Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв аймагт нэг гэрийн гурван хүнийг хөнөөсөн гэх Б.Баасанжавын хэргийн мөрөөр

Наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд цагдаагийн байгууллагад “Нүхэнд хүний цогцос байна” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг Хөндлөн гэдэг газар зусч байсан Б-г эхнэр хүүхдийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, гэрийнх нь ойролцоох нүхэнд булсан байжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Улсын мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, 24 цагийн дотор тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг олж илрүүлсэн. Хэргийн газар үзлэг хийхэд 52 настай эрэгтэй Б, 12 настай эмэгтэй Б нар буудуулсан, 53 настай эмэгтэй Т хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Сэжигтэн эхний мэдүүлгээр үйлдсэн хэргээ хүлээгээд байгаа” гэсэн юм.

Б.Баасанжав ажил муутай этгээд гэв

Сэжигтэн талийгаачийн ахынх нь хүү. Талийгаач түүнийг гэртээ байлгаж, “тэжээдэг” байсан талаар нутгийнх нь хүн ярьсан. Бид Төв аймгийн Сэргэлэн сумын иргэнтэй холбогдож мэдээлэл авлаа.

-Танай суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Таныг талийгаачийнхныг таньдаг, ойр дотно байсан гэж сонсоод холбогдож байна.

-Тийм айхавтар хэрэг болсныг наадмаар мэдлээ. Цагдаа нар бүрэлдэхүүнээрээ талийгаачийнд хэд, хэдэн удаа ирсэн. Энэ хавийн хүмүүсийн ярьж байгаагаар тэр нөхөр наадмаас нэлээд хэд хоногийн өмнө ийм айхавтар гэмт хэрэг үйлдчихээд зугтчихсан гэсэн. Тэгээд энд тэнд хоноглож тэнэж явахад нь цагдаа нар барьсан байна.

-Та сэжигтнийг хэр сайн таних вэ?

-Талийгаачийг сайн танина. Үхэр голдуу малтай, давгүй сайхан амьдралтай айл байсан юм. Илүү дутуу зангүй найрсаг хүмүүс байсан юм, хөөрхий. Талийгаач (гэрийн эзэн) Налайхад жолоочоор олон жил ажилласан, эхнэр нь ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Тэднийх энд нүүж ирээд олон жил болж байгаа. Хэдэн малынхаа буянаар л амьдардаг байсан айл. Хүүхдүүд нь хотод байдаг. Бага охин (талийгаач) хотод сурдаг, амралтаараа гэртээ ирдэг байсан юм.

Харин хүний амь хөнөөсөн нөхрийг сайн мэдэхгүй. Дуу муутай залуу тэднийхээр ирж очоод л байдаг байсан. Хэрэг түвэгт холбогдож байсан юм гэнэ лээ. Архи их ууна. Хэд хоногоор алга болж байгаад ирдэг. Тэр бүртээ талийгаачаас мөнгө авдаг байсан биз. Эрхэлсэн ажилгүй. Малд ч нүдгүй, ажил төрөл муутай этгээд. Талийгаачийн ойрын хамаатны залуу гэж сонссон. Талийгаач л тэр нөхрөөр хүн хийх гэж зовж байгаа нь харагддаг байсан.

-Тэдний харилцаа хэр байсан юм бол. Сэжигтэн өс хонзонгийн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн гэсэн.

-Талийгаач хүнтэй муудалцаад байх хүн биш. Гэмт хэрэг үйлдсэн нөхөр л өөрөө авиргүйтсэн байх. Энэ хэргийг үйлдэхээс өмнө хэд хоног хотод архидаж байгаад ирсэн гэнэ лээ. Талийгаач ахынх нь хувьд биеэ зөв авч яв гэсэн утгаар хэдэн үг хэлсэнд л өсөрхсөн биз. Тэр нөхөр гурван хүний амь хөнөөчихөөд баригдталаа архидаж, зугаацаж явсан гэсэн. Тэгэхээр л ямар хүмүүжилтэй, хэр хүн бэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

Сэжигтэн хэн бэ

Авга ах, бэргэн эгч, ач дүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа этгээд 1983 онд төрсөн. Бямбацогт овогтой Баасанжав бүрэн бус дунд боловсролтой. Тэрбээр Баянзүрх дүүргийн IX хороонд бүртгэлтэй. Хулгай, танхайн хэргээр шалгагдаж байжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй түүнийг авга ах (талийгаач) нь гэртээ байлгаж, амьжиргаанд нь тусалдаг байж. Бүр мал тасалж, тусад нь гаргах талаар ярьдаг байжээ. Гэвч сэжигтэн байнга шахам архи ууж, хэд хоногоор алга болчихдог байжээ. Тэрбээр талийгаачийн том хүү, охин хоёртой бараг харьцдаггүй байсан талаар албан бус эх сурвалж мэдээлсэн. Талийгаачийн хүүхдүүд түүнийг архи уудаг, авир муутай болохоор аав ээжээсээ хол байлгая гэж ярьдаг байж. Гэвч талийгаач “Ганц ахынхаа хүүг би л харж хандаж, зөв хүн болгох ёстой” гээд Б.Баасанжавыг өнгөрсөн өвлөөс хойш хажуунаасаа холдуулаагүй гэнэ.

Түүнийг хамтран амьдарч байсан эмэгтэйгээсээ салсан гэдэг мэдээллийг ч эх сурвалж өгсөн. Хэрэг гарахын өмнө сэжигтэн хот явж хэд хоногоор алга болжээ. Ирснийх нь дараа авга ах нь “Наадам дөхөж байхад хот орж сүү, цагаан идээ борлуулмаар байна. Бүл муутай хоёр хөгшин хаяад хэд хоногоор алга болчихлоо. Наадмын хэд хоног чи энэ гэр харж, үхэр тугалаа хариул” гэснээс маргаан эхэлсэн талаар сэжигтэн мэдүүлсэн гэнэ. Авга ахтайгаа маргалдаж, аминд нь хүрсэн шалтгаанаа сэжигтэн өс хонзонгийн сэдэлтээр гэж мэдүүлжээ. Мөн гурван хүний амийг хөнөөснийхөө дараа гэрт нь байсан эд зүйл, үхрийг нь хулгайлж, хотод орж зарж олсон мөнгөөрөө архи ууж байгаад цагдаа нарт баригдсанаа хүлээжээ.

Хэргийн ул мөр үлдээхгүй гэсэндээ гэрт байсан бүх хүнийг хөнөөсөн гэж ярьсан гэнэ. Ингээд гэрийнх нь ойролцоо байсан нүхэнд булж, талийгаачийн портер маркийн машинаар зугтжээ.

“Тэр ганцаараа биш

Төв аймгийн сэргэлэн сумын албаны эх сурвалжтай холбогдоход “Талийгаачийнх Налайхын айл. Налайхад бүртгэлтэй. Манай аймгийн нутаг дэвсгэр дээр амьдарч байсан. Тэтгэвэрт гараагүй, мал малладаг байсан хүмүүс. Охин нь 79 дүгээр дунд сургуульд сурдаг байсан. Энэ хэргийг үйлдсэн гэх сэжигтэнг танихгүй. Сумынхны ярьж байгаагаар тэр нөхөр ганцаараа энэ хэргийг үйлдчихээд хулгай хийхдээ хүмүүстэй бүлэглэсэн бололтой юм билээ. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэд, хэдэн хүнийг бас шалгаж байгаа гэсэн. Тэр хүмүүс нь хотод амьдардаг гэж сонссон. Өөр мэдээлэл алга” гэв.

Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт Б.Баасанжаваас гадна гурван хүнийг сэжиглэн шалгаж эхэлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Е.Сагсай: Зарим хэргийн хувьд хангалттай баримтаар тогтоолгүй эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил АТГ-т илэрсэн

Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт хийжээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

-Танайхаас яагаад АТГ-т шалгалт хийсэн бэ. АТГ-тай холбоотой хүний эрх зөрчдөг, улстөрждөг гэх мэт яриа шалгалт явуулахад нөлөөлсөн болов уу?

-Прокурор нь Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, уг ажиллагаанд хуулийг нэг мөр хангуулах, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож яллах чиг үүргийг хэрэгжүүлдэг субьект юм. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд прокурорт хуулиар олгогдсон бүрэн эрхийн нэг нь Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хэсэгчлэн болон иж бүрнээр нь шалгах явдал юм. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд аль ч хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагын ажиллагааг прокурорын байгууллагаас шалгаж байдаг. Үүний дагуу л АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааг шалгасан болно. Өөр ямар нэг зорилго, шалтаг, шалтгаан байхгүй гэдгийг шууд хэлье.

-Шалгалтынхаа дүнг танилцуулаач. АТГ хэрхэн ажиллаж байна вэ?

-Улсын ерөнхий прокурорын баталсан удирдамжийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр гарсан Улсын ерөнхий прокурорын заавар, журмын хэрэгжилтийг 2014 он, 2015 оны эхний таван сарын байдлаар шалгалаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргүүдэд мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна.

Тус хэлтэс нь хэлтэс, албаны дарга болон ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаагч, нараас бүрдсэн 30 хүнтэй ажиллаж байна. АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2014 онд 452, 2015 оны зургаан сарын байдлаар 205-ыг хүлээн авч шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах хэлтэс нь 2014 онд 236 хэрэгт, 2015 онд 158 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Тэдгээрийн 58 хувьийг хүндэвтэр гэмт хэрэг, 36 хувийг хүнд гэмт хэрэг, зургаан хувийг онц хүнд хэрэг байна.

Дээрх хугацаанд нийт мөрдөн байцаалт явуулсан хэргээс 92-ыг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 70 хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар, 63 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр, 22 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах, хохирол нөхөн төлөгдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2014 онд 17 тэрбум 355.7 сая төгрөгийн, 2015 онд долоон тэрбум 907.9 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулжээ. Тус хэлтэс нь шалгалт хийх явцад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа 62 эрүүгийн хэрэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 26 хэрэгтэй байлаа.

-Дээрх шалгасан хэргүүдийн сэжигтэн, яллагдагчаас хэдийг нь баривчилж, хорьсон бол?

-2014 онд дөрөв, 2015 онд гурван хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан байна. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж мөрдөн байцаалт явуулсан хүн 2014 онд 33, 2015 онд 17 тус тус байна. Шалгалтын дүнгийн талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хамт олны хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар прокурорын даалгавар, чиглэл өгсөн болно.

-Тухайлбал ямар, ямар зөрчил илэрсэн бэ?

-Нийт хүлээн авсан гэмт хэргийн талаар гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг, зарим хэргүүдийн хувьд гэмт хэргийн шинжтэй эсэхийг хангалттай баримтаар тогтоогоогүй байж үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг зөрчил илэрсэн. Мөн орон нутагт мөрдөн байцаагч төвлөрөн сууж ажилладаггүйгээс шалтгаалан мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим алдагдах, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт хугацаа сунгаж мөрдөх явдал бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагатай харьцуулахад хувь хэмжээ нь харьцангуй өндөр байгаа.

Эрүүгийн хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцах, зарим эрүүгийн хэрэг болон яллагдагчийг шүүхээс цагаатгах зэрэг асуудал гарч байгаад анхаарал хандууллаа.

-Хүлээж авсан гомдол мэдээллийн 70 орчим хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлдэг гэлээ. Тэгэхээр авлигатай холбоотой худал мэдээлэл АТГ-т их ирээд байна уу. Эсвэл АТГ ажлаа хийхгүй байгаагийн илрэл үү?

-Авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудлаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс АТГ-т хандаж байгаа. Энэ асуудлыг шалгаад үзэхээр гэмт хэргийн шинжтэй эсэхээс шалтгаалж байгаа хэрэг. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэдэг нь гэмт хэргийн шинжгүй асуудлаар л АТГ-т хандсан байна гэсэн үг.

-Тэгвэл үндэслэл муутайгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг гэсэн зөрчил бас илэрчээ. Үндэслэлгүйгээр шалгаж хүний эрх зөрчиж байна гэсэн үг үү?

-Тодорхой зарим хэргүүдийн хувьд гэж тодотгосон шүү дээ. Түүнээс АТГ-ын шалгасан бүх хэрэг үндэслэл муутай гэж үзэж болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхийн өмнө тодорхой ажиллагаа явуулж шалгах ёстой. Үүнийгээ сайн шалгалгүй эрүүгийн хэрэг үүсгэснээс мөрдөн байцаалтын явцад хэрэг хэрэгсэхгүй явдал байгааг хэлж байгаа юм.

-АТГ-ын мөрдөж байгаа хэргүүд бусад хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөж байгаа хэргүүд нь Цагдаагийн болон бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудтай харьцуулахад тооны хувьд цөөн, ачааллын хувьд харьцангуй бага гэж хэлж болно. Гэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргүүд нь ихэвчлэн нууц, далд аргаар үйлдэгддэг, илрүүлж мөрдөхөд бэрхшээлтэй, цаг хугацаа их шаарддаг, эдийн засгийн болон бусад асуудлаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг шаарддаг зэргээс шалтгаалан ачаалалтай ажилладаг юм байна гэж нэг талаас нь хэлж болно.

-Ачааллыг нь асуухын учир АТГ-ынхан шалгаж байгаа хүнээ сард нэг дуудаж байцаадаг, удаан хорьж шалгах байдлаар эрүүдэн шүүдэг гэх шүүмжлэл бий.

-Хорьчихоод сард нэг удаа мэдүүлэг авдаг гэдэг бол нийтлэг зүйл биш. Хэрэг бүхэн дээр тийм асуудал байхгүй. Хэргийн ажиллагаа сунжирдаг, удаан хугацаагаар мөрдөгддөг явдал бол бий. Авлига, албан тушаалын хэрэг далд үйлдэгддэг, эдийн засгийн тооцоо судалгаа хийж маш олон баримт судлах шаардлага гардаг гэх мэт онцлог бий шүү дээ.

-Ер нь АТГ-ыг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг цагдан хорьж мөрдөхийг урьтал болгодог, хүний эрхийг зөрчдөг, эрүү шүүлт тулгадаг гэх мэт шүүмжлэл нийгэмд их байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ тухай мэдээлдэг. Шалгалтаар ийм зөрчил илэрсэн үү?

-Олон нийтийн дунд энэ талаар янз бүрийн яриа гарч, хэвлэл мэдээллээр ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүн болгоныг цагдан хорьж шалгадаг мэтээр мэдээлэгддэг. Энэ нь тус газрын мөрдөн байцаалт явуулдаг хэргийн онцлог хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь тодорхой албан тушаал эрхэлдэг, олон нийтэд танил болсон хүмүүс байдагтай холбоотой байх аа. Шалгалтын дүнгээс харахад АТГ нь сэжигтэн, яллагдагчид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулах таслан сэргийлэх арга хэмжээг харин ч цөөн тоогоор хэрэглэж байна гэж үзлээ. Тухайлбал, 2014 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн зургаан хувийг, 2015 онд найман хувийг цагдан хорьж мөрдсөн нь үүнийг гэрчилж байна.

-Сэжигтэн, яллагдагчдыг шорон дамжуулж хорьдог гэх яриа ч бий. Хоёр гурван шорон дамжиж хоригдсон сэжигтэн, яллагдагчийн ар гэрийнхэн энэ талаар ярьдаг. Энэ нь зөрчил мөн үү?

-Энд тэнд аваачиж хорьдог асуудал аль ч байгууллагад бий. Нэг хэрэгт хэд, хэдэн хүн холбогдож байгаа бол бие биетэйгээ холбоотой байлгахгүйн тулд салгадаг. Энэ бүгд прокурорын хяналт, шүүхийн зөвшөөрлийн дагуу л явагдаж байгаа. Шүүгчийн захирамж заасан газар л хорьж байгаа. Үүнийг эрүүдэн шүүж байна гэж үзэж болохгүй.

-Хэрэгт холбогдсон хүмүүсийн хилээр зорчих эрхийг хязгаарлаж,хилийн хориг тавьснаас алба, амины ажил, зайлшгүй шаардлагаар гадаадад зорчих эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарладаг гэсэн шүүмжлэл бас бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх асуудал зөвхөн Авлигатай тэмцэх газарт ч биш бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад ч байдаг асуудал юм. Сэжигтэн, яллагдагчийн Монгол Улсын хилээр зорчих эрхийг түдгэлзүүлэх нь (хилийн хориг) хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад үндэслэж, хилийн хориг тавигддаг. Монгол Улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн хувьд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын иргэдийн хувьд “Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуульд заасны дагуу уг арга хэмжээг хэрэглэдэг. Хилийн хориг тогтоох асуудлыг зохицуулсан. Улсын ерөнхий прокурорын тушаалаар баталсан журам болон ЦЕГ, АТГ, ТЕГ, ИХШХЕГ-ын даргын хамтарсан тушаалаар баталсан журмын дагуу уг асуудал зохицуулагдсан байна. Хууль болон дээрх заавар, журамд нийцүүлэн прокурорын хяналтын доор хилийн хориг тогтоож байгаа ажиллагааг хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан гэж үзэж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ

-“Таван хүний амь яригдаж байхад мэдээ хҮлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан”-

Алтай таван богдод авирч байсан таван иргэн харамсалтайгаар амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Онцгой байдлынхан талийгаачдын шарилыг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирсан юм. Цаг агаар муу, бороотой байсан учраас нисдэг тэрэг Баянхонгор аймагт хэсэг саатжээ.

Талийгаачид Хүйтний оргил орчимд осгож нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Туршлагатай уулчид үүнийг тайлбарлахдаа “Онцгойгийнхон тэднийг дурангаар харж олсон гэсэн. Ил харагдаж байсныг бодоход нэг олсонд явсан багийнхан ангал руу унаж амиа алдаагүй. Мөн цасан нурангид ч дарагдаагүй. Ангал руу уналаа гэхэд бүгд өндөрлөг газар гарч ирсэн байна. Цаг алдалгүй хайсан бол талийгаачдыг эсэн мэнд олох боломж байсан. Эрлийнхэн цаг алдсан учраас тэр хүмүүс осгож амиа алдсан гэж таамаглаж байгаа юм.

Уулчид маш тэвчээртэй хүмүүс байдаг. Бага зэргийн гэмтлийг даагаад яваад байх чадвартай. Хэд хоногийн өл даах ч тэвчээртэй. Гурван хоногийн дараа тэдний цогцсыг оллоо шүү дээ. Тэгэхээр амь тавьтлаа эрлийн багийнхныг хүлээж, маш их зовсон байх. Үнэхээр харамсалтай байна. Туршлагатай, Монголд нэр алдартай уулчдын дэргэд явж байгаад амиа алдсанд, эрлийнхэн цаг алдсанд харамсаад барахгүй юм” гэлээ.

Наадмын өдрүүдэд Алтай таван богд руу авирах аялалыг “Mongolia expeditions” компани зохион байгуулсан. Гэхдээ тус компанийн захирал С.Алдархишиг “Манайхаас зохион байгуулсан, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 гаруй хүн бүртгүүлж авиралтад оролцсон. Тэнд манай багаас гадна Эрдэнэтийн баг, оросууд, судлаачдын баг очсон байсан. Сураггүй болсон хүмүүс манай багт бүртгэлгүй. Хамгийн гол нь тэд нэг олсноос бэхлэгдсэн, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэж мэдэгдсэн юм. Харин талийгаачдын ар гэрийнхэн, дотны хүмүүс нь Алтай таван богд руу аялуулах зар түгээж, хүмүүсийг уриалсан компанид гомдолтой байгаа бөгөөд, эрсдэлтэй замд зохион байгуулалтгүй олон хүнийг авч явсан гэж үзэж байгаа аж.

Тэд facebook дэх зараар нэгджээ

“Mongolia expeditions” аялал жуулчлалын компани өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр facebook-ээр Алтай таван богдод аялах аялал зохион байгуулж байгаагаа зарлаж, аялагчдыг нэгдэхийг уриалж эхэлжээ. Анх Алтай таван богдын Хүйтний оргилд Оросын мөсөн гол судлаач, уулчин ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов нар 1915 оны долдугаар сарын 12-нд гарч байсан түүхтэй. Үүнийг Алтай таван богдод уулчин гарсны 100 жилийн ой гэж үзэж, тус компани аялал зохион байгуулахаар болжээ. “Mongolia expeditions” компани уулын авиралтыг 2006 оноос хойш зохион байгуулж, 200 гаруй уулчдыг аялуулж байсан түүхтэй. Алтай таван богдод хүн авирсны 100 жилийн ойд зориулсан аялал энэ сарын 8-15-ныг хүртэл үргэлжилжээ. Аяллын үнэ 720 мянган төгрөг бөгөөд энэ дүнд Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн онгоцны тасалбарын үнэ ороогүй аж.

Хүйтний оргилд уулчид аялах зараар талийгаачид нэгдэж, нэг баг болохоор ярилцсан талаар дотны хүмүүс нь ярьсан. Тэд аялал зохион байгуулагчидтай холбогдож, мэдээлэл авч байгаад нэг өдөр явсан гэнэ. Талийгаачдын гурав нь сайн танилууд бөгөөд өмнө нь хамт ууланд авирч, аялж байжээ. Харин хоёр нь уулын аялал сонирхдог бөгөөд, сонирхлынхоо дагуу нэгджээ. Талийгаачид энэ сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс Цэнгэл сумын Хар-Уул багийн нутаг Алтай таван богд руу хөдөлжээ. 200 гаруй км замыг туулж, Цагаан гол орчимд хоноглосон байна. Маргааш нь Таван богд уулын бааз руу явган аялжээ. Тэр өдрөө далайн түвшнээс дээш гурван мянга орчим метрийн өндөрт гарсан талаар хамт явсан уулчдын нэг нь ярьсан юм. Долдугаар сарын 10-ны өдөр уулчид далайн түвшнээс дээш 4050 метрийн өндөрт Малчин оргилд гараад отог руугаа буцжээ. Ингэхдээ тэд Хоног толгойд буюу 3600 орчим метрийн өндөрт хоножээ. Маргааш нь Хүйтний оргил руу хойд талаас нь авирсан байна. Хүйтний оргил дээр Алтай таван богд руу авирсан бүх хүмүүс цуглаж, амарсан бөгөөд буцах замд нэг олсонд холбоотой явсан таван хүн сураггүй болсон байна. Тэдний нэг нь унаж, хоёр эмэгтэй хүн орилохыг Эрдэнэтийн багт явсан уулчин сонссон аж. Түүнийг шокын байдалтай байгааг эх сурвалж хэлсэн юм.

Уулчид сураггүй болсон талаар “Mongolia expedi­tions” компанийн багийнхан отогтоо ирээд мэджээ. Өглөө нь гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид эрэлд гарсан ч сураггүй болсон хүмүүсийг олоогүй аж. Улмаар энэ сарын 12-ны 02.35 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хэл дуулгажээ. Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Хилийн 0285 дугаар ангийн дөрвөн алба хаагч, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 15 хүн, гурван машинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг энэ сарын 13-наас эхлүүлжээ. Эрлийн баг энэ сарын 14-ний орой Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон бөгөөд маргааш нь нисдэг тэргээр Өлгий хотод авчирчээ.

Талийгаачдын нэг нь уулын спортын зэрэгтэй байжээ

Алтай таван богдод сураггүй болж, эндсэн таван хүний гурав нь ууланд авирч байсан туршлагатай байжээ. Тэднийг “Эрүүл монгол-хайкинг” клубын гишүүн Д.Гомбосүрэн ахалж явсан аж. Тэрээр 37 настай. Уулын спортын хоёрдугаар зэрэгтэй тэрбээр өмнө нь Сутай, Цамбагарав хайрхан, Алтай таван богдод авирч байжээ.

Түүнтэй хамт явсан О.Гантөмөр 49 настай. Сүхбаатар аймгийн Тохижилт үйлчилгээний нэгтгэлд ажилладаг байжээ. Дугуйн спортоор хичээллэдэг тэрбээр сонирхлоороо дотоодын хэд хэдэн ууланд авирч байсныг эх сурвалж хэлсэн юм.

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэг нь Б.Долгорханд. 57 настай тэрээр явган аяллын клубыг ахалдаг байжээ. 2011 онд явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэрээр цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний ахалж байсан клубт цэргийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг бөгөөд жилд хоёроос гурван удаа уртын явган аялал зохион байгуулдаг аж.

Тэдэнтэй хамт явсан 21, 48 настай хоёр иргэн анх удаа ууланд аялж явсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

“Тэр ӨндӨрт, цасан дунд хэр удаан Үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…”

Талийгаачдын нэгийнх нь ар гэрийнхэнтэй холбогдож ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

-Бид хүнээ хүлээж аваагүй байна. Цаг агаараас шалтгаалж нисдэг тэрэг нь саатсан гэнэ. Үнэхээр юу ярьж, хэнд хандахаа мэдэхгүй байна. Шарилыг нь хараагүй болохоор ямар байдалтай нас барсныг нь ч таамаглаж чадахгүй юм. Тэр өндөрт, цасан дунд хэр удаан үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…

-Алтай таван богд руу авирахаар явах гэж байгааг нь хэзээ мэдсэн бэ. Хамт явах хүмүүсийнх нь талаар асууж, судалсан болов уу?

-Гэнэт л шийдчихсэн байсан. Алтай таван богдод хүн авиралт хийсний 100 жилийн ойн аялал зохион байгуулах талаар уулын спорт сонирхогчид бүгд шахам мэдэж байсан. Аяллын компани нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа гэж найдчихсан байсан юм. Гэтэл “Mongolia expeditions” компанийн захирал мөнгөө өгсөн арваад хүмүүсийг л хариуцаж явсан гэсэн утгаар ярьж байна лээ. Нэг хүнээс 1.5 сая орчим төгрөг авсан гэсэн. Тэр багт нь ороогүй ч хамт явсан хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан бол гай тохиохгүй байсан болов уу гэж бодох юм. Миний сонссоноор 20-иод хүн л явсан юм билээ. “Mon­golia expeditions” компанийн багт гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, уулчин С.Бат-Эрдэнэ гээд туршлагатай хүмүүс явсан байна лээ. Нэгэнт л ой гэж нэгдсэн журмаар явж байгаагийнх явж болох, болохгүй газрыг нь тэмдэглээд бүх хүнийг зохион байгуулалтад оруулчих боломж байсан. Гэтэл “Зөвхөн мөнгө өгсөн нь манайх” гэдэг хандлагаар хандсан бололтой юм.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Сүлжээтэй газраас ярьж байсан. Хамгийн сүүлд “Малчин оргил дээрээс энерги дамжуулж байна шүү. Энерги тосоод аваарай” гээд инээгээд ярьж байсан. Тэр яриа нь одоо ч сонсогдоод байх юм. Тэгж яриад л сураггүй болсон.

-Онцгойгийнхонд мэдэгдэхээс өмнө уулчид бас эрэлд гарсан байна лээ?

-Нэг өдөр хайгаад, шөнө нь онцгойгийнхонд мэдэгдсэн гэсэн. Эрдэнэтийн багийн уулчдын төгсгөлд явсан эмэгтэй талийгаачдын нэгийг унахыг харсан гэсэн. Мөн хоёр эмэгтэй орилохыг сонссон гэсэн. Тэр даруйдаа тэнд байсан хүмүүс буцаад хайсан бол яах ч байсан юм билээ. Тэр дороо яагаад буцаагүй юм бол гээд сураглахаар “Шуургатай байсан учраас буцах боломж байгаагүй” гэж ярьсан гэсэн. Гэтэл тэр эмэгтэй харсныг бодоход нүдгүй шуураагүй байх. Алтай таван богд руу авирсан уулчид “Бид түрүүлээд буучихсан. Тэд уулан дээр удсан учраас биднээс хоцорсон” гэж ярьж байна гэсэн. Орой отогтоо цугласны дараа таван хүн байхгүй байгааг мэдээд өглөө нь эрэлд гарсан бололтой юм билээ. Нарийн учрыг нь мэдэхгүй юм.

-Талийгаачид ангалд унасан байж болох ч, дээшээ гарч чадсан. Осгож амиа алдсан. Тэгэхээр цаг алдаагүй бол аврах боломж байсан гэж туршлагатай уулчид таамаглаж байна лээ.

-Хүнээ хараагүй болохоор ямар байдалтай амиа алдсаныг нь хэлж чадахгүй байна. Гэхдээ яаж ч бодсон таван хүний амь нас яригдаж байхад фургоноор хайж, цаг алдсанд харамсч байна. Аймгаас Алтай таван богд хүртэл 200 гаруй км, зам муутай. Фургоноор хагас өдөр явж очсон байх. Очоод ууланд авирах бэлтгэл хангалттай байсан уу. Эрлийн багийнхан холбоо барьж, нэмэлт хүч нэхээгүй учраас нисдэг тэргээр хайхгүй гэдэг утгатай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга өгч байна лээ. Үнэндээ эрэлд явж байсан хүмүүст ядаж иридиум утас байсан болов уу. Таван хүний амь яригдаж байхад мэдээ хүлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан болов уу гэж харамсах юм. Наадам таарч, хаа хаанаа алгуурласан болов уу гэж бас хардаж байгаа. Хэрвээ шууд нисдэг тэрэг гаргаж эрлийг эхлүүлсэн бол тэр хүмүүс осгож амиа алдахгүй байсан байх. Бид учрыг мэдэхгүй буруу ярьж байж ч магадгүй. Алдсан хүн арван тамтай гэж элдвээр л таамаглах юм.

-Талийгаачдыг ууланд авирах туршлагагүй байсан талаар мэдээлж байна.

-Хэдэн золбин нөхдүүд тэнэж явсан юм шиг ярьж, бичих юм. 20 гаруй оргилд авирч байсан туршлагатай уулчин тэр багт байсан юм билээ. Уулчид тэнгэр рүү тэмүүлсэн тэнгэрлэг хүмүүс байдаг. Хаа дуртай газраа тэнээд явдаг юм биш гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Л.Дашням: УИХ-аас намын бүлгийг гаргах ёстой

Үндсэн хууль тогтоогчдын хорооны орлогч дарга, АИХ-ын депутат асан Л.Дашнямтай ярилцлаа. Бидний ярилцлага Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд өрнөсөн юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажлын хэсгийнхэн боловсруулаад дуусч байгаа гэсэн. Та ажлын хэсэгт орсон биз дээ?

-“Таныг Үндсэн хуулийн өөрчлөлийн ажлын хэсгийндэд хороондорууллаа шүү” гэж УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярьсан. Дэд хороонь хуулийн төслийн найруулга дээр ажиллах юм. Биднийг Үндсэн хууль баталж байх үед“Үндсэн хуулийн хороо” гэж байгууллага байсан. Үндсэн хуулийн найруулга, утга зүй дээр ажилладаг байлаа. Үүн шиг бэлэн болсон хуулийн төсөл дээр ажиллана гэж ойлгосон.

-Тэгэхээр танд одоо хийх гэж байгаа Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт орох талаар ойлголт байгаа биз дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хууль гэж нэрлээд байх юм. Уг нь тухайн үед бид Үндсэн хуулийн нэмэлтийн хууль хийсэн шүү дээ. Үндсэн хуулиа хэвээр нь үлдээгээд Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар зохицуулмаар байна. АНУ-ын Үндсэн хууль гэхэд огт өөрчлөгдөөгүй. Харин 300 гаруй нэмэлтийн хууль хийсэн. Үүгээрээ Үндсэн хуулийн гол үзэл баримтлалаа өөрчлөлгүй, цаг үе амьдралаас ургасан өөрчлөлтийг Нэмэлтийн хуульдаа тусгаад байгаа хэрэг. Гэтэл Үндсэн хуулиа тэр чигт нь өөрчилчихвөл нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихдээ бүх нийтээрээ хэлэлцэж баталсан, хадаг өргөн байж өгсөн эх маань үндсээрээ алга болчих гээд байна шүү дээ.

-Үндсэн хуулийн нэлээд олон зүйл заалт өөрчлөгдөнө гэх юм. Энэ нь таны ярьж байгаа үндсээрээ өөрчлөгдөх асуудал уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль үйлчилж буй. Тэр хуульдаа нийцүүлж байгаа гэж найдаж байна. Өөрчлөх гэж байгаа зүйл, заалтаа нийтэд танилцуулж, олон нийтийг оролцуулмаар санагдах юм. Яагаад гэвэл Үндсэн хуульд бүх иргэдийн оюун бодол шингэсэн, эцэг хууль гэж итгэж, хүндэлдэг. Тийм учраас Үндсэн хуульд гар хүрэх шалтгаан, нөхцөл, юуг нь яаж өөрчлөхөө УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн танилцуулах шаардлагатай. Өнөөөдрийн байдлаар “Өдрийн сонин”-д УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ярилцлага өгснөөс л мэдээлэл авлаа шүү дээ. Хууль тогтоогчид үнэндээ нийгэмд гарцгүй ажиллаж байна.

-Р.Гончигдорж гишүүн гурван багц асуудал дээр өөрчлөлт хийхээр ярилцаж байгаа тухайгаа манай сонинд ярьсан. Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохицуулалт дээр та ямар бодолтой байна вэ?

-Өөрчлөх юм бий. Үндсэн хууль тогтоосноос хойш олон жил боллоо. Хотоо хөдөөгийн аймаг, сумтай адилтгасан нь буруу гэдгийг одоо харж байна. Нэгжийн хувьд адилтгаж болох ч хүн амын тоо, амьдрах нөхцөл нь өөр байгааг бодолцож хуулиа өөрчлөх шаардлага гарчихлаа.

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарилалт дээр ямар өөрчлөлт оруулах юм байна. Эрх мэдлийн хуваарилалт ямар байх ёстой бол. Жишээлбэл, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч буцаахгүй, шууд батламжилдаг болох юм байна.

-Эрх, үүргийн хуваарилалт, тэнцвэржилт гэж яриад байх юм. Хуульдаа асуудал байгаа юм биш. Хуулиа хэрэгжүүлж байгаа нөхдүүд төрийнхөө төлөө ажиллахгүй байна. Компани, хувь, намын эрх ашгийн төлөө, намын эрх ашгийн тулд төрийн ажлыг зогсоочихдог. Үүнээс асуудал гардаг болохоос Үндсэн хуулиас болоогүй. Н.Багабанди тухайн үед санал болгосон Ерөнхий сайдыг нь олонудаа буцаасан зэргээр жишээ татаадЕрөнхийлөгчийн эрх мэдэл хэтэрхий байна гэж яриад байдаг юм. Үнэндээ тэр тохиолдол бүрийг аваад үзэхээр буцаахаас аргагүй байсан шүү дээ. Түүнээс Ерөнхийлөгч хэтийдсэн эрх мэдэлтэйгээ харуулаад байсан хэрэг биш.

Бидний үед Үндсэн хуулийг батлахдаа хэрэгжих үед нөхцөл байдал огт өөр болохыг тооцоогүй алдаа бий. 1990 оноос өмнө төрийн ажил үүргийн хуваариар л ажилладаг байсан. Харин одоо өөр, өөр намын нөхдүүд хэдэн тийшээ хараад суучихдаг. Улсын эрх ашиг намын эрх ашгийн дараа тавигддаг болохыг тэр үед урьдчилж харж чадаагүй. Гэхдээ одоо өөрчлөхдөө тэр байдалд зохицуулж биш төрийн үйл ажиллагааны нэгдмэл чанарыг хатуу болгох ёстой. Төрийн эрхийг УИХ барьж байгаагийн хувьд Засгийн газрыг байгуулж, хийх ажлыг нь баталж өгнө. Засгийн газар ажлаа хийх хөрөнгийг нь бас баталж, хийж байгаа ажилд нь хяналт тавих ёстой. Гэтэл одоо УИХ өөрөө Засгийн газарт гүйж очоод ажилд нь хутгалдаад, мөнгө төгрөгнөөс хүртчих гээд, тойргийнхоо асуудлыг оруулчих гээд байдаг болчихсон. Ийм байдлаар УИХ өөрөө гүйцэтгэх засаглалын ажлыг хийлгэхгүй байна. Засгийн газар чадваргүй болоод байгаад УИХ өөрөө буруутай. Тийм учраас УИХ юу хийх ёстой түүнийгээ л хий. Засгийн газар, Ерөнхийлөгч юу хийх хуультай түүнийгээ л хийг. Энэ ажил үүргийн хуваарийг нарийн тогтоогоод өгчихсөн юм, уг нь.

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс өөрчлөлт хийнэ гэсэн. Ямар өөрчлөлт хийвэл одоогийнхоос сайжрах вэ?

-УИХ байж байгаад л Засгийн газраа унагачихдаг байдлыг халахад ямар тохиолдол байна, түүн дээр нь хуулийн заалтыг чангаруулж болно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцордог гэх зэрэг шалгууруудыг нь өөрчлөх боломжтой. Ер нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажил үүргийн зааг, хуваарийг нарийн тодотгож өгөх шаардлага бий болсон. Өнгөрсөн 20 жилд хуулийг гууль болгож, өөрсдийнхөөрөө тайлбарладаг, Үндсэн хуулийн Цэц нь хүртэл намтайгаа хуйвалддаг гээд хөгийн юм их боллоо. УИХ-аас намын бүлгийг гаргаж, салгах ёстой. Намын бүлгүүд нам дээрээ ярина биз. УИХ-даа суучихаад хугацаа аваад хуулиа хойшлуулдаг, наймаацдаг гэдгийг болиулах шаардлагатай.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтийдсэн гэх юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг нь хумих юм аа даа.

-УИХ-аас гаргаж байгаа хуулийн процессд Ерөнхийлөгчийн аппарат өөрөө оролцож, саналаа өгч байх ёстой. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэгдэл байна гээд заачихсан. Өөр намуудын хэдэн тийшээ хараад суучихсан нөхдүүдтэй Ерөнхийлөгч Үндэсний аюулгүйн зөвлөл дээрээ ярилцаж, улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстойг нь сануулах ёстой. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд ингэж тусгасан. Өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хумих юм байна. Үүнээс болоод муудах зүйлгүй. Түүнээс хуульд хориг тавих зэрэг давхар хяналтыг нь хориглож болохгүй. Давхар хяналт тавьж байж хууль чанаржина.

-Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоог бас өөрчлөх асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүд, 21 аймаг, гурван хотын ИТХ-ын дарга нийлээд Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ нь Ерөнхийлөгчийг сонгох зөвлөл болох бололтой. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгож болно. Мөн ажлын хэсгийнхний ярьж байгаачлан тусгай комисс гараад, тэр нь хяналт тавьж, нэр дэвшигчийг олоход тусалдаг ч байж болно. Гэхдээ нам нь нам шиг байгаач. Хуйвалдаж байгаа нөхдүүдээс нэг хуйвалдагчийг гаргаад ирвэл ард түмний сонгосон хүн шиг байж чадахгүй. Зөвхөн УИХ-тайгаа ярьдаг нөхөр болж таарна. Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа зарчимдаа биш намуудад итгэж чадахгүй байгаад асуудал байна. Намуудын үндэсний зөвлөл хүртэл зохиомол болчихсон, тэр нь ажлаа хийж чадахгүй байхад тэндээс хүн гаргаж ирнэ гэдэг яах л бол, итгэхгүй байна. Нөгөө талаас, парламентаасаа Ерөнхийлөгчийг сонгодог болчихвол зардал мөнгөнөөс эхлээд олон ажил цэгцэндээ орно. Сонгуулиа нэг хийдэг болохоос өөрчлөлт эхлэх хэрэгтэй болов уу?

-УИХ-ыг дээд, доод танхимтай болгох талаар ажлын хэсэг ярьж байгаа. Та үүнтэй санал хэр нийлж байгаа вэ?

-Хоёр танхимтай болсноор УИХ-аас баталж байгаа хуулиуд амьдралтай нийцэж байна уу гэдгийг шалгах чадвар сайжирна. Өөрөөр хэлбэл, доод танхим нь амьдрал дундаа байна. Дээд танхимын нөхдүүд хэтэрхий агаарт хөөрчихвөл бас хазаарлаж чаддаг болно. Мөн байнгын ажиллагаатай парламентаа мэргэжлийн, илүү чадварлаг болгох, зардлыг нь багасгах боломжтой. Нэг танхим нь 25, нөгөө нь 52 хүнтэй байх талаар яригдаж ч байсан.

Ц.Өрнөх

Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай холбогдсон бол хэн ч биш болдгийг Баавар, Д.Манлайжаргал, М.Бадрал нарын хэрэг харууллаа

-Ш.Батбаяр буюу Баавар, Д.Манлайжаргал нар өмнө нь ял эдэлж байсан юм-

Урлагт хөл тавьсан, залуусын дунд од гэгддэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбогдож, өөрсдийгөө баллах нь ихэслээ. Тэдний энэ болчимгүй, ухамсаргүй үйлдэл өөрсдийг нь нийгэмд эзлэх байр суурьгүй, хууль шүүхээр эргэлдсэн нэр хүнд, амьдралгүй нэгэн болгож байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон л бол хэн ч биш болдог гэдгийг хэрэгт холбогдоод байгаа урлагийнхан харуулж байгаа юм. Уржигдар анхан шатны шүүхээс ял сонссон Баавар буюу Ш.Батбаяр, “Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайжаргал нар өмнө нь ч ял эдэлж байсан түүхтэй. Тэдний үйлдлийн тухайд сэтгэл зүйч “Мансууруулах бодистой нэр холбогдож, хэрэглэж үзсэн л бол биеэ авч явах чадваргүй болдог нь дэлхийд батлагдсан. Зан харилцаа, нийгэмд эзлэх байр суурь нь ганхаж эхэлдэг учраас тахал гэж нэрлэдэг юм” гэж тайлбарласан. Сэрэмжлүүлэг болгох үүднээс мансууруулах бодистой нэр холбогдож ял сонссон нөхдүүдийн хэн нь хэн, ямар хэрэг үйлдэж байсныг тоймлон хүргэж байна.

Баавар өмнө нь гурван удаа ял сонсч байв

“Монголын хип хоп холбоо”-ны ерөнхийлөгч Ш.Батбаяр өдгөө 36 настай. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ. Тэрбээр бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Ш.Батбаяр 1998 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар буюу садар самууныг сурталчилсан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлтэйгээр гурван жилийн ял сонсч байсан юм. Шүүх түүнд оноосон ялыг тэнсэн харгалзаж, ялтай хугацаа 2001 онд дуусч байсан билээ. Дараа нь 2013 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргээр шалгагдаж, цагдан хоригдсон. Ингэж хоригдож байхдаа буюу 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байдаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн В корпусын 2-7 тоот тусгаарлах өрөөг санаатайгаар галдан шатаасан хэрэгт холбогдсон. Тухайн үед түүний ойрын хүмүүс “Бааварыг гаднаас нь галдан шатаасан” талаар мэдээлэл ч хийж байв. Хоригдож байсан өрөөндөө шатсанаас болж Баавар БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Түүний түлэнхийн сорви одоо ч бий. Нуруунд нь мах ургасан, зовиуртай байдаг талаар өөрөө ярьсан билээ. Хорих ангийн өрөөнд гал гарсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Бааварыг өөрөө гал тавьсан гэдгийг тогтоож бусдын эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэсэн гэдэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Түүнтэй хамт 461 дүгээр хорих ангийн долоон ажилтан албан үүрэгтээ хайнга хандсан хэргээр шүүгдсэн юм. Анхан шатны шүүхээс Бааварыг хорих ангийн өрөөнд санаатайгаар гал тавьж 479 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд гурван жил хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тэрбээр “Хорих ангийн өрөөнд асаагуур авч орсон гэм буруугаа хүлээж байна. Тэнд тамхи татдаг байсан. 2013 оны гуравдугаар сарын 23-ны өдөр даргын зөвшөөрөлгүйгээр 4-5 хянагч намайг камергүй хонгилд зодож, хүч хэрэглэн гав дөнгө зүүж тусгаарлах өрөөнд оруулсан. Тэнд гар боогдоод, цусны эргэлт хаагдаад байсан учраас боосон даавууг шатаавал суларна гэж бодоод асаасан. Санаатайгаар хийсэн үйлдэл биш” гэж мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгасан юм. Харин мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт нь Чингэлтэй дүүргийн шүүхээс 2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр гурван сар 10 хоног баривчлах ял оноосон. Тэрбээр зургадугаар сарын 21-нд суллагдсан билээ.

Суллагдсанаасаа хойш эмчилгээ хийлгэхийн хажуугаар уран бүтээлээ хийж байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард Чойрт тоглолттой явахад нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, “Ice top” хамтлагийн гишүүдтэй хамт түүнийг баривчилжээ. Тэднийг баривчлаад хот руу явж байхад Баавар ЗБГХТГ-ын II хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Пүрэвдоржтой маргалдан хоолойг нь боож биед нь халдсан байна. Шинжилгээгээр Баавар хар тамхи, мансууруулах бодис хэрэглээгүй нь нотлогдсон ч төрийн албан хаагчид халдсан хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс 1.6 жилийн ял сонссон нь энэ. Тэрбээр шүүх хуралдааны өмнө “Тэр цагдаа гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн” гэж байсан ч төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад биед нь халдсан гэдэг зүйл ангиар анхан шатны шүүх ял оноолоо. Хаалттай болсон шүүх хуралдааны үеэр тэрбээр “Би урлагт зүтгэж, олон залууст үлгэр дуурайл болж байгаа. Намайг зохион байгуулалттайгаар яллаж байна” гэж мэдүүлжээ.

Д.Манлайжаргал хүний биед халдсан хэргээр тэнсэн ял эдлэж байжээ

“Ice top” хамтлагийн гишүүн Д.Манлайбаатар 1982 онд төрсөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 2014 оны аравдугаар сарын 15-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс ял сонсч байжээ. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт байдаг “SKA” зочид буудлын өрөөнд М-ийг “Орон дээр хэвтлээ, нэрээ хэлсэнгүй” гэдэг шалтгаанаар нүүр, шилбэ рүү нь зодож танхайрчээ. Тухайн үед тэрбээр найзуудтайгаа наргиж яваад согтсон, хаана байгаагаа мэдэхгүй байсан гэж мэдүүлжээ. “Сэргээд харахад буудалд байсан. Гадуур явж байгаад орой ирэхэд байрлаж байсан өрөөнд нь эрэгтэй хүн байхаар нэрийг нь асуутал дуугарахгүй байсан учраас цохьсон” гэж мэдүүлж байжээ. Шүүх Д.Манлайжаргалыг нийгэмд тогтсон эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууныг зөрчиж танхайрсан гэдэг үндэслэлээр гурван жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Тэрбээр тэнсэн ялтай байхдаа мансууруулах бодис хэрэглэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Чойрт тоглолттой байхад нь ЗБГХТГ-ын гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчлахад машинаас нь “Ice” буюу мөсний төрлийн мансууруулах бодис олджээ. Мөн шээсний шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Тиймээс Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар ял оноож, өмнөх тэнсэн харгалзах ялтай нь нэгтгэн 3.6 жил хорих ял оноосон байна.

Төрийн албанд ажиллаж байсан М.Бадрал мансууруулах бодистой нэр холбогдлоо

Анхан шатны шүүхээс гурван сар нэг хоног баривчлах ял сонссон М.Бадрал сургууль төгссөн цагаасаа хойш төрийн албанд ажиллаж байжээ. Хамгийн сүүлд тэрбээр дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан гэнэ. ЗБГХТГ-ынхны гүйцэтгэх ажиллагаагаар түүний машинаас “мөс”-ний төрлийн мансууруулах бодис олджээ. Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгч төрийн албанд ажиллаж байсан, сахилга баттай. Энэ нөхцөлийг нь харгалзаач” гэж хүссэн аж.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Хэрвээ бид ажиллаж байсан бол тэр хүүхдүүдийг харсаар байгаад үхүүлчихгүй л байсан даа

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Д.Сүрэн: Манайхан хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдэж билээ

Тухайн үед гал унтраах багаж хэрэгсэл ийм байв

Төв гал команд (Гал унтраах 10 дугаар анги)-ын ээлжийн бага даргаар ажиллаж байсан, ахлагч Д.Сүрэнтэй ярилцлаа. Эл эрхэм 20 гаруй жил гал сөнөөгчөөр ажиллаж, нийслэлд олон хүн, айл, албан байгууллагын эд хөрөнгө аварч байсан юм.

-Гал сөнөөгчөөр ажилд орж байсан үеэ дурсаач?

-Би арван жилд байхдаа л гал сөнөөгчөөр ажиллана гэж боддог байлаа. Гал унтрааж байгаа хүмүүсийн үйлдэл бүрийг хараад зогсчихдог хүүхэд байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд 1972 оны зургадугаар сарын 1-ний өдөр Төв гал командад гал сөнөөгчөөр ажилд орсон. Тухайн үед ар гэр, найз нөхдөөс хүртэл судалгаа авч байж ажилд авдаг байлаа. Ажилд орсноос хойш зургаан жилийн дараа ээлжийн бага даргаар ажиллах эхэлсэн дээ. Байнга нэгийн нэг, нэгийн хоёр номертой ажиллана.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг тасаг дөрвөн гал сөнөөгчтэй. Тэдэн дундаа нэг, хоёрдугаар хошуучин галын голомтод түрүүлж ордог, гол үүрэгтэй ажилладаг гэсэн үг л дээ. Ажилд ороод удаагүй байтал 1972 онд Авто засварын бааз (Хуучин цагаан хаалганы хажуу талд) шатлаа. Засвар, дугуйн гээд олон цехтэй. Дотроо машинтай. Хажуудах төмөр зам хүртэл гулзайгаад босч ирж байсан гээд боддоо. Хүн ойртох аргагүй том гал байлаа. Гурван бригад шөнөжин ажиллаж байлаа. Гэтэл тэр өдөр өвсний фонд шатаж таарсан. 22-ын товчооны тэнд өвсний фонд байсан хэрэг. Ус сувгийн удирдах газраас усны машин дайчилж, гэрээт гал командууд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласны хүчинд хүний амь эрсдэлгүй унтрааж чадсан.

-Тухайн үед та нарын ажлын хувцас хэрэглэл ямар байв?

-Толгойндоо төмөр каск өмсчихнө. Тахианых шиг залаатай, эрүүвчтэй төмөр каск, брезентэн өмд цамцтай л ажилладаг байлаа. Бүсэндээ сүх хавчуулчихна. Тэгээд нэг хошуу барьчихна. Нүүр, нүд бол задгай шүү дээ. Хошуугаараа ус цацруулж л өөрийгөө хамгаална. Өвлийн хүйтэнд нөгөө өмд цамц нэвт нороод хөлдчихнө. Халуунд шатчих гээд байна.

-Бэртэж гэмтэх тохиолдол бас гарна биз. Улаан гал дунд ороод явчихад олон зүйл бодогдох уу?

-Тангараг өргөсөн хүн юугаа бодох билээ. Элдэв зүйл бодоод, шантраад байх эрх ч байхгүй. Гэхдээ сэтгэлийн хөөрөлтэй болчихдог юм билээ. Гал хараад л дотроо төсөөлчихдөг юм. Голомт нь тэнд байна, салхи эндээс эргэнэ. Ингэж ажиллана гээд төсөөлөөд л яваад орчихно. Ер нь нүдэнд багтчихдаг юм даа. Гэмтэж бэртэх үе гаралгүй яах билээ. Ээлжтэй өдөр нэг айлын гэр шатаад. Тавилгыг нь гаргаж байгаад төмөр орны толгой барьж аваад гараа түлчихэж билээ. Галаас хүн тэвэрч гарч байгаад бүдэрч унах үе ч гарна. Гурвалжингийн гүүрний тэнд хар тосны үйлдвэр байлаа. Тэр үйлдвэр шөнө шатлаа. Галын голомтод ажиллаж байгаад эргээд хартал манай салааны дарга Сэр-Од, гал сөнөөгч Нямбүрэн хоёр маань хар тосонд бэлхүүсээ хүртэл шигдчихэж. Тэр хоёрыг анзаарч байгаа ч хүн тэнд алга. Шөнөжин ажиллаад тамирдчихсан хүмүүсээс дуу ч гардаггүй юм байна. Нэг гараараа хошуугаа бариад нөгөө гараараа нөгөө хоёроо татаж гаргалаа. Хар тосонд хүн живж байсан түүхтэй юм билээ. Бид хар тосонд шигдэн байж үүрээр гал унтраасан. Их ч салхитай байлаа. Тэр галд төмөр зам тасраад босоод ирчихсэн байсан. Нийгмийг аюулаас хамгаалахын сайд Дэжид гуай өөрөө ирж нөхцөл байдалтай танилцаж байлаа. Би галд баггүй ажилладаг. Манайд Ж.Батбүргэд бид хоёр баггүй ордог байсан. Хэвтээ, мөлхөө байдлаар ажиллах янз бүрийн л арга байна. Нойтон алчуур амандаа бариад явна.

-Тэр үед Хайлааст билүү Чингэлтэйд олон айл шатсан гэж ярьдаг юм билээ. Та тэнд ажилласан байх?

-Хайлаастад шүү дээ. 1982 онд байх аа, шуургатай өдөр байлаа. Дэнжид амьдардаг нэг нөхөр гэртээ савтай бензин хадгалж байгаад гал алдчихсан юм билээ. Дэнжийн айлууд тэр чигээрээ шатаад гал уруудаад орж ирж байв. Галын дуудлага аваад 32-ын тойргоор Хайлааст руу явахад юу ч харагддаггүй. Гэрлээ асааж давхиад нэг тасгийг шатаж байгаа гудамжны ар талаар, өөрийнхөө тасгийг урдуур нь оруулаад хоёр талаас нь унтрааж гал тасалж байв. Азаар хүний амь үрэгдээгүй. 16 орчим айлын гар шатсан шүү дээ.Гачууртад 1980-аад оны дунд үед Шар хоолойн ферм шатлаа. Алаг тарлан үхэр мөөрөлдөөд л. Малын саравчны хаяанд айлууд байдаг. Шөнөжин ажиллаад нэг малын гарлагагүй унтрааж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Таныг ажиллаж байхад гал түймэр ихэвчлэн юунаас болж гардаг байсан бэ?

-Цахилгааны утаснаас гал алдана. Нэг утаснаас өчнөөн олон утас салаалчихна. Цахилгаан хэрэгслээ салгахгүй гараад явчихна. Жолооч нар савтай бензин, шатахуун гэртээ хадгалж, гал алдах нь их. Тухайн үед бид объектын судалгаа маш сайн хийдэг байж. Ээлжгүй үедээ судалгаанд гарна. Гудамжны хаанаас орох, гарц орц гээд бүх зүйл тодорхой байсан учраас төөрч будилах тохиолдол гарахгүй. Айл болгоноор шахам орж зөвлөгөө өгнө. Судалгаа сайн хийчихсэн байдаг учраас оройтлоо, цаг алдлаа гэх шүүмжлэл гардаггүй байсан.

Зүүн гар талаас эхнийх нь Д.Сүрэн. 1978 он

-“Бөмбөгөр” худалдааны төв, “Нарантуул” захад гарсан галыг хараад та бас тактик зохиогоод төсөөлчихсөн байсан биз?

-Би 1991 онд тэтгэвэрт гарсан шүү дээ. Өглөө эрт гарч давхичих гээд. Цагны сэрүүлэг дуугарахаар түргэн авчих гээд гэгэлзээд тун хэцүү юм билээ. Галын машин дуугарахаар түгшчихнэ. “Бөмбөгөр” худалдааны төв шатахад зусланд байж таарсан. Тун шаггүй гал байсан. Зурагтаар хараад задаргаа хийхэд тун хэцүү дээ гэж бодож байлаа. Одоогийн барилга байшин задаргаа хийхэд нэлээд түвэгтэй болсон. Гэхдээ одоо ашиглаж байгаа багаж хэрэгслийг бидний үеийнхтэй харьцуулшгүй.

-Хүмүүс гэртээ хүүхдээ цоожилж үлдээгээд явчихдаг. Цоожлогдсон хүүхдүүд галд өртөж амиа алдах тохиолдол цөөнгүй гарсан. Таны ажиллаж байх үед ийм байв уу?

-Цөөн тохиолдол бий. 14 дүгээр сургуулийн хажууд айл шатахад дотор нь хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Гэр 3-5 минутад бүрэн шатчихдаг. Төв гал командаас очиход аль хэдийнэ оройтчихсон байсан. Хүний амь аварч чадаагүй тохиолдолд дараа нь нүдэнд харагдаад, харамсаад хэцүү байдаг. Тэр үед гар утсаар дуудлага өгөх биш. Байгууллага, албан газрын утсаар дуудлага өгөх гэж цаг алдана. Өөрсдөө унтраах гэж бас цаг алддаг юм. Орон сууцны хогны саванд гарсан гал их аюултай. Байраараа угаартдаг. Тийм үед долоо, наймдугаар давхраас олон хүн гаргаж байлаа. Аманд нь баг зүүлгээд авч гарах, шатаар буулгах гээд бүх л аргыг хэрэглэдэг байж. Одоо өндрөөс хүн гаргахад түвэггүй болсон байна лээ.

-Айлууд цонхныхоо гадуур төмөр хаалт хийдэг болсон. Ийм хаалт хийчихсэн байхад дотроос нь хүн гаргах хэцүү юу?

-Сансарын хойд талд Орос цэргийн ангийн дэлгүүр байлаа. Тэнд гал гараад очиход бүх цонхондоо бэхэлгээ хийчихсэн байсан. Ломбоор хөшиж төмөр хаалтыг нь онгойлгоод барааг нь гаргаж байлаа.

-Саяхан Хөвсгөл аймагт айлын байшин шатаж, гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэр айлын цонх гаднаа төмөр хаалттай байж. 15 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэй хоёр цаг ажиллаад ч хүүхдүүдийг аварч чадаагүйг эх сурвалжууд манай сонинд мэдээлсэн. Цонхны төмөр хаалтыг суга татчихаж болоогүй юм болов уу?

-Биднийг ажиллаж байх үед төмөр хаалтны бэхэлгээ чанга байсан. Одоо хадаасаар тогтоочихдог болсон. Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байлгүй дээ. Янз бүрээр л үзсэн байх. Гал дэлгэрчихсэн, оволзож байвал бас хэцүү л дээ. Гэхдээ цонхны хаалтыг суга татчихмаар л юм. Хөдөө барьсан барилгын тор ядах юмгүй дээ. Гөжөөд авчихмаар юм. Трос хийж байгаад машинаар бас татчихдаг. Янз бүрийн аргаар үзээд байхад болдог л юм даа.

-Гал үүднээсээ гарсан, хүүхдүүд угаартаж нас барсан талаар ярьж байсан?

-Маш халуун орчинд амьсгал боогддог. Түлэгдээгүй ч угаартдаг юм. Хүмүүс галд орны доогуур л орчихдог.

-Гурван хүүхэд амиа алдсаны хоёр нь орон дор, нэг нь цонхоо хагалж байгаад ухаан алдсан бо­лолтой байсан гэсэн. Гэтэл аврагчид, аав нь хүүхдүүдийг хайгаад олоогүй гэдэг. Орон дор ордог гэдгийг нь мэдэж баймаар юм. Аав нь унтлагынхаа өрөөнд ороход аврагчид хүчээр гаргасан гэсэн. Хүүхдүүдээсээ алхмын зайд зөрсөн байна лээ?

-Орны дор, авдарны араар орчихдог юм. Уг нь андашгүй дээ. Гэм биш зан гэдэг шиг аврагчид андахгүй л баймаар юм. Хэрвээ аав нь байшинд орж чадсан бол гал оволзоогүй л байж дээ. Хүүхдүүдийг аваад гарах боломж байж. Хэрвээ хүүхдээ олж авсан бол битүү ороож авч гараад модны цог үнэртүүлээд анхны тусламж үзүүлэхэд аврагдах боломж байсан болов уу.

