Categories
мэдээ улс-төр

Д.Баттулга: Ерөнхийлөгч Элбэгээ хэзээ ч Үүлийн эсрэг ажиллахгүй

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.

-НИТХ өчигдөр гурав дахь хуралдаанаа хийж, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. 2012 оны өдийд таны даргалж байсан ИТХ юу амжуулсан байлаа?

-Сонгуулийн дараа эрх баригчдын 100 хоног гэдэг тогтсон ойлголт байдаг. Сонгуулийн өмнө эрх баригчид олон түмэнд таалагдах амлалт өгч, ажил хийх гээд байдаг. Харин сонгуулийн дараах, зуу хоногт эрх баригчид олны дэмжлэг хүлээхгүй байсан ч заавал хийх ёстой ажлаа эхэлдэг, хийдэг. Энэ үед сөрөг хүчин ч эрх баригчдыг шүүмжлээд байдаггүй. Зуу хоног гэдэг эрх баригчдын гарааны цэг болдог л доо. 2012 оны сонгуулийн дараа бидний зуу хоногт хийсэн ажлыг яривал нэлээд их цаг орно.

Тоймлоод хэдхэн зүйлийг ярихад, ажлаа аваад хориод хоногийн дараа ИТХ-ын тогтоол гаргаж зөвшөөрөлгүй баригдсан барилга, байгууламжийн үйл ажиллагааг зогсоосон. Зөвшөөрөлгүй барьсан барилгууд маш их байсан. Бизнес эрхлэгчид биднийг маш их эсэргүүцэж байсан. 2016 он гэхэд зөвшөөрөлгүй барилгын ажил нэлээд цэгцэрсэн.

Мөн 2012 оны наймдугаар сарын сүүлээр Засаг даргын өргөн барьсны дагуу Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай томоохон шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд есдүгээр сарын 1-нээс замын нэгдүгээр эгнээгээр автобус явж, дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Хүүхдийн автобус, ажилчдын автобус явж, зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Иргэдийн эсэргүүцэлтэй маш их тулгарч байсан.

-Зөвшөөрөлгүй олгосон газрыг бас цэгцэлсэн байх аа?

-2012 оны есдүгээр сарын сүүлээр газрын харилцааны асуудал болоод барилгажилтад гарч байгаа зөрчлийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Газрын харилцаан дээр гарч байгаа зөрчлүүдийг арилгая гээд нэг хэсэгтээ газар олголтыг зогсоож ч байлаа. Газрын наймаа, газрын мафи гэж ярьдаг байсан үе одоо өнгөрсөн. Ер нь нийслэлд барилга яаж барих вэ, ямар шаардлага тавигдах вэ, орон сууцны хажууд барилга барих бол оршин суугчдын саналыг авч байя гээд ажлаа эхэлсэн. Иймэрхүү цогц арга хэмжээг эхний зуу хоногтоо аваад эхэлчихсэн байсан.

-Тэгвэл энэ удаагийн нийслэлийн удирдлагууд хэр их ажил амжуулсан бол?

-Юу амжуулсныг хэлж мэдэхгүй байна. Бүтцийн асуудлаа ярих шиг боллоо. Баахан хүмүүсийг ажлаас халлаа. 2012 онд ажилд орсон, Ардчилсан намтай хамтарч ажилласан гэдэг утгаар олон хүнийг ажлаас нь халсан байна лээ. Чингсийн талбайг Сүхбаатарын талбай болгож өөрчилсөн. Нохой, муурны асуудал багагүй хугацаанд яригдах шиг боллоо. Тэгээд өнөөдөр л (өчигдөр) Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байх шиг байна. Яг хотын хөгжилд хэрэгтэй том ажил эхлүүлсэн үү, үгүй юу гэдэгт иргэд хариу өгөх байх. Бидний хийсэн ажилтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бидний тогтоосон стандарт, жишгийг МАН эхний зуу хоногтоо дааж чадсангүй.

-Баар, цэнгээний газруудыг 00:00 цагаас хойш ажиллуулахгүй гэснээ буцах шиг боллоо. Нохойд спираль тавих асуудал бас багагүй хугацаанд яригдсан. Яг шийдвэр гарсан ажил байна уу?

-Нохой, муур хөнгөлнө ч гэл үү, тийм зүйл яригдаад байсан. Сүүлд тийм зүйл байхгүй ээ л гэсэн. Баар, цэнгээний газрыг 00:00 цагт хаана л гэсэн. Дараа нь болилоо л гэнэ. Энэ мэт нэг дарга нь нэг юм ярьдаг. Нөгөө дарга нь өөр юм ярьдаг. Гурав дахь дарга нь тэр хоёрын ярьсныг цуцалчихдаг. Ерөөсөө нэгдсэн бодлого алга. Дарга нар нь энд, тэнд өөр өөр юм яриад, нэг нь нөгөөгийнхөө ярьсныг үгүйсгэж, цуцлаад л явж байна. Удирдлагын нэгдмэл чанар гэж байдаг шүү дээ. Удирдлагын нэгдмэл чанар алдагдах нь хотын хөгжилд хортой.

-Өнгөрсөн жилүүдэд цахимаар газар өмчлүүлдэг байсан. Нийслэлийн шинэ удирдлагууд цахимаар газар өмчлүүлэхгүй боллоо гэсэн. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт цахимаар газар өмчилнө гээд заачихсан байна лээ. Ямар учиртай юм бол?

-Цахим газар өмчлөлийг зогсоолоо гэсэн. Тэгснээ Засаг дарга Ардчилсан намын бүлгийн хурал дээр “Бид ярьж байгаад цахим газар өмчлөлийг арай өөрөөр хэрэгжүүлнэ” гэж ярьсан. Чухам бодлогыг нь тодорхойлж чадахгүй юм. Хэлж, ярьж байгааг нь ч үнэн худлыг мэдэхгүй байна.

-Цахим газар өмчлөлийг жаахан өөрчлөөд хэрэгжүүлэх нь гэж ойлгосон. Засгийн газрын түвшинд “Сайн оюутан” хөтөлбөрийг өөрчлөөд Боловсролын зээл болгохоор болсон. Өмнөх дөрвөн жилд хэрэгжиж байсан ажлыг зогсоож байгаад нэрийг нь өөрчлөөд байх шиг?

-Нийслэлд ч ялгаагүй. Бидний тогтоосон стандарт, жишгийг дааж чадсангүй гэж ярьсан шүү дээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг харахад Ардчилсан намын үед хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийн гол, гол зүйл, заалтын нэрийг өөрчилж, өөриймсүүлсэн нь харагдаж байна. Нэрийг нь өөрчилчихөөр АН-ынх биш болчихдог юм уу. Тиймэрхүү байдлаар хандсан зүйл заалт их байна. Уг нь өнөөдөр улстөржих биш ажил хийх цаг нь шүү дээ. Дөрвөн жилийн дараа эднийг Ардчилсан намын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн гэж хэн ч ярихгүй. Дөрвөн жилийн дараа МАН ийм ажил хийсэн л гэж ярина. Үүнийг ухаарч ойлгоосой.

-Нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг танай намын бүлэг буцаах санал гаргасан. Шалтгаан нь юу байв?

-Нэгдүгээрт, 2016 оны НИТХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан 25 төсөл, үйл ажиллагаа Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй буюу өөр байдлаар туссан байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн амлалтаасаа ухарч, ард иргэдээ хуурсан үйлдал гаргалаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон “Нэг өрх-нэг орон сууц”, залуу гэр бүлд зориулсан нэг өрөө орон сууц барих эрх зүйн орчинг бүрдүүлэх, хямралын улмаас зогссон үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээх, үндэсний үйлдвэрлэгчдийн 400-гаас доошгүй автобус тролейбусаар парк шинэчлэл хийх зэрэг амлалтууд Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй. Энэ амлалтуудаа мөрийн хөтөлбөртөө оруулаач гэсэн шаардлага тавьсан.

Хоёрдугаарт, аливаа мөрийн хөтөлбөр хэрэгжих, хэрэгжиж дууссаны дараа үнэлж дүгнэх боломжтой байх ёстой. Гэтэл Засаг даргын мөрийн хөтөлбөр хэмжих хэмжүүр, дүгнэх аргагүй. Жишээлбэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гэсэн. Энэ жил хэд байсныг ирэх жил хэд болгож нэмэгдүүлэх нь тодорхой биш. Гэх мэт шалтгаанаар Засаг даргын мөрийн хөтөлбөрийг буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан ч олонхиороо хүлээж авсангүй.

-Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан ажлууд ирэх жилүүдэд хэрэгжих болов уу. Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан уу?

-Төрийн бодлогын залгамж чанар гэж байх учиртай. Гэтэл залгамж чанар байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Байна уу гэхээр байхгүй. Байгаа юу гэхээр нэрийг нь өөрчлөөд тавьчихсан байх жишээтэй. Жишээлбэл, өнгөрсөн жилүүдэд нийслэлийнхний дэмжлэгийг хүлээсэн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг ажлуудыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй. Бичил бизнесийг дэмжих төсөл, жуулчдыг татах “Найрсаг Улаанбаатар ” зэрэг төсөл хөтөлбөрийн нэрийг өөрчилсөн, эсвэл хэрэгжих эсэх нь бас л тодорхойгүй байгаа юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг “Гэр хорооллын зөв шийдэлтэй төлөвлөлт” гэх жишээтэй. Бичил бизнесийг дэмжих зээлийг “Итгэлийн зээл” болгоод өөрчилчихсөн. Яаж хэрэгжих нь ч тодорхойгүй. Үүнийг залгамж чанар гэх эсэхийг мэдэхгүй юм.

-Та “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг удирдсан. Энэ төсөл зогсчихлоо. Газраа чөлөөлсөн иргэд одоо хаачих вэ?

-Хууль, эрх зүйн үүднээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт”цаашид үргэлжлэх ёстой. Яагаад гэвэл хот, компани, иргэн гурав гурвалсан гэрээ байгуулсан. Түүнээс Баттулга, Бат-Үүл хоёр гэрээ байгуулаагүй. Хотыг Бат-Үүл, Баттулга хоёр төлөөлж байсан нь үнэн. Одоо Сандуй, Сундуй (Сундуйн Батболд) хоёр төлөөлж байгаа. Төрийн залгамж чанараар энэ хоёр гурвалсан гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Харин Баттулга гэдэг хүнтэй гэрээ байгуулсан бол долдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжих боломжгүй болно. Баттулга биш хотын удирдлагатай гэрээ байгуулсан учраас цааш нь хэрэгжих ёстой. Иргэд хохирч үлдэх ёсгүй.

-Энэ төсөл яагаад зогсчихов оо?

-Миний харж байгаагаар энэ хүмүүс яаж үргэлжлүүлэхээ мэдэхгүй байна. Бэрхшээлийг яаж зохицуулж, даван туулахаа тодорхойлж чадахгүй байх шиг. Бидний хийсэн ажлыг яагаад зогсоосныг өнөөг хүртэл гайхаж байна. Өнгөрсөн сард НИТХ-ын тогтоол гаргасан. Дараа нь зургадугаар сарын 10-ны үеэр хотын төсвөөс 20 тэрбум гаргаад арилжааны банкууд 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхэд бэлэн байсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг бага хүүтэй зээлээр босгочихсон байсан. Үүнийг дахин төлөвлөлт хийж байгаа компаниудад олгосон бол олон айл орон сууцтай болох боломжтой байсан. Түрээсийн байранд амьдарч байгаа 300-400 айл байрандаа орчих боломж байлаа. Гэтэл яагаад зогсоочихов.

-Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн их мөнгө зарсан ч үр дүн гараагүй төсөл гэж ярих хүн олон байна?

-Бүх ажил хариуцах эзэнтэй. Зураг төслийг Ерөнхий төлөвлөгөөний газар хийснийг Хөрөнгө оруулалтын газар хянадаг. Хувийн компаниуд ажлын зураг хийх гэхчилэн бүх шат дамжлагадаа хариуцах эзэнтэй. Харин үр дүнгүй гэдгийг хэн тогтоодог юм бэ. Үр дүнгүй гэдгийг хэн нэгэн албан тушаалтан ярьдаггүй. Аудит шалгаж тогтоодог юм. Эсвэл шүүх шинжээч томилдог.

-Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд 104 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан гэж Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдэгдсэн шүү дээ.

-Би энэ ажлын журмыг боловсруулж хурлаар батлуулж байсан. Тэр Ганбаатар гэдэг хүн хаанаасаа гараад ирсэн юм бэ. 2008-2012 онд газар чөлөөлөлтийг жинхэнэ будлиулсан хүн шүү дээ. “Бэрэн”-гийн газрыг чөлөөл гэж байгаад цахилгаан, дулааны шугамыг шулуун шугамаар тавьдгийг ч энд, тэнд нь чөлөөлчихсөн. Бүр андуураад Ногоон нуур хавийн газрыг чөлөөлчихсөн. Тухайн үед тэр хүнийг шалгуулах байсан ч хийх ажлаа бодоод орхисон хэрэг. Гэтэл тэр хүн ийм сонин, сонин юм яриад байгаа нь гайхшралыг төрүүлж байна. Би энэ ажлыг цааш нь үргэлжлүүлмээр байна. Тиймээс өөрийнхөө мэдлэг, чадвараа зориулахад ч бэлэн байна. Товчхон мэдээлэл өгөхөд, 24 байршлын 75 хэсэгчилсэн талбай бүхий 1500 га газар бий. Үүн дээр 38 компани үйл ажиллагаа явуулж байсан. Бид дөрвөн компанийн эрхийг бүрэн, хоёр компанийн эрхийг хэсэгчлэн цуцалсан. Өнгөрсөн гурван жил 9787 айлын орон сууц баригдсанаас 4833 айлын орон сууц ашиглалтад орчихсон. 1500 хашаа, байшинг чөлөөлчихсөн. 300 гаруй айл түрээсийн байранд амьдарч байгаа. Үр ашиггүй гэдэг асуудлыг хэн нэг нь ярьдаггүй гэдгийг дахиад хэлье. 104 тэрбум төгрөгөөр боссон хөрөнгийн жагсаалт надад бий. 60-70-аад хувь нь Хөгжлийн банкны санхүүжилт. Баттулга гарын үсэг зураад шийдчихдэг хөрөнгө биш. Шат дамжлагаар шийдэгддэг ажил. Хийх ёстой ажил яахаараа үр ашиггүй болчихдог юм бэ.

-НИТХ өнөөдрийн хуралдаан дээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаад орон гэргүй болсон гэх хүмүүс ирчихсэн байна. Эхэлсэн ажлаа дуусгаач гэж танд хандаж байх шиг. Та ямар хариу өгөв?

-Би эхэлсэн ажлаа дуусгахын төлөө зүтгэнэ. Би ч, та нар ч одоогийн хотын удирдлагуудыг шах, шаард. Өөр арга байхгүй л гэсэн. Иргэд хохирох ёсгүй.

-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл манай сонинд “Миний эсрэг “Их эвсэл” бий болжээ” гэж бичсэн. Бүр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг нар МАН-тай нэгдэж миний эсрэг эвслээ гэсэн. Та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийлөгч Элбэгээ Үүлийг байнга дэмжиж ирсэн. Тэр хоёр маань нэг тэрэгний хоёр арал явж ирсэн. Элбэгээ Үүлийн эсрэг хэзээ ч ажиллахгүй. Бат-Үүлийг урьд нь ч, нийслэлийн намын дарга болоход ч, нийслэлийн Засаг дарга болоход ч, бид хоёр хотыг удирдаж байхад ч Ерөнхийлөгч байнга л дэмждэг. Тийм л хүн. Элбэгээ Үүлийн эсрэг “Их эвсэл” ч гэнэ үү, байгуулах хүн биш. Би түүнд нь огт итгэхгүй байгаа. Үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүний нэг нь би.

-Э.Бат-Үүл дарга тэгвэл яагаад тэгж бичихэд хүрэв. Их гомдсон нь нийтлэлээс нь харагдаж байсан.

-Чухам ямар мэдээллээр тэгж бичсэнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Ерөнхийлөгч Үүлийг байнга дэмжиж ирсэн, одоо ч дэмжиж байгаа.

-Та хоёр уулзахгүй байгаа юм уу?

