Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Өс зангидсан зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлэхгүйн тулд залуус бид санаачилга гаргасан

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж, улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж өлсгөлөнгөө зогсоосон. Ажлын хэсэг ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ. Та бүхний зарласан өлсгөлөн үр дүнгээ өгөх эсэх талаар юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал өдрүүдэд зорин ярилцлага авч буйд баярлалаа. Ажлын хэсэг удаашралтай, ахиц багатай ч ажиллаж байгаа. МАН-ын гишүүд сонгуульд хэт анхаараад бусад асуудлууд орхигдоод байгаагийн нэг нь энэ ажлын хэсэг. Үр дүнгийн тухайд уг нь их тодорхой. УБЕГ-ын байцаагчийн шинэ тамга олгосон тэргүүтэй хэд хэдэн асуудлуудад нэр бүхий байгууллага, албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд ажиллаж байсан уу? гэдэг дээр л үнэлэлт дүгнэлт өгөх гэж байгаа. Ажлын хэсэг анхаарах асуудал бол хууль журам, ном ёсоороо хэрэгжсэн эсэхийг тогтоож, олон нийтэд, УИХ-д танилцуулна гэдэгт итгэж байна.

-Монгол Улс төрийн тэргүүнээ удахгүй сонгоно. Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу. Бүлгийн дарга Д.Ганбат гишүүн очсон байсан?

-Бүлгийн гишүүдийн хувьд нэгдсэн байдлаар дэмжинэ, эс дэмжинэ гэж ярилцсан зүйлгүй байна. Гишүүд хувь, хувийн байр сууриар оролцож байгаа. Олон нийтийн дунд, намын гишүүдийн зүгээс ч зүй ёсны Ардчилсан намыг үгүйсгэж тоглоомын намаас, захиалгаар нэр дэвшиж буй ч гэгдэж байна. Угаасаа ч сонгуулийн сурталчилгаа, штабынх нь байдлыг харахад С.Эрдэнэ нэр дэвшигч ялах гэж нэрээ дэвшүүлээгүй юм шиг харагдаж байна. Орон нутгийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ тулж ажиллахгүй, ухуулагчид авахгүй байна. АН-ын дүрмээр намын дарга штабын дарга, ерөнхий менежер байдаг. Гэтэл миний сонссоноор сонгуулийн туршлагагүй, сонгуульд ч оролцож байгаагүй хүнээр штабаа ахлуулж байна. Муу ч, сайн ч Ардчилсан намын нэг хэсэг байсан, одоо энэ нэрээр сонгуульд орж буй хүний эсрэг ажиллахгүй, гишүүд дэмжигчдээ өөр сонголт хийхийг уриалахгүй гэсэн байр сууринаас энэ удаагийн сонгуульд хандаж байна. Намын хувьд чухал хариуцлагатай сонгуулийг ингэж нэг удаа баллах нь дараа дараагийн сонгуулиудад үлэмж муугаар нөлөөлөх нь л харамсалтай байна.

Ардчилсан нам шат шатны сонгуулиудаас хамгийн өндөр амжилттай оролцдог нь Ерөнхийлөгчийн сонгууль. Өмнөх долоон удаагийн сонгуулийн дөрөвт ялж, үлдэх гуравт нь тун сайн өрсөлдөөн үзүүлсэн түүхтэй. Гэтэл ийм өндөр амжилт үзүүлдэг сонгуульд ялах ямар ч зорилгогүйгээр сонгуульд орж байгааг одоог хүртэл ойлгохгүй байгаа. Ялах зорилгогүй, яагаад ийм зохион байгуулалтгүй орж байгаадаа С.Эрдэнэ, М.Тулгат, Б.Өнөрбаяр нар намын гишүүдийнхээ өмнө тайлбар хийх ёстой. Хариуцлагын асуудал яригдаж таарна.

-Нэр дэвшигч С.Эрдэнийг сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын орон нутгийн гишүүд дэмжигчид эсэргүүцэж байгаа харагдсан. УИХ дахь Ардчилсан намын гишүүд буюу таныг үүрэг өгч эсэргүүцэл гаргаж байна гэх мэдээлэл цацагдаж байна. Та үүнд тайлбар өгөөч?

-Ардчилсан нам бол Ардын нам шиг үүрэг авч, үйлдлээ заалгадаг гишүүдтэй нам огтхон ч биш шүү дээ. Дарга тэг гэж заавар өгвөл харин ч улам эсрэгээр нь хийх зоригтой, зоргоороо гишүүдтэй нам. Тийм эрх чөлөөтэй, эрэмгий зоригтой гишүүд рүүгээ ингээрэй, тэгээрэй гээд үүрэг, даалгавар өгөөд суудаг хүн гэж байхгүй шүү дээ.

Намын гишүүд маань асуудлыг анхнаас нь ажиж, өөр өөрсдийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт хийгээд явж байсан нь тодорхой. Бид тамга, гэрчилгээнийхээ асуудлыг түр хойш нь тавиад тал талаасаа нэгдээд нэг сунгаа явуулж, нэг нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлье гэсэн хүсэлт тавьсныг хүлээж авалгүй өөрөө зүтгэснийг, УБЕГ, СЕХ гээд төрийн албан хаагчид хуулиас давсан хуудуутай үйлдлүүд гаргаад нэг талд үйлчлээд байгааг харсан гишүүд, дэмжигчид өөрсдийнхөө итгэл, үнэмшлээрээ л эсэргүүцэл үзүүлсэн гэж ойлгоод байгаа.

-Улсын дээд шүүхээс АН-ын тамганы асуудлыг аль ч талд нь шийдвэрлэсэнгүй. Тэгэхээр цаашид яах вэ. Ардчилсан нам дотооддоо эвтэй түнжинтэй байх боломж бий юү. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Эхнээсээ өнөөдрийг хүртэл эвийн талд байр сууриа илэрхийлж ирсэн. Боломж гарах бүрт эвлэрч нэгдье, эргээд үндсэн нам дээрээ, гишүүд дээрээ ирээч гэж олон удаа хүсэлт, гуйлт тавьсан. АН-ын хувьд эвтэй байх, эвлэрээд явах боломж бий. Тэр бол өс зангидсан ах нарын тэмцлийн хөлд намаа үрээд хаяхгүйн тулд ах нарыг зөвлөгч, дэмжигчийн байранд аваачиж, залуус бид намаа авч, ачааны хүндийг үүрэх явдал юм. Миний хувьд ах нар дагасан аль ч талтай нь хуваах, эсвэл булаалдах ашиг сонирхол байхгүй учраас энэ тэмцлийн дундуур санаачилга гарган орж эвлэрэх орон зайг нь бүрдүүлье, намаа бүтэн авч үлдье гэж л намын даргад нэрээ дэвшүүлсэн.

-Таныг намын даргын сунгаанд ялсан үеэс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх болсон, энэ үнэн үү. Ер нь сунгаанд ялснаар хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй төвөгтэй байдал үргэлжилнэ гэдгийг та мэдэж байсан уу?

-Гишүүд, дэмжигчдийн олонх нь нэг талдаа байгаа юм байна, намын дүрэм журмын хүрээнд байгуулагдсан хүчинтэй Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо нь энэ талдаа байгаа юм байна гээд л цаасан сонгуулийн талдаа бүртгүүлээд явснаас биш зарим нэгнийх нь сэвээд байгаа шиг ардаасаа удирдуулаад, дээрээсээ заалгаад байгаа зүйл үгүй. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг тийм ч ойр харилцаатай бишийг намын түвшинд мэдэх хүмүүс нь их сайн мэднэ дээ, уг нь. Улстөрчийн хувьд хүрч болох өндөрлөгт хүрч, төрийн өндөр албанаас бууж буй хүний тухай сайн, мууг нь дүгнэн ярих нь илүүц биз.

Нам гэлтгүй аливаа байгууллага, систем ахмад, дунд, залуу үеийнхэн аль алиных нь оролцоон дээр урагш явдаг. Манай намд үзэл бодол, үнэт зүйлийнхээ талд зогсдог, чин сэтгэлтэй олон ах нар, анхдагчид, ахмадууд бий. Гэтэл цөөн хэдэн олон жил сандал, ширээтэй зууралдаж, хувийн эрх ашгаа нийтийнхээс илүүд бодсон ах нарын одоог хүртэл АН-ыг өөрийнхөө гэж өмчлөн бодсон, өс зангидсан харилцаанаас энэ бүх маргаан үүсээд байна. Ийм учраас зарим ах нарын тэмцлийн хөлд намаа үрэгдүүлчихгүй бүтэн авч үлдэхийг хүссэн залуу үеийнхэн л санаачилга гарган нэгдэж намайг урдаа гаргаж дэмжиж ирсэн.

М.Тулгат тэргүүтэй залуустай уулзахдаа ч би энэ зарчмаа тодорхой хэлж байсан. Нэгнээ цавчихад бэлэн байгаа ах наргүйгээр Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Г.Оюунгэрэл гээд амжилттай өрсөлдөх, олонхоороо нэгдээд явах боломжтой нэг нэр дэвшигчээ СЕХ-нд өгөхөд анхаараад дундаа нэг сунгаа хийе гэж санал тавьсан ч бүтэлгүйтсэн.

-Ардчилсан намын дотоод зөрчил цаашид юу болох вэ?

-Шууд л сонгуулийн маргааш эвээ олоод нэгдэнэ, сөрөг хүчнийхээ байршилд оччихно, дараагийн сонгуульдаа бэлдээд цэгцрээд явчихна гэж хэлж чадахааргүй байна. Би л биш бол хэн ч биш, надгүйгээр АН гэж байх ёсгүй гэж боддог зарим ах нар зөвлөхийн байранд очоогүй цагт эвээ олно гэж хэлэхэд амаргүй. Мөн МАН төрийн байгууллагуудаар дамжуулан асуудлыг улам ужгируулах сонирхолтой байна.

Жирийн гишүүд, дунд, залуу үеийнхэн бид нэгдэж АН-ын зөвхөн хувийн эрх ашгаа бодсон, том толгойтой ах нарын зодооноос л гарах ёстой гэж боддог. Ийм учраас залуучууд маань нэг талдаа гарч, үндсэн олонх дээрээ ирж, намын дүрэм, брэндинг, бүртгэлээс эхлүүлээд олон зүйлсээ дундаа ярилцаж, цугтаа даруй шинэчлэхгүй бол дараагийн сонгуулиуд удалгүй болно. Тэр үед ингээд эвээ олохгүй сууж байвал АН улс төрөөс, тэргүүлэгчийн байр сууринаасаа арчигдах аюулын өмнө байгааг аль аль талынханд нь анхааруулж хэлмээр байна.

Товчхондоо нөгөө талд гарчихсан байгаа залуучуудыгаа бие даасан шийдвэр гаргаж, залуучууд бидэн дээрээ эргэн ирж чадвал цугтаа асуудлаа яриад шийдээд явах боломжтой гэж хардаг.

-М.Тулгат та нарын хооронд хувийн зөрчил бий юү?

-Бидний хооронд зөрчил, тэмцэл, үл ойлголцол байхгүй. М.Тулгатыг мэднэ. Өөрийн үзэл бодолтой, үнэт зүйлтэй залуу гэж хардаг. Харин саяхнаас Ардчилсан нам ус, тосоороо ялгарлаа, баруун, зүүнээрээ саллаа гэж хэлж байгааг нь сонсоод би төдийгүй намын олон гишүүдийн хувьд эмзэглэж, эгдүүцэж хүлээж авсан. Шонхор тауэрт суугаа цөөхөн хэд нь жинхэнэ эрх чөлөөний үзэлтэй тос нь, Ардчилсан намынхаа голомтод байгаа дийлэнх олонх 90-ээс илүү хувь нь байгаа гишүүдээ, өөрсдөөсөө бусдыгаа үгширсэн социалист үзэлтэй (ус нь гээд байх шиг) гэх байр суурийг дахин дахин илэрхийлж байгаад нь бид их эгдүүцсэн.

Өөрсдийнх нь талд гарч зогсоогүй, үзэл баримтлал, үнэт зүйлээ дагаж яваа бусдыгаа, жирийн гишүүдийгээ янз бүрээр нэрлэж, хоч нэр өгч, дайрч давшилж байгааг нь хараад дотроо харамсаж л суулаа. Даргын сэтэр, намын тамга биш гишүүд, дэмжигчдийн итгэл, дэмжлэг л уг нь чухал баймаар.

-Цар тахлын энэ нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах саналтай хүмүүс байсан. Ардчилсан намаас ч ийм санаачилга гарсан. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эрх баригчид хүч түрж, хүссэн сонголтоо ард түмнээр хийлгэхээр улайрч байгаа учраас л УИХ-д сонгогдсон АН-ын гишүүд үүнийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. АН-ын нэрээр нэр дэвших мандат авсан С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд маань ч хар машинд асуудал байна, сонгуулийг хойшлуулъя гэсэн санаачилгыг гаргасан. Өөрөөр хэлбэл, АН-ынхан дотроо асуудалтай байгаа ч аль аль талдаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус гэж үзэж ирсэн.

Нөгөө талаас АН-ыг оролцуулаагүй буюу хэлбэрийн төдийгөөр оролцуулсан нэр зүүх нь ард олны сэтгэлд сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэж би өмнө анхааруулж байсан.

-Ардчилсан нам дотооддоо эвээ олохгүй бол Монголын улс төрийн тавцангаас арчигдах вий гэсэн эмзэглэл намын гишүүдийн дунд ч, иргэдийн дунд ч байх шиг байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Тийм ээ, ийм эмзэглэл намын гишүүд, иргэдийн дунд байгааг үгүйсгэхгүй. Угаасаа Ардчилсан нам чинь ард түмнийхээ хайртай хүү нь, итгэл найдвар нь шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн үйл явдлуудыг дэнслээд харахад Ардчилсан нам засагт байсан цаг бүрт Монгол Улс хожиж, монголчууд ялсан байдаг. Үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах гээд иргэддээ ээлтэй ч, тухайн цагтаа эсэргүүцэлтэй олон шийдлүүдийг Ардчиллынхан гаргаж, үр шимийг өнөө хүртэл монголчууд бид нийтээрээ хүртсээр байна шүү дээ.

Ардчилсан нам бол өнөөгийн эрх баригчид шиг аргалж ажилладаг нам биш ээ. Гэтэл эрх баригчдыг хар даа. Ковидтой тэмцэх биш түүнийг яаж ашиглаж эрх мэдлээ өсгөх вэ, амжилтаа яаж ахиулах вэ гэдэгт л төвлөрч байна. Төрийн эрх мэдлийг хэт өсгөж, төсвийн хэмжээг тултал нь тэлж, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгаж, нэг намын, нэг хүний дарангуйлал руу улам бүр ойртон алхлаа.

Ийм учраас данхайсан төрийг цомхотгох, тэлсэн төсвийг агшаах, хоригдож, хашигдсан бизнесүүддээ боломж олгох баруун чигийн бодлогын орон зай, өөрөөр хэлбэл Ардчилсан намын бодлого Монголын улс төрд дутагдсаар удлаа. Иргэд олон нийт ч ийм бодлогыг хүлээж, Ардчилсан намыг аль болох хурдан эвээ олж, эргэн сэргэн манлайлаасай гэж хүсч байгаа байх гэж ойлгож байна.

-Тэгвэл та Ардчилсан намыг эвтэй хүчтэй байлгах чиглэлд юу хийх вэ?

-Ардчилсан нам хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж, хуулийн засаглалыг эрхэмлэж, иргэнийхээ эрхийг дээдлэх үзэл баримтлалын талд бат зогсоно.

Гэхдээ үүнийгээ иргэдэд ухуулан ойлгуулах арга ажиллагаандаа ахиц, өөрчлөлт гаргаж сонгогчдын ой тойнд дахин байршиж, ребрэндинг хийхээс ажлаа эхлэх ёстой гэж ойлгодог. Үүний тулд хуучны даргын гарт цугларсан эрхийг тарааж, гишүүдийгээ, намынхаа сонгуультнуудыг оролцуулдаг хамтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.

Технологийн дэвшил иргэн бүрийн дэргэд ирснээр илүү оролцох боломжийг олгож байна. Ийм учраас ирж байгаа цагийг ардчилал, хүний эрхийг дэмждэг улс төрийн намд илүү боломж олгож байгаа гэж ойлгодог. Бид л өөрсдийнхөө үзэл баримтлал, үнэт зүйл дээрээ бат зогсож чадвал түрүүн хэлсэнчлэн одоо дутагдаад байгаа барууны бодлогын хоосон орон зайг хүсэмжилж байгаа иргэдийнхээ итгэлийг олж 2024 оны парламентын сонгуульд ялалт байгуулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Түгжрэлийг цогцоор нь шийдэж чадвал хотын төвөөр 20 км/цагийн хурдтай явдаг болно

УИХын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


Нийслэлээс сонгогдсон УИХын гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилснаа УИХын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Түр хорооны хийх ажлын талаар танилцуулахгүй юу. Яаж ажиллах вэ?

-Улаанбаатар хотоос сонгогдсон 21 гишүүн Хотын тулгамдсан асуудлыг шийдэж хөгжүүлэх Түр хороо байгуулан ажиллаж байна. Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хот метрополис хотын ангилалд дүйцэхүйц том хот болчихлоо. Энэ хотынхоо эдийн засаг, нийгмийн олон талын тулгамдсан асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах, боловсронгуй болгох нь Түр хорооны үйл ажиллагааны үндсэн зорилго байна. УИХ-аар хэлэлцэх аливаа хууль тогтоомжийн төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудлаар нэгдсэн санал гаргах, эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах юм.

Түр хорооны хийх ажил бодит үр дүнгээ өгч чадах эсэхэд юу хэлэх вэ. Эхний ээлжинд ямар ажлуудыг хийх вэ?

-Хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ганцхан улс, нийслэлийн төсвийг хараад бүтэхгүй. Жил болгон улсын төсөв рүү байгаа бүхнээ татчихдаг асуудал Засгийн газар, Сангийн яам, Улаанбаатар хотын хооронд яригддаг. Нэг жишээ хэлэхэд, Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Гэтэл орон нутгийн мянга хүрэхгүй хүн амтай суманд 600 хүүхдийн сургууль шинээр барьчихдаг. Энэ мэтээр үр ашиг нь хэзээ өгөх нь мэдэгдэхгүй олон зуун тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийдэг асуудал байсаар ирсэн. өөрөөр хэлбэл, хотын төсвийг улсын төвлөрсөн төсөв рүү бүгдийг татаж байгаад орон нутаг руу талыг нь тараачихдаг. Эргээд хүн амын зонхилох цөм болсон Улаанбаатар хотдоо хөрөнгө оруулалт хийе гэхээр байдаггүй. Энэ бодлого дээр Улаанбаатар хотын гишүүд цул болж бодлогын дэмжлэг үзүүлж, хяналтаа тавьж ажиллах юм. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, Улсын төсвөөс татдаг байсан татаасыг багасгах тал руу ажиллана гэсэн үг. Мөн бонд босгох, концессын эрхийг нийслэлд өгнө.

Ингэснээр Улаанбаатарт, 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой болж байгаа.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлыг хийх вэ. Улаанбаатар хотод метро барих асуудал олон жил яригдаж байна. Энэ ажил хийгдэх боломжийг хэрхэн харж байна вэ?

– Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх зэрэг нэн тулгамдсан олон асуудлууд байгаа. Түгжрэлийг богино хугацаанд хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой байна, үүнийг дагаад төвлөрлийг яаж сааруулах вэ гэдэг бодлого дээр ач холбогдол өгч ажиллана.

Метро барих гэхээр төсөв, хөрөнгө нь байхгүй гацчихдаг байсан. Одоо бол хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөхөөр метро барих, хөнгөн галт тэрэг тавих, автозамуудаа өргөтгөж барих, нийтийн тээврийн хүртээмж, чанарыг нь сайжруулаад явна. Тухайлбал, Таван шараас, Амгалан хүртэл уртааш нь метро тавих, хотын төв рүү орохгүйгээр тойроод очих боломжтой гольцоо хэлбэрийн хотыг тойрсон зам барих тухай яригдаж байна. Мөн хөндлөн замуудын тоог нэмэгдүүлэх, баруун тийшээ Яармагийн замаас хойшоо нэвт гарсан шинэ гүүрэн зам барих ажлууд төлөвлөгдөж байна.

Нөгөө талаас түгжрэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь, оршин суугаа газар нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс хүүхдээ нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү зөөдөг асуудал юм. Хот төлөвлөлтийн стандарт гэж байх ёстой. Улаанбаатар хотын аль x дүүрэгт амьдарч байгаагаас үл хамаарч Зайсангийн үйлчилгээг авч чаддаг байх нь чухал. Жишээ нь, кино театр орохын тулд нийслэлчүүд бүгдээрээ л хотын төв рүүгээ явдаг шүү дээ. Ямар ч байсан ирэх дөрөв, таван жилийн дотор эхний ээлжинд Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороод сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй болгож, бусад үйлчилгээг авч чаддаг байхад анхаарна. Гэх мэтээр түгжрэлийг бууруулахын тулд тал талаас нь цогцоор нь асуудлыг бодолцож, хотоо хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм.

Одоо Улаанбаатар хотын төвөөр явж байгаа автомашинууд 8 км цагийн дундаж хурдтайгаар хөдөлгөөнд оролцож байна. Гэвч түгжрэлийг бууруулах асуудлыг цогцоор нь шийдэж чадвал 20 км цагийн хурдтай явдаг болох боломжтой гэж тооцоолж байна. Дээр нь хороо болгонд нийгмийн шаардлагатай үйлчилгээнүүдийг байгуулбал үүнээс ч илүү түжгрэлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

Гэр хорооллыг барилгажуулах ажил дээр ямар бодлого хэрэгжих вэ. Удаашралтай байна гэх шүүмжлэл гарч байгаа?

-Нийтдээ 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Бодит байдал дээр Улаанбаатар хот эрчим хүчний бүх нөөцөө шавхаад нэмж 50 мянган айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Үлдсэн 150 мянган өрхийг яаж дэд бүтцэд холбох вэ гэдэг асуудал тулгарч байна. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг барилгажуулна гээд тийшээ нэлээд эрчим хүчний шугам сүлжээ татсан ч өөрчлөлт гараагүй. Сонгогдсон компаниуд өөрсдөө газраа чөлөөлж, барилга бариад явахаар удаашралтай байна. Дээр нь байршлаас хамаарч, хямд үнэтэй, чанаргүй орон сууц барьж, борлуулах асуудал үүсч байна. Гэр хорооллын бүсийг цаашид яах вэ гэдгийг эргэж харж, бодлогын түвшинд авч үзэх, дахин тооцоо судалгааг хийж, үүн дээрээ үндэслэсэн шийдвэрүүд гаргаад явна. Одоо Засгийн газрын түвшинд иргэдээ орон сууцжуулах хэд хэдэн төслүүд хэрэгжээд явж байна.

“Залуус” хороолол, Шинэ Нисэхийн хажууд шинэ хотхон барих ажил талаар Барилга, хот байгуулалтын яамнаас төлөвлөлт хийгээд явж байгаа юм билээ. Эрчим хүчний эх үүсвэрийн тухайд, V цахилгаан станцыг барья гэдэг шийдвэр гарсан. Концессоор барина.

Энэ ажлууд хэзээнээс хийгдэх вэ. Цаг хугацааны хувьд ямар төлөвлөлтүүд гарсан бэ?

-Түр хорооны эхний хурал дээр ярилцана. Ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар орно. Хотын удирдлагатайгаа ярилцаад төлөвлөгөө, цаг хугацааны асуудал илүү тодорхой болно.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барина гэсэн. Үүгээр хотын ямар эрхзүйн асуудлыг шийдвэрлэх вэ?

– Түр хорооны ажлын эхний үр дүн бол удахгүй өргөн баригдах Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас харагдана. Тухайлбал, Газрын тухай хуулийг эргэж харах ёстой. Жишээ нь, замаа өргөтгөж шинэчлэх гэхээр газар чөлөөлөх асуудал үүсдэг. Газар чөлөөлөхгүйгээр зам барихаар нөгөө үндсэн том магистрал замаа барьж чадахгүй, туслах зам л барьдаг. Манай хотод хөндлөн явсан зам цөөхөн байдаг нь ийм учиртай.

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, “Майдар”, “Зуунмодхотыг шинээр байгуулах шийдвэр гарсан. Зарим гишүүд тэнд дэд бүтэц байхгүй учраас хот байгуулах асуудлыг дэмжихгүй байх шиг байсан?

-Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд “Майдар”, “Зуунмод” хот байгуулахаар зураг төсөл нь хийгдэж байна. Тэнд дэд бүтэц байхгүй нь үнэн. Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор эхний ээлжинд тэнд ажиллах хүмүүст зориулсан хотхон барих, ажилчдын гэр бүлд зориулсан сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм билээ. Ажлын байр, сургууль, цэцэрлэгийн байршлаас хамаарч иргэд орон сууцаа сонгон худалдан авч, төвлөрөл үүсдэг. Майдар хотод одоо усны судалгаа хийгдэж байна. Түүний дараа дэд бүтцийн судалгаанууд хийгдэнэ. Нисэхийн бас нэг давуу тал нь тэнд Богдхаант төмөр зам баригдаж байна. Тэгэхээр, ачаа, тээвэр ложистик, агаарын тээврийн том төв болох боломжтой бүс нутаг юм. Тиймээс оршин суугчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг эхний ээлжинд шийдчих юм бол өөрөө цаашаа хөгжөөд явчих боломжтой гэж харж байгаа.

Та одоо ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Энэ долоо хоногт, хэд хэдэн хуулийн төсөл өргөн барих гээд бэлдэж байна. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих гээд бэлдэж байна. Өнөөдөр Засгаас санал аваад энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, худалдаа аж үйлдвэрийн тэнхим нь дотроо салбар хариуцсан олон тэнхимтэй болох ажлуудыг энэ шинэ хуулиар оруулна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн найруулах гээд иргэдээс санал аваад эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт, Худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхим бусад тэнхимийнхэнтэй уулзалт хийж, бизнесийн эрх зүйн орчныг шинэчлэх хуулиуд дээр санал солилцлоо. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг яагаад ярьж байна гэхээр, өнөө маргаашгүй ковид дуусахаар яах вэ гэдэг асуудал үүснэ, эсвэл ковидын үед хэрхэн яаж гадаад хөрөнгө оруулалтыг татах вэ гэдэг асуудал чухал байна. Одоо байгаа эрх зүйгээр гадаадын иргэд Монголд зорчин ирэх асуудал зөрчигдөж байгаа учраас энэ нөхцөлд бүртгэлийн асуудлыг хялбар болгох, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх босгыг намхан болгож өгөх, лебаралчлах бодлого явуулж өгөхгүй бол Үндсэндээ манай улс Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. 2011-2012 оны үед нэг жилийн дотор 5.7 тэрбум ам. долларын гадаадын хөрөнгө оруулалт татдаг байлаа. Одоо оюутолгойгоос өөр хөрөнгө оруулалт байхгүй болчихсон. Одоо байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хууль чинь үндсэндээ уул уурхайн компаниудад зориулсан хууль болчихоод байна. Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг өөрчилж, шинэчилж, бусад салбар руу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулах боломжтой болгох ёстой. Цахим сүлжээ, мэдээлэл технологи, IT чиглэлийн компаниудаа дэмжье гээд яриад байгаа. Тэд гадаад зах зээлд гарахын тулд гадаадын компаниудтайгаа хамтрах зайлшгүй шаардлагатай. Тэгж байж гадаадад ч үйл ажиллагаа явуулна, дотоодод ч ажиллана. Тэгэхээр, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа нэлээд сайн хөхиүлэн дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг татахгүй бол ковидын дараа эдийн засгаа хөл дээр нь босгох асуудал чухал байна. Тиймээс бизнесийн орчныг эрүүлжүүлэх тал дээр нэлээд хэдэн хуулиудыг өргөн барина.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Мөнхбаатар: Монголд байгаа 15 төмөрлөгийн үйлдвэрийг яам бодлогоор дэмжиж ажиллана

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлтийг дагаад орон сууцны үнэ өсөх байх гэж таамаглаж байна. Яамнаас барилгын материалын үнийг тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт хийх вэ, тийм боломж нөхцөл хэр байна вэ?

-Монгол Улс Барилгын материалын 38,8 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын гол нэр төрлийн материал болох цемент үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хойш хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар үйлдвэрүүд жигд ажиллаж байна. харин манай улс цаашдаа дотоодын арматурын үйлдвэрлэлийг хөгжүүлж, чанаржуулахад бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай болж байна. Сүүлийн найман жил үнэ нь тогтвортой байсан төмрийн хүдрийн үнэ урд хөршид огцом өсчихлөө. Дээр нь бас тээвэрлэлтээс болж хүндрэл учирч байна. Замын-Үүдэд ачаа, тээврийн бөөгнөрөл, хүлээлт бий болсон нь барилгын материалын үнийн өсөлтөд давхар нөлөөлж байна. Олон улсын зах зээл дээр нэг тонн арматурын үнэ өнгөрсөн оны мөн үед 404.5 ам.доллар байсан бол энэ оны тавдугаар сарын 19-ний байдлаар 771.5 ам.долларт хүрч 90.7 хувиар өсөөд байна. Монгол Улс 2020 онд 240,1 мян/тн арматур импортолсон байна. монголд дотоодын 15 төмрийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны хувьд “Ковид-19” цар тахлаас шалтгаалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хК-иас бусад нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Энэ жилээс дээрх үйлдвэрүүдийн ажиллах хүчний асуудлуудыг шийдвэрлэн үйл ажиллагаануудыг нь эхлүүлээд байна. Дээрх үйлдвэрүүдээ салбар яам нь бодлогын хүрээнд ихээхэн дэмжин ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд маань төмрийг хайлуулаад арматур хийж эхэлж байгаа. гэхдээ хийж байгаа арматурын чанар дээр бид хяналтаа тавьж анхаарах асуудал бий. мөн Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах концессыг өгчихсөн байгаа. Энэ ажил урт хугацаандаа хэрэгжинэ. Дархан, сэлэнгийн бүс нутагт байгаа төмрийн хүдрээ баяжуулж, төмрийн хүдрийн үйлдвэрийг барьж байгуулах ажил руу зайлшгүй орох ёстой. урд хөршид үнэ өслөө л бол манайд дагаад барилгын материал, орон сууцны үнэ өсдөг ийм байдлаар цаашдаа удаан яваад байж болохгүй.

-Ипотекийн зээлийн хүү буурч зургаан хувь болсон. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэж байгаа гэж байсан. Энэ тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу өнгөрсөн 10 сард ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгосон нь манай салбарын хэмжээнд хийгдсэн чухал ажил байлаа. Зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгохдоо улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр, шийдэж чадсан нь давуу тал юм. Засгийн газраас зарласан “Эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөр”-т ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөг шийдэж өгсөн шүү дээ. монголбанкны ипотекийн хөтөлбөрт жилд 300-400 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөр зах зээлд гаргадаг. тэр мөнгийг нэг дахин нэмж, жилд 400 тэрбум төгрөг гаргаж байсан бол 800 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдсэн. Нийтдээ хоёр их наяд төгрөгийг ипотекийн зургаан хувийн зээлд тусгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг.

-Тэгэхээр, эх үүсвэрийн хэмжээ нэмэгдсэнээр ипотекийн зээлэнд илүү олон иргэн хамрагдах боломжтой болж байна уу?

-400 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байхад жилдээ 5-6 мянган хүн ипотекийн зээлд хамрагддаг. Гэтэл он гарснаас хойш тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 3515 иргэн зээлд хамрагдсан байна. энэ янзаараа бол энэ жил 10 мянган хүн ипотекийн 6 хувийн зээлэнд хамрагдах боломжтой байна. үүнийгээ дагаад барилгын компаниудыг борлуулалтын цусны эргэлтийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 15,639 айлын орон сууц ашиглалтад орсон. үүнээс 5,594 айлын орон сууц нь төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлэнд, 5,691 айлын орон сууц нь арилжааны банкуудын эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлээр борлуулагдсан.

-Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн харьцаа ямар байна вэ. Хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ. Одоо ашиглалтад орох дөхсөн хэдэн барилга байна вэ?

-Аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглалтад оруулсан барилга, байгууламжийн мэдээлэл, бүртгэлийн маягтын дагуу авсан мэдээгээр 2021 оны нэгдүгээр улиралд 2112 айлын 30 орон сууц, орон нутагт 428 айлын 16 орон сууц ашиглалтад орсон байна. Барилгын компаниуд маань цаашид зах зээлийн эрэлтдээ нийцүүлсэн бага, дунд орлоготой иргэдэд зориулсан боломжийн үнэтэй орон сууц барих тал дээр анхаарах хэрэгтэй. засгийн газраас бага, дунд орлоготой иргэддээ зориулж, хямд өртөгтэй, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцаар хангах зорилгын хүрээнд, “залуус” хороолол төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “5,000 орчим айлын орон сууцны цогцолбор хорооллын төслийг хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд 57 га талбайд барьж байгуулна. Одоо техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, зураг төсөл боловсруулахаар зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна. энэ оны 3 дугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн эхлүүлнэ.

-Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Хөшигтийн хөндийд дараагийн шинэ суурьшлын бүс, хот байгуулахаар болсон. Энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Уих-ын 2020 оны 55 дугаар тогтоолоор хөшигийн хөндийд “Шинэ зуунмод”, “Майдар” хотуудыг шинээр байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Шийдвэр гараад жил гаран хугацаа өнгөрч байна. ирэх долдугаар сард Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Үүнтэй холбоотойгоор хүссэн хүсээгүй тийшээ хөл хөдөлгөөн ихэснэ. эхний ээлжинд дор хаяж тэнд 800 албан хаагч очихоор байна. Гааль, татвар, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын газрын албан хаагчид очиж ажиллана. Аливаа хот, шинэ суурьшлын бүсийг ажлын байртай нь уялдуулж төлөвлөлтийг гаргах ёстой. Улаанбаатар хотод төвлөрч ирсэн хүмүүс дандаа ажлын байраа дагаад, ирсэн байдаг. Ажлын байргүй газар хэн ч ирэхгүй. Онгоцны буудал ашиглалтад орсны дараа тэнд ажиллаж байгаа хүмүүс өдөр бүр 20-30 км туулж ажилдаа ирж очих уу, эсвэл тэндээсээ байр худалдаж аваад амьдрах уу гэвэл мэдээж хоёр дахь сонголтыг дагана. Тиймээс ажлын байрыг нь дагаад Улаанбаатар хотын төвлөрлийг ийш нь задлах ёстой юм. энэ хөндийд Олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас гадна “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” авто зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүд тэнд хэрэгжиж байна. Эдгээр төслүүдийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт авто, агаар, төмөр замын холимог тээврийн нэгдсэн зангилааг бий болгохоор төлөвлөж байна. Олон улсын ачаа болон зорчигч тээвэр, гадаад, дотоод худалдааны урсгал бий болсноор энэ хөндий эдийн засгийн чөлөөт бүс нутаг болж хөгжих боломжтой. Уламжлалт болон шинэ үеийн түүх, соёлын аялал жуулчлал, орчин үеийн үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн чиглэлээр энэхүү бүс нутгийг хөгжүүлж, хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс шинэ суурьшлын бүс шинэ хот байгуулна. Нийтдээ 22,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж, орон нутагтаа хамтран ажиллаж байна.

-Ингэхэд Улаанбаатар хот зүүн тийшээ тэлэх төлөвлөлт байна уу?

-Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээрт ордог. Улаанбаатар хотын зүүн, баруун хоёр товчооны хооронд 25 км, Богд уулаас хойшоо зуслан хүртэл 18 км. Монгол Улсын газар нутгийн 0.01 хувьд хүн амын тал нь амьдарч байна. Арваад жилийн өмнө хотыг зүүн тийш, Налайх руу тэлэхээр төлөвлөж байсан. Гэтэл хонхорын тийшээ цэвдэг гарч ирсэн учраас одоо Яармаг, Морингийн даваа, хөшигийн хөндий рүү тэлэх ёстой гээд төлөвлөлт хийгээд явж байна.

-Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулахыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?

-Монголд эдийн засгийн чөлөөт бүс замын-үүд, Алтанбулагт хашаа хатгачихаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн чөлөөт бүсийг бодитой болгохын тулд яах ёстой юм бэ. энэ хөндий чөлөөт бүс болж хөгжих боломжийг олон талаас нь харж байна. Нэгдүгээр ажлын байр нь тээвэр ложистик, хоёдугаар ажлын байр нь чөлөөт эдийн засгийн бүс, гуравдах нь аялал жуулчлалын бүс байна. Жишээ нь, онгоцноос буусан Солонгос жуулчин мөнгөө хаана үрэх вэ гэдэг асуулт байна. Нөгөө бидний яриад байдаг том “молл”-ууд, казино, зочид буудал нь тэнд байх ёстой. Онгоцны буудлын хойхно талд худалдааны төвүүд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд байхаар төлөвлөж байна. Тэгвэл аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх юм бэ. Манзуширын хийд хажууханд нь байна. Байгаль орчны яамнаас Манзуширын хийдийг дахин сэргээхээр зураг төслийг нь хийж байгаа юм билээ. Мөн Төв аймагт “Угсаатны зүйн музей” баригдахаар барилгын зураг төсөл нь хийгдэж байгаа юм байна. Тэгэхээр онгоцноос буусан жуулчин музей үзээд, Манзуширын хийд ороод, цаашаа Тэрэлж рүү аялж болно гэх мэтээр олон талаас нь бүх юмыг цогцоор нь харж төлөвлөж, зураг төслийг нь гаргаж, судалж байна.

-Энэ төслийг хэрэгжүүлэхэд шийдэхэд хүндрэлтэй асуудал юу байна гэж харж байна вэ?

-Дулаан, цахилгааны эх үүсвэрийн асуудал. Эрчим хүчний яамныхантай уулзаж, энэ хөндийд дулаан цахилгааны эх үүсвэрийг ямар байдлаар шийдэх вэ гэж асууж ярилцлаа. хамгийн гол нь дулааны цахилгаан станц байгуулахад ус чухал байдаг. Манай дулааны цахилгаан станцууд дандаа голын хажууд баригддаг нь ийм учиртай. “ДЦС-V”-ыг барина гэж бид олон жил ярьж байна. Тиймээс “ДЦС-V” -ыг энд барих боломж бий юу гэдгийг судалж байна. Усаа яах юм, юугаар халаах юм, нүүрсээр халаавал нүүрс нь хаанаас ирэх юм. Багануураас татах уу, бас нүүрсээ аль төмөр замаар татах вэ зэрэг олон асуудлыг зэрэг судлах ёстой. Дээр нь нэмээд, мэдээж цэвэр, бохир усны асуудлыг шийдэх ёстой. хоногийн 20 мянган куб ус хүлээж авах багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж байна. ингээд яриад байвал маш олон зүйлийг цогцоор нь харж төлөвлөж байгаа юм.

-Цэвэрлэх байгууламж гэснээс орон нутагт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа гэсэн үү?

-Орон нутгийн Цэвэрлэх байгууламжийн асуудал сүүлийн жилүүдэд хүндэрч эхэлсэн. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Булган, хөвсгөл, Дундговь, хэнтий, Сүхбаатар аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг шинэчлэх төслийн явц дунджаар 80 хувьтай байна. үүнээс Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусч үлдсэн зургаан аймгийн ажил 2021 онд дуусахаар төлөвлөгдөөд байна. Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно.

Мөн Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр Увс, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Говьсүмбэр аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг барих ажлын сонгон шалгаруулалтыг шинээр зарлаад байна. Цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны агаар, хөрсний чанарыг сайжруулах ажилд бодитой хувь нэмэр оруулж, байгаль орчныг хамгаалах, гол, мөрний усны чанарыг сайжруулан, цэвэрлэгдсэн бохир усны үндэсний стандартын шаардлагыг хангах хэмжээнд хүргэхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих айл өрхийг ариутгах татуургын шугам сүлжээнд бүрэн холбох нөхцөл бүрдүүлсэн ач холбогдолтой юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: АН-ын бүлгийн 11 гишүүн гаднаас хүн хайж, орой дээрээ залах нь өөрсдийгөө үгүйсгэж байгаа үйлдэл

Ардчилсан
намын дарга М.Тулгаттай ярилцлаа.


-Ардчилсан
намын дотоод асуудал хурцдаж, олон үйл явдал зэрэг өрнөж байна. Удахгүй Монгол Улс
төрийн тэргүүнээ сонгоно. Гэтэл намын асуудал шийдэгдээгүй байгаа тухайд намын шинэ
даргаар сонгогдсон таны хувьд юу хэлэх вэ?

-Аливаа асуудал
хуулийн хүрээнд явагдах ёстой. Бид намын шинэ удирдлагыг бүртгэх асуудлыг Улсын
дээд шүүх хуулийн дагуу шийдэж өгөхийг хүлээж байна. Нөгөө талд хэсэг бүлэг нөхдүүд
шүүх болон төрийн холбогдох байгууллагуудад нөлөөлөхөөр бүх л аргаа хэрэглэж байх
шиг байна. Сая Сонгуулийн ерөнхий хороо цахим сунгаагаар тодорсон Ерөнхийлөгчид
нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнийг албан ёсоор бүртгэж авлаа.Ийнхүү бүртгэж авахдаа
дээд шүүхийн лавлагаанд үндэслэсэн гэж байсан. Энэ бол хууль ёсны нам энэ талд байгааг
нотлох нотолгоо. Ардчилсан нам одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд ороод явж байна.
Ажлуудаа төлөвлөөд, шийдээд явж байна, айхавтар хүндрэл учраад байгаа зүйл байхгүй.

-Ардчилсан
намын УИХ дахь бүлгийн гишүүд долоон өдөр Төв талбай дээр өлсгөлөн зарлаж, эцэст
нь хамтарсан ажлын хэсэг байгуулах болсноор, өлсгөлөнгөө зогсоолоо. Мөн Ардчилсан
намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг эргүүлэн татах асуудлыг СЕХ–д
өгсөн гэдэг мэдээлэл цацагдлаа. Тэгэхээр намын дотоод маргаан цаашид ч үргэлжлэх
шинжтэй байна уу?

-Хууль тогтоогчид
маань өөрсдөө хуулийн хүрээнд биш, эрх мэдэл, албан тушаалаараа далайлган хүчээр
асуудлыг шийдэх гэж оролдож байгаад харамсаж байна. Манай талд Ерөнхийлөгч нь байна,
УИХ-ын гишүүд нь байна, шүүхэд нөлөөлөл нь байна гэх мэтээр асуудлыг хүчээр шийдэх
гэж оролдсоор ирсэн. Сүүлдээ болохоо болиод ирэнгүүт айлын эрх хүүхдүүд шиг өлсгөлөн
зарлалаа. Хаашдаа хуулийн хаалга мөргөх зүйл дээр С.Ганбаатар гишүүн гэх мэт хүмүүсийг
дуурайж өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээ хохироох үйлдэл гаргасан нь харамсалтай. Хүчээр
шийдэхгүй ээ, хуулиараа шийднэ. Дураараа явахгүй ээ, дүрмээрээ явна. Ялахын тулд
үнэт зүйлээ худалдах биш, ялахын тулд үзэл санаан дээрээ тууштай, зоригтой зогсох
ёстой.

Ямар
ч ажлын хэсэг УИХ дээр байгуулж болно, гол нь хууль тогтоох байгууллага өөрөө төрийн
байгууллагуудын хараат бус үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлж болохгүй. Тэдгээр
байгууллага зөвхөн хуульд захирагдаж ажлаа хийх ёстой.

-Та өлсгөлөн зарлаж байгаа
гишүүдтэй уулзах гэж Төв талбай дээр очсон ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад уулзаж
чадаагүй.Өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзахаар очихдоо юу ярих гэж байсан бэ?

-Ардчилсан
намын гишүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон. Манай намаас гарсан УИХ-ын гишүүд
учраас анхаарал тавьж, болж буй асуудлуудын талаар санал солилцох зорилгоор очсон.Дөхөөд
очсон чинь асуудалд экстремист байдлаар хандаж, хамт явсан хүмүүсийг элдэв үгээр
дайрч, энд тэндээс цохиж, зулгааж угтсан. Ардчиллын зарчим бол өөрийнхөө үзэл бодлыг
бусдад тулгадаггүй. Өөрөөс нь өөр үзэл бодолтой байлаа гээд үснээс нь зулгааж, доромжилж,
хүч хэрэглэх байдлаар асуудалд ханддаггүй. Бусдын үзэл бодол, байр суурийг хүндэтгэх,
хүлээцтэй сонсох, өөрийнхийгөө тайван замаар илэрхийлэх гэдэг бол ардчиллын соёл.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
Н.Алтанхуяаг нар Ардчилсан намын бүлэгт элсэхэд та эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн.
МАН буюу эрх баригчид үнэмлэхүй олонх байгаа энэ үед Ардчилсан намын бүлэг олуулаа
болох нь сайшаалтай гэж тайлбарлах хүмүүс байна. Энэ утгаар нь авч үзвэл дэмжих
нь зүйтэй биш үү?

-Хууль
тогтоогчид маань өөрсдөө хуулиа мэдэхгүй байна. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд
маш тодорхой заасан байгаа. Хуучин шиг дураараа бүлэг сэлгэж явах боломжгүй болсон.
Түүнээс гадна эдгээр гишүүдийг Ардчилсан намд элсүүлэнгүүтээ маргааш нь Ерөнхийлөгчид
нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оруулсан. АН-ын Үндсэн дүрэм зөрчсөн асуудал.
Н.Алтанхуяг гишүүн 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж, Ардчилсан намын нэр дэвшигчидтэй
өрсөлдөж ялалт байгуулсан. Энэ тухайд АН-ын Үндсэн дүрмийн 3.9.1.19-д хариуцлагын
заалт тодорхой заасан байгаа. Дөрвөөс найман жил Ардчилсан намын дотоод сонгуульд
оролцох эрхгүй. С.Ганбаатар гишүүний тухайд хэт зүүний неонацист нөхөр. Ардчилсан
намын үзэл баримтлалаас тэс өөр үзэл баримтлалтай. Нэг шөнийн дотор 180 градус өөрчлөгдчихдөггүй
л юм бол. Мөн л АН-ын Үндсэн дүрмээр буюу 3.6.1.3-т зааснаар төрийн болон дотоод
сонгуульд нэр дэвших хүн намд зургаан сарын өмнө элссэн байх заалттай. Үүнийг зургаан
цаг гэж андуураагүй байлтай. Сайн ажиллаж чадвал бүлгийн 11 гишүүн маш хүчтэй сөрөг
хүчин байх боломжтой. Харин гаднаас хүн хайж, орой дээрээ залж байгаа нь өөрөө өөрсдийгөө
үгүйсгэж байгаа үйлдэл.

-УДШ дээр таныг албан ёсоор
бүртгэж авсны дараа буюу хууль ёсны АН-ын дарга болбол та намын эв нэгдлийг хангах
чиглэлд юу хийх вэ. Одоогоор АН дотооддоо асуудлаа шийдэх нь хамгийн чухал байгаа
шүү дээ?

-Гэрчилгээ
тамга тэмдэг бол эрх зүйн хувьд баталгаажуулж байгаа зүйл болохоос биш Ардчилсан
намын уураг тархи, амин сүнс нь итгэл үнэмшил, үзэл санаа, гишүүд болон дэмжигчдийнхээ
итгэл сэтгэл, оролцоогоор хангагдана. Манлайлагч, удирдагч хүн бусдаар хүлээн зөвшөөрөгдөх
ёстой. Баг хамт олон нь хүлээж авахгүй бол тэр хүн ямар ч сайхан зүйл яриад, төлөвлөөд
нэмэргүй. Тэгэхээр нэн түрүүнд гишүүдтэйгээ өргөн хүрээнд уулзалт хийх, санал солилцох,
намын шинэ удирдлагын хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудыг танилцуулж, хамтын оролцоог
хангаад явах шаардлагатай. Ардчиллын 30 жилийн түүхийн талаар системтэй, бодитой
ойлголт гишүүд дунд өгөх шаардлага байна. Ардчилсан нам дотроо хагаралдаж, бие биенээ
үгүйсгэж, дайрах нь өнгөрсөн түүхийг хэрхэн харж байна вэ гэдгээс шалтгаалж байдаг.
Манай намын үе үеийн лидерүүдийн гавьяа, алдаа оноог нь хэн яаж харж байна гэдгээс.
Тиймээс бид түүхийг үзэх үзэл гэдэг зүйлээ аль болох нэг, ойролцоо болгох ёстой.
Цаашид Ардчилсан нам дотоод ардчилалтай байх тэр бололцоог нь цахим ардчилал хангаж
өгөх ёстой.Намын дотоод санал хураалт, санал асуулга, рейтинг тогтоох судалгаа,
гишүүдийн оролцоог хангах зэрэгт гаднаас нөлөөлөх боломжгүй, араас нь засварлах
боломжгүй, блокчэйн зэрэг орчин үеийн технологи дээр суурилсан найдвартай системийг
хөгжүүлж, зардал чирэгдэл болдог олон үйл ажиллагааг цахимаар шийдэхээр төлөвлөж
байна.

-Одоогоор та албан ёсоор
намын даргын ажлаа хүлээж аваагүй учраас ажилдаа гүнзгий орж чадахгүй байдалтай
байна уу?

-Эхлээд
хууль дүрмийн дагуу асуудал нэг талдаа шийдэгдэхийг хүлээж байна.Дараа нь намын
доторх эв эе, ойлголцлыг бий болгохын тулд бүх түвшинд бүх талуудтай уулзалт, яриа
хөөрөө хийгээд явах ёстой гэж бодож байна. Би Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө
яг л өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар, Ардчилсан нам аюулд орчихож, шинэчлэгдэх ёстой,
ард түмний итгэл найдвар болсон нам болж эргээд босч ирэх ёстой гэдэг бодлоор нэрээ
дэвшүүлж өрсөлдсөн. Тиймээс нэг цаг минутыг ч зүгээр өнгөрөөж болохгүй.

-Ардчилсан нам дараагийн
шинэ даргаа сонгох сонгууль болохоос өмнө Ардчилсан намын дараагийн шинэ дарга ямар
хүн байр ёстой вэ гэдэг дээр танай намын нөлөө бүхий хүмүүс өөр өөрсдийн байр сууриа
илэрхийлж байсан. Ихэнхдээ “зоригтой, хэн нэгний гар хөлболохгүй, шударга, зарчимтай
ажилладаг хүн байх ёстой” гэж хэлж байсан. Та энэ шалгуурт хэр нийцэх вэ?

-Нийцнэ
гэж бодож байна. Намын дарга хүний хамгийн чухал чанар бол үзэл баримтлалдаа болон
зарчимд тууштай байх явдал.Тэс хөндлөнгийн үзэл баримтлалтай хүнийг намын гишүүнээр
элсүүлэнгүүтээ, маргааш нь Ерөнхийлөгчийн сунгаанд оруулдаг, өөрөөр хэлбэл үзэл
баримтлал гэдэг зүйлийг уландаа гишгэсэн хүн байж болохгүй. Хоёрт, намын дарга хүн
намын үндсэн дүрэм болон дотоод ардчиллын манаач нь байх ёстой. Би дарга нь гээд
дүрмийг өөрийнхөөрөө тайлбарлаж, өөрийн эрх ашигт нийцүүлдэг байж болохгүй. Мөн
намын дүрмээс харш үйл ажиллагааг хянаж чаддаг, мөн зохих хариуцлагыг үүрүүлж чаддаг
байх нь чухал. Ер нь надад нэг зарчим бий. Аливаа улстөрчид, намын лидерүүд улс
төр хийж болно, өрсөлдөж болно. Гэхдээ цаад үр дагавар юу байх вэ гэдгийг үргэлж
давхар бодолцох ёстой. Улс төрийн оноо авахын тулд, улс төр хийхийн тулд Монголын
ард түмний нийтлэг эрх ашгийг хөндөж болохгүй. Жишээ нь, зарим улстөрчдөөс гарч
байгаа шиг иргэдээ үймээн самуунд турхирсан, цус урсгасан мөргөлдөөнийг дэмжсэн
байр суурь илэрхийлж хэрхэвч болохгүй. Яахав, лидер хүн бүр өөр өөрийн онцлогтой,
арга барилтай байдаг. Хамгийн гол зүйл нь зарчим, үнэт зүйлийнхээ төлөө хатуу зогсдог
байх тэр чанар чухал.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн
бэлтгэл ажилдаа шуурхайлан орсон гэж та ярилаа. АН энэ сонгуульд хэр амжилттай оролцож
чадах вэ?

-Давна
гэж бөх барилддаг, ялна гэж сонгуульд ордог. Ялах бололцоо бүрэн бий. 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар ч тэр, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэр нөхцөл байдал өнөөдрийнх
шиг амаргүй байсан. Эрх баригч нам хүч түрж, зогсоо сайгүй хэвлэл мэдээллээр балбаж
байсан ч, Монголын ард түмэн Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгож байсан.Монголын цаашдын
хөгжилд улс төрийн тэнцвэр чухал. Парламентад хэт олонх болсон нам хүч түрэх байдлаар
асуудлыг шийдэж, иргэдийн эрх ашиг хохирч байгаа бол, эдгээрийг хазаарлах, тэнцвэржүүлэх
үүргийг Ерөнхийлөгч гүйцэтгэнэ. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт нь төрийн машины
аварга том араа шүд эргэлдэх явцад хаягддаг, орхигддог, эрх ашгаараа хохирдог иргэдээ
хамгаалах, өөрөөр хэлбэл хүний эрхийг онцгойлон хамгаалах чухал үүргийг гүйцэтгээсэй.
Хэт олонх болсон эрх баригчид Үндсэн хуулийн үзэл санааг мушгиж, өөрсдөдөө ашигтайгаар
эргүүлэхээс хамгаалж, тэнцвэржүүлэн, парламентын ардчиллыг хамгаалж ажиллах ёстой.

-Аливаа улс төрийн нам
сонгуульд хамгийн рейтинг өндөртэй, ялах магадлалтай хүнээ дэвшүүлж өрсөлдүүлдэг.
Нөгөө талаас нийгэмд нэр хүнд нь унасан С.Эрдэнэ гэдэг хүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүх
захиалсан гэдэг шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Хүмүүс
нэг юмыг буруу ойлгоод байна лээ. Намын дарга нь сууж байгаад нэр дэвшигчээ шийдчихдэг
юм шигээр. Тийм биш. Манай намын дүрмээр дотооддоо сунгаа явуулж, намын нийт гишүүдээс
хамгийн олон санал авсан хүнийг нэр дэвшигчээр сонгодог. Тэр сунгааг Дотоод сонгуулийн
хороо гэдэг бие даасан байгууллага зохион байгуулдаг. Энэ нь намын удирдлагаас хараат
бус. Сая бол хоёр талд хоёр сунгаа болж, нийт найман нэр дэвшигч дунд гишүүдийн
санал нэлээд хуваагдсан. Ардчилсан намын даргаар үндэсний хэмжээнд ажилласан, олон
жил гишүүн, сайд хийсэн, өөрийн гэсэн хатуу дэмжигчидтэй, хөл сайтай улстөрч тэр
дундаас гараад ирэх нь тийм гайхаад байх зүйл биш. Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал гэсэн
нэр дэвшигчид маань сунгааны үр дүнд эргэлзэж байх шиг байсан, тэр хоёрын хувьд
дэмжигчдийн сегмент нь төстэй, өөрөөр хэлбэл хоорондоо саналаа хуваах магадлал өндөртэй
байсан болов уу. Авсан саналыг нь нийлүүлэхээр 47 хувь болж байна лээ. Нэр дэвшигч
С.Эрдэнийн хувьд ардчиллын төлөө амьдралынхаа 31 жилийг зориулчихаад, насаараа тэмцэж
нэгийгээ үзэлцэж явсан пост-коммунистууд дээр очоод “би ялагдаад өгье” гэж хэлэх
үндэс байхгүй, би лав тийм ярианд хэзээ ч итгэхгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг
бодит чадлаасаа хэтэрсэн өндөр байж байгаад харин хурдтай унаж байна. Манай нэр
дэвшигчийг хэтэрхий харлуулж, сошиал троллуудаар нүдүүлж, бодит байдлаас хэт доор
байсан, одоо харин хурдтай өсч байна. Ер нь ардчиллын хамаг лидерүүдийг шат дараалан
харлуулж, бөөн бөөнөөр нь шоронд хийх, дарамтлах явдал сүүлийн 3-4 жилд эрчимтэй
явагдлаа шүү дээ. Намын дотоод сунгааны тухайд цаашид сайжруулах зүйл бий. Цахим
шилжилтийн хүрээнд систем хөгжүүлэлтийн хувьд ч сайжруулах шаардлагатай. Би ажлаа
бүрэн аваагүй, одоохондоо дотоод сонгуулийн дүрэм, журам, цахим системийн асуудал
руу орж амжаагүй байна. Ер нь цаашид дотоод сунгааг хоёр шатлалтай болгох нь зүйтэй
гэж үзэж байгаа. Олон хүн нэр дэвшиж хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадахгүйгээр
саналаа хуваасан бол хамгийн олон санал авсан хоёр хүн дээр хоёр дахь шатны санал
хураалт явуулах зарчмыг намын дүрэмд суулгаж өгөх шаардлагатай. Үндэсний хэмжээний
намын даргыг сонгох сонгуулиас авахуулаад, дунд болон анхан шатны намын даргын сонгуульд
хамгийн олон санал авснаар нь биш, “50%+ 1”зарчмыг буюу олонхийн дэмжлэг авсан хүнийг
шалгаруулдаг болох нь намын дотоод зөрчлөөс сэргийлэх, эв эеийг хангахад нэн чухал
юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: Ардчиллыг хамгаалах цаг үе ирчихээд байгаа учраас би өөрийнхөө нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхийг зөвшөөрсөн

– ХУУЛЬГҮЙ, ДҮРЭМГҮЙ ААШИЛЖ БАЙГ АА НӨХДҮҮДИЙН ҮЙЛДЛИЙГ БИД ӨӨГШҮҮЛЭХГҮЙ –


Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан нам хоёр талд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулсан. Сонгуулийн ерөнхий хороо таны материалыг хүлээж авлаа. Гэхдээ нөгөө талд АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаж, таныг эсэргүүцэж байна. үүсээд байгаа нөхцөл байдалд юу хэлэх вэ?

-Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлж, Улсын дээд шүүхийн албан ёсны лавлагаатай нам төлөөлөх эрх бүхий хүмүүсийн бичиг баримтыг хүлээж авна гэж анхнаасаа илэрхийлж байсан. Энэ дагуу С.Эрдэнийн материлыг хүлээж авлаа. Хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хүмүүс нь өөрсдөө хууль бус үйлдэл шаардаж, төрийн байгууллагуудад дарамт үзүүлж, ёс зүйгүй аашилж болохгүй. Яахаараа УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байдаг юм. Хууль хяналтын байгууллагад ном дүрмээр нь асуудлыг тавих ёстой. Нөгөө талаас хэн олон хүн цуглуулсан талд нь хууль үйлчилдэг болчих юм бол энэ улсад хууль дүрэм байгаад хэрэг байгаа юм уу. Улсын дээд шүүхээс АН-ыг албан ёсны төлөөлөх эрх бүхий этгээд С.Эрдэнэ хүчинтэй хэвээрээ байна гэдэг тайлбар лавлагаагаа СЕХ-нд өгсөн. СЕХ Улсын дээд шүүхийн тайлбар лавлагааг үндэслэж шийдвэрээ гаргалаа. Өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа гишүүд бол Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд үүрэгжүүлсэн заалт байгаа шүү дээ. Төрийн бүх шатны байгууллагууд, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан байдаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад өрсөлдөхөөр шийдсэн бэ. Энэ таны шийдвэр байсан уу?

-Би Монголд Ардчилсан хувьсгал эхлэх цагаас хойш өнөөдрийг хүртэл 31 жил ардчиллын төлөө явж байна. Цаашдаа ч үлдсэн амьдралаа Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ардчиллын төлөө зориулна. Энэ бол миний амьдралдаа тавьсан зорилго, тангараг юм. Би хэзээ ч Ардчилсан зарчмаас ухарч яваагүй. Намайг нугалах гэж маш олон удаа оролдож, шүүх, шорон гяндангаар айлгаж үзлээ. Янз бүрийн зохиомол хэрэг үүсгэж, янз бүрийн байдлаар дарамтлах гэж үзлээ. Тэглээ гээд би хэзээ ч намаасаа урваж байгаагүй, үнэт зүйл, үзэл бодлоосоо ухарч байсангүй. Өнөөдөр Монгол Улсад Ардчилал, шударга ёсыг бодит байдал болгож, үүнийг хамгаалъя гэж байгаа бол Хүний эрх, эрх чөлөө, Ардчиллыг хамгаалахгүй бол болохгүй. Тийм цаг үе ирчихээд байгаа учраас би өөрийнхөө нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Би өөрөө өөрийгөө дэвшүүлсэн юм биш. АН-ын удирдлагууд тодорхой түвшинд ярьж, хэлэлцэж, зөвшилцөж байгаад намайг дэвшүүлье гээд “Та зөвшөөрөх үү” гэж асууж гарсан шийдвэр. Тэрнээс биш С.Эрдэнэ сайн дурандаа би Ерөнхийлөгч болъё гэж зүтгээд байгаа юм байхгүй.

-Нөгөө талаас тантай хамт нам дотроосоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар санал хураалт шударга болоогүй гэж мэдэгдсэн. Та хэдэн хувийн саналыг авсан юм бэ?

-АН-ын мянга, мянган гишүүдийн дунд шууд санал хураалт явуулсан. Дотоод сонгуулиар би хамгийн олон саналыг авсан учраас нэр дэвшиж гарч ирсэн. Санал хураалтаар хууль бус, шударга бус зүйл нэг ч гараагүй. Ер нь яахав, сонгуульд хоёр хүн өрсөлдөөд нэг ялж, нөгөө нь ялагддаг. Ялагдсан тал нь янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Зарим ухаантай холыг хардаг хүмүүс нь ялалт байгуулсан хүндээ баяр хүргээд, амжилт хүсээд хамтраад баг болоод явдаг. Яахав, гомдолтой, бухимдалтай, асуудлыг ойр хардаг хүмүүс нь янз бүрийн шалтаг, шалтгаан ярьдаг. Үнэхээр луйвар булхай гарсан гэж байгаа бол тэрийгээ нотлох хэрэгтэй. Манай нам чинь дотоод хяналтын байгууллагатай учраас нотолгоотой, баримттай зүйлийг шалгаж тогтоох боломжтой.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөөд иргэдийн санал, дэмжлэгийг хэр авч чадна гэж бодож байна вэ. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэр амжилттай оролцож чадах вэ. Та ялалт байгуулах боломжийг хэрхэн харж байна вэ?

-Ялалт байгуулах боломж бүрэн бий. Өнөөдөр нийгэмд Ардчилсан намыг хүлээсэн Ардчилсан намд асар их итгэл найдвар тээсэн, нийгмийн уур амьсгал хүчтэй байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд улс оронд юу болоод өнгөрөв. Төрийн бүх шатанд хууль дүрэм журам хэрэгжиж байна уу. Болж, бүтэж байгаа юм алга шүү дээ. Тийм учраас маш хүчтэй сөрөг хүчний дуу хоолой нэгдүгээрт шаардлагатай байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ талд дуугардаг, ард түмнээ өмөөрдөг, шударга ёсыг шаарддаг, аль нэг улс төрийн намд үйлчлээд байдаггүй, хэн нэг хүний эрх, эрх чөлөөг хөндөөд байдаггүй, хүний хувийн өмчийг дээрэмдээд байдаггүй, яг хууль дээдлэх зарчмаар шаардаж чаддаг, монгол хүн бүрийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж чаддаг, тийм л Ерөнхийлөгчтэй байх ёстой. Тэгж чадвал энэ улс оронд өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх том гарц бий болно гэж харж байна. Тэр утгаараа би энэ зорилтыг хангах, бодлого шийдвэрээ олон түмэнд хүргэж ойлгуулж чадвал, олон түмний дэмжлэгийг авч чадна гэж бодож байна.

-Тэгэхээр одоо таны хувьд хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Ерөнхийлөгчийн сонгууль хэр өрсөлдөөнтэй, шударга болно гэж бодож байна вэ?

-Сонгуульд өрсөлдөгчдийн 100 хувийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж харж байна. Хоёрдугаарт, өрсөлдөгчөөр тодорсон нэр дэвшигч хүмүүсийн мөрийн хөтөлбөр, зорилго, сонгуулийн нөхцөл байдлыг одоогоор харж, судалж, дүгнэж уншиж амжаагүй байна.Тийм учраас өрсөлдөгчдөө энэ нь хүчтэй, энэ нь сул гэж хэлэхэд арай эрт байна.

-АН-ын дотоод тэмцэл улам хурцдаж байх шиг. АН дотооддоо эвтэй түнжинтэй байх боломж хэр байна вэ. Одоогийн нөхцөл байдлаас таны хувьд ямар нэг алхам хийх үү. Өлсгөлөн зарласан бүлгийн гишүүдэд хандаж юу хэлэх вэ?

-АН өнөөдөр хоёр хуваагдсан зүйл ерөөсөө байхгүй. Олон удаа би энэ тухай хэлж ярьж байна. Хэн нэгэн нөхөр гудамжаас сайн дураараа гарч ирээд би АН-ын дарга, хуулийн этгээд гээд яваад байж болохгүй. Улсын дээд шүүхээс АН-ын хууль ёсны бүртгэлтэй хуулийн этгээд нь үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг шийдвэрлэлээ. АН-ын шинэ даргаар М.Тулгатыг дэвшүүлсэн. Энэ бүртгэлээ хийлгэх гээд Улсын дээд шүүхэд хүргүүлсэн, удахгүй шийдвэрээ гаргах байх. Тиймээс ямар нэг байдлаар хоёр Ардчилсан нам гэдэг асуудал байхгүй. Хууль бус зүйл хууль бус л байдаг. Өөрсдийгөө УИХ-ын гишүүн учраас АН-ыг бүрэн төлөөлөх эрхтэй гэж цээжээ дэлдээд байгаа нөхдүүдэд хэлэхэд, тийм хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй юм гэж сануулъя. АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд бол Ардчилсан намын нэр дээр бүлэг байгуулах эрхтэй. Бүлгээрээ дамжуулж төрийн удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцдог. Бүлгээс гарвал бие даасан гишүүн болдог. Хувь хүнийхээ хувьд УИХ -ын гишүүнийхээ эрхийг эдлээд явах бо-ломжтой.

Нөгөө талаас өөр намаас сонгогдсон, бие дааж гарсан гишүүд аль нэг намын бүлэгт албан ёсоор орох боломж байхгүй. Тийм хуулийн зохицуулалт байдаггүй.

Тиймээс АН-ын бүлэгт С.Ганбаатар, Н.Алтанхуягийг хүлээж аваагүй. АН-ын бүлэг өнөөдөр 11 УИХ-ын гишүүний төлөөлөгчтэй. Энэ 11 гишүүнээс албан ёсоор хүсэлтээ гаргаад бүлгээс гарч болно. Тэрнээс биш өөр намын гишүүдийг АН-ын бүлгийн гишүүд гэж зарлан, дур мэдэн элсүүлж авах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй шүү.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намаасаа өөрийн хүсэлтээр гараагүй, хөөгдсөн байсан. Харин буцаад намын гишүүний эрхээ сэргээлгэлээ гэж мэдэгдсэн. Улмаар АН дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд олонхыг саналыг авч чадсан шүү дээ?

-Энэ хүн Орхон аймгаас бие дааж нэр дэвшсэн. Янз бүрийн нөхцөл байдал дунд ялалт байгуулсан бие даагч гишүүн шүү дээ. Бие даагч гишүүн хэр нь өөрийн гэсэн бүлэгтэй улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцож, хутгалдаад орилоод байж болох уу. Тэр хүнд хэн тийм эрх олгосон юм. Хэн ч эрх олгоогүй. Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намд ямар ч хамаагүй. Ардчилсан намын нэрийн өмнөөс дуугарах эрх Н.Алтанхуягт байхгүй. Нэгдүгээрт, Ардчилсан намын гишүүн биш. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлэгт орох хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Хуулинд, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон гишүүд найм ба түүнээс олон тоотой суудал авах юм бол бүлэг байгуулж болно гэж байгаа. Тэрнээс өөр зохицуулалт байхгүй. Ардчилсан намыг гадна талдаа эв нэгдэлгүй мэт харагдуулах, улмаар АН-ыг сонгуульд оруулахгүй байхыг хүсч байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүд одоо боль оо! Хууль давсан эрх мэдэл гэж байдаггүй юм аа. Хичнээн ч том толгойтой, эрх мэдэлтэй хүн байсан хуулинд л захирагдана. Төрийн байгууллага руу дайрч ороод, хууль бус шаардлага тавьж, олон түмнийг бослого тэмцэлд уриалж, ийм ёс зүйгүй үйлдэл гаргахаа болиосой.

-Ардчилсан намыг сөрөг хүчний байр сууринд нэгдэж, илүү хүчтэй байх ёстой гэж иргэд хүсч байна. Бүлгийн гишүүд олуулаа болбол илүү хүчтэй, үр дүнтэй ажиллаж чадна гэж иргэд дэмжиж байгаа. АН-ын УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ учраа олох боломж хэр байна вэ. Бүлгийн гишүүд өмнө нь тантай ирж уулзаж байсан байх аа?

-Дахиад хэлье. Ардчилсан нам хоёр хуваагдаагүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хуульгүй, дүрэмгүй аашилж байгаа үйлдлийг бид өөгшүүлэхгүй. Өнөөдөр Ардчилсан нам нээлттэй байна. Бид хэнийг ч хөөж туугаагүй. Яахав, өөр ойлголттой, буруу зөрүү яриад яваад байгаа хүмүүс аяндаа асуудлыг ойлгоод буцаад Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд оролцоод явна биз. Тэглээ гээд тэдэнд ямар нэг байдлаар хавчиж шахаж, дарамт үзүүлэхгүй. Угаасаа Ардчилсан нам 30 гаруй жилийнхээ түүхэнд аль алдаж, онохыг хэлэх вэ. Зөндөө л төөрч будилсан. Тэр болгонд нь хүмүүстээ дарамт шахалт үзүүлж, хавчаад байвал энэ нам чинь оршин тогтнохгүй шүү дээ. Тиймээс миний хувьд, өнөөдөр хэн нэгэнтэй хариуцлага тооцно, янз бүрийн дарамт шахалт үзүүлэх бодол байхгүй. Тэр хүмүүс эргээд л орж ирээд намынхаа үйл ажиллагаанд оролцоод яваг л дээ. Угаасаа гишүүнийх нь эрх байж байгаа. Харин дүрэм зөрчиж, хуульгүй үйлдэл удаа дараа гаргаад байвал тэрийг би тэвчиж чадахгүй. Хуулийн дагуу, дүрмийн дагуу ямар хариуцлага тооцох ёстой, тэрийг тооцоод л явна.

-Таныг МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамтарсан, дэмжиж ажиллаж байна гэдэг хардлага гарч байгаа. Та У.Хүрэлсүхтэй ямар харилцаатай вэ?

-Яахав дээ. Жаахан дургүй хүргэсэн нэгнийгээ хэн нэгэнтэй наадаг, харлуулдаг, гүтгэдэг байдал Монголд хэвийн үзэгдэл болчихсон. Би 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг анх гаргаж тавьж байсан. Хэн тухайн үед миний энэ саналыг унагааж, эсрэг үйл ажиллагаа явуулж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалж авч үзлээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга шүү дээ. Тэр цагаас хойш хүний өөрийн гэлтгүй намайг шүүрэн шанага болтол янз бүрээр гүтгэж, доромжилсон. Өнгөрсөн он жилүүдэд над шиг муу хүн байхгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга шиг сайн хүн байхгүй байсан. Цаг хугацааны шүүлтүүр ямар ч үед үнэнийг гаргаж ирдэг. Би У.Хүрэлсүхийн барааг хараагүй хэдэн ч жил болж байна. Зурагтаар л барааг нь хардаг. Тэр хүн МАН-ын даргынхаа ажлыг хийгээд явж байгаа. Би ч бас Ардчилсан намынхаа даргын ажлыг хийгээд л явж байна. Тэр битгий хэл,намайг Ардчилсан намыг хоёр хувааж, тэрнийхээ шагналд гэмт хэргээ хэрэгсэхгүй болгууллаа гэж ярьж бичиж байна. Би хэлж байсан. Хэн надад зохиомол хэрэг тулгаад, хэн тэрийгээ хэрэгсэхгүй болгож, буцаад сэргээсэн бэ гэдгийг би зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан З.Энхболд нарын хийсэн үйлдлийг цаг минуттай нь би ярьсан. Тэрэнд МАН ямар хамаатай юм. МАН миний хэрэг төвөгт ерөөсөө оролцоогүй. Энэ хэрэгт хаа хамаагүй МАН-ыг авчирч холбох ямар хэрэгтэй юм. Би МАН-ыг өмгөөлж хамгаалаад байгаадаа ингэж яриад байгаа юм биш. Би бодит үнэнийг ярьж байна.

-Ер нь тантай нэгдэж, тойрон хүрээлж байсан Ардчилсан намын лидерүүд, Э.Бат-Үүл гэх зэрэг хүмүүс танаас салж байгаагаа илэрхийлчихлээ. Одоо тантай АН-ын ямар хүмүүс хамтарч ажиллаж байна вэ. Таныг ганцаараа болчихлоо гэж ярьж байна?

– Хэсэг хүмүүс байр сууриа илэрхийлэхээр салчихлаа, нийлчихлээ гээд ярих юм. Тийм юм байхгүй. Тэр хүмүүстэй би ердийн журмын нөхдийн харилцаатай, хамтарч ажиллаж байна. Надад ямар нэг байдлаар эсэргүүцэл илэрхийлээд байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Тэгээд ер нь Ардчилсан нам гэдэг чинь Ардчилсан нам шүү дээ. Нээлттэй. Хэн хаана, хувь хүнийхээ ямар байр суурийг илэрхийлнэ, тэр бол хувь хүний өөрийнх нь эрхийн асуудал. Гэхдээ манайхан бол хариуцлагатай. Үндсэн дүрмийн хүрээнд, намынхаа үнэт зүйлийн хүрээнд юмаа ярьдаг.

-Одоо шүүх дээр ямар асуудал шийдэгдэх вэ?

-Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон М.Тулгатын асуудлыг Улсын дээд шүүхэд дахиад тавьсан. Бүртгэлийн асуудал удахгүй шийдэгдэх байх. М.Тулгат даргыг АН-ын дараагийн шинэ даргаар сонгосон асуудлыг АН-ын хоёр ч их хурлаар нотолчихлоо. Би хуучин намын дарга байсан, өнөөдөр энэ ажлыг одоохондоо хариуцаж байгаа хүний хувьд, М.Тулгат даргын сонгогдсон асуудлыг зуун хувь хүлээн зөвшөөрч, дэмжиж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: АН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийн хэн нь ч Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж чадна

Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.БатҮүлтэй ярилцлаа.


Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулжээ. Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр боллоо гэсэн мэдээлэл цацагдсан. Та дэвших үү?

-Үгүй. Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй. Би нийслэл хотын даргадаа өрсөлдөх бодолтой байгаа. 2012-2016 оны хооронд Ардчилсан Намаас нийслэлд хийсэн олон ажлыг МАН “хорлон сүйтгэх”-ийг хараад сүүлийн хэдэн жил сэтгэл шимширч яваад тэсэлгүй дахин Хотын даргад өрсөлдөхөөр хатуу шийдсэн.

АНаас нэр дэвших бусад өрсөлдөгчийн тухайд та юу хэлэх вэ. Хэн намаасаа дэвших эрхээ олж авах магадлалтай вэ?

-Одоогоор нэр дэвшигдэхээр олны дунд зонхилж яригдаад байгаа Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар бүгдээрээ л гайхалтай манлайлагчид, ардчиллын төлөө үхэхэд ч бэлэн баатрууд. Хэн нь ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж чадна.

АН даргыг Улсын дээд шүүх бүртгэсэнгүй. Улсын дээд шүүхэд МАН нөлөөлж байна гэх хардлагыг танай намынхан болон та өмнө нь хэлж байсан?

-Шүүхийн шийдвэрийн тухай мэдээллийг вэб хуудаснаас нь харсан.Тэр мэдээллээс харахад хоорондоо эвлэрч ирэхээр нь бүртгэх юм байна гэж ойлгогдсон. Шүүх хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт итгэж байна. Хэрэвзээ МАН-ын захиалгаар АН-ыг бүртгэхээс татгалзаж байгаа бол маш ноцтой эрүүгийн хэрэг бөгөөд хожмын хариуцлага хүндээр бууж таарна.Бас нийгмийг аюултай тогтворгүй байдал руу түлхэнэ. Ковидын “дарангуйлал”-аас болоод нийгэм нэлээд гүнзгий стресст ороод байгааг эрхбиш МАН-ыхан ойлгож байгаа байлгүй!

Одоо цаашид яах ёстой вэ. АН дотоод асуудлаа шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болох эрсдэлтэй харагдаж байна?

-Арай үгүй байлгүй. УИХ-д суудалтай, хууль ёсны намыг сонгуульд оруулахгүй гэвэл АН-ыг тарааж байгаагаас өөрцгүй зүйл бодно. АН гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.Мэдээж, зүгээр сууж байгаад тараалгадаг нам гэж үгүй. Тэр тусмаа Ардчилсан нам!

Өчигдөр АНын даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэл, М.Тулгат нар уулзсан гэсэн юу болсон бол. Ер нь ямар гарц харагдаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сунгааг цахимаар явуулахаас өөр аргагүй байгаа.Ковидын хөл хорионы дэглэмийг зөрчвөл, хууль зөрчиж нэр дэвшүүлсэн гэгдэх эрсдэлтэй.Хоёр тал сунгаагаа хуульд нийцүүлэн хэрхэн явуулах талаар санал солилцсон.Цахим сунгаа л ковидын үеийн өнөөгийн шаардлагад нийцэж байгааг М.Тулгат дарга О.Цогтгэрэлд ойлгуулахыг хичээж байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй боллоо. Цэцийн дүгнэлт болон энэ асуудлын эргэн тойронд та ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан З.Энхболд ярилцлагадаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар тохирсон байсан гэх тухайгаа ярьсан байна билээ. МАН-тай тохирно гэж яаж бодож чадсан юм бүү мэд! У.Хүрэлсүх “Ах дүү шиг явсан” Х.Баттулгыгаа “Хулхидна шүү!” гэж хоёр жилийн өмнөөс л би хэлээд, бичээд байсан. Ерөнхийлөгч зарчимтай нөхдийнхөө үгийг сонсох л ёстой байсан. З.Энхболд, Д.Лүндээжанцантай нийлээд нэр дэвших эрхгүй болгож байна шүү гэж миний бие хамгийн түрүүн анхааруулж байсан.

Үнэндээ З.Энхболд Ерөн-хийлөгчийг муухай араар нь тавьсан даа. Тийм үзэшгүй муухай юмыг хараад би аргаа барахдаа З.Энхболдыг “Төрийн тайган” гэж цоллож байв.

Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг татан буулгах захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн?

-Ерөнхийлөгч уурлахаараа аль нэг намыг тараадаг жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр. МАН-аар зогсохгүй сүүлийн үед Ерөнхийлөгчийг дэмжигч манай зарим нэг овилгогүй партизануудаас Ардчилсан намыг тараана гэж орилдог боллоо. Ёстой хуцав аа. Тараах гээд үзээрэй л дээ.

Хэрвээ Ардилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болвол юу болох вэ?

-Ковидын стресстэй байгаа ядуурч туйлдсан олон түмэн юунд ч уруу татагдаж мэднэ гэдгийг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй.Одоо үймээн самуун болвол түүнийг ашиглан дарангуйлал ч тогтож болзошгүй! Сүүлийн үед улс төр зэвсэгт хүчнийг тойрон яригдаад байна шүү дээ.

МАНын дарга У.Хүрэлсүх манай сонинд өгсөн ярилцлагадаа АНын асуудалд мөн байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-МАН дангаараа нийгмийнхээ дотоод түрэлтийг ч зогсоож дийлэхгүй, гадаад тал дахь геополитикийн дарамтыг ч дийлэхгүй. У.Хүрэлсүхийн үг энэ үнэнийг ухаарсан үг мөн бол их л сайнсан.Ер нь эрх баригчид ажлаа хийж чадахгүй бол дараа нь солиод АН-ыг сонгочих юм чинь гэдэг итгэл найдвар ард түмэнд нээлттэй байвал олон түмэн илүү аядуу байдаг. Хүчээр өөрчлөхөөс өөр аргагүй гэсэн байдал руу түлхчихвэл жинхэнэ аюул болно доо. Ардчилал бол нийгмийн хийг гаргаж чаддаг хамгийн шилдэг тогтолцоо юм шүү дээ. Ардчилсан намын тухайд ярьсан хэсэгт ингэж хариулах байна. Харин одоо Ардчиллын тухай ярьсан хэсгийг нь хариулъя.Үр хүүхдээ эрх чөлөөтэй, аюулгүй амьдруулах үндэс нь ардчилал гэсэн санаа нь гүн утгатай үг юм. Энэ гүн утгатай үгийг түүний ярилцлагын, коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга шиг ярьж байгаа сэтгэлгээний хэлбэр нь гутааж байна билээ.Мань эр сэтгэлгээгээ дагавал дарангуйлагч болохоор,үр хүүхдүүдээ бодвол ардчилагч болохоор салаа замын үзүүр дээр зогсож байна. Шударга ёс гэдэг үгийг коммунист контекстоорр хэлээд байгааг нь харахаар дарангуйлал руу хэлбиймээр харагдсан.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд бол хүнд үед фронтоо хаяад явсан генерал ямар нүүрээрээ эргэж ирэх гэж байгаа юм бол ам асуумаар. Улс төр хурцдахаас сэргиийлж Ерөнхий сайдаасаа огцорсон гэх атлаа одоо болохоор улс төрийг хурцдуулж сонгуульд орно гээд байгаа нь ямар ч логик алга. Ах дүүс шиг явсан МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хонзогносон “зодоон” Ерөнхийлөгчийн сонгуулийг үймээн самуун болгож мэдэхээр байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Чулуунбилэг: МАН-ын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан, фашизмыг дэмжсэн учир намын гишүүд нь огцруулах нь хамгийн зөв гарц

АНын дэд дарга, Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. МАНыг цэрэгжсэн нам болсон нь үнэн гэж судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд өмнө нь Цэцэд энэ асуудлаар хандаж байсан байх аа?

-Ерөнхийлөгч хуулийн гэхээсээ илүү улс төрийн нүүдэл хийсэн. 2019 оны хавар дөрөвдүгээр сард МАН-ын дарга, Ерөнхий сайд (тухайн үед) У.Хүрэлсүх нь Монгол цэргийн Нэгдсэн холбоо гэгчийг байгуулж үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллага байгуулж байна гэсэн гомдлыг ҮХЦ-д өгсөн байдаг юм. ҮХЦэц 2019 оны 12 дугаар сард энэхүү гаргасан гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариуг өгсөн. Саяхан Ерөнхийлөгч мөн адил утга бүхий захирамжийг Улсын дээд шүүхэд гаргасан гэж ойлгосон. Гэвч үнэндээ Цэрэг армийнхныг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг оролдох ажил Х.Баттулга Ерөнхийлөгчөөс эхтэй. Нөгөө төмөр замын маргаан дэгдэж байхад тагнуул, армийн тэтгвэрт гарсан хурандаа нар олноор гарч ирснийг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш цэргийн элдэв эвсэл холбоод үе үед хэвлэлийн хурал хийх болсон. Дараа нь ҮАБЗ-ийн нөгөө хоёр гишүүн болх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар өөрсдөө ёслоод, цэрэгжсэн хувцас өмсөж, буу зүүж, элдэв холбоог дэмжээд уралдаад эхэлсэн. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гурав Монголын улс төрд цэрэгжсэн соёл нэвтрүүлсэн учраас хамтдаа хуулийн болоод улс төрийн хариуцлага хүлээх ёстой. ҮАБЗ-ийн хуулийг шинэчлэх ёстой. Энэ хэвээрээ байвал цэрэгжсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, их хурлын дарга гэсэн гурван диктаторын удирдлага үүсэх бодит эрсдэл байгааг л нотолж байна.

Өнгөрөгч бямба гаригт Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ийн захирамж гаргалаа хэмээн зарим судлаачид дүгнэсэн байсан. Та юу гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн нүүдэл У.Хүрэлсүх рүү чиглэж байх шиг. Монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө амжилт хүсч илгээлт илгээж байсан. Монголын Үндэсний нэгдсэн фронт гэдгийг байгуулж тэргүүн нь байсан генерал Б.Баярмагнай биднийг Ерөнхийлөгч дэмжиж байгаа гэж хэлж байсан хэвлэлийн мэдээллүүд хуучраагүй байгаа. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ч Х.Баттулга ч Монголд үндсэн хуулийн бус цэрэгжсэн байгууллагууд байгуулахад хамтран оролцсон, дэмжсэн булчин нэгт андууд юм.

Өнөөдөр үндсэн хууль зөрчсөн асуудлыг хамтдаа хийчихээд муудалцахаараа нэгнээ шүүхдээд, буруутгаад байж болохгүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр хамтдаа хариуцлага хүлээх ёстой. Улстөрчид хуулийн зөрчлийг өөрт ашиггүй бол үл тоодог, ашигтай үед гаргаж ирж хоорондын зодоондоо ашиглаж нийгмээ хуваадаг байж болохгүй.

-100 жилийн түүхтэй энэ намыг татан буулгах нь хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Үндсэн хуулийн бус үзэл санааг тээж, фашист үйл ажиллагаа явуулсан бол хууль эрх зүйн хүрээнд татан буулгах нь зөв. Манайд үндсэн хуулийн бус бослого үймээн, нийгмийн хуваагдал, хувьсгалт аллагад сошиал орчинд турхирч байдаг хаягтай олон ТББ, хөдөлгөөнүүд, улстөрчид бий. Үүнийг хууль хяналтынхан цэгцэлж чадаагүй байгаа нь үнэн. Яг МАН-ын хувьд ийм үйл ажиллагаа явуулсан гэж огт харагдахгүй байна. Харин намын дарга У.Хүрэлсүх нь үндсэн хуулийн бус цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан, дэмжсэн нь тодорхой учир намын гишүүд нь даргаа ёс зүйн хувьд огцруулах нь зөв гарц болно. Фашист үзэлтэй намын даргадаа хариуцлага хүлээлгэж чадахгүй бол МАН нийгмийн дэмжлэг авч чадахгүй, хүмүүс дахин итгэхгүй. МАН боловсон хүчин сайтай, залуучууд нь мундаг. Тэд намаа цэвэрлэж чадах байх аа. АН-ын олон залуучууд ч фашист үзэл санаа тээсэн хүнийг дахин Ерөнхийлөгчид намаасаа нэр дэвшүүлэхгүй гэж тэмцэж ирсэн.

Танай сонинд өгсөн ярилцлагад баахан хов л ярьсан байна лээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх өндөр магадлалтай МАН-ын кандидат ямар ч бодлого ярьсангүй. Бо үсэг ч алга. Цар тахлаар үхэж үрэгдэж буй иргэддээ ядаж эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэгээд яах юм, Ерөнхийлөгч болвол сөрөг хүчин нь шүүмжлэхээр дахиад ажил хийхгүй зугтах юм уу.

Ерөнхийлөгчийн уг захирамжийгДангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл”, “..өнөөдрийн мэдэгдэл нь тангаргаа зөрчсөн үйлдэл боллооМАНын Удирдах зөвлөлөөс хэмээн мэдэгдсэн. Энэ талаар?

-Парламентын 76 суудлын 62-ыг нь авсан МАН ийм сул мэдэгдэл гаргаж байгаа бол их аймхай байгаагийн шинж. Учир нь үндсэн хуульд зааснаар Монгол Улс парламентын засаглалтай улс.

МАН-ын дарга У.Хүрэлсүх айгаад дуугарсангүй. Ил гарсангүй. Залуу гишүүдээрээ хийлгэсэн бэлгэдлийн төдий мэдэгдэл л гэж харагдаж байна.

Энэ нь Ерөнхийлөгчийг импичмент хийх хангалттай үйлдэл боллоо гэж зарим гишүүд харж байна. Ерөнхийлөгчийг импичмент хийх болов уу. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны мөрийн хөтөлбөр, өргөсөн тангаргаас удаа дараа зөрчсөн, няцсан үйлдэл хийж байгаа. Хувийн өмчид халдсан, цаазын ялыг сэргээх гэсэн, парламентын засаглалыг эсэргүүцсэн, хуулийн засаглалыг нураасан, ШХАБд элсэхийг уриалсан, ҮАБЗ-ийг ашиглаж цэргийн төсөвтэй болсон гээд маш олон бий. МАН 2016-2020 онд 65, 2020 оноос хойш 62 гишүүнтэй мөртлөө айгаад импичмент хийж чадаагүй. Энэ утгаараа Х.Баттулга бол МАН-ын бүтээл. Одоо ч импичмент хийж чадахгүй эрх баригчид.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Адъяасүрэн: Цөхрөлтгүй хөдөлмөрлөж, амжилтад хүрсэн олон эмэгтэйчүүд байдаг. Би тэдний л нэг

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш анхны ярилцлагаа манай сонинд өгч байгаа учраас нэлээд дэлгэрэнгүй хөөрөлдөх бодолтой байна.

-Баярлалаа.

-УИХ-ын гишүүн болоод таны анхны чуулганы хуралдаан хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс эхэлж асуумаар санагдлаа. Учир нь С.Ганбаатар гишүүн таны чихэнд шивнээд л, та инээмсэглээд л байсан бичлэг цахим орчинд өндөр хандалт авч, иргэд хөгжөөнтэй байдлаар олон сэтгэгдэл бичиж үлдээсэн байдаг. С.Ганбаатар гишүүн тэр үед танд юу гэж хэлсэн юм бэ?

-Тэр зургийг нээрээ хэн гэдэг зураглаач авсан юм бол оо. Энэ тухай бодож байсангүй шүү. Миний хувьд УИХ-ын чуулганы танхимд анх орж суусан бишүүрхэл, гишүүний үүргээ ёс зүйтэй хаших тангараг уншина гээд нэг тийм сүрдэм мэдрэмж төрөөд сууж байсан санагдаж байна.

Сурагч, оюутан байхад “А” үсгээр эхэлсэн нэртэй нь эхэлж асуугддаг тэр нэг түгшингүй мэдрэмж ч давхцаж байх шиг сандарч догдолсон байсныг С.Ганбаатар гишүүн мэдсэн биз, миний сандрал, айдсыг засах үг хэлсэн нь сайхан санагдаад л инээлдсэн санагдаж байна. Гэртээ хариад олон нийтийн хөгжилдсөнийг харсан. Сонин л санагдах юм билээ. Би угаас олны анхаарлын төвд байхаас түвэгшээх хандлагатай л даа. Тэгээд ч хэвлэлээр ойр ойрхон гараад байдаггүй. Анх танай сонинд ярилцлага өгөөд сууж байна.

-Бас таныг УИХ-ын царайлаг эмэгтэй гишүүдийн нэг гэж ярьцгааж байна. Сайхан эмэгтэй байна гэдэг хөдөлмөр шүү дээ. Та аль нэг спортоор хичээллэдэг үү?

-Би өөрийгөө бол эршүүд гэж боддог юм (инээв). Айхавтар дэглэм бариад, спортоор хичээллээд, гоо сайхны салонд ойр ойрхон очоод байдаггүй. Харин өдөр бүр 108 сунаж мөргөдөг. Бас сардаа хоёр удаа мацаг барьдаг. Ер нь тэгээд гол нь сэтгэлийн амар амгалан бол эрүүл сайхан харагдахад чухал нөлөөлдөг байх гэж боддог шүү.

-Ингэхэд та бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсан атал яагаад улс төрд орохоор болсон юм бэ. Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч. Таныг багш байсан гэж сонссон юм байна?

-Яах вэ, намайг улстөрчдийн ярьдгаар “битүү морь” уралдаад түрүүлчихлээ гэцгээж байсан л даа. Миний хувьд, онцгойрч ялгарах юмгүй, бусдын л адил намтартай. Багшийн гэр бүлд төрж өссөн, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болсон. Эрдэмтэй, сайхан түшигтэй хамт олны дунд багшаараа ажиллаж байлаа. Бас багш залуутай ч гэр бүл болж, хүүхдүүдтэй боллоо. Бусдын адил цалин маань амьдралд хүрэлцэхгүй байсан учир нэг маань ажлаа орхих шаардлагатай болсон. Нөхөртэйгөө ярилцаж байгаад би багшийнхаа ажлыг орхиж хувиараа наймаа арилжаа хийж эхэлсэн юм. Анх ТҮЦ-нээс эхэлж, дараа нь сургалт дамжаа, тээвэр ложистикийн бизнес эрхэлж хувийн хэвшилд ажиллаж, хэн бүхний туулдаг дарамт, бэрхшээл, уналт бухимдал, баяр баясал, амжилт бүгдийг л туулсан. Багш мэргэжлийнхээ онцлогоор нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд цаг гаргадаг байсан маань улс төрийн сонголтоо хийхэд бас дэм болсон байх аа.

-Эмэгтэйчүүд ихэнхдээ машин тэрэгнээс хол байдаг. Гэтэл та тээврийн салбарт бизнес эрхэлж амжилтад хүрсэн гэж бодохоор сонирхол татдаг юм. Нөгөө талаас амжилттай яваа, олны танил хүмүүсийг өөнтөглөх, шүүмжлэх хандлага нийгэмд байдаг. Таныг хувийн бизнесээ өргөжүүлэх гэж улс төрд орж ирсэн гэх хардлага гарч байсан шүү дээ?

-Би зах зээлийн шуурган дундуур “Номгон Санчир” авто сургуулиа үүсгэн байгуулаад ёстой л “тэг”-ээс нь эхэлж тордож, хөдөлмөрлөсөөр 20 жилийг үджээ. Энэ хугацаанд 50 мянга орчим жолоочийг бэлтгэж, мянга гаруй залуусыг нэгтгэсэн автотээврийн групп компанийг босгож чадсан. Энэ бол цэвэр миний болоод манай гэр бүлийн, нутгийн залуучуудын маань нэгдмэл сэтгэл, хүч хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бас бүсгүй хүн амжилтад хүрэхийн тулд яагаад заавал ямар нэг зүйл золиослох ёстой гэж. цөхрөлтгүй хөдөлмөрлөж, түүнийг нь ар гэр нь ойлгож, дэмждэг олон хөдөлмөрч бүсгүйчүүд бий. Би бол тэдний л нэг. Надад сайн хань заяасан. Миний хувьд биеэ засаад, гэрээ засчихсан, одоо төрөө засалцахаар ажиллаж яваа жирийн нэг эмэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо илүү их болох ёстой. Тэгж байж улс төр тунгалагшина. Дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн онцлогтой “Зөөлөн хүчний бодлого” гэж бий.

-Таныг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?

-Албан тушаалаа булаалдсан албан хаагчдын явуулга байсан. УИХ-ын сонгуулиар давс, хачир нэмээд төлбөр авч жүжиг гүтгэлгийн нэвтрүүлэг хийж цацсан хүмүүс хүртэл гарсан. Дараа нь янз бүрийн сайт, пэйжний админууд, зарим сэтгүүлч гэх хүмүүс өнөөх л сонгуулиар хачирлаж давсалсан юмнуудыг дахин давтаад л бичээд байх мөртлөө танил хүмүүсээр уулзъя, хамтран ажиллая гэж хэлүүлэх юм билээ. Юундаа ч хамтрах юм. Мэдэхгүй, ойлгогдохгүй юмс гарах л юм. Сүүлдээ ч залхаад уншиж, сонсохоо ч хаясан. Сонгогчдынхоо итгэл даалгаврыг үүрч, УИХ-ын гишүүний тангараг унших хүртлээ би, төр засгийн байгууллагад, эрх мэдэлд ажиллаж үзээгүй, Хувийн хэвшилд л ажиллаж татвараа төлж ирсэн болохоос төрийн эрх мэдлээр авлига хээл хахууль өгөлцөж, аваагүйг маань холбогдох албадууд нь шалган тогтоосон болоод холбогдолгүй гэдэг мэдэгдэл ирүүлсэн биз.

-Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой янз бүрийн л мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ тэр бүр та дуугараад, өөрийгөө өмөөрөөд байдаггүй. Яагаад тэр вэ?

-Цаг хугацаа бүхнийг харуулна гэж боддог. Заримдаа залхах үе бий. Гэхдээ би зөв замаар явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Төрсөн нутгийнхаа ард түмний дэмжлэг, итгэлээр төрд сонгогдсон. Төрдөө тангараг өргөсөн хүн. Улс орны хөгжлийн үндэс нь болох шударга нийгмийг тогтоохын тулд гишүүд бид ажиллах ёстой. Сурталчилгаагаа хийгээд явж байхад, нутгийнхан маань “Манай жаахан охин” хүрээд ирлээ гээд хачин гоё угтан авч билээ. Нутгийн маань буурал ээж нар миний төлөө сүүн цацлаа өргөөд дэмжиж байсан тэр итгэл сэтгэлийг алдахгүй, шударга зарчимтай хичээж ажиллана гэсэн зорилготой байна.

ХАмТыН ТЭТГЭвЭр АвАХ ЭрХ үүССЭН АХмАд жИлдЭЭ НЭГ САЯАС доошгүй орлого Нь НЭмЭГдЭХЭЭр зоХИцУУлАлТ ХИйж өгсөн

-Одоо таны гишүүний ажил руу асуултаа чиглүүлье. Та сүүлд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.занданшатарт өргөн барьсан. Хамтын тэтгэврийн тухай хууль нэлээд өндөр хүлээлттэй байгаа юм билээ?

-Хүлээлттэй байгаа гэдэг нь үнэн. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх юм. Гэхдээ тодорхой шалгууртай. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага бий. Бодит амьдрал дээр нэг насаараа хамт амьдраад нэг нь мөнх бусыг үзэхэд бэлэвсэрсэн нь цаг хугацааны хувьд урт наслахгүй байгаа статистик судалгаа байдаг. Хань ижлээ алдсан өндөр настан өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, өвчлөх зэргээр амьдралын чанар нь унадаг.

Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм. Нөгөө талаас Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өсөх зэрэг олон талын ач холбогдолтой хууль юм. Иргэдийнхээ нийгмийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг шүү дээ. Тэр тусмаа зорилтот бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг эн тэргүүнд хангаж ажиллах ёстой.

-Хуулийн хүрээнд ахмадууд жилдээ нэг сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн үү?

-Юуны түрүүнд энэ хуулийг дэмжээд батлах ёстой. Ингээд хууль хэрэгжиж эхэлбэл олон бодит үр дүн гарна. Хуулийн шаардлагыг хангаж байгаа ахмадууд маань эдийн засгийн хувьд чадамжтай болж үүнийгээ дагаад ахуйн хэрэглээний хязгаарлалтаас гарна. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн ахмад жилдээ нэг саяас доошгүй орлого нь нэмэгдэхээр зохицуулалт хийж өгсөн. Хамтын тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 30 хувиас доошгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь 350.0 мянгаас 30 хувь гэж бодохоор сард 105.0 мянгаас багагүй, жилдээ 1.260.0 мянгаас багагүй орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа энэ чиглэлээрх бусад улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж үзсэн. Жишээлбэл, Чили улс тэтгэврийг олгохдоо тэтгэвэр авагчид сонголт хийх боломжийг олгосон байна. Швед улс тэтгэвэр авагч нас барахад түүний тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын үлдэгдлийг өвлүүлэхдээ түүний нас чацуу тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг юм байна. Харин Итали улсад гэхэд гэр бүлийнх нь хүнд (эхнэр, нөхөр) өвлүүлдэг. Гэхдээ өвлөгдөх хэмжээг нь хуулиар тогтоодог. Манай хөрш Орос улсад жишээ нь, тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж байх жишээтэй. Тэгэхээр манай улсын хувьд ч мөн цаашид бусад улс орны нийтлэг жишгээр тэтгэврийг “Өвлүүлэх” тухай асуудлыг анхаарч нэвтрүүлэх чиглэлд ажиллах ёстой гэж бодож байна.Энэ хуулийг энэрэнгүй агуулгатай хүндээ хүрсэн, амьдралд нийцсэн хууль гэж бодож байна.

-УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэх хуулиудаас аль хуулинд ач холбогдол өгч байгаа бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Одоо хөдөлмөрийн тухай хууль, төмөр замын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ер нь ач холбогдолгүй хууль гэж байхгүй л дээ. Гэхдээ бүх хууль дээр ажиллах боломж бага шүү дээ. Хамгийн гол нь хууль хэрэгжихэд үр өгөөжтэй, урт удаан хугацаанд тогтвортой байх нь чухал. Тиймээс ажиллаж байгаа хуулиндаа илүү ач холбогдол өгч сайн хууль гаргахад анхаарах ёстой.

-Коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч нэлээд хүндэрчихлээ. Эрх баригч намаас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр баталсан. Энэ ажил үр дүнгээ өгч чадаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Хүндрэлээс гарах оролдлого, зоригтой шийдэл гаргаж байгаа нь сайшаалтай. Хувийн хэвшилд ажиллаж амьдарч ирсэн туршлагаасаа үзэхэд УИХ болон Засгийн газрын гаргасан шийдвэр дунд шатандаа ихэд завхарч анхан, доод шатандаа нугалаа болж замхардаг. Энэ бол бидний сүүлийн гучин жил тэмцэж, засаж чадахгүй байгаа ужиг асуудал. Мөн л намчирхал, авлига, ялгаварлал гарч тооцсон үр дүндээ хүрэхгүй, цаасан тайлан болох вий гэсэн болгоомжлол байна. Цөөнхийн бүлгийн гишүүдийнхээ санал шүүмжийг сонсож, хяналт сонсгол авах эрхийг нь саадгүй бүрдүүлж ажиллавал 10 их наядын хөтөлбөрийн үр дүн, чанар сайжирна. Учир нь үнэ тотворжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд томсгосон байдлаар давтан хэрэгжүүлэхээр боллоо гэж ойлгогдож байна. АН-ын бүлэгт энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гишүүн маань ч биечлэн удирдсан шүү дээ. 10 их наяд гэдэг чинь улсын маань нэг жилийн төсөвтэй тэнцэх хөтөлбөр болж байна. Эрх баригчид маш няхуур хандаасай. Цар тахлын нөлөөллүүд иргэдийн ахуй, амьдрал, улс орны эдийн засгийн хэмнэлд цохилт өгөөд эхэлсэн. Энэ бол цуврал, давхацсан гээд бидний өмнө үзэж өнгөрүүлж байгаагүй, хүндрэл бэрхшээлүүдийг авчрах нь олон улсын үйл явдлаас харахад ойлгомжтой болчихлоо. Харин зэс, төмрийн хүдэр, коксжсон нүүрсний үнэ өсөх, тогтвортой байх таамаглалуудыг судалгааны эх сурвалжууд гаргаж байгаа нь энэ хөтөлбөрийг үр дүнд хүрчихэсэй гэсэн найдварыг нэмж байна. Үр дүнг нь нэмж сайжруулмаар л байгаа юм.

БИД БҮХ САЛБАРТАА ЗААВАЛ АЛДАЖ БАЙЖ УХААРДАГ БУРУУ ТОГТОЛЦООТОЙ БОЛЧИХОЖ

-Одоо таны сонгогдсон тойрог, орон нутгийн тухай асуумаар байна. Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлууд юу байна вэ. Мэдээж одоо хаа сайгүй л ковидын нөлөөнөөс олон асуудал үүсч байгаа байх?

-Сонгогдсон төдийгүй, миний төрж өссөн нутаг минь юм. Сүүлийн жилүүдэд зуншлага оройтож, зарим жилдээ улаан ган, өвөлдөө харын зуд залган дараалснаас өнгөрсөн хулгана жилийн өвлийг малчид маань их л зутруухан давж байна. Дэлхийг барьц алдуулсан цар тахал улс оронд маань тархаж, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч, иргэд маань цалин амьжиргааны орлогогүй хэцүү байгаа үед, УОК-т мартагдсан малчид маань байгалийн гамшигт үзэгдэл, хүндрэл бэрхшээлийг өөрсдөө үүрч, ёстой л монгол хүний уужуу сэтгэлээр л болно бүтнэ гэж явна.

Он гарсаар 500 гаруй мянган толгой мал хорогдож, олон малчин өрхийн өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Аймаг минь нийт малын тоо толгойгоор улсдаа долдугаарт, ямаан сүргийнхээ тоо толгойгоор нэгдүгээрт тоологддог, газар тариалан хөгжүүлэх байгалийн өгөгдөл нөхцөл багатай учир мал аж ахуйдаа голлон тулгуурладаг юм. Ихэнх сумдад 3-5 дахин даац хэтэрснээр бэлчээр сэргэн ургахгүй улаан түйрэнгээр шуурч, хур борооны үүлээ хөөчихдөг, тарга хүчээ аваагүй мал өвлийг давахгүй тоо толгой хорогддог. Ийм л байдал олон жил давтагдлаа.

-Бэлчээрийн даацын асуудал бүх л аймаг, орон нутагт хүндэрч байна. малчид маань аргаа барж байх шиг….

-Эрдэмтэн, судлаачид хэдэн жилийн урьдаас сэрэмжлүүлсэн боловчиг нийгмээрээ, бүх салбартаа бид заавал алдаж байж ухаардаг нэг тийм гаж тогтолцоотой болчихож. Яагаад бэлчээрийн даац хэтэрч байна гэхээр, ноолуураас бусад малын ашиг шимийг, дотоод болон гадаадын зах зээлд борлуулах талаар тогтвортой ажил, далайцтай шийдлийг төр болон хувийн хэвшлийнхэн маань хамтарч олсонгүйгээс, малчид амжиргааны гол орлого болсон ямааныхаа тоо толгойг зохистой тоо хэмжээнээс нь хэтрүүлэн өсгөснөөс болж байна гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн. Уул нь манай аймгийн малчид улсын ноолуурын нөөцийн ихэнхийг буюу 430 орчим тонныг бэлтгэн нийлүүлдэг. Цар тахлын нөлөөллөөс өмнө 2019 онд Манай Улс 83,7 сая долларын үнэлгээтэй 38 мянган тонн мах, 45 сая ам.долларын самнасан ноолуур, 507 мянган тонн, 283 сая ам.долларын угаасан ноолуурыг олон улсын зах зээлд борлуулсан байна. Олон улсын зах зээлийн жилийн ноолуурын хэрэгцээ нь 4.3 тэрбум доллар гэдэг ба энэ хэрэгцээний 30 хувийг Монголын малчин өрхүүд хангаж байгаа юм.

-Та гишүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрч. Одоо тойрогтоо ямар ажил эхлүүлээд явж байна вэ?

-Малчдын асуудлаас гадна аймгийнхаа эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөц, нийгмийн асуудалд нь анхаарах тун шаардлагатай байна. Мөн олон жил ужгирсан бодлогын алдааны шууд үр дагавар ажилгүйдэл-ядуурлыг бууруулах чиглэлээр дөрвөн жилээс ч урт хугацаанд хийх ажлууд байгааг судалж, шийдлүүд хайж байгаа. Энэ талаар иргэдтэйгээ хамтарч асуудлыг шийдвэрлэх бодолтой байна. Тойргийнхоо тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг судалж энэ чиглэлээр ажил зохион байгуулахаар 2021 оны улсын төсөвт 2.0 тэрбум төгрөгийг тусгуулсан. Энэ хүрээнд хийгдэх ажлууд тодорхой болж аймгаас гурван багц тендер зарлагдаад явж байна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр 300.0 сая төгрөг, малын паразит болон бусад өвчлөлөөс сэргийлэх угаалга, ариутгалын зориулалттай автомашин, зөөврийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж 900.0 сая төгрөг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 800.0 сая төгрөг тус тус суулгуулсан. Одоо төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх, чанартай тоног төхөөрөмж нийлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг аймаг орон нутгийн удирдлага, харьяалах нэгж байгууллагууд сайн зохион байгуулах үүрэгтэй. Үүнд татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн болон иргэд, малчдын төлөөллүүд, хөндлөнгийн хяналт тавих оролцоог нь тусгаж өгөх нь төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс нэмэгдүүлэх арга зам гэж үзэж байгаа.

АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БИД ҮНЭХЭЭР ХҮЧ МӨХӨСДӨЖ БАЙГААДАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төр нэлээд бужигнаж байна. үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр та Цэцийн дарга асан Д.Одбаярын хэргийг чуулганы танхимд эргэн сануулсан байх аа?

-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Товчхондоо бол Цэц бол хууль тогтоогчоос гаргасан хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг эрх зүйн инстутиц юм. Гэтэл Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага болсон нь үүгээр илэрч байна. Ардын намын олонхын аархал түрэмгийлэлд цөөнх, АН-ын бүлгийн гишүүд бид үнэхээр хүч мөхөсдөж байгаадаа нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчлан хасдаг байсан нэг намын дарангуйллын үеэ санагалзсан Ардын нам энэ санаархлаа биелүүллээ. Бид цөөдөж байгаа ч Монголын иргэд цөөдөхгүй гэдгийг сануулмаар байна. Ардын намын бүлгийн олонхоор аархсан явцуу улс төрийн түрэмгийлэл нь УИХ-аас хальж, ялах магадлалтай өрсөлдөгчөө Үндсэн хуулийн Цэцээр намнууллаа. Энэхүү Цэцийн хурлыг Д.Одбаяр даргалсан. Энэ этгээд нь Монгол Төрийн нэр хүндийг олон улсад шившиглэснийг мартаагүй. Ийм ёс зүйгүй хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ахлаад сууж байгаа нь өөрөө хүлцэшгүй асуудал, ёс зүйн эмгэнэл мөн. АН-ын бүлгийн гишүүд бид өмнө нь энэ хүнийг эргүүлэн татах үндэслэлийг өргөн бариад цаг товлосон. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд хариу өгөөгүй байгаа нь энэ их хуралд ямар ёс зүйтэй олонх байгаа вэ гэдгийг иргэдэд төдийгүй олон улсад нотолсоор байна.

-Ардчилсан намын даргын асуудал хэрхэх бол. Саяхан АН-ын даргын сонгууль боллоо. Гэхдээ хоёр талд сонгууль хийж, хоёр даргатай мэт тодорхойгүй байдал бий болоод байна. Танай намд үүсээд байгаа асуудлуудад ямар байр суурьтай байна вэ?

-Нам бол өөрөө юуны түрүүнд олон нийтийн байгууллага шүү дээ. Үзэл санаа, итгэл зорилгоо нэгтгэж нийгмийн болон хөгжлийн асуудлуудаа бодлогоор шийдэхдээ рациональ легитим засаглалыг хэрэгжүүлж чадвал нийгэмдээ байр сууриа эзэлж, сонгогчдынхоо итгэл найдвараар засгийн эрхийг авч, үүрэг хариуцлагаа үүрэх үүрэг хүлээдэг олон нийтийн л байгууллага. Ардчиллыг эрхэм зорилго болгосон таван нам, тус тусын амбицаа гэтлэн нэгдэж, өнөөдрийн Ардчилсан намыг үүсгэсэн нь 21 жилийн өмнөх үйл явдал. Эхнийх бол алдаа, хоёрдохоо давтвал тэнэглэл гэдэг гашуун үг бий. Намын маань хувьд дэндүү харамсалтай үйл явдал өрнөсөн. 17 жилийн өмнө мөн л намын тамга булаалдаж, хоёр ч дарга даган хуваагдсаны уршгаар, сонгогчдынхоо өгсөн итгэл найдварыг эрх зүйн чадамжгүй болгохгүйн тулд МАХН-ы бүдүүн бүлэгт хүртэл орж явсан гашуун сургамжаас дүгнэлт хийсэнгүй. Энэ алдааг мөн л дахин давтлаа. Түүнчлэн тодорхой ашиг сонирхлын зүгээс давтууллаа гэж цохож хэлье. Алдаандаа дүгнэлт хийдэггүй, алдаанаасаа суралцдаггүй, өөрийн шүүмж гэдэг эрүүл эргэцүүлэл, хариуцлагаа үүрэх зориггүй болохоор олон түмний итгэл найдвар дэмжлэгийг авах ямар ч боломжгүй болдог. Энэ бүгдийг үйл ажиллагаандаа мөрдөхийн тулд нам дүрэмтэй, дүрмээ дарга гишүүд нэг мөр дагаж мөрдөх учиртай. АН-ын дүрмийн 3.10.2.1-д зааснаар сонгуульд ялагдсан бүх шатны дарга нар 15-30 хоногийн дотор огцорч хариуцлагаа хүлээж, намын нэрийн өмнөөс аливаа шийдвэр, үйл ажиллагаа явуулах, мэдэгдэл хийх, эрх зүйн маргаанд намыг төлөөлөх, ямар нэг хурал, сонгууль зохион байгуулах эрхгүй болдог.

АН-ын нэгдмэл байдлыг хагаралдсан мэт нийгэмд харагдуулах үүрэгтэй жүжигчид нь эрх баригчдаас аарсан шагналаа ч авах байх, түүх, цаг хугацаа ч зохих дүгнэлтийг нь шударгаар өгөх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намын олонх гишүүд нь дүрмээрээ сонгосон эрх зүйн чадамжтай даргыг Улсын дээд шүүх бүртгэх нь чухал байна.

Ямартаа ч эрх баригч Ардын нам нь Ардчилсан намыг хагаралдуулсан харагдуулах, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах үүрэгтэй тоглоомын оролцогчдоо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулан ялсан болох нь Монгол төрийн түүхийн шоглоом, нийгмийн шившиг болно гэдгийг ядаж ойлгох хэмжээний улс төрийн соёлтой гэж найдаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ламбаа: Иргэд хоёр дахь тунгаа нэхэж бухимдахаар ЭМ-ийн сайд нь арга буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсныг хэллээ

МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ АШИГТ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА –

Эрүүл мэндийн сайд асан, Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.


Манай улсад ковидын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Та эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд УИХ, Засгийн газар, УОКоос явуулж ирсэнКовид-19”-тэй тэмцэх ажлын бодлого, стратеги, менежмэнтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ халдвар дэгдсэнээс хойш УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайд гурван удаа өөрчлөгдөж, янз бүрийн бодлого, стратеги гаргаж, менежмэнт хийж ирсэн, хийж ч байна. гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид бүх асуудлыг улс төрийн өнцгөөс харж, зохицуулж ирсэн гэдэг бол үнэн. яагаад гэвэл энэ халдвар дэгдэх үе уих-ын болон орон нутгийн сонгуультай давхацсан. Тиймээс хилээ хаахын зэрэгцээ дотооддоо янз бүрийн нэртэй хөл хорио тогтоож, сургууль,цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, ард иргэдийг айдас хүйдэст автуулж, элдэв шоу, суртал ухуулгыг өргөн зохион байгуулсан. үр дүнд нь эрх баригч ман уих-ын болон орон нутгийн сонгуульд дахин үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэтэл нөгөө корона нь аль хэдийнэ хойд хилээр орж ирээд төмөр зам дагуу байраа эзэлчихсэн байсан. сонгуульд ялахын тулд дотооддоо олон сараар хорио цээр тогтоосноор халдвар орж ирэхээс өмнө улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, аж ахуйн нэгж байгууллагууд дампуурч, иргэд орлогогүй болж, боловсролын салбар гүнзгий хямралд орж, эрүүл мэндийн салбарынхан туйлдчихсан шүү дээ.

Өдөрт 1000 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж байна. Эмнэлгүүд ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын

хүртээмж гээд олон асуудал үүсч байна. Эрүүл мэндийн салбарын одоогийн нөхцөл байдал, даван туулах нөөц бололцоо, бодитой ямар хүндрэлүүд тулгарч байгаа зэргийг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн 10 гаруй хоногт халдвар авсан хүний тоо өдөрт 1300-д хүрч, нас баралт 50 давж, монгол улс халдварын тархалтаар Орос, хятад, бразил, англи зэрэг орнуудын үзүүлэлтийг гүйцэж түрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж байна. эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд ачааллаа даахаа больж, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд “цагаан туг”-аа өргөхдөө тулж байна. уОк-ын ямар ч бодлогогүй гэнэтийн шийдвэрүүдээс болж эмч, мэргэжилтнүүд ч эрсдэлд орж байна. Тухайлбал, эмнэлгийн ачаалал хүндрэнгүүт халдвар авсан болон хавьтагчаар тогтоогдсон иргэдийг гэрт нь тусгаарлах арга хэмжээг ямар ч зохицуулалтгүй эхлүүлснээс болж өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн.

өөрөөр хэлбэл, өэмт-ийн эмч, сувилагчид халдвартай хүн дээр очиж эмнэлгийн тусламж үзүүлчихээд хамгаалалтын хувцсаа тайлж, төв дээрээ очиж хүүхэд, нялхас, хөгшидөө үзэж, орой нь гэртээ харьдаг болсон. тэр ч бүү хэл бЗд-т ковидын халдвартай хүн нас барахад авах газар олдохгүй Өрхийн эмч, сувилагчдыг хүнд байдалд оруулсан байсан. Ингэж болохгүй биз дээ. Журмаараа бол халдвартай хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагчид тусгаарлагдах ёстой шүү дээ. “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтний холбоо”-ны удирдах зөвлөлийн даргын сонгуультай хүний хувьд би энэ тухай УОК-ын дарга. Эрүүл мэндийн сайдад мессеж бичсэн. тэд ч надад хариу өгч дүрэм журмаа өөрчлөх тухайгаа мэдэгдсэн. тэгээд эрүүл мэндийн сайд 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гаргасан а\203 тоот тушаалаар дутуу ч гэсэн боломжийн түр журам батлагдаж ирсэн. Ер нь аль эрт ийм зохицуулалт хийж, ганц хөсүт-д ачаалал үүрүүлэх бус бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг жигд ачаалалтайгаар татан оролцуулах ёстой байсан.

Яагаад дутуу гэж?

-Яахав дээ тушаал, журам нь зөвхөн эмя, хөсүт,нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн хариу арга хэмжээний багийн хэмжээнд хийх ажлыг зохицуулсан байсан. Гэтэл халдварт өвчин ганц Улаанбаатарт биш, улсын хэмжээнд тархсан байгаа шүү дээ.

Тийм учраас сайд руу утас цохиж ямар ч байсан салбарын фронт командлагчийн хувьд зөв алхам хийсэнд баяр хүргээд “энэ журмыг ганц Улаанбаатарын тухайд биш, улсын хэмжээнд мөрдөхөөр гаргаж, ЭМЯ, ХӨСҮТ болон бусад Үндэсний төвүүд, аймаг нийслэлийн ЭМГ, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн эмнэлгүүдийн гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн зааж өгөх ёстой байсан юм” гэж хэлсэн. Ойлголоо л гэсэн, одоо юу болж байгааг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн салбар чинь зөв зохион байгуулалтад оруулж чадвал том бүтэц юм шүү дээ.

Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна. Яаж ажиллавал дээр вэ?

-Үнэнийг хэлэхэд, хэвлэл мэдээлэлд Засгийн газар “нэг сувгаар нэг л үг хэлэх ёстой” гэсэн хяналт тогтоож, тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийг Төрийн ордонд төвлөрүүлж, нөхцөл байдлыг тайлбарлах, хэлэх ярих зүйл бүгд цензуртэй болсон нь үнэн. Түүнээс болж халдварын тоог нууж байна, нэмж байна, нас барсан хүний тоог хэлэхгүй нууцалж байна, вакцины хуваарь тодорхой биш байна гэсэн элдэв мэдээлэл сошиалаар цацагдаж, ард иргэдийн дунд хардалт, сэрдэлт үүсгэж ирсэн. Харин сүүлийн үед үнэнд гүйцэгдээд арга буюу нээлттэй, бодитой мэдээлэлд шилжээд байх шиг байна. Цаашдаа халдварын нөхцөл байдал улам л хүндрэх байх. Эрүүл мэндийн байгууллагаас тавдугаар сард оргил үедээ хүрнэ гэж сануулсаар байна. Гэтэл эрх баригчдын анхаарлын төвд корона биш, Ерөнхийлөгчийн сонгууль л байх шиг байна. Цаашдаа эмнэлгүүд болон сул чөлөөтэй газруудад ор дэлгэхийн хамт юуны өмнө гэрээр тусгаарлагдаж байгаа хавьтагчид, халдвар авсан иргэддээ хүрч үйлчлэх эрсдэлгүй тогтолцоог бүрдүүлж, дан ганц ӨЭМТ гэхгүйгээр улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг татан оруулж, оновчтой, зөв менежмэнт хийх нь чухал байна. Түүнчлэн PSR-ийн шинжилгээ өгөх иргэд аль болохоор бөөгнөрөхгүй байхаар зохицуулалт хиймээр байна. Тухайлбал, эмнэлэгт үзүүлэх, хэвтэх хүмүүст чирэгдэл учруулахгүй PСR-ийн шинжилгээг тухайн эмнэлгийн байгууллага өөрөө сорьцоо авч лабраториудад хүргэж, хариугаа авдаг наад захын менежмэнт дутагдаж байна. Ер нь зохицуулах журам нь тодорхой, оновчтой бол эрүүл мэндийн байгууллагууд хэрэгжүүлээд л явчихна шүү дээ. Энэ тал дээр л алдаа гараад байх шиг байна.

Дэлхий нийтэд ковидийн халдварын дэгдэлт гарснаас хойш жил гаруй хугацааны дараа манай улс дотооддоо вирусийн халдварыг алдсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам, ЭМЯ жил гаруй хугацаанд бэлэн байдлаа хангаж, нөөцөө бэлдэхэд анхаарах ёстой байтал тэгж чадаагүй нь одоогийн нөхцөл байдлаас харагдаж байна гэх шүүмжлэл гарч байна. Амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн нөөц хангалтгүй байгаагаас хүндээр өвдсөн хүмүүс шаардлагатай эмчилгээ үйлчилгээг авч чадахгүй нас барж байгаа талаар ч ярих боллоо?

-Монголд халдвар оруулж ирэхгүйн тулд эхний ээлжинд хилийн хорио тогтоож, гаднаас зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, халдварын вирус орж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Эрх баригчид дотоодод халдвар орж ирээгүй байх хугацаанд хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, хөл хорио тогтоож улсын эдийн засагт ноцтой хүндрэл бий болох нөхцөлийг бүрдүүлсэн, хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж чадаагүй. Үүний хор хөнөөлийг бид одоо амсаж байна. УОК, ЭМЯ эмнэлгийн өргөтөл хийх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, вакцин худалдан авах бэлтгэл хангах нь амин чухал асуудал байсан. Энэ үед монголчуудын эрүүл мэндийн төлөө дэлхийн донор орнууд болон олон улсын байгууллагаас өгсөн хөрөнгө мөнгө хангалттай байсан шүү дээ. Гэтэл жил шахмын дараа халдвар ороод ирэхэд эмнэлгүүд маань юу юу ч байхгүй хүнд байдалд орсон. Өнөөдөр бүх аймгууд шахуу халдварт өртчихөөд байхад PCR-ийн аппаратгүй л сууцгааж байна. Хөрөнгө мөнгө хангалттай байсан мөртлөө ганц уушги орлуулагчтай сууж байна гэхээр гомдмоор байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ, Засгийн газарт төсвийн тодотгол хийгээч, вакцины мөнгийг төсөвтөө суулгаач гэдгийг удаа дараа шаардаж хориг хүртэл тавьсан. Харамсалтай нь эрх баригчид олонхоороо түрий барьж хүлээж аваагүй. Сүүлийн үед эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгууд “цагаан туг”-аа өргөхөд тулж байна гэж хэвлэл мэдээллээр доог тохуу хийж байна. Үүнд эмнэлэг, эмнэлгийн удирдлага, тэнд ажиллаж байгаа эмч сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ямар ч буруу байхгүй. Төр засгийн алдаатай, харалган бодлогын улмаас галын дунд ажиллаж байгаа эмч сувилагчид л үйлээ барж, байна. Тэд чинь ардаа амьдралтай ,гэр бүл, үр хүүхэдтэй бидний л адил хүн шүү дээ. Шинэ Засгийн газар, УОК эмч, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй дур зоргоороо авирласнаас хичнээн хөрөнгө мөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж байгааг “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний үр дүн харуулсан. Эрүүл мэндийн сайд асан Мөнхсайхан энэ ажлыг эсэргүүцээд байсныг санаж байна. Би ч гэсэн арай өөр бодолтой байгаагаа УОК-ын дарга С.Амарсайхан сайдад мессэж илгээж байсан. Гэтэл шинэ Засгийн газар “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г Улаанбаатар хотод эхлүүлж, бөөн сүр дуулиан болсон. Эцэст нь ямар ч үр дүнгүй 20 шахам тэрбумыг цацаж, эмч сувилагчдаа туйлдуулж, эцэст нь халдвар зогсох биш, харин ч мянга мянгаараа тасралтгүй нэмэгдэж байна.

Вакцины асуудалд та анхнаас нь байр сууриа илэрхийлж байсан. Вакцины нөөцтэй холбоотой асуудлууд үүсч байна. Мөн хоёр дахь тунг хугацаанд нь хийлгэхгүй бол үр дүнгүй гэж эрдэмтэн, судлаачид байр сууриа илэрхийлж байна. Вакцины эргэн тойронд үүсээд байгаа асуудлаар та юу хэлэх вэ?

-Коронагийн вакцинд нэг ч төгрөг төсөвт тусгаагүй болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьж, бид УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганд орж үгээ хэлсэн. Даанч эрх баригчид хүлээж аваагүй шүү дээ. Тэд олон улсын хөтөлбөрөөр оруулаад ирнэ л гэсэн. Үнэндээ дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байхад манайхан Дэлхийн банкны төсөл бичээд л сууж байсан. ДЭМБ, олон улсын хөтөлбөрөөр вакцин орж ирдэг гэдгийг мэдэлгүй яахав. Гэхдээ үүний хажуугаар улсын төсөв, хөрөнгөөр вакцин худалдан авч нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлатай гэдгийг миний бие зөндөө л хэлсэн. Гэтэл ДЭМБ, олон улсын хөтөлбөрөөр орж ирсэн 300 гаруйхан мянган тун вакциныг сүр дуулиан болж эхлүүлээд одоо тасарчихаад сууж байна. Хоёр дахь тунгийн нөөцийг авч үлдээд 28 хоногийн дараа хийнэ ээ л гэсэн. Гэнэтхэн вакцинжуулалтаа эрчимжүүлэхийн тулд хатуу хөл хорио тогтоолоо л гэсэн. Гэтэл ард түмнээ гэрт нь хорьчихоод хоёр дахь тунгийн вакцинжуулалтыг 14 хоног зогсоолоо гэдэг байгаа. Яагаад? гэхэд хоёр дахь тунг 56 хоногийн дотор хийх нь үр дүнтэй юм байна гэсэн. Иргэд хоёр дахь тунгийн вакцинаа нэхэж бухимдахаар Эрүүл мэндийн сайд нь арга буюу нүүрээ улайлган вакцины нөөцгүй болсон бодит үнэнийг зарласан. Ингэж үлгэр зохиож ард иргэдээ хуурч болохгүй ш дээ. Миний ойлгож байгаагаар вакцин хоорондын зайг уртасгаснаар эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийг халдварт өртөх нөхцөлийг бүрдүүлж улмаар хийлгэсэн вакцин нь үр дүнгүй болж байна ш дээ. Наад зах нь үүнийг бодмоор байна.

Та ЕТГын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр эрх баригчид Ерөнхийлөгчтэй сөрөг хүчний байр сууринаас хандаж, гишүүд нь ҮАБЗийн хурлаа бойкотолж, ЕТГын ажилтнуудын вакцинжуулалт, цалин урамшуулал дээр хүртэл ялгаварлах бодлого баримталж байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ тэгээд юу болсон бэ?

-2021 он гарснаас хойш УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохоо больсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг төрийн албан хаагчдыг вакцинжуулах хуваариас хасч,УИХ, Засгийн газар төрийн албан хаагчдын цалин урамшууллын жишиг тогтоохдоо мөн л ЕТГ-ын ажилтнуудыг орхигдуулсан юм билээ. Үүнийг ЕТГ-аас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.Түүнээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж чадаагүй л байна. Вакцинжуулалтын тухайд Ерөнхийлөгч эхлээд ард иргэдийнхээ өмнүүр орж вакцин хийлгэх хэрэггүй, УОК зохицуулалт хийсэн үед нь хамрагдана биз гэсэн байр суурьтай байсан. Гэтэл нэг л мэдэхэд Төрийн ордон дахь УИХ, Засгийн газрын бүх ажилтнууд вакцинжуулалтад хамрагдчихсан байсан. Намайг мэдэгдэл хийсний дараа ХӨСҮТ, Эрүүл мэндийн яамнаас яриад бид УОК-оос цохолт хийсэн байгууллагуудыг вакцинжуулалтад хамруулсан. Уучлаарай, та Тамгын газрын ажилтнуудын тоог ирүүлээч гэсэн. Энэ хүмүүс хэнд вакцин хийхийг шийдэхгүй болохоор тэдний буруу гэж юу байхав. Тамгын газраас өгсөн хүний тоонд тохируулан маргааш нь ХӨСҮТ-өөс УХТЭ-т цөөн тооны Спутник-V, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг хуваарилж, вакцинжуулалт хийгдсэн. ЕТГ-ын ажилтнууд чинь цомхон шүү дээ. Цалингийн хувьд 2020 оноос биш юм гэхэд 2021 оны нэгдүгээр сараас цалинг сүлжээний дагуу нөхөн олгох шаардлагатай учир Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн.

Коронагийн одоогийн нөхцөл байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой байж чадаж байна уу?

-Менежмэнтийн хувьд Засгийн газар, УОК хэтэрхий өөртөө төвлөрүүлснээс болж, эмнэлгийн тусламж үйлчилгээний уялдаа холбоо алдагдсан. Хичнээн тахал байсан ч мэргэжлийн яам нь мэргэшсэн ажлын хэсгээрээ дамжуулан дүгнэлтээ гаргаж, тактикаа боловсруулж, эрүүл мэндийн салбарыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлаа УОК, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж байх ёстой. Түүнээс биш УОК нэрээр хэн дуртай нь “улаан бүс”-эд дур зоргоороо нэвтэрч эмч, сувилагчдыг загнадаг, зандардаг, халж сольдог, дарамталдаг юм биш. Засгийн газар, УОК-ын үндсэн үүрэг бол бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр, эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамгаалалтын өмсөх хувцас, хэрэгслээр хангаж, тэдэнд ар гэр, үр хүүхдэдээ зовох зовлонгүй өмнөх ажлаа хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Төрийн яам, түүний удирдлага дор эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үүрэг хариуцлага хүлээж ажиллах нь хэвийн л үзэгдэл шүү дээ. Өмнө нь ч тэгж л ажилладаг байсан.

Ер нь ковидын тархалт яагаад огцом нэмэгдэв, хаана алдаа гарчихав, яавал хохирол багатай даван туулах вэ гэдэг дээр таны бодлыг сонсмоор байна?

-Үнэнийг хэлэхэд, монголчууд маш сайн дэглэм барьж байсан. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж иргэдэд 300 мянган төгрөг тарааж, МАН-ын 100 жилийн ойдоо зориулан мөрдөгдөж байсан дэглэмийг хэтэрхий чөлөөтэй болгож, баярын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж, иргэдийг хэдэн зуугаар нь цагаан ордондоо урьж, лекц уншиж, бэлэг дурсгал гардуулсан. Урлаг соёлынхон Бөхийн өргөөнөөс эхлээд энд тэндгүй тоглолт хийж, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосноор халдварыг хот хөдөөгүй тавиад туучихсан. Энэ бол эрх баригчдын ноцтой алдаа. Халдварыг хохирол багатай даван туулахын тулд иргэн бүрийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Нөгөө талаас иргэд өөрийгөө болон гэр бүл, хажуу дахь хүмүүстээ халдвар дамжуулахгүйн тулд маскаа зүүж, дэглэмээ хатуу баримтлах хэрэгтэй.

Таныг эрүүл мэндийн сайд байхад дэлхий дахинд H1N1-ийн халдвар гарч байсан. Тэр үед та чухам яаж ажилласан бэ?

-Хамтын хүчин чармайлтаар л даван туулсан шүү дээ. 2009 онд Мексик улсад дэгдсэн H1N1-ийн халдвар дэлхийн улс орнуудад тархаж, 2010 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн. Эрүүл мэндийн яам Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу богино хугацааны дотор урьдчилан сэргийлэх журам дүрмээ гаргаж, нисэх, вокзал, хилийн боомтуудыг маш яаралтай хяналтын камер, тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг байршуулан гадаадаас орж ирэх, гарах зорчигчдын хөдөлгөөнийг бүрэн зогсоохгүйгээр хатуу хяналтад оруулж ажилласан. Ингэснээр Монголд H1N1-ийн халдвар тархах нөхцөлийг 7 сар гаруй хугацаанд барьж чадсан. Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгуулага, бүх шатны сургууль, цэцэрлэг хэвийн горимоор ажилласан. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны дэргэд тархвар судлалын, эмнэл зүйн, яаралтай тусламжийн, тандалт судалгааны, мониторингийн, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан багуудыг холбогдох эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаачид тэргүүлэх эмч нарыг оролцуулан байгуулж, эмнэлгүүдийг өргөтгөх, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм тарианы хангалтыг эрчимжүүлэх, эмч мэргэжилтэнг мэргэшүүлэх, эдгээр арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, УОК-т оруулж хэлэлцүүлэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсэн. Хичнээн ийм хатуу хяналттай байсан ч Японоос ирсэн монгол эмэгтэй халдвар тээгч болж Монголд H1N1-ийн халдвар орж ирсэн. Тэр үеэс л УОК-ын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг хорьж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмд шилжүүлж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Халдвар авсан бүх хүнээ Улаанбаатар хот руу татаж үндэсний төвүүдэд хүлээн авч эмчилсэн. H1N1-ийн халдвар хэдийгээр цар тахлын хэмжээнд хүрээгүй ч маш хурдан тархдаг, мөн л өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд хүнд тусдаг, уушги гэмтсэн нөхцөлд ямарч өршөөлгүй үхэлд хүргэдэг аймшигтай халдварт өвчин байсан. Улаанбаатарт 1000 гаруй ор дэлгэж, Сайдын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн багууд хот хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Засгийн газар, ялангуяа УОК бидний саналын дагуу яаралтай хуралдаж, эдийн засаг санхүүгийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж байсан. Эрүүл мэндийн яамДЭМБ-тай нягт хамтарч ажилласан. Тэр үед Монгол Улс ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан учир ДЭМБ-ын төвөөс онцгой анхаарсан. Тухайлбал, вакцин гармагц гишүүн орнуудын үсгийн дараалал харгалзахгүйгээр Монгол Улсад эхний ээлжинд нийлүүлэлт хийсэн. Бид ч гэсэн Засгийн газрын нөөцөөс 6,7 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулж, үндэсний компаниар дамжуулан богино хугацааны дотор Франц, Англи улсын компаниуудаас захиалгын дагуу вакцинаа худалдан авч, АХБтээврийн зардлыг нь дааж, БНСУ-аар дамжуулан маш яаралтайгаар тээвэрлэж ирээд шууд л Улаанбаатар болон халдвар тархсан аймгуудын иргэдийг вакцинжуулалтад хамруулснаар хохирол багатайгаар халдварт өвчнийг дарж авсан. Тухайн үеийн вакцин нэг удаа хийгээд дархлаажуулалт тогтдог байсан нь богино хугацаанд өвчнөөс салах үндэс болсон.

. –Тэр үед ОХУын онгоцыгбаривчилсантухай мэдээ шуугиан тарьж байсан санагдах юм?

-Өө тэгсэн, тэгсэн. “Алтан ураг” хамтлаг халдвар анх дэгдсэн Мексикт тоглолтоор очоод онгоцны буудлаас буцаж, ОХУ-ын Шерметевийн буудалд буусан юм билээ. Гэтэл хоёр нь гэнэт халуурч Москвагийн эмнэлэгт хүргэгдээд бусад нь Аэрофортын онгоцоор Монгол руу ниссэн тухай мэдээлэл авсан. Ингээд миний бие энэ тухай УОК-т мэдэгдээд өөрөө нисэх буудалд очиж тухайн онгоцыг өглөө зургаан цагт буухад нь нисэх буудалд оруулахгүйгээр хээр зогсоож зорчигчдыг шууд ХӨСҮТ-д авчирч шинжилгээнд оруулсан. Гэтэл тэр онгоцонд Унгарын тээврийн сайд, ОХУ-ын ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэл ажилтай танилцах багийн гишүүд гээд хариуцлагатай албаны хүмүүс ирсэн байсан юм билээ. Элчин сайдын яамдаас утасдаад л их л юм болсон. Гэхдээ яахав дээ, тусгаар Монгол Улс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өөрийнхөө хууль тогтоомжийн дагуу л ийм арга хэмжээ авсан. Эцэст нь шинжилгээний хариу сөрөг гарсан учир тэднийг ХӨСҮТ-д нэг хонуулаад гаргасан. Зорчигчид гарахдаа тэнд ажиллаж байсан манай багийнханд зөв зүйтэй арга хэмжээ байсанд талархал илэрхийлээд л явсан байсан.

Та бол улстөрч хүн. Тиймээс улс төрийн зарим асуудал дээр байр суурийг чинь сонсъё гэж бодлоо. Он гарангуут жирэмсэн эмэгтэйг амаржих газраас халат, тавчиктай гаргаж ХӨСҮТрүү явуулснаас болж, Засгийн газар хариуцлага хүлээж гэнэтхэн огцорсон. Гэнэтийн энэ үйл явцыг улстөрч хүний хувьд юу гэж ойлгодог вэ?

-Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын найруулсан улс төрийн шоу, Ерөнхийлөгчийн эсрэг дайралт хийх гэсэн болхи оролдлого л гэж ойлгодог. Төрийн соёрхол хүртсэн эмч нарыг ордноос гарч ирэхэд нэг нөхөр ордны баруун талд машинаас буугаад Сүхбаатарын талбайд орж ирж өөрийгөө шатаах гэж оролдоод амиа алдсан, “Хүрээ” амаржих газраас дөнгөж төрсөн бүсгүйг тавчиктай гаргаж ХӨСҮТ рүү “ачсан”, Төрийн ордны өмнө “Тавчиктай бүсгүйг” өмөөрч жагсаал болсон, Жагсаалаас болж УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр огцрох өргөдлөө өгч байгаа тухай мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд хоёр сайдаа хамгаалж, “эр зориг” гарган Засгийн газраа бүрэлдэхүүнээр огцруулах шийдвэр гаргасан, УИХ түүнийг нь хэлэлцэж шоу хийсэн гээд бүх дуулиан шуугиан бүгд зохион байгуулалттай жүжиг байсан. Эцсийн эцэст хуучин Засгийн газар коронагийн хоёр дахь давлагааг даван туулах ямар ч боломжгүй болсон учраас шинэ Засгийн газар гарч, Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан цоо шинэ “коронадах” улс төрийн тоглолт эхлүүлэх нь эрх баригчдын төлөвлөгөө байсан гэдэг нь одоо ил тод харагдаж байна. Үнэндээ МАН-ын дарангуйлал иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт ноцтой хохирол учруулж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон болохоор бүх юмыг Ерөнхийлөгчтэй холбох болж. Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Харин тийм ээ. Төмөр замын бүтээн байгуулалт хийсэн, оффшорыг илрүүлсэн, Засгийн газар огцорсон, цэрэг амиа алдсан, АН хоёр хуваагдсан, төв талбайд хүн шатаж үхсэн, Цэцийн Д.Одбаяр солонгос бүсгүйн өгзөг базсан нь бүгд л Ерөнхийлөгчийн буруу болж байх шиг байна. Инээдтэй гэхэд дэндүү инээдтэй л санагдаж байна.

УИХын гишүүнээр олон жил ажиллаж байсан хүний хувьд Цэцийн дүгнэлтийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-“Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэдэг шиг л юм болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд огт байхгүй заалт Үндсэн хууль зөрчсөн гэхээр үнэхээр ойлгохгүй юм. Уг нь УИХ-аас баталсан хуульд ямар нэг заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж иргэд гомдол гаргавал Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, хэлэлцэж шийдвэрлэдэг санах юм. Гэтэл Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн заалт сонгуулийн хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүн, хуульчид гомдол гаргаад, Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэцийн гишүүн-хуульчид нь тийм байна гэж дүгнэлт гаргадаг болж байгаа юм байна. Цэцийн гишүүд ингэж Үндсэн хуулиа уландаа гишгэж, МАН-ын даалгавраар ийм бүдүүлэг шийдвэр гаргаж болохгүй л дээ. Ийм шийдвэр гаргасныхаа төлөө Цэцийн дарга, дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүд Монголын ард түмнээс уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй.

Байнгын хорооны дүгнэлтээс харахад УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ш.Цогтоо “Цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцох Н.Энхболд гишүүн УИХ-аас баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хууль Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ тов тодорхой илэрхийсэн байна лээ” гэж ярьж байсан. Ийм байхад УИХ-ын нэгдсэн чуулган Цэцийн хууль зөрчсөн дүгнэлтийг хүлээж аваад “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуульд өөрчлөлт оруулбал УИХ бас л тарахаас өөр гарц байхгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Мөнхзул: Төрийн захиргааны байгууллагын гурван хүн тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гарсан

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.


-ХЭҮК-т ирж байгаа зөрчлийн дийлэнх нь ямар төрлийн гомдол, мэдээлэл байна вэ. Өөрөөр хэлбэл, хүний эрх хаана илүүтэй зөрчигдөж байна вэ?

-ХЭҮК нь олон улсын гэрээ болон Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч шалгадаг. жилд дунджаар хүний эрхтэй холбоотой 800 гаруй гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байна. Комисст ирж буй гомдол, мэдээллийн дийлэнх нь хорих анги, цагдан хорих байгууллагад эрх нь хязгаарлагдсан хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг нь зөрчлөө, хилс хэрэгт гүтгэлээ, эрүү шүүлт тулгасан, өмгөөлөгчөөр хангахгүй байна, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж байна гэх гомдлууд зонхилдог.

Мөн хөдөлмөрлөх эрхийн зөрчлүүд, үүн дотор ажлын байрны дарамтын асуудал, нас, хүйс ялангуяа намаар ялгаварлаж байна гэсэн гомдол их гарч байна.

-Нэр бүхий УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар танайд гомдол ирсэн үү?

-Манайд иргэн С гомдол гаргаагүй. Үүнтэй холбоотой Комисс байр сууриа илэрхийлсэн. Хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдлөө өгсөн байгаа. ХЭҮК энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байгаа. Мөн хэргийг шалгах явцад хохирогчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байна, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг хэрхэн хангаж ажиллаж байна гэдэгт хяналт тавьж ажиллана.

-Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол мэдээлэл хэр ирдэг вэ?

-Энэ онд ХЭҮК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд хийсэн бэлгийн дарамтын талаарх ойлголт ,мэдлэг ямар байгааг тандах судалгааг хийсэн. Судалгаанд оролцсон гурван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэг хэлбэрт өртсөн гэдэг судалгаа гарсан.

Бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ амаар, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орохоос өөр аргагүй байдалд хүргэж дарамлах, мөн хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орох зэрэг олон хэлбэрүүдтэй өргөн хүрээний ойлголт. Гэтэл хүмүүс бэлгийн дарамтын хамгийн хүнд хэлбэр болох бэлгийн харилцаанд орох, хүчиндэхийг л зөвхөн бэлгийн дарамт гэж үздэг болох нь судалгаанаас харагддаг. Харин бэлгийн сэдэлтэй онигоо ярих, эрээ цээргүй ширтэх, бэлгийн нууцтай нь холбоотой асуулт тавих зэрэг үйлдлийг төдийлөн бэлгийн дарамт гэж үзэхгүй байна. Ер нь бэлгийн дарамт учруулж буй хүмүүс ихэнхдээ эрх мэдэл бүхий хүмүүс байдаг бөгөөд надтай ойр дотно байвал чамайг гадаадад явуулна, албан тушаал дэвшүүлнэ гэх зэргээр хүсэл мөрөөдөл дээр нь дөрөөлөн тэгвэл ингэнэ гэсэн болзол тавих, ажлын ачааллаар дарах, дарамтлах зэргээр тэвчишгүй орчин үүсгэж, гарцаагүй байдалд оруулах арга тактикыг их хэрэглэдэг. Тухайлбал нэгэн Их сургуулийн багш нь оюутнаа шөнө оройн цагаар дуудаж бэлгийн харилцааны санал тавьдаг, зөвшөөрөхгүй болохоор өөрийн шалгалтан дээрээ гурван удаа унагааж, сургуулиас хөөгдөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, бэлгийн харилцаанд орсноос охин хүсээгүй жирэмсэлт болж насан туршийн сэтгэлийн шархтай үлдсэн. Энэ мэт олон шалтгаанаар олон ч эмэгтэйчүүд ажлаасаа арга буюу гарч ажилгүйчүүдийн эгнээнд орох, амиа хорлох, бэлгийн замын халдварт өвчин тусах, гэр бүл салалт гээд үүний цаана нийгмийн асуудлууд бий болж байна. Бэлгийн дарамтыг зөвхөн хоёр хүний асуудал хэмээн үзэж тоохгүй орхисноор энэ нь нийгмийн олон асуудлуудыг дагуулж, бэлгийн дарамт хавтгайрах хөрс суурь нь болж байна. Төрийн захиргааны албан хаагчдын гурван хүний нэг нь бэлгийн дарамтад өртдөг талаар дээр дурдсан. Гэтэл тэдгээр дарамтад өртсөн иргэдийн ердөө 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагад хандсан байна.

-Хүчирхийлэлд өртсөн иргэд гомдол гаргахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Маш олон шалтгаан бий. Юуг бэлгийн дарамт гэж үзэх талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын долоон хүн тутмын нэг нь л бэлгийн дарамт гэдэг ойлголтыг мэдэж байна. Бусад зургаа нь ойлголтгүй байх жишээтэй. Нөгөө талаар бэлгийн дарамт нь хохирогчийн нэр төр, алдар хүндтэй холбоотой маш эмзэг асуудал байдаг. Гэтэл манайд хохирогчийн талаарх нууцлалыг хадгалдаггүй, мөн хохирогчийг буруутгадаг хандлага дийлэнхдээ зонхилж байна. Хохирогч ямар ч хүн байж болно, биеэ үнэлэгч, богино банзал өмсөж, өөрөө өдсөн ч байж болно, хамгийн гол нь хэн ч хүсээгүй бэлгийн дарамтад өртөх ёсгүй. Түүнчлэн хохирогчийн аюулгүй байдлыг хангах асуудал манайд сул байдаг. Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалдаг Тахарын албыг татан буулгасан нь хүний эрхийн ухралт болсон. Нөгөө талаар бэлгийн дарамтад өртсөн хохирогч сэтгэл санааны маш хүнд шоконд ордог. Үүнээс болж амиа хорлосон ч хүмүүс байгаа. Гэтэл сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал өнөөг хүртэл байхгүй. Мөн манайд хохирогчийг нөхөн сэргээх үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүй байна. Түүнчлэн энэ төрлийн зөрчил нотлогдохгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болох нь элбэг. Энэ нь Дулмаа, Дондог хоёр хүний хооронд, нууц далд үйлдэгддэг тул нотлоход хүндрэлтэй байдаг. Манайд хохирогчоос л илүүтэй нотолгоо баримтыг шаардаад байгаагаас харин хүчирхийлэл үйлдэгчээс төдийлөн шаарддаггүй. Олон улсын туршлагаар хүчирхийлэл үйлдсэн этгээд бэлгийн дарамт үзүүлээгүй гэдгээ өөрөө нотлох эрх зүйн орчинг бий болгох нь чухал бөгөөд энэ зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хэрвээ мөн энэ заалт батлагдвал хохирогчид ээлтэй зохицуулалт болох юм. Судалгаагаар олон охид эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртсөн гээд гараад байдаг хэрнээ дээрх шалтгаануудын улбаатайгаар холбогдох байгууллагад хандсан хүний тоо бага гараад байгаа юм. Энэ бүх бэрхшээлүүдийг даван туулаад цагдаа, хуулийн байгууллагад хандаж буй хохирогчдыг ойлгож дэмжих, буруутгахгүй байх нь та бидний том дэмжлэг. Цаашид иймэрхүү бэлгийн дарамтыг үл тэвчих, хязгаарлах нийгмийг бид бүтээх ёстой.

-Бэлгийн дарамт үзүүлсэн буруутай этгээдэд ямар хариуцлага хэрхэн тооцдог вэ. Энэ талаарх эрх зүйн орчин нь хангалттай байна уу?

-Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсныг 2017 онд уг хуулиас хасч, Зөрчлийн хууль руу шилжүүлж хариуцлагыг сулруулсан нь хүний эрхийн ухралт болсон тул Комиссоос 2019 онд бэлгийн дарамтын тухай нэлээн өргөн хүрээний судалгаа хийж, ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэргээр зүйлчлэх ёстой гэдэг саналын томьёолол боловсруулж УИХ-д хүргүүлсэн. Мөн Жендэрийн тэгш эрхийн тухай хуульд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлж сургалт явуулах, хөдөлмөрийн дотоод журамдаа бэлгийн дарамтыг хориглох, энэ талаар гомдлыг барагдуулах механизмыг бүрдүүлэх үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн боловч уг хуулийн хэрэгжилт ялангуяа хувийн хэвшилд хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан тул уг заалтуудыг хөдөмлөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж өгсөн байгаа. Мөн төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны албан хаагч бэлгийн дарамт учруулахыг хориглож ийм үйлдэл гаргасан бол ажлаас чөлөөлөх хүртэлх зохицуулалтыг оруулж өгсөн хэрнээ улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчыг орхигдуулсан байгаа. Иимд хуулийн энэхүү ялгамжтай зохицуулалтыг анхаарч өөрчлөх хэрэгтэй.

-Бэлгийн дарамтад өртдөг хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ эрчүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэж сонсож байсан юм байна?

-Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 70-80 хувь нь охид, эмэгтэйчүүд байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг ихэнхдээ эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөтэй, эсхүл хүйсийн хувьд давуу байдлаа ашиглаж үйлддэг тул эрх мэдлийн шинжтэй гэм үйлдэл гэж үздэг. Тэр хүмүүс ихэнхдээ охид, эмэгтэйчүүдийг өөрийн бэлгийн дур хүслээ хангах, сул дорой хүйстэн гэдэг нүдээр хардаг учраас жендерт суурилсан хүчирхийлэл ч гэж үздэг. Эрэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх нь ховор. Гэхдээ энэ төрлийн гэмт хэрэг байхгүй биш байдаг. Эмэгтэй удирдлагын зүгээс бэлгийн харилцааны шинжтэй санал тавих, залуу эрчүүдийг мөнгөөр, мөн эрх мэдлээрээ сүрдүүлж эрхшээлдээ оруулах байдлаар ихэнхдээ үйлдэгддэг. Гэхдээ эрчүүд өргөдөл гомдол гаргах нь ховор. Эмэгтэйчүүдтэй адилхан нэр хүндээ хамгаална. Нөгөөтэйгүүр эрэгтэй хүн байж эмэгтэй хүний бэлгийн дарамтад орсон нь ичгэвтэр юм гэж үзэх нийгмийн буруу хандлага, соёл нөлөөлдөг байх.Энэ буруутгах хандлага, хэвшмэл ойлголтыг л халах хэрэгтэй.

-Засгийн газар, УИХ-ын санаачилсан хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалахтай холбоотой санал, зөвлөмжөө хэр хүргүүлж ажилладаг вэ?

-Комисс жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эх чөлөөний нөхцөл байдлыг судалж үнэлгээ хийж ийм асуудлуудыг өөрчлөх, ийм хуулийг шинээр батлах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн саналаа УИХ-д жил бүр хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ шинэ гишүүд томилогдсоноос хойш 10 гаруй хуулийн төсөлд санал өгсөн байна. Цаашид бид хууль тогтоомж олон улсын гэрээ конвенцын зарчимд нийцэж буй эсэхэд хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх, үүнтэй холбоотой аргачлалыг боловсруулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

-ХЭҮК нь заавал гомдол ирвэл шалгах уу. Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гарсан зөрчлийг шалгадаг уу?

-Шинээр гишүүд ажилд томилогдоод, бид зөвхөн Комисст ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авахаас гадна сошиал орчинд, олон нийтийн дунд хүний эрхийн анхаарал татсан асуудал дээр мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.

-Цаашид хүний эрхийн зөрчлийг бууруулах, ялангуяа бэлгийн хүчирхийлэл дарамтын эсрэг юу хийх шаардлагатай вэ?

-Хүчирхийллийн асуудлыг үл тэвчих үзэл санааг дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн ухамсрыг бий болгох нь чухал байна. Соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллагууд ажлаа хиймээр байна. Тэд бэлгийн хүчирхийллийн асуудлыг байх ёстой мэтээр онигоо болгож ярьж, хүний эрхийн мэдрэмжгүй байдлаар хандаж байгаа нь харамсалтай. Хүн болгон хүчирхийлэл, дарамтыг үл тэвчдэг, эрхээ мэддэг, эрхээ шаарддаг нийгмийн соёл, ухамсар бүрдвэл цаашид хүний эрхийн зөрчил буурах боломжтой. ХЭҮК нь олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажлыг дэмжиж ажилладаг. Тухайлбал, Комисс хууль хяналтын болон төрийн захиргааны байгууллагуудад “жендер ба хүний эрх” чиглэлээр 400 гаруй сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлтгэж өгсөн. Энэ хүмүүс өөрийн салбар бүрдээ хүний эрхийн сургалт соён гэрээрүүлэх ажлыг хийх ёстой. Энэ хүмүүсийг байгууллагууд нь дэмжиж, ажлыг нь хийлгэмээр байна. Нийгмийг бүхэлд нь өөрчилнө гэдэг амаргүй. Гэхдээ залуучуудын ухамсар сүүлийн үед өөрчлөгдөж байна. Хүчирхийллийн эсрэг дуугарч, хүчтэй шүгэл үлээгч нарыг дэмжиж буй байдал ажиглагдаж байгаа. Эрхийнхээ төлөө шударгаар зөв арга замаар, хүчирхийллийн бус аргаар тэмцэж буй хүн бүр хүний эрхийг хамгаалагч шүү. Тийм учраас хүний эрхийг хамгаалагч нар айдастай байж болохгүй. Айдасгүйгээр үгээ хэлэх орчныг бүрдүүлбэл Монгол Улсад хүний эрх хангагдана. Монгол Улс хүний эрхийн холбогдох 50 гаруй олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Гол нь хэрэгжилтийн асуудалд анхаарвал дэвшил гарна. Мөн ХЭҮК нь нийт 20 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр илтгэлийн зөвхөн нэгийг нь л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн байдаг. Бусад илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хүрээнд хэлэлцсэн байдаг. 2020 оны нэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдэж, хуульд ХЭҮК-ын илтгэлийг заавал УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх чухал зохицуулалт орсон. Энэ жил бид “Ковид ба хүний эрх” сэдвээр илтгэлээ УИХ-д хүргүүлж, цар тахалтай холбоотойгоор хүний эрхийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх саналуудаа хүргүүлээд байна.Удахгүй Чуулганаар Комиссын илтгэлийг хэлэлцэнэ. Гагцхүү Комиссоос илтгэлээрээ дамжуулж дэвшүүлсэн жил бүрийн санал зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлж, түүнийгээ УИХ -д жил бүр тайлагнаад явбал Комиссын илтгэлийн үр нөлөө ч сайжирна, нөгөө талаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал ч сайжирна гэж хардаг.