Өөрийн чинь ярьснаар төсөөлөхөд галын хүч гайгүй, гал сөнөөгчид хүүхдийг аваад гарах боломж бүрэн байсан байна. Нэг байшингийн гал дээр 15 хүн ажиллана гэдэг том хүч шүү дээ. Гал унтраах гурван машин байна гэдэг ч хангалттай. Бидний үед хоёр тасгийнхан нийлээд 15 хүн байсан.

-Туршлага тааруу байна уу?

-Тактикийн алдаа л гаргаж дээ. Олон хүн тал талаас заана. Тэр бүхнийг үл хайхран салааны дарга маш сайн тактик боловсруулж, үүрэг өгөх ёстой. Хүн орж, гарч байсныг харахад хэдэн хүнийг ч тэврээд гарах боломж байж. Аав нь гал сөнөөгчдөөс түрүүлж хүүхэд дээрээ очсон байна. Гал сөнөөгч аавыг хүүхдүүдтэй нь аваад гарах боломж байж дээ.

-Та хээрийн түймэрт явж байв уу. Энэ хавар айхавтар түймэр гарлаа?

-Богд ууланд гарсан нэг түймэрт явж байсан. Ер нь санамсаргүйгээр алдаа гаргаж гал тавьдаг нөхдүүдэд өндөр хариуцлага тооцох ёстой. Хүмүүсийн ухамсар дэндүү муу байна. Галын хор хохирол маш их. Унтраагаад явж байгаа хүн амиа алдах ч тохиолдол гардаг. Дорнодын түймэрт манай салаанд ажиллаж байсан Насанжаргал гэдэг сайхан залуу амиа алдсан. Гал чинь барих барьцгүй, ам гарч болддоггүй гамшиг шүү дээ.

-Галаас аварсан хүмүүс хожим нь талархал илэрхийлдэг үү?

-Тийм тохиолдол бараг байхгүй дээ. Би Шударга журам медалиа хүнд өгчихөж байсан хүн шүү дээ. Ээлжээсээ буучихаад Зайсангаас уруудаад явж байтал Туул голд хүүхэд живж байсан. Тэр хүүхдийг аварсны дараа сонин дээр гарч, Шударга журам медаль авах юм боллоо. Гэтэл нэг хөгшин салахаа больчихсон. “Манай хүү эмч болох гээд шалгалт өгөөд тэнцсэнгүй. Шударга журам авчихвал сургуульд сурах гээд байна. Хүүг минь бодооч” гээд ажил, гэрт ирээд салахаа больчихсон. Сүүлдээ би өргөдөл бичиж ороод медалиа шилжүүлчихсэн. Тэгээд л аав, хүү хоёр сураггүй болсон. Сайн эмч болсон байх л гэж бодож явдаг.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Хүчний байгууллагуудад гэрч, хохирогчийг хамгаалсан түүх, туршлага байхгүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдэд Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Тахарын албыг татан буулгахаар тусгасан. Уг хуулийн төслийг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Н.Арвинтариатай ярилцлаа.

Тахарын алба ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудад үр дүн харагдаж байна уу?

-Тахарын албаны тухай хууль 2013 оны долдугаар сард батлагдаад, дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бүрэн хэмжээнд ажиллах боломж бүрдээгүй байтал татан буулгах асуудал яригдаж байна. Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах алба хүмүүст маш хэрэгтэй байгууллага. Ардчилсан улсад зайлшгүй байх ёстой. Урьд нь хэдэн төрийн бус байгууллага, цөөн тооны эмэгтэйчүүд гэрч, хохирогчийг хамгаалахаар оролддог байсан бол Тахарын алба байгуулагдсанаар анх удаа эрх зүйн бие даасан тогтолцоо бүрдсэн юм. Хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд шахалт, дарамтан дор гэрч, хохирогчоо эрсдэлд оруулж байсан ч үе олон бий. Гэмт хэргийг шалгах явцад хохирогч шүүх, цагдаагийн дунд явсаар байгаад амь насаа алдсан тохиолдол ч бий. Төр гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг хүлээж, эрх зүйн орчноо бүрдүүлсэн нь хамгийн том дэвшил байлаа. Энэ тухайгаа Засгийн газар НҮБ-д илтгэсэн шүү дээ. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурлаас ирээд долоо хоноогүй байж ийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлж байгаад харамсч байна.

Гэрч, хохирогчийг хамгаалах алба жил гаруйн хугацаанд хичнээн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангасан бол?

-Манай байгууллага хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид ихэвчлэн араасаа, заналхийлэлтэй байдаг. Гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийг байнга мөрдөн мөшгөдөг. Тухайн хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бид хохирогчийг Тахарын алба руу шилжүүлдэг. Тахарын алба хохирогчид биечилсэн хамгаалалт үзүүлэхээс гадна сэтгэлзүйн хувьд туслалцаа үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Тахарын албаар 20 гаруй хохирогчийг хамгаалуулсан. Өмнө нь шүүх дээр очиход хохирогчийг байрлуулах өрөөгүйгээс хохирогч, гэмт хэргийн холбогдогч хоёр нэг цагт, нэг танхимд сууж мэдүүлэг өгөх болдог байлаа. Үүнээс болж дарамтад ордог, гомдлоо эргүүлэн татдаг байсан. Харин Тахарын алба санаачилж шүүхүүдэд гэрч, хохирогчийг хамгаалах өрөө байгуулсан. Шүүх хурлын үеэр хохирогч өөр өрөөнөөс мэдүүлэг өгдөг болсон. Шүүх рүү ороход тахар хуяглан хамгаалдаг болсон гээд давуу тал маш их бий.

Тухайн хэргийн холбогдогч төрийн бус байгууллага, төр төлөөлсөн хүчний байгууллага хоёрт ялгавартай хандах нь ажиглагдаж байна уу?

-Төрийн бус байгууллагад хэдэн эмэгтэйчүүд л ажилладаг. Өөрсдөө ч аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. Гэмт этгээд хутга бариад дайрах тохиолдол цөөнгүй байдаг. Хамгаалалтын алба дуудахад гэмт этгээдийг явуулахаас өөр арга хэмжээ авах эрхгүй. Ингэж л ажилладаг. Харин Тахарын алба бол гэмт хэргийн холбогдогчид сануулна, хохирогчид ойртохыг хориглох арга хэмжээ авах эрхтэй. Төрийн нэрийн өмнөөс харьцаж байгаа учраас гэмт этгээдүүд шаардлагыг нь дагадаг.

-2012 онд танай төвийн хамгаалалтад байсан эмэгтэй шүүх хурал руу явж байгаад нөхрийнхөө гарт амиа алдсан. Тахарын алба байгуулагдсанаас хойш ийм гэмт хэрэг үйлдэгдэх шахсан, урьдчилан сэргийлсэн жишээ бий юү?

-Хоёр жилийн өмнө бид хохирогчийнхоо хүүхдийг гэрээс нь авах гэж очтол хүчирхийлэл үйлдэгч хүүхдээ булаацалдаж, хамгаалалтын албаны машин дор хэвтэж байгаад гараа гэмтээчихсэн. Үүнээс болж хамгаалалтын албаны хоёр хүн эрүүгийн хэрэгт татагдаж, ажилгүй болсон. Манайхан ч эрүүгийн хэрэгт татагдсан. Харин одоо бид хамгаалах байранд байгаа хохирогчоо аваад шүүх хурал руу явах бол Тахарын албыг дуудаад хохирогчтойгоо хамт хамгаалалтад очдог болсон. Шүүх дээр биеэ хэрхэн авч явах, айж сандрахгүй байх талаар сэтгэл зүйн бэлтгэлийг Тахарын албаныхан өгчихдөг учраас хохирогч айж сандралгүй үнэн зөв мэдүүлэг өгдөг. Хамгаалалтгүй байхад хохирогчид мэдүүлгээсээ буцах тохиолдол их байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдогч хохирогчийг заналхийлэх, эвлэрэхийг гуйх нь их байдаг. Хэсэг хугацааны дараа хүчирхийлэл давтагддаг. Тиймээс хүчирхийллийг богино хугацаанд таслан зогсооход тахарын гүйцэтгэх үүрэг их. Тахарын албыг цаашид улам бэхжүүлэх шаардлага байгаа. Саяхан Өмнөговь аймгаас нэг эмэгтэй нөхөртөө зодуулаад, ууланд гурав хоног бүгсэн мэдээлэл ирсэн. Өмнөговь аймагт Тахарын алба байсан бол хохирогчийг хамгаалах боломж байсан. Энэ мэтчилэн хүний төлөө гэсэн бүтэц зайлшгүй шаардлагатай. Нөхөртөө мөрдөгдөөд хаачихаа мэдэхгүй зовж байсан бүсгүй Тахарын албаны ач холбогдлыг мэдэрч байгаа.

Хүчний байгууллагууд хүнээ хамгаалдаггүй гэж үү. Тахарын албаны үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх боломжгүй юм уу?

-Тэдэнд хохирогчийг хамгаалж байсан түүх, туршлага байхгүй. Монголд анх удаа эрх зүйн орчин бүрдсэн нь Тахарын албаны тухай хууль. Анхны бүтэц нь Тахарын алба. Цагдаа, шүүх гэрч, хохирогчийг хамгаалж чадахгүй. Өмнө нь хохирогч цагдаа, шүүхийн дунд явж байгаад зодуулдаг, амиа алддаг байсан. Тэд хохирогчийг бие бие рүүгээ чулуу шиг шиддэг. Энэ байдал одоо давтагдах гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг л биелүүлэх үүрэгтэй. Таслан шийтгэх тогтоол гарсны дараа л шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаж эхэлдэг. Тэр хүртэлх хугацаанд хохирогчийг хэн хамгаалах юм бэ.

Цагдаа хамгаалдаггүй юм уу?

-Хамгаалахгүй. Тийм түүх байгаагүй гэж хэлээд байна шүү дээ. Сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байж хохирогчийг хамгаална гэдэг нь ашиг сонирхлын зөрчил. Хохирогч, холбогдогч хоёрт зэрэг үйлчилгээ үзүүлэх боломж байхгүй. Гэрч, хохирогчийг байрлуулах өрөөг цагдаагийн байгууллагад байгуулж өгч үзсэн. Үр дүн гараагүй. Хохирогчтой харилцах дүрэм журам хүртэл батлуулсан, хэрэгжээгүй. Цагдаагийн хандлага нь хатуу ширүүн юм байна. Бас чиг үүрэг дотор нь хохирогчийг хамгаалах тухай байдаггүй юм байна.

Хямралын үед мөнгө хэмнэх үүднээс Тахарын албаны чиг үүргийг өөр байгууллагууд руу шилжүүлэх гэж байгааг хууль санаачлагчид тайлбарласан. Ер нь гэрч, хохирогчийг хамгаалахад хэдий хэр зардал гардаг бол?

-Хэн нэг нь хохирох, амь насаа алдах, нөгөө нь гэмт хэрэгтэн болохоос илүү зардал гэж хаана байх билээ. Хохирогчийн амь насыг хамгаалж, өөр нэгнийг гэмт хэрэгтэн болгохоос урьдчилан сэргийлж байгаа нь өөрөө хэмжээлшгүй үр дүнтэй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хохирогчийг хамгаалах зүйл заалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр гацчихаад байгаа. Хүчирхийлэл үйлдсэн нөхрийг зан үйлд нөлөөлөх сургалтад албадан суулга гэдэг шийдвэр шүүхээс гаргахад шийдвэр гүйцэтгэгчид биелүүлдэггүй. Хохирогч дахиад л зодуулаад байдаг. Шүүхээс гарчихсан шийдвэрийг биелүүлж чадахгүй байгаа нөхдүүд яаж гэрч, хохирогчийг хамгаалах юм бэ. Боломжгүй зүйл.

Ц.Өрнөх

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Гэртээ цоожлогдсон гурван хүүхэд амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэжээ

-ЗУРГААН НАСТАЙ ЭГЧ НЬ ДҮҮГЭЭ ТЭВРЭЭД ОРОН ДООР БҮРТИЙТЭЛ ХЭВТЧИХЭЖ-

Гэртээ цоожлогдсон, хоригдсон хүүхдүүд галд амиа алдсан харамсалтай мэдээ байсхийгээд л дуулддаг. Өнгөрсөн баасан гаригт хоёроос арван насны гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Онцгой байдлын 15 алба хаагч ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлснээр болсон явдлыг тоймлон хүргэе.

ЭГЧ ДҮҮ ХОЁР ЦЭЦЭРЛЭГЭЭСЭЭ ЧӨЛӨӨ АВСАН БАЙЖЭЭ

А-ийнх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 баг буюу Жилчигт амьдардаг. Тэрбээр Өмнөговь аймагт замын компанид ажиллаж байгаад саяхан гэртээ иржээ. Эхнэр нь сумандаа хөрөө рам ажиллуулдаг бөгөөд ойрын үед гэртээ байжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хоёр сүүлийн хэд хоног хийсэн ажилгүй гэртээ шахам байж. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том нь зургаан настай охин. Бага нь хоёр настай хүү. Хоёр хүүхэд нь цэцэрлэгт явдаг байж. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж байгаа мэдээлэл дуулдах болсон. Ийм шалтгаанаар хүүхдүүд нь цэцэрлэгээсээ долоо хоногийн чөлөө авсан байжээ.Тэднийд Түнэл сумаас эгчийнх нь арван настай хүү бас ирсэн байж.

Ингээд гурван хүүхэд гэртээ өнждөг байсан аж. Тэднийх 8х12 харьцаатай палкан байшинд амьдардаг. Үүднийх нь амбаарыг оруулбал, байшингийнх нь урт бараг 14 метр гэнэ. Хулгайчаас сэрэмжилж бүх цонхоо гаднаас нь төмрөөр торлочихсон аж. Өнгөрсөн баасан гаригт аав, ээж хоёр нь түр гарахдаа хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод явжээ. Тэр өдөр гадаа хүйтэн байсан учраас ах, эгч хоёр нь дүүгээ авч гараад дааруулчихна гээд цоожилсон нь тэр.

“15 АЛБА ХААГЧ ЦОНХЫГ НЭЭЖ ЧАДААГҮЙ”

А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон аж. Энэ талаар эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Гал үүдний амбаараас эхэлж гарсан. Цахилгааны утаснаас гал гарсан гэж таамаглаж байгаа. Онцгой байдлын аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан. Арай гэж галыг намжааж байшинд ороод хүүхдүүдийг хайгаад олоогүй. Гэрт хүүхдүүдийн уйлах дуу гараад байсан ч тэднийг олоогүй. Хоёр цагийн хугацаанд хүүхэд битгий хэл том хүн угаартчихна. Байшин нэлээд том байсан учраас өрөө дамжиж хүүхдүүдийг хайгаад цаг алдсан. Үүнээс гадна онцгойгийнхон арай л удаан ажилласан. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байх шиг байсан” гэлээ.

ААВ НЬ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ХОЁР АЛХМЫН ЗАЙД ЗӨРЖЭЭ

Байшин шатаж эхлэх үед арван настай хүү эмээгийнхээ утас руу залгажээ. Гэтэл тэр үед эмээ нь хөдөө явж байсан учраас утас нь сүлжээ барихгүй байж. Сүлжээтэй газар ирээд ач хүүгээс нь дуудлага ирснийг мэдээд буцаад залгахад хэдийнэ хожимдсон байж. Гурван нялх амьтан дүрэлзсэн галтай тэмцэж, амьд гарахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн нь ослын дараахь байдлаас харагдсан байна. 10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалжээ. Хагарсан шилний өөдөс гар хуруу руу нь шигдэж, хүзүүг нь хүртэл зүссэн байж. Цонхны шилийг хагалж, завсраар нь толгойгоо гаргах гэж оролдож байгаад хүзүүгээ зүссэн бололтой. Хэрвээ цонхыг хаасан төмөр тор байгаагүй бол гурван хүүхэд аврагдах боломжтой байжээ. Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой цонхны доор амиа алдсан байжээ. Харин зургаан настай эгч нь хоёр настай дүүгээ тэврээд орон дор бүртийтэл хэвтчихэж. Галаас айсандаа гэртээ байсан бүх хөнжлөөр дүүгээ хучаад өөрөө тэврээд хэвтсэн бололтой амиа алджээ. Хүүхдүүдийн өмссөн хувцас нь шатаагүй бөгөөд угаартсан байдалтай нас барсан байжээ.

Аврагчид гэрт хүүхдийн дуу сонсоод хайж байсан талаар дээр өгүүлсэн. Аав нь ч гал дунд дайрч ороод хүүхдүүдээ хайжээ. Унтлагын өрөөнд орох үед аврагчид аавыг нь хүчээр гаргасан гэнэ. Хоёрхон алхсан бол хүүхдүүдийнхээ нуугдсан орны дэргэд очих байсан гэж халаглаж байгааг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө тэнд байсан хорь шахам хүн утаан дундах гурван хүүхдийг эрээд олоогүй гэнэ. Гал гарснаас хойш хоёр цаг орчмын дараа хүүхдүүдийг олоход хэдийнэ амиа алдсан байжээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

ХҮҮХДҮҮДИЙГ НУТАГЛУУЛСАН

Хөвсгөл аймгийн албаны эх сурвалжтай холбогдож тодруулга авлаа.

Гурван хүүхэд галд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Аав ээж нь түр гарахдаа гэрээ цоожилчихсон байна. Цонх нь хүртэл торлогдсон байшинд гурван хүүхэд угаартаж амиа алджээ. Гэрийнхэнд нь маш хүнд байгаа. Хоёр хүүхэдтэй залуу айл шүү дээ. Аав ээж нь 30 ч хүрээгүй залуу хүмүүс. Бас эгчийнх нь хүүхэд ирчихсэн байж таараад амиа алдсан. Хүүхдүүдийг өнөөдөр (өчигдөр) нутаглууллаа.

Онцгойгийнхон нэлээд удаан ажиллаж, цаг алдсан гэх юм?

-Техник хэрэгсэл муутай ажилладаг бололтой юм. Улаан гараараа шахам галыг унтраасан гэнэ лээ. Том байшинд нил утаатай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учраас хүүхдүүдийг олоогүй юм билээ. Галын шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн араас буян үйлдэх арга хэмжээг аймгийн төвд зохион байгуулъя гэсэн ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мэндбаяр: Суллагдаад ирэхэд 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг минь хоёрхон тэрбум болгоод үгүй хийчихэж

-МАРГААШААС ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГИЙН ХААЛГЫГ ӨШИГЛӨӨД ОРНО. ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА НӨХДҮҮД ҮҮДЭЭ НЭЭЖ ӨГӨӨРЭЙ-

Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр суллагдаад арав гаруй хонож байгаа аж. Ж.Мэндбаяртай хамт хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэд Ж.Мэндбаярыг хэлмэгдүүлэн шоронд хорьсон бөгөөд хадгаламж зээлийн хоршоотой нь гэрээ байгуулсан хүмүүсийг хүчээр хохирогч болгосон гэж үзэж байгаагаа яриад үүний үр дүнд мянга гаруй айл хүнд байдалд байгааг ярилаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мэндбаяртай ярилцлаа.

Таныг анх баривчлахдаа хадгаламж зээлийн хоршооны хэргээр шалгаагүй гэдэг юм билээ. Ямар үндэслэлээр шалгаж, хорьсон билээ?

-Тухайн үед Монголд анхны 26 давхар орон сууц барихаар ажиллаж байлаа. Гэтэл 2006 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнийн 02.00 цагийн орчимд УМБГ-аас шүүхийн шийдвэргүйгээр баривчилж, хорьсон шүү дээ. Прокурорын гарын үсэггүй, шүүхийн шийдвэргүйгээр барьж хорьсон нь Монголын хууль болон олон улсын Хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн ажиллагаа байлаа. Тэгэхдээ надад татварын хэргийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн албан тушаалаа ашиглаж хоршооны мөнгийг өөрийнхөө компанид зээлдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлээр хэрэг үүсгэж байсан. Үүнээс болоод нэг ч удаа хаалгаа барьж үзээгүй “Глоб кредит” ХЗХ-ны үүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Ингэснээр хадгаламж эзэмшигчид бухимдаж, хардах сэрдэх ажиллагаа эхэлсэн. Үүнээс гадна “Глоб” группийн бүх компанийн хөрөнгийг битүүмжилж, бүх үйл ажиллагааг нь зогсоосон шүү дээ. Эндээс манай харилцагч, хадгаламж эзэмшигч болох 1000 гаруй хүн хохирч үлдэх зам нээгдсэн.

Танд үүсгэсэн эрүүгийн хэрэг юу болсон бэ?

-Би татварын илүү төлөлттэй, өөрөө хоршооны гишүүн байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хадгаламж нэрээр иргэдээс мөнгө татсан, орон сууц барьж өгөх нэрийдлээр захиалагчдаас арван хувийн урьдчилгаа авсан, хаалттай бонд гаргах нэрийдлээр бусдаас мөнгө авч залилсан гэх гурван үйлдэл тулгасан. Ингээд өмнө нь хэрэг үүсгэсэн зүйл ангиа залилан болгож өөрчилсөн. Ингээд 1233 хохирогчийг хүчээр бий болгож, манай группийн бүх үйл ажиллагааг зогсоосон учраас хадгаламжийн мөнгө олгох, барилгын ажил үргэлжлэх боломж олдоогүй. Бондын үйл ажиллагаа ч зогссон. Өөрөөр хэлбэл, группийн үйл ажиллагааг зогсоож, хүчээр хохирогч бий болгох бүдүүлэг алхмыг тухайн үеийн хүчний байгууллага хийсэн. Ингэхдээ хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр “Мэндбаяр олон мянган хүнийг залилсан, Глоб луйврын уул уурхай байсан” гэх мэтээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх ажиллагаа идэвхтэй явагдсан. Олон нийтийн санаа бодлыг ингэж угаах нь хэлмэгдүүлэлтийн сонгодог хэлбэр л дээ. Надад арван жил хорих ял онооход нийгмийн бүх давхаргын сэтгэл зүйг бэлтгэчихсэн байлаа. Учир нь тухайн үед олон нийт намайг залилагч, маш олон хүнийг залилсан гэдэг сэтгэл зүйтэй болчихсон байсан. Гэтэл би шоронд явснаар 1233 хохирогч бүрмөсөн хохирч үлдэх зам баталгаажсан.

Хохирогчид таныг батлан даалтан дааж, суллуулах хүсэлт гаргаж байсан байх аа?

-Хохирогчид гэж нэрлэгдсэн хүмүүс намайг батлан даалтад гаргах саналыг удаа дараа гаргаж байсан. Мөн миний саналаар “Глоб”-ыг хувьцаат компани болгож үнэт цаасаар учрах гээд байгаа эрсдлээс хамгаалах арга хэмжээг хамтарч авах хүсэлтэй байлаа. Энэ саналыг хоршооны нийт гишүүдийн 98 хувь нь дэмжиж байсан ч төр хүлээж аваагүй. Хэрвээ мөрдөн байцаалтын үед ийм арга зам авсан бол хохирогчид өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан. Мэндбаяр яах вэ, арван жилийн ялаа эдлээд явдаг л юм байгаа биз. Хэрвээ тэгж шийдсэн бол Мэндбаярыг шоронд хийх боломжгүй байсан учраас төр анхааралдаа аваагүй. Гадны түншүүд ирж “Мэндбаярын 10 сая ам.долларын хохирлыг төлчихөөд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье” гэхэд хүлээж аваагүй. Тухайн үед Монголд анхны амины сууцны хороолол барихаар гадныхантай төсөл хэрэгжүүлж байлаа. 26 давхар зочид буудал барихаар бэлтгэж байлаа. Нарны гүүрийг жаахан цаагуур тавихаар Хятадын компанитай хамтран ажиллаж байв. “Глоб”-ын ажил үргэлжилж, барилга барьж, хадгаламж олгогдож байсныг манай харилцагчид бүгд мэдэж байсан. Гэнэт хаалгыг нь барьчихаар хүмүүс мөнгөө авна гэх нь аргагүй биз дээ.

Хохирогчид гомдол гаргаагүй, хамтраад хохирлоо барагдуулъя гэж байсан. Ер нь хэний гомдлоор танд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?

-Энэ бол эрүүгийн болон иргэний хэргийн аль нь ч биш. Хууль мэддэг хүн бүр мэддэг ч төрийн машин ажиллаад эхэлсэн учраас асуудал шийдэгдсэн гэж үздэг. Жишээлбэл, Намайг шийтгэсэн шүүхийн шийдвэрт шүүх Иргэний хуулийн мөнгөн хадгаламж гэсэн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 455 дугаар зүйлийн 455.3-т -Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно”, Хоршооны тухай хуулийн хадгаламж, зээлийн хүүний талаарх заалт зэргийг үндэслэн хадгаламж эзэмшигчдэд хүү тогтоосон байдаг. Эндээс би банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, харилцагчидтай эрх зүйн харилцаа тогтоосон зэргээр иргэний үйл ажиллагаа явагдаж байсныг шүүх өөрөө тогтоосон. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад төр дундуур нь орж ирж, хүчээр зогсоогоод “Энэ Мэндбаяр та нарт мөнгө өгөхгүй” гээд нэгийг нь шоронд хийж, нөгөөдөхийг нь үсийг нь зулгаалгаад үлдээсэн. Ийм л зүйл болсон. Хэрвээ эрүүгийн хэрэг мөн байсан бол хүү тогтоох ёсгүй байсан. Зөвхөн иргэний хэрэгт хүү тогтоодог. Шүүх эрүүгийн хэрэг биш гэдгийг тогтоосон нотлох баримт нь харилцагчдад хүү тогтоосон баримт шүү дээ.

Орон сууц захиалагчдыг залилсан гэдэг хэргийн тухайд яриач?

-“Баянгол дүүргийн IV хорооны нутагт 362 айлын орон сууц барихаар төлөвлөсөн ч албан ёсоор батлагдсан газрын зөвшөөрөл, зураг төсөл, экспертизийн дүгнэлт байхгүй байхад 2007 онд ашиглалтад оруулна гэж зарлан, иргэдээс хууль бусаар захиалга авч залилсан” гэж ялласан. Гэтэл орон сууц барихаар төлөвлөсөн газрыг хууль сахиулагчид битүүмжлэн хурааж аваад 70 сая төгрөгөөр зарсан байдаг. Гурван тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг 70 сая төгрөгөөр зарсан шүү. Газар байхгүй гэж яллачихаад тэд хаанаас газар гаргаж ирж 70 сая төгрөгөөр зарав. “Хохирогч Дамдинсүрэн барилгын зураг төсөв хүлээлгэн өглөө” гэдэг тодорхойлолт хавтаст хэрэгт байж байдаг. Газрын гэрчилгээ, барилгын зураг төсөв хавтаст хэрэгт бий. Экспертизийн дүгнэлтийг хохирогчид Барилгын өмчлөлийн төвөөс олж авсан байдаг. Гэтэл намайг юу ч байхгүй гээд яллачихсан. Энэ бүхнээс миний хэрэг эрүүгийн хэрэг биш гэдэг нь маш тодорхой. Шүүх ч хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл яагаад иргэний хэрэг биш гэж?

-Хэн нэгэн хүн намайг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний хэрэг үүсдэг. Гэтэл нэг ч хүн гомдол гаргаагүй байсан. Нэг ч өргөдөл, гомдолгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн барьж хориод арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл оноосон. Тэр ялыг би биеэр эдлээд арав гаруй хоногийн өмнө суллагдлаа.

Тухайн үед танай группийн дампуурлыг албан ёсоор зарлаагүй байх аа?

-Үгүй. “Глоб”-ыг дампуурсан гэдгийг шүүх тогтоогоогүй. Мэндбаярыг шоронд хийгээд, “Глоб”-ын хаалгыг хүчээр хаасныгаа дампуурсан гэж нэрлэсэн. Тухайн үед банк хүндэрсэн, хоршоодыг байхгүй болгох сонирхол байсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Төр банкийг аврах нь зүй ёсны хэрэг. Тухайн үед би төрд байсан бол иймэрхүү арга хэмжээ авах л байсан. Гэхдээ өөр аргаар хийх байсан болов уу. Хүчээр баахан хүн орилуулж, томыг нь нураах шаардлага байсан уу, үгүй юу гээд асуудал их бий.

Та ял эдлээд суллагдлаа. Гэтэл хохирогчид хохирлоо барагдуулж чадсангүй. Таны бүх хөрөнгийг битүүмжилчихсэн байдаг. Түүнээс хохирогчдод хэд орчим төгрөг өгсөн юм бэ?

-Хохирогчдоос гадна төр хохирчихож. Төр хохирлын 50 хувийг олгожээ. Энэ хэргийн учир начрыг хайгаад, хөрөнгөө эрээд эхлэхээр төр 50 хувийг олгож ам хаачихаж. Үлдсэн хөрөнгийг борлуулаад 50 хувийг чинь олгоно гэсэн. Мэндбаяр болон “Глоб”-той холбоотой бүх хөрөнгийг хурааж, битүүмжилж авсан. 27 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө шүү. Гэтэл тэр хөрөнгийг хоёрхон тэрбум төгрөг болгож үгүй хийсэн байна. Явж, явж ирэхэд шүү. Төр тавин хувиараа хохирчихоод нэг ч төгрөг авч чадаагүй. Төр гэдэг нэрээр гурван сая иргэн хохирчихож. Цаана нь албан ёсны 1233 хохирогч, дээр нь Мэндбаяр гэдэг иргэн бас хохирчихсон байна. Би хохирол гэж тогтоосон 11 тэрбум төгрөгийг төлөөд цаана нь дахиад 16 тэрбум төгрөгийн хөрөнгө үлдээгээд шоронд орсон.

Та одоо хохирогчдод мөнгө өгөх үү?

-Би хохирлыг төлөх ёстой. Гэхдээ би бүх ялаа биеэр эдэлсэн учраас төлөхгүй ч байж болно. Хэрвээ хохирлыг төлсөн бол 3.5 жилийн өмнө суллагдчих байсан. Төлөөгүй учраас бүх ялаа биеэр эдэлдэг хуультай. Энэ дунд өлсгөлөн зарласан, дарамтад өртсөн. Сүүлийн хоёр, гурван жил дарамтгүй байсныг нуухгүй. Түүнээс өмнө байнга дарамтад байсныг ч нуухгүй. Одоо би гараад ирлээ. Гараад ирэхэд хэргийн эзэн би, төр, хохирогчид гээд гурван тал 11 тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах вэ гэдэг асуудал хэвээрээ байна. Бид хамтарч хохирлыг барагдуулахын тулд зарагдсан, хууль бусаар алга болсон, үрэгдэж алга болсон бүх хөрөнгийнхөө учрыг олох ёстой. Хариуцлагагүй этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Хууль бусаар дуудлага худалдааг хүчингүй болгох ёстой. “Глоб”-ынхон төрөөс дахиж мөнгө нэхэхгүй, харин хөрөнгөө л авъя. Бидний, миний хөрөнгийг анх ямар байдалтай хурааж авсан тэр чигээр нь өгчих. 47 автомашиныг “Глоб”-оос хураасан. Тэр олон машин хаачив. Амгалангийн хорих ангийн хашаанд ХЗХ-оос хураагдсан машинуудыг тавьчихсан байж байгаад гал алдаад заримыг нь шатаачихсан. Тэрийг хэн төлөх вэ. Арван жил зогссон машиныг хэн худалдаж авах вэ. Гэрэл чийдэн нь тоногдчихсон, элгээрээ хэвтчихсэн машин бол хамгийн жижиг жишээ. Барилга, байшин, газар гээд бүх хөрөнгө тэр машины хувь заяатай ижил болсон. Ганданд шинээр барьсан 1180 метр.кв талбайтай дөрвөн давхар байшинг 254 метр.кв гэж хуурамч тогтоол үйлдээд зарчихсан байдаг. Нэг давхрынх нь талбайн хэмжээгээр зарчихсан гэсэн үг. Үлдсэн гурван давхрыг нь бэлэглэчихсэн. Одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлэг байгаа 4.3 тэрбумаар үнэлсэн барилгыг гурван жил хөлдөөж, балгас болгосныхоо дараа 1.5 тэрбум болгож бууруулж зарсан. Засгийн газрын 247 гэдэг хууль бус тогтоол гаргаад арван жилийн өмнө үнэлсэн үнэлгээгээр есөн жилийн дараа зарж байна. Гэх мэтээр эзнийг нь шоронд хийгээд хөрөнгийг нь идэж, ашигладаг олон арга байдаг юм байна. Одоо энэ хөрөнгийг төртэйгээ нийлээд буцааж аваад зах зээлийн ханшаар нь заръя.

Таны ярьснаар 27 тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгөө буцааж авна гэж үү?

-Тэгнэ. Газрын албанаас Мэндбаярын нэр дээр 20 гаруй газар байна гэсэн тодорхойлолт авсан. Тэр олон газар хааччихав. Хоёрхоныг нь зах зээлийн үнээс 25 дахин хямд үнээр зарсан байдаг. Энэ бүхнийг учрыг олмоор байна. Төр өөрөө хохирчихсон учраас төрийн болон хууль, хүчний байгууллага хамтраад ажиллаад өгөөч. Хамтарч ажиллахгүй гэдэг шийдвэрээ зарим байгууллага гаргачихсан байна лээ. Тэгвэл өөрсдөө арга хэмжээ авна. Дөрвөн давхар барилгыг нэг давхар байшингийн үнээр худалдаж авсан хүн түүнийгээ л аваг. Үлдсэн гурван давхар барилгыг надад буцааж өгөх ёстой биз дээ. Тиймээс би хаалгыг нь өшиглөөд орно. Бусдын хөрөнгөд халдаагүй, өөрийнхөө юманд орж байгаа нь тэр. Энэ мэт олон үл хөдлөх хөрөнгийн асуудал бий. Би маргаашаас эхлээд өөрийнхөө хөрөнгийн хаалгыг өшиглөөд орно. Хууль бусаар эзэмшиж байгаа нөхдүүд хаалгаа нээж өгөөрэй. Өөрийнхөө хаалгыг өөрөө эвдээд ороход битгий асуудал үүсгээрэй. Яагаад гэвэл хөрөнгөө авч байгаад энэ олон хүний хохирлыг юун түрүүнд барагдуулъя. Дараа нь энэ хэргийн учрыг олох боломж олдох байх гэж найдаж байна. Ганц сандал, ширээтэй ХЗХ маш олон байсан. Түүнээс юуг нь авна гэж хохирогчдынх нь хохирлын 50 хувийг төр барагдуулсан юм бэ. Энэ сонирхолтой биш гэж үү. Ганц ширээ, сандлыг нь зараад төр мөнгө авна гээд 50 хувийн хохирлыг барагдуулсан утгагүй ажлыг тухайн үеийн төр хийсэн юм шүү.

Одоо хөрөнгөө авъя гэж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гээд асуудал бас байгаа байх?

-Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр нь дуусчихсан байдаг юм байна. Гэхдээ дөрвөн давхар байшинг нэг давхар гээд зарчихсан байхад зүгээр хаяж болохгүй.

Танай гэрийн хүн бас ял эдэлсэн байх аа?

-Дөрвөн сар “Ганц худаг”-т хорьж долоон жилийн ял оноосон. Дөрвөн хүүхэд минь гудамжинд үлдсэн. ХЗХ-нд хамааралгүй гэдэг нь нотлогдохоор бонд гаргасан гэдэг шал утгагүй үндэслэл гаргаж ирээд 15 жил хорих ял сонсгоод долоон жилийн ял оноосон.21 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсэн байх жишээтэй. Хүнлэг биш олон зүйл бий. Гэхдээ энэ миний асуудал учраас энэ удаад ингээд зогсъё.

Ц.ӨРНӨХ