-Ойрд холбоо барьж чадсангүй. Манай хүн хөдөө яваад байх шиг байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулж хоёр дахиа шалгаж байгаа нь их эмзэг туссан болов уу?

-Хууль хяналтын байгууллага шалгая гээд шалгасан юм болов уу. 1990 оноос хойш Үүлтэй хамт явлаа. Хамтдаа хувьсгалыг нь ч хийлээ. Хамтдаа ялж, ялагдаж ч явлаа. Сүүлийн дөрвөн жилд бид хоёр мөр зэрэгцэн хотыг удирдлаа. Үүлийг хамгийн сайн мэдэх хүн нь бас л би. Хэн ч үгүй гэхгүй. Баталгаатай хэлье. Манай Үүл хэзээ ч тийм хэрэг хийхгүй. Хуулийн байгууллага шалгаад цагаатгана биз дээ.

-Улс төрийн зорилгоор, хууль зөрчин байж шалгалаа гээд байгаа шүү дээ?

-Үүнийг хууль хяналтын байгууллагаас нь асуу.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу. Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам 2012 онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, 35 хувийн саналыг авсан шүү дээ. Идэвхгүй, өөрийгөө юунаас ч худалдахаас сийхгүй нөхдүүд нийгмийн 20 орчим хувийг эзэлж байна. Тийм хүмүүсийг өнгөрсөн хорин жилийн хугацаанд бий болгожээ. Тэр нөхдүүд нөгөө талд саналаа өгснөөр сонгуулийн дүн ингэж гарсан. Мэдээж сонгуулийн тогтолцоо нөлөө үзүүлсэн. Сонгуулийн мажоритар тогтолцоо яах аргагүй нэг талыг олонхи болгодог. Мажоритар тогтолцооны ид шид гарлаа л даа.

-Мажоритар тогтолцоог танай нам олонхи байхдаа батлуулсан.

-Бүх зүйл хоёр талтай. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хамтарсан засаг байгуулагдаж ажиллалаа. Хамтарсан засаг байгуулагдсаны сул талыг бид бүгд харлаа. Зоригтой шийдвэр гаргадаггүй, засаг нь хэврэг. Харин энэ сонгуулиар нэг нь олонхи болж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг олголоо.

-Тээг садаагүй тууштай ажиллах боломжийг яах аргагүй олгосон.

-Тууштай гэж хэлмээргүй байна. Боломжийг л олгосон. Харж л байя.

-Сонгогчдын 20 орчим хувь нь өөрсдийгөө юунаас ч худалдахаас сийхгүй байсан гэж ярилаа. МАН сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үү?

-Монголын улс төрд гаднаас интервенц хийсэн нь энэ сонгуулийн бас нэг онцлог байлаа. Маш их хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн. Түүх уншиж байхад илэрдэггүй юм гэж байдаггүй юм билээ. Тэгэхээр тавь, зуун жилийн дараа үнэн илэрч, учир тайлагдах биз дээ. Ер нь их л муу жишиг тогтоолоо. 1911 онд хувьсгалаа хийчихээд монголчууд хоорондоо муудалцаж нэг хэсэг нь Гамингийн цэргийг авчраад тусгаар тогтнолоо үгүй хийж байлаа шүү дээ. Агуулгаараа тиймэрхүү л юм боллоо гэж харж байгаа.

-2008 оны сонгуулиар ч нэлээд олон тойрогт иймэрхүү асуудал гарлаа гэж байсан. Таны өрсөлдсөн тойрогт сонгуулийн будлиан болсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан, цаашлаад “Долдугаар сарын 1”-ний үймээн болсон шүү дээ. Энэ удаад санал худалдаж авсан, будлиулсан асуудлыг зүгээр орхих нь зөв байв уу?

-Манай эдийн засгийн байдал сайнгүй, бараг муу байгаа. Улсын рейтинг ч доод түвшинд оччихсон байна. Ийм үед сонгуулиа хийж чадахгүй, сонгуулийн дараа янз бүрийн үймээн гарвал улс төрийн тогтворгүй байдал үүсч эдийн засгийн байдал бүр доош унана. Монголчууд бүгдээрээ хохирно. Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан, тэр нь гадна дотнын нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

-Нэгэнт МАН үнэмлэхүй олонхи болж, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ажлаа хийгээд эхэлчихлээ. Энэ Засгийн газрын ажлын эхлэл, сайдуудын хийсэн мэдэгдэл нь тун таагүй ойлголтыг төрүүлж байна.

-Бид есдүгээр сардаа багтаагаад “МАН 100 хоногт” гэдэг тайланг гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Улс орон дампуурах нь гэж хүмүүсийг айлгалаа. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирнэ. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол цааш үргэлжилнэ. Зуун жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр нь энэ сонгуульд ялсан төлбөр болж таарах биз гэж л харж байгаа.

-Ямар айхавтар зохиолын тухай ярьж байна вэ?

-Хүн бүрт ойлгуулах албагүй. Миний ярьж байгааг ойлгох нэг нь ойлгож байгаа. Ойлгохгүй нь хэзээ ч ойлгохгүй.

-Та гадаадын цөөнгүй бизнес эрхлэгчидтэй найз нөхдийн холбоотой. Таны зохиолын нэг хэсэг гэж ярьсан Сангийн сайдын айлгах мэдэгдлийг тэд хэрхэн хүлээж авсан бол?

-2015 оноос хойш Монголын талаарх сайн мэдээ бараг гараагүй. Дэлхийд томд тооцогддог “Рио тинто” компанитай манай Засгийн газар заргалдсан. Хүнээр яривал 40 давсан эр арван настай хүүхэдтэй л үзэлцсэн хэрэг л дээ. Ийм хүч тэнцвэргүй байхад монголчууд нэг тал байж чадаагүй. Сөрөг хүчин байсан МАН бодит байдлыг ойлгосон уу, ойлгосон атлаа хорлох гэсэн нь үү илт нөгөө талыг өөгшүүлсэн мэдээлэл хийж байсан. Энэ бүхний үр дүнд дэлхий даяар Монголын талаар буруу имижийг бий болгосон. Буруутан хайвал тэндээс эхлэх нь зүйн хэрэг. Сонгуулийн дараахь сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг тал руугаа болсон. Нэг нам дангаараа ялчихлаа, улс төрийн тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан. Гэтэл засгийн эрхэнд гарсан нөхдүүд маань Ардчилсан намыг муухай харагдуулах гэж хичээхдээ “Жоомоо алах гээд байшингаа шатаах”-ын үлгэрийг харуулчихлаа. Тэгэхдээ энэ нь санаандгүй зүйл огт биш. Нэгдүгээрт, Ардчилсан намыг муухай харагдуулах , хоёрдугаарт, нийгэмд айдас бий болгох зорилготой. Монголчууд үндэстний хувьд насанд хүрээгүй, ямар нэгэн асуудал гарахад хэн нэгнээс аврал заавал хайдаг онцлогтой. Айсан хүмүүс аврагчийг хүсч л таарна. Тэгэхээр миний түрүүнд ярьсан зохиол л үргэлжилж байгаа хэрэг.

-МАН-ын 100 хоногт хийсэн ажлын тайланг гаргаж мэдээлэх юм байна. Цаашид яах вэ?

-Унших нэг нь уншиг. Юу хийснээ эргээд нэг хараг. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан гээд байгаа засаг 100 хоногт юу хийснийг иргэд багцлаад нэг үзэг. Тайлангаас өнөөдөр үр дүн гарахгүй байж болно. Зуун жилийн дараа хэн нэг нь хараад энэ харанхуй үед монголчууд бүгдээрээ хонь шиг номхон байгаагүй, зарим нь эсэргүүцлээ илэрхийлээд тайлан ч гэсэн гаргаж байж гэдэг түүх үлдэг.

-Та зуун жилийн дараахь үр дүнгийн талаар яасан их ярьж байна вэ. Одоо үед тэгтлээ итгэл алдарчихсан юм уу?

-Өнөөдөр Монголын түүхийн нэгэн харанхуй үе явж байна. Европт ч ийм үе байсан. Загалмайтны аян дайны үед мухар сүсэгт баригдаад, хаад ноёд нь авлигад бүрэн идэгдэж, хэн нь шашин, аль нь төр гэдэг нь мэдэгдэхээ больсон. Иргэд нь бүгд ядуурч, халдварт өвчинд нэрвэгдсэн харанхуй үе тохиож байсан. Өнөөгийн Монголын зуун жилийн дараа судлаачид, түүхчид “Монголын түүхийн харанхуй үе” гэж дүгнэнэ. Мухар сүсэгт бүрэн автчихлаа. Хувьсгалаас өмнө байсан бүх гэгээнтэн дахиж тодорч байх шиг. Мухар сүсгээр өөрсдйин валютыг гадагшаа урсгаж байна. Оюун санааны үүднээс харахад дархлаагүй, мухар сүсгийн харанхуй ангал руу хурдтайгаар явж байгаа. Шүтэж байгаа шашныхаа ч мөн чанарыг ойлгохгүй ид шид хүлээгээд байна. фэйсбүүкт базсан мөнгөний зураг тавиад түгээвэл баяжина гэхэд л хэдэн мянган хүн шэйрлэж байгаа нь инээдэм биш. Ийм үеийг харанхуй гэж дүгнэдэг юм. Үүний дараа дахин сэргэлтийн үе ирдэг. Тэр үе нь хурдан ирж гэрэл гараасай. Бидний гаргах тайлан хүртэл тэр гэрлийн нэг оч нь байгаасай гэж хүсэх юм.

-Үнэмлэхүй олонхи болсон намынхан ураг садныхныгаа төрийн өндөр албан тушаалд томилдог. Хэн нэг нь Монголд хортой мэдэгдэл хийхэд олон нийт шогшроод өнгөрөхөөс хэтрэхгүй байна. Танай нам парламентад хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Энэ үед Иргэний хөдөлгөөний дуу хоолой яалт ч үгүй үгүйлэгдэж байх шиг?

-Засгийн газар байгуулагдаад зуу хоног болоогүй байна. Зуу хоног нь дуусаг, түүний дараа дүгнэе гэсэн хүлээлт хаа, хаанаа байх шиг. МАН-ынхны хийж байгаа ажил, байж байгаа байдал нь дэвшил шинэчлэл гэхээсээ илүү их ухралт, харанхуй руу гүн орж байгаа шинжтэй байгаад харамсч байна.

-Засгийн газрын зуу хоногоос гадна танай намын шинэчлэл олны анхааралд байгаа. Гэтэл танай нам цуглаж сонгуулийн үр дүнгээ ч хэлэлцсэнгүй, цаашид яахаа ч ярилцсангүй?

-Нэг хурал хуралдаад, шинэ дарга томилогдох нь Ардчилсан намын шинэчлэл биш. Ямар нийгмийг ямар нийгмээр солихын тулд, ямар үнэт зүйлийг нийгэмд бий болгохын тулд 1990 оны хувьсгал хийсэн бэ гэдэг тунхгийг өнөөдөр гаргах ёстой. Дэлхийн бүх орон хувьсгал хийснийхээ дараа тунхаг гаргадаг. Тэр тунхаг нь Үндсэн хуультай адил эрх зүйн чадамжтай байдаг. Ардчилсан намын шинэчлэл яг энэ үнэт зүйлийн тунхгаас эхлэх ёстой. Ийм, ийм үнэт зүйлийг хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа юм гэдгийг ойлгож, ойлгуулах ёстой. Коммунист, нэг хүнийг тахин шүтсэн, гаднаас Монголын төрийг удирддаг, хүнийг хэлмэгдүүлж болдог нийгмийг, хөмөрсөн тогоо шиг харанхуй нийгмийг эсэргүүцэж Монголын ард түмэн хувьсгал хийсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмээ хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа гэдгийг эхлээд ойлгох ёстой. Түүнээс МАН-тай адил авгай, ах дүүгээ дарга цэрэг болгох, хэн нэг Доржийг нөгөө Доржоор солихын төлөөх нам байж болохгүй гэдгийг Ардчилсан намын шийдвэр гаргах түвшний хүн бүр ойлгох учиртай. Ардчилсан нам яагаад Монгол байх ёстой гэдэг нь 1990 оны ардчилсан хувьсгалтай ямагт хамт ойлгогдох үнэт зүйл. Гэтэл энэ нийгэмд үнэт зүйл байхгүй болсноор нэг коммунист удирдагчийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ гээд УИХ-аас тогтоол гаргаж байна. Хойшоогоо 100 алхаж байгаагийн илрэл энэ биз. Ардчилсан намын үүрэг бол ардчиллын үнэт зүйлийг хамгаалах. Шинэчлэл эндээс эхлэх ёстой. Нэг тогоонд чанагдаж байгаа нэгийг нөгөөгөөр сольж Намын даргыг нөгөөгөөр солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Үнэт зүйлээ мартаад Доржийг Доржоор солиход анхаарсан учраас Ардчилсан нам нийгэмд байхгүй байсан ч болох юм шиг ойлголт нийгэмд төрчихөж. Ардчилсан нам байгаа учраас ардчиллын үнэт зүйл оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, ойлгуулж байж шинэчлэл зөв замдаа орно.

-Үнэт зүйлсээ тунхаглахаас шинэчлэлээ эхлэхийн тулд танай намынхан цугламаар байна. Гэтэл ҮЗХ-ны ирц ч бүрдэхгүй байна шүү дээ?

-Ярилцаж байгаа байх. Хамаагүй яараад дэмий байх. Их хурлаа хийгээд үнэт зүйлээ хамгаалахаас шинэчлэлээ эхэлнэ гэж итгэж байна.

-Даргатай болж байж шинэчлэл эхэлж, голдрилоороо явна биз дээ?

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын ихэнх дарга ҮЗХ-ны хурлаар сонгогдсон. Хоёр зуу гаруйхан хүний саналаар сонгогдсон хүний хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь ч муу байдаг юм байна. Үүндээ ч дүгнэлт хийж байгаа биз. Миний ойлгож байгаагаар нийт гишүүдийн дунд марафон хийж намын даргыг тодруулахад санал нэгдэж байгаа болов уу. Орон нутгийн сонгуулийн дараагаас марафоноо эхлүүлээд арванхоёрдугаар сарын 6-ны Их хурлаараа батламжилна гэж хүлээж байгаа. УИХ-д цөөхөн суудалтай сөрөг хүчин байгаа үед намын дарга бүх гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнээс хоёр зуун хүний зуугийнх нь толгойг эргүүлээд дарга болчихдог. Дараа нь өөрийгөө дарга гэж хэлэхээс ч ичдэг, нөгөө хүнийг дарга гэж гишүүд нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байдлыг зогсооно гэж итгэж байгаа.

-Фракц нэртэй нам дотрох намууд ийм шийдэлд санал нэгдэх болов уу. Фракцууд дайтаад хурлаа ч хийж чадахгүй байна гэх юм?

-Үүнийг ярихын тулд 1990 он руугаа орохоос аргагүй. 1990 онд МАХН-ыг хуулиар хориглоод хөрөнгийг нь хураагаагүй нь тухайн үеийн хувьсгалчдын хамгийн том алдаа. Энэ нь эргээд тэнцвэргүй өрсөлдөөнийг эхлүүлсэн. МАХН-ын эсрэг бүхэн нэг дор цугларчихсан нь өнөөдрийн Ардчилсан намыг бий болгосон хэрэг. Тухайн үед МАХН-ын эсрэг л бол гэдэг үзлээр нэг талдаа гарчихсан нь өнөөдрийн фракцууд нам доторх намыг бий болгочихож. Улс төрийн намуудыг шинэчилж, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөх ёстой. Дараа нь бүх улс төрийн намуудаа тараагаад шинээр бүртгэх ёстой. Нэгэнт хундаамаа мурий тавьчихсан. Цаашаа нүдээ аниад мурий хундаам дээрээ бариад байвал тэр барилга нэг л өдөр нурна. Нурааж байж арга хэмжээ авах уу, нурахаас өмнө нь өөрсдөө буулгаад шинээр барих уу. Аль нь зардал багатайг тооцож, шийдвэр гаргах ёстой. МАН-д ч фракцуудын зөрчил байгаа.

