Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ж.Адъяасүрэн: Ж.Р.Р Толкины ертөнц маш их баялаг || DNN.mn

“Толкин” сонирхогч Ж.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Ямар учраас “Толкины уншлагын өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар болов?

-Жил бүрийн гуравдугаар сарын 25-нд дэлхий даяар зохиолч, хэл зүйч Ж.Р.Р Толкины фен нийгэмлэгүүд “Tolkien Reading Day” арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнийг бид “Толкин уншлагын өдөр” гэж нэрлэсэн. Яагаад гуравдугаар сарын 25-ны өдөр вэ гэвэл бөгжийг галт уул руу шидэж устгасан. Ж.Р.Р Толкинтой холбоотой гурван чухал тэмдэглэлт өдөр байдаг. Нэгдүгээрт, Толкины төрсөн өдөр нэгдүгээр сарын 3, хоёрдугаарт, гуравдугаар сарын 25 “Tolkien reading day”, гуравдугаарт, есдүгээр сарын 22 “Хоббитын өдөр” гэсэн өдрүүд байдаг. Хоббитын өдрөөр “Хоббит” зохиол 1937 онд анх хэвлэгдсэн өдөр. Энэ өдрийг хүмүүс ихэвчлэн Хоббитууд ямар байдаг шиг хөгжилдөж өнгөрөөдөг. “Tolk­ien reading day” өдрөөр хүмүүс номтойгоо гүнзгий танилцах, сүүлийн үед Толкинтой холбоотой гарсан ном, зохиолын талаар мэдээлэл солилцож унших өдөр. Манай “Бөгжний эзэн болон Хоббит цуврал сонирхогчид” группийнхэн сүүлийн хэдэн жил хийнэ гэж бодож байсан ч “Ковид-19” цар тахлаас үүдэн хойшлогдсоор энэ бямба гаригт зохион байгуулахаар болсон.

-“Бөгжний эзэн болон Хоббит цуврал сонирхогчид” фэйсбүүк группийн талаар тодруулбал?

-Бөгжний эзэн болон Хоббит цуврал ном зохиолд дуртай хүмүүс нийлж групп нээсэн. Зургаан жилийн өмнө нээгдэж байсан. Одоогоор 3700 гаруй гишүүнтэй.

-Өмнө нь ийм төрлийн арга хэмжээг зохион байгуулж байсан уу?

-Өмнө нь ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй. Группийн идэвхтэй гишүүд цуглаж номын үйл явдал зэргээр ярилцдаг байсан.

-Ж.Р.Р Толкин гэдэг хүн ямар хүн байсан юм бэ. Ямар ном, зохиолуудтай вэ?

-Ж.Р.Р Толкин хэл зүйч хүн байсан. Хэл судлахдаа ихэвчлэн умард Европын хэлийг домог зүйтэй нь холбон судалдаг. Хэл гэдэг зүйл вакум орчинд оршдоггүй. Төвөдийн буддын шашин Монголд нэвтэрсэн болохоор төвөд үг манай хэлэнд байдаг зэрэг түүхтэй холбоотой. Исланд, Финланд, Англи, Герман үндэстний эртний домог зүй зэргийг судалдаг байсан. Хэл зүйч хүн учраас “Oxford” толь бичгийн W үсгээр эхэлсэн дийлэнх үгийг Толкин тайлбарлаж байсан. Толкин Англи улсын домог зүйг бусад орнуудтай харьцуулахад хязгаарлагдмал байдаг гэж үздэг байсан. Англи улсад байдаг домог нь нутаг устай нь холбогдсон домог их ховор байсан учраас өөрийнхөө хэмжээнд Английн домог зүй шиг зүйлийг зохиох гэж оролдсон. Энэ бүх хүчин зүйлсээс бүрдэн “Бөгжний эзэн” ертөнцтэй холбоотой номууд үүссэн. Олон нийт, уншигчдад хүртээл болсон он цагийн дарааллаар гэвэл “Хоббит” ном 1937 онд хэвлэгдсэн бөгөөд борлуулалт өндөр байх үед дараагийн ном хэрэгтэй байна гэж “Бөгжний эзэн-3” номыг гаргасан. Түүнийг 1973 онд нас барсны дараа бага хүү Кристофер Толкин нь эцгийнхээ гар бичвэрүүдийн редакторлан нэгтгэж, багцлан хамгийн эхэнд 1977 онд “Силмарилион”, 1980 онд “Unfinished Tales”, “Дундад ертөнцийн шастир” 12 боть номыг дарааллуулж гаргасан. Маш их баялаг ертөнц.

-Ж.Р.Р Толкины зохиол болон кино нь ямар онцлогтой вэ?

-Киноны болон зохиол нь өөр өөрийн онцлогтой. Бид ихэвчлэн киногоор нь үзэж танилцсан байдаг. Энэ нь мөн кино гарахаас өмнө номыг нь уншсан байсан хүмүүсээс шүүмж дагуулдаг. Яагаад гэвэл кино нь олон нийтэд тааламжтай байлгах үүднээс киноны оргил хэсгүүдийг байлдаан болгочихсон. Гэтэл яг үнэндээ зохиолыг нь уншвал энэ нь өөр утга учиртай. Тухайлбал, нөхөрлөл гэж яг юу болох, бусдын төлөө өөрийгөө золиослох нь ямар учиртай, зориг гэж юу вэ, зөвхөн баатар хүн зоригтой байх зэрэг.

Бөгжний эзэн зохиолын гол дүр, хамгийн зангилаа дүр нь хоббиттой одойгоос ялгарахгүй жижигхэн биетэй сул дорой гэж хэлж болохуйц тийм дүр байгаа юм бэ. Толкины хэлснээр хамгийн жижиг, ач холбогдолгүй хүнээс ч гэсэн цаг нь болохоор асар их зориг гарч болдог зэргийг хөндсөн чухал зүйл байсан. Толкины зохиолууд үргэлжийн ач холбогдолтой зориг, нөхөрлөл зэрэг сэдвүүдийг агуулсан учраас 100 жилийн дараа ч уншсан ач холбогдолтой хэвээрээ байх ном юм шиг санагддаг.

-Арга хэмжээ нь ямар хөтөлбөрөөр явагдах вэ?

-Бид гурван хэсэгтэйгээр хийе гэж төлөвлөж байна. Анхны удаа зохион байгуулж буй учраас туршилтаар хийж байгаа. Эхний хэсэг “Эрдэнэсийн эрэлд” гэдэг нэртэй. Үүнд хэдэн шаттайгаар асуулт хариулт, оньсого таавар таалган ялсан баг шагналтай. Хоёр дахь хэсэгт “Толкин уншлагын өдөр”-өөр илүү ертөнцтэйгөө танилцах зорилготой учраас сонирхолтой сэдвүүдээс аван нэг нэгээрээ тайлбарлаж ярилцана. Дэлхийд “Толкины нийгэмлэг” гэж байдаг бөгөөд жил бүрийн “Толкин уншлагын өдөр” сэдэвтэй байдаг. Энэ жил хайр ба нөхөрлөл гэсэн сэдэвтэй. Энэ сэдвээр хэрхэн бичдэг байсан тухай ярилцах юм. Гуравдугаар хэсэгт есдүгээр сарын 2-нд Амазон “Бөгжний эзэн” хоёрдугаар эриний үйл явдлаар телевизийн шоу хийх гэж байгаа. Телевизийн шоу нь түүхэн дэх хамгийн үнэтэй телевизийн шоу болохоор эхний улирлын шоунд 400 сая ам.доллар зарцуулж, нэг тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн байгаа. Шоуны трейлер сарын өмнө гарсан бөгөөд, трейлерийг гаргаж үзэгдэл бүр дээр юу гарч буйг хоорондоо ярилцах юм.

-Элф, Хоббит, Оркууд юугаараа ялгаатай вэ?

-Энэ ертөнцийн үүсэл гарлын домгоор хамгийн анх хүн, элф хоёрыг бүтээсэн. Элфүүд мөнх насалдаг учраас мөн чанар нь байгальтайгаа ойрхон. Харин хүмүүс мөнх бус, тиймээс төгсгөлтэй

амьдралыг илүү ойлгож амьдарна гэж дүрсэлсэн. Толкины өөрийн хэллэгээр хорон муу санаат тал шинэ зүйл бүтээж чаддаггүй, зөвхөн бүтээсэн зүйлийг өөрчилж дордуулдаг. Анхны харанхуйн эзэн элфүүдийг олзлон тамласаар оркуудыг гаргаж авсан. Харин Хоббит бол их сонирхолтой. Номын хавсралт дээр бичигдсэнээр Хоббитууд хоёрдугаар эриний үед хүмүүсээс салсан тусдаа төрөл гэж үздэг.

-Монголд “Бөгжний эзэн” болон “Хоббит”-ыг сонирхдог хэр их хүн байдаг вэ?

-Яг хэдэн хүн байдаг гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Кино нь зөвхөн Монголд гэлтгүй дэлхийд алдартай кино учраас киногоор нь хүмүүс мэддэг байх. Ямар кино гаргах төрөл бүрийн судалгаан дээр “Бөгжний эзэн” нэгт байдаг.

-Толкины зохиолуудыг группийнхэн орчуулдаг болов уу?

-Толкины зохиолуудыг монгол хэл рүү орчуулсан байдаг. “Хоббит” номыг хоёр, гурван хувилбараар орчуулсан байдаг ч албан ёсны эрхтэйгээр орчуулаагүй. Одоогоор “Монсудар” ХХК “Хоббит”-ыг орчуулж байгаа. Яваандаа “Бөгжний эзэн” номыг ч орчуулах юм билээ. Манай группийнхэн хэсэгчлэн орчуулдаг. Толкин зохиолдоо яруу найраг, дуу зэргийг оруулдаг, тэр хэсгийг группийн гишүүд дундаа Д.Цогчулуун ах хамгийн сайн орчуулдаг. Энэ мэтчилэн группийнхэн өөр өөрсдийн сонирхож буй хэсгээ орчуулж бусадтайгаа хуваалцдаг.

-Монгол орчуулгын чанар хэр байдаг вэ?

-Миний хувьд өмнө нь орчуулагдсан хувилбарууд яруу найрагтай холбоотой хэсгүүд сайн байсан гэж боддог. Гэхдээ орос хэлнээс орчуулсан учраас зарим нэг нэр томьёон дээр алдаа гарах тохиолдол бий.

-Арга хэмжээний үеэр “Бөгжний эзэн”, “Хоббит”-той холбоотой цуглуулгын зүйлсээр үзэсгэлэн гаргана гэсэн үү?

-Эвентийн үеэр манай гишүүд “Бөгжний эзэн”, “Хоббит”-той холбоотой цуглуулгаараа цомхон үзэсгэлэн гаргана. Толкины бичсэн номны олон төрлийн хэвлэлт, жижиг фигур, киноны хөгжмийн пянз, дүрүүдийн хувцас хэрэглэл зэргийг гаргахаар төлөвлөж байна.

-Арга хэмжээ нь төлбөртэй болов уу. Хичнээн хүн оролцох боломжтой вэ?

-15 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнээс 10 мянган төгрөгт лембас талх, кофе, цай, зэргийг авна. Кинонд элфүүд лембас талх хийдэг бөгөөд талхнаас нэг хазахад гурван хоногийн өл даадаг гэж гардаг. Кинонд гардагтай адил лембас талхыг үйл ажиллагаа болох “44 50” кафе бидэнд хийж өгөх гэж байгаа. Жил бүр бид “Толкин уншлагын өдөр”-өөр оригнал зураг гаргахыг хүссэн.

Ихэвчлэн Толкины ертөнцийг төсөөлөхдөө кино, гадаадын зураачдын бүтээлээр төсөөлж буй учраас монгол зураач дүрсжүүлэх нь их сонирхолтой учраас фенүүдийн нэг нь зурж өгсөн. Мөн бид “Силмарилион” номны ертөнцийн үүслийн талаарх эхний бүлгийг орчуулсан. Арга хэмжээнд мэдээж олон хүн ирвэл сайн. Хамгийн ихдээ 50 хүн оролцохоор тооцоолон бүх зүйлээ бэлдэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

П.Эрдэнэзаан: Эрүүл саруул, зөв хандлагатай амьдарч байхад өөр хүсэх зүйл үгүй || DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.


-Одоогоор та “Гэм зэм” жүжгээс гадна ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Гэм зэм” жүжгээс гадна “Риакшн” продакшны залуу жүжигчид болох Х.Цасчихэр, Э.Тодгэрэл хоёр дүүгийнхээ бүтээж буй уран сайхны киноны найруулга дээр ажиллалаа. Ерөнхийдөө киноны зураг авалт одоо л дуусч байна. Тус уран сайхны кино гуравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх байх.

-“Гэм зэм” постдрамын жүжигт хэрхэн тоглох болов?

-Коронавирусийн үеэр “Гэм зэм” романыг уншаад удаагүй байх үед жүжигт тоглох санал ирсэн. Бүх зүйлээр цэнэглэгдчихсэн байсан үед М.Батболд найруулагч, продюсер Т.Ариунчимэг хоёр надад жүжигт тоглох санал тавьсан. Тухайн үед эхэндээ Ф.М.Достоевскийн романаас сэдэвлэсэн жүжигт би тоглож чадах уу гэж их гайхсан. Надад их итгэл өгсөн. Романаас жүжгийн тавилт зэрэг нь өөр ч Ф.М.Достоевский гэдэг мэдрэмжийг авчихсан байсан учраас ойлгохгүй зүйл байгаагүй. Дүр дээрээ маш их ажилласан. Жүжиг өөрөө хийцийн хувьд өөр. Үүнийг ойлгож ажиллана гэдэг нь жүжигчнээс мэдрэмж, ур ухаан шаардсан. М.Батболд найруулагчдаа их баярлалаа гэж хэлье. Найруулагчтайгаа маш сайн ойлголцож, мэдрэмжээрээ холбогдож ажилласан учраас сайхан уран бүтээл гарсан байх гэж ойлгож байгаа.

-“Гэм зэм” жүжгийг маш их үзэгч үзэж байна. Энэ жүжгээр нийгэмд юуг хүргэхийг зорьсон бэ?

-Энэхүү жүжгийг үзсэнээр хүн өөрийгөө таних хэрэгтэй болон хүний хувийн орон зай гэж юу байх ёстой вэ гэдгийг ойлгоно. Залуучууд нийгэмд юу болж буйг харж, сэрж бодооч ээ, өөрийн амьдарч буй нийгэмд идэвхтэй оролцооч ээ гэдгийг ойлгох байх. Гэхдээ энэ жүжгээс ойлгох маш олон зүйл бий. Дүр бүр өөр өөрийн ертөнцтэй, нийгмийн давхаргуудад харьяалагдах сэтгэл зүйтэй. Өөрийгөө хайрлаж ойлгох, нийгмийг дүгнэж бодох, өөрөө өөртэйгөө ярих зэрэг их олон зүйлийг хэлж болно. Дан ганц зүйлийг ингэж өгүүлнэ гэхээс илүүтэйгээр үзэгч өөрөө үзэж ойлгох нь хэрэгтэй байх.

-“Гэм зэм” жүжигт Мармеладов болон шүүгчийн дүр бүтээж байгаа шүү дээ. Дүрүүдийн утга агуулгын талаар ярихгүй юу?

-Мармеладов архичны дүрд тоглуулахын хамтаар яагаад ерөнхий шүүгчийн дүрд тоглуулсан юм бэ гэж би бас их гайхаж байсан л даа. Шүүгч гэдэг чинь шударга үнэний төлөө зогсож байгаа, гэтэл Мармеладов архичин шударга үнэнийг хайсаар үхэж буй дүр. Мармеладовын мөрөөдлийг биелүүлж буй нь шүүгч сууж асуудлыг шийдэж байгаа юм. Мармеладовын дүр бол нийгмийн золиос. Ядуу амьдралын байдал эцсийн эцэст амьдралаас явуулахаас өөр аргагүй болгож байгаа асуудал. Шүүх гэж байдаг бол шүүхийг дагаад хүн чанар байх ёстой. Хуулийг дагаж хүн чанар байвал ямар нэгэн хэрэг зөв шийдэгдэнэ гэсэн асуудал.

-1994 оноос хойш тасралтгүйгээр тайзан дээр дүр бүтээж байна. Анх тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Яг сайн хэлж мэдэхгүй байна. Учраа олохгүй л гүйж явсан байх. Эхний таван жил юугаа ч ойлгохгүй давхина, дараагийн таван жил эр зоригоороо давхина. Хэцүү л дээ, яаж амар байх вэ. Жүжигчин болохын тулд бараг 20 гаруй жил хөдөлмөрлөж байж ажлын дөртэй болно. Жүжигчний мэргэжлийг насан туршийн эрэл хайгуул гэж боддог. Учир нь хүний сэтгэлийг сэтгэлийнх нь гүн рүү орон хайж байдаг. Хүний сэтгэл зүй гэдэг хязгааргүй, таагдашгүй. Тийм болохоор тэр эрэл хайгуулыг хийсээр дуусах байх гэж боддог. Одоо эрэл хайгуулынхаа дунд хайгаад л явж байна.

-Одоогоор “Маск” продакшн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Маск” продакшны хувьд онцгой нөхцөл байдлаас шалтгаалан одоохондоо уран бүтээл хийхгүйгээр завсарлага авсан байгаа. Уран бүтээлчид хувь бүрдээ уран бүтээлд оролцон, өөр хийх боломжтой зүйлсийг хийж байна. Нөхцөл байдал тайван болох хүртэл одоохондоо төлөвлөсөн ажил үгүй амралтын байдалтай байна. “Ковид 19”-ын хууль цуцлагдан, тайван болсон үед уран бүтээлийн ажилдаа орно доо.

-Таны хувьд дэлгэц болоод тайзны дүр юугаараа ялгаатай вэ?

-Дэлгэц, тайзны урлаг ялгаатай. Тайзны урлаг бол амьд урлаг. Амьд урлаг гэдэг нь жүжигчин үзэгчидтэйгээ бие, сэтгэл зүй бүх зүйлээрээ амьд холбогдон вакум орчин болж байдгаараа онцлогтой. Дэлгэцийн уран бүтээлд техник оролцож буй учраас техник дээр жүжиглэх шаардлага гардаг. Тайзны уран бүтээлд жүжигчний өөрийн судасны цохилт, судасны лугшилт, амьсгал, хөлс, зүрх сэтгэлийг мэдэрдгээрээ онцлог.

-Танд кинонд тоглох санал ирж байна уу?

-Кинонд дүр бүтээх саналууд ер нь ирдэг. Ажлын нөхцөл байдлаас хамааран одоохондоо кинонд тоглох завгүй л байна.

-Таны бүтээж байсан дүрүүдээс хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн нандин дүр ямар дүр байв?

-Ер нь төрөл бүрийн зүйлс хийж л байна. Эрэл хайгуул хийж, алдаж онон, амжилттай амжилтгүй болон явж байна. Гэхдээ хийж буй бүх зүйлд минь хөдөлмөр, сэтгэл зүрх, оюун ухаан ордог болохоор энэ дүр тийм лаг гэж нэр заахгүй. Хүний хөдөлмөр хөлс оюун ухаан зарцуулагдаж байдаг болохоор бүтээж байсан бүх дүрдээ хайртай.

-Таны хувьд жүжигчин хүний мөн чанар юу вэ?

-Жүжигчин хүнийг ёс суртахууны өндөр түвшинд байх ёстой гэж ойлгодог. Учир нь олны анхааралд байдаг мэргэжлийн онцлогтой. Өөрөө хүсээгүй ч олны анхааралд өртөж л байдаг. Тиймээс ёс суртахууны өндөр түвшинд биеэ авч явах хэрэгтэй. Мэргэжил нь баг хамт олноороо ажилладаг учраас зөв хүмүүжилтэй, хүн чанар сайтай, маш өргөн мэдлэгтэй, ёс зүйтэй байх ёстой. Ийм байж чадвал жүжигчин хүн гэж ойлгож болно доо.

-Та анх гурван настай байхдаа зурдаг байсан гэсэн үү. Одоо зурахдаа хэр сайн бэ?

-Тийм. Бага наснаасаа л зураг зурдаг байсан. Тодорхой хэмжээнд зав чөлөө гарсан үед таталбар зурдаг. Мэргэжлийн хэмжээнд биш л дээ. Багаасаа зураг зуран, сонирхдог байлаа. Сурсан зүйл юу гэж арилах вэ, алга болохгүй.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гуай “Манай П.Эрдэнэзаан ардын жүжигчин авдаг бол авахаар гайхалтай байгаа” гээд таньд их ам сайтай байна лээ. Ардын жүжигчний энд та бараг хүрсэн үү?

-Тийм зүйл одоо яриад хэрэггүй байх. Ямар ч байсан ур дахь ажлаа л хийж байх хэрэгтэй. Ц.Төмөрбаатар ах намайг тайзан дээр гарах үед ард яг намайг харж байдаг. Тайзнаас гарч ирээд үргэлж зөвлөгөө авдаг. Агуу жүжигчинтэй хамт ажиллан, мэргэжлийн зөвлөгөө авч үгийг нь сонсоно гэдэг маш том боломж. Тийм учраас танай сониноор дамжуулан ахдаа баярлалаа гэж хэлэх ёстой гэж бодож байна. Олон сайхан жүжигчид, залуучуудтай хамтран ажиллаж байна. Маш их зүйл сурч байна. Тийм болохоор их урамтай, маш сайхан ажиллаж байгаа. Цаашдаа олон уран бүтээлд ажиллах хүч, урам авч байна.

-Одоо та ямар дүр бүтээхийг хүсч байна вэ?

-Жүжигчин хүний чадал сорьж, ухааны цар хүрээ шалгасан дүрүүдэд тоглох сонирхолтой байна. Одоо бол нас, туршлага, цаг хугацаа олон зүйл бүрэлдсэн. Тэгэхээр илүү их эрэл хайгуул хийж ажиллах шаардлагатай, намайг зовоосон дүрд тогломоор байна.

-Та амьдралдаа юунд талархдаг вэ?

-Жүжигчин гэх энэхүү сайхан мэргэжлээрээ ажиллан, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байхад үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Эрүүл саруул, зөв хандлагатай амьдарч байхад өөр хүсэх зүйл үгүй.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ууган хүүтэйгээ хамтран “Тагнуулч аав” кинонд дүр бүтээж байсан шүү дээ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү минь сургуулиа төгсөөд, гэр бүлтэй болоод одоо архитектор мэргэжлээрээ ажиллаж байна. Гурван охинтой, бага охин минь дөрөвдүгээр ангид суралцдаг.

-“Positive Mongolians”-ийн хуримд хоёр охин нь дуулахад та их гайхаж, алмайрч байсан. Саяхан том охин нь “The Voice of Mongolia” шоунд оролцон амжилттай дараагийн шатанд шалгарсан. Та охиныхоо дуулдгийг нь мэддэггүй байсан уу?

-Миний хажууд охид минь дуулдаггүй. Манай том охин биеэ даасан охин. “The Voice of Mongolia” шоунд өөрөө бие даан шийдэж орсон байсан. Бид мэдээгүй байж байгаад Mongol HD телевизийн “The Voice of Mongolia” шоуны хамт олноос холбогдоход л шоунд оролцсоныг нь мэдсэн. Охин минь өөрөө бага наснаасаа төгөлдөр хуур тоглож, биеэ даагаад өсчихсөн хүүхэд. Шийдвэр бүрээ өөрөө гаргадаг. Сүүлд “Аав, ээждээ сюрприз барих дуртай” гэж хэлж байсан. Үнэхээр гэнэтийн зүйл болсон. Хүмүүс аав нь урлагийн хүн учраас хүүхдээ шахаж бэлддэг гэж ойлгодог юм шиг байна лээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Манай хүүхдүүд өөрсдөө бэлдээд дуулах үед нь би мэдэхгүй байдаг (инээв).

-Урлаг соёл, ажил гээд гэр бүлдээ цаг зав хэр зарцуулж байна?

-Хүүхдүүддээ аль болох цаг, заваа зарцуулахыг л боддог. Өглөө ажилдаа яваад тоглолттой, орой гэртээ хариад уулзалдах боломж бага л байна. Намайг гэртээ унтаж байхад хүүхдүүд хичээл сургуульдаа явдаг. Бид чинь зөрөлдөөд, бужигнаад байж байдаг даа.

-Таны эхнэр ямар мэргэжилтэй вэ?

-Миний хань хөгжимчин хүн. Консеваторд хөгжмийн багшаар олон жил тогтвортой ажиллаж байна. Олон сайхан шавь нартай багш хүн.

-Таны хүүхдүүд дуучин, жүжигчин болно гэж ярьдаг уу?

-Миний хүүхдүүд бага байх үеэсээ л тайзны ард өссөн. Бага наснаасаа хүүхэд ямар орчинд өссөн нь хүүхдийн сэтгэлд хадгалагдаж үлддэг юм байна лээ. Хүүхэд өөрийн хүсэл сонирхлоороо дуртай зүйлээ хийх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Өмнө нь жүжигчний мэргэжлийг маш хэцүү мэргэжил, жүжигчин болгохгүй гэдэг байсан л даа. Одоо бол тэгж, хүүхдийн хүсэл сонирхлыг боож болохгүй. Хүн гэдэг чинь дуртай зүйлээсээ аз жаргалыг эдэлж, мэдэрч байх ёстой. Тийм болохоор хэрвээ хүүхдүүд маань жүжигчин гэх энэ мэргэжлийг сонговол би татгалзахгүй гэж боддог.

-Та хүмүүсийн намтар унших их дуртай гэсэн үү. Ямар учраас намтар унших болов?

-Хүний амьдралын намтар гэдэг тэр чигтээ түүх, драматург байдаг. Учир нь хүмүүсийн амьдрал давтагдашгүй, ийм байх ёстой гэсэн журам үгүй. Агуу ч бай, энгийн ч бай хүний амьдралыг сонсож, судалж байх хэрэгтэй. Хүний амьдралын намтрыг уншсанаар маш их зүйлийг олж авдаг. Хүн гэдэг чинь амьдрал дээр бас нэгэн дүр шүү дээ. Чиний амьдралын үзэл бодол, амьдралд хандаж буй чинь мөн л нэг дүр. Үүнийг уншина гэдэг нь бас нэгэн судалгааны ажил гэх юмуу даа. Хүний дотоод сэтгэлгээг олж, мэдэрч унших нь жүжигчин хүнд хэрэгтэй гэж боддог. Бодит байдал гэдэг гарцаагүй үнэн, маш сонирхолтой байдаг.

-Та сүүлийн үед ямар ном уншиж байна?

-Саяхан “Цойлогсод” номыг уншиж дуусгасан. Одоо Еврейчүүдийн талаар ном уншиж байна. Цаашдаа боломж гарвал унших номуудаа төлөвлөчихсөн байгаа.

-Сэтгэлээр унасан, эрч хүчгүй болсон үедээ яаж цэнэглэгддэг вэ?

-Хүн бол сэтгэлийн амьтан. Хүний сайн сайхан байх, унаж босох нь өөрийн сэтгэл зүйгээс шалтгаалдаг гэж боддог. Би хийж чадахгүй, болохгүй зүйл байвал орхиод, өөрийгөө чөлөөлчихдөг. Гол нь сэтгэл зүйгээ хүнд байлгахгүй байх. Өөрөө өөрийгөө хүнд, муу зүйлсээс чөлөөлж гоё байлгах хэрэгтэй. Ямар нэгэн муу зүйл байхад мууг нь харахгүйгээр сайн сайхныг нь харах хэрэгтэй. Хүний харилцаа ч мөн чухал. Өглөө босоод хүнтэй инээгээд харилцаад, урдаас нэг хүн инээхэд ч гоё байдаг шүү дээ. Аливаа зүйл жижигддэггүй. Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрвэл сэтгэл зүйн хувьд ямар нэгэн байдлаар унахгүй байна. Үргэлжийн сөрөг нийгмийн стресс хэцүү. Ялангуяа уран бүтээлч хүн бүр их хэл аман дунд байдаг. Юм юманд л бачуураад байвал хэрхэн амьдрах билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

О.Анужин: Балетын урлаг маш их тэвчээр шаарддаг || DNN.mn

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужинтай ярилцлаа.


-Яагаад “Балет” гэх энэхүү сонгодог урлагт дурлах болов?

-Балетын урлагт дурлах болсон шалтгаан нь манай ээжийн найз Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Наранханд гэх балетчин эгчийн балетыг үзээд маш их таалагдсан учраас балетын урлагт орохоор шийдсэн. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун багш маань намайг шалгаж, 10 настай байхдаа сургуульдаа орж байсан.

-УДБЭТ-т орсон үеэс тань хойш 12 жил өнгөрчээ. Анх театрт ажиллах ямар байв, юу нь хэцүү байв?

-Анх театрт ажиллах мэдээж хэцүү байлгүй яах вэ. Яагаад гэвэл Хөгжим бүжигт сурч байхад зөвхөн балетад мэргэшихийн тулд дасгал сургуулилт хийдэг. Балетын жүжигчин болох үедээ жүжигт оролцоод жүжгийг гоцолж эхэлдэг. Тэгснээр ур чадвар, хүчин чармайлт, шаргуу бэлтгэл сургуулилт гээд маш олон зүйлсийг шаарддаг. Мөн сахилга бат, өөрийн юманд ямар хариуцлагатай хандах ёстой вэ, бусадтай харьцах харилцаа гэх зэрэг ч чухал. Тухайн үед дасахад маш хүнд санагддаг байсан. Одоо бол маш таатай, гайхалтай газар ажилладагтаа баярладаг.

-“Хунт нуур” эмэгтэй балетчдын мөрөөдөл шүү дээ. Анх “Хунт нуур”-т тоглоход ямар мэдрэмж төрж байв?

-Анх удаа бүжгэн жүжигт тоглоход маш их сандарч байсан. Тэгээд амжилттай сайхан тоглох юмсан л гэж бодож байсан даа. Ямар ч дүр байсан олон тоглоод туршлагатай болоод эхлэхэд илүү дүр тал дээр анхаардаг болдог.

-Та балетын урлагийн гоцлол бараг бүх дүрүүдэд ажилласан гэсэн үү. Ямар дүрүүдийг бүтээж байсан бэ?

-Ер нь бол бүх балетын гол дүр бүтээсэн байх шүү. Тоглоогүй дүр гэвэл “Шехерезада”, “Чойжид дагина” балетад тоглож үзээгүй байна. Үлдсэн бүх балетуудад гол дүрийг бүтээсэн.

-Балетчин хүн ямар дүр бүтээж байгаагаас шалтгаалан сэтгэл зүйн байдал их чухал нөлөөтэй шүү дээ. Сэтгэл зүйгээ хэрхэн барьж тогтвортой байлгадаг вэ?

-Олон жил бүжиглээд ирэхээр хувь хүн өөртэйгөө ажиллаад өөрийгөө ямар мэдрэмжтэй, юуг хүсч байна гэдгээ маш сайн мэдэрдэг болчихдог. Маш тайван байхыг хичээдэг. Мэдээж зарим үед бэлтгэл сургуулилт муу, хөл, гар өвдөөд бэлтгэлээ хийж чадахгүй, сэтгэлээр унах, гэр оронд асуудал гарах үеүд ч байна. Жүжигчин хүнд хамгийн чухал зүйл нь хэзээ ч юу ч тохиолдсон байнга бэлтгэлээ хийж байх ёстой юм. Чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийгээд явахад тоглолт дээр айх зүйлгүй байдаг. Стресстээд, бухимдсан үедээ дасгалаа хийж тайвширлыг олж авдаг.

-Хэдэн наснаасаа эхэлж балетын урлагаар хичээллэж эхлэх нь тохиромжтой вэ?

-Балетын урлагаар хэдэн наснаас ч эхэлж хичээллэж болно. Одоо үед ихэвчлэн 2-3 настайгаасаа эхэлж хичээллэдэг болсон. Мэргэжлийн сургууль буюу Хөгжим бүжгийн коллеж бол 10 наснаас нь эхлэн сурагчдыг шалгаруулж авдаг. Тэгэхээр өмнө нь хувиараа студид, эсвэл хувийн багш дээр ч хичээллэж болно.

-Балетаар хичээллэх нь биеийн гоо сайханд нөлөөлөхөөс гадна ямар давуу талтай вэ?

-Балетын урлаг бол маш олон давуу талтай. Зөвхөн биеийн гоо сайхнаас илүүтэй дотоод гоо сайхан, биеийн галбир, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэх итгэл мөн хөгжим сонсох, хөгжмийг мэдрэх мэдрэмж сайжирдаг. Тэгэхээр балетын урлагаар хичээллэх нь маш олон давуу талтай.

-Балетаар хичээллэхийн юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

-Би бүх л мэргэжил ямар нэг хэцүү чанартай байдаг гэж боддог. Балетын урлагийн хувьд онцлоход маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Учир нь хөл гар бэртэнэ, цэврүү үүснэ, техник ур чадварынхаа зүйлсийг хийж чадахгүй үе олон тохиолдоно. Тэр үед тэвчээртэйгээр өөрийн болгохын тулд өөрөөсөө маш их эрч хүч, сэтгэл зүрхийг гаргах хэрэгтэй. Саяхан манай багш надад “Хөгжимчин хүнд хөгжим хөгжмийн зэмсгийг яаж тоглохыг заадаг. Балет бол өөрийн тархи толгойгоор өөрийнхөө биеийг удирдахын хамтаар гоо зүйн өндөр түвшинг үзүүлэхийг хичээдэг. Тиймээс балет маш их хичээл зүтгэл шаардагддаг нарийн урлаг” гэж хэлж байсан.

-Хооллолт ч гэсэн чухал нөлөөтэй юу?

-Мэдээж хүн амьд явахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол зөв хооллолт. Тийм учраас бүх л хүн зөв хооллод анхаарч эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

-Та одоогоор юунд анхаарч төлөвлөж ажиллаж байна?

-Одоо манайх удахгүй “Жизель” балетыг цоо шинэ дэглэлттэйгээр тайзнаа амилуулах гэж байна. Одоогоор миний хамгийн их анхаарч буй ажил бол “Жизель” балет байна. “Жизель” балетдаа амжилттай тоглохын тулд маш их бэлтгэл, сургуулилт хийж, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Тун удахгүй дөрөвдүгээр сарын дундуур тоглогдохоор төлөвлөгдөж байна.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын нэг өдөр тоглож буй жүжгээс хамааран янз бүр байдаг. Манайх бол өөрсдөө цагийн хуваарьтай гардаг. Ямар ч байсан ажил дээр өглөө 10:00 цагаас бүгд нэгдсэн дасгал хийдэг. Зарим үед эрэгтэй, эмэгтэйгээрээ салаад нэгдсэн дасгал хийдэг. Балетын урлаг ч гэлтгүй бүжгийн урлагт хамгийн чухал зүйл дасгал. Дасгал хийх хугацаандаа маш сайн гүйцэтгэлтэй, өөрийнхөө биеийг дасгаж, техник зэрэг бүх зүйлсийг давтаж хийх ёстой. Дасгалаа сайн хийдэг бүжигчин тайзан дээр маш сайн бүжигчин байж чаддаг. Тийм учраас өглөө 10:00 цагаас бид бүгд дасгалаа хийж ажлын нэг өдөр эхэлдэг дээ. Үүний дараа 11:30 цагаас дараачийн дуудлагууд явагддаг. Дараачийн дуудлагууд жүжгээсээ хамаараад заримдаа бүтэн жүжиг явна, заримдаа “Хунт нуур”-ын гол дүрүүдийн бэлтгэл явна. Үргэлжлүүлэн ямар бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай вэ гээд өдөр бүр өөр дуудлага гардаг.

-Та ирээдүйд юуг зорьж байна вэ?

-Миний зорилго гэвэл Монгол Улсын сонгодог урлаг тэр дундаа балетын урлагийг 200-300 жил хөгжсөн томоохон улс орнуудтай дүйцэхүйц хэмжээний мундаг балеттай болгохыг хүсдэг. Балетын урлагийг хөгжүүлэхэд би өөрийн бүх чадлаараа хичээж, хувь нэмрээ оруулан зүтгэсээр байх болно гэж боддог.

-Та балетаар хичээллэх гэж буй хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хандан юуг зөвлөх вэ?

-Балетаар хичээллэх гэж буй хүүхэд залуучууд, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хэрвээ та мэргэжлийн балетчин болгох гэж байгаа бол зорьсон зорилгынхоо төлөө эргэж буцалтгүйгээр урагшилж, ямар ч хүнд хэцүү зүйл таарсан аз жаргал болгож харах хэрэгтэй. Хүнд хэцүү, бэрхшээлийг даван туулахгүй бол балетын мэргэжлийн бүжигчин болох ямар ч боломжгүй. Тиймээс мохохгүйгээр, буцахгүйгээр зорьсон зорилгынхоо төлөө бүх зүрх сэтгэлээ дайчлан хичээх хэрэгтэй. Ер нь мэргэжлийн хүүхдүүд, сонирхогч ч байсан хамгийн том анхаарах зүйл бол мэдээж багш юм. Аливаа зүйлд багш хамгийн чухал байдаг. Ялангуяа балетын урлагт хамгийн чухал зүйл нь багш. Ямар багшийн шавь байхаас шалтгаалаад чи одоо, ирээдүйд ямар балетчин болох вэ гэдэг чинь шийдэгддэг учраас багшийгаа зөв сонгоорой гэж зөвлөх байна.

-Балетын урлаг манай оронд хөгжиж байна уу. Таны бодлоор ямар түвшинд явж байгаа вэ?

-Балетын урлагийг хөгжүүлэх гэж дуурийн театрын балетын анги, бүх балетчид маань хичээж байгаа. Хөгжим бүжгийн коллежийн сонгодог урлагийн багш нар, сонгодог урлагаар хичээллэж буй хүүхдүүд энэ бүх хүний хичээл зүтгэл бол балетын урлагийг Монгол Улсдаа хөгжүүлж дэлхийн түвшинд аваачих шүү дээ. Манайх Азидаа цорын ганц академик театртай. Тиймээс манай улсын балет маш өндөр түвшинд байгаа.

-Тэгвэл энэ урлагийг цаашид хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?

-Хамгийн чухал зүйл бол бид театртаа гайхалтай шинэ уран бүтээлүүдтэй болох. Тиймээс манай УДБЭТ-ын ерөнхий найруулагч Д.Дашлхагва багш маань олон балетуудыг дэглэн найруулж байгаа.

Хамгийн гол нь уран бүтээлүүд маань шинэчлэгдэн олон болох ёстой. Түүний дараа бид гадагшаа аялан тоглолтуудаар явж бусад улс орнуудад “Манайд балетын урлаг ингэж хөгжсөн шүү” гэдгээ үзүүлж харуулж, тухайн газрынхаа балетын урлагийн хүмүүстэй холбогдож туршлага солилцох ёстой. Мөн мэргэжлийн олон мундаг багш нар байх ёстой. Ажилчдын ажиллах орчин нөхцөл ч сайн байх ёстой. Ажиллах орчин нөхцөл бол хамгийн чухал.

Мэргэжлийн эмч массажист, пилатис, жим, балетын дасгал гээд энэ бүгд хосолж байж энэ урлаг тайзан дээр маш гайхалтай гоо сайхныг үзүүлж, гайхалтай үзэмжийг харуулж, гайхалтай мэдрэмжийг авдаг болчихсон шүү дээ. Тийм учраас орчин нөхцөл хамгийн чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Ангирмаа: Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ || DNN.mn


Хөгжмийн зохиолч, продюсер, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаатай ярилцлаа.

-Таныг анх урлагт хөл тавихад юу нөлөөлж байв?

-Гэр бүл маань урлагт хайртай хүмүүс учраас их нөлөөлсөн. Аав маань төгөлдөр хуур тоглож, уртын дуу дуулдаг, ээж минь уран зураг сонирхож цуглуулдаг байлаа. Харин ах маань “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн байсан. Миний ах, эгч нар ОХУ-д оюутан байхдаа бүгд хамтлагт дуу зохиож, гитар тоглодог байсан. Үүнээс улбаатай юм болов уу.

-Та анх өдөрт 2-3 дуу зохиодог байсан гэсэн үү?

-Би хуучин төгөлдөр хуурын ард суусан даруйдаа л нэг өдөрт маш олон дуу зохиодог байсан. Үргэлж нэгээс хоёр ая зохиож, түүндээ зориулан шүлгээ бичдэг байлаа. Миний дуунуудыг Б.Сарантуяа, С.Наран, Ж.Алтанцэцэг зэрэг поп дива уран бүтээлчид дуулж эхэлсэн. Тухайн үед ая, үгээ өөрөө зохиож, өөрөө гитар, төгөлдөр хуур сурч их чармайлттай байсан. Бүх дуунуудаа нэг дор зохиож байсан учраас анхны дуугаа хэдэн онд зохиож байснаа сайн мэддэггүй (инээв).

-Та анх 13 настайгаасаа дуугаа зохиож байсан гэж сонссон?

-Тийм. 13 настайгаасаа ая, дуугаа зохиож ирсэн. Зургаан настай байхдаа шүлэг бичдэг байлаа. Аяа зохиож, өөрөө гитар тоглож сураад, төгөлдөр хуур тоглож сурсан дариудаа “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг бүх дуунуудаа өдөр бүр зохиодог байсан. Өдөр болгон төгөлдөр хуур тоглож, маш их дуу зохиодог байсан. Би 1983 онд “Тагтаа” зэрэг дуунуудыг “Инээмсэглэл” хамтлагийн Н.Ганхуяг ах нартаа ч сонсуулдаг байлаа. Балчир бага насандаа хэнд ч хандаж чадахгүй дуунуудаа бүгдийг нь хадгалж байтал 1983 онд зохиож байсан дуунуудыг 10 жилийн дараа Б.Сарантуяа дуучин маань амьдруулсан. Түүнээс үүдэн эмэгтэй дуучид миний дуунуудыг амьдруулах болсон доо. Би их завгүйгээр үргэлж хөдөлмөрлөж ирсэн.

-Анх төгөлдөр хуур сурахдаа өөрөө хар, цагааны ялгааг олж “Тал нутаг”, “Сэтгэл догдлуулсан орой” зэрэг дуугаа зохиож эхэлсэн гэсэн, энэ тухай тодруулбал?

-Би тамирчин байх шинжтэй байсан. Сагс, ширээний теннис их тоглодог байлаа. Манай гэрт аав маань төгөлдөр хуур худалдан авч авчирсан учраас би хар, цагаан товчлуурыг мэдэрч эхэлсэн. Тэр үед манай тэр хавьд Л.Мөрдорж гуайнх, манайх хоёр л төгөлдөр хууртай байлаа. Аав минь “Чи энэ төгөлдөр хуурыг сур. Чи Александра Пахмутова гэдэг шиг урлагийн хүн байх ёстой. Хөгжим дуу зохиож сур” гэж хэлж байсан. Би өглөө болгон хар, цагааныг уудлан, энийг ингээд үзье, энэ ингэвэл яаж дуугарах бол гэж оролдсоор байгаад “Сэтгэлд догдлуулсан орой” дуугаа зохиож байсан. Үүнээс хойш Улаан-Үдэд сургуульд явж суралцан их зүйлийг сурч байсандаа баяртай байдаг.

-Та 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хийж байсан шүү дээ. Одоо тоглолт хийх бодол байгаа юу?

-“Сэтгэл догдлуулсан орой” тоглолт миний 50 насны ойн тоглолт байсан. Энэ тоглолтыг миний бүх найз нар заавал чи хийх ёстой, олон жил тоглолт хийсэнгүй, хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Би чинь дандаа тайзны урд биш ард байдаг хүн шүү дээ. “Киви”-гээ, шавь нараа сайхан болгочих юмсан гэж боддог байсан. Өөрийнхөө уран бүтээлийг хойшлуулдаг байж байгаад тоглолтоо хийсэн. Тоглолтод миний бүх найз нөхөд, урлагийнхан ирж дуу хуураа өргөж их сайхан мартагдашгүй тоглолт болсон. Одоо өөрийнхөө тоглолт хийхээс илүү охидын шинэ хамтлаг байгуулна гэж бодож, мөрөөдөж байна. “Киви” хамтлаг сайхан бүтээл хийж туурвисан. Би бодож, мөрөөдөж явахад миний бодож мөрөөдсөн бүхэн биелдэг. Үүнтэй адилхан би хамтлаг байгуулна, телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж мөрөөдөж байсан. Миний бүх мөрөөдөл биелсэн. Үүнтэй адилаар дахин охидын хамтлаг байгуулна гэж бодож байна. Би яаралгүйгээр төлөвлөж, боддог. Өөртөө их итгэл үнэмшилтэй байдаг. Учир нь сайн сайхан зүйлсийг бодож явж байхад бүх зүйл бүтдэг. Би маш олон шавь нартай. Шавь нарыгаа дуулахыг хараад бахархаж явдаг даа.

-Та яагаад продюсер гэх мэргэжлийг сонгож ажиллах болсон юм бэ?

-Би тайзны ард байж ямарваа нэгэн зүйлийг зохион байгуулж, менежер хийх зэрэгт илүү сонирхолтой. Тайзан дээр гараад дуулдаг хүн биш юм байна лээ. Тайзан дээр гарч дуулахаас илүүтэй арын фронтод, хөшигний ард ажиллах нь надад их чухал байдаг.

-Анх “Продюсер” гэдэг томьёоллыг үүсгэсэн шүү дээ. Тухайн үед ямар байв?

-Тэр үед манай оронд продюсер гэдэг мэргэжил байхгүй байсан ч продюсер хүн олон байсан. Н.Ганхуяг ах, Л.Тайванбат гэх зэрэг хүмүүс. Энэ нэр томьёог би жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн. Продюсер хүн гэж ямар хүн байдаг вэ гэдгийг өөрөө уншиж, судалсан. Гэрээ хийж, ийм ажлуудыг хийх ёстой юм байна. Продюсер гэдэг нь санхүүг нь барьж, санааг нь гаргадаг хүнийг хэлнэ. Надаас маш олон хүн зөвлөгөө авах гэж уулзаж, ямар учиртайг олон хүнд зааж зөвлөж байсан.

-“Киви” хамтлагийг анх үүсгэн байгуулж байхад ямар хэцүү зүйл тулгарч байв?

-Хамтлаг үүсгэн байгуулахад хэцүү зүйл байгаагүй. Аяндаа бүх зүйл бүтсэн. Бид хоорондоо ярилцан байгуулж байсан даа. Ямар ч гачигдал, дутагдах зүйл, бэрхшээл байгаагүй. Бид өөрсдийн студи, талбай, сургуультай асуудалгүй байсан.

-Та саяхан “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл?

-Энэ их сонин мэдрэмж байдаг юм байна. 2018 онд миний 50 насны ойн тоглолт болох гэж байхад нэг яриа үүсээд өнгөрсөн. Түүнээс хойш одоо дөрөв гаруй жил өнгөрч. Би өөрөө тоохгүй, бага зэрэг хэнэггүй явж байлаа. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуай намайг тодорхойлоод, шагнал авах үе маш сайхан боллоо. Би энэ шагналын хойноос бол явах үгүй, хэнэггүй байсан. Хүмүүсийг шагнал авахад гавьяат, алтан гадас авчээ гэж хардаг байлаа. Надад их сайхан сэтгэгдэл төрсөн. Сайхан хамт олонтой гэдгээ мэдэрсэн. Бүх рок попын дива нар ирж, намайг сайхан угтаж, баярыг минь хуваалцсан анд найз нөхдөдөө үнэхээр их баярласан.

-Таны аав “Намайг Ангирмаа гэдэг” дуу хийхэд тань их шүүмжлэлтэй хандаж байсан гэсэн үү?

-Манай аав хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн хүн байсан. “Чи яагаад “Намайг Ангирмаа гэдэг” гээд өөрийгөө магтдаг, өөрийнхөө тухай дуу зохиодог хүн бэ” гэж хэлж байсан. Одоо миний дуунууд буцаад моодны болж эхэлсэн. Магадгүй энэ дуунуудыг маш эрт зохиочихсон, хүмүүс ойлгохгүй байсан. Одоо бол миний дуу моодонд орж байгаа гэж боддог.

-Танд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах чинь их тусалж дэмждэг байв уу?

-Мэдээж. Учир нь Долгион ахгүйгээр энэ бүхнийг бүтээнэ гэдэг худлаа зүйл. Маш их зарчимч, зааварчилгаа, зөвлөгөө өгдөг, “Чи үүн дээр алдаад байна, энэ үгээ ингэж зөв ярь” зэрэг үгийг хэлдэг байсан. Ахаасаа их зүйл сурсан. Одоо ах минь дүүгээрээ “Миний дүү мундаг гоё зүйлсийг хийж байна” гэж бахархдаг даа.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-За би өчигдөрхөн шинэ гитар худалдаж авлаа. Коронавирусийн улмаас хоёр жилийн хугацаанд төгөлдөр хуурынхаа тагийг ч онгойлгохгүй ном уншдаг байсан. Гитараа аваад эхнийхээ дууг гаргачихсан байгаа. Коронавирус хүнийг залхуу, идэвхгүй байдалтай байлгадаг юм байна. Эхний дуу маань Б.Сарантуяагийн дуугаар эхэлж байна. Одоо омикрон дууссан, дуунуудаа зохиож, уран бүтээлээ бүтээж эргээд Ангирмаагийн өвөрмөц аялгуунууд гэж сонсогдож эхлэхийг хүсч байна даа.