Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол: Хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа байлдагчийн хамт хүний амь насыг аварлаа

Нэгдүгээр сарын 26-27-ныг шилжих шөнө Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа нэр бүхий компанийн нүүрс тээврийн жолоочийн амь насыг аварлаа гэсэн мэдээлэл түгээд байгаа юм. Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахоролтой холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.


-Сайн байна уу. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Галсанпүрэвийн Бямбахорол гэдэг. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн. Одоогоор хилийн 0131 дүгээр ангийн наймдугаар штабт харуулын даргаар ажиллаж байна.

-Таныг байлдагчийн хамт хил дээр үүрэг гүйцэтгэж байх үедээ хүний амь нас аварсан гэсэн мэдээлэл байна. Тухайн үед яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ сарын 26-27-ны шилжих шөнө хилийн харуул дээрээ үүрэг гүйцэтгээд байж байтал байлдагч Г.Бат-Эрдэнэ над руу “Тэнд нэг машинаас гэрэл гараад байна” гэсэн мэдээлэл өгсөн. Ингээд байлдагчийн хамт машин дээр очиход тухайн машины аккумулятор нь масслаад шатаж эхэлж байсан. Ойртоод харсан жолооч нь машиндаа унтаж байсан л даа. Ингээд машины эзнийг хурдхан дуудаж сэрээгээд галыг унтраасан.

-Тухайн ачаа тээврийн машин нь яг хаана байрлалтай байсан бэ?

-Гашуунсухайт боомтоор урагшаа ордог хэсэгт буюу түр харуулын хажууд ачаа тээврийн машин байсан. Ер нь бол тухайн үед тогны масс авалцаад гал нь ид асаж аккумуляторынх нь хайрцаг нь шатчихсан байдалтай байсан.

-Байлдагч Г.Бат-Эрдэнэ хугацаат цэргийн албаа хааж байгаа юм байна. Хэзээ халагдах вэ?

-Тийм. Байлдагч Г.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын залуу байгаа. 2010 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн 0131 дүгээр ангид хуваарилагдаж ирсэн. Одоо тавдугаар сард халагдах юм. Г.Бат-Эрдэнэ маань тухайн үед замын хаалтын цагийн манаанд гарч байсан. Харсан зүйлээ надад станцаар мэдэгдээд бид очсон. Энэ үйл явдал шөнийн 23:00-01:00 цагийн хооронд л болсон юм л даа.


-Тухайн ачаа тээврийн жолооч болон компаниас талархал илэрхийлсэн гэсэн?

-Тэгсэн шүү. Хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа байлдагчийн хамт хүний амь нас аварлаа гээд талархал илэрхийлж цэргүүдэд гарын бэлэг өгч байна лээ. Жолооч ах Цагаан хаднаас Гашуунсухайт Ганц модны чиглэлд нүүрс тээврийн автомашины жолооч хийдэг хүн. Эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гээд тухайн компанийн хамт олон болон жолоочийн гэр бүлээс их баярлаж талархал илэрхийлсэн.

-Таныг харуулд гарч байхад урьд нь ийм зүйл тохиолдож байв уу?

-Урьд ийм зүйл тохиолдож байгаагүй. Яахав, нааш цаашаа явж байгаа машинууд эвдрэх зүйл бол байна.

-Та хэдэн жил Хилийн цэрэгт ажиллаж байгаа вэ?

-2014-2015 оны хооронд Хилийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хаасан. Цаашлаад Хилийн 0129 дүгээр ангид гэрээт хилчний албыг хоёр жил хашсан. 2017 оноос Хилийн 0131 дүгээр ангийн ахлагчийн бүрэлдэхүүнд ороод одоог хүртэл эндээ ажиллаж байна.

-Гэр бүлийнх нь хүн хамт ажилладаг гэсэн үү?

-Манай гэр бүлийн хүн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн л дээ. Бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Одоо нэг хүүхэдтэй. Эхнэр маань Хилийн 0131 дүгээр ангид тогоочоор ажилладаг.

-Цар тахлын хүнд нөхцөл байдалтай энэ үед хил дээр ажиллах нэлээд бэрхшээлтэй байгаа байх?

-Коронавирусийн халдвараас шалтгаалаад хил хамгаалах үүрэг мэдээж хүндэрсэн. Өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж байна даа.

-Монгол Улсын дархан хилийг хамгаалж буй хилчид хүний амь нас аварсанд иргэд та хоёроор бахархаж байгаа байх. Нийт хилчид болоод иргэддээ хандаж юу хэлэх вэ?

-Нийт хилчдидээ хил хамгаалалтад нь өндөр амжилт хүсье. Мөн цар тахлын энэ үед сонор сэрэмжтэй үүргээ гүйцэтгээрэй. Хамгийн чухал нь Цагаан хад Гашуунсухайт чиглэлд явдаг нүүрс тээврийн жолооч нарт хандаж хэлэхэд анхаарал болгоомжтой яваарай гэж захих байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-д гацсан монгол иргэн Р.Удамбор: Монгол Улс иргэдээ хилийн цаана хаяад бүтэн жилийн нүүрийг үзлээ, одоо бид туйлдаж байна

-УОК МӨНГӨТЭЙ, АЛБАН ТУШААЛТАЙ ХҮМҮҮСТ Л ҮЙЛЧИЛЖ

БАЙНА ГЭЖ ХЭЛЭХЭД БУРУУДАХГҮЙ-


Монгол Улс дотооддоо коронавирус алдсантай холбоотойгоор Сөүлээс Улаанбаатар чиглэлийн таван удаагийн нислэгийг цуцлаад байгаа юм. Тэгвэл Бүгд Найрамдах Солонгос улсаас эх орондоо ирэхээр хүсэлтээ өгсөн иргэд нэгдэн суулт зарлаад өдгөө 15 хонож байна. Тэдгээр иргэдийн төлөөлөл болох иргэнтэй холбогдож ярилцлаа.



-Дэлхий дахинд коронавирус гарсантай холбоотойгоор гадаадад байгаа маш олон монголчууд эх орондоо ирж чадахгүй байна. Харин БНСУ-д нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид жагсаал суулт хийгээд 15 дахь өдрөө болж байна. Нийт дөрвөн шөнө консулын гадаа хоносон. Мэдээж дэлхийн бүх улс оронд цар тахал хурц яригдаж байна. Гэхдээ дэлхийн улс орнууд хэзээ ч хилийнхээ гадна өөрийн улсын иргэдийг хаясангүй. Ганцхан Монгол Улс л өөрийн улсын иргэдийг хаяад бүтэн жилийн нүүрийг үзэж байна. Аль хэдийнэ арваннэгдүгээр сард нислэгийн тасалбар болоод тусгаарлах байрныхаа төлбөрийг өгөөд түүнээс хойш гурван сар орчим хүлээж байгаа иргэд энэ урт хугацааны жагсаалыг хийж байгаа. Бидний хувьд маш олон хоног жагссан болохоор үнэхээр ядарч туйлдаж байна. Саяхан хоёр нислэгийн хуваарь зарласан ч энэ нислэгээр хэн явах нь тодорхойгүй байгаа учраас сэтгэл ханамжтай үр дүнд хүрсэнгүй.

-Яг одоогийн байдлаар энэ суултад нийт хичнээн Монгол иргэд нэгдсэн байгаа вэ?

-Өдрийн цагт 20-30 хүн, шөнийн цагаар 10-15 хүн хонож байгаа.

-УОК болон Засгийн газарт хандан санал хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Холбогдох байгууллагуудаас эргээд холбогдсон уу?

-Сая 13 цаг хүртэл /өчигдөр/ холбогдох байгууллагуудаас нэг ч хариу өгөөгүй байсан. Харин түрүүхэн Ерөнхий сайдын Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга И.Ганзориг гэж хүн фэйсбүүк хуудсандаа “Солонгос улс руу хоёр удаагийн нислэгийг товлохоор боллоо. Мөн хоёрдугаар сараас нислэгийн тогтмол хуваарийг гаргана” гэж бичиж оруулсан байсан нь холбогдох байгууллагуудаас өгч байгаа хариу гэж ойлгож болох юм шиг байна.

-Гадаадад гацчихсан байгаа иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд орсоор байна. Хоёрхон өдрийн өмнө тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтэй нэг хүн нас барсан гэж байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Гадаадад гацчихсан иргэдийн зүгээс өөрийн биеэр амь насаа алдах болон Монголд байгаа ар гэрт нь гачигдал гарах зүйл маш их тохиолдож байгаа. Тэр болгоныг албаны хүмүүс мэдээж зарлахгүй.

-Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бид эх орондоо харимаар байна суулт”-ыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байна. Та бүхнээс гишүүн рүү санал хүсэлт, захиа явуулсан уу?

-Бид нар С.Одонтуяа гишүүн рүү байнга санал хүсэлт явуулж бидний дуу хоолой болж өгөөч ээ гэж их хүссэн. Нэг хоёр удаа ярилцлага ч хийсэн.

-Каргоны онгоцоор нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүд эх орондоо ирээд байгааг иргэд УОК хэн мөнгөтэйд нь үйлчилж байна гэж шүүмжилж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Каргоны онгоцоор нэр нөлөө бүхий хүмүүс нь очоод байдаг мөртлөө жирийн иргэд нь явж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай. УОК мөнгөтэй, албан тушаалтай хүмүүст л үйлчилж байна гэж хэлэхэд буруудахгүй.

-Солонгост цар тахлын тархалт ямархуу байгаа вэ. Монгол руу буцах гээд ажлаасаа гарсан, байраа хүлээлгэж өгсөн зэрэг олон асуудлууд гарч байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд иргэд маань ихэвчлэн хаана байрлаж, халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Биднийг жагсаж эхэлж байхад өдөрт 1000 болон түүнээс дээш халдварын тохиолдол илэрч байсан. Харин сүүлийн долоо хоног халдварын тархац нэлээн буурч байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 300 гаруй хүнээс халдвар илэрсэн байна. Бид арваннэгдүгээр сарын нислэг цуцлагдсанаас хойш таньдаг монгол хүн, хамаатан садан, найз нөхдийндөө л байрлаж байна даа. Гадаадад гацчихсан нийт монголчуудынхаа өмнөөс УОК болон Засгийн газарт хандаж хэлэхэд, сая БНСУ-руу хоёр нислэг зарлалаа. Тухайн хоёр нислэг нь бидний хүссэн шийдлийг бүрэн хангахгүй байна. Хоёрдугаар сард нислэгийг тогтмол хийнэ гэж хэлсэн. Тэр хувиараа маш яаралтай зарлах хэрэгтэй. Хоёрдугаар сарын хэд хэдний өдрүүдэд хэдэн онгоц явуулж хэдэн хүнийг авахаар төлөвлөж байгаа гэдэг төлөвлөгөөгөө яаралтай зарлаач ээ гэж хүсэх байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Насанбат: Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 48 гэмт хэрэгт нийт 21 тэрбум 586 сая төгрөгийн хохирлыг хурааж, улсын орлого болгох шийдвэр гарсан

Улсын Ерөнхий Прокурорын газар 2020 оны хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарлыг татсан хэргүүдийг шийдвэрлэх явц байдлын талаар мэдээлсэн юм.

Улсын Ерөнхий Прокурорын олон нийттэй харилцах албаны дарга Д.Дашмаа “2020 онд дэлхийн улс орнуудад коронавирус тархаж хөл хорио тогтоосон хэдий ч прокурорын байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. 2020 онд прокурорын байгууллагаас хяналт тавихад зөрчлийн хэрэг өмнөх оноос 26.1 хувиар өссөн байна. Нийт гарсан зөрчлийн дийлэнх хувь нь буюу 75.4 хувь нь нийслэлд, 24.5 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Үүний 99 хувьд шийтгэл оногдуулсан бол 0.8 хувийг нь шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж улмаар 0.1 хувь нь хэрэгсэхгүй болохоор шийдвэрлэсэн байна” зэрэг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын тоон мэдээллүүдийг дурдсан юм. Үргэлжлүүлэн Нийслэлийн прокурорын газраас 2020 онд хяналт тавьж ажилласан нийт эрүүгийн хэрэг шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат мэдээлсэн юм. Тэрээр “Нийслэлийн прокурорын газар, АТГ, ТЕГ, хэрэг мөрдөн байцаах газар мөн нийслэлийн цагдаагийн газрын харьяа нийт мөрдөх эрх бүхий байгууллагын шалгасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдэд хяналт тавьж ажиллаж байна. 2020 онд 1132 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 1466 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 1.8 хувиар, шүүхэд эцэслэн шийдвэрлүүлсэн хэрэг 11.6 хувиар өссөн байна. Харин 2020 онд 651 хэргийн 323 буюу 49.6 хувьд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаал болон мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдүүдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан учраас тодорхой үр дүн гараад байна. Эдгээрээс олны анхаарал татсан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт явц байдлын талаар хэлье.

Шүүхээр шийдвэрлүүлсэн 48 гэмт хэрэгт нийт 21 тэрбум 586 сая төгрөгийн хохирлыг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан. Зарим хэргийг дурдвал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас гурван сая 569 мянган ам.доллар буюу таван тэрбум 580 сая төгрөг мөн нэг тэрбум 97 сая төгрөг бүхий үнэтэй үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон. С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг таван тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураана. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн С.Баярцогтоос нийт дөрвөн тэрбум арван сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураана. Ш.Мөнгөншагай нарт холбогдох Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 190 сая төгрөг, нэг сая 445 мянган ам.долларыг, хуурамч бичиг баримт, тамга тэмдгийг ашиглан Англи улсын Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэмт хэрэг хийсэн “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар үл хөдлөх хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэрийг тус тус гаргасан” гэж мэдээлсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсны дараа Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат болон бусад албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж байна. Үүнд прокуророос ямар хяналт тавьж байгаа вэ. Тэднийг хохиролгүй хэрэгт шийтгэж байгаа талаар тайлбар өгнө үү?

-Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт давуу байдал бий болгох гэсэн шинжийг тодорхойлсон. Энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийн тодорхойлолт нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үйлдэл эсвэл эс үйлдэхүй байна. Үүний улмаас бусдад эрх, давуу байдал, тэгш бус байдал бий болгосон нөхцөл байдал байхаар хуульчилсан. Энэ нь заавал өртгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан байхыг энэ гэмт хэргийн шинжид шаарддаггүй. Тийм учир энэ зүйлчлэлээр шийдвэрлэсэн хэргүүд дээр хууль бус буюу хууль зөрчиж шийдвэр гаргасан процесс байхгүй.

-С.Зоригийн хэрэг дээр ажилласан хүмүүс эхнээсээ ял авсан. Энэ хэрэг одоо ямар шатанд байна вэ?

-Төв аймгийн сум дундын Анхан шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэг дээр прокурор эсэргүүцэл бичсэн. Мөн бусад оролцогч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нар Хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргасан. Иймд Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэрэг Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-Мөрдөх эрх бүхий байгууллагаас энэ талаар ямар нэг санал гаргасан зүйл байхгүй.

-Сү.Батболдын шалгагдаж буй хэргийн талаар тодруулна уу?

-УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй. ПАНАМ-ын баримт бичигтэй холбоотойгоор оффшор бүс, гадаад улс оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа буюу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа. Уг баримт бичигт дурдагдсан 23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой асуудал шалгагдаж байгаа. Түүнчлэн гадаад орнуудаас хууль бус хөрөнгө,орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр талт гэрээний хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой. Энэ хүрээнд асуудал шийдвэрлэгдэнэ.

-Том хэргүүдэд прокурор хаалт тавьдаг гэх асуудалд ямар тайлбар өгөх вэ. Олон оролцогчтой авлигын хэргүүдийг хэд хоног хяналт тавьж, шүүхэд шилжүүлдэг вэ?

-Эрүүгийн хэрэгт том, жижиг гэдэг ялгаа байдаггүй. Хэрэг бол хэрэг. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хэргүүдэд хяналт тавин шийдвэрээ гаргадаг. Олон үйлдэлтэй, олон яллагдагчтай хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, шүүхээр хянан шийдвэрлэх зэрэгт цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг. Олон яллагдагчтай, олон хавтастай хэрэгт яллагдагч бүрд үйлдэл бүрийнх нь тоогоор прокурор хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргадаг. Жишээлбэл, 460 гаруй хавтастай Оюу толгой компанитай холбоотой хэрэгт гурван прокурор хяналт тавин ажилласан. Хавтас бүр нь 250 хуудастай уг хэргийг шийдвэрлэхэд ажил амралтын өдрийг алгасалгүй ажиллахад гурван сарын хугацаа зарцуулсан.

-Яг одоогоор авлига албан тушаалын хэдэн хэрэг хяналтад байна вэ?

-Нийслэлийн прокурорын газарт авлига албан тушаалын хэрэг бүртгэлтийн 226 хэрэг, мөрдөн байцаалтын 64 хэрэг нийт 290 хэрэг хяналтад байна.

-Хөл хорионы үед хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарч байна. Саяхан Дарханд бага насны хүүхдүүд мансуурсан хэрэг гарлаа. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх зөв зохистой арга хэмжээ авах талаар прокурорын байгууллага цагдаа, шүүхийн байгууллагатай хамтран авч байгаа арга хэмжээ олