөлж, надад зааж зөвлөөч ээ гэж хадаг барин очиж уулзаж байсан. Тэгээд анхны дуугаа авч хамтран ажилласан. Магадгүй өдөр тутамдаа төрөл бүрийн зүйлс зааж зөвлөнө гэхээс илүүтэй тэр хүнийг дагаад харж, суралцаж явах нь маш том үлгэр дуурайлал, боломжуудыг өгч, нүдийг маань нээж өгсөн гэж боддог. Ахыгаа төрийн алба хашиж байхад нь тоглолтоо зохион байгуулж, амралтыг нь авахуулж орон нутгаар тойрч, Европоор ч аялан тоглолт хийсэн.

-Та Ирландад манлайллын чиглэлээр сурч байсан гэсэн үү?

-Тийм. Соёл урлагийн салбарын манлайлал чиглэлээр сурсан. Би 2010 онд Удирдлагын академид магистрын зэргээ хамгаалсны дараагаар, докторын зэрэгт элссэн. Монголын соёл урлагийн салбарын төлөө яг юу хийж болох юм бэ гэдгийг харахыг хичээсэн. Дуулж явж болох ч өөрийгөө сорьж, хөгжүүлж, өөр өнцгөөс харах, Монголын соёл урлагийн салбарт бидний хийж буй зүйл үнэн үү, худлаа юу, зөв үү, буруу юу, юуг нь чадаж, чадахгүй байгаа гэдгийг гаднаас нь харвал илүү бодитой харагдах юм шиг санагдаж гурав, дөрвөн улсаас сонгож байгаад Ирландыг сонгосон. Ирланд бол соёл урлагийн салбарын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд нэг номерт орохоор улс. Эрдэмтэд, судлаачид нь ч их мундаг хүмүүс байдаг. Тэнд очоод өөрийгөө хэн бэ, ирээдүйд маргааш юу хийх ёстой вэ гэдгийг ч ойлгосон. Магадгүй ирээд төрийн алба хашиж, төрийн үйлчилгээний байгууллага буюу СУИС-ийн соёлын сургуулийн захирал, бүжгийн сургуулийн захирал, Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа төр түмний төлөө, соёл урлагийн салбарын төлөө өөрийнхөө чадах зүйлсийг л зориулж хийж явж ирсэн. Тэгэхэд миний үзэж харж, мэдэж сурсан зүйлс ажилд маань тус дэм болж байсан гэж ойлгож болно. Судалсан, мэдсэн зүйлсээрээ сая 2021 оны арванхоёрдугаар сард “Соёл урлагийн байгууллагын шинэчлэлийн судалгаа” сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Нэлээдгүй судалгаа хийсэн, үр дүнтэй ажил болсон гэж ойлгож байгаа.

-“Хонхны нулимс” дуугаараа нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирж байсан шүү дээ. Энэхүү дууны дурсамжаасаа хуваалцаач?

-Энэ дуу анх сургуулийн найрал дуу байсан. Бид соёлын сургуульд ч байхдаа дуулдаг байсан. Б.Бямбабаяр багшаасаа энэ дууг авч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд байдаг нандин дурсамжуудын нэг бол хонхны баяр байдаг, тэгээд дуулмаар санагдаж дуулж байсан. Тухайн үед тийм айхавтар мундаг дуу болно гэж бодоогүй. “Хонхны нулимс” дуундаа хамгийн их хайртай. “Төмөр уйлуулдаг хүү” гэдэг хочтой болоод явтал өнөөдрийг хүртэл надтай хамтдаа явж байгаа нь гайхамшигтай. Энэ аялгуу, дууг бүтээсэн миний багш Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гэж маш их авьяастай хүн байдаг. Яруу найрагч нь Цэнхэрмандал сумын харьяат, одоогоор малын эмч хийдэг Мөнхбат гэж хүн ХААИС-ийн оюутан байхдаа зохиосон шүлэг. Төгсөлтийн баяр дээр нь Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг гуай анх дуулж байсан түүхтэй. Одоо бол энэ дуутай амьдрал ахуй, бүх зүйлс нь холбоотой байна. “Хонхны нулимс” дууг дуу л гэж хардаг болохоос цаанаа олон зүйлсийг агуулж байдаг юм байна.

-Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх үедээ ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Би Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар нийтдээ нэг жил найман сар ажилласан. Мэдээж төрийн захиргааны байгууллагын хувьд дотор нь ороод хийх зүйлс нэлээдгүй байсан. Ажиллаж байх үедээ хамт олонтой нь гар нийлэн ажилласан. Төрийн ажлыг өөрийнхөө байх хугацаандаа болохгүй, бүтэхгүй зүйлсийг нэг алхам ч гэсэн урагшлуулж хийх юмсан даа гэж зорьж ажилласан. Өөрийгөө санаачилгатай, сайн ажилласан гэж боддог. Хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлж ажилласны үр нөлөө нь ч гарсан гэж бодож байна. “Хотын соёл” аяныг Хот соёлтой бол гоё” уриатайгаар эхлүүлсэн. Энэ аян зөвхөн нийслэл хот гэлтгүй Монгол орон даяар өрнөх ёстой юм байна гэж бүх үйл ажиллагааг хийсэн. Тэр үед судалгаа хийж, судалгаан дээрээ дүгнэлт хийж, болж бүтэж буй зүйлсээ дэмжиж, сайжруулж жилийн аян өрнүүлсэн. Үүний хүрээнд нийслэл Улаанбаатар хотод хүмүүс явган хүний гарцаар гардаг, бие биенээ хүндэтгэдэг болсон байх. Мөн “Соёлын цаг” гэж аян эхлүүлсэн. Соёлын яамтай хамтран, дүүргүүдийн томоохон талбайнуудад аяныг зохион байгуулсан. Энэ нь маш их үр нөлөөгөө өгсөн, судалгаагаар гэмт хэргийн тоо буурсан гэж гарч ирсэн. Үүний дараагаар ажлаа өгсөн ч үргэлжилж явж байгаа байх. Ямар хэмжээнд ажиллаж, ямар түвшинд байсныг тэнд буй хүмүүсээс асуувал дээр байх. Би өөрийнхөө санаж бодож буй зүйлсийн захаас нь хэлж байна. Төрийн ажлыг ганц хоёрхон ажлаар дүгнэж харж буй мэт боловч өдөр тутамдаа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд бичиг цааснаас эхлүүлээд цэгцлэх зүйлс их байсан. Докторын зэргээ хамгаалах гэж байхад энд нэг жил найман сарын хугацаанд ажиллахдаа юу хийсэн бэ гээд эргээд харахад чамгүй ажлыг амжуулж дээ. Төрийн захиргааны байгууллагад ажиллаад, хийж бодсон зүйлс маань болж дээ гэж өөртөө их баяртай байдаг. Гайгүй л ажиллаж, чамгүй ажлыг амжуулжээ гэж хардаг.

-Та өөрийн үеийн дуучид болох С.Жавхлан, Т.Баясгалан нарын талаар яриач?

-Манай үеийнхэн бол Монголын дууны урлагийн салбарт нэгэн үеийн түүхийн гэрч юм. Биднийг 2000 оны эхнээс өнөөдрийг хүртэл түүхээс авчихвал бүхэл бүтэн түүх хов хоосон болж хоосорно. Тийм учраас гарцаагүй маш том түүхийн гэрч. Найзуудаараа бүгдээр нь их бахархдаг. Бидний хооронд цагаахан өрсөлдөөнүүд байсан ч энэ өрсөлдөөн биднийг их хөглөж байсан. Өнөөдөртэй харьцуулж харахад бид маш сайн ажилладаг байж. Дуу, уран бүтээлийн төлөө өдөр шөнөгүй л ажилладаг байж. Бүгдээрээ нэг нэгнийгээ хөглөсөн өнөөдөр нэг нь дуу гаргахад, маргааш нэг нь уран бүтээл гаргах жишээтэй. Энэ цагаан өрсөлдөөн биднийг маш хол явуулсан гэж хардаг даа.

-Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Тоглолт маань тун удахгүй арванхоёрдугаар сарын 21-ний өдөр 19:00 цагаас “UB Palace”–д тоглогдох гэж байна. Намайг үзэхийг хүсэж буй өмнө хэлсэнчлэн цөөхөн ажилчинтай хамт олон бол надтай хамтдаа шинэ жилийн баяраа тэмдэглэвэл илүү гоё байна гэж харж байгаа. Мэдээж тоглолтод үзэгчдийг ороход төрөл бүрийн бэлэг барихаар хичээж, хамтарч ажиллаж буй байгууллага хүмүүс энэ тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн тоглолтыг бүтээхийн төлөө ажиллаж, миний төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг бүх хүмүүс, үзэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлье. Миний тоглолтыг дэмжиж, хамт байгаа хүмүүст баярлалаа. Та бүхнийг өөрийн тоглолтдоо урьж байна. Тоглолтын бэлтгэл ажил ер нь сайн хангагдаж байна. Тасалбар хүргэлтээр зарагдаж, сошиалаар бүх мэдээ, мэдээлэл хүмүүст хүрдэг амар болсон байна. Одоо өөрийн сайн дуулах зэрэгтээ анхаарч байгаа. Ямар ч байсан үзэгчидтэйгээ халуун дотно дуулсан сайхан тоглолт болно гэж бодож байна.