Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрснээс хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд 40 тэрбумын хэрэг бол шар будаа л юм даа DNN.mn

Монгол төдийгүй олон улсын анхаарлыг татсан нүүрсний хулгайн хэргийн шүүх хурал эхэлж, урьдчилсан хоёр ч хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ бол эрх баригч нам Монгол Улсаас, ард түмнээс 40 их наяд төгрөг хулгайлсан гэмт хэргийг шүүж буй үйл явц. 40 их наяд бол үнэхээр их мөнгө шүү. Манай улсын жилийн төсөв 19-20 их наяд төгрөг байдаг гэж бодохоор аманд багтахааргүй үгүй ээ мөн аугаа тоо байгаа биз. Үүнийг жирийн иргэн хулгайлж чадахааргүй л дээ. Улстөрчид, улс төрийн өндөр албан тушаалтнууд л эрх мэдэл, тойрон хүрээлэгчидтэй нийлж байж хийж чадсан хулгайн гэмт хэрэг юм.

УИХ-ын ээлжит сонгуулиудад АН ганц хоёрхон удаа л эрх барьсан байдаг бол бусдад нь МАН давамгайлсан. Харин 2016 оноос хойш буюу сүүлийн найман жил МАН төрийн эрх барьж байгаа. Уг намынхан дотроос л энэ хулгайн гэмт хэргийг хийсэн. МАН-ын даргаар сүүлд сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ харин энэ хулгайд оролцоогүй бололтой. Оролцоогүй гэдэг нь хэд хэдэн зүйл дээрээс харагддаг. Ийм том хулгай Монголын төрд нүүрлэчихээд байгааг анхлан нийтэд зарласан хүн нь Л.Оюун-Эрдэнэ байх шүү. “Өөр дээрээ гал дуудчихлаа даа, залуу хүн зоригтой байна даа” гэж тухайн үед хэн хүнгүй л түүний өмнөөс санаа зовниж бас бахархсан. Олны анхааралд өртөж, араасаа хэл ам дагуулсан нүүрсний хулгайн хэрэг ард түмний хараанаас гарч чадалгүй явсаар өнөөдрийг хүргэж, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 28-нд хийхээр товлож чадлаа.

Энэ хэргийн гол дүр гэгдээд буй Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын холбогдоод буй нүүрсний хулгайн хэргийн мөнгөн дүн нь 40 тэрбум төгрөг юм байна. Энэ бол МАН-ынхны хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд ёстой шар будааны төдий юм даа. Болж байгаа явцыг ажиглавал, 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн хэргийг 40 тэрбум төгрөгөөр хааж, нүүрсний хэргийг шүүсэн нэр зүүлгэж буй жүжиг тавиад өнгөрөх шинжиндээ орчихлоо. Эл жүжгээр энэхүү том хулгайн хэргийг хаагаад өнгөрөөвөл тэр 40 их наядын хулгайн гэмт хэрэг юу болох вэ? Замхраад өнгөрөх үү?

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгүүдийг харж байхад, 40 их наядынхаа хулгайг 40 тэрбумаар хаахаар төлөвлөжээ гэж таамаглахаар юм. Энэ хэргийн тайзан дээр Б.Ганхуяг гэж хүнийг суулгачихаад түүн дээр гэрэл тусгаад 40 их наядтай холбогдсон өндөр дээд албан тушаалтнууд буюу хэргийн жинхэнэ эздийг ил гаргаж ирэхгүй, хаацайлж үлдээх тактик үнэртэж байгаа юм. Цаана байгаа тэр хүмүүс бол голдуу төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон банкууд зэрэг этгээдүүд гэдгийг бүгд гадарлаж байна, энэ талаар Монголын дөрвөн зүг, найман зовхист ид шуугьж байна. Гэвч эдгээр хүмүүсийн нэрсийг энэ хэрэгт огт дурдахгүйгээр хав дарж, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёроор хэрэг үүрүүлж, нэг ёсондоо энэ хоёроор туг тахихаар төлөвлөсөн юм уу даа гэж харагдаж байна. Үүнд нь Б.Ганхуяг нар дургүйцэж байгааг та бид шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгээс сонссон. Хэн чиг л түүний оронд байсан бол ингэх л байсан, мэдээж шүү дээ. Тийм ч болохоор “Би юу болсныг хэлье. Харин та нар надад амь насны баталгаа өг” гэж хэллээ. Энэ бол би энэ хэргийг задалъя, жинхэнэ эздийг нь ил болгоё, хариуд нь надад хөнгөн ял өг гэсэн зөвшилцөл, тохироо хийе гэсэн санаагаа хэлээд байна гэж ойлгосон. Нөгөө талаас нь харвал “Би та нарын өмнөөс шоронд орно гэж юу байхав, 40-хөн тэрбумыг авчихаад. 40 их наядыг бүгдээрээ авсан юм чинь авсан хүмүүс бүгд шийтгүүлье л дээ. Бүгд л адилхан идэж уусан шүү дээ. Миний авсан мөнгө та нарын хажууд бол өчүүхэн шүү дээ. Тийм болохоор шорон руу явбал цуг явъя” гэсэн. Ийм хоёр санаа яваад байна аа даа гэж таамаглаж болохоор. Энэ бүгдийг харж байхад нүүрсний хулгайн хэрэг дээр төр худал хуурмаг жүжиг тавиад өнгөрөх нь үү дээ гэсэн хар ард түмэнд үлдлээ. Эцсийн эцэст төрийн эрх барьж буй нам, эрх мэдлийг гартаа авсан хүмүүсийн үнэн нүүр царай л харагдлаа даа. Эх орноо ямар увайгүйгээр тонодог вэ, төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс яаж ичихгүйгээр хулгайлдаг вэ гэдгийг тэд бидэнд ил цагаан үзүүлсэн. Зүгээр л айл гэр болж тоглодог шиг ард түмний боломжийг юман чинээ бодолгүй хулгай хийцгээгээд бүр гаршчихсан, ингэж хулгай хийдгээ байдаг л зүйл мэт ойлгосоор ирсэн нь харагдаж байна. Сонгуулиар ард түмэн итгэл хүлээлгэж, бидний аж амьдралыг дээшлүүлж, ажил төрөлтэй байлгаж, сайхан амьдруулах юм байна гэж амлалтад нь итгээд саналаа өгч төрийн эрх барих боломж олгодог. Гэтэл энэ боломжийг намаараа нийлж ард иргэдийн мөнгө, байгалийн баялгаас хулгай хийх завшаан гэж хардаг байсан нь харамсалтай. Хэдийгээр монголчууд, сонгогчдын хувьд эрх баригчдадаа боломжоо хулгайлуулсан нь харамсалтай ч дахин тэднийг баярлуулахгүй байх том боломж үлдсэн шүү. Одоо бол утасны зангилааны нэг үзүүр ил гарч, бүх юм ард түмний нүдэн дээр болж байгаа учир үүнээс цааш эд нарын төлөвлөснөөр юм явахгүй дээ. Санаснаар нь болохгүй гэсэн үг. 40 их наядын бүх эзнийг гаргана гээд л ард түмэн зүүгдчихнэ, Б.Ганхуяг ч бас хэлэх байх, яг цагаа тулахаар шүүх ч ард түмний талд үйлчилж, байгааг нь гаргахыг бодно шүү.

Нүүрсний хулгайн хэргийн шүүх хурал ирэх долоо хоногт эхлэх ч намаржин, өвөлжин сунжирч ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгууль хүргэнэ. Нүүрэндээ “Нүүрсний хулгайчид” гэсэн тод тэмдэгтэй, нүүрсний хулгайгаар нүүр, гар нь халтардсан, ийм том луйвар, хулгайн гэмт хэрэгтэй нам сонгуульд ялна гэдэг, ээ дээ мөн ч хэцүү дээ. Ялагдал хүлээвэл хэрэг нь задарч дээр дооргүй, дээд доод бүх тушаалтан нь гинжин хэлхээсээр нэг нэгнийгээ татаж ялаа үүрцгээх байлгүй дээ. Яагаад вэ гэвэл үйл явдал бодсоноор, төлөвлөснөөр явдаггүй гэдгийг монголчууд бид маш олон зүйл, үйл явдал дээрээс харсан. Ялангуяа улстөрчдийн холбогдсон гэмт хэрэг, луйврууд хэзээ ч төлөвлөсөн шугамаар нь явдаггүй, богино настай гэдгийг харуулсан жишээ олон. Хэрвээ Б.Ганхуягийг ямар ч хамаагүй аргаар ял үүрүүлээд шоронд явуулбал 40 их наядын дуулиант хэрэг тэгээд замхарчихна. Энэ хэргийг замхруулахгүйн тулд Б.Ганхуягийн хэлээд байгаа амь насны хамгаалалтыг нь хийж өгч, ямар нэгэн халдлагад өртөхөөс нь сэргийлэх хэрэгтэй. Шоронд, мөрдөнд учир битүүлгээр амиа алддаг, харамсалтайгаар алуулсан улс төрийн хэргүүд Монголд гарч байсан. Тэр бүгдийг эргэн санаад дарьтай торхон дээр суугаа Б.Ганхуягийн аюулгүй байдлыг хангах нь Монголын нийт ард түмэн, Монгол Улсын эрх ашигтай холбоотой ноцтой асуудал болоод байна. Түүнийг яаралтай хамгаалалтад авч, амь насыг нь бөхөлж өгөөд авах мэдээллээ авч, нүүрсний 40 их наядын хулгайн хэргийн эздийг ил цагаан болгож, бүгдийнх нь нэрийг зарлах ёстой гэдэг нь Монголын ард түмний хүсэл. Хэдийгээр аль нэг нам төрийн эрхийг барьж байж болох ч ард түмний хүсэл, шаардлага ямар ч улс төрийн хүчнээс хэзээд илүү, хэзээд хүчтэй байсаар ирсэн.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Стругагийн яруу тансаг үдшүүд ба Охридын үзэсгэлэн DNN.mn

Үргэлжлэл

Охрид нуур болортон цэлийж, үдийн нарны алтан цацраг толион дээр нь гялалзан гялтганана. Яруу найрагчид “Biser” зочид буудлын задгай талбайн хашлаганы наана зогсож нуурын үзэсгэлэнд уусан баясч, дурсгалын гэрэл зураг татуулна. Шинэхэн бүтээлэгтэй дугуй ширээнүүдийг тойрон сууцгааж кофе, цай, ус уун хүүрнэлдэнэ. Нуурын чийглэг агаар, аясын салхи, үдийн нарны ээсэн элч энэ бүхэн юутай таатай. Цаг хугацаа зогссон мэт. Эсхүл энд цаг зогсдог гэмээр бүгд юунд ч эс яаран урт аянаас зогсоолдоо ирсэн хөлөг онгоц аятай тус тусын сандалдаа тухлан нуурын зүг хүзүү сунгана. Ингээд олон улсын яруу найрагчдын “Circles” яруу найргийн уншлага эхэллээ.

Хойд Македонийн яруу найрагч Христо Петрески:

…Эхний хуудас нь байхгүй ч

Хоёр дахь хуудсыг эргүүлээрэй

Гурав дахь хуудас нь байхгүй байсан ч

Дараагийн хуудсыг эргүүлээрэй

Унгарын яруу найрагч Кристина Рита Молнар:

…Нарны сул гэрэл өвсөн дунд налайна. Энгийн нэгэн зуны өглөө. Дулаахан чулуун шалан дээр хөл нүцгэн гишгэнэ. Шинэхэн сүү, зөгийн бал түрхсэн талх. Өнөөдөр амьдрал Холбейн шиг сайхан байна. Учир нь өдөр бүр, өнөөдөр, маргааш ч ийм байсан, ийм байх болно.

Хойд Македонийн яруу найрагч Зоран Петковски:

…Ганцаараа унтавч

Дэлхийг тойрон нисч байна

Алтан тоосоор оддыг шүршиж байна гэж

Зүүдэлж байхдаа ганцаардаагүй ээ

Туркийн яруу найрагч Кан Еигит Тунгман:

…Бид бурхан болоочдоо хардаггүй ч

Зүүдэндээ хамт байдаг

…Жинхэнэ шарх зүрхэнд байдаг

Хойд Македонийн яруу найрагч Кристина Николовска:

Люксембургийн яруу найрагч Гая Хелмингер: Тэрбээр шүлгээ сэтгэл хөдлөлтэй уншдаг бөгөөд драмын жүжигчин лүгээ царай төрх, дуу хоолойгоо хувьсган шүлгээ ийн дуудав.

…Өглөө эрт

Кофе уух цагаар яагаад мөргөлийн тухай бодно вэ

Магадгүй

Бурханы амьсгалыг сонсох гэж

Орой бүгд гэрлээ бүдгэрүүлдэг болохоор тэр байх

Хойд Македонийн яруу найрагч Братислав Ташковски:

…Миний үг бол миний нулимс

Хэн нэгэн надаас илүү ярихад

Яаж сонсохоо би мэддэг.

Монголын яруу найрагч Д.Гансаруул:

…Атгаж ирсэн ганц үр

Амуу болоод арвайн үр

Талыг хучиж ургаад л…

Хөндийг нөмөрч халиураад л…

Алтран алтран найгаад л…

Амрагхан минь чи

Арвай тариалаад л…

Алган дээр минь асгаад л…

Хорватын яруу найрагч Иван Херцег:

Варшав, Варшав, хараал идсэн хот!

Чи бас хоёр хүнд хайртай юу

Алийг нь сонгохоо мэдэхгүй

Амиа бас хорлох уу

Хойд Македонийн яруу найрагч Виолета Танчева-Златева:

…Намрын манан буухдаа

Нүдний чинь галыг ч бөхөөж

Дуу хоолойг чинь ч бүдгэрүүлнэ.

Германы яруу найрагч Биргит Крейпе:

…Бид

Хөөс үү, хөвд үү

Хясаан дахь замаг уу

Намар самраа гөвдөг мод уу

Туркийн яруу найрагч Гонса Озмен: Тэрбээр “Memet” гэх өвөрмөц шүлгээ түргэн хэллэг уншиж байгаа мэт дуржигнуулж гарлаа. Зочид алга ташицгаав.

…Намайг чи дэрэн дээрээ толгойгоо тавин хүлээ

Алим цаг нь болохоор модноосоо унадаг шиг

Хүлээ

Хойд Македонийн яруу найрагч Славица Гадзова Свидерский:

…Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд орох дуртай

Хана нь юу ч нэвтэршгүй бат бөх

Үүдний хаалга нь зүүдний түлхүүрээр онгойдог

Өрөөнүүдээс нь шанцайтай боовны шинэхэн үнэр сэнгэнэдэг

Эсгийгээр зөөллөсөн шат нь

Үзгээр зурсан сар руу хөтөлдөг

Хүүхэд насныхаа байшинд орохоос

Хүүгийнхээ зурсан байшинд зочлох дуртай…

Охридын эрэг дээр ийм 13 яруу найрагч шүлгээ эх хэлээрээ уншихад бусад нь англи орчуулгыг нь харан сууж байв. Нэг нэгэндээ алга ташилтаар бэлэг барьцгааж, хаашаа л харна, инээмсэглэсэн царайгаараа бие биедээ урам хайрлаж, уншлагыг улам халуун дулаан болгож байлаа. Дугуйрч суусан яруу найрагчид ширээ ширээнээ шүлгээ ярилцан, номдоо гарын үсэг зурж нэгэндээ дурсгана.

Зочид буудалдаа эргэн ирж үдийн хоолоо зооглонгоо яриа өрнүүлнэ. Өчигдрөөс өнөөдөр, өглөөнөөс өдрийн хоолон дээрээ улам ч дотно, найзалж нөхөрлөжээ

Зууш, лоолийн зутан шөлөө оочлонгоо нутаг нутгийнхаа хоол унд, сонин хачнаас ярьцгаана. Оройны уншлага хүртэл чөлөөт цаг. Өрөөндөө орох нь орцгоож, гадуур дэлгүүр хэсэх нь хэсч, нуурын эргээр зугаалах нь зугаалцгаахаар болцгоолоо.
Испанийн яруу найрагч

Испанийн яруу найрагч Чема Паз Гаго нутагтаа нуурын эрэг дээр байшинтай. Өглөө нууранд тогтмол сэлдэг бөгөөд энд ирээд өглөө, оройд Охридод сэлж байгаа тухайгаа ярилаа. Түүнтэй Охрид нуур руу хамт алхлаа.

Европ тивийн хамгийн гүн, цэнгэг нуур шүү дээ. Яруу найрагчдын ирэхийг хүсдэг газар, македоничуудын “Охрид минь… одоохон чамдаа очлоо” гэж олон зууны өмнөөс магтан дуулсаар ирсэн нуур нь. Нутгийнхан энэ нуурын усыг ариун хэмээн

итгэж усанд нь шумбаад гараад ирэхэд муу муухайгаас салдаг гэж ярилцаж аж.
Эрэг дээрх наран шарлагын ор, сандлуудыг сүлжиж, сүүдрэвчүүдийнх нь доогуур алхсаар эрэг дээр нь ирлээ. Номин ногоон Охрид бүлээхэн усаараа хөл илбэнэ. Эргийг эмжээрлэж нааш цааш алхаж, долгиог нь мэдэрч, усаа хаялахыг нь анирдлаа. Намуухан юм аа. Эргээ хаялахдаа хөөсөрч, тургиж сүр үзүүлсэнгүй. Зөөлхөн, үл мэдэгхэн хаялгатай санж. Өглөөнөөс хойш амрагч, зугаалагчдын хөлд дарагдсан ч тунгалаг хэвээрээ, наран бөхийж, оройн үүлсийн цаагуур шургалсан ч ус нь бүлээхнээрээ. “Ийм гоё байгаль, ийм сайхан нуур, диваажин шиг амар амгалан бүрдсэн энэ нутагт амьдарч байгаа хүн шүлэг бичихгүй яах юм бэ. Бурханы бэлэг л гэж энэ байх даа” гэж дуу алдсаан. Яагаад Македоничууд, Стругагийн иргэд, Охрид нуурын оршин суугчид яруу найрагт дуртай юм, яагаад энэ улс Дэлхийн яруу найргийн их наадмыг 62 дахь жилдээ зохион байгуулж, Засгийн газрынхаа түвшинд энэ наадамд анхаардаг юм гэсэн асуултууд ар араасаа хөвөрнө. Асуултуудын хариулт бол ердөө л сайхан байгаль. Сайхан юм, сайхан зүйл харсан хэний ч сэтгэл баясч, түүний эрчим долгионыг биеэрээ мэдэрвэл тэгээд л сэтгэлийн нандин утас гээч нь хөндөгдөж дуулмаар, бүжмээр, мөр холбомоор болдог биз ээ.
Ер нь Балканы хойг дахь хүмүүс байгалийн ааш аягаа дагаад ч гэх үү зөөлөн, аядуу юм. Маш зочломтгой, дуу шуутай. Элгэмсэг гэж жигтэйхэн. Хойд Македони дахь Монголын Өргөмжит консул Леетив гуай ч үүнтэй санал нэгдэж толгой дохисон шүү.
Охридод шөнө айлчиллаа. Залуухан саран нууран дээр хөөрч, зочид буудлын дэргэдэх парк тоглоомуудынхаа гэрлэн чимэглэлийг асаажээ. Энд тэнд шоу цэнгээн, бүжиг наадам болж дуу, бүжиг, хөгжим наадам эхэллээ. Араб чигийн диско хэмнэлтэй дуу нээлттэй цонхоор адуу түжигнээд ойртох шиг сүртэй гэгч нь цуурайтна. Парк дээр тоглож буй хүмүүсийн хашгираан, инээд ч тэр бүгдтэй холилдоно. Яруу найргийн үдшийн уншлагын дараа ядарцгаасан улс өрөө өрөө рүүгээ орцгоолоо.
Үүрийн 05:00 цаг. Мөнөөх мөргөлийн дуу ч дуулдлаа, ноход ч хуцалдлаа даа. Хөшигний завсраар шагайвал үүр цайж байна, тэнгэрийн хаяанаас тоорын ягаан туяа татжээ.
07:00 цагт нуурын эрэгт очлоо. Хүн байсангүй. Эргийн хамгаалалтын ажилтан бололтой эмэгтэй хураалттай сандал, орнуудын дундуур алхаж, бага сага хог түүх аж.
Охрид нуурын ус тунгалгаас тунгалаг, цэнгэгээс цэнгэгшиж хоножээ. Өнгө өнгийн чулууд нь нүд баясгаж, загас жараахай сүлжилдэнэ. Яасан ч загас элбэгтэй юм. Эргээс хагас километрийн зайд загасчны завь залхуутайяа нүүнэ. Загасчин нь үл мэдэг бөхийжээ.
Өчигдөр очиж шүлэг уншсан Калишта хавьцаа нар мандаж байна аа. Наахан завинуудын тавцан дээр нэгэн амрагч хоёр нохойгоо хөтөлсөөр гарч ирлээ. “Үсэр” гэхэд өнөөх хоёр нь ус руу ороод сэлж эхэллээ. Томхондуу биетэй нь тэгсхийгээд залхуураад эзэн рүүгээ эргэтэл “Буц” гэхэд буцаад сэлнэ. Харин жижиг хав нь овоо сэлдэг бололтой. Тэр хавиар нааш цааш сэлсээр. Өөр хэд хэдэн амрагчид нохойгоо хөтөлсөөр эргээр гүйж өнгөрлөө.
Ээ тэгтэл таньдаг хүн ирэв. Торонтогоос ирсэн яруу найрагч Кристина Е.Крамер. Эрэг дээр өглөө таарсандаа баярлалдан мэнд мэдэлцлээ. Кристина өглөө бүр сэлдэг юм байна. Ойр зуурыг хөөрөлдөж, өнөөдөр хэд хэдэн уншлага, номын нээлттэй мөн Хуучин хот, “Софиягийн сүм”-ийн аялал байгаа тухай төлөвлөгөөгөө ярилаа. Тэгтэл Кристина жижиг чулуу авч нуурын мандал дээгүүр шидэж байна. Өнөөх чулуу нь пүлхийгээд л орчихов. Бид хоёр хэн нь чулуугаа олон ойлгож үсэргэхээ үзэхээр шийдлээ. Нимгэн хавтгайдуу, жижиг чулуу сонгоод үсэргэж гарлаа. Кристинагийн дээд амжилт нь чулуугаа дөрөв үсэргэлээ. Харин би тав үсэргэв. Ингээд олимпийн алтан медалийн эзнээр намайг шалгаруулж, Кристина мөнгөн медалийн эзэн боллоо, хүүхэд шиг л инээлдэж хөгжилдөж авлаа. Бид энэ агшинаа дараа нь дурсана шүү хэмээгээд зураг дарууллаа. Сэтгэл нь хөөрсөн Кристина “Lovely memory” гэж дахин дахин хэлнэ. Түүнд бага насыг нь санагдуулжээ. Кристина “Манай ах Монголд очиж байсан. Одоогоос таван жилийн өмнө байх шүү. Говь гэдэг газрыг нь үзээд ирсэн. Би аз тохиовол Монголд очно, чамтай холбоо барина шүү” гэж цайлганаар инээсээр зочид буудал руугаа хамт алхлаа.
Д.ГАНСАРУУЛ
Үргэлжлэл бий.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгаая л даа DNN.mn

Монголыг хөндлөн гулд туулахаар сумын төв, аймгийн төв гэж тал дээр, цагаан шороон дунд хэдэн ёотон шиг байшин зэрэглээтэж үзэгддэг. Яваад очихоор тоос бужигнасан, мод бут сөөг гэж байхгүй, юун зүлэг ногоо хэдэн халгай байвал байна. Тэгсэн хэрнээ ой, гол нь 10 км-ийн цаана нүүгэлтээд байж л байдаг.

Жимсэнд явна, усанд явна гэж трактор, мотоциклиор тэр зүг рүү давхилдаж байдаг нь түгээмэл төрх. Яагаад жимсэн дундаа суугаад, голынхоо эрэг дээр амьдардаггүй юм бол гэмээр. Учир нь социализмын үед хот төлөвлөлт, суурин газрын зохион байгуулалтыг хийхдээ гол уснаас хол, уул, ойгоос зайдуу газрыг зориуд сонгодог байсан нь биднийг ая тухтай амьдруулах биш харин ч байгалийн сайхан, агаар, ус модноос хол байлгах гэсэн харийн бодлого байжээ. Эсхүл доороо баялагтай, ашигт малтмалтай газрыг нь ухахад амар гээд иргэдийг нь захиргаадаад халцай талд төвлөрүүлдэг ч байсан байж мэднэ.

Дэлхийн мега хотууд том гол, мөрнөө дагаж Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгаая л даабайгуулагдаж иргэд нь эрэг дээр нь амьдарсаар байна. Түүгээр үл барам ой, тайга дотор байгуулагдсан алдартай хотууд ч бий. Гэтэл манай 330 гаруй сумаас гарын таван хуруунд багтах төдий нь ойн захад, гол бараадсан байдаг шүү дээ.

Алтан тэвшийн хөндийд байрладаг Улаанбаатар хотод монголчуудын талаас илүү нь ажиллаж амьдарч байна. Социализмын үед энэ уул монголчуудад хаалттай байсан л даа. Тэр ойлголт өнөөдөр ч хэвээр. Богд уулын захад, модных нь үзүүрт, ам, хөндийд нь байшин барьчихвал үндэсний дайсан мэт үздэг буруу үзэл, ойлголт монголчуудаас нэвт ханхалсаар.
Яагаад бид Богд хан ууландаа амьдарч болдоггүй юм бэ. Арын хаалгатай нь энэ ууланд амьдраад тийм хаалгагүй нь холоос хараад шүүрс алдаад зогсох ёстой юм гэж үү. Ам болгонд нь хотхон, хороолол байгуулж, хооронд нь явган хүн, дугуйн зам барьж холбоод энэ уулыг гороолж алхаж ч болохоор хэмжээнд дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл хотод утаа, угаар, тоос, бухимдал дунд тарчилж байгаа сая хүн ядаж долоо хоногтоо нэг удаа уушгиа цэвэрлээд авна. Богд уулын модон дунд хотхон баригдах нь ойг эзэнтэй болгох нэг хөшүүрэг. Х үмүүс хүний юманд л хөндий ханддаг. Тэнд байшин савтай болсон иргэд харин ч амьдрах орчноо хамгаалж Богд уулаа, ой мод, ус горхио нүдний цөцгий мэт санаж, сайн дурын байгаль хамгаалагч болчихдог.

Бид социализмын үеэс үлдсэн буруу гажиг үзлүүдээсээ салж, аливаад ухамсартайгаар, хүн төрөлхтний жишгийг дагаж ухаалгаар хандах цаг нь болсон. “Монголчууд гол ус, ой модыг холоос харж л амьдрах ёстой” гэдэг харийн үзлийг баримтлах биш “Бид сайхан амьдрах ёстой” гэдэг дээр нэгдэж, нийслэлчүүд маань Богд хан уулаа түшин, бэл хормой руу нь дөхөцгөөе л дөө. Энэ ууланд бүтээн байгуулалт хийж, хотхон, хороолол сүндэрлүүлж байгаа барилгын хэдэн компаниа бүү ад үз, битгий шүүмжилж ажлыг нь гацаа. Бүгдээрээ Богд ууландаа, ус модон дундаа сайхан амьдарцгааж болно оо доо.

Categories
нийгэм цаг-үе

Стругагийн яруу тансаг үдшүүд ба Охридын үзэсгэлэн DNN.mn

Гэнэт ноход шуугилдаад, “Юусэн билээ” гэж цочин сэрлээ. Исламын сүмийн өглөөний мөргөлийн дуунаар Охрид нуурын эрэг дээрх “Дрим” зочид буудалд амрагчдын дагуулж яваа ноход дуу дуугаа авалцан өрөө өрөөнөөс хуцалдаж буй нь энэ. Цагаа харвал өглөөний 05:00. Мөргөлийн дуу намжиж, ноход ч тайвшрав бололтой. Урьд орой хөл хөдөлгөөн, дуу шуугиан, бүжиг наадам, амрагч, зугаалагчдын шуугианд дарагдаж байсан Охрид нуур ер бусын дөлгөөхнөөр эргээ хаялна. Намрын сэрүүн хэдийнээ Стругад айлчилжээ. Тагтны том хаалгаа хаагаад буцаж хэвтлээ. Яг одоо Улаанбаатарт өглөөний 11 цаг болж байгаа даа гэж бодохоор нойр эс хүрнэ. “Стругагийн яруу найргийн үдшүүд” буюу Дэлхийн яруу найргийн их наадмын дөрөв нугалж эвхсэн хөтөлбөрийг гаргаж ирээд өнөөдөр ямар ямар арга хэмжээ, уншлага, уулзалттай билээ гэж хэсэг харлаа.

Өчигдөр Македонийн нийслэл Скопье хотоос автобусаар давхисаар өдөр 12 цагийн алдад энд ирсэн. Автобуснаас буусан даруйдаа “Яруу найргийн цэцэрлэг”-т очиж Дэлхийн яруу найргийн их наадмын өнөө жилийн “Алтан хэлхээ” шагналын эзэн, Хойд Македонийн алдарт яруу найрагч Влада Урошевичийн дурсгалын мод суулгах ёслолд оролцоцгоосон юм. Тухайн жилийн “Алтан хэлхээ” шагналт яруу найрагч энд дурсгалын мод суулгаснаар “Стругагийн яруу найргийн үдшүүд” эхэлдэг уламжлалтай. Мод бүхний доор “Алтан хэлхээ” шагнал хүртсэн яруу найрагчийн нэр, QR код бүхий мэдээлэлтэй пайзыг байршуулжээ. 62 жилийн хугацаанд энд төдий тооны мод суулгасан гэсэн үг л дээ. Мод болгоныг сонирхож, пайзыг нь уншлаа. Тэвэрт багтамгүй бүдүүн мод байна. 1974 онд Дэлхийн яруу найргийн их наадмын “Алтан хэлхээ” шагнал хүртсэн Туркийн яруу найрагч Фазыл Хусну Дагларжагийн суулгасан мод аж. Энэ хүн бол 1914 онд Истанбулд төрсөн, нийт 60 гаруй шүлгийн түүвэр хэвлүүлсэн Туркийн алдартай яруу найрагч. Түүний шүлгүүд хүн төрөлхтөн, сансар огторгуйн зүй тогтлоос эхлүүлээд милитаризмын эсрэг сэдвүүдийг хөндсөн, Туркийн тусгаар тогтнол, дайн зэргийг хөндсөн байдаг. Ер нь Дэлхийн яруу найргийн их наадмын гол шагнал болох “Алтан хэлхээ”-г дэлхийн яруу найргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, шударга үнэний дуу хоолой болсон яруу найрагчдад олгодог бололтой. Энэ жилийн “Алтан хэлхээ” шагнал хүртсэн Влада Урошевич гуай одоо 79 настай. Македонийн нийслэл Скопьед мэндэлсэн. Яруу найрагч, түүхч, зохиолч, утга зохиол-урлаг судлаач, эссэч, антологич, орчуулагч нэгэн юм. Нэг үгээр бол Хойд Македонийн өнөө цагийн оюун санааны оргилуудын нэг нь.

 

Влада Урошевич “Эрх чөлөө” шүлэгтээ эрвээхэй лааны дээгүүр нисэхдээ далавчаа шатаадаг шиг яруу найрагч хүн үг хэлэх эрх чөлөөгүй боллоо ч шүлэг бичих эрх чөлөө нь үлддэг, сансрын хөлгөө орхин гарч буй сансрын нисгэгч бол дэлхий рүү буцахаас татгалзсан өндөрт шидсэн чулуу юм даа…хэмээжээ. Цэцэрлэгт хүрээлэнд уншсан түүний шүлгүүд бол тэр чигээрээ тайтгарал, байгаль эх дэлхийдээ талархсан мялаалга байлаа.

No description available.

Өнөө жилийн “Алтан хэлхээ” шагналын эзэн, Хойд Македонийн алдарт яруу найрагч Влада Урошевич”

Өдрийн хоолоо зочид буудлын хоолны том танхимд идэцгээлээ. Өглөөхөн л автобусанд суухын өмнө гар барин танилцсан орон орны яруу найрагчид үдийн хоолны ширээний ард дөрөв, таваараа сууцгаалаа. Хатаасан яншуй цацсан улаан лоолийн зутан, элдэв зууш. Араас нь нухсан төмстэй, жигнэсэн луувантай, тахианы цээж мах сэлт. Хоолны дараа амттан ирлээ. Яруу найрагчид орой эхлэх нээлтийн ёслолын өмнө амсхийхээр өрөө өрөөндөө орцгоов.

Байрласан өрөө минь Охрид нуур руу харсан цонхтой, гаднаа тагттай. Тагтан дээр нь гарч эргэн тойрныг ажиглалаа. Эрэг дээр наран шарлагын ор, сандал, сүүдрэвч. Усны хувцастай хүүхэд, залуус, эмэгтэйчүүд…нууран дээгүүр хурд мэдэн сүлжилдэх хэд гурван моторт завь… усаар тоглож наадах хүүхэд багачуудын бүдэг бадаг дуун тагтны нээлттэй хаалгаар зочилно. Нуурын зүгээс тааламжтай зөөлөн аясын салхи айлчлан орж ирж хөшгөөр наадан Улаанбаатар-Бээжин-Франкфурт-Скопье гэсэн чиглэлээр урт зам туулж ирсэн аян замын алжаалаас минь чөлөөлөх мэт.

“Стругагийн яруу найргийн үдэш 62” буюу Дэлхийн яруу найргийн их наадмын албан ёсны нээлт наймдугаар сарын 24-ний үдэш “Ах дүү Миладинов”-ын нэрэмжит Соёлын төвийн гадаах талбайд салют буудуулснаар эхэллээ.

Тайзнаа Хойд Македонийн яруу найрагч Влада Урошевич, Ирландын яруу найрагч Гавин Брадлей, Албанийн яруу найрагч Аржан Каллцо, Белгийн яруу найрагч Филип Меерсман, Болгарын яруу найрагч Роза Бояанова, Хорватын найрагч Иван Херцег, Эстонийн яруу найрагч Каролина Пихеглас, Францын яруу найрагч Алексис Бернаут, Германы яруу найрагч Биргит Крейпе, Грекийн яруу найрагч Димитрис П.Краниотис, Унгарын яруу найрагч Кристина Рита Молнар, Монголын яруу найрагч Давхардаваагийн Гансаруул, Италийн яруу найрагч Анелиза Алева, Косовогийн яруу найрагч Бесник Камаж, Люксембургийн яруу найрагч Гая Хелмингер, Монтенегрогийн яруу найрагч Павле Горанович, Селимир Радулович, Сербийн яруу найрагч Милутин Дурикович, Зелика Аврич, Словакийн яруу найрагч Эрик Ондричка, Испанийн яруу найрагч Чема Паз Гаго, Туркийн яруу найрагч Гонца Озмен, Кан Ягит Тунцман, Их Британийн яруу найрагч Адам Хоровитч, Крис МакКабе нар эх хэлээрээ шүлгээ уншицгаалаа. Энэ наадамд эдгээр яруу найрагчдаас гадна Хойд Македонийн 40 орчим яруу найрагч хүрэлцэн ирсэн байлаа. Биднийг шүлгээ уншихад арын дэлгэц дээр англи, македони хэл дээрх орчуулга нь давхар гарч байсан юм. Ямар ч илүү дутуу дуу хуур, бүжиг наадамгүй. 25 улсын хэлээр шүлгээ унших яруу найрагчдыг сонсох гэж, сонирхох гэж Стругагийн олон зуун иргэн цугласан байлаа. Нээлтийн ёслол ийнхүү өндөрлөж, зочид буудлын задгай талбайд дарстай босоо хүлээн авалт болж орон орны зочин яруу найрагчид ойртон танилцаж, ном, нэрийн хуудсаа солилцсон танилцах үдэшлэг маягийн юм болж, жазз хөгжмийн аянд дарс шимцгээн инээлдэн хөгжилдөж, энд тэндгүй зураг хөргөө даруулан шөнийн 00:00 цаг хүргэцгээсэн юм.

No description available.

Ийнхүү өчигдрийн үйл явдлаа эргэцүүлэн өнөөдрийн хөтөлбөрөө харвал Охрид нуурын эрэг дээрх хуучин сүм рүү аялах, тэр сүмийн дэргэдэх “Biser” зочид буудлын задгай талбайд олон улсын яруу найрагчдын “Circles” яруу найргийн уншлагатай аж. Тэнд намайг “Тариан талбайн дэргэдэх жижигхэн байшинд” шүлгээ уншихыг сануулсан байлаа.

Өчигдөр оройны танилцах үдэшлэгээр нүүр хагарцгаасан яруу найрагчид өглөөний цайн дээр сүрхий мэнд устай болцгоожээ. Нэг нэгнээ ширээнээ урин хамт цайлахыг хүснэ. Нүүрэндээ инээд тодруулж “Сайхан амарсан уу” гэцгээнэ.

Манай ширээнийхэн “Чиний өчигдөр орой нээлтэд өмссөн үндэсний хувцас чинь маш сайхан харагдсан. Үнэхээр тансаг байсан шүү. Чи дахиж өмсөх үү. Өмсвөл хамт зургаа даруулна шүү” гэцгээнэ. “Монгол Улс хэдэн хүн амтай вэ”, “Нийслэл нь ямар нэртэй билээ”, “Улаанбаатар хэдэн хүн амтай вэ”, “Танай үндэсний хувцас хийц сайтай юм. Хүмүүс нь хэр түгээмэл өмсдөг вэ”, “Ямар улстай хиллэдэг вэ” гэж ойр зуурын юм асууцгаана. Ширээ ширээнээ халуун дотно яриа өрнөж, хоолны танхим дуу шуутай, халуун дулаан гэж жигтэйхэн. Хэн хэдэн цаг нисч Македонид ирснээ ярьж инээлдлээ. Олон дамжиж, олон мянган км зам туулж ирсэн яруу найрагчдаараа бахархацгааж ойр хавийн улсуудын яруу найрагчид “Өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гараад өдрийн хоолоо Македонид идсэн” хэмээн хошигноно. Анх удаа биесээ харж буй орон орны хүмүүс цайны ширээний ард энгийн зүйлс ярьснаар нөхөрлөл нь эхэллээ. Ингээд автобусаар Калишта руу хөтөлж, Охрид нуурыг эмжээрлэж давхисаар “Our Lady” сүмд ирлээ дээ.

No description available.

Охрид бол Европын хамгийн гүн, цэнгэг устай нуур. Охрид нуурын эрэг орчмын газрыг 1979 онд ЮНЕСКО Дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд дараа жил нь Охрид хотыг соёл, түүхийн өвөрмөц бүсийг багтаасан газар хэмээн зарласан түүхтэй. Түүгээр ч үл барам 2014 онд Албани болон Хойд Македонийн дунд орших хил дамнасан Дархан цаазат газар болох Охрид-Преспаг ЮНЕСКО “Дэлхийн шим мандлын нөөц газар”-ын сүлжээнд нэгтгэсэн юм байна. Охрид нуурыг тойрч Хойд Македонийн Охрид, Струга, Албани улсын Поградек гэсэн гурван хот оршино. Мөн хэд хэдэн загас агнуурын тосгон байдаг ч загасчлалаар бус аялал жуулчлалаар орлогоо бүрдүүлдэг гэсэн. Охрид нуурын хотуудад нийт 131 мянган хүн амьдардаг гэсэн тоо баримтыг хөтөч өгүүлж байлаа. Түүхэн дурсгалт газрууд, нуурын онгон дагшин байгаль нь Охрид нуур руу жуулчдыг татдаг гол хүчин зүйлүүд. Охрид 30.4 км урт, өргөнөөрөө 14.8 км. Эргийн урт нь 87.5 км юм байна.

“Our Lady” сүм нь Бурханы ариун эхийн мэндэлсний баят зориулсан хоёр сүм, элч гэгээн Петр, Паул нарт зориулсан сүм, Гэгээн ариун Гэгээнтэнд зориулсан агуйн сүмээс бүрдсэн цогцолбор газар байлаа. Сүмээр нь оронгуутаа л бүгд гар утсаа гаргаж гэрэл зураг дарж, бичлэг хийнэ. Хэн ч харсан бишрэл төрүүлмээр ур хийц, өнгө будаг. Яруу найрагч, зохиолчид голдуу явж байгаа болохоор ч тэр үү хийдийн доторх чимэглэл зургаас эхлүүлээд өчүүхэн жижиг хэсгүүдийг хүртэл нарийн тогтоон харж зургийг нь дарж, хөтчөөс сонирхсоноо асууцгаана. Энэ үеэр нутгийн сүсэгтнүүд гэр бүлээрээ, хоёр гурваараа мөргөл залбирал хийж, сүмээр орж үүдэнд байх тусгай хэсэгт шар өнгийн урт, нарийн лаа асааж залбирч байлаа. Агуйн сүм рүү орлоо. Агуй гэхээсээ асар том хадыг ухаж, сийлээд бясалгал, мөргөл, мацгийн олон өрөө тасалгаа гаргачихсан мэт харагдах. Энэ сүмийг XIV зууны үед бүтээсэн бөгөөд огтоосоо сэргээн засварлаагүй, анхны төрхөөр нь жуулчид, мөргөлчдөд үзүүлдэг юм байна. Модон шатаар өгсөж өрөөнүүдийн үүдээр шагайж, зарим өрөөнд нь орох завшаан тохиов. Өргөлийн хэсэг, лаа дэн тавьдаг тавцануудтай, хана, туурга тааз гээд бүхий л хэсэг нь чимэглэл зураг, хөрөгтэй. Энд санваартнууд мөргөл хийж, мацагладаг, хүний нийгмээс өөрийгөө тасалж гэгээрэлд тэмүүлдэг ариун газар нь байжээ. Зарим өрөө рүү нь хүн оруулахаас сэргийлж хориг татжээ. Агуй учир дотроо сэрүүхэн. Хуучин эд зүйлс нь тоос буртаггүй бөгөөд анхны төрх байдлаараа хадгалагддаг нь сайхан.

Сүмээс гарч ирээд яруу найргийн уншлагадаа орцгоолоо. “Biser” хэмээх зочид буудлын задгай талбайд зассан ширээнээ сууцгаалаа. Яг дэргэд Охрид нуур цэлэлзэн мэлтэлзэнэ.

 

үргэлжлэл бий…

 

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг энтертаймент-ертөнц

GEE: Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС…

Реппер Gee буюу Төгсжаргалын МөнхЭрдэнэтэй ярилцлаа.


Та бараг мэдээ үздэг­гүй гэв үү?

-Ер нь мэдээ үзэхээс айдаг. Яагаад гэхээр нийгэм аймаар байна ш дээ. Хүмүүс зарим талаа­раа араатан шиг болж байна. Мэдээ үзэхээр “Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа”, “Хэдэн арван тоогоор хутгалж аллаа” л гэнэ. Аймаар аймаар юм гарна. Өдөр нь ажил төрлөө хийгээд явж байхдаа нийгмийн асуу­дал­тай хутгалдаж явдаг боло­хоор гэртээ харихаараа тэр­нээс түр ч гэсэн ангижирмаар байдаг байхгүй юу. Би ком­пьютер тоглодог. Сайхан ангиж­руулдаг шүү. Нээрэн. Бүх юмаа мартаад сайхан тоглодог. Тэр л гоё байдаг юм. Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгүй мэдээ үзнэ л дээ. Үзэхээр маниусаас дээр суу­даг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс “Ингэлээ, тэглээ” гээд хоорондоо хэрэлдээд, бөөн юм болоод сууж байдаг. Дандаа хэрүүл уруул, алаан хядаантай юм үзээд байхаар чинь залхаж байгаа юм чинь.

Манай зарим хип хоп­чид мансууруулах бодис­той хол­богд­сон нь энэ урла­гийг уна­га­сан зүйл болсонХарин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөршинэ уур амьсгалаар гар­гаж ирж байнаХөндлөн­гөөс харахад “Vanqiush” гэх хамт­лагаас салбарлан гар­сан мэт?

-Аймаар буруу ойлголт. Хувь хүний л асуудал байгаа ш дээ. Хувь хүн талаасаа. Хэрэгт холбогдож байсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал. Дараагийнх нь хүмүүсийн асуудал бол тэд­гээр хүмүүсийн хувийнх нь л асуудал. Ерөөсөө л хувь хүмүү­сийн ялгаа байхгүй юу. Хүн алддаг шүү дээ. Алдаа л биз. Ахиж тийм зүйлд ороо­цол­дохгүй гэж суралцаа байл­­гүй дээ. Түүнээс биш хип хопчдын нэр хүндийг унага­лаа гээд л хип хоп гэдэг нэр томъёог тэрэнтэй холбох гээд байх шаардлага байхгүй.

“Vanquish”-ээс салбар­ласан гэвэл сонин л доо. Тэрийг би эсэргүүцнэ. Мань, заньд нь бол ёстой хамаагүй ш дээ. Мэдэхгүй. Тийм хамт­лаг байсан. Би юмаа хийгээд явдаг байсан. Хамтарч дуу хийе гэсэн. Хамтарч дуулсан.

Тэндээс шинэ үеийн хип хоп гарч ирээд салбарласан гэвэл ёстой маргаантай асуу­дал.

Хип хопчид бусад хамт­лагдуучдынхаа нэрийг дуундаа оруулаад муулж дуулаад байдаг даа.

-Dis үү?

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Dislike гэдэг ш дээ. Тэрэнтэй адилхан утгатай.

Бусдынхаа талаар дур­гүйц­лээ илэрхийлж дуулж байгаа нь тэр үү?

-Энэ чинь хип хопын бараг нэг төрөл ш дээ.

Тэгэхээр реппер Цэцээ та хоёр байнга бие бие рүүгээ dis илгээдэг болж таарав ууБокс­чид рингэнд тулалддаг шиг та хоёр үзэл бодлоо уран бүтээлээ­рээ илэрхийлж “зодолддог“?

-Энэ нь маш олон төрлийн зорилгоос болж хийгдэнэ. Зөвхөн үзэл бодлоо хамгаа­лахын тулд гэж болохгүй ч бас байж болно. Зарим нэг нь ашиг сонирхлын үүднээс хийдэг. Энэ овоо гайгүй бай­гаад байна, энийг ингээд дуулчихвал намайг хүмүүс сонсчих юм байна гэх PR-ийн зүгээс хийж болно. Янз бүр. Тухайн хүнд ашиг сонирхол, үнэт зүйл нь юу байна вэ гэдгээс шалтгаална. Тэр хүнд нэр хүнд чухал бол хэнийг ч, сайн хүнийг ч тэгж хэлнэ ш дээ. Тухайн хүнд өөрийн үзэл бодлыг хамгаалах нь илүү үнэтэй, үзэл бодол нь чухал бол түүнийгээ хамгаалж, үзэл бо­дол руу нь дайрсан хүнтэй шөргөө­цөлдөх хэрэгтэй байхгүй юу.

Харин бид хоёрын хувьд уг нь рингэнд гараад зодолд­чихвол амар л байна. Намайг муулж дуул­лаа. Би очоод түүнийг цохиод л авна. Энэ бол байдаг л асуудал. Тэрний дараа яах вэ. Дуулсан дуу нь явсаар л байх болно. Тийм болохоор түүний эсрэг дуу хийж хамгаалахаас өөр арга байхгүй.

Та хоёрын хэн нь анх ингэж дуугаар шөргөөцөл­дөх алхмыг тавьсан юмЯагаадюунаас болоод ингэв?

-Мань эр өөрөө ч мэдэж байгаа даа. Өөрөөс нь л эхэлсэн. “Van­quish” хамтла­гийн­хантай “Гайгүй хүүхдүүд байна” гээд нөхөрлөе гэж бодсон, хийсэн. Тэр үед “Hood” гэж дуу хийсэн. Тэгэхэд Цэцээ буюу Цэцэнбилэг гэж хүн байгаагүй. Цэцэнбилэг гэж хүнийг тэгэхэд танихгүй байсан. Гэтэл гэв гэнэт нэг хүн гарч ирээд “Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд бай­гаа юм” гээд эхлэ­хээр нь би гайхаад “Vanguish”-ийнхнаас тухайн үед асууж байсан. Танай хамтлагт чинь Цэцэнбилэг гэж байдаг юм уу гэсэн чинь “Байдаг. Америкт амьдардаг юм” гэхээр нь “Энэ чинь намайг дуулаад байна ш дээ” гэсэн чинь “Өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би тухайн үед тэгээд орхисон. Тиймэр­хүү насны саваагүйт­дэг хүүхэд байдаг шүү дээ. Саваагүйтэж л байгаа юм байлгүй дээ гээд хаячих­сан. Тэгсэн чинь мань эр бүтэн жил дуулсан ш дээ, намайг. Маш олон дуун дээр миний нэрийг хэлсэн байдаг. Би тэсээгүй, сүүл рүүгээ. Өт хүр­тэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвч­сэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Намайг ингэж байгаа бол чи өөрөө ийм байна шүү. “Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуг­луулдаг мөн­гөөрөө ая хийлгээч ээ” гэж сайн санааны үүднээс зөвлө­гөө өгсөн. Түүний үнэт зүйл юу байсныг мэдэхгүй. Харин миний хувьд үзэл бодлоо хамгаалах байсан. Бас гэр хорооллынх гэдэг ялгавар үзлийг хүмүүсийн дунд бит­гий гаргаасай гэж хүссэн. Яагаад гэвэл бид адилхан монгол­чууд. Адилхан хүмүүс. Бид хэн нэгнээ өссөн орчин, үзэл бодлоор нь ялгаварлана гэдэг бол үнэхээр тэнэг асуу­дал байхгүй юу. Бид нар энд байгаа гадаадынхныг яаж ч чадахгүй байж хоорондоо маш их тэрсэлддэг. Тэрийгээ болих хэрэгтэй.

Би гэр хороололд өссөн. Над­тай адилхан гэр хороо­лолд өссөн өчнөөн залуусын эрхэнд нь энэ хүн бөгөөд түүний цаана байгаа сонсог­чид нь битгий халдаасай гэж боддог ш дээ.

Та дуунууддаа хараалэтгээд үг их оруулдагЭнэ нь эцэг эхчүүдийн зүгээсээ эсэр­гүүцэлтэй тулгардаг бол хүүхэдзалуусын хувьд өөр байх шиг байдаг юм?

-Тэр чинь ийм юм. Хип хоп дуунд зуун үг байлаа гэж бодъё. Зүгээр жишээ. Хип хоп дуунд бол үүнээс ч их үг ордог. Тэр зуун үгийн тав нь хараал байдаг. Тэгэхээр хүмүүс, ялангуяа эцэг эхчүүд нь хүүх­дүү­дээсээ сонсгол муутай байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр таван үгийг хаяад 95 үгийг нь сонсоод утгыг нь ойлгож чадаад бай­на. Гэтэл эцэг эхчүүд 95 үгийг нь сонсохгүй таван үгийг нь сонсдог. Тэгэхээр тэр хүн тэгж бодохоос яахав.

Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш. Монголд бүгдээрээ л хараал хэлдэг. Надад энэ хараалыг хэн зааж өгсөн юм бэ. Миний орчин тойрон, нийгэм чинь зааж өгсөн. Тэгвэл энэ нийг­мийн зааж өгсөн хараалыг бид нийгмийн буруу зүйлийг хэлэхдээ буцаагаад өөрт нь хэлж байгаа юм. Түүнээс биш би хүүхдүүдэд муу юм заагаа­гүй. Бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулдаг. За яах вэ, би муу хүн. Хараал зааж байна гэж бодъё. Ингэх нь муу үзэл суртал юм байна л даа. Тэгэхээр зурагтаар дотуур хувцастайгаа дуулаад бай­гаа охид урлаг юм уу. Тэд нар зөв юм заагаад байгаа юм байна л даа, тэгж л ойлгоё доо.

Таны дуунд нэр нь хав­чуу­­лагдсан хүмүүсялан­гуяа улс­төрчдөөс дарамт үзүүлдэг үү?

-Тийм том хүмүүсийн зураг хөргийг нь оруулсан клип байхгүй. Үг хэлээрээ хэлсэн дуунууд байгаа. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс л утас­даад байдаг юм.

Юу гэж утасдах уу?

-Ална л гэдэг. Амьд явж л байна. Үхтлээ үгээ хэлнэ.

-Gee гэдэг нэрээ тайл­бар­­лавал?

-Энэ чинь нэр биш хоч. Миний нэр бол Мөнх-Эрдэнэ. Найзууд маань намайг Gee гэж дууддаг байсан. Хоч маань явсаар нэр шиг болчи­хож.

Таныг Монгол реппер гэдэг билүү?

-“Монгол реппер” гэдэг дуунаас минь л болсон байх. Зүгээр л реппер. Монгол репперийг би үүсгэсэн юм биш шүү. Надаас өмнө 1995 онд “Дайн ба энх” хамтлаг Монгол репперийг үүсгэсэн. Би үргэлжлэлийнх нь өчүүхэн хэсэг.

Хип хопчид хоорондоо хэр эв найрамдалтайхол­боотой бай­даг юм бэ?

-Харьцаатай байлгүй яахав. “Дайн ба энх” манай “Click click boom” бүлэг хам­тар­сан дуун дээр ажиллаж байна. Байнга харилцаа­тай байдаг. Бид өмнө нь юм хийж байсан хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Яагаад гэвэл тэд­ний суурин дээр бид хөдөлж байгаа.

Гэтэл ингэдэггүй хүмүүс байдаг. Би шинээр юм гаргаж ирлээ. Би л, би л гэж юм бүхний анхдагч байх гэж үздэг. Монголд анхны юм гэж арай хэтэрлээ. Хүн болгон анхных гэнэ. Монголд анхны юм хийе гэвэл амархан. Би ийм нэг дуу хийж байна. “Хүн болгон Монголд анх­ных байх гэж ядаж байна. Тэгвэл би Монголд хамгийн анхны, хам­гийн урт нэртэй дуу хийчих­лээ” гэж байгаа юм.

Телевизийн шоунаас гарч ирж байгаа найман охинтой нэг хамтлаг байна аа. Ярьж байгааг нь сонс­лоо. “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг” гэсэн. Ёо, ёо. “Бид Монголын анхны бүжиг­лэдэг охид” гэж байгаа юм. Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Ингэж арай болохгүй. Зарим нэг хүн өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн нэр томъёог нь хараа­хан өгөөгүй байсан урсгалыг нээгээд байна ш дээ. Тэд нар бол ичих л хэрэгтэй. Ичиг ичиг гэдэг шиг, тийм үү?

Та сэтгүүлч мэргэ­жил­тэйМэргэжлээрээ ажилла­сан уу?

-Радио, телевизийн дээд сур­гуу­лийг 2005 онд төгссөн. Мэргэж­лээрээ л ажиллаж байна гэж бод­дог ш дээ, уг нь.

Чи эх орондоо юм хийе гэж бодож байгаа бол өөрийн­­хөө амьдралаа хэ­нээс ч хараат бусаар аваад явчих. Тэр чинь чиний эх орондоо хийж байгаа хам­гийн том зүйл. Яагаад гэвэл татвараа төлнө. Чиний тат­вараар улс хөгжинө. Тэгээд чи улсаас буцаагаад татаас авахгүйгээр сайхан амьдар­чих гэж би зарим залуучууд, найзууддаа хэлдэг. Би ингэж боддог юм. Гэхдээ төлж бай­гаа татварыг нь дээрээс нь хусаад байвал хэцүү л дээ. Хэн нэг нь тэндээс нь гүзээ­лээд байвал хэцүү.

Та цаасан дээр үгээ буул­гаад уншигчдадаа хүргэж байна. Тэрэн­тэй адил би дуугаар үгээ сонсогч­додоо хүргэж байна. Таны бичсэн мэдээллийг хүн уншаад нэгийг ойлгоно. Миний дуу­нуу­даас миний сонсогч нэгийг ойлгож байгаа. Тэгэхээр нь энэ чинь сэтгүүлчийн ажил. Сэтгүүлчийн ажлыг янз бүрийн хэлбэрээр хийж бол­но. Ямарваа зүйлийг хайрц­ганд барих нь явцуу.

Таныг хэдий дуундаа этгээд үг ихээр хэрэглэдэг ч үзэл бод­лоо өөрийн гэсэн арга барилаар илэрхийлж байназоригтой бай­на гэж магтах хүмүүс байдаг юм билээ?

-Янз бүрийн насны янз бүрийн хүмүүсийн дунд надад дуртай нь ч байгаа, дургүй нь ч байгаа. Дүртай ч бай, дургүй ч бай бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Үзэн ядсан ч бай, хайрла­сан ч бай тэр хүмүүсийн хүчээр л би өдий зэрэгтэй яваа. Баярлалаа.

Урлагийн олон төрөл дун­даас хип хопыг сонгох болсон тань юутай холбоот­ой вэ?

-Болж байгаа бүх юм нөлөөл­­сөн. Гэхдээ гэр бүл биш. Гэр бүлээ энэ бүхэнд хутгамааргүй. Би гэр бүлдээ аль болох жаргалтай бай­хыг боддог. Айлын охиныг жар­гаана гэж авч суудаг биз дээ. Би эхнэрээ, охиноо жаргал­тай байл­гахын төлөө бухим­дал­тай асууд­лаа гэртээ очоод гаргахыг хүсдэг­гүй. Гаргахгүйг хичээдэг. Зарим­даа тэсдэггүй. Яах вэ, болох юм болд­гоороо болно биз. Ямар ч байсан өөрийнхөө бодож буй зарчмыг дагаад явбал болох байх.

Бид зүгээр энэ нийгмээ харъя л даа. Тэнгэрийн хаяа харагдахаа болилоо. Утаа­наас болж. Сайхан уудам талд тэнгэрийн хаяаг хараад гэдэг үгтэй шүлэг, яруу найраг байдаг биз дээ. Тийм шүлэг, яруу найргийг одооны хүүх­дүүд уншаад ойлгохгүй. Тэн­гэрийн хаяа гэж хаана байдаг юм бэ, тэр утааг хэлээд байна уу гэнэ. Уудамдаа биш утаа­наас болоод тэнгэрийн хаяа харагдахаа больсоон гэж. Асуудал зөндөө байна аа.

Таны олон фенээс “Gee эх орончМонголоо гэсэн сэтгэл­тэй” гэх үгийг сонс­сон юм байна?

-Монгол гэдэг бол оюун санаа­ны асуудал. Би хэдий Монголын реппер гэгддэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй. Монгол гэхээр л дээлээ өмсөх ёстой гэж хүмүүс ярьдаг. Надаас нэг сэтгүүлч “Та Мон­гол реппер гэчихээд яагаад зурагт хуудас дээр чинь бууны зураг байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгээд нум сумны зураг тавих юм уу” гэж зөрүүлж асуусан.

Бид дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж явах ёстой. Гэхдээ дээл гэдэг соёлыг мартаж болохгүй нь үнэн үү гэвэл үнэн. Мартаж болох­гүй боловч хэтрүүлж болохгүй. Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэг­тэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ ца­гаан сараар өмсөнө. Наад­маар бас нэг дээл өмсчихдөг.

Зарим нэг санаа надад таалагд­даг. УИХ-ын гишүүд, эрхэм сайдууд гадаад руу явахдаа монгол дээлээ өмсч бай. Арабууд үндэсний хув­цас­тайгаа явж байдаг. Энэт­хэгчүүд сайри­тай­­гаа ирлээ. Монголчууд дээлтэйгээ явна гэдэг чинь боломжийн. Гэртээ ирээд солиод өмсчихнө биз. Үүнийг би дэмждэг. Харин хэтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл энэ үе чинь орчин үе учраас.

Та одоо ямар томоохон уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би чинь угаасаа том юман дээр ажиллаж үзээгүй ш дээ. Яагаад гэвэл хийсэн юмнууд маань эргээд хара­хад жижигхэн байсан. Одоо бүлгээрээ “Click click boom”-ынх­наа цомгон дээр ажиллаж байна. Соло дуунуудаа түр хойшлуулчи­хаад байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Улаанбаатарынхаа гоё талыг олж хардаг болъё DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Хайлтын томоохон сайтууд руу ороод Улаанбаатар хоттой холбоотой мэдээлэл хайхаар утаатай, гудамжны архичидтай, хог новшоор дүүрсэн гуу жалга, машины түгжрэлтэй тиймэрхүү ёозгүй зурагтай мэдээлэл гарч ирэх юм.

Аливаа хот сайнтай, муутайгаа л зэрэгцэн хөгждөг. Бид хэдий болтол улсынхаа нийслэлийг ингэж буруу талаас нь хар бараан өнцгөөс нь дэлхий нийтэд сурталчилж, өөрсдийгөө нэг муу арчаагүй улс гэж танилцуулж байх вэ дээ.

Дэлхийд алдартай Лас Вегас, Парис, Вашингтон, Москва, Шанхай, Нью-Йорк зэрэг хотуудад архичин, тамхичин, янханууд хаа сайгүй л хөлхөж, замын түгжрэл, уур бухимдал хулгай зэлгий, дээрэм тонуултайгаа олон арван жилийг үдсээр л байгаа. Тэглээ гээд эдгээр улсууд өөрсдийнхөө тэр талыг нийтэд гаргаад байдаггүй. Иймэрхүү сэдвээ хөндөхдөө гаднынханд харуулалгүй тэрүүхэн тэндээ шийдчихдэг. Бид АНУ-д гуч, дөчин сая ядуус байдаг. Тэд газар дор, үерийн ус зайлуулах хоолойд орогнодгийг саяхныг болтол мэдээгүй л байсан шүү дээ.

Та Лас Вегас хотын тухай мэдээлэл хайвал гэрлэн чимэглэлээр чимсэн байшин барилга, зугаа цэнгээнээр жаргаж байгаа аз жаргалтай хүмүүсийн инээмсэглэл, дуулж хуурдаж бүжсэн гоо бүсгүйчүүдийн зурагтай сайхан мэдээллийг түрүүлж олж харах болно.

Бээжин хот өвөл зунгүй агаарын бохирдолтой тэмцэж, зарим үед амьсгалахад бэрх байдаг ч уг хотын иргэд утаан дунд зовж тарчилж байгаа дүр зургийг төдийлөн олж харахгүй л байх.

Үүнтэй адил бид Улаанбаатар хотынхоо тухай аль болох сайн сайхан мэдээлэл, гоё зураглалтай фото сурвалжлагыг мэдээллийн орчинд түлхүү оруулж баймаар юм.

Үгүй ядаж гэрэл зурагчид, фото нийтлэлчдийн дунд Улаанбаатар хотоо хамгийн сайхнаар харуулсан, өгүүлсэн гэрэл зургийн уралдааныг тогтмол явуулж, шалгарсан бүтээлийг томоохон сайтуудад байршуулах хэрэгтэй юм. “Улаанбаатарын өвөл”, хавар, зун, намар гээд л ямар нэг сэдэв өгөөд иймэрхүү уралдааныг нийтийн дунд ч зарлаж болох.

Манай Улаанбаатар хотод чинь хүний нүдийг хужирлах гоё барилга, байгууламж, түүхэн дурсгалт газрууд олон бий шүү дээ. Сүүлийн үед компаниуд сонин сайхан шийдэл, архитектуртай барилга байгууламж барихыг чухалчилдаг болсон. Тэр бүгдийг оруулсан ганган сайхан зургийг яаж бол яаж авч болно.

Дэлхийд ганцхан байдаг наадам манайд бий. Наадмын үеэр шинэ дээл, хуушуур, хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваач, Төв цэнгэлдэхэд болдог наадмын нээлтийн ажиллагаа гээд зөндөө олон сайхан, гэгээлэг зүйл бий. Тэр бүгдийгээ бас л сайхан гаргах хэрэгтэй. Яахав наадмын үеэрх замын түгжрэл, тоос шороог ядаж нэг удаа ч болов орхиод гоё талыг нь гаргая л даа.

Нэг зуныг Улаанбаатараа гоё талаас нь харуулж, дэлхийд сурталчилан өнгөрүүлбэл болохгүй гэх хүн гарахгүй л болов уу.

Categories
нийгэм цаг-үе

Э.Нямхишиг: Ямар ч төрлийн харшлыг эмчлэх эхний алхам бол зөв хооллож, хангалттай амарч дархлаагаа тогтворжуулах юм DNN.mn

Уламжлалтын эмчилгээний “Наран М” клиникийн их эмч Э.Нямхишигтэй ярилцлаа.


-Амралт зугаалгын цаг ид үргэлжилж байна. Зуны дэлгэр цагт хөдөө агаарт гарах нь эрүүл мэндэд ямар ашиг тус үзүүлдэг вэ?

-Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Харин эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар юм. Хүн хоол ундгүйгээр хэдэн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдхэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээ, өвлийн улиралд мах хэрэглэж ирсэн нь тохирсон зөв хооллолт байжээ. Зуны дэлгэр цагт нарнаас D амин дэмээ авч, сүү сүүн бүтээгдэхүүнээс ашигтай бактери болон дархлаагаа авах хэрэгтэй. Мөн уушгиа цэвэрлэн ууланд алхах, рашаан сувилалд явах зэргээр алдагдсан эрч хүчээ нөхөх, стресс бухимдал аливаа өвчлөлөөс сэргийлэх давхар ач холбогдолтой байдаг.

-Хөдөө гадаа явдаггүй, хотоос, байрнаасаа гардаггүй хүмүүс бий. Байр, байшинд удаан амьдарсан, салхинд гардаггүй хүмүүст зонхилон ямар өвчин зовиур илэрдэг вэ?

-Агаар салхинд гардаггүй хүмүүс ихэнх тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдал, таргалалт, бодисын солилцооны алдагдал, мөн D витаминаа хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Үүнээс улбаалан дийлэнхдээ рахит, дархлаа муудах, амархан сульдах, ядрах, ханиад амархан хүрэх, толгой өвдөх гэх мэт өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Нэмэлтээр амин дэм ууж хэрэглэж болох ч бие сэтгэл холбоотой учраас хэдий хангалттай хэмжээний амин дэм авсан ч сэтгэл зүйн хямрал, гутрал зэрэгт өртөх магадлалтай. Хүмүүс бид байгаль харж тайвширлыг мэдэрч, байгалийн эрчмээс өөрийгөө цэнэглэдэг. Тийм учраас зөвхөн эм бэлдмэлээр өөрийгөө эрүүл байлгана гэвэл өрөөсгөл болно. Сэтгэл зүйн эрүүл мэндээ ч орхигдуулахгүй байх хэрэгтэй.

-Замд гарахаар машинд явж чаддаггүй, хөдөө очихоор тух алдаад унтаж, бие засаж чаддаггүй хүмүүс хүртэл байдаг юм билээ. Ийм хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Хүн бүрийн онцлог өөр. Өөрийнхөө онцлогийг бүрэн дүүрэн ойлгосон хүн аялалд явахдаа эртнээс төлөвлөж, шаардлагатай зүйлсээ санаа зовох зүйлгүй авчихсан байдаг. Гэхдээ өөрийнхөө тав тухыг алдагдуулахгүйгээр аялах, зугаалах олон шийдлүүд бий болсон нь аяллыг илүү хөнгөвчилсөн. Мөн машинд явж байхдаа өөрийгөө сатааруулан кино үзэх, найз нөхөдтэйгөө ярилцах, тоглох зэргээр аяллыг сайхан болгох тал дээр төвлөр. Хэрэв хөдөө аялах талаар сөрөг бодлууддаа ач холбогдол өгөөд байвал аялал нь ч бас тийм л байна.

-Манай орон эрс тэс уур амьсгалтай. Зуны улирал нь богино. Тэр утгаараа зуныг монголчуудын эрүүл мэндээ тордох, арчлах, сувилах улирал гэж ойлгож болох юм?

-Зун, намар бол өвөл, хаварт бэлдэх чухал улирлууд бөгөөд хүний бие өвлийн улиралд дулаанаа эрчимтэй алдахаас гадна маш их энерги зарцуулж байдаг. Орчны бохирдол болон түгжрэлээс үүдсэн стресс гэх мэт зүйлсээс болж бие махбод маш их ядардаг. Зуны улиралд хоол боловсруулах эрхтэн тогтолцоог амраахаас гадна бие махбодыг цэвэрлэж эрүүлжүүлэх, байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм. Мөн хүүхдээ элсэн дээр тоглуулах, айраг болон шар сүүнд оруулахад тайвширч, арьсны харшил загатнаа нь багасч, цусан хангамж нь сайжирч, арьсанд нь тэжээл өгдөг ашиг тустай.

-Хур бороо, үер ихтэй үед хүмүүс юунд анхаарах ёстой вэ?

-Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр. Бохирдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдардаг. Тухайлбал, цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян гурван сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үрждэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, салмонолез, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг.

-Харшилтай хүмүүсийн зовиур эхэлж байх шиг байна. Уламжлалт анагаах ухаанд харшлыг хэрхэн эмчилж эдгээдэг вэ?

-Ходоодны галын илч буюу шингээгч шар, гал тэгшитгэгч хий, ялзлагч бадганы үйл ажиллагаа доройтсоноос болоод тунгалаг цөвийн ялгаралт буруудаж муу шар ус үүсч харшлын шалтгаан болдог гэж үздэг. Ямар ч төрлийн харшлыг эмчлэх эхний алхам зөв хооллож, ходоод цөсөө угаах, хангалттай амарч дархлаагаа тогтворжуулах юм. Бие организмд явагдаж байгаа дархлааны хэт мэдрэг байдлыг зүгшрүүлэхэд тохирсон тан, зүү, хануур эмчилгээг эмчийн заавраар хийлгэнэ. Ихэнх эм тарианууд шинж тэмдгийг дарах үйлдэлтэй боловч удаан хэрэглэх тусам хүндэрч байдаг. Тиймээс харшилтай хүмүүс хаврын улиралд хамгийн түрүүнд ходоодоо ядаж нэг удаа Жамц4 тантай угаалга хийлгэж, харшлын урьдал эм, хануур засал хийлгэвэл зохистой. Эм, засал болон туулга заслыг заавал мэргэжлийн эмчид үзүүлж, хяналтан дор хийлгэвэл зохилтой. Ямар ч төрлийн туулга заслын урьдаар хэвлийн эхо хийлгэсэн байвал хүндрэлээс сэргийлнэ. Мөн заслын өмнөх бэлтгэл болон сүүлийг хураах гэж зүйл байдаг тул гэрээр болон дур мэдэн эмчилгээ хийх нь зохисгүй юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг байдгийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү DNN.mn

АН эмхэндээ орж, дотоод хямралаа даван туулаад дуусч байх шиг байна. Үүнийг АН-ын гишүүд, тус намын олон зуун мянган дэмжигчид төдийгүй нийт ард түмэн тайван харж, хүлээж байжээ. 2024 оны сонгуулийн өмнө Ардчилсан хүчин сэргэж, улс төрд дахин хөдөлж эхэлснийг олон улс ч ажиглаж, иргэд, сонгогчдын боловсрол дээшилбэл ирэх оны сонгуулийн дүн цэнхэртэх магадлалтайг ярьцгааж байна. Учир нь 2020 оны сонгуульд тактикийн зарим алдаа гаргаагүй бол, эрх баригчдад луйвардуулаагүй бол хавьцаа үзэх боломж байсан. Үүнээс нь харвал АН-ын дахин сэргэлт нийгэм, эдийн засаг, олон улсад хүлээлт үүсгэж байжээ гэж харж болох нь.

Аливаа зүйлд, ялангуяа улс төрд залгамж чанар их чухал байдаг. Өөр нам ялж гарч ирлээ ч өмнөх жилүүдэд эрх барьж байсан намын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь улс эх орны ирээдүй, хөгжилд маш чухал байдаг. Ийм залгамж чанарыг ард түмэн улстөрчид, улс төрийн хүчнүүдээс шаарддаг. АН-ын залуус, шинэ дарга нарынх нь амнаас “Бид юм хийх гэхээр экс тэр даргаас жаахан айгаад байна” эсвэл “Экс дарга дургүйцээд байна” гэх утгатай юм их ярих юм. Энэ бол залгамж чанар огтоосоо биш шүү, АН-ынхаан. Хэн нэгний халаас, барьцаанд орсон соосог, живхтэй нялхсын хэлдэг үгс, юу хийхээ мэдэхгүй байгаа хүний өөрийгөө өмгөөлсөн шахам өгүүлбэрүүд шүү.

Дотор гадна шалтгаан, зориуд хутган үймүүлж дотроос нь хүчгүйдүүлж, талцуулж Ардчилсан намыг алга болгох үйл ажиллагаа 2016 оноос хүчтэй явагдлаа. Монгол Улс бол Ардчилсан орон. Азийн ардчиллын баянбүрд гэгддэг Монгол Улсад Ардчилсан хүчин, Ардчилсан нам байна гэдэг геополитикийн талаасаа ч олон улсын асар том агуулгатай. Ардчилсан намыг нухчин дарах гэсэн оролдлого үе шаттайгаар өрнөж, хооронд нь хэрэлдүүлж хүчийг нь тарамдуулсны үр дагаварт 2020 оны сонгуулиар АН-ыг гаргаж ирсэнгүй. Бүгд үүнийг харсан, ойлгосон. Эрх баригчдын гарт бараг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд дуугүй захирагдаж, АН, АН-ын хэдэн гишүүдийг зориуд харлуулсан мэдээ мэдээлэл илт явдаг. Ийм үед АН-ын шинэ дарга нар харин ч зоригтой байж, тэр бүгдийг сөрөн зогсох ёстой. Хүч тэнцвэргүй тулаан мэт харагдавч нийт ард түмний бодол эргэж, ирэх сонгуулиар өөр нам, өөр хүмүүс, тэр дундаа АН-аар төр бариулах цаг нь болсон гэлцэж байна. Тэр дарга маань, тийм хуучин дарга минь гэж айж хулчийж, намс намсхийхийн оронд зоригтой, шийдмэг хөдөлж, улс төрийн том алхам, өөрчлөлт хий. Хэрвээ хуучин дарга нарынхаа сүүдрээс гаралгүй, суга хавьцаа нь зогсоод тэдний замаар явна гэвэл одоо байгаа улны нам хэвээрээ л хоцорно шүү. Энэ системийг өөрчил, бүтэхгүй, болохгүй байгаа юмсыг эмхэлж цэгцэл, ардчиллын үнэт зүйлсээ хамгаал гэж олон мянган гишүүд чинь итгэл хүлээлгэж гаргаж ирсэн болохоос биш наад намаа консервлаад устгаад алга болго гэж лав сонгоогүй байх шүү.

Хуучин дарга нарынхаа нөлөөллөөс ангид, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахад та бүхэнд Ардчилсан нам гэж маш том бэлгэ тэмдэг, сүр хүч байна. “Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэж үг бийг АН-ын одоогийн дарга нар мэдэх үү. Хэдийгээр АН сүүлийн жилүүдэд өөдөө нар үзээгүй ч Ардчилсан нам гэх сүр хүч нь хэвээрээ байгаа. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэх нь ч бий. АН хэн нэг дарга, хүний үг, аясаар хөдлөөд, гар далайхад нь ганхаад байхааргүй маш сайн суурьтай, үнэт зүйлстэй. Монголын ард түмний эрх, эрх чөлөөнд тэмүүлсэн халуун амьсгал дунд бойжиж гарч ирсэн том хүчин. Цаг үеийн захиалгаар өөрөө бүрэлдсэн нэгдэл. Энэ их хүчийг та бүгд мартаад байх шиг байна. Хүчгүй, сул дорой нэгнийг хэн ч тоодоггүй. Харин асар их эрч хүч, нөлөөлөлтэй, ард түмэн нэр хүндтэй хүнийг бусад нь дарж авах гэдэг нь хүн гээч төрлийн араатанлаг тал нь. Яг л ийм өнцгөөс АН-ыг улс төрийн тавцангаас зайлуулах гэж олон жил үзээд дийлсэнгүй. Яагаад вэ гэвэл АН хэдийгээр эрх барих хэмжээнд гарч ирж чадахгүй, боломжоо хулгайлуулж байгаа ч үзэл баримтлал, чиг шугам нь нийт хүн төрөлхтний явж буй шударга ёсны замтай нийлдэг учир хэзээ ч сүр цогоо алдахгүй, үргэлж хүчтэй байх болно.

АН-ын одоогийн дарга нар төлөвлөгөө, зорилго, зорилтоо тууштай хэрэгжүүлэхийн тулд зарим экс дарга нараа замаасаа холдуулж, шинэ үзэл баримтлалаа хамгаалж, дархлаагаа сайжруулах хэрэгтэй байна. Дайсан хол биш дэргэд байдаг гэгчээр нам доторх ардчиллаа

сэргээж, намын хөлд тушаа болж буй элэрсэн, баларсан хүмүүсээсээ намаа цэвэрлэ. Нам болон экс дарга нараа жингийн таваг дээр тавиад үз. Наад хуучин дарга нар чинь хэн ч биш, юу ч биш болсон. Үнэн царайг нь сонгогчид, гишүүд, дэмжигчид нь хангалттай харсан. Улиг болсон хүмүүсийн үгийг тоолгүй зоригтой алх. Ардчилсан Монголд АН-ын орон зай үгүйлэгдэж байсан. Тэр орон зайгаа нөх. Ардчиллыг бөхөөх, мөхөөх гэж хичээж байгаа, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа үйлдлүүд дээр байр сууриа зоригтой илэрхийл.

Нэг нам тасралтгүйгээр Монголын төрд ноёлж байна. 2012-2016 онд л АН-ынхан зоригтойгоор бүтээн байгуулалт хийж, эдийн засаг үсрэнгүй хөгжиж эхэлж байжээ. Тэр үед нийслэл минь нийслэл шиг, улс минь улс шиг хөгжиж, үйлдвэр, компани олноор нээгдэж, эдийн засаг тэлж байжээ, тэгэхэд бүгд ажилтай байсан бол одоо тэтгэмж, халамжийнхан болж дээ бид гэж ард түмэн харамсан дуугарч байна. Ард түмэн одоогийн эрх баригчдад дүнгээ тавиад эхэлчихлээ. Ямар хүмүүст саналаа өгч толгой дээрээ гаргачихсан байснаа ясандаа тултал мэдэрч “Ирэх жилийн сонгуулиар та нарыг дээ” гэж шүд зууцгааж байна.

Салхи эргэж буй энэ үед та бүхэн экс дарга нарынхаа нөлөөнөөс хурдан ангижирч, хараат бусаар ажиллавал ард түмэн чинь итгэл хүлээлгэж, эх орныхоо ирээдүйг даатгах цаг нь хаяанд ирлээ, АН-ынхаан. Аливаа задралын шалтгаан ямагт дотроос эхтэй байдаг. Дотоодын хямралын шалтгаан, эздийг та нар өөрсдөө мэдсэн учир одоо тэдний үгийг хэрэгсээд юу хийх вэ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баярсайхан: Урлагийн авьяас хэзээ ч уусч алга болдоггүй DNN.mn

“Дуу хөгжмийн Баяраа багш” гэхээр Төв аймгийнхан, Зуунмод сумынхан түүнийг андахгүй. Дуу хөгжимд, бүжигт дуртай, авьяастай хэн боловч Баярсайхан багшийн удирдлага дор дөр сууж урлагийн том тайз руу хөтлүүлдэг. Аймгийн төв дээр болдог урлаг соёлын бүхий л арга хэмжээний тайзны ард энэ л багш олон жил ажиллаж шавь нараа их урлагт хөтөлсөн гавьяатай нэгэн. Урлаг, дуу хөгжим, бүжигт бүхий л насаа зориулж яваа тэрбээр одоо ч олон нийтийн дунд урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хөтөлж, найруулдаг. Дуу хөгжмийн багш Жамъянсамбуугийн Баярсайхантай ярилцлаа.

-Та ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?

-1980 онд цэргээс халагдаж ирээд аймгийн Соёлын ордонд дагалдан бүжигчнээр ажлын гараагаа эхэлж байлаа. Урлаг соёлын сургууль төгсөлгүйцэргээс халагдаад л шууд Соёлын ордон руу шилжиж билээ.

-Урлагийн авьяас бол ихэнхдээ өвлөгдөж ирдэг. Таны удамд дуу хөгжмийн авьяастай, дуу хууртай хүмүүс байсан нь тодорхой. Ер нь урлагтай амьдралаа холбоход тань юу ихээр нөлөөлсөн байдаг юм бол оо?

-Минийээж дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг хүн байсан. “Бөмбөгөр ногоон” театрт тэр үеийн жүжигчидтэй, Цэнд комиссарт тоглож дуулж, бүжиглэж явсан гэдэг юм. Ээжийн минь тэр авьяас надад өвлөгдөн ирж соёл урлагтайамьдралаа холбоход нөлөөлсөн гэж бодож явдаг даа.

-Хүүхэд бүр багадаа дуучин, бүжигчин байдаг. Цэцэрлэг, сургуульд байхдаа дуулж, бүжиглэдэг байсан хүүхдүүд том болоод өөр мэргэжил эзэмшлээ ч урлагийн хүн хэвээрээ үлддэг юм уу даа гэж анзаарагддаг юм?

-Дуулдаггүй, бүжиглэдэггүйхүүхэд гэж байдаггүй. Том болоод сургууль соёл төгсөөд өөр мэргэжил эзэмшсэн байлаа ч гэсэн авьяас нь уусч алга болно гэж байхгүй. Соёл урлагт дуртай, гоо зүйн мэдрэмжтэй, урлагийн авьяастан хэвээрээ л цааш явдаг.

8Òүрүүч íü I í¿¿ðò8

-Урлаг, дуу, хөгжимд ойр өссөн, урлагаар хүмүүжсэн хүмүүс бусдаас арай л өөр байгаад байдаг шүү?

-Дуу, хөгжим, бүжиг урлагийн амьдралд ойр өсч торнисон хүүхэд өрөвч, зөөлөн хүнлэг ариун сэтгэлтэй, шударга, тусч зан чанартай болж өсдөг. Нийгмийн сөрөг хүчин зүйлтэй эвлэрдэггүй, оюунлаг, соёлч боловсон хүн болон төлөвшдөг гэж боддог юм.

-Дуугаар, бүжгээр хүүхдийн хүмүүжлийг, сэтгэл зүйг, ааш авирыг засдаг гэж сонсож л байсан. Танд ийм сонирхолтой үүх түүх, жишээ олон л байгаа байх даа?

-Дуу, хөгжим, бүжиг бол угаасаа хүүхдүүдийн оюун санаа ухаанд нь асар их үзэл суртал хүмүүжлийн хувь нэмэр оруулдаг зүйл л дээ. Сүүлийн үеийн янз бүрийн урлагийн гаж буруу урсгал Монголд орж ирж, түүнийг дэмжин дэлгэрүүлснээс болж хүүхдүүдийн хүмүүжилд маш муухайгаар нөлөөлж байна. Ганцхан жишээ хэлэхэд хип хоп гээд ёстой урлаг соёл уран сайхныг яргалж тарааж байгааг хараад үнэндээ сэтгэл эмзэглэж харамсаж явдаг даа.

-Гоц гойд хоолой, сонсголтой, бусдаас өөр, төрмөл авьяастай сурагч тантай үе үед таарч л байсан байх. Олон сайн шавь төрүүлсэн гэж таныг ярилцдаг юм билээ. МУГЖ Г.Ариунбаатарыг таны шавь гэж сонссон?

-Дуу хөгжмийн багш бол хүүхдүүдийн авьяасыг нээж хөгжүүлэх цаашдаа урлагийн их зам руу явах үүд хаалгыг нь нээж өгдөг чиглүүлэгчид нь шүү дээ. Багш бол тэр хүүхдийн авьяас билгийн анхан шатны суурийг нь тавьж өгдөг. Хүүхдүүд өөрсдөө цаашаа үргэлжлүүлээд мэргэжлийн сургуульд орж, мэргэжлийн багш нараар хичээл сургуулиа заалгаад суралцаад явдаг. Хүүхдүүдийг тэр нь сайн, энэ нь сайн гэж дүгнэж цэгнэх боломжгүй. Гагцхүү тэр хүүхэд хэр авьяастай, уран чадвартай байх вэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаална. Өөрт нэг хувийн авьяас байгаа бол 99 хувийг нь өөрөө уйгагүй хөдөлмөрлөж ажиллаж байж, уран бүтээл хийж байж олж авдаг. Багшилж байхдаа олон сайхан шавьтайгаа олон олон уралдаан тэмцээнүүд, урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцож байлаа. Уртын дуучин Н.Нансалмаа, уртын дуучин Б.Алтанжаргал, Uni­verse best songs – 2013 оны уралдааны шилдэг оролцогч дуучин Б.Эрдэнэбаяр, Бүх цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин н.Түвшинжаргал, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Н.Цэндбаяр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаран, МУГЖ дуучин Г.Ариунбаатар гээд шавь нар маань улс эх орныхоо болон дэлхийн тайзнаа уран бүтээлүүдээ туурвиж яваад багш хүний хувьд баярлаж явдаг даа.

Шавь нараас маань театр чуулгуудад бүжигчин бүжгийн багшаар ажиллаж байгаа нь ч бий. Бүжгийн багш Л.Алтанчимэг , Б.Батсайхан, Д.Отгонтунгалаг, Б.Баярмаа гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа шавь нар байна.

1990 онд Аймгийн Хүүхэд Залуучуудын Соёлын төвд ажиллаж байхдаа цэнгээнт бүжгийн “Хүслийн жигүүр” хамтлагийг байгуулж, 1990 оны 12 дугаар сарын 05-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордноос зарласан Латин Америкийн Ламбада бүжгийн улсын анхдугаар уралдаанд “Хүслийн жигүүр” хамтлагаа оролцуулан Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын бүжгийн хамтлагууд болон Дархан, Эрдэнэт хотын нийт 44 хамтлагуудас тавдугаар байр эзэлж байлаа. “Хүслийн жигүүр” хамтлаг маань 1990 оноос хойшхи хугацаанд өнөөдрийг хүртэл “Хүслийн жигүүр” 1, 2, 3, 4, 5, 6, 7 хамтлаг болон өргөжин тэлсээр улс аймгуудын чанартай уралдаан тэмцээнүүдэд байнгын дээгүүр байрт шалгаран амжилттай оролцсоор явна.

-Та энэ салбарт нийт хэдэн жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан бэ?

-1980 оноос 2018 он хүртэл соёл урлаг, боловсролын байгууллагад нийт 38 жил ажиллаад 2018 онд тэтгэвэрт гарсан.

-Насаараа багшаар ажилласан хүмүүс хичээлийн шинэ жилийн өдөр, есдүгээр сарын нэгэнд сэтгэл нь хөдөлдөг гэж ярьж байхыг олон сонссон л доо. Таны хувьд бүр ч илүү дурсамжтай байх. Яагаад вэ гэвэл та бүх л баяр ёслол, нээлт, хаалтын ажиллагаа, дурсгалт мөчүүдэд хөгжим, дуу хуурыг нь хариуцдаг хүн шүү дээ?

-Есдүгээр сарын нэгэн бол багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, хүүхэд багачууд эцэг эхчүүд бүх хүний баярын өдөр болдог. Маргааш, хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд оролцоно гээд л догдлоод нойргүй шахам хонодог. Тэр тусмаа надад маш том хариуцлага ирдэг. Нээлтийн үеэр хөгжим, техник хэрэгслийг зөв чанартай ажиллуулах, ямар нэгэн алдаа гаргахгүй байх, урлагийн мэндчилгээний номеруудаа сурагчдаараа дуулуулах, бүжиглүүлэх гээд чухал ажил гарч ирдэг.

-Таныг Төв аймгийн театрын тайзнаа “Хилчний уянга” дууг дуулж байхыг нэг удаа сонссон?

-1980 оноос 1990 он хүртэл аймгийнхаа Соёлын ордон, Хөгжимт драмын театрт бүжигчнээр 10 жил ажиллаж байлаа. Энэ том байгууллагад ажиллаад урлаг соёл гэж ямар аугаа гайхамшигтай мэргэжил, алба гэдгийг олж мэдэрсэн. Маш их юм сурсан. Олон арван уран бүтээл тоглолтод оролцож, мэргэжлийн түвшинд хүртлээ ажилласан. Энэ маань надад цаашдаа хүүхэд залуучуудтай, иргэд, хөдөлмөрчидтэй, мөн багшаар ажиллах үндэс суурийн эхлэл болсон гэж боддог юм.

-Ингэхэд таны хөдөлмөр зүтгэлийг төрөөс хэрхэн үнэлэв дээ?

-Урлаг, соёл, боловсролын байгууллагад 38 жил ажилласан. 1999 оны есдүгээр сарын 9-нд МУСТА цол тэмдгээр, 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.

-СТА гэх тэмдэггүйгээр хорвоогоос буцсан алдартай, авьяаслаг дуучин, жүжигчин олон. Уран бүтээлч хүн СТА гэх тэмдэг аваад нулимс дуслуулдаг байсан үе Монголын урлагт байсан. Гэтэл одоо энэ тэмдгийг дуртай нь зүүх болж, ганц хоёр тоглолт хийгээд л Гавьяатын тэмдэг аваад зүүчихдэг болжээ. Энэ байдлыг хэрхэн цэгцлэх ёстой гэж та үздэг вэ?

-Хийсэн, бүтээсэн ажилтай хүнд өгөх ёстой шагналыг нь өгөх цаг хугацаанд нь олгож байх нь зөв болов уу. Шагнал одон медаль бол тухайн хүний хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлэмж мөн. Тухайн хүн цаашид улам их ажиллах урам зориг эрч хүчийг авч улс эх орондоо ихийг л бүтээхийг зорино. Урлагийн салбарт хавтгайрсан шагнал өгөөд байгаа юм биш гэж бодож байгаа. Бүх л салбарын ажилдаа амжилт, бүтээл гаргасан хүмүүсийг шагнаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь урлагийн хүмүүс гэдэг чинь бүхний нүдэнд танил, амьдрал нь хүртэл ил байдаг болохоор арай илүү шагнал хүртээд байгаа юм шиг харагдаад байгаа болов уу гэж бодох юм. Хүнийг ажил хөдөлмөр хийж амжилт бүтээл гаргаж байгаа үед нь шагнаж урамшуулах нь зөв. 80 хүрсэн хойно нь одон медаль өгөөд яахав дээ, тэр бол үнэ хүндгүй л шагнал.

Categories
мэдээ нийгэм

Ахмад багш Б.Цэвэгмид: Математикийн суурь сайтай хүүхэд газарддаггүй юм DNN.mn

Зуунмод суманд дахь 20 жилийн түүхтэй “Гэгээ” фото гэрэл зургийн студи.

Гэрэл зургийг Б.Мөнхтуя

Ардын боловсролын тэргүүний ажилтан, математик, физикийн ахмад багш Б.Цэвэгмидийн нэрэмжит математикийн анхдугаар олимпиад Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” ахлах сургууль дээр боллоо. Тавдугаар сарын 22-нд зохиогдсон уг олимпиадад тус сургуулийн 10-12 дугаар ангиудаас шалгарсан 40 орчим сурагч оюунаа уралдуулсан юм. Энэхүү олимпиадыг Б.Цэвэгмид багшийн 2003 онд төгсгөсөн 10з ангийн шавь нар нь төгсөлтийн 20 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд санаачлан багшийнхаа нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагналыг нь төгсөлтийн баярын өдрөөр нь гардууллаа. Нэгдүгээр байрт 12в ангийн сурагч Б.Баасанжав, хоёрдугаар байрт 12в ангийн сурагч Э.Дөлгөөн, гуравдугаар байрт 12в ангийн сурагч С.Оюунгэрэл нар тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болсон. Харин дөрөвдүгээрт байрт 12е ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ, тавдугаар байрт 12а ангийн сурагч С.Мягмарсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад багш Б.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Таныг ардын боловсролын салбарт тэтгэвэрт гарсан хойноо ч ажилласан гэж сонслоо?

-1970 оноос 2012 оны дунд үе хүртэл 42 жил ардын боловсролын салбарт ажиллалаа. 1970-1976 онд Жаргалантын арван жилд, 1976-1977 оны хичээлийн жилд Угтаалцайдамын найман жилийн дунд сургуульд ажилласан. 1977-1987 онд Цээлийн найман жилийн дунд сургуульд ажилласан. Тэндээс Эрдэнэ сумын 10 жилд зургаан жил ажиллаад эргээд Угтаалцайдамын Талын уулын найман жилийн сургуульд найман жил ажилласан юм. 2002 онд Төв аймгийн төвд, Зуунмод суманд ирж амьдрах болсон. Тэр үед би тэтгэвэртээ гарчихсан байсан ч аймгийн төвд багш байхгүй учир ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьснаар “Хүмүүн” цогцолбор ахлах сургуульд 2012 он хүртэл ажилласан юм. “Хүмүүн” цогцолбор сургуульд ирээд таван анги төгсгөсөн дөө.

-Хичээл тус бүрээр олимпиад зохиогддог ч тэр дундаас математикийн олимпиад илүү нэр хүндтэй байдаг. Математикаар сурагчид сонирхож хичээллэснээр ямар чадвар эзэмшдэг вэ?

-Математикгүй шинжлэх ухаан гэж байхгүй. Бүх шинжлэх ухаанд математик суурилдаг. “Залуучууд” САА-д ч байсан, анги дааж авсан хүүхдүүд дундаас ч тэр математикийн аймгийн аварга болж л байсан. Улсын олимпиадаас медальтай ирж л байсан. Тоондоо сайн байсан хүүхдүүд маань шинжлэх ухаан, газар тариалан гээд бүхий л салбараас тодрон гарч гавьяат болж л байна.

-Төгсөлтийнхөн төрөлх сургуульдаа хандив өргөх зэргээр ажил зохиодог. Таны 2003 онд төгсгөсөн ангийнхан таны нэрэмжит математикийн олимпиад зохион байгуулсан нь сайшаамаар санагдлаа?

-2003 оны төгсөлтийн шавь нар маань ийм олимпиад зохиох гэж байгаа гэж танилцуулахад их баярласан. Энэ олимпиадыг 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулахаар болсон ч 10, 11 дүгээр ангийнхан сонирхлоороо орж өрсөлдсөн. Эхний таван байрыг шалгаруулсан юм билээ. Мөн олимпиадад оролцсон хүүхдүүдэд урам өгөх гэж төгсөлтийнхөн маань бүгдэд нь гарын бэлэг өгч байсан шүү.

2003 оны 10з ангийнхан маань математикийн төрөлжсөн, гүнзгийрүүлсэн анги байгаагүй юм. Жирийн анги байсан л даа. Манай ангийнхан сайн байсан. Сурлагаар харьцангуй жигд сайн хүүхдүүд. Математиктаа сайн, авьяастай хүүхдүүд мэдээж гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэнэ шүү дээ. Гэтэл 10з ангийнхан математикаар тэр хүүхдүүдтэй эн тэнцүү л сурдаг, ажилладаг байсан юм. Зэрэгцэж явдаг, хоцордоггүй байсан. Сурлага, урлаг, спортоороо ч жигд хүмүүжилтэй сайн хүүхдүүд байсан.

-Шинжлэх ухаан бол Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбар байх ёстой. Математикчдыг аль ч шатандаа дэмжих ёстой гэцгээдэг. Та математикийн багшийн хувьд энэ тал дээр яримаар юм их байдаг байх?

-Шинжлэх ухаан бүрд математик хэрэгтэй. Тийм учраас хүүхдийг багаас нь, суурилсан математикт сургах хэрэгтэй. Математикийн суурийг нь сайн тавьж өгөх ёстой. Математикийн суурийг нь сайн тавьсан хүүхэд газарддаггүй. Математикт сайн хүүхэд зөв сурна, зөв амьдана.