Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн аваргаас БНСУ медаль хүртсэнгүй

БНСУ-ын Дэгү хотноо хөнгөн
атлетикийн 13 дахь удаагийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. 203 орны 1848
тамирчин өрсөлдсөн уг тэмцээнийг медалийн тоогоор АНУ-ын баг тэргүүлж, ОХУ,
Кенийн баг удааллаа. Харин дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион
байгуулсан БНСУ 63 тамирчнаа өрсөлдүүлсэн ч ганц ч медаль хүртсэнгүй.

Энэ удаагийн дэлхийн аваргад
манай улсаас “Лондон-2012” олим­пийн эрхийг хүртээд буй ОУХМ Б.Сэр-Од,
Л.Отгонбаяр нар өр­сөлд­сөн. Наймдугаар сарын 27-нд болсон эмэгтэйчүүдийн
марафонд Л.Отгонбаяр уралдаж 39 дүгээр байрт орсон юм.

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр
болсон эрэгтэйчүүдийн ма­рафонд Б.Сэр-Од оролцлоо. Нийт 67 тамирчин гараанаас
гарч, 51 нь барианд оров. Манай тамирчин 2:16:41 цаг гүйж 20 дугаар байрт орсон
бол энэ зайг Кенийн тамир­чин Абел Кируи 2:07:38 цагт туулж аваргын алтан
медалийн эзэн болсон юм.

Б.Сэр-Одын хувьд 2003 оны ДАШТ-д
2:26:39 цаг, 2009 оны Берлиний ДАШТ-д 2:17:22 цагийн амжилт үзүүлж 29 дүгээр
байрт тус тус орж байсан юм. Энэ удаад 20 дугаар байрт шалгарч өмнөх ам­жилтаа
ахиуллаа.

Дэлхийн шилдэг тамирчин, олимп,
дэлхийн аварга Усайн Болт 100 метрт бүтэлгүйтсэн ч 200 метрт аваргаллаа. Тэрээр
“Сэтгэл жаахан уужирлаа. 100 метрт алдаа гар­гачихаад ер итгээгүй. 200 метрт
санасандаа хүртэл хурдаллаа. Намайг дэмжиж байсан спорт сонирхогчдодоо
баярлалаа” хэ­мээгээд ялалтын баяраа илэрхийл­дэг өнөө супер хөдөлгөөнөө
хийжээ.

Эмэгтэйчүүдийн өндрийн ха­райлтын
медалийн төлөөх ха­райлтууд ихээхэн сонирхол татсан. Жилийн өмнөхөн нярайлж,
охин­той болсон ОХУ-ын тамирчин Анна Чичерова 2.03 метр харайж энэ төр­лийн
дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртэв. Түүнтэй ширүүн өрсөлдсөн
Хорватын та­мир­чин Бланка Власиу сүүлийн харайлтдаа азгүйтсэнээс мөнгөн медаль
дээр буусан юм. Анна Чичерова “Охин минь надад аз дуудлаа. Миний бүх зүйл
сайхан байгаа нь нялх үртэй минь хол­боотой. Амаржаад сар болоод л бэлтгэлийн
заал руугаа явж  эхэл­сэн. Хэдхэн сарын
дотор хуучин формдоо орж чадсан. Дэлхийн аварга боллоо. Одоо надад “Лон­дон-2012″
гэх том даваа үлдээд байна” гэж алтан медалийн болзол хангасныхаа дараа
хэвлэлийнхэнд ярьжээ.

Эмэгтэйчүүдийн тулгууртай
харайлтад Исинбаеваг ямар нэг маргаангүйгээр түрүүлнэ гэж таа­маглаж байтал
тэмцээний талбайд бүх юм өөрөөр эргэсэн. Оросын бүсгүйчүүдийн ноёрхол тогтсон
гэж болохоор энэ төрөлд Исинбаева бүтэлгүйтсэн ч цагтаа эх орныхоо нэрийг өргөж
явсан Светлана Феобиана хамаг хүчээ шавхан байж хүрэл медаль хүртсэн нь нутагт
нэгтнүүдийнхээ сэтгэлийг жаахан ч гэсэн уужруулав. Исин­баева азгүйтсэн ч “Энэ
бүх таагүй зүйлсийг огтхон ч тоохгүй байна. Тулгуур модоо сольсноос болж
алдчихлаа. Гэхдээ үүнд би ха­рамсахгүй байна. Миний бүх ан­хаа­рал Лондонг
чиглэсэн байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Олон улсын хөнгөн атлетикийн
холбооноос тэмцээнийг зохион байгуулсан БНСУ-ыг зохион бай­гуулалттай сайн
ажиллаж, цэвэрхэн орчныг бүрдүүлсэн хэмээн магтсан ч солонгосчууд ганц ч медаль
хүртээгүйдээ урам нь хугарсан гэнэ. ДАШТ-ий үеэр журмын дагуу явагд­даг пара
уралдаанд нэг тамирчин нь хүрэл медаль хүртсэн ч түүнийг нь албан ёсны дүнд тооцдоггүй
учиртай. БНСУ-ын хөнгөн атлети­кийн холбооны ерөнхийлөгч “Бид медаль авч
чадаагүй ч, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, их туршлага хуримтлууллаа.
Ирэх олимпийн өмнөх маш том сорилго боллоо” гэжээ.

Энэ удаагийн ДАШТ-ийг спор­тын
мэргэжилтнүүд “Олимп, дэл­хийн дээд амжилт эвдэгдэж, шилд­гүүд бүдэрч,
азгүйтэж, зохион байгуулагч орон нь ганц ч медаль­гүй үлдсэн сонирхолтой
тэмцээн боллоо. “Дэгү-2011″-ийг хожим дурсахад энэ хэд л санагдах байх” гэж
дүгнэжээ.

Хөнгөн атлетикийн дараагийн ДАШТ
2013 онд манай хойд хөр­шийн нийслэл Москва хотноо болно.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жүдогийн “жуулчид”-ыг тэтгэвэрт нь гаргая

-ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЧУУД НЭГ Ч МЕДАЛЬ АВСАНГҮЙ-

Жүдо бөхийн
2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шал­га­руулах тэмцээн Францын Парис хотноо болж өн­дөр­лөлөө. Ма­найхаас эрэгтэй 14, эмэгтэй есөн тамирчин өрсөлдлөө. Дэл­хийн аварга, олим­пийн аварга, “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга, дэлхийн шилдэг жүдочид нэр дэвш­сэн жү­доч, Монгол Улсын хө­дөл­мөрийн баатар, гавь­яат тамир­чид гээд л ай­хавтар цол гуншинтай 23 тамирчин Парисын тата­мид улсаа төлөөлөн хүч үзлээ. Гэтэл ганц ч медаль хүртсэнгүй. Нэг нь ч шиг­шээд шалгарсангүй.

Өчигдөр тэмцээний
сүүлийн
өдөр болсон багийн ДАШТ-д ч багаараа БНСУ, ОХУ-ын багт навс дарууллаа. Эхний өдөр монгол­чуудын найдварыг хамгийн ихээр тээсэн дэлхийн аварга Х.Цагаан­баатар хүч үзсэн ч өрсөлдөгчөө дийлсэнгүй. Гэсэн ч спорт сонир­хогчид дараачийн өдрүүдэд үлд­сэн жүдочдодоо итгэл хүлээлгэсээр байтал гавьяат тамирчин М.Бунд­маа, Д.Цэрэнханд, олимпийн авар­га Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүү­лэн, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд, С.Ням-Очир гээд бүгд ялагдал хүлээлээ. Юун тамирчдаараа ба­хар­хах манатай. Энд барилдааныг нь шууд үзэж байсан спорт со­нирхогчид өмнөөс нь ичиж “Эх орныхоо нэрийг гутаасан юмнууд” гэж зүхэцгээжээ.

Жүдочид амжилт үзүүлсээн. Олимп, дэлхийн аварга, гавьяа­туудыг эгнээнээсээ төрүүлэн гарга­саан. Хамгийн сүүлд шигшээ ба­гийн дасгалжуулагч Ч.Насантогтох хөдөлмөрийн баатар боллоо. Учир нь түүнийг монголын спорт, жүдо бөхийн хөгжилд дайнд оролцсон баатрын дайтай гавьяа байгуулсан хэмээн үзсэн хэрэг. Гэтэл шавь нар нь түүний хөдөлмөр нь худлаа, нүдээ олоогүй шагнал авлаа гэсэн шиг дэлхийн аваргын дэвжээнд бүгд ялагдаж, дэвжээний алчуур гэж дуудуулж “бэлэг” барилаа, багш­даа. 

23-уулаа барилдаад ганц ч медаль хүртээгүй нь ичих, өрөвдөх сэтгэл зэрэгцүүлээд зогсохгүй Монголын жүдочдод дэлхийн дээд шүүлтүүр нь дүнгээ тавьчихлаа.

Өнөө жилийн наадмаар манай жү­догийн шигшээгийнхэн баахан наадамдав. Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяраас эхлээд олон жүдоч наадмын барилдаанд зодог­лосон. Зунжингаа л найр наадам хэсч, айраг, боодог эр­гүүл­сэн хү­мүүс юун дэлхийн аваргын тэмцээн манатай явсан биз. Гэтэл БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын жүдочид өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа­чаас л шигшээдээ өөрч­лөлт оруулж нарийвчилсан бэлтгэл базаасаар ирсэн. Өнгөрсөн хэдэн сард бэлт­гэлээ бүр ч нягтруулж өрсөлдөгч, шилдэг гэсэн тамирч­дын барил­дааны бичлэгийг хэдэн зуу дахин үзэж тактик боловс­руулсан байна.

Харин манай жүдогийнхон шаг­нал, магтаал, сайшаалд бялуурч 
наа­дам, наргиа гэсээр эх ор­ныхоо нэрийг гаргах чухал тэмцээ­нийг мартчихаад явж байхав.

Парисын дэлхийн
авар­гад ма­найхан бүгд ялагдсан нь нэгийг өгүүлэв. Шигшээ багийг бүрдүүлж буй тамирчдыг насных нь хувьд авч үзвэл та­мирчны ид амжилт гаргах нас нь өнгөрсөн “тэтгэвэр”-ийнхэн эзэлж байна. Хэзээний Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяр, П.Лхамдэгд, Т.Бат­төгс, Д.Цэрэн­ханд, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир, С.Ми­яарагчаа, Э.Энх­бат вэ. Жаахан хэтрүүлж хэлэхэд “МЭӨ” үед л амжилтаа үзүүлчихсэн тамирчид шүү дээ, эд нар чинь. “Зай нь суучихсан” энэ хэдийг одоо шиг­шээ­гээс нь гаргаад хойно нь жагсч зогсоо ирээдүйтэй залуу тамирч­даа “тордмоор” юм. Тэгэхгүй бол тив дэлхий алгасан зугаалж, эх орон, татвар төлөгч­дийн мөнгөөр аялж явдаг жүдогийн жуулчид болж хувирах нь. Спорт гэдэг чинь асар хурднаар үеэ сольдог, цагаар зүйрлэвэл доль, секунд шиг л ажилладаг зүйл.

Х.Цагаанбаатар
жингийнхээ
залуу бөхчүүдийг “айлгадаг” гэх. Үүнийг Ч.Насантогтох багш мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Яагаад гэвэл түүнд хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч гэх өндөр нэр хүндтэй шагналыг ава­хад тусалсан, нөлөөлсөн гол шавь нь юм чинь. Жүдогийн шигшээд нэг ийм зүйл яваад байдаг юм. Амжилт үзүүлсэн тамирчид шигшээдээ дархлагдчихдаг. Доороос гарч ирж байгаа залуу тамирчид гадаадын тэмцээнд хүч үзнэ гэсэн ойлголт ч тэр хэдэн жилдээ байдаггүй. АНУ олимп, дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчнаа дахин дахин “сойгоод” байдаггүй. Дараа­гийн тамирчнаа гаргаж ирдэг спор­тын шударга хуультай. Тамирчид нь ч жудагтай, “Би одоо боллоо. Дараа­гийнх нь ээлж” гэдэг.

Энэ удаагийн
жүдо бөхийн ДАШТ манай спортын ерөнхий түвшинг харууллаа. Спортод сайн бэлтгэл хийсэн шаргуу, хөдөлмөрч авьяаслаг тамирчин эсвэл тухайн өдөр аз нь гийсэн тамирчин л медаль авдаг. Манайхан сүүлийн жилүүдэд ДАШТ-ээс хэдэн медаль авсан нь ерөнхийдөө аз гийснийх. Манай спортын байгууллагууд тэр азаар авсан хэдэн медалиар л түрүү барьж, улсын хөрөнгийг тэрбумаар хяналтгүй үрдэг. Тэгээд топ гэсэн төрлүүдээ л яриад бусдыг нь үл ойшоодог. Аль л 2008 онд авсан олимпийн медаль шүү дээ. Түүнийг одоо ч залхтал яриастай. Гэтэл энэ маань дээр өгүүлсэн спортын доль, се­кундийн хуули­наас гажаад бай­на. Улс ор­нууд ирээдүйд авах медалиа ярь­даг бол манайхан өнгөрсөнд авсан ме­далиа л яриад байдаг. 

Энэ байдлаар
манайхан
яваад байвал Лондонгийн олимпийг зүглээд хэрэггүй ээ. Спортын мэр­гэжилтнүүд “Ирэх Лондонгийн олимп Монголчуудад халтай. Яа­гаад гэвэл Лондон бол Бээжин биш” гээд сануулаад л байгаа. 

Жүдочдын энэхүү ялагдал мон­голын спортын салбарынхны ажилд дүн тавьсан явдал болов.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Допингийн сар

Наадмын барилдааны их найрааны дуулианыг допин­гийн асуудал залгаж, бөхчүү­дийг сандаргадаг болоод хэдэн жилийн нүүр үзэж бай­на. Долдугаар сарыг бөх­чүүдийн найрааны сар гэвэл наймдугаар сар допингийн сар нь. Энэ сард бөх сонир­хог­чид хэн хэн допинг хэрэг­лэснийг таамаглацгаадаг бол бөхчүүд бие биенээ хардац­гаадаг. Өнөө жилийн наа­дамд 1024 бөх барилдсанаас 32-оос нь буюу зургаагийн да­ваанд барилдсан бөхчүү­дээс допингийн шинжилгээ авсан. Гэтэл наймдугаар са­рын 5-нд БНСУ-ын итгэмж­лэгдсэн ла­бо­раториас “Та­най­хаас ирүүл­сэн сорьцуу­дын хоё­роос нь допингийн төрлийн бодис илэрлээ” гэсэн хариу ирүүлж. Мэдээж сорь­цоос нь допинг илэрсэн гэх хоёр бөх юу гэж зөвшөөрөхөв, да­хин сорьцоо шинжлүү­лэхээр бол­сон. Хоёр дахь шинжилгээ­ний хариу эх­нийх­тэйгээ ижил буюу допинг хэ­рэглэсэн нь дахин тогтоогд­вол сая нэг олон нийтэд нэрийг нь зарла­даг дүрэмтэй. Эхний шинжил­гээний хариу ирэхийг “А” шинжилгээ гэж байгаа бол дахин шинжлүүлж байгааг нь “В” гэж нэрлээд байгаа юм. “А” шинжилгээ­нээс “В” шинжил­гээний хариуг ирэх хүртэлх хугацаанд сорьц өгсөн бөх сэтгэлийн их да­рамт­тай бай­даг тухай бөх­чүүд ярилаа. Энэ жил эхлээд найман бө­хийн сорьцоос допинг илэр­сэн гэж яригдаж байснаа дө­рөв болоод сүүл­дээ хоёр дээр тогтсон. Аймаг, сум, ком­пани корпораци, нут­гийнх­ны­хаа санхүүгийн дэмж­лэгээр даваагаа ахиулж, цо­лонд хүрсэн бөхчүүдийг тэд нь бас харж үзэн допинг хэрэг­лэсэн бөхчүүдийн жаг­саалтаас нэрийг нь хасуул­сан гэж шуугиж байна. Тэгээд үлдэж байгаа хоёр бөх нь бор зүр­хээрээ буюу ямар нэгэн хүний дэмж­лэггүйгээр цолонд хү­рэх­дээ допинг хэрэглэчих­сэн бөх­чүүд юм гэнэ. Бөхийн хү­рээ­нийхэн, тодруулбал залуу бөхчүүд улсын начин Ч.Цог­баяр, улсын харцага А.Алтан­гэрэл нарыг “зааж” өгч байна. Яагаад энэ хоёрыг допинг хэрэглэсэн гэж сэр­дээд бай­гаагаа тодруулаач гэвэл “Аа, тэгж санагдсан юм” гэх. Энэ хоёр шиг сэрдэгдэж байгаа хэд хэдэн бөх байна. Шинэ­хэн аварга С.Мөнхбатыг нэр­лэх юм. С.Мөнхбат наад­маас өмнө өвөл, хаваржингаа эм­нэлгээр явж биеэ эмчлүүл­сэн гэнэ. Тэгж удаан эмнэл­гээр яв­сан хүн шууд л наа­дамд цой­лох боломжгүй. Допингод­сон байж таараа. Эмнэлэгт хэв­­тэж, бие нь сульдсан хүн тийм хурдан тэнхрэхгүй дээ гэж байна. Бас улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг допинг хэ­рэг­лэсэн байж бол­зошгүй гэнэ. Заан Ч.Санжаа­дамбыг заалны барилдаанд хүртэл сэргээш хэрэглэчихсэн явдаг. Нүдний харц нь догш­роод, булчин шөрмөс нь зан­гираад нэг л хачин болчихсон явдаг шүү дээ гэж түүнтэй барилд­сан бөхчүүд ярьцгаа­даг юм. Дэвжээнд гаргадаг ааш зан, задгай, хайнгадуу барил­даан, ширүүн дориун, өөртөө итгэлтэй харагддаг нь магад­гүй хүмүүст тийм буруу бодол төрүүлдэг байж бол­зошгүй.  Бөхчүүдтэй уулзаж, допин­гийн асуудлыг сөхөхөд тэд “Допинг байнга шахуу хэрэг­лэдэг бөхчүүд байдаг ш дээ. Бүр допинггүй бол байж чад­даггүй нь ч байна” гэж ярьдаг юм.

Ер нь тэгээд энэ допин­гийн шинжилгээг авсны ашиг тус гэж юу байна вэ. Допинг хэрэг­лэсэн бөхчүүдэд тохир­сон шийтгэл, хариуцлагыг нь өгөөд, тэр нь бөхчүүдэд ан­хаа­руулга, сэрэмжлүүлэг болж чаддаг байсан бол өнөө­­дөр энэ асуудал дахин сөхөг­дөхгүй л байсан. Бөх­чүүдийг гүндүүгүй, гүндүүгүй л гээд байдаг юм билээ. Тэд чинь ялгаагүй л хүн шүү дээ. Хээгүй, гүндүүгүй монгол эр хүн гээд сэргээш мэргээштэй юм ууж идээд байх уу даа. Бөхчүүд чинь тамирчин. Тэгж яривал тэд чинь юу, ямар юманд до­пин­гийн хольцтой зүйл хэр тун хэмжээтэй байд­гийг захын химичээс илүү мэддэг мэр­гэжилтнүүд нь. Сорьцоос нь допинг илэр­сэн бөхчүүдийн цолыг нь биш чимэг төдийг л хураагаад өнгөрчихдөгөөс ийнхүү до­пинг үндэсний бө­хөд шингээд удаж байна. Сорь­цоос нь допинг илэрсэн нь үнэхээр нотлогдсон бол хатуухан шиг, зохих шийт­гэлийг өгвөл да­раа жилийн наадмын өмнө бөх­чүүд түү­нийг санаад “өнөө­хөө” орны­хоо хөндий рүү шиддэг болно доо. Дээр дурдсан бөхчүүд бол спортын хүрээ­нийхэн, тэр дундаа бөх­чүү­дийн дунд яриг­даж буй хү­мүүс. Магадгүй өнөө нутгарх­даг үзэл, наад­маар өвдөг шо­роодсондоо хариугаа авах гэсэн далд санааны илрэл ч байж болох. Ерөөс “А”, “В” гэж байснаас эхний шинжил­гээ­гээр нот­логд­сон бол нэрийг нь зарлах хэрэгтэй. Тэгээд яахав хоёр дахь шинжилгээгээр тийм биш байсан бол цагаа­даад л өнгөр­нө. Хамт шин­жил­гээ өгсөн бөхчүүд нь олон түмэнд элдвээр хэлэгдэж, залхаж, зарим нь эхнээсээ хоолноос гарчихаад байна гэсэн шүү. Аргагүй шүү дээ, нутаг хошуу­ныхан нь цолны мялаалга бэсрэг наадам хий­гээд, бэлэг сэлтийг бөөн бөө­нөөр өгчих­сөн байхад допинг гэх үг нэрийг нь дагаад бай­хаар хэцүү бай­даг биз.

Categories
редакцийн-нийтлэл

Б.ДОЛГИОН: Гавьяат цол авахаар сонин мэдрэмж төрдөг юм байна

Урлагийн гавьяат
зүтгэлтэн Балчинжавын Долгионтой ярилцлаа.

-Түүхт ойнууд дав­хацсан баяр
наадмаар төрөөсөө урлагийн гавь­яат зүтгэлтэн хэмээх том цол хүртлээ. Нийт
уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе?

-Баярлалаа. “Өдрийн сонин”-ы
уншигчдад бас баяр хүргэе.

-Долгион гэдэг нэр Монголын
рок поп ур­лагтай үргэлж хамт хэ­лэгдэж, цуг ирсэн. Хүү­хэд байхдаа “Долгион”
гэж хамтлаг байдаг юм болов уу гэж хүртэл боддог байсан шүү?

-Сониноос “Долгион” гэж хамтлаг
байсан. Хилийн цэргийн хамтлаг. Их сайн хамтлаг байсан шүү.

-Монголын рок по­пын алтан
үеийн хамт­лагуудтай таны нэр зайлшгүй холбогддог?

-Баярлалаа. Яагаад гэвэл Монголын рок поп урлаг рок поп
гэдэг томъёол­лоор, орчин ца­гийн хөгжмийн
утгаар нь яах аргагүй
миний үеийн­хэн анх бий
бол­госон гэж хэлж болно. Миний уна­ган найз, “Соёл-Эрдэнэ”-ийн Гал­санбат
агсан бол Монго­лын рок попын анх­ны гавьяат шүү
дээ. Монго­лын төр анх
удаа гитар­чинд гавьяат цолоо өгсөн юм. Галсанбат маань
хэдийгээр бидэн­тэй­гээ байхгүй
ч гэсэн тэнгэрээс харж байдаг гэдэгт итгэдэг. Найз маань булган сүүл­тэй юм байна. Манай рок
попын гэр бүлд гавьяат
цолт­нууд олон, өнөр болж байна. Одоогоор тэдний
хам­гийн отгон нь би бол­лоо. Тийм учраас миний үеийн
хамтлагуудад тог­лож, зүтгэж
байгаа бид хэд биш, монголчууд, ард түмэн,
рок поп урлагийг сонирхдог залуучууд, үе
үеийнхэн маань мэдэж,
хайрлаж, хүндэлж явд­гийн
нэг илэрхийлэл нь сая надад шагнал өгсөн явдал боллоо гэж ойлгож
байна. Бидний үеийнхэн ерөнхийдөө ахмад үе
рүүгээ орох гэж байна.
Гэхдээ бидний дээд талд алтан үеийнхэн,
рок по­пын үндсийг
тавьсан хү­мүүс минь байгаагүй бол бид нар яаж байх вэ.
1990-ээд оны, залуу үеийн
төлөөлөл болсон та нарын үеийнхэн
бид­нийг ойлгож, мэдэж, сонсч явдагт баярлах ёстой болов уу. Сая шагнал авахад
залуучууд баяр их хүргэх
юм. Энэ юу гэсэн үг вэ
гэхээр рок поп залуу үеийн
урлаг юм. Тийм болохоор бас их баяр­лаж байх шиг байна. Энэ шагнал бол рок по­пын­хонд
урам хайрласан ээл­жит баяр гэж ойлгож байна.

-Тухайн
үеийн эстрад, рок поп урлагийн нэг чухал хэсэг нь пянз байж. Энэ үг яалтгүй
Монголын 1970, 1980-аад оны эстрадынхны тодотгол нь байсан юм шиг ээ. Пянз
гэхээр та нарын үе л сэтгэлд буугаад байдаг юм?

-Рок
поп урлаг нь өөрөө пянзтай яах аргагүй хол­боо­той. Яагаад гэвэл гитар тог­лоод
дуулна. Түүнийгээ ту­хайн явцуу хүрээндээ сонс­гохоос гадна цаашаа олон хүнд
хүргэхийг боддог ийм урлаг. Нөгөөдүүл нь ч сон­сохыг хүсдэг, харилцан бие
биетэйгээ шүтэлцдэгээс ямар нэгэн техникийн хэрэгс­лээр харилцан хүргэхийн тулд
яв­саар өнөөдөр CD, интернэт, Iphone, Ipod бол­лоо. Бидний хүүхэд байхад удаан
тоглогч пянз гэж бай­лаа. Тэр пянзаар рокн рол­лийн хаана Эльвис Преслей,
“Битлз”-ийн дуу хуур тэр үеийн дэлхийн залуу­чуудын толгой тархийг эзэм­дэж,
маш том шуурга болсон. “Битлз”-ийн тэр дөрвөн залуу дэлхийг донсолгосон. Нэг
гариг, ер­төнц дээр байгаа болохоор тэр салхи шуурга Монголыг тойроогүй.

Галсанбатын
том ах Гал­санбаяр ЗХУ-ын Одессей хотноо сурдаг байлаа. Тэр хот далайн боомт
учраас орон орны усан цэргүүд пянз зөөдөг байсан. Пянз Монголд орж ирсэн нэг
суваг нь тэр үеийн оюутнууд юм.

Галсанбаяр
ах бид нарыг суулгаж байгаад  “Битлз”-ийн
дууг пянзаар сонсгосон. Ин­гэж л бид “Битлз” гэдэг пянз­тай танилцаж байсан.
Түү­нээс өмнө сонгодог, дуурийн дуучдын пянзнууд гэрт маань байдаг л байсан.

Тэр
үед энд тэндгүй пянз тархаж байсан. Рок поп нэгэн зэрэг бий болсон. 40, 50
мянгатын давхар, орцтой байрууд ашиглалтад орж нүүдэлчин монголчууд тэнд орсон.
Тэгэхэд л монголчууд орц гэдэг юмтай болж, тэнд хүүхдүүд нь тоглож нааддаг,
гитар тоглож, дуу хуураа бие биендээ сонирхуулдаг байв. Ийм үед Монголын рок
попын нэгэн үе нь явсан. Тэр үе дотор нь би бас явсан гэдгээ­рээ гэрч нь юм.
Монго­лын орчин цагийн хөгжим орцны хөгжмөөс яах аргагүй үүсэл­тэй, холбоотой.
Орцны хөгж­мийг өнөөдөр зарим хү­мүүс үгүйсгэдэг. Тэрийг үгүйс­гэж болохгүй юм.
Тэгэхэд бас л хөгжим явж байсан. Олон нийтийн өмнө дуулж болдог­гүй, хаалттай
хориотой дуу­нуу­даа орцонд л дуулдаг бай­лаа. Нэг ёсондоо орц нь Соё­лын төв
байж. Тэнд хүү­хэд залуус цуглаж хөгжим, мэдээ­лэл хуваалцдаг, со­лилц­дог бай­сан.
Орцны урлаг буюу ба­руунд underground 
гэж бай­даг. Тэр урлаг маань яв­саар байгаад орчин цагийн рок попын
урлаг болчихлоо. Олон мөчир салаа, хэв мая­гаараа хуваагдаад байж байна.

-Монголын
анхны эст­рад рок, поп дуу гэвэл?

-Тухайн
үеийн соёлын яам, удирдлагууд албан ёсоор “Битлз” маягийн хамт­лаг байгуулсан
нь “Соёл-Эрдэнэ”. “Соёл-Эрдэнэ”-ээс рок поп албан ёсоор эхэлж байсан түүхтэй.
Дуу гэж ярих­гүй, хэнээс эхэлсэн бэ гэвэл “Соёл-Эрдэнэ”-ээс гэнэ.

-Та
нарын үеийн хамт­лаг дуучдыг одоо ч ард түмэн хүндэлсээр, дууг нь сонссоор
байдаг. Та бүх­нийг өнөөдөр хүртэл ард түмэн мартаагүй нь рок попын анхдагчид
гэдгээр тань уу, эсвэл дуунуудад тийм шид байна уу?

-Аль
алинд нь байна. Ер нь бол урлаг хожим хойно нь үнэлэгдэж, томъёологдож явдаг.
Би өөрөө дуу зохиож, оролддог хүний хувьд ярихад дээр үед, алтан үеийн хөгж­мийн
бурхад маань үнэхээр аугаа байжээ. Тэр үед дууг Л.Мөрдорж, С.Гончигсумлаа,
Г.Бир­­­ваа, Б.Дамдинсүрэн, Д.Лув­сан­шарав гээд л хуучны мун­даг хүмүүс
баталдаг бай­сан. Эд нар чинь шаардлага их өндөр тавьдаг байж. На­майг анх
дууны горманийг өөрчлөх гэж завсрын өнгө оруулах гэхэд минь хорьсныг нь эргээд
бодоход буруу юм биш бай­жээ. Монголын таван эгшиг, Азийн аялгуугаа хад­гал
гэсэн хатуу шаардлага тавьдаг байж. Тийм болохоор монгол хүнд, чихэнд чимэгтэй
сон­согддог дуунууд нь мөнх бай­даг. Ингэж бас тайлбар­лаж болно. 1990 онд
ардчи­лал эрх чөлөө бий болсноор нэг сайхан бүтэн амьсгалах уур амьсгалтай болж
хүн бүр дуулж хуурдах, зохиох эрх нь нээлттэй болонгуут бүгд л дуу зохионо гэж
байхгүй л байхгүй юу. Үүнээс болж өнөө­дөр зарим дуу урт нас­лахгүй байгаа.

Өөрөөр
хэлбэл үе үеэрээ үнэ цэнэтэй явдаг урлаг шүү дээ. Рок поп маань залуу үеийн,
мөнхийнх. Бидний үеийн дуунууд яваад бай­дагтай адил 1990, 2000-аад оны дуунууд
ч мөнхрөх л болно шүү дээ.

-Та
шагналаа долдугаар сарын 10-ны өглөө төрийн тэргүүнээс авсан. Наадам­тай
давхацсан шагнал ав­сан мөч үгээр хэлэхийн ар­га­­гүй сайхан байсан байх шүү?

-Би ер
нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Найзууд маань гавьяат, ардын жүжиг­чин,
төрийн шагнал авахад ордны гадна очоод л, тосоод л, цэцэг өгдөг байсан. Гэтэл
өөрөө авсан чинь бас их сонин мэдрэмж төрдөг юм байна. Намайг төрийн хар хүн
гэж хэлж болно. Төрийн төлөө боож үхдэг оготнуу­дынх нь нэг нь би. Тийм уч­раас
төрт ёсоо хүндэлдэг. Монгол хүн учраас Монголын уламжлал, ёс, ард түмний
амьдрал, бичигдээгүй хуулийг нь дагах ёстой. Төр надад, хүүдээ ийм том шагнал
хайр­лаж байгаа гэдгийг бодоод, тэр том танхимд Ерөн­хий­лөгчтэй гар бариад,
тэмдгийг нь зүүхэд хүн аргагүй баяр­ладаг юм билээ.

Тэгээд
би юу бодсон гэхээр монголчууд бид нар нэгэнт л ийм ёс дэг жаяг байдаг, байгаа
учраас төрт ёсоо хүндэлж, хайрлаж тэр ёсоор нь хандах ёстой юм байна. Тийм
учраас сүртэй байсан, надад. Би одонгоо аваад, цэцэг барьчихсан, Чингэсийн
хөшөөний хажуу­гаар бууж ирэхэд талбайн тал нь хүнээр дүүрчихсэн байсан. Бүгд
уухайлахад ая­гүй сонин санагдсан. Би хэр баргийн юманд сандардаг­гүй.
Телевизээр өдөр болгон л гарч байдаг, ард түмний дунд л явж байдаг ч тэгж
сандарч байсангүй (инээв). Ямар сайндаа буруу шатаар нь буух гэж бүдэрч унахаа
шахаж байхав дээ. Тэр миний сандарч, догдолж байгаагийн л илрэл. Тийм болохоор
энэ бол айхавтар гоё юм байдаг юм байна гэдгийг ойлгосон.

-Наадмаар
тэгвэл хөл хөөр ихтэй байж дээ?

-Тэр
өдрүүдэд миний гар утас шатаж байсан гэж хэлж болно. Би чинь сая өөрийг минь
олон хүн таньдаг юм байна, мэддэг юм байна гэд­гийг бүр онцгой ойлголоо. Над
руу хөдөө орон нутаг, миний таньдаггүй хүмүүс хүр­тэл яриад “Та бол мундаг шүү”
гээд л. Надад их сайхан санагдсан. Сая би өөрөө өөрийгөө дахин шинээр нээ­лээ
шүү дээ. Тийм л юм бол­лоо. Их сонин мэдрэмж төр­дөг юм байна. Фото аппа­ратууд
түм бумаараа гялс, гялсхийгээд л. Хүн ер нь баярлахгүй байна гэж байдаг юм уу.
Их баярласан, дог­долсон. Би чинь нэлээд л их юм үзсэн хүн. Төрт ёсны тэр гоё
уур амьсгалыг сая л анх мэдэрлээ.

-Төрсөн
дүүтэйгээ ур­лагт, нэг салбарт зэрэг­цээд, хамтдаа зүтгээд ява­хад ямар байдаг
вэ?

-Би
сэтгэгдлээ хуваалц­маар байна. Ангирмаа бид хоёрын аав Ч.Балчинжав гэж хүн
байсан. Суу билэгтэй, авьяастай, сайхан дуулдаг, хуурддаг, шүлэг бичдэг, ор­чуулга
хийдэг олон нийтийн зүтгэлтэн байсан. Хуучны, улс төрийн хэлмэгдэл гээд дэмий
юм байдаг байлаа шүү дээ. Аав маань тийм асууд­лаар ороод уран бүтээл туур­вих талаасаа
хаагдаж бай­сан. Тэгээд энэ хорвоогоос “Алтан гадас” одон ч авч чадалгүй
хальсан даа.

Энэ
жил миний дүү Б.Ан­гирмаа Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржоос “Алтан гадас” одон авлаа,
би сая гавьяат цолыг нь авав. Тэгээд би бодож байсан юм. Аавынхаа авч чадаагүй
шагналыг нь бид хоёр авч байгаа юм байна даа гэж. Хамгийн нандинаар хэлэ­хэд
ийм сэтгэгдэл төрсөн. Урлагийн салбарт бол миний дүү танигдчихсан, олны та­нил
хүн. Тэр өчүүхэн жаахан авь­яасыг аав ээж минь би­дэнд өгөөгүйсэн бол юу гэж
бид хоёр ингэж шагнал авах вэ дээ гэдэг ийм энгийн бо­ловчиг хамгийн хялбар ойл­гохуйц
сэтгэгдэл, мэдрэмж төрсөн.

-Б.Ангирмаагийн
зан байдлын талаар хүмүүс ярихдаа тантай харьцуулах их дуртай байдаг юм.

-Миний
дүү их хэрсүү. Багадаа өнчирсөн болохоор тусгаар тогтносон, хэнээс ч
шалтгаалахгүй, автахгүй тийм зан чанартай. Дүүгээс минь хүмүүс эмээдэг тал бай­даг
юм билээ (инээв). Миний дүү хатуу. Их шулуун шударга болохоор зарим талаараа
хүмүүсийг үргээдэг тал бий. Тийм ч учраас “Киви” хамтлаг ийм амжилттай ч явдаг
байх. Би чинь дүүгээ хэр баргийн юман дээр магтдаггүй. Өөрийнх нь дэргэд ийм юм
ярьдаггүй. Ерөнхийдөө чанга талдаа ах нь байдаг. Надаас ч эмээдэг. Гэхдээ
хараад байхад продюссерыг жинхэ­нэ утгаар нь хийж чадаж бай­гаа. Хүнд хараалган
зүхүүлэн байгаа ч гэсэн тэр хамтлаг амжилттай явж, үлгэр жишээ болж байна.

Яг
тулаад харьцвал дүү минь зөөлөн сайхан сэтгэл­тэй. Ахынхаа төлөө дүү ямар
сэтгэлтэй байдаг вэ. Яг л тийм байдаг юм. Сая надад гавьяат цол олгох талаар
хөөцөлдөхөд их үүрэг гүй­цэтгэсэн юм билээ. Би өөрийгөө ийм шагнал авах гэж
байгаагаа ерөөсөө мэ­дээгүй. Дүүгийн хувьд ахыгаа бодож л явдаг юм байна
гэдгийг ойлголоо. Тэр бол мэдээжийн хэрэг.

-Б.Ангирмаа
жинсэн хүрэм өмсөөд, гитар барин “Намайг Ангирмаа гэдэг” хэмээн дуулж
байснаараа хүмүүсийн сэтгэлд илүү дотно байдаг?

-Тэр
үед бол үнэхээр өөр сонин байж чадсан. Гэнэт л “Намайг Ангирмаа гэдэг” гээд
дуулаад эхлэхээр хүмүүс энэ чинь одоо юу болчихов гэсэн маягтай хандаж байсан.
Би тэр үед битүүхэндээ алга та­шаад дэмжиж л байсан. Уран бүтээл талаасаа анхны
цомог нь их мундаг болсон байдаг.

-Улсын
наадам болоод өнгөрсөн ч аймгуудын наа­дам залгах нь. Та наадмаар хаагуур
баярлав. Наадмын сониноосоо сонирхуулбал?

-Монголчууд
бидэнд нэг сайхан уламжлал байна аа. Нутгархацгаагаад л. Аавын­хаараа бол би
чинь Архан­гайн уугуул шүү дээ. Би хотод төрсөн ч аав минь Архан­гайнх.
Г.Өсөхбаяр аварга бол манай холын садангийн хүн. Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба
хоёрын төлөө би айхавтар их балиашигласан. Даанч тийм­хэн юм болсон. Их гонсгор
үлд­сэн. Нуугаад яах вэ. Нөгөө талаас цоо шинэ аварга гарч ирнэ гэдэг бол бас
гоё. Рок хөгжим шиг. Рок хөгжим нь шинэ юм эрэлхийлж, тэсрэлт болж гарч ирдэг.
Тэр утгаа­раа гоё рок наадам болсон.

-Ямар
нэгэн хүндэтгэ­лийн тоглолт язгуур урла­гаар эхлээд, дараа нь ний­тийн дуугаар
үргэлжилж, сүүлд нь рок поп гэсэн дарааллаар яваад байдаг?

-Зөв л
дөө. Уламжлалаа бодвол. Би ингэж боддог юм. Төр, улс сонгодог, язгуур урлагтаа
анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байх ёстой. Харин рок поп урлаг бол
өөрөө хөгжөөд явчихдаг. За­луу хүн өөрөө байгаа уч­раас төрийн дэмжлэг энэ тэр
гэх­гүйгээр эрх чөлөөтэйгээр явдаг.

Сонгодог
урлагтаа хөрөн­гө оруулалт хийх хэрэгтэй. Сая Чайковскийн нэрэмжит уралдаанд
Э.Амартүвшин мөнгөн медаль авсан. Спор­тоор бол олимпийн мөнгөн медаль.
Э.Амартүвшин над­тай хамт гавьяат авлаа шүү дээ. Би өөрөөсөө түрүүлээд түүнийг
бодоод байсан. 24-хөн настай залуу. Улс нь сонгодог, язгуур урлагаа дэмж­дэг
байх ёстой. Тэгвэл их гоё болно. Харин хажууд нь рок поп өөрийнхөөрөө хөг­жөөд
л байж байна.

-Та
бүхэн насаараа л “Битлз”-ийг ярьж, дууг нь дуулах юм. Тэд чинь аль хэдийнэ үеэ
өнгөрөө­чих­сөн, домог болсон хүмүүс. Тэдний дуунаас уйддаггүй юм уу?

-(Инээв).
Энэ чинь цаанаа асар их өөр агуулгатай юм. “Битлз” чинь өөрөө өнөөд­рийн орчин
цагийн хөгжмийн урсгалуудын суурийг тавь­сан. Дэлхийн бүхий л рок хамт­лагаар
дамжуулж “Битлз” чинь өөрийгөө байгаа 
шүү гэдгээ мэдрүүлээд байгаа юм.

Би
одоо үндэсний хөгж­мөөр “Битлз”-ийн дуунуудыг тоглуулах төсөл дээр ажил­лаж
байна. “Жонон” хамт­лагийнхан дуу болгоныг нь шинээр нээгээд байгаа байх­гүй
юу. Энэ төслийг Ерөнхий сайд асан С.Баяр санаа­чилсан юм. Их гоё санаа.

-Улаанбаатарт
“Битлз” хамтлагийн хөшөөг бос­госон. Энэ хөшөөнд амьд хөгжим сонирхогч залуус
тусгайлан очиж хүндэтгэл үзүүлдэг өдрүүдтэй юм болов уу?

-Очдог
гэсэн. Тэр хөшөөн дээр хүмүүс юм бичээд эрээ­чээд сараачаад аймаар бол­гочихдог
юм. Тэгээд бид биш, залуус очоод цэвэрлэчихдэг гээд л бод доо. Хоёр удаа
тэгсэн. Хөшөө цэвэрлээд арч­чихдаг залуусыг олох гээд тэр хавийнхнаас асуусан
чинь “Хэдэн залуус ирээд л цэвэр­лэчихдэг” гэж байв.

 Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улсын арслан Г.Эрхэмбаяр: Арслан гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм

Улсын баяр наадамд амжилттай барилдаж
цол нэмсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”,
“Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Нямдорж уржигдар хүлээн авч
шагнал гардуулав.
16.20 цагаас уг ёслол болно гэсний дагуу
сурвалжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд товлосноос түрүүлж ирээд яамны
үүдэнд баахан зогсоцгоолоо. Довжоон дээр зогссон Г.Эрхэмбаяр,
С.Батсуурь, А.Цацавшир нарын зургаа, долоон бөхчүүд хоорондоо саяын
наадмын тавын давааны талаар хэсэг ярилцана. Тэгснээ нэгнээсээ нойтон
сальфетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой
аймгуудын наадам хэдийд болох тухай бие биендээ сонирхуулна. “Манай
аймгийн наадам удахгүй болно. Нутгийнхаа наадмыг үзнэ ээ”, “Би аль
аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэмээцгээх.

Хэсэг хугацааны дараа яамны гурван
давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч
Г.Эрхэмбаяр, Ш.Жаргалсайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын
арваад бөхчүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих зайгүй шахам
чихцэлдэнэ.

17.10 цаг болж байхад уг ёслолыг зохион
байгуулагчид бөхчүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас
шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр
маань Хууль зүйн яам хаана байгааг мэдэхгүй байгаа юм биш биз?” гэвэл
нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх”
гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.

Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар салбарынх нь бөхчүүд
амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд
талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай шагнал нэмэгдсэн.
Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөвгөрсөн хоёр бөх ч
чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр
шагналуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан
бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын
арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь
хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын
цалингаар шагнасан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн
хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн
анзаарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг
нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн
дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорьжээ.

Ёслолын дараа бөхчүүд ярилцлага өгөхөөс
татгалзаж бараг зугтах шахуу гараад явцгаав. Улсын арслан Г.Эрхэмбаярыг
харин сэтгүүлчид “барьж” авлаа.

-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой
болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон
жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуулан энэ сайхан цолыг авлаа.
Намайг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа
илэрхийлье.

-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?

-Би 2003 онд улсын начин цол хүртсэн.
Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болцгоочихоор нь дотроо
“Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хүсэл,
мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл
зүрхний хүчээр биелсэнд баяртай байна.

-Та бөх сонирхогчдынхоо сэтгэлд
Г.Эрхэмбаяр начин гэдгээрээ л буугаад арслан гэхээр дасч өгөхгүй байх
шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?

-Одоохондоо “Арслан” гэж дуудахаар
чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж
харах маягтай байна шүү дээ.

-Наадмын бэлтгэлээ ямар бөхчүүдтэй хийсэн бэ?

-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй
болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайнбаяр, Л.Пүрэвжав харцага
болон олон сайхан аймгийн арслангуудтай гал болж гарсан. Тэдэнтэйгээ
бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөвлөгөө нь маш их үнэ цэнэтэй байлаа. Тийм
болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг
хүргэе.

-Олон аймгийн тэгш ойн баярууд болох гэж байна. Та аль аймгийн наадамд зодоглох вэ?

-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.

-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-14 дэх жилдээ барилдаж байна. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын барилдааныг дүгнэвэл…

-Өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш л
бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн.
Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баярлаад л байгаа.

-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өрсөлдөгчид гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?

-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.

-Та барилдааны өмнө өөртөө хэр
итгэлтэй байсан бэ. Наадмын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр
цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?

-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван
жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулагчид маань зөвлөгөө өгч,
барилдахад бүгд л тусалж байсан. Түүнээс биш би өөрийгөө тэд давна
гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.

-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?

-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж
байгаад хэсэг завсарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн
гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сургуульд оруулж байсан.

-Таны удамд бөхчүүд байдаг уу?

-Өө, байлгүй яахав. Аав маань сумын
заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан
Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж
нэг хүн байж байгаад бурхан болсон, Ийм л бөхийн удамтай хүн байна даа.

-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг жаахан яарч барилдчихлаа гэж байсан?

-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг
энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилдчихсан. Тийм нэг муу тал
байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ
дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.

-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биздээ?

-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хөлбөмбөгийн холбоо FIFA-гаас хоёр тэрбум гаруй төгрөг авсан ч шигшээ нь өөдөлсөнгүй

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын өнөөгийн спортын салбарын бодлого,
уг сал­барыг авч яваа арга барилд шүүмжлэлтэй ханддаг хү­мүүсийн нэг нь та. Долдугаар
сарын 3-нд Монголын хөл­бөмбөгийн шигшээ баг Мьян­марын талбайд ДАШТ-ий бү­сийн
урьдчилсан тоглолтын хариу тоглолтод 2-0-ээр хо­жиг­дож дэмжигчдийнхээ ур­мыг дахин
хугаллаа. Үндэс­ний шигшээ баг нь ингээд олон дахин тэгээрээ хожиг­доод байхаар
шүтэн бишрэг­чид нь гэлтгүй ард түмний дүргүйцэл төрж байх шиг. Хөлбөмбөгийн шигшээ
фана­туудаасаа уучлал гуйх цаг нь болжээ?

-Харамсалтай
зүйл болсон л доо, хожигдоод. Би ч гэсэн хөл­бөмбөг сонирхдог. Их сургуульд байхдаа
тоглодог байсан. Нэг­дүгээр зэрэгтэй.

Мьянмар
улс чансаагаараа 167 дугаарт бичигддэг юм билээ. Мон­гол 179 дүгээрт бичигдэж байгаа.
Хо­жих төлөвлөгөөтэй байсан, анх­ны ялалтыг нутаг дээрээ авсан. Та­мирчид маань
байдгаараа л тог­лосон байж таараа. Тэднийг бу­руутгах арга байхгүй. Харин энэ ялагдал
спортын салбарын тог­толцоо зөв явж байна уу, үгүй юу гэдэгтэй холбогдож байна.
Намайг юм бүхэнд шүүмжлэлтэй хандаад байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Болохгүй
байгаа учраас шүүмжил­дэг. Спортыг хөгжүүлж байгаа гэх энэ бодлоготой санал нийцэхгүй
байгаа юм. Шууд хэлэхэд улс оронд байгаа бусад салбаруудаас хам­гийн хоцрогдсон
салбар нь спорт. Хуучны буюу социализмын үед авч явж байсан арга барилаараа л явж
байна.

Өнөөдөр
спортын бодлого чө­лөөт бөх, жүдо гэсэн хэдэн төрөл рүүгээ л хандаад байдаг.

Хөлбөмбөгийн
хувьд холбоо­ных нь менежмент, хөгжүүлэх бодлого бас л сул байна. Олон улсын хөлбөмбөгийн
холбооны “Goal” төсөл манайд хоёр, гурван удаа хэрэгжиж нийт хоёр сая гаруй ам.доллар
орж ирсэн юм билээ. Тэр
их мөнгө  хөлбөмбөгийн спортын­хоо хөгжилд
зарцуулагдаж уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв мөнгө тэр чигээрээ зарцуу­лагдаад
манай баг өнөөдөр ингэж хожигд­сон бол үнэхээр хэлэх үг алга. Гэтэл зарим хүмүүсийн
сураг ажгаар тэр мөнгө буруу зүйлд зарцуулагд­чихаж. Жишээ нь, хөл­бөмбөгийн холбооны
ерөнхий нарийн бич­гийн дарга байсан нөхөр тэр мөн­гөөр айхавтар том хаус барьчихсан
байна ч гэх шиг. Иймэрхүү байд­лаар зарцуулагд­сан байж магадгүй гэж хардаж байгаа
юм л даа.

-Хөлбөмбөгийн үнэнч дэм­жигчид шигшээ баг
нь амжилт үзүүлэхгүй байгаад хол­бооны удирдлагыг нь буруут­гаж байна. Олон улсын
хөл­бөмбөгийн холбоо (FIFA)-ноос өгсөн хоёр тэрбум гаруй төгрөгөө хөлбөмбөгчдөдөө
зарцуулсан бол арай ингэж хожигдохгүй байсан гэж
ха­лаг­лацгааж байна?

-Нийт
нэг сая 850 мянган ам.долларыг FIFA өгсөн юм билээ. Тухайн үеийн ханшаар бол чанга
шүү. 2001 оноос FIFA-гаас дээрх мөнгийг авч эхэлсэн юм билээ. 10 жилийн турш ийм
байдалтай явж байна.

Ийм
байдал зөвхөн хөл­бөм­бөгийн холбоонд байгаа юм биш бүх холбоодод ажиглагддаг, гардаг
зүйл. Холбоод ч дүүрчээ. Монголын үндэсний олимпийн хороог спортын хамгийн том бай­гууллага
гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл уг хороо дүрмээ баримт­лахгүй байгаа байхгүй юу.
Сан­хүүгийн бүх зүйл нь нууцлагдмал, зүй бусаар зар­цуулдаг. Зүй бусаар зарцуулдгийг
нь илрүүлээд гаргаад иртэл Хянан шалгах зөвлөлийнх нь дарга тайлангаасаа хасаад
хая­чих­сан. Үүнийгээ “Бид дотооддоо яриад тайлангаас хасчихсан” гэж ярьсан. Ийм
л дураараа. Өөрсдөө зөв бодлого явуулж, хөдөлмөрлөж орлого олж, спортоо хөгжүүлэхээ
боддоггүй. Улсаас, олон улсын холбооноос мөнгө хүлээдэг. Тэр ирсэн мөнгөө буруугаар
зарцуул­даг.

-Дэлхийн хамгийн олон үзэгч, дэмжигчтэй
хөлбөмбөгийн олон улсын холбооноос удаа дараа их хэмжээний мөнгө өгөөд байхад манай
хөлбөм­бөгийн спортод ахиц гарахгүй байгаа нь цаагуураа олон улсад Монгол Улсын
нэр хүндийг унагаж байгаа явдал болж байна. Ингэж байснаас хөлбөмбөгийн шигшээ багийг
татан буулгачихвал яасан юм бол?

-Монголын
нэр хүнд өндөр үнэлэгдэж байгаа болохоор ингэж мөнгө өгөөд байгаа юм биш. Олон улсын
хөлбөмбөгийн холбоо ги­шүүн орнуудаа спортын хөгжлөөр нь сайн, дундаж, муу гээд
ангил­чихсан байдаг. Тэгээд хэтэрхий дор хөгжилтэй орнуудаа татах гэж л мөнгө өгдөг.
Гэтэл мөнгийг нь манайхан аваад буруугаар зар­цуулж байгаа нь эх орныхоо нэрийг
дэлхийн хэмжээнд унагаж байгаа явдал. Гэхдээ тэд нар чинь энэ буруутай үйлдлээ өнгөлөн
далдлах маш их зүйл хийдэг юм. Олон улсын хөлбөм­бөгийн холбооны ерөнхийлөгчийг
ирэхэд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт шав тавиул­на, худлаа тайлан явуулна. Энэ байдал
бусад хороо­дод бүр олим­пийн хороонд ч бий. Үүнийг мон­голчууддаа хэлдэггүй. Муугаар
яривал энэ чинь гэмт хэрэг шүү дээ.

Хэрэв
хөлбөмбөгийн холбоо тэр санхүүжилтийг зөв зарцуулаад явсан бол тамирчдын дасгал­жуу­лалт,
сургалт сайжирна, бэлтгэл, лигийн тэмцээн, орон нутгийн тамирчдын ур чадвар жигдрээд
ирэх байсан.

-Ер нь ингээд хожигдоод бай­вал манай шигшээ
нэг хэсэг­тээ тэмцээнд оролцохгүй бай­­вал яасан юм бол. Ард түмэн тэднийг хаашаа
ч тэм­цээнд явсан битүүхэндээ найдвар тавьсаар байдаг. Гэтэл ямар ч “сураггүй” ба­гуу­дад
ялагдчихдаг?

-Би
тэгж бодохгүй байна. Олон улсын тэмцээнд орж л байх хэрэг­тэй. Сая Мьянмартай тоглосон
тоглолт чинь ДАШТ-ий урьдчилсан тэмцээн байсан. Тийм болохоор дэлхийн аваргын тэмцээнд
орж байна л гэсэн үг шүү дээ. Орохгүй байна гэхээр харамсалтай.

-Орохоороо л ялагдчихаад байх юм?

-Ороод
амжилт үзүүлэх л ёстой. Дараа­гийнхаа тэмцээн хүртэл аль болох хур­дан, зөв зам­даа
орох, эсвэл ямар нэг арга хэмжээ авч байж л бид амжилт үзүүлнэ. Хөл­бөм­бө­гийн
холбооны хурал, цуг­лаан болдог гэж сонс­сон. Тэгэхэд зо­хион байгуулалттай, нэг
хүнийг хамгаалсан, түүнийг толгойдоо байлгах гэсэн байр суурьтай бай­даг гэсэн.

Монголын
үндэс­ний олимпийн хороо­ны спортын холбоо­дын үлгэрчилсэн дү­рэм гэдгийг гаргаж
бай­гаа. Уг дүрмийн ко­мисст би ажиллаж бай­гаа. Их л ул суурьтай дүрэм гаргая гэж
би хувьдаа бодож байгаа. Тэгтэл Олимпийн хо­роонд байгаа нөхдүүд маань ямар юм хийх
нь үү, тийм үү. Найдвар­гүй юм хийдэг улсууд шүү дээ. Өөрсдөө дүр­мээ барьдаггүй
улсууд чинь доод талын хү­мүүсээ дүрмээ барь гэж хэлэхээр хэцүү байдаг биз.

Өнөөдөр
бид хөл­бөм­бөгийн холбоонд шаардлага тавьж бо­лохгүй болчихоод бай­на. Олим­пийн
хороо өөрөө дүрмээ бариа­гүй, юмаа цэгцлээгүй байж спортын хорооддоо шаардлага тавьж
ча­дах­гүй байгаа юм.

Спортын
бодлогыг хариуцаж байгаа юм чинь, та надаас биш Ч.Наранбаатар даргаас ярилцлага
авах ёстой ш дээ. Энэ нөхөр хөл­бөмбөгийн холбооны талаар ямар ч мэдээлэлгүй сууж
байгаа. Хэдэн шигшээ багаа нааш нь цааш нь явуулах, хүүхдийн спортын наадам гээд
бөөн мөнгө төсөв. Ямар ч зохион байгуулалт, хяналт байх­гүй. Спортын арга хэмжээ
гээд баахан мөнгө зарцуулдаг юм бай­на лээ. Тэр улсууд чинь өнөөдөр хөлбөм­бөгийн
спортод санаа зовж байх ёстой. Спортын 90 жилийн ой гэж огт байгаагүй тийм ой тэм­дэглэж,
байхгүй газраас одон ме­даль гар­гаж, хөдөө гадаанаас хүн амьтан уриад, улсын мөнгө
үрж хичнээн ч төгрөг зарцуулж байгаа юм, бүү мэд. Ингэхийнхээ оронд спортоо, хөлбөмбөгөө
хөг­жүүлэх талаар бодох хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Стивен Сигалийн монгол гэргий

Стивен Сигал отгон хүү Төгсбаясгалангийнхаа хамт

Холливудын
алдарт жүжигчин Стивен Сигал Батсүхийн Эрдэ­нэтуяа гэдэг монгол бүсгүйтэй дэр нэгтгээд
зургаан жилийн нүүр үзэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр
Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал,
Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас
гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн.

Тэрээр 2001 онд Монголд анх хөл тавьж
“Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа” хэмээн ярьж
бид­ний анхаарлыг татаж чадсан. Хийх гэж байгаа тэр киноныхоо хатдын дүрийг сонгох
гэж Монголд ирлээ гээдэхсэн чинь Монголын аль л хацар гоо охид, загвар өмсөгчид
түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг. Гэтэл Холли­вудын одын нүдэнд
Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх
хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа
шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар
нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал
болгож, улмаар нутаг руугаа дагуулан явсан юм. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар
харьцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж нэг гэрт орсон гэдэг.
Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болжээ.

Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин
гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Харамсалтай нь хувийн амьд­ралын
хувьд тогтворгүй, олон бүс­гүйтэй нэр холбогддогоороо хүү­хэмсэг эрчүүдийн нэгд
тооцогддог. Тэрээр Япон, Латин Америк, Аме­рик, Орос, Болгарын бүсгүйчүүдтэй нэр
холбогдож байсан. Түүний анхны эхнэр Мияако Фужитан нь Японы үндэсний бие хамгаалах
урлаг кендогийн их мастер, багш. Сигал Мияакотой 1975 онд гэрлэн хамт амьдарч хоёр
хүүхдийн эцэг, эх болсон ч 1986 онд хоёр тийш болцгоосон юм. Эхнэрээсээ салан­гуутаа
загвар өмсөгч Адриенне ла Руссатай нэр холбогдож, тухайн үедээ сенсааци дэгдээж
байв. Энэ харилцаа нь арван сар орчим л үргэлжилжээ.

1987 онд Сигал Келли Леб­рокстой хурим
хийжээ. Энэ үед түүний шүтэн бишрэгчид “Стивен одоо л хүмүүжих нь” хэмээж бай­жээ.
Келлитэй есөн жил амьдарч, гурван хүүхдийн эцэг болсны эцэст хамтын амьдралдаа цэг
тавьж гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэ бол 1996 он. Энэ үеэс Стивен Сигал гоонь эрийн
жаргал, эрх чөлөөг эдэлж, долоо хоног бүр өөр өөр бүсгүйтэй нэр холбогдож, папарацциудын
өгөөш болдог байв.

*              *              *

Стивен Сигалийн эмэг эх нь монгол
цусны хүн байсан талаар ярьдаг. Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол
нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрч. Эмэг эх нь
Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон,
хүн ард, ахуй амьд­ралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол
цусны хүн, Чингэсийн монгол хэмээн ярьж байсан удаатай. Тийм болохоор тэрээр Монголд
хөл тавьсан юм. “Чингэс хаан” гэдэг нэртэй, Холли­вудын шилдэг оддыг тоглуулсан
шуугиан тарих кино хийнэ хэмээн ярьж байсан ч түүний мөрөөдөл талаар өнгөрсөн. Хийнэ
гэж амла­сан кино нь сураг алдарчээ. Энэ талаар тэрээр “Би Чингэс хааны тухай кино
хийхийг маш их хүссэн. Олон жил бодсон. Гэхдээ тэр мө­рөөдлөө хаяагүй. Түр завсарласан
гэж хэлж болно. Гэвч би Чингэс хааны тухай кино хийгээгүй ч монгол бүсгүйтэй учирсандаа
баярладаг” гэжээ.

Б.Эрдэнэтуяаг америкчууд “Си­галийн
шинэ найз охин Эмми” гэж нэрлэдэг. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байв. Одоо
ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх
нь зулайг үнэрлүүл­жээ. Тэдний хүү нь 2009 оны дол­дугаар сард мэндэлсэн. Сигал
отгон хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ.

Сигал энэ жил 59 настай. Харин Б.Эрдэнэтуяа
дөнгөж 30 гарч явна. Б.Эрдэнэтуяа Америкт амьдрахдаа буруушаах, сонжих гэсэн ямар
нэг таагүй харьцаатай хүмүүстэй тааралддаггүй гэнэ. Харин Монголд ирэхдээ бусдын
хэл амны бай болохоос аль болох зайлсхийж сэм ирчихээд буцдаг гэсэн.

*              *              *

Б.Эрдэнэтуяа Дорноговь аймагт төрж
өссөн, айлын ганц охин. Түүнийг багад нь гэр нь хот руу шилжжээ. Хүүхэд байхаасаа
бүжиг­лэдэг авьяаслаг, хүн бүрийн хай­рыг татсан өхөөрдөм охин байсан аж. Хотод
ирээд Монголын хүүх­дийн ордны бүжгийн дугуй­ланд сурал­цаж олон арван тэмцээ­нээс
шаг­нал хүртэж байсан удаа­тай. Тухайн үедээ Монголын цэн­гээнт бүжгийн шилдэг бүжигчдийн
нэг гэгдэж байсан юм. Б.Эр­дэ­нэтуяа олон тэмцээнд аваргалж “Хатан хаан” өргөмжлөлийг
хүр­тэж, залуу­сын харцыг булаасан сайхан бүс­гүй­­­чүүдийн нэг байв. Хөтлөгч, жүжиг­чин
Э.Гантулга түүнд унан тусан дурлаж, хайр зарлаж байс­ныг урлагийн хүрээ­нийхэн дурсдаг
юм. Б.Эрдэнэтуяа авьяаслаг бү­жигч­­нээс гадна хэл­ний мэдлэг, бо­ловсрол өндөртэй
нэгэн.

2002 онд Монгол Улсын их сургуулийн
Олон улсын харил­цааны ангийг япон хэлний орчуу­лагчаар төгсчээ. Их сургуулийнх
нь андууд түүний тухай “Б.Эр­дэнэ­туяа үеийнхэн дундаа сор нь байсан. Гайхалтай
сайхан бүжиглэнэ. Гоё охин байсан боло­хоор залуус их гүйнэ. Ааш зан сайтайгаас
гадна маш их ажил хэрэгч, идэвхтэй оюутан байсан” гэж ярьсан юм.

Стивен Сигал өөрөөс нь өмнө гурван
бүсгүйтэй гэрлэж, зургаан хүүхэдтэй байсан ч 
Д.Эрдэнэтуяа түүний өмнөх амьдралыг эс тоон түүнтэй амьдралаа холбосон юм.
Өөрөөсөө хэдэн үе мултарсан хүнтэй суусныг нь хүмүүс янз бүрээр тайлбарладаг.

*              *              *

Стивен Сигал отгон хүүгээ мэндэлсний
дараа Америкийн хэвлэл мэдээллийнхэнд сая нэг ам нээж “Би хүүхдүүддээ маш их хайртай,
дэндүү их. Долоо дахь хүүхэд маань төрж амьдралыг минь гэрэл гэгээтэй болголоо.
Би эхнэр, отгон хүүгийнхээ хамт Луйзана мужид амьдарч байна. Би их гэрсэг хүн шүү.
Эхнэр, хүүтэйгээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг” хэмээсэн байна лээ.

Холливудын алдартай жүжиг­чинтэй амьдарч
буй Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйн талаар товч сонир­хуулахад ийм байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Аймгуудын наадмын тов гарлаа

Өнөө жилийн наадмаар дөрвөн том ой
тохиож байгаа болохоор өргөн дэлгэр тэм­дэг­лэхээр хөдөө гадаагүй зэхэж байна. Энэ
жил Өмнө­говь, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дор­ноговь аймгийн
80, Баян­хонгор, Дундговь аймгийн 70, Дархан-Уул аймгийн 50, Говь­сүмбэр аймгийн
20 жилийн ойн баяр тус тус тохиож бай­гаа. Эдгээр аймгууд наадмаа ёслол төгөлдөр
тэмдэглэхийн тулд өнгөрсөн хавраас эхэлж бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон гэнэ.
Зав­ханчууд зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд наадмаа тэмдэглэчихсэн, одоо улсын
наадмаа хүлээж сууна. Харин үлдсэн аймгууд хэдийд наа­дам­лахаар болсныг сонир­хуулъя.

Долдугаар сарын 6, 7-нд Сүхбаатар,
8, 9-нд Булган, Говь-Алтай, Орхон, 9, 10-нд Баян-Өлгий, Төв, 10, 11-нд Архангай,
Хэнтий, 22, 23-нд Дархан-Уул, Хөвсгөл,  Өмнө­говь,
28-30-нд Дундговь, 29, 30-нд Баянхонгор, Говь­сүм­бэр, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ,
Увс, Ховд, Өвөр­хангай аймгийн наадам болно.

Дорноговийн наадам нь Говийн бүсийн
даншигтай давхцах бол Баруун бүсийн даншгийг Увс аймгийн наадам­тай хамтатгаж хийх
гэнэ. Харин Зүүн бүсийн наа­дам Дорнодын наадамтай хамт болох юм байна.

БНСУ-д ажиллаж амь­дарч байгаа манай
улсын иргэд ч наадмаа өргөн тэм­дэглэдэг болоод удаж байна. Тэд зургадугаар сарын
26, 27-нд наадамлана гэдгээ дуулгажээ. 

Аймгууд наадмын товоо гаргахдаа аль
болох баяр наадамтай давхцуулахгүйг хичээсэн гэнэ. Сүхбаатар аймгийн удирдлагууд
уяач­даа ардын хувьсгалын 90 жилийн ой болон бүсийн хурдан морьдын уралдаа­нуудад
оролцох боломж олго­хын тулд 6, 7-ны өдөр аймгийнхаа наадмыг хийхээр болжээ. Сүхбаатарын
уяачид ийм нааштай сайхан тов гарсанд талархаж байгаа гэсэн.

Дундговь аймагт сүүлийн жилүүдэд газрын
гарц муу, бороо хур багатайгаас зуншлага тааруу байгаа учир малчид нь Төв, Говь­сүмбэр
аймагт отроор явж байгаа болохоор долдугаар сарын 28-30-ны хооронд наадмаа хийхээр
болжээ.

Аймгуудын наадам уван цуван болох
нь бөхийн найраа гарах эх үндэс болдог гэх яриа бий. Мөн улсын цолтой бөхчүүд аймгуудын
наадам “хэсч” аймгийн цол горилж буй сумын цолтнуу­дыг “дар­чихдаг” гэх. Цаашид
аймгуу­дын наадмыг нэг өдөр зэрэг зохиож байвал яасан юм гэх санал ч гарч байгаа
аж. Монголын үндэсний бөхийн холбоо өнөө жилийн наад­маар 1024 бөх барилдах болохоор
бөхчүүд “хүрэл­цэхгүй” байх талтай учир айм­гуудыг наадмаа, бөхийн ба­рил­даанаа
улсын наадмаас зөрүүлэхийг хүссэн.

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй
долоон худаг барааны зах шиг болчихдог. Энэ жил ийм байдал гар­гахгүйн тулд дээрх
газруудад зөвхөн  хүнс, хоолны худал­даа гаргахаар
болжээ. Гутал, хувцас, майхан, бэлэг дурс­гал, хүүх­дийн тоглоом гээд зүсэн зүйлийн
бараа зардаг байс­ныг энэ жилээс эхэлж хориглоно гэнэ.

Наадмаар хоол, хүнсний үйлчилгээ эрхлэх
нийт 700 гаруй зөвшөөрөл олгох бө­гөөд 60 гаруй хувь нь хуушуурынх байх юм байна.
Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь харьяа дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх зөвшөө­рөл,
дугаараа авч зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгийн дагуу цэвэр үзэмжтэй асар, сүүдрэвч
байрлуулж, аж ахуйн нэгжийн онцлогоо ха­руулсан эмблем бүхий хувц­саар жигдэрсэн
байхыг шаар­дах ажээ. Хэрэв зөвшөөрөгд­сөн цэгээс бусад газарт, зөвшөөрөлгүй, ил
задгай гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхэлбэл Нийслэлийн Цаг­даагийн газрын Хэв
журмын алба, Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газрын хам­тарсан багийнхан хүрч ирээд
шаардлага тавина гэнэ. Тэгээд болохгүй бол бараа энэ тэрийг нь хурааж авч, устгах
хүртэл арга хэмжээ авах юм байна.

Хоолны хордлого, гэдэс­ний өвчин гаргахгүйн
тулд хүнсний аюулгүй байдалд ихээр анхаарахыг Наадмын зохион байгуулах үндэсний
хороо­ныхон холбогдох хүмүүст нь үүрэгджээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12680 хүний
суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Сүүдрэвчтэй хэсгийн
тасал­бар 24 мянга, сүүдрэвчгүй нь 13-15 мянган төгрөгийн үнэ­тэй. Тасалбартай ч
наадмын нээлтийг үзэж чаддаггүй, нэг суудалд олон тасалбар бичсэн гэх гомдол гардаг.
Уг байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарласан гэнэ. Наадмын
нээлтийн ажил­лагааны тасал­барыг долдугаар сарын эхээр хэв­лэж борлуулна. Цэнгэлдэхэд
наадам үзэхээр ирсэн таваас дээш настай хүүхдүүдийг заа­вал том хүний тасалбартай
байхыг шаардах юм байна шүү.

Төв цэнгэлдэх хүрээлэн­гийн эргэн
тойронд авто машины  “А”, “Д”, “Ж”,  “Б”, “Ү”, цэнхэр “М”, улаан “М”,
“Г” гэсэн  найман төрлийн авто­машины зогсоол ажиллана. Төрийн өндөр албан
тушаал­тан, жуулчин, Элчин сайдын яамдын машин 20 мянган төгрөгийн үнэтэй “А”,
“Д”, “Ж” зогсоолд зогсох бол 15 мянган төгрөгийн үнэтэй “Б” зогсоолд төрийн болон
төрийн бус байгууллагын машин орох эрхтэй. Харин 10 мянган төгрөгөөр зөвшөөр­лийг
нь авах “Ү”, цэнхэр “М” зогсоолд үйлчилгээ эрх­лэгч­дийн машин байрлана. 
3000-8000 төгрөгийн үнэтэй улаан “М”, “Г” зогсоолуудад наадам сонирхогч иргэдийн
машин зогсох боломжтой. Харин улаан “М” зогсоолын зөвшөөрлийг зөвхөн Хүй долоон
худаг явах машинд олгох ажээ.

Наадмын үеэр олон асуу­дал хөндөгддөг,
бие засах газраас эхлүүлээд. Цэнгэл­дэхийн гаднах бие засах цөөн газарт олон арван
иргэд уртаас урт цуваа үүсгэчихсэн тэсвэрээ шалгацгаадаг. Энэ жил ийм асуудал гаргахгүйн
тулд олон нойл нэмж байр­луулах юм байна.

Наадмаар унааны асуу­дал толгойны
өвчин болдог. Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх шууд чиглэлийн нийтийн тээв­рийн үйлчилгээ,
Хүй долоон худагт хүрэх тээврийн хуваа­рийг одоогоор гаргаагүй бай­гаа аж. Унааны
асуудлыг хариуцлагатай зохицуулахыг салбар хороодод нь Баяр наадмыг зохион байгуулах
үндэсний хорооныхон сануулжээ.

Энэ жил 1024 бөх барил­дах учраас
бөхийн барил­даан сунжирч, нар шингэтэл үргэлжилнэ. Тээр жилийн наад­маар үзүүр
түрүүний хоёр бөх удтал ноцолдож бүр нар шингээчихсэн. Харанхуй бүрий болж цэнгэлдэхэд
баа­хан жийп машин оруулж ирж гэрэл тусгаж байсан. Ийм түүх давтагдахыг үгүйсгэхгүй
учир цэнгэлдэхэд зоолттой байгаа гэрэлтүүлгүүдийг бүг­дийг нь асаах, ажиллуулах
“даалга­вар” өгчээ.

Наадам ерөнхийдөө дол­ду­гаар сарын
5-наас эхэлж байгаа. Сүхбаатарын тал­байд “Монгол туургатан” гэсэн нэртэй цуврал
үйл ажиллагаанууд болох юм.

Наадмын үеэр Хүй до­лоон худаг руу
чиглэх замд ачаалал ихэсч тоос шороо босдог. 
Тэр чиглэлийн замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулж, сайтар төлөв­лө­хийг
Замын цагдаагийнханд анхааруулсан байна. 

Наадмыг угтан манай урлаг соёлын байгууллагууд
тусгай хөтөлбөр гаргадаг. Долдугаар сарын 1-нээс театр, продакшнууд наад­маар тоглох
тоглолтуудынхаа нээлтийг хийх гэнэ. Наадмын үдэш Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын
үдэш” рок, попынхны шоу тоглолт уламж­лал ёсоор болно. Харин Хүй долоон худагт
“Буян”-гийн Б.Жаргал­сайхан АНУ, Англиас хамтлаг дуучдыг авчирч амьд шоу хийхээр
болсон гэсэн. Уг шоу хоёр, гурван өдөр дараалах учир нийслэлчүүдэд тоглол­тын хажуугаар
салхинд гарах боломж бүрэлдэж байгаа юм гэж зохион байгуулагчид нь онцолно лээ.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хакухо төрөлх сургуульдаа зочиллоо

Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тавдугаар сарын 23-нд эх орондоо ирсэн. Энэ удаад аар саар хэдэн ажил амжуулахаар цөөн хоногийн хугацаатай туслахаа дагуулан ийн иржээ.

Тэрээр өчигдөр төрөлх Нэг­дүгээр дунд сургуулиараа орлоо. Өдөржингөө хо­тын түгжрэлд яваад их ядарсан гэнэ. “Машин­тай явс­наас явган явбал дээр юм биш үү. Нааш ирэх гэж удаан түгжирлээ” хэмээнэ. Түүнийг тус сургуулийн за­хирал, багш, сурагчид хүн­дэт­гэн угтан авч, мэнд усаа мэ­дэлц­лээ. За­хирлын өрөөнд Хакухо багш нар­тайгаа ямар яриа өрнүүлс­нийг сонир­хуулъя.

Хамгийн сүүлд хэзээ сур­гууль дээрээ ир­лээ. Озэки болс­ныхоо дараа ирсэн билүү?

-Өө,
озэки болохоосоо өмнө ирсэн ш дээ.

Тавдугаар сарын башёг зурагтаар хараагүй ч, сонин хэвлэлээр барилдааны мэ­дээл­­лийг авч байсан. Сүүлийн барил­дааныг чинь сэтгэл догдлон үзсэн шүү.

-19 дэх түрүүгээ аваад, до­лоон удаан дараалж түрүүллээ. Аса­шёорюүгийн амжилтыг давт­сан. Харин дараагийн башёд түрүүлбэл түүхэн амжилтын эзэн болно.

Башё нэлээд л хэцүүхэн болж өнгөрлөө дөө?

-Хэцүү
барилдаан байсан ч үзэгчид сайн байлаа. Үзэгчдийг үнэгүй үзүүлсэн. Зарим суудлыг сугалаагаар тараасан чинь түүнийгээ хүмүүс интернэтээр зараад үнэд хүргээд бөөн юм болсон.

Үнэгүй үзүүлсэн болохоор хүмүүс ч тоймгүй олон ирсэн биз?

-Өө,
жигтэйхэн их ирж үзсэн. Анх удаа ордонд ирж сумо үзэж байгаа хүмүүс сумогийн талаар мэдлэггүй юм. Хаана нь яаж алгаа ташихаа ч мэдэхгүй байсан гээч.

Саяын башёд чамтай гадны нэг бөх үгүй мөн айхавтар өрсөл­дөв өө. Хаанахын бөх билээ дээ?

-Доод
зиндаанаас орж ирсэн Бразилийн бөх (Кайсейг хэлэв) шүү дээ. Шинээр гарч ирээд дараалан арав давчихсан.

Эх орондоо ирээд хэд хонож байна вэ?

-Даваа
гаригт ирсэн. Зурга­дугаар сарын 3-10-ны өдрүүдэд цунамид нэрвэгдсэн ард иргэдэд зориулсан тойргийн барилдаан болно. Хагас бүтэн сайнаас буцаж явна даа. Их сонин. Гуравдугаар 11-ний өдөр миний 26 насны төрсөн өдөр байсан. Төрсөн өдрийн баяраар минь тэр муухай байгалийн гамшиг боллоо. Эвгүй байсан шүү. Гэхдээ би өөрийгөө их азтай гэж бодоод байгаа юм. Тэр өдрийн өглөө нь бэлтгэлээ дуусга­чихаад гэр рүүгээ явж байлаа. Манайх 44 дүгээр давхарт байдаг байхгүй юу. Лифтнээсээ буугаад арав гаруй минутын дараа л газар хөдөлж эхэлсэн. Хэрвээ намайг лифтэнд байхад газар хөдөлсөн бол тэнд түгжигдчихгүй юү. Манай байр долоон баллын газар хөд­лөлтөд тэсвэртэй. Газар хөдөлж байхад бусад байрууд яаж байгаа бол, гадаа ямархуу байдалтай байгаа бол доо гээд хөшигнийхөө завсраар хараад зогсч байлаа. Зурагтаа асаагаад “NHK” дээр тавьсан чинь “Токиод таван баллын газар хөдлөлт болж байна” гэсэн. Тэгэхээр нь сэтгэл жаахан ч гэсэн тайв­шир­сан. 

Японы
хөл­бөмбөг, бейсболын багуудад тоглодог гадны тамирчид газар хөдлөлтийн үеэр бүгд нутаг нутаг руу явчихсан. Гэтэл Японы үндэс­ний спортынхон гэдгээрээ гадны сумочид Японоос ерөөс гараагүй.

Өчигдөр (уржигдар) нийслэл хотын захирагчийн ажлын албын­хантай уулзсан гэсэн үү?

-Тэгсэн.
Харин өнөөдөр цахил­гаан станцаар орж үйл ажил­лагааг нь үзлээ. Тэгж явсаар байтал бүтэн хоёр цагийг түгжрэлд өнгөрөөлөө. Хотын замын хөдөлгөөн гэж аймаар юм байна аа, аая яа яа.

Эх орондоо ирээгүй жил болчихов уу даа?

-Тэглээ.
Төрөлх сургуульдаа ирээгүй таван жил болсон. Сур­гуульдаа ирсэндээ баяртай байна. Бүх юм нь хэвээрээ, сайхан байна.

-2013 онд төрөлх сургуулийн чинь 90 жилийн ойн тохионо шүү дээ?

-Тийм
үү. Тэгээд энэ ойдоо зориулж юу хийх гэж байна даа.

Олон ажил хийж эхлээд байгаа.

-Сурагчид
нэг ширээнд гурвал­даг хэвээр юү. Гэхдээ би чинь том биетэй байсан болохоор гурвал­даггүй байсан л даа. Би япон­чуудад “Монголын хамгийн анхны сургуульд би сурдаг байлаа. Монголын “Number one” гээд л сургуулиа танилцуулдаг ш дээ.

М.Даваажаргал маань аав болчихсон. Хэдэн хүүхдийн аав болчихоод байгаа билээ?

-Том
нь дөрвөн настай. Цэцэр­лэгүүдэд уригдан очиж хүүхдүүдэд бэлэг гардуулдаг болохоос биш өөрийнхөө хүүхдийг цэцэрлэгт нь бараг хүргэдэггүй юм. Завгүй боло­хоор. Нэг удаа л хүргэж өгсөн. Бага нь одоо дөрвөн сартай. Гурван хүүхдийн аав болчихоод байна ш дээ.

Мундаг байна шүү?

-Би
эхнэртээ “Зөндөө хүүхэдтэй болно оо” гэсэн чинь “Болохгүй ээ, ядарна. Одоо амаръя” гэсэн ш дээ (инээлдэв).

Арван жилийнхэнтэйгээ уулзах уу?

-Өнөө
орой уулзахаар болсон.

Одоо Японд газар хөдлөлт намжиж байна уу?

-Ер
нь байнга л чичирхийлэлтэй байгаа. Хүн чинь тэгээд дасчих юм даа. Амархан юм. Одоо ч хаана гэлээ дээ, Японы нэг хэсэгт том газар хөдлөлт болно гээд л яриад байгаа. Магадлал нь 80 хувьтай байгаа гэсэн шүү гэв.

Захирлын умбагархан өрөөнд холоос ирсэн шавь, багш нарын хооронд халуун яриа удаан өрнөв. Сургуульд нь юу шинээр нэмэгд­сэн, ямар өөрчлөлт орсон талаар бүгд л ам булаалдан ярьцгаана. Харин уг өрөөний үүдэнд сурагч “Хакухо ирчихсэн. Гарч ирэхээр нь харъя” хэмээн ойр зуураа ярин хөөрцөглөх нь сонсогдоно. Хакуход тус сургуулийн захирал Гүррагчаа саяхан энгэрээ цоолуулсан гавьяатын тэмдгээ үзүүлээд гарын бэлэг авчихав. Сумогийн ордонд залардаг хөрөг зургийнхаа нэгэн хувилбарыг сургуулийнхандаа дурсгаад гарын бэлгээ өглөө.

Үүний дараа Хакухо сурдаг байсан ангиараа орлоо. Бусад анги танхи­маар ч орж сурагчидтай уулзав. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

Та саяын башёгийн өмнө дэвжээнд алдагдсан итгэлийг дэвжээн дээр буцаан авчирна гэж амлаж байсан. Үзэгчид барил­­дааныг хэр хүлээн авсан бэ?

-Үнэгүй
үзүүлсэн болохоор их үзсэн. Сорилт маягаар явагдсан ч даваа, унааг нь тооцно гэсэн учир бөхчүүд өөрсдийгөө ирлэж мундаг барилдсан. Тэр утгаараа үзэгчид их ирсэн. 15 өдрийн турш ордон хүнээр дүүрэн байсан шүү.

Япончууд сумочдод итгэх итгэлгүй болж, үндэсний спорт нь уналтад орсон. Тэр дарамтууд таны нуруун дээр байсан байх?

-Тэр
тал дээр нэлээд юм болсон ч би түрүү, ялалтаараа үзэгч, ард түмнийхээ итгэлийг дахин олж чадсан болов уу гэж бодож байна гэсэн юм.

Хакухо анги танхимуудтай танилц­саны дараа спорт зааланд орж багш нартай сагс тоглолоо. Тэрээр богино хугацаатай ирсэн ч их зүйл амжуулаад буцна аа хэмээж байлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Л.Отгонбаяр олимпийн эрх авлаа, дэлхийн аварга ч боллоо

Тавдугаар сарын 8-нд Чехийн Праг хотноо зохиогдсон Лондон­гийн
зуны олимпийн эрх олгох “Праг-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Л.Отгон­баяр амжилттай
оролцлоо. Тэрээр 2:39:40 секунд гүйж
наймдугаар байрт шалгарснаар олимпийн эрх авч, Монгол Улсын дээд амжилтыг
эвдлээ. Эл өдөр тус хотноо цаг­даагийн
марафоны ДАШТ зо­хиогд­сон бөгөөд Л.Отгонбаяр уг тэмцээнд
уралдаж алтан медаль хүртжээ.
ОУХМ Л.Отгонбаяр нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн
газрын цагдаа, “Ажнай” корпора­цийн тамирчин юм. Лондонгийн олимпийн анхны
эрхийг ОУХМ “гүйдэг”
Б.Сэр-Од хүртсэн бол хоёр
дахь эрхийг Л.Отгонбаяр ийн хүртэж
байна.