-Энэ дөрвөн жилд Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад нэмэргүй биз дээ?

-Маргааш юу болохыг тааж хэлэхээс айгаад байдаг юм. Манай гаригт бүх зүйл боломжтой шүү дээ. АНУ-д Трамп ерөнхийлөгч болохгэж байна. Хоёр жилийн өмнө Трампыг ерөнхийлөгч болно гэсэн бол хэн ч итгэхгүй л байсан. Тэгэхээр юу ч болж болно. Бүх сайн сайхан зүйлд итгэж байх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн төлөө бодож байгаа, тэмцэх гэж байгаа хүмүүс олон бий.

-МАН-ын фракцууд ч засгаа унагаана гэсэн яриа гаргаад зөрчилдөөд эхэллээ гэх юм?

-МАН засгаа унагаж чадахгүй. Тийм эр зоригтой хүн МАН-д байхгүй. Нэг хүчтэй даргыг тойрсон зориггүй нөхдүүд тэр намд байдаг. Өөрийнхөө намын эсрэг босч Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй. Харамсалтай л байна. Ах дүү, амраг саднаа сайд, агентлагийн дарга болгож байх шиг байна. Дараа нь ахаа, дүүгээ Ерөнхий сайд болгох нь. Хэдэн жилийн өмнө “Өөрийнхөө хүнээр сайд хийлгэлээ” гэх шүүмжлэл байсан бол одоо өөрийнхөө тоглоомын хүнийг Ерөнхий сайд болгодог боллоо. Бас л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжилж гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно.

-Ард түмэн хохироод байна л гэдэг. Нэг хүний зангаагаар төрийн сайд, агентлагийн дарга томилогдоход хэн ч эсэргүүцэхгүй, дуугарахгүй л байна шүү дээ?

-Ард түмний 30 хувийн саналыг авч сонгогдоод оодрохоос илүү 80, 90 хувиар сонгогдсон нөхдүүдийг хүртэл нэг л өдөр хөөгөөд явуулчихдаг л юм билээ. Ард түмнийг сэрэхийг хүлээнэ гэж байгаа юм биш. Бодит байдлыг ярьж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл ард түмэнд зоригжуулагч хэрэгтэй. Өнөөдөр ярьж байгаа зүйл олон хүний зүрхэнд байгаа ч амнаас нь гарч чадахгүй үг л дээ. Магнай хэлсний дараа дахиад хэдэн хүн зоригжоод хэлэг. Дахиад зуу, мянган хүн ярина. Тэр хүмүүс бүгд нийлж, нэгдээд нийгмийг өөрчилдөг.

-Хэдэн жилийн өмнө та орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийгээд ард түмэн хувьсгалыг хүлээж байгааг олж харлаа гэсэн. Одоо тэр хүлээлт хэвээрээ болов уу?

-Маш том шинэчлэлийг хүсч байна. Хувьсгал гэх үү, өөрчлөлт гэх үү мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ байдлаараа яваад байвал өшөө буруу тийшээ хазайна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Төр удирдаж байгаа нь, сөрөг хүчин нь, гаднаас нь хараад сууж байгаа иргэд ч мэдэж байгаа. Төр удирдаж байгаа хүмүүсийн эр зориг, хүсэл зорилгоос олон зүйл шалтгаална.

-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд даргагүй, менежертэй орохоор болж байна. Эерэг үр дүн харагдаж байна уу?

-Ямар ч судалгааны байгууллагын судалгааны дүн, сонгуулийн бодит үр дүнтэй зөрдөг болсон. Орост ч, Монголд ч зөрөөтэй л байна. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг нөхдүүд өөрчлөөд байна шүү дээ. ОХУ-ын сонгуулийн дүн гарлаа. Бүх судалгаагаар олонхи болох нь өнгөрлөө гээд байсан нам дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах хэмжээний олонхи болчихлоо. Нийгэм юу хүлээж, хүсч байгаагаас үл хамаарч сонгуулийн дүнг өөрчилдөг технологи яваад байгаагийн илрэл энэ. Орон нутгийн сонгуулийг МАН-ын технологиор хийх болов уу гэж харж байгаа.

-Та Баянгол дүүргийн Ардчилсан намд ажиллаж байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа бид хоёр Баянгол дүүргийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийг хариуцаад ажиллаж байна.

-Ирэх өвөл тойрогтоо нүүрс тараах уу?

-Тойрогтоо биш л дээ. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нүүрс тараана. Та надаас сонгогчдодоо гомдсон уу гэдэг өнгө аясаар асууж байна. Иргэдэд гомдож болохгүй. Ард түмнийг бодлогоор ядуу байлгаад дараа нь худалдаж авахдаа бэлдээд байгаа нэг хэсэг бүлэглэл бий. Тэр бүлэглэл л өөрийнхөө мэхийг хийгээд тэр мэхэнд ард түмэн орчихсон хэрэг. Магнай ард түмэнд гомдох шаардлага байхгүй. Гомддог ч үгүй. Харин нэг хүний зүрхэнд байгаа өөрчлөлт хийхийг хүссэн хүсэл ямар их хүчтэйг ард түмэн үргэлж бодож, мартахгүй гэдэгт итгэж байна. Магнай өнөөдөр нэг хүний мөнгөнд ялагдсан нь жижиг асуудал. Энэ харанхуй үеэс хурдан гарах нь л чухал. Тавин мянган төгрөгт ялагдаад сонгуулиа алдаад байвал харанхуйгаас гарах цаг хойшлоод л байна. Ганц Магнай биш Монголын ард түмэн бүгд алдаж байгаа юм. Монгол Улс хөгжвөл бүгдээрээ сайхан амьдарна, харанхуй байгаад л байвал бүгдээрээ л дуусахгүй зовлон эдэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн сонгуульд монголчууд бүгдээрээ ялагдсан. Харанхуй үеийг дуусгах хугацааг дөрвөн жилээр хойшлуулчихлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Эрдэнэжамъян: Инээдтэй асуудлаар гүтгэснээ нуухын тулд Н.Энхбаяр даргад Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэх хэрэг тулгасан

Э.Эрдэнэжамъян зурган илэрцүүдМАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

ОРОН НУТАГ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ОРХИОД 2020 ОНЫ УЛС ТӨРДБЭЛДЬЕ

-Танай намын дарга Н.Энхбаяр Ардчилсан намд элсэнэ гэх яриа байна. Үнэн үү?

-Ийм мэдээлэл гаргасан сайтынхан “Бид facebook, twitter-т хэн нэгний бичсэн зүйлийг магадлалгүйгээр тавьчихсан юм. Үүндээ хүлцэл өчье” гэсэн. Тэгэхээр явган яриа, хов жив төдий гэж ойлгож байгаа.

-Эрүү, зөрчлийн хуулийг хойшлуулах тухай хэлэлцэж байх үед та “МАХНЕрөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй” гэж мэдэгдэж байсан. Энэ шийдвэр одоо ч хэвээрээ юү?

-Эрүү, зөрчлийн хуулийг хойшлуулах гэж байгаа тухай мэдээллийг ордноос авсан. Тодорхой эх сурвалж үүнийг “Н.Энхбаяр даргыг сонгуульд оруулахгүй байх зорилготой” гэж ярьсан. Нэгдүгээрт, энэ хууль Н.Энхбаяр даргатай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, тэгж нэг хүнд улс төрийн зорилгоор хонзогнож олон хүний амьдралд нөлөөлж болохгүй. Өнөөдөр олонхи болсон нам энэ хуулийг батлахад УИХ-д хорин хэдүүлээ байж л байсан. Монгол Улсын батлагдсан хуулийг нэг хүнд хонзогносон, улс төрийн зорилгоор болиулчихна гэж юу гэсэн үг вэ. Ялангуяа Эрүүгийн хууль хүний эрх, эрх чөлөөтэй холбогддог нарийн зохицуулалттай. Гэтэл улс төрийн зорилгоор өнөөдөр хойшлуулъя, маргааш больё гэж байгаа нь олон улсын практик цаашлаад хүний ёсонд ч байж боломгүй асуудал. Тэр утгаар нь бид нам дотроо ярилцаад үнэхээр Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд орчихвол МАН-д муу, муухай юм болчих гээд байгаа бол заавал оролцох шаардлага алга гэж үзсэн.

-Нэгэнт Эрүү, зөрчлийн хуулийг хойшлуулчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн танай намын байр суурь хэвээрээ байгаа юу?

-Орон нутгийн сонгуульд ч яаж оролцохоо сум, дүүргийнхэн өөрсдөө мэд гэсэн байдалтайгаар орхисон. Ерөнхийлөгчийн сонгуульд ч заавал оролцох шаардлага алга. Эрүү, зөрчлийн хуулийг энэ удаад хойшлуулчихлаа. Дахиад батлуулахдаа ямар царай, зүстэй болгох нь тодорхойгүй байгаа. Монгол Улс ардчилсан, төрт ёстой орон. Тэр утгаараа баталсан хуулиа ёсчлон биелүүлж байна уу, хууль батлахдаа дэлхий нийтийн түгээмэл чиг хандлагад нийцэж байна уу гэдэг шалгууртай болохоос хэн нэгэнд ашигтай юу, үгүй юу гэдэг асуулт тавьж хууль хэрэгжүүлдэг байж болохгүй. МАН-ын хууль хойшлуулах шалтгаанаа төрийн байгууллага бэлэн биш гэж тайлбарласан. Энэ нь “Монгол Улсад төр байхгүй” гэж зарласантай утга нэг юм. Төрийн байгууллагуудаас хэдэн жилийн өмнө санал авч, ажлын хэсэг маш удаан хугацаанд ажиллаад баталсан хууль. Гэтэл яагаад хэрэгжүүлэхэд бэлэн биш байдаг юм бэ. Хууль батлагдлаа, хэрэгжүүлдэг л биз дээ. Баталсан хуулиа хэрэгжүүлэх чадваргүй төрийн алба байна гэж үзвэл эмгэнэлтэй л байна. Цаашлаад иргэд Монгол Улсын хууль, төрд итгэх үү гэдэг асуудал гарна. Хууль тогтвортой байх, гаргасан хуулиа өөрчлөхдөө сайн тал руугаа өөрчлөгдөх зарчим бол ерөөсөө л төрд иргэдийн итгэх итгэлийг бататгахад оршдог шүү дээ.

-Орон нутгийн сонгуульд ч оролцохгүй гэж үү?

-Аль ч сонгууль өш хонзонгийн шинжтэй, эдийн засгийн бүлэглэлтэй захиалгатай болчихож. Тэр бүлэглэлийн эрх ашгийг зөрчсөн хэн ч гэмт хэрэгтэн болж болдог. Иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлаж төр засгаа байгуулдаг байсан бол өнөөдөр эдийн засгийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хүчний байгууллагын хүмүүс сонгуулийг шийддэг болчихсон. Цаанаа хамгаалалттай бол хэн ч сонгуулийн хуулийг зөрчиж болдог, хариуцлага хүлээдэггүй. Нөгөө талд хамгаалалтгүй, хууль хүчний байгууллагын нөмөр нөөлөггүй бол сонгуульд оролцож ч чаддаггүй. Оролцсон ч шударгаар өрсөлдөж чаддаггүй, ялсан ч хуулийн байгууллага татчихдаг. Энэ тогтолцоогоо эргэж харахгүй бол ардчилал байхгүй болж байна.

-Та УИХ-ын 2016 оны сонгуулийг ингэж дүгнэж байна уу?

-Ер нь хэд, хэдэн сонгууль ийм болсон. 2016 оны сонгуулиар Налайх дүүрэгт мөнгө, эд зүйл тараасан баталгаатай баримтыг шалгуулахад одоог хүртэл авч хэлэлцээгүй. Тэгсэн нөгөө тал манай хүмүүсийн талаар ялихгүй шалтгаар гомдол гаргахад өглөө нь цагдаа, өдөр нь прокурор, орой нь шүүх шийдвэр гаргачихаж байгаа юм. Орон нутгийн сонгуульд ч МАХН-ыг оруулахгүй гэж дээрээс шийдсэн гээд л нэлээн олон аймаг, дүүрэгт хасчихсан байна. Багахангай дүүрэгт ганцхан МАН сонгуульд оролцож байна. Ардчилсан намын хүмүүсийг өөрийнхөө гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гээд хасчихсан. Ерөөсөө сонгууль аль нэг төрийн байгууллага, даргаас зөвшөөрөл авч байж ордог, хэн нэг шүүгчийн шийдвэрээр ялж болдог үйл явц болж хувирлаа. Өнөөдөр үүний үр дүнг зөвхөн МАН хүртэж байгаа боловч тэр бүлэглэл 2020 оны сонгуульд өөрсдийнх нь эсрэг ажиллавал яах билээ. МАН-ынхан “2012 онд бүх хуулийн байгууллага бидний эсрэг ажилласан” гэж ярьж байсан, одоо эсрэгээрээ байна. Хуулийн байгууллага, шүүхийн тамга атгасан нөхөд улс орны амьдралыг шийдэж байхад энэ орон хэр хол явах бол.

Э.Эрдэнэжамъян зурган илэрцүүд-Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн оролцохгүй байх Гүйцэтгэх товчооны шийдвэрийг намын дарга хэрхэн хүлээж авсан бэ?

-Хамт олон юу гэж шийднэ, бид тэгж шийднэ гэсэн байр суурьтай хүн шүү дээ. Н.Энхбаяр дарга “Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, ялах нь миний хүсэл мөрөөдөл юм шиг буруу ойлгох хүмүүс байх юм. Улстөрчид хүртэл жиг, жуг яриад л. Энхбаярыг хорлохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд л оруулахгүй байх ёстой гэж боддог хүмүүс ч байна. Энэ улс орныг эвтэйхэн хөгжүүлчих бодлого л надад байна. Ардчилсан намыг засаг барьж байхад улс төрөө ингэж цэвэрлэж, цэгцэлье, улсын хөгжлөө ингэж урт хугацаанд харъя гэхэд хүлээж аваагүй. МАН-д байхдаа ч, Ерөнхийлөгч байхад ч бишгүй л ярьсан. Сүүлдээ өөрсдийнх нь бизнест харшилна гэж үзээд намынхаа эсрэг болгож хардаг болсон. Өнөөдөр ч тэгж харж байгаа бол би заавал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод байх шаардлагагүй шүү” гэсэн. Манай нам сонгуульд оролцохоор л Н.Энхбаяр даргыг шоронд хийх гээд бусад гишүүдийг ч дээрэлхэж, хэлмэгдүүлэх гээд байгаа бол 2020 оны улс төрд бэлдье, ард түмэнтэйгээ ойр байя гэж ярилцсан. Ер нь аль нэг нам сонгуульд ялах нь Монгол Улсын эрх ашиг биш. Улс орныг хөгжүүлэх тодорхой, ойлгомжтой концепц гаргаж, түүнийхээ төлөө ажиллахын тулд намууд тойрч суугаад ярилцах цаг болсон. Аль нам ямар үзэл баримтлалаар улсаа хөгжүүлэх гээд байгаагаа тодорхой болгоё. Өнөөдөр биш гэхэд таван жилийн дараа зөв замдаа ормоор байна. Бүгдээрээ нийлээд хаа хүртэл хөгжихөө УИХ ч ярьж чадахаа больчихож. Тэндээс хэрүүл гарахаас үзэл баримтлал гарахгүй. Иргэний чимээгүй “дайн” үргэлжлээд байна. Сонгуульд ялсан нь ялагдсаныгаа яаж шоронд хийх вэ, бизнесийг нь хавчиж байгаад дампууруулах арга юу байна гэдэг асуултын хариуг л олдог болчихож.

-Та хоёр намын дунд чимээгүй “дайн” өрнөөд байна гэлээ. Гуравдагч хүчний орон зайг нөхөж гарч ирсэн танай нам сонгуулиас хойшоо сууж байж намуудын төлөвшил, үзэл баримтлал ярих нь хэр оновчтой бол?

-Гуравдагч хүчний гэхээсээ илүү Монголын улс төрд эрүүл, цэвэр улс төрийн хүчний орон зай үгүйлэгдэж байна. Тиймээс ч сонгогдсон хүмүүсээ эргэж харахаар арай л биш санагдаад байгаа биз. Тогоо нь эрүүл биш учраас хэн ч орсон гашилчихаад байна. Тиймээс л шинэ концепц гаргаж ирэх цаг болсон гэж яриад байгаа хэрэг. Хамгийн түрүүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг тусад нь болгох ёстой. Тэгэхгүй бол Н.Энхбаяраар эхэлсэн хэлмэгдүүлэлт зогсохгүй.

ЕВРЕЙ НӨХДҮҮД ШАНТААЖИЛСАН, Л.ЦОГ ДАРГА Ч АДИЛ

-Н.Энхбаяр даргын ялтай хугацаа дуусаагүй байгаа. АТГ-аас дахин гурван зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүллээ. Залилаж авсан гэх байранд нь танай нам үйл ажиллагаа явуулж байгаа. Танай нам энэ байрыг түрээсэлж байгаа биз?

-Түрээсэлж байгаа. Энэ байр нэлээн дээр үеийнх.

Монгол хүмүүс хувьчилж авчихсан байсныг еврей нөхдүүд 250 мянган ам.доллараар авсан байдаг. Дараа нь манай намыг санал тавихад 500 мянган ам.доллараар зарсан. Авсан үнээ нугалж зарчихаад дараа нь “Нэмж мөнгө авах хүсэлтэй байна. Тэгэхгүй бол наадахаа буцааж ав гэсэн захиалга АТГ-аас ирээд байгаа. Өгөхгүй бол бид гомдол гаргалаа шүү” гэсэн дарамт ирж л байсан. Сүүлдээ тэр нь биеллээ олоод л явчихсан. Тэр дунд янз бүрийн хүмүүс оролцоотой, хэн нь авч хэндээ зарах гээд байгаа нэр ч дуулдаж л байдаг.

-Танай намд дарамт ирсэн гэж үү. Уг нь худалдаж авсан эзэн нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн “Эскон” компани шүү дээ?

-Намд ч, Н.Энхбаяр даргад ч ирж л байсан. Уг нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд, гэрээний үүргээ биелүүлээд наймаа дуусчихсан. Тэр гэрээнд Н.Энхбаяр дарга ч, манай нам ч ямар ч холбогдолгүй. Н.Энхбаяр даргын дүү гэрээ хийсэн учраас ах нь буруутай л гэж хандаж байгаа. Хэн нэг улстөрчийг намнах гэвэл ах, дүүгийнх нь бизнес, гэрээ хэлцлийг ухаад эхэлдэг тогтолцоо манайд үйлчилж байгаагийн жишээ л дээ.

-Танай намын түрээсэлж байгаа цагаан байртай холбоотой маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд явж байсан санагдана. Яаж яваад АТГ-т оччихсон юм бол?

-АТГ-т орохгүй юм гэж алга. Иргэний хэрэг байсан ч “Бид мөрдөнө” гээд татаж аваад орчихдог. Н.Энхбаярыг яллахын тулд шүүхийн эрх мэдэлд хүртэл халдаж байна. Улс төрийн сэжимтэй, захиалгатай л бол өөрсдийгөө заавал оролцох ёстой гээд бодчихож, АТГ. Хэн нэг улстөрчийн нэр л холбогдвол заавал АТГ шалгаж, шүүдэг гээд итгэчихэж. Тэгвэл хэн нэгэн улстөрчийг шоронд хийх бол заавал АТГ-аар шалгуулна гээд эрх мэдэлтэй хүмүүс хуульчлаад өгчих хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулиас дээгүүр нэг байгууллагын дарга цэргүүд дураараа аашилдаг байж болохгүй шүү дээ. Худалдагч тал гэрээ хэлцлээсээ буцах саналтай байна гэж “Эскон” компаниас нэхэмжилсэн утгатай гомдлыг Иргэний хэргийн шүүхэд гаргасан. Шүүхээс иргэний хэрэг үүсгээд тал талаас тайлбар авч байсан. Гэтэл АТГ гүйж очоод “Бид наадахыг чинь мөрдөж байхад та нар яагаад оролцоод байна” гээд шүүхийн процессыг зогсоочихсон. Шүүх өөрөө АТГ-ын хараанд байхад шүүхийн хараат бус байдал гэж ярих нь ч утгагүй. Шүүгчдийг АТГ шалгадаг болоод хараандаа авчихсан шүү дээ.

-Н.Энхбаяр даргыг Солонгост эмчилгээ хийлгэж байхад В.Мечкаров (худалдагч тал) удаа дараа очиж уулзсан гэдэг. Танай нам засагт хамтарч байгаа учраас Казиногийн хууль батлуулж, бидэнд эрх өгөөч гэж хүссэн. Өөр бас хэд, хэдэн тохироо хийсэн гэдэг. Тэр тохироогоо биелүүлнэ гэж залилсан Н.Энхбаяр даргыг буруутгаад байгаа юм биш үү?

-Юу ярьсныг нь мэдэхгүй. Гэхдээ Н.Энхбаяр дарга тэр байрыг зарахад зуучилж өгсөн. Ингэж ажил хэрэг ярьсан хүмүүс дараа нь өөр сэдвээр ярилцсан байж болно. Хэрвээ үнэхээр тохироо, бизнесийн хэлцэл хийсэн бол гэрээ байгуулж гарын үсэг зурснаар маргаан үүсэх эрх үүснэ биз дээ. Жишээлбэл, би машин авах гээд худалдах хүнтэйгээ үнэ ярина, үнэндээ тийм тийм зүйл оруулна гээд ярьж болно. Эцэст нь гэрээ хийснээр л хүчин төгөлдөр болдог. Гэтэл энэ ийм юм ярьчихаад биелүүлсэнгүй гээд АТГ-т хандаад, нөгөөх нь залилангийн хэрэг үүсгэж болохгүй биз дээ. Хүмүүс хоорондоо бүтэх, бүтэхгүй зөндөө л зүйл ярьдаг. Тэр бүрт та нар хоорондоо ийм тийм санал тавьж байсан байна шүү дээ гээд залилангийн хэрэг үүсгээд яллавал юу болох билээ.

ИХ-ын гишүүн асан Л.Цог тэр яриаг нь гэрчилсэн. Тодруулбал, Н.Энхбаяр даргыг тийм тийм амлалт өгсөн, залилсан гэж гэрчилсэн гэдэг.

-Л.Цог дарга энэ байрны эзэн еврей нөхдүүдийн хуулийн зөвлөхөөр арван хэдэн жил ажилласан юм билээ. Тэр утгаараа дагуулж очсон гэсэн. Л.Цог даргатай нийлж ч ярьсан юм бий байх, тусдаа ч ярьсан юм байгаа байх.

Заримыг нь Л.Цог дарга, заримыг нь мэдэхгүй. Юу ярьсан нь сонин биш. Залилуулсан гэж үзэж байгаа бол гэрээ хийсэн, тэр гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд л хариуцлага яригдаж, үр дагавар үүсдэг шүү дээ. Тухайн үед улс төрийн зорилготой шантаажуудыг Л.Цог дарга ч очиж хийж байсан юм билээ. Намын дарга, дэд дарга болно гэх мэтчилэн. Тэгээд “Надаас нэг сая ам.доллар нэхсэн” гэдэг алдарт үгээ хэлдэг шүү дээ. Тэгэхээр улс төрийн зорилготой, их л холоос нясалсан чулуу явж байгаа хэрэг.

-Засагт хамтарч байгаа нэг намын дарга дээр очоод санал тавьдаг, хатуугаар яривал шантааж хийдэг. Эргээд амласнаа биелүүлсэнгүй, залилуулчихлаа гэж хуулийн байгууллагад хандсан гэхэд итгэмээргүй сонсогдож байна.

-Уг нь шантаачилж байгаа нь гэмт хэрэг шүү дээ. Зургийг нь үзүүлнэ, бичлэг хийчихсэн шүү гэж айлгаж шантаажилдаг харилцааг дэлхий нийтээр хорьдог. Гэтэл шантааж хийсэн нь хохирогч болчихоод явж байгаа нь аймшигтай юм.

Г.ШИЙЛЭГДАМБА БИДНИЙ БҮХ ҮЙЛДЭЛД БАЯРЛАЖ БАЙСАН

-Н.Энхбаяр даргын холбогдсон хоёр дахь хэрэг нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг авлига авахыг шаардсан, авлига авсан гэх хэрэг шүү дээ.

-Бас л нэг балай асуудал. Уг нь Г.Шийлэгдамба тухайн үед ярихдаа, мэдүүлэг өгөхдөө ч танилаасаа мөнгө авсан юм л гэдэг. Эрүүгийн хуулиар найзаасаа мөнгө зээлсэн бол гэмт хэрэг биш. Үнэхээр авлига авсан бол авлига авсан хүн нь ял авдаг. Зуучилсан хүн, өгсөн хүнд ял оноодог. Авлигын хэрэг гэж бодвол Н.Энхбаяр дарга зуучлаагүй, авлига өгөөгүй, аваагүй. Гэмт хэргийн субьект огт биш. Тэр асуудлыг бүр мэдээ ч үгүй. Г.Шийлэгдамбыг мөнгө олж ир гэж шахсан гэж буруутгадаг. Аль ч намын Ерөнхий нарийн бичгийн даргад угаасаа л мөнгө ол гэсэн шаардлага тавьдаг. Н.Энхбаяр дарга гэлтгүй бид ч санхүүжилтийнхээ асуудлыг зохицуул гэдэг шаардлага тавьдаг байсан. Үнэндээ яг яасныг гэмт хэрэг гээд байгааг ойлгохгүй байгаа. Н.Энхбаяр гэдэг хүний нэр холбогдсон л бол гэмт хэрэг болгоно гэсэн ойлголт АТГ-т байх шиг. Монголын улс төр хямдхан, эрсдэлтэй болж байгаагийн хэлбэр л дээ. МАН-ын ЕНБД Мөнхбат аль нэг асуудал дээр зарчмын байр сууринаас хандаад эхлэнгүүт нэг өдөр нэг нөхөр “За, би намын хандивт мөнгө өгсөн нь авлигын мөнгө байжээ. Би Өршөөлийн хуульд хамрагдчихна. Мөнхбат шоронд орох ёстой” гэж шантаажлах нь байна. Тэгээд айлгаж байгаад хууль бус шийдвэрээ хүчээр гаргуулах нөхцөл бий болж эхлэх нь байна шүү дээ. Зүгээр жишээ авч байгаа юм шүү. Олигархиуд, том том эдийн засгийн бүлэглэлүүд цаагуураа улстөрчдийг барьцаалах, хүчээр өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулдаг тогтолцооны бүрдэл хэсэг биш гэж үү?

Монголын улс төрийг барьцааны, шантаажны энэ мэт тогтолцооноос хараат бус болгоё гэж манай нам хэдэн жил гүйгээд бараагүй. “Чи ингээд олигархиудаас хараат бус улс төрийг бий болгоод байгаарай” гэсэн шанг хүртээж байгаа хэлбэр юм болов уу даа.

-Г.Шийлэгдамба сайдын ил захидал, мэдүүлгийг зорилготой гэж харж байгаа юу. Танай намынхан гэрт нь очоод хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад баахан гомдоочихсон юм биш үү?

-Зорилготой гэж хардаг. Н.Энхбаяр даргатай уулзахад би хамт байсан. “Та нарыгаа муухай эвгүй байдалд оруулчихлаа. Би муу юм хийгээгүй. Аавынхаа найзаас мөнгө зээлж байсан юм. Тэр үед АТГ-ынхан ирэхэд л гэмт хэрэг хийгээгүй учраас гаргаад өгчихсөн юм” гэж чин сэтгэлээсээ яриад уйлж байсан хүн. Гэтэл хэсэг хугацааны дараа хээв нэг худлаа яриад байгааг харахад сүрдүүлэг, захиалга аль нь байсныг мэдэхгүй. Хэн нэгнийг занаж, дарамталж, хүссэнээ хэлүүлж байгаа нь улс төр бохир байгаагийн л нэг илрэл. Тэр олон жил Н.Энхбаяр даргыг дагаж явсан залуу сүүлийн мөчид даргынхаа эсрэг улаан цагаан гүтгэлэг зохиогоод сууж байгаа цаад талдаа дарамт, сүрдүүлдэг ямар өндөр түвшинд хүрсний илрэл. Шүүх, цагдаагаар дамжуулж, нэгийгээ занадаг, зүхдэг, шоронд хийдэг тогтолцооноосоо салахгүй бол өнөөдөр хажуунаас хараад инээж байгаа хүн маргааш горыг нь амсана. Хууль, хүчний байгууллага дахь мафи бүгдийг нь дийлдэг. Х.Тэмүүжингээс эхлээд хууль, хүчний мафийн горыг амссан хүн олон бий.

Биднийг гомдоосон уу гэж асууж байна. Тухайн үед Г.Шийлэгдамба бидний бүх үйлдэлд баярлаж байсан. Сүүлдээ өмгөөлөгч олж өгсөн нь ч буруу болоод, хамгаалсан нь ч буруу болсон. Тэр хүн сайдаараа үлдэх гээд байсан юм уу, мэдэхгүй. Тухайн үед хамгийн ёс зүйтэй алхам хийе, тэгж байж олон нийтэд зөв ойлголт өгье гэж тусалсан л алхам. Нам Г.Шийлэгдамбыгаа буруугүй гэж маш их итгэж байсан. Ерөнхий сайдтай хүртэл уулзсан. Бүх талаар туслах гэж оролдсон. Сүүлд анзаарахад өөрөө жүжиг тоглочихсон юм шиг харагдсан. Өөрөө өрөөндөө мөнгөтэй байж байгаад нөгөө хүмүүсээ дуудаад, тэгснээ бидэнд худлаа тайлбар хийгээд л. Бид итгэчихсэн байтал гэнэт нуруу руу хутгалаад л… Одоо гомдоод ч яах билээ. Тэр хүн ганц өөрөө санаж сэтгээд ийм юм хийгээгүй л байх.

-Гурав дахь хэргийг нь ямар учиртайг ойлгохгүй байгаа юм. Гэрт нь нэг хүн ирээд ярилцсаныг нь Н.Энхбаяр дарга бичлэг хийгээд хадгалчихсан. Тэр нь гүйцэтгэх ажиллагааны хууль зөрччихсөн хэрэг юм уу?

-Инээх ч хэцүү юм даа. Н.Энхбаяр дарга өөрөө ч мэдэхгүй байгаа. Магадгүй өөрийг нь тагнаж ч байсан байж мэднэ. Ажил дээр нь чагнах төхөөрөмж байсныг Н.Энхбаяр дарга мэдээгүй байсан. Миний хардаж байгаагаар гүйцэтгэх ажиллагаа зөрчсөн гэх хэргээр шалтаглаж шүүх хуралдааныг хаалттай явуулах нь л дээ. Тэгэхгүй бол та бид хоёрын дээр ярьсан хоёр асуудлыг хэрэг гэхэд хэцүү байгаа биз. Шүүх хурал нээлттэй явбал ямар инээдтэй асуудлаар гүтгэж шоронд хийх гэж байгаа нь олон нийтэд ил тод болно шүү дээ. Тийм учраас битүүхэн болгоомжлонгуут хаалттай хуралдаан хийх шалтаг олсон нь энэ. Н.Энхбаяр дарга уулзсан хүмүүсийнхээ бичлэгийг хийгээд яах билээ.

-Бичлэгт оролцсон хүн гомдол гаргасан юм болов уу?

-Үгүй. Таны ойлгохгүй байгаа чинь зөв. Гүйцэтгэх ажиллагааны хуулийг тусгай субьект л зөрчдөг. Гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй хүн зөрчсөн бол хариуцлага хүлээдэг. Н.Энхбаяр даргад тагнуулаар ажиллаарай гэж даалгавар өгсөн хүн байхгүй. Тэгэхээр АТГ-ынхан л ойлгож байгаа байх гэж найдъя.

-Нэгэнт прокурор яллаад, хаалттай шүүх хурал болоод яллах нь тодорхой болсон бол яагаад олон нийтэд хандаад дэмжлэг авахгүй байгаа юм бэ?

-Чадлаараа л ярих юм. Би хүртэл уйлан дуулан олон нийтэд хандаж л байсан шүү дээ (инээв). Хэрвээ Н.Энхбаяр дарга өөрөө яривал мөрдөн байцаалтын нууц задруулсан гээд ял өгчихнө. Тэгсэн мөртлөө АТГ, прокурор нь өөрсдөө бол хамаагүй ярина. Г.Шийлэгдамба нь ч телевизээр сайхан сууж байгаад л дурайтал ярьчихна. Гэтэл бид үгээ ч хэлэх эрхгүй. Ийм хүнд үед хүний эрхийг хамгаалж ярилцлага авч байгаа танай сонинд баярлаж сууна.

-Н.Энхбаяр прокурорын шатанд тайлбар өгч байгаа юу?

-Тайлбар, мэдүүлгээ өгөөд явж байгаа. Өмгөөлөгчтэй болсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэн нэгэн хүнд төрөөс өмгөөлөгч олж өгч болно, тэгэхдээ нэр зааж тулгаж болохгүй тухай заасан байдаг. Гэтэл сарын өмнө АТГ-ынхан манай намд дайрч орж ирээд “Тан дээр ийм өмгөөлөгч томилж байна” гээд тулгачихсан. Уулзаагүй, үзээгүй хүнийг өмгөөлөгч гээд томилчихсон хэрэг.

-Төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлөгчөөр хангадаг байх аа. Өөр тохиолдолд өмгөөлөгч томилдог юм уу?

-АТГ мөрдөн байцаах байгууллага болохын хувьд өмгөөлөгчөөр хангах үүрэгтэй гэсэн хуулийн заалт байдаг. Өмгөөлөгчийг нь заавал оролцуулах үүрэгтэй гэсэн л үг. Гэтэл тэр хуулийн заалтыг Н.Энхбаярт нэр зааж өмгөөлөгч томилох үүрэгтэй гээд ойлгочихож. Хуулийн байгууллага хуулиа ойлгохгүй зөрчөөд, хуулийг мушгиж тайлбарлаад байдаг тийм л хууль ёс үйлчилж байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (III)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №198, 199 (5463, 5464) дугаарт

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Монгол мал аж ахуйн орон. 76 сая малтай баян улс. Гэтэл зах зээл дээр хонины нэхий боодол бохины үнэ хүрэхгүй, ихэнх нь хотондоо хаягдаж байна. Зах зээлд боодол бохины үнээр зарагдсан нэхий ченжүүдээр дамжаад үйлдвэрт хагас боловсруулагдаж Хятадын болон олон улсын зах зээлд гардаг. Нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, өмнөх дугаарт өгүүлсэнчлэн хятадуудын авсан нэхийг боловсруулсныхаа хөлсийг аваад өнөө, маргаашийг өнгөрөөж байна. Хятадууд эндээс хэдэн мянган нэхийг бохиноос хямд үнээр авч, үйлдвэрт түрээс төлж хагас боловсруулаад гаргаж болдог. Гэтэл үндэсний үйлдвэрүүд яагаад тэдэнтэй өрсөлдөөд өөрсдөө нэхий авч, түүнийгээ боловсруулаад дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байна вэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАТВАР ТӨЛНӨ, ЧЕНЖҮҮД ТӨЛӨХГҮЙ

Арьс, ширний салбарын түүхий эдэд 150 орчим тэрбум төгрөг эргэлддэг талаар сонслоо. Энэ мөнгөний ихэнх нь далд байдаг гэдэг мэдээллийг бас авав. Малчдаас арьс, шир авч байгаа зах зээл үйлдвэр болон ченж хоёрт хуваагддаг. Тэгвэл 30 гаруйхан үйлдвэрүүдийн эргэлт ил, улсын хэмжээнд ажиллаж байгаа ченжүүдийн бизнес далд байдаг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, иргэн Дорж ченж. Тэр энэ салбарт ажилладаг хятад бизнесмэнд зуучилдаг. Хятад түнш нь хоёр мянган нэхийний захиалга өгнө. Дорж түншийнхээ санал болгосон үнээс ашиг гаргаж малчдаас түүхий эд худалдаж авдаг. Цуглуулсан нэхийгээ вет-блю болгохын тулд боловсруулах үйлдвэрт хандана. Ингэхдээ “А үйлдвэр 10 юаниар боловсруулна гэсэн. Танайх эндээс доод үнээр боловсруулна гэвэл гэрээ хийлээ” гэж тулгадаг. Боловсруулах үйлдвэрүүд хоорондоо “Доржийн нэхийг 11-12 юаниар л боловсруулна шүү” гэж тохироо хийсэн ч ажилтай байхын тулд Доржтой нууц гэрээ хийж үнээ буулгадаг. Дорж нэхийгээ цүнх эсвэл хувцасны зориулалттай боловсруулна гэж үзвэл Хятадаас технологичоо авчирч үйлдвэрт ажиллуулна. Боловсруулах үйлдвэр Доржийн захиалсан ажлыг гүйцэтгэсэн тайлангаа гаргаж хуулийн дагуу татвараа төлнө. Дээр нь цахилгаан, ус, ажилчдын цалингийн зардлаа төлж байгаа учраас зүгээр байснаас дээр. Дорж боловсруулсан арьсаа хилээр гаргахдаа зуучлагч компанийн гаалийн бүрдүүлэлт хийж, хятад нөхрийн барааг хилээр татваргүй гаргачихна. Хуулиараа зуучлагч компани татвар төлөх ёстой. Доржийн компани НӨАТ, ашгийн татвар, нийгмийн даатгал, ХАОАТ төлөх үүрэгтэй. Гэтэл Дорж компанидаа экс тайлан гаргаад дампууруулчихдаг. Түүнд маш олон компани байдаг учраас нэг зуучлал хийчихээд дампууруулаад байж болно. Хятад түншээсээ зуучлалын хөлс аваад хагас боловсруулсан нэхий хаягаар нь явуулчихна. Доржийн компани яагаад экс тайлан гаргаж дампуурч байгаад төрийн байгууллага хяналт тавьдаггүйд бас учир байна. Ингээд хятад түнш, Дорж хоёр Монгол Улсад орлого тодорхой бус үндэслэлээр багахан төгрөгийн татвар төлөөд 300, 400 төгрөгөөр авсан нэхийгээ боловсруулаад нэг нэхийг 4000-5000 төгрөгийн зардалтайгаар аваад явчихна.

Харин үйлдвэрүүд мөн л малчдаас 300, 400 төгрөгөөр нэхий авна. Үүнийгээ хятадуудад ажилласнаас арай бага зардлаар боловсруулж Итали, Вьетнам, Турк, Франц гэх мэт улсууд руу гаргадаг. Ингэхдээ ХАОАТ, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал гээд бүх төрлийн татварыг төлнө.

Энэ шалтгаанаар үйлдвэрлэгчид зах зээлээс шахагддаг юм байна. Дорж шиг олон ченжийг хөдөлгөж байгаа, цаашлаад салбарыг нь атгаж байгаа хоёр л хятад байдаг гэдгийг бүгд шахам ярих юм. Нэрийг нь ч андахгүй юм билээ. Салбарынхны яриад байгаа О, С гэх хоёр нөхөр энд нутаг нэгтнүүдээ байлгадаг, монголчуудаар зуучлуулдаг.

Тэгвэл манай боловсруулах үйлдвэрүүд ченжүүдээр дамжуулахгүй өөрсдөө нэхийгээ боловсруулаад Хятадын том зах зээлд яагаад гаргаж болохгүй гэж. Эх сурвалжид ийм асуулт тавихад Хятадын нэг муж дахь үйлдвэртэй түншилье гэхэд “Зуун мянган төлөгний арьс авъя. Гэхдээ манай үйлдвэрт ирэх хүртэлх бүх асуудлыг танайх хариуц” гэж. Ингээд нэхий гаргах болоход Эрээний гаалийн баталгаат агуулахын талбай нь дээр дурдсан О, С хоёрын нэгийнх нь өмч болж таарч. Тэр агуулахаар нэхий гаргахын тулд маш өндөр татвар төлөх шаардлага гарч, боломж байхгүйг мэдрээд өөр зах зээл хайсан гэдэг.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ГЭТЭЛ…

Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэгч улс болох мөрийн хөтөлбөртэй ажилласан. Үүний хүрээнд арьс, ширний салбарыг дэмжиж 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тухай өмнөх нийтлэлүүддээ өгүүлсэн билээ. Энэ хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Их эргэлт” компани нэг тэрбум төгрөгөөр дэлхийд тэргүүлэх боловсруулах тоног төхөөрөмж оруулж ирсэн, “Монгол шверо”, “Мон ирээдүй”, “Дархан минж” зэрэг компаниуд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Best shoes”, “Хас гутал”, “Хайтан” зэрэг 30 гаруй үйлдвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

Тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ, мал аж ахуйн оронд түүхий эд хомсодно гэхэд хэцүү. Тэгвэл яагаад эцсийн бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, арьс хагас боловсруулсны хөлс аваад байгаад байна вэ.

“Дархан нэхий” 65 мянган төгрөгийн үнэтэй өвлийн гутал хийснийгээ Казахстаны зах зээл рүү ганзагын наймаачдаар дамжуулж гаргаж байгаа гэнэ. Яагаад гэвэл Орос, Хятадын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад 40 хувийн татвар төлдөг. Тэгэхээр гадагшаа эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж байхгүй.

Жилд хүн гурван гутал өмсдөг, тэр жилдээ заавал нэг гутал худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газарт гурван гутал худалдаж авдаг гэнэ. Энэ судалгаагаар манай улсад жилд 4.5 сая гутлын хэрэгцээ гарна. Тэгвэл дотооддоо 500 мянган гутал л үйлдвэрлэдэг. Гэтэл наймаачид Хятад болон өөр улсуудаас цүнх, цүнхээр нь гутал авчраад зах зээлийг хангачихдаг. Орлого тодорхойгүй гэдэг үндэслэлээр татвар төлдөггүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хиймэл арьсан гутал, цүнхээр дотоодын зах зээлийг үйлдвэрлэгчдэд сиймхий гардаггүй бололтой юм. “Та нарын үйлдвэрлэсэн цүнх, гутал дийлдэхгүй үнэтэй юм чинь яаж зарагдах юм бэ” гэж үйлдвэрлэгчдээс асуухад “Энэ намар 30 мянган оюутанд бүгдэд нь арьсан цүнх зарна гэвэл зах дээрх хятад хулдаасан цүнхнийхтэй адил үнээр боломжгүй. Олон тоогоор үйлдвэрлэх тутам зардал багасна. Гэтэл нөгөө талд ямар ч татварын дарамтгүй орж ирсэн хэдэн мянган цүнх зах зээл хаачихдаг. Бусад улсад лангуун дээр нь барааны гаалийн бүрдүүлэлтийг шалгадаг, зориулалтын бусаар оруулж ирсэн байвал улсын орлого болгодог. Манайд тийм төрийн бодлого байхгүй. Бид эцсийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх тутам зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх жамтай” гэв.

МАЛЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ҮР ДҮНТЭЙ ЮҮ

2012 оноос “Арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл” хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөлд үндэсний үйлдвэрлэгчид арьс, шир тушаасан малчид урамшуулал авахаар тусгаж, Засгийн газрын тогтоол гаргасан. Малчдад хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшуулал олгосон байдаг. Дээр өгүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлбэл, арьс, ширний салбар жилд 200 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ. 2020 он хүртэл хэрэгжих уг төслийг үзэхэд “Арьс, ширэн түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрлэлийн бүтцэд чанарын өөрчлөлт гаргаж, жилд 1.01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, 25 мянган ажилтантай болж, 460 сая ам.долларын экспорт хийнэ” гэсэн үр дүнг төсөөлжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх гол түлхүүр нь үндэсний үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох байсан. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ урамшууллыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин ченжүүд үүнийг үр дүнгүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн л хилээр гаргана гэсэн хоригоо цуцалбал, зах зээлийн өрсөлдөөнөөр түүхий эдийн үнэ өснө гэцгээж байлаа. Гэвч Монгол Улс хил дамнуулан худалдаалахад хориглодог малын гаралтай гоц халдварт өвчний эрсдэлтэй орнуудын тоонд ордог учраас манайхаас түүхийгээр арьс авах сонирхолгүй байдаг юм байна.

Үүнээс гадна УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотголоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар болсон. Өдийг хүртэл бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ парк ажил болбол боловсруулах үйлдвэрүүд нэг газар төвлөрнө. Тэгвэл тээврийн зардал, усны төлбөр багасна. Хоёрдогч түүхий эд буюу шар мах, халим, арьсны зоргодос, завод ноосыг боловсруулж зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр арьс, ширний салбарын өрсөлдөх чадвар сайжирч, нэхийний үнэ өсөх боломжтой болох аж. Гэтэл төрөөс дэд бүтэц шийдэгдэхгүй байгаа аж.

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛБЭЛ НЭХИЙНИЙ ҮНЭ ӨСНӨ

Эдийн засагчид ийм л гарц яриад байх юм. “Toyota”, “Mitsubishi” корпорациудаас төлөөлөгчид ирж үйлдвэрлэдэг машиныхаа дотор бүрээс хийх арьс манайхаас авах талаар судалжээ. Харамсалтай нь манай малын арьс шир шаардлагад нь нийцээгүй гэнэ. Өнгөрсөн жил Шанхайд болсон үзэсгэлэнгийн үеэр Арабын бизнесмэн “Танайх малаа эрүүлжүүлчихвэл их хэмжээний мах, арьс авах гэрээ байгуулъя” гэдэг санал бас тавьжээ.

Монгол нэхий шивээтэй, сорвитой, вакцин хийлгээгүйгээс хачиг хувалзад идэгдсэн, зориулалтын бус аргаар нядалснаас урагдсан гэдэг шалтгаанаар гологддог гэнэ. Ерөөсөө л малаа эрүүлжүүлж, удмын сангаа сайжруулбал дэлхийн зах зээлд манай нэхий тоогдож, тэр хэрээр үнэ нь өсөх аж. Үүнээс гадна манайхан малаа хөгшрүүлж байж муулдаг. Тэгвэл мал аж ахуйн орнууд малаа 12-18 сартай болгоод нядалдаг. Ийм хугацаанд нядалсан малын мах ч, арьс ч үнэд хүрдэг байна.

Яавал мал эрүүлжиж, нэхий үнэд хүрэх талаар эдийн засагч, судлаачдаас тодрууллаа. Гурван сумын дунд мал нядалгааны цех ажиллуулах шаардлагатайг судлаачид ярилаа. Мал нядалгааны цех малчидтай, ойр хавийн хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг, сургуультай гэрээ хийнэ. Цехэд сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн ажиллаж ариутгал хийлгэсэн, вакцинжуулсан малыг нядлуулах зөвшөөрөл өгнө. Мал нядалгааны цехийн дэргэд арьс арьчилгааны хэсэг бас ажиллах ёстой. Одоогоор “Мах импэкс” компани ийм ажлыг эхлүүлж байгаа гэнэ.

Ингэж мал эрүүлжүүлэхэд төрөөс мөнгө гаргах шаардлагагүй гэдгийг судлаачид ярьсан. Ерөөсөө УИХ, Засгийн газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалахыг хориглоно гэсэн шийдвэр гаргахад зах зээлийн жамаар мал нядалгааны цех ажиллана гэдгийг ярьсан юм.

МОНГОЛ БРЭНДИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ГАРЦ ХАЙЯ

“Prada”-гийн цүнхийг монгол ямааны, “Эсо” брэндийн гутлыг монгол сарлагийн арьсаар хийдэг. Гэвч тэд дэлхийд хэзээ ч монгол арьсаар хийсэн гэж зарладаггүй. Монгол малын арьс дэлхийн брэнд бүтээгдэхүүний материал болж байна. Тэгвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд үйлдвэрлэх цаг болсныг судлаачид хэлсэн. Үүний тулд малаа эрүүлжүүлж, удмын санг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Умард Солонгос “ugg” гутал үйлдвэрлэх хонины нэхий Монголоос авах гэрээ хийхээр саяхан иржээ. Гэвч монгол хонины нэхийний үс ширүүдээд шаардлагад нийцээгүй аж. Гэхдээ манайд нохой сүүлтэй хонины үлдэр цөөн тооны бий. Түүн дээрээ түшиглэн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Голланд улсаас 2-5 см үстэй хонины нэхий авахаар гэрээ хийжээ. Энэ мэтчилэн олон улсын шаардлага, бизнесмэнүүдийн шаардлагад нийцэхүйц нэхий нийлүүлж чадвал, Говь шиг арьсан бүтээгдэхүүний брэндийг таниулж чадвал мал аж ахуйн орон Монгол Улсын түүхий эдийн үнэ өсөх сайхан ирээдүй харагдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (II)

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв

-ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Төрөөс үйлдвэрлэлийг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж өмнөх дугаарт өгүүлсэнчлэн Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд зааснаар хилээр хагас боловсруулсан арьс гаргахыг зөвшөөрч байгаа. Тэгтэл энэ тогтоол гарахтай зэрэгцээд “Эмээлт” дэх хятад ченжүүд боловсруулах үйлдвэрийг түрээслээд, хямд үнээр авсан арьс ширээ боловсруулаад гаргадаг болжээ. Тэд Монголд арьс, шир боловсруулсан өртгөө малчдаас түүхий эд авдаг үнээсээ хасчихсан. Тиймээс л малчдын нэхий бохины үнэ хүрэхээ больчихсон талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙ Ч БИШ

Шинэчлэлийн Засгийн газар арьс ширний салбарыг бодлогоор дэмжиж, арьс ширний үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад экспортлох зорилго тавьсан. 76 сая малтай малчдынхаа малаас гарах түүхий эдийг үнэд хүргэх зорилго төрд бас бий. Гэтэл Чингис бондоос 140 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан арьс ширний үйлдвэрүүд хятадуудын малчдаас хямд үнээр авсан арьсаа угаах дамжлага болчихсон. Малчид хониныхоо нэхийг бохины үнээр өгөхөөс түвэгшээгээд хотондоо хаячихдаг боллоо. Өнөөх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, гадагшаа гаргах, малчдын түүхий эдийг үнэд хүргэх бодлогын үр дүн яагаад өөрөөр эргэчихэв.

Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолд арьс ширийг хагас боловсруулах буюу вет-блю техникийн шаардлагаар боловсруулж хилээр гаргах тухай заасан. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Ингэж боловсруулсан арьс хилээр гаргахад асуудалгүй.

Гэтэл манайд хувиараа гутал, цүнх үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд гутал хийх материалаа урд хөршөөс авдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого эндээс алдагдаж байгаа хэрэг.

Засгийн газар ачир дээрээ “Боловсруулсан арьс л хилээр гаргана” гэсэн шийдвэр гаргалаа гэдэг. Гэтэл хятадууд энд үйлдвэрүүд түрээсэлж арьс ширээ хагас боловсруулаад явдаг, нутагтаа очоод гутал, цүнх хийх материал, савхи болгочихоод буцаагаад монголчуудад зарчихаж байна. Жинхэнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн тэндээс наашилж байгаа хэрэг.

Хэрвээ үйлдвэрлэгчид арьс, ширээ энд бүрэн боловсруулж гутал, цүнх, хүрэм, бээлий хийх материал бэлэн болгодог бол үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна гэж ойлгож болно. Гэтэл энд үйлдвэрүүд цөөн тооны арьс л бүрэн боловсруулдаг. Тэр нь өртөг өндөртэй учраас хятад бүтээгдэхүүнээс үнэтэй байхаас аргагүй. Харин үйлдвэрлэл маш сайн хөгжсөн Хятадад их хэмжээгээр боловсруулсан материал Монголд хамаагүй хямд зарагддаг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө хятадуудад түрээсэлж олсон мөнгөөрөө Чингис бондын зээлээ төлж байсан нь өлзийтэй байдаг гэнэ.

Тэгэхээр Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол үйлдвэрлэгчдийн хувьд өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр болж малчдын түүхий эд үнэгүйдэх нөхцөл болжээ.

Чингис бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд арьс шир боловсруулах технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж чаджээ. Зах зээл байвал арьс, ширийг краст (хагас боловсруулсан арьсанд нэмэлт идээлэг хийж, элдэж, тэлж хатаасан, өнгө оруулаагүй арьс), савхи (хувцасны зориулалтаар гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн хонины арьс), илэг, нубук (гүйцэд боловсруулсан арьс, шир), хром (гүйцэд боловсруулж өнгө засал хийсэн шир) болгох бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирдэг материалыг эндээ хийж чадна гэсэн үг. “Дархан нэхий”, “Монгол шверо” гэх мэт цөөн тооны үйлдвэр арьс, ширийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Ихэнх нь түрээсээр хагас боловсруулалт хийж, гадагш нь гаргадаг.

Энэ салбарынхны ярьснаар төр бодлогоор зохицуулалт хийх бол гадаадаас экспортолж байгаа арьсан эдлэл, материалд татвар ноогдуулах ёстой гэнэ. Тэгвэл дотоодын үйлдвэрүүд арьс, шир бүрэн боловсруулж борлуулах боломж бүрдэх аж. Үндэсний үйлдвэрүүдийн дотоодод хийсэн арьсан гутал, цүнх 40, 50 мянган төгрөгөөр зарагддаг. Гэтэл Хятадаас арьсан гэх дуураймал бүтээгдэхүүн хэдэн мянгаараа татваргүй орж ирээд хямд зарагдчихдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдэд зах зээл байхгүй. Бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргах гэхээр тэндээ өндөр татвар төлөхөөс өөр аргагүй. Ийм шалтгаанаар алдагдалтай ажилласнаар хятадуудад байраа түрээслээд зээлээ төлөхөөс аргагүй зовлонг бас ярьсан юм.

ЧИНГИС БОНДЫН 140 ТЭРБУМ МАЛЧДАД ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ

Чингис бондоос арьс, ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Арьс, ширний салбарын 35 үйлдвэрийн ихэнх нь зээл авсан билээ. Зээл авч тоног төхөөрмжөө шинэчилснээр өдөрт 1000-аас дээш богийн арьс шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр ажиллаж байна. Бусад нь өдөрт 200-1000 ширхэг арьс шир боловсруулах чадалтай. Судалгаагаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүд жилд 20 гаруй сая ширхэг арьс ширийг вет-блю болгох хүчин чадалтай гэсэн дүн гарчээ. Манай улс жилд 10 сая бог мал нядалдаг статистик бий. Тэгэхээр хагас боловсруулалт хийх боломж бүрэн гэсэн үг. Тэгсэн атлаа үйлдвэрүүд хагас боловсруулалт хийхэд анхаарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо нь буурчээ. Статистикийн мэдээнээс харахад 2012 онд 1.2 мянган тонн улны шир үйлдвэрлэж байсан бол 2014 онд энэ тоо 0.8 мянган тонн болж буурсан байна. Дөрвөн жилийн өмнө 1.7 мянган тонн хром, булигаар үйлдвэрлэсэн бол одоо 1.3 мянган тонн үйлдвэрлэжээ. Ерөөсөө үндэсний үйлдвэрүүд нийт арьс ширний 25 хувийг гүн боловсруулж, 75 хувийг хагас боловсруулж байгаа аж.

Арьс, ширний үйлдвэрүүдэд зээл олгосноор энэ салбар жилд 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна гэж тооцоолсон. Мөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7, улсын нийт экспортын 18.2, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5 хувьтай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ гэж үзсэн. Харин өнөөдөр арьс, ширний салбар жилд 43 тэрбум төгрөгийн арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Түүний ихэнх нь арьс хагас боловсруулснаас олсон орлого аж.

Төрөөс үйлдвэрлэгчдэд 140 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан ч тэднийг түүхий эдээр хангадаг малчдад энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарсангүй. Харин ч арьс, ширний үнэ навс унасан. Тиймээс Засгийн газар дахин шийдвэр гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдад бэлэн мөнгө тараахаар болсон. Энэ нь үндэсний үйлдвэрүүдэд арьс, ширээ тушаавал урамшуулал олгох тухай Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоол юм. Хонины нэхийгээ үндэсний үйлдвэрт тушаасан малчинд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг энэ салбарынхан падаан гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, малчид үндэсний үйлдвэрээс падаан бичүүлж, түүгээрээ мөнгө авдаг байсан. 2014 онд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон баримт байна. Төсвийн ачааллаас болж энэ мөнгийг тэгсхийгээд зогсоосон. Одоо малчдаас нэхий авдаг үндэсний үйлдвэр ч цөөн болсон. Энэ шалтгаанаа үйлдвэрийн эзэд “Дэлхийн зах зээл дээр арьс, ширний үнэ шалдаа буучихсан. Зах зээл алга. Итали руу цөөн тооны арьс гаргаж байна. Вьетнамчуудтай хэлэлцээр хийх гээд л байна. Эрэлт бага байна. Үүнээс гадна манай малчдын нэхий дэлхийн зах зээл дээр шаардлага хангадаггүй. Малчдаас авсан нэхийний таван хувь нь л шаардлага хангаж, бусад нь гологдол болдог. Малаа эрүүлжүүлээгүй цагт түүхий эдийн үнэ өсөхгүй ээ. Энэ өвөл өслөө, өслөө гээд 2000 төгрөг л болох биз” гэж тайлбарлаж байгаа юм.

НЭХИЙНИЙ ҮНЭ УНАСАНД МАЛЧИН БУРУУТАЙ

Нэгэн эх сурвалж “100 нэхий авахад тав нь л шаардлага хангадаг. Бусад нь гологдол байдаг” гэж ярилаа. Ийм мэдээлэлд үнэмшилгүй боловсруулах үйлдвэрт очлоо. Тэндхийн чанар шалгагч “Малчид малаа кралинд оруулчихаад байвал хачиг, хувалзанд бариулахгүй. Тэгтэл ихэнх нэхий хачиг, хувалзанд идүүлсэн сорвитой. Боловсруулахаар тэр арьс гологдол болчихдог” гэж ярилаа. Малчид малаа вакцинжуулж, эрүүлжүүлээгүйгээс арьс нь эцсийн бүтээгдэхүүн болох боломжгүй болчихдог аж. Вакцин хийлгээгүй малын арьсны хүзүү хэсгийг ашиглах ямар ч боломжгүй, өвчлөлттэй байдаг гэнэ. “Малчид малын эмчийг загнаж байгаад вакцин хийлгэсэн гэдэг бичиг авчихдаг. Зарим суманд тарилгыг шингэлж хийсэн ч тохиолдол гардаг. Хоттой хонь нь өсөөд байдаг. Гэтэл бүгд шахам өвчтэй, хачигт баригдсан байгаа. Ийм малын арьсыг гадныхан хараад л гологдол гээд үнэгүйдүүлдэг” гэж үйлдвэрийн ажилтан ярьсан.

Мөн цөлжилтт ихэссэнээр мал шивээнд баригдчихдаг болжээ. Шивээнд идэгдсэн малын арьсыг боловсруулахаар шүүрэн шанага шиг нүхтэй харагдах юм. Эхний боловсруулалт хийсэн арьсанд ч шивээ зоогдоостой байгааг харлаа.

Мөн мал гаргаад арьсыг нь хурдан хугацаанд давсалж хадгалдаггүй. Эвхээд хоёр цаг болгочиход л дотор нь бактери үрждэг гэнэ. Боловсруулаад харахаар өнөөх нь том, том толбо болж харагдах юм. Өлөн гэдсийг нь арьсан дотор удаан хадгалахад мөн л бактери үржиж, гологдол арьс болдог ажээ.

Үүнээс гадна малчид сүүлийн үед мал гаргахдаа арьсыг нь хутгаар салгадаг болсон. Ялангуяа Эмээлтэд мал гаргах үйлчилгээ үзүүлдэг нөхөд цаг хожихийн тулд хутгаар арьс хуулдаг. Өнөөх арьс үйлдвэрт ирэхэд зүсэгдчихсэн гологдол болдог байна. Монголд мал нядлах зориулалтын газар бараг байдаггүй. Махны хэдхэн компани нядалгаа хийдэг. Тэндээс гарсан арьсыг эс тооцвол ихэнх нь арьс зүсэгдсэн байдаг талаар үйлдвэрийнхэн ярилаа. Үнэхээр ч үйлдвэрт гологдол гэж ялгасан арьс овоолоостой харагдлаа. Энэ байдал, үйлдвэрийнхний яриагаар малаа эрүүлжүүлээгүй, шаардлагын дагуу нядлаагүй, арьс буруу хадгалсан малчид буруутай юм шиг.

ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА ВЭ?

Энэ жил идэшний цагаар нэхий ямар үнэтэй болох бол гэхэд 2000-аас өсөхгүй дээ гэх хүн олон байлаа. Яавал түүхий эд үнэд хүрэх бол гэхэд малын удмын санг сайжруулж, эрүүлжүүлэхэд төрөөс бодит ажил хийх ёстой гэнэ. Энэ бол үр дүн хол гарах ажил.

Ирэх сард гадаадад арьс, ширэн бүтээгдэхүүний хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болох гэнэ. Тэр бүгдэд манай үйлдвэрүүд оролцож хагас боловсруулсан арьс, арьсан бүтээгдэхүүнээ танилцуулж зах зээл хайх гэнэ. Ирэх сард гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Түүнд манайхан оролцохоор бэлтгэж байгаа аж.

Дотоодын үйлдвэрүүдийн гол түнш нь италичууд аж. Мөн АСЕМ-аар ирсэн вьетнамчууд хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаагаа мэдэгджээ. Тэд монголчуудаас боловсруулсан арьс авах хүсэлтэй байгаа аж.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирээдүй ямар байгааг тодруулахад “Сүүлийн хоёр сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт сэргэсэн. Хувь хүмүүс хүртэл экспорт хийж байгаа. Сүүлийн сард БНХАУ-ын үйлдвэрүүд сэргэж эхэллээ. Үүнээс болж тэнд эрэлт бий болж байна. Дотоодын зах зээлд хаягдаж байсан түүхий эд борлуулагдах боломж одооноос сэргэж байгаа” гэсэн юм.

Боловсруулах үйлдвэрүүд арьс шир экспортлоход мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллага хоёрт яг адилхан баримт бичгийг хоёр удаа бүрдүүлэх шаардлага гардаг. Түүний дамжлага, төрийн албаны хүнд суртал үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байдгийг ч бас ярьсан.

Үүнээс гадна манайхан хагас боловсруулсан арьс, шир гаргахаас илүүтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай. Дагаад түүхий эдийн үнэ өснө. Үүн дээр үйлдвэрүүдэд баталгаа гаргаж өгвөл бодит дэмжлэг болно гэдгийг ч хэлэх хүн олон байлаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй” гэж заасан байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан үед энэ тогтоол батлагдсан юм.

Тогтоолд заасны дагуу арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлагдаж Хонины арьсыг вет-блю техникийн шаардлагын дагуу боловсруулж хилээр гаргахаар болсон билээ. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн дагуу боловсруулсан арьсыг л хилээр гаргадаг болсон. Засгийн газрын 300 дугаар тогтоол гарахаас өмнө анхан шатны боловсруулалт хийсэн буюу идээлж, тосолж хатаасан, өнгө засал хийгээгүй арьсыг хилээр гаргадаг байсан.

МАЛЧИНД 400, ҮЙЛДВЭРТ 4000

Уншигчид санаж байгаа бол 2013 оны намраас арьс, ширний үнэ огцом буурсан билээ. Хятадаас ченжүүд Монголд ирэхээ больж, Эмээлтэд ч хөл хөдөлгөөн цөөрсөн.

Үүний дараа Засгийн газар бас нэгэн тогтоол гаргаж адууны ширний үнийг навс унагасан. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад өөрчлөлт орж адуу, тэмээний ширийг бүрэн боловсруулж хилээр гаргахаар болсон. Үр дүнд нь “Эмээлт”-д 200 гаруй мянган адууны шир өмхийрөх болж Засгийн газар сарын хугацаанд энэ тогтоолоо түдгэлзүүлж түр гал унтраасан билээ.

Засгийн газар ийм тогтоол гаргасан нь үндэсний үйлдвэрээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Гэвч гурван жилийн хугацаанд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ гэдэг нь бас асуудал. Хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд экспортод гаргах бараг боломжгүй байгаа. Ченжүүдийн ярьснаар өдийд хэдхэн үйлдвэр л нэхий авч байгаа гэдэг бас л асуудал. Тэгсэн атлаа арьс, шир боловсруулах үйлдвэр ажиллаад байгаа нь сонин биш гэж үү.

“ЭМЭЭЛТ”-ИЙГ ЭЗГҮЙРҮҮЛСЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРҮҮДЭД НҮҮГЭЭД ОЧЧИХСОН ГЭВ ҮҮ

Малчдаас, ченжүүдээс нэхий бараг авдаггүй үйлдвэрүүд ажиллаад байдаг. Үүний шалтгаан нь “Эмээлт”-д малчдаас түүхий эд аваад нутаг руугаа гаргадаг хятадууд боловсруулах үйлдвэрт нүүгээд оччихож.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 34 боловсруулах үйлдвэрийн ихэнхийг хятадууд түрээсэлжээ. Юун нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гадныхан үнэгүй шахам авсан түүхий эдээ монгол үйлдвэрүүдэд боловсруулаад нутаг буцаж байна.

Монголын боловсруулах үйлдвэрүүд нэг нэхий боловсруулахад 11-12 юанийн түрээс авдаг гэнэ. Хятадууд “Эмээлт”-ээс 300-400 төгрөгөөр авсан нэхийгээ 3500-4000 төгрөгөөр боловсруулдаг. Ингэхээр Монголд нэг хонины нэхий 3800-4500 төгрөгийн ханштай гэсэн үг. Харин Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолын үр дүнд малчинд 400, үйлдвэрт 4000 төгрөг ноогдож байна. Үйлдвэр ашигтай ажиллахад ажлын байр нэмэгдэнэ гэж тайвширч болох талтай. Гэтэл хятадууд боловсруулах технологио өөрсдөө хариуцна гээд тэндээсээ технологичид авчирдаг юм байна. Монголчууд ачигч, угаагч гээд цалин багатай, хар ажил хийх төдийхөн. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ бага учраас төдийлөн олон хүн ажилладаггүй. Өнөөх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё зорилготой үйлдвэрүүд байр, тоног төхөөрөмжөө түрээслээд нэг нэхийнээс 4000 төгрөгийн орлоготой сууж байна.

Ийм наймаа хятадуудад ч алдагдалгүй. Угаасаа тэндээ нэхий хамгийн багадаа 5200-6000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр авсан нэхийгээ зардал гаргаж боловсруулна. Боловсруулах зардал нь тэндээ 20 юань (7000 төгрөг)-иас багагүй Тэгвэл энд 400 төгрөгөөр авсан нэхийгээ 4000 төгрөгөөр боловсруулаад, хилээр татваргүй гаргачихсан нь ашигтай.

Энд бид хятадууд муухай, монголчуудыг ашиглаж байна гэж цоллосонгүй. Тэд л биднээс түүхий эд авдаг гол зах зээл учраас буруутгах ч аргагүй. Харин Монголын төр нэг л тогтоол гаргахад малчдыг үгүйрүүлж, хэдхэн үйлдвэрийн эздэд монцойгоод сууж байх боломжийг олгочихож байгаа нь харамсалтай.

Бид арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэртэй холбогдож нэхий боловсруулах түрээсийн үнэ судлахад 10-12 юань гэх нь ч байсан бол зарим нь үйлдвэртэй танилцсаны дараа үнэ хэлнэ гэцгээж байсан юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Волейболын спортод зүтгэсэн А.Мөнхбаярынх

Монголд волейболын спорт үүсч хөгжөөд 90 шахам жил болж байгаа. Түүхчилбэл 1927 онд Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөн гэдэг юм билээ. Социализмын үед волейболын баггүй байгууллага, волейбол тоглодоггүй хүн цөөн байсан. Зах зээл эхэлснээс тооцоод саяхныг хүртэл энэ спорт уналтад орсон гэхэд хатуудахгүй болов уу. Нэг, хоёр жилийн өмнөөс волейболын спортыг сонирхдог, дугуйлан сургалтыг зоригсдын тоо эрс нэмэгджээ. Спортынхон энэ хандлагыг өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохиогдсон эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбож тайлбарладаг юм билээ. Тэмцээний эхний өдөр манай баг БНХАУ-ын залуучуудын шигшээ багийг 3:0 харьцаагаар буулган авсан нь спорт сонирхогчдын анхаарлыг тэр чигт нь татсан гэхэд болно. Манайхан дөрөвдүгээр байрт шалгарсан нь Зүүн Азийн тэмцээн дэх “шинэ үеийн” анхны том амжилт болж. Үүнээс өмнө 2014 онд элсний волейболын Зүүн Азийн бүсийн тэмцээнээс гуравдугаар байрт шалгарсан амжилт бас бий. Тэдгээр тоглолтод гол үүрэг гүйцэтгэсэн, шинэ үеийн залуучуудын төлөөлөл, үндэсний шигшээ багийн ахлагч, спортын мастер А.Мөнхбаярынхаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ.

Спорт сонирхогчид түүнийг “Волейболын МБ” гэдгээр нь андахгүй юм билээ. Хариуцсан ажилдаа эзэн болж амжилттай яваа олон залуусын нэг учраас түүнийг “Шинэ үеийн залуусын төлөөлөл” гэж онцолсон хэрэг.

“ГАВАЛ” СУРАГЧ ВОЛЕЙБОЛЧИН БОЛСОН НЬ

Биднийг үдээс өмнө очиход гэрийн эзэн олимп үзэж, гэргий нь цай хоол бэлтгэж байв. Аав нь волейболын тоглолт үзэж байхад таван настай хүү нь гар бөмбөгөөр тоглочихсон манаргаж байх. Биднийг ширээнд суухтай зэрэгцэн аав зурагтынхаа дууг намсгаж, хүү нөгөө өрөөнд тоглохоор оров. “Манайхан хэзээ волейболоор олимпод оролцох бол” гэж яриа өдвөл “Миний тоглох нас лав хүрэлцэхгүй байх. Гэхдээ сэтгэл зүтгэл байхад энэ талбай дээр Монголын баг тоглох үе ирнэ гэж итгэдэг” гэв. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буландаа урьж байгаа учраа хэлж, зорьж очсон шалтгаанаа ярихад гэрийн эзэн “Би бизнесийн салбарт маркетингийн чиглэлээр ажилладаг. Өдөр тутам танай сонинг уншиж бизнесийн санаа авч, ярилцлага өгсөн хүмүүсээс туршлага судалдаг. “Танайд өнжье” буланд олны танил, хүндэтгэл хүлээсэн, алдартай хүмүүс ордог учраас унших дуртай. Залуу үеийн төлөөлөл болгож намайг урьсанд баярлалаа. Дурлаж, 13 жил тасралтгүй тоглож, Монгол Улсаа төлөөлөх хэмжээнд очсоны хувьд волейболын спортоо л түлхүү ярих байх даа. Манай гэрийн хүн ч волейболоор хичээллэдэг, спортын дэд мастер цолтой” гэснээр бидний ярианы гол сэдэв волейбол болох нь тодорхой болчихов.

Гэргийн чанасан банштай цайг зөөгдөх зуурт гэрийн эзэн Дархан-Уул аймгийнх гэдгийг мэдлээ. Өвөө Ж.Баатар нь насаараа Дархан хотын захиргаа, нийгмийн даатгалд ажилласан. Аав О.Ариунбаяр, ээж Б.Бурмаа нар нь ч Дархандаа “Дархан нэхий” компанид насаараа ажилласан хүмүүс. Тэднийхнээс спортоор дагнаж хичээллэдэг хүн байхгүй. Тиймээс том хүү А.Мөнхбаярыгаа хичээлдээ шамд, онц сур л гэх янзтай байж. Зургийн цомог, багынх нь эд зүйлийг үзэж суухад багадаа “Таван онц”-ын эзэн байсан нь тодорхой. А.Мөнхбаяр ч өөрийгөө “Номын хүүхэд, гавал сурагч байсан” гэж ярьсан. Дархан-Уул аймгийн арван жилийн IX сургуульд нэгдүгээр ангид ороод эхний улиралдаа хоёрдугаар ангид дэвшин суралцаж байсан тэрбээр дунд сургуулиа математикийн аймгийн олимпиадын медальтай, химийн улсын гурван удаагийн медальтай, 40 улирал онц суралцсан, аймгийн хошой шилдэг хүүхдээр шалгарсан амжилттай төгсчээ. Олимпиадад амжилт үзүүлснийг гэрчлэх баярын бичиг, дурсгалын зургийг үзэж байхад А.Мөнхбаяр “Өвөө минь, манай сургуулийн химийн багш Ц.Лхагвазаяа, математикийн олимпиадын багш н.Отгонбилэг, анги удирдсан багш Ч.Оюунгэрэл нар надад хүн байх, шударга зарчимч, эхэлсэн ажлаа дуусгах, хүний итгэлийг алдахгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх ухааныг, хамгийн гол нь тууштай байх ухааныг зааж сургасан. Намайг амьдралд сургасан дараагийн багш маань яах аргагүй волейбол” гэж ярьсан юм.

Өөрийнх нь ярьснаар “гавал” сурагч есдүгээр ангидаа волейболын спортыг сонирхох болжээ. Ангийнх нь гурван найз аймгийн шигшээ багт тоглодог. Тэд өөрөөс нь хавь илүү өндөр. Хичээл хийж гэрт байгаад байвал биеийн хөгжил хоцрох юм шиг санагдаж л дээ. Ингээд найзуудтайгаа Дарханы Спортын ордонд волейболын дугуйланд хичээллэхээр ОУХМ Б.Уранчимэг багш дээр очиж. Аймгийн шигшээ баг тэнд хичээллэдэг учраас тэр бүр хүүхэд авчихгүй. Гар хурууны урт, алганы хэмжээ, биеийн өндрийг харна. Энэ шалгуураар А.Мөнхбаяр тэнцэхгүй нь тодорхой байв.

Харин сургуулийнхаа хамгийн онц сурлагатан, шилдэг сурагч гэдэг тодотгол нь түүнийг аварч дугуйланд хичээллэх эрхтэй болжээ. Тэгтэл Б.Уранчимэг багш “Энэ тууштай явахгүй, хичээлээ хөөгөөд шантрах биз. Ангийнхантайгаа явж байгаад аяндаа больчихно” гэсэн бодолтой авсан нь хожим ил болсон гэдэг.

А.Мөнхбаярыг дугуйланд орсон жил “Жайка”-гийн мэргэжилтэн И.Сатоши Дарханы шигшээ багт дасгалжуулагчаар иржээ. Зуны амралтаар дугуйлангийн сурагчид хөдөө явах нь явж, таслах нь таслаад А.Мөнхбаяр ганцаараа шахам үлдэж. Япон багштай зуны гурван сар хоёулхнаа шахам бэлтгэл хийсэн гэдэг.

Ингээд дугуйланд хичээллэж эхэлснээс дөрвөн сарын дараа өсвөрийн улсын аваргын тэмцээнд оролцохоор болж волейбол сонирхол биш амьдралынх нь нэг хэсэг болжээ.

ӨСВӨРИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТАН УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН БОЛСОН НЬ

Дарханы баг 12 жил улсаас медаль авч чадаагүй, амжилт тааруухан байхад А.Мөнхбаяр тэмцээнд оролцохоор явжээ. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэдний баг хүрэл медаль хүртсэн нь А.Мөнхбаярт өнөөдрийг хүртэл волейбол тоглох эрч хүчийг өгсөн гэдэг. Өдрийн ихэнхийг Спортын ордонд өнгөрөөх болж сурлагаараа үзүүлдэг амжилт нь багасаад ирж. Химийн хичээлээрээ улсын олимпиадад оролцож чадсангүй. Аравдугаар ангиа төгсч их сургуулийн сонгон шалгаруулалтад оролцох цаг ойртчихсон. Багш нар нь дургүйцэж, аав ээжид нь алтан хошуу өргөх болжээ. Эмч болохоор бэлтгэж байсан тэрбээр волейболд дурлаж химийн хичээлээ хойш тавив. Их сургууль сонгохдоо хүртэл волейболоор тоглох боломжийг нь харж байж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон гэдэг. МУИС-ийн спорт заал Эдийн засгийн сургуулийн байранд байдаг. Багш нь волейболын мэргэжлийн дасгалжуулагч. Б.Уранчимэг багш нь “Миний нэрийг хэлээд очоорой” гэдэг захиастай их сургууль руу явуулжээ. Ингээд их сургуулийнхаа багт тоглодог болсноор жилийн турш хичээлийн хажуугаар бэлтгэл хийдэг болжээ.

Их сургуулиа төгсөөд УИХ-ын гишүүн асан М.Сономпилын ивээн тэтгэдэг клубт тоглож байгаад 2006 онд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” нийгэмлэгт тоглодог болжээ. Тэндээсээ “Эрчим” клубт тоглох болж багийн хамтрагч Б.Мөнхнарантайгаа хамтарч клуб байгуулан, волейболын спортод хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг цуглуулъя гэж ярилцах болжээ. Ингээд 2011 онд “Тэнүүн-Огоо” компанийн дэргэдэх “Тэнүүн-Огоо” клубийг байгуулж өөрөө ахлагчаар, Б.Мөнхнаран дасгалжуулагчаар тоглож эхэлжээ. Спортын клуб, баг, тамирчид ивээн тэтгэгчгүй бол амжилтад хүрэхэд хүндрэлтэй байдаг. Сагсан бөмбөгийн холбоо гэхэд ерөнхийлөгчийнхөө асуудлаас болж байнгын маргаантай, улстөржсөн хандлагатай нь ажиглагддаг. Волейболын тамирчид ч тоглох заал талбай, тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл хангах санхүүгийн асуудал ихтэй. Энэ мэт асуудлаас болж “Тэнүүн-Огоо” клуб нь хаагдаж 2012 оноос “Алтайн барс” клуб байгуулж, өнөөг хүртэл ахлагчаар нь тоглож байгаа гэнэ. “Алтайн барс” клуб УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогтын хувь эзэмшдэг компанид харьяалагддаг. Эрэгтэй гурав, эмэгтэй нэг мөн өсвөрийн багтай. Энэ клубийг анх байгуулахдаа өндөр, нуруулаг, нэгнээ гэсэн сэтгэл, зүтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж ярьж байсан нь биеллээ олсон талаар багийн ахлагч ярьсан.

Шинэ клуб байгуулагдаад 2012 онд Монголын Бүх ард түмний спартакиадын аварга, 2013 онд Клубүүдийн аварга болж улмаар тэр жилдээ улсын шигшээ багт дуудагдсан байна. 2013, 2014 онуудад Тайван, Филиппинд болсон Зүүн Ази, Азийн тэмцээнүүдэд оролцон туршлага хуримтлуулж 2014 оны зун Тайванийн Каошунь хотод болсон Зүүн Азийн элсний бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багийн ахлагчаар оролцож гуравдугаар байр эзэлсэн нь түүний хувийн төдийгүй Монголын волейболын шинэ үеийн түүхэн амжилтыг эхлүүлсэн байна.

ВОЛЕЙБОЛД ДУРЛАХЫН УЧИР

Волейболын тухай ярилцаж байтал гэргий хоол цайныхаа ажлыг дуусгаж бидний ярианд оролцлоо. Эрдэнэбилэгийн Мөнхшүр нөхөртэйгөө нэг мэргэжилтэй, МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Сонирхол нь ч нөхөртэйгөө ижил. Волейболын тухай яриад эхэлбэл тэдний нүд сэргээд л явчих юм. Хүү нь хүртэл “Аавын баг тоглоход…” гээд ярьж гарна. Тэд оюутан байхдаа МУИС-ийн багт хамт тоглодог болж танилцжээ. А.Мөнхбаяр сургуулийнхаа багт тоглоод жил гаруй болсны дараа нэг охин ирсэн нь гэргий Э.Мөнхшүр нь. Нэг багт тоглож байгаад дотноссон тэд сургуулиа төгссөн жил хүүтэй болжээ. Хүү нь “Манай аав лигт тоглоод гэртээ ирэхэд нь би төрсөн гэсэн. Би бас зааланд хөлд орсон. Аав, ээж шигээ волейболчин болно. Өндөр болохоор гологдохгүй” гэж яриад тэнд байсан хүмүүсийг хөгжөөчихөв. Э.Мөнхшүр хоёр жил лигт тоглосон. Одоо компаниа төлөөлж сонирхогчдын тэмцээнд оролцдог гэнэ лээ. Өндөр нуруутай учраас волейбол тоглоно гэсэн хүүгийн ярианаас үүдэлтэй “Та хоёр шиг өндөр хүмүүс энэ спортод дурладаг байх даа” гэж асуучихлаа. “Волейбол эрэмбээрээ бөхийн дараа, ухаанаараа шатрын дараа ордог спорт. Бие бялдар, ухаан хоёрыг зэрэг хөгжүүлдэг онцлогтой” гэж магтацгаав.

Гэрийн эзэн “Би арван жилдээ 170 см өндөртэй. Ангийнхан дундаа бараг намханд ордог байлаа. Волейболоор хичээллэснээс хойш чамгүй өндөр болсон. Сонирхуулахад манай тамирчдаас хамгийн өндөр эрэгтэй 196 см, эмэгтэй 192 см. Дан ганц өндөр хүн волейбол тоглодог гэвэл өрөөсгөл. Бие бялдраас гадна оюун ухаан, сахилга батын хувьд маш их ач холбогдолтой. Сахилга батын хувьд хагас цэрэгжилтийн байдалд байдаг. Ганцаараа биш багаараа тоглодог учраас хариуцлага хүлээх, бусадтай хамтарч ажиллахад сургадаг давуу талтай” гэсэн бол гэргий нь “Эмэгтэй хүний хувьд хамгийн төгс бие бялдартай болгодог” гэж нэмэв.

Бөмбөг цохих, тонгойх зэргээр гуяны булчинг илүүтэй хөгжүүлдэг. Биеийн пропорцын хувьд зөв хөгжүүлдэг цөөн спортын нэг нь волейбол гэнэ. Олимпоор элсний волейбол тоглож байгаа хүүхнүүд эрчүүдийн хараа булаагаад байсан учир нь энэ. Тиймээс ч сүүлийн үед охид энэ спортоор хичээллэх сонирхолтой болсон гэнэ. Хөвгүүдийн хувьд нуруулаг, эрүүл чийрэг өсөхийн тулд волейболын дугуйланд явах нь ихэсчээ. Лавлах утсаар асуухад л дугуйлангуудын хаяг, утас авах боломжтой. Төлбөрийн хувьд сарын 60-100 мянган төгрөг байдаг талаар тэр хоёрын ярианаас мэдэж авлаа.

Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд багийн тоглолтод төдийлөн амжилт үзүүлдэггүй гэх шүүмжлэл бий. Манайхан зөрүүд, бие дааж шийдвэр гаргах гээд байдаг талтай. Энэ зангаа ажлын байран дээр ч харуулдаг. Багийн спортоор хичээллэж бусдын өмнө хариуцлага хүлээж, хамтрагч байхад суралцах нь карьер хөөх, ажлын байрандаа амжилт олоход тустай. Тиймээс ч компани, байгууллагууд спортоор хичээллэдэг, тэр дундаа багийн спортоор хичээллэдэг хүн ажилд авах сонирхолтой болжээ.

ШИГШЭЭГИЙН ТАМИРЧНЫ МАРКЕТИНГИЙН АЖИЛ

Монголын волейболын холбооны цол, зэргийн комиссын гишүүн, шигшээ багийн тамирчин Б.Мөнхбаяр, гэргий Э.Мөнхшүр нар Монголын хоёр том компанийн маркетингийг хариуцаж ажилладаг.

Б.Мөнхбаяр сургуулиа төгсөөд “Мобиком” корпорациас ажлаа эхэлжээ. Тэнд байхдаа шилдэг багийн ахлагч, шилдэг борлуулагчаар шалгарч богино хугацаанд албан тушаал ахиж байсан нь өнөөх л багийн спортоор хичээллэж, ажилдаа хариуцлагатай байхад суралцсаных бололтой. Тэднийд волейболын цом медалиуд өрөөстэй байхаас гадна ажилдаа амжилт үзүүлснийг гэрчлэх шагналууд цөөнгүй байв. Гэргий нь “Мобиком” корпорацид ажилладаг. Ажилдаа эзэн байж, амжилттай яваа залуусын төлөөлөл гэдэг нь тэдэнтэй ярилцаж суухад ажиглагдлаа.

Б.Мөнхбаяр одоо “Талх чихэр” компанийн маркетингийн албаны даргаар ажилладаг. Тэнд брэнд менежерээр ажилд ороод удалгүй албаны даргаар томилогджээ. “Мэргэжилдээ эзэн байж, салбартаа амжилт олохын тулд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс саяхан “Хэвлэлийн хүрээлэн”-д суралцлаа. Өглөө гэрийнхнийгээ унтаж байхад гараад ажлаа тарангуут клуб рүүгээ бэлтгэл хийхээр явдаг. Тэнд баг ахалж, хариуцлага хүлээж байгаагийн хувьд өдөр бүр очиж, бэлтгэл хийх шаардлагатай. Хоёр ажлыг амжуулахад ар гэр орхигдох гээд байдаг талтай. Миний ард гурван эмэгтэй байдаг. Намайг өсгөж, хүмүүжүүлсэн хүн бол яах аргагүй эмээ, өвөө хоёр минь. Эмээ Б.Буянхишиг минь хайр, халамжаар бялхуулж өсгөсөн. Дараа нь миний ээж. Ээжийгээ бурхантай л адилтгаж залбирч явдаг. Гурав дахь эмэгтэй бол миний хань. Ажлынхаа хажуугаар арын албыг хариуцлагатайгаар хашиж байгаа эмэгтэй” гэж ярьсан.

Тэрбээр бямба гаригийн үдээс хойш ажил руугаа явах, цаашлаад багийнхантайгаа бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан. Хоол, хүнс бэлтгэдэг ажил буянтайгаас гадна мөнх настай байдаг гэнэ лээ.

Мэдээж Мөнхбаярын хувьд ажил, амьдрал, их спортын амжилтын гарааны зөвхөн эхлэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. А.Мөнхбаяр “Өмнөө тавьсан зорилгынхоо эхлэлийг сайн тавибал гүйцэтгэл, үр дүн нь төдий хэмжээгээр илүү өндөр байна гэдэгт үргэлж итгэж хөдөлмөрлөдөг” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есдүгээр сарын 1-ний сургаар…

Есдүгээр сарын 1-ний сургаар хот бужигнана, түгжрэл ихэснэ, дэлгүүр хоршоо хөл гишгэх зайгүй болно гэнэ. Ерөнхийдөө монголчуудын амьдрал есдүгээр сарын 1-нээс буцлах янзтай. Хичээл эхэлж, амралтын байдалтай байсан төрийн байгууллагууд амь орно. Ажил хөөцөлдөх нь “Есдүгээр сар гараад л учир нь олдох байгаа” гэж хүлээх бол тэдэнд үйлчлэх төрийн албаныхан “Есдүгээр сарын 1-нээс л ажилдаа орно доо” гэж данхайх юм.

Есдүгээр сарын 1-ний сургаар олон л яриа хөөрөө байна. Тэдэн дундаас танил цагдаагийн маань “Есдүгээр сарын 1-нд бөөн мөнгөтэй нөхдүүд хөдөөнөөс орж ирнэ, хэрэг түвэг ч гаарна даа” гэсэн нь содон байв. Есдүгээр сарын 1-нээс хойш халаасны хулгай, дээрэм тонуул ихэсдэг гэнэ. Их, дээд сургуулийн шинэхэн оюутнууд шинэ хувцасны хэдэн төгрөгөө зах дээр алдах нь их. Бас өнөө хэд шоу цэнгээн хөөж яваад халаасанд байгаа хэдээ үгүй хийх, дээрэмдүүлэх нь ч өдрийн хэдээрээ бүртгэгддэг гэнэ. Сургалтын төлбөрийг алдчихаад хэлэх үгээ олж яддаг нь ч цөөнгүй аж.

Есдүгээр сарын 1-ний сургаар гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа нөхдүүдэд өгөөш болохгүй арга бас байна. Биедээ бэлэн мөнгө авч явахаа л больчих. Автобусанд зорчих картаа аваад цэнэглэчих. Хувцас хунараа бэлтгэхээр зах гарахдаа банкны картаа л авчих. Захын худалдаачид бүгд төлбөрийн карт уншдаг машинтай болсон байна лээ.

Цайны газрууд ч ийм машинтай. Карт уншигч машин гүйлгээ хийхдээ нууц дугаар шаарддаг болсон. Картаа алдсан ч эрсдэл багатай. Сургалтын төлбөрөө дансаар тушаачихна. Мөнгөний зайлшгүй шаардлага гарлаа гэхэд хаа сайгүй АТМ байна. Тэгэхээр урьдынх шиг түрийвчиндээ мөнгөтэй явах шаардлагагүй гэсэн үг. Энэ нь гэмт этгээдүүдээс өөрийгөө хамгаалах нэг арга шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

“ӨДРИЙН СОНИН”-Ы 2013.01.18-Ы АРХИВ: Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та ардчиллын төлөө тууштай тэмцсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Таныг ардчилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?

-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нөхөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нисгэгч байсан болохоор тухайн үедээ өндөр цалинтай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөгжөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь “Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас “Алт худалдаж авч болно” гэсэн бичиг авчир” гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалгадаг байсан. Жишээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаагаас дээш тооны малтай байхыг зөвшөөрдөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөрдөггүй, алт зүүж болдоггүй нийгэм байлаа. Тиймээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чөлөөтэй нийгмийг байгуулж өгье гээд л ардчилалд эргэлтгүй орчихсон шүү дээ.

-Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж боддог байв уу?

-”Цөөн хэдэн сахилгагүй хүнтэй нийллээ” гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахилгагүй хүн биш боогдмол, хязгаарлагдмал нийгмийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа ардчиллын төлөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын төлөөх шинэ намуудын дарга болж улс төрд орсон. “Эрх чөлөө төв” төрийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний төлөө маш их тэмцсэн. Хэвлэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүйлийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж байсан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол “Миний эрхийг зөрччихлөө” гэж гомдол гаргадаг байгаасай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө “Эрх чөлөө төв”-д ажиллаж бас тэмцэж байлаа. Нэг нь санаатай, санамсаргүйгээр хүний эрхийг зөрчиж болдог. Харин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуцлагагүй зүйл. Хүн өөрийнхөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тиймээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хамгаалж ажилладаг байсан.

-Одоо эргээд харахад хүсээд байсан нийгмээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?

-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуулаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус байхыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, хараат бусаар амьдарч чаддаг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал оршин тогтнодог.

-Өнгөрсөн сонгуулиар ардчиллыг олуулаа сонголоо. Гэтэл иргэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түүнийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?

-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би “Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг болгоод өгөөч” гэж цаас бариад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна талаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгогдохоос өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрхтэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй болгооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй болгож чадсан.

-Одоо харин хөрөнгөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг боллоо…

-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө “Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна” гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, дотоодод байгаа бүх хөрөнгөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яахав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг байсан юм. Би тэр бүхнийгээ хөрөнгө, орлогодоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичихгүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ардчилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн банкинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учиртай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэмжинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Батзандангийн толгойд байгаа байх. Гэхдээ улстөрчдийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнзгийрүүлэхэд залуу насныхаа эрч хүчийг зарцуулаач гэж хэлмээр байна.

-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компанийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Батзандан гишүүн яриад байна. Магадгүй та оюутан байхдаа ашиглаж байсан АНУ дахь дансаа хаалгах шаардлага гарах нь дээ?

-Би “Ногоон нүдэн лам” номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ тохиолдолд гадаадын номын дэлгүүрүүдээс мөнгөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна. Гадаадад төлөөлөгчийн газар томилоод тэд миний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаараа гадаадад данс нээж л таарна. Энэ мэтээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг утгаараа гадаадын зах зээлд гарах туйлын сонирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс “Дэлхийн зах зээлд тэнцэх киног дэмжинэ” гэсэн бодлоготойгоор техникийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж байгаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесменүүдийг томор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай холбогдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нотлох ёстой.

-Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эргээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйсгэж байна гэж ярих хүн ч олон байна.

-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лондонгийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лондонгийн бирж дээр арилжаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данстай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан тушаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуудал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчих өд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эрхийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эрхийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнесменүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэдний эрхийг зөрчихөд дуугарахгүй бол үйлдвэрчнийхний, ард түмний эрхийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол уучлаарай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын баталгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хязгаарлах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?

-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэдийн төлөөлөл байх ёстой. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогчдодоо хэлж л байсан. Сонгогчид маань ч намайг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бусдаас илүүдээ сонгогдоог үй. Бусад хүний төлөөлөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны дараа гэнэт төгс хүн байж болохгүй.

-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.

-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын байгууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шалгалтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэдэнбал Филатова хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмөсөн нүүгээд явахад нь байнгын оршин суугчийнх нь үнэмлэхийг хураагаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэнийг авъя гэж зорьдоггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн болохыг бодно биз дээ. Тиймээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсынхаа иргэн болгох шаардлагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашигтай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаалтантай гэрлээд л болчихно байна шүү дээ.

-”Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү” гэж ханьдаа хэлэв үү?

-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, биенийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохирчихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Америкт оччихоод тэндэхийг шүүмжилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэтгэдэг.

-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяатаас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?

-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.

-Намынхаа нөхөртэй энэ талаар ярилцаж үзэв үү?

-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.

-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэдээллийн хэрэгслийн сэтгэгдлийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?

-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.

-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яагаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг байгаа юм уу?

-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт “Сэтгэгдлийг хариуцахгүй” гэсэн өгүүлбэр байдаг. Цаашид Засгийн газрын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.

-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?

-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэгдэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түүнээс сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.

-Бас кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл халдаад байгаа юм биш үү?

-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломжтой байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд “Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү” гэж байна лээ.

-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?

-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж тодорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй авчихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялангуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэрийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар албадан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?

-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зарлагдахаас айх хэрэггүй. Харин “Чи хэвлэлтэй байж болохгүй” гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэдийн шүүмжлэлд өртөж байгаагаа анзаарч байна уу?

-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тиймээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хүмүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гэр бүлийн сүлд модоо ингэж чимэглээрэй

Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөх аргагүй. Нийслэлийн төв талбайн сүлд мод гэрэлтэж, байгууллагуудын өмнө үзэмж төгс модод гялтганаж байна. Айл бүр сүлд модоо засч, шинэ жилийг гэртээ урьдаг. Сүлд модны өндөр нам, том жижиг нь тийм ч чухал биш. Эрүүл энхийг бэлгэддэг учраас өнгөний хувьд ихэнхдээ ногоон байдаг.

Мөн дорнын заншлаар хөх, цэнхэр, цагаан өнгийг ч эрүүл энхийн бэлгэдэл гэдэг. Ногоон саагаар сүлд модныхоо гол руу шахаж ороовол саглагар сүртэй харагддаг.

Мөн гэрлэн чимэглэлээ модныхоо гол руу ойртуулснаар дотроосоо гэрэлтдэг. Чимэглэлийн хувьд энэ жил том тоглоом зонхилж байгаа гэнэ. Үүнээс гадна гэр бүлийн гацуураа онцлог, халуун дулаан уур амьсгалтай харагдуулахын тулд гэр бүлийнхээ зургаар гацуураа чимэхийг зөвлөж байна.

Тухайн жилд танай гэр бүлд баяр баясгалантай, онцлог ямар үйл явдал болсон бэ. Тэр бүхний тань зураг гар утсан дээр чинь байгаа бол жижиг хэмжээгээр угаалгаад утсаар холбоод модондоо өлгөчих. Танайд зочилсон төрөл төрөгсөд, найз нөхөд чинь зураг үзэж сайхан дурсамжид хөглөгдөж, халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Мөн ирэх онд ямар ажил амжуулж, юуг хүсч мөрөөдөж байгаагаа харуулсан зургуудыг өлгөөрэй. Мөн хүүхдүүдийнхээ мөрөөдлийг бичүүлээд модоо чимсэн ч болно. Ийм чимэглэлтэй мод дэлхийд цор ганц байх бөгөөд юу юунаас илүү содон, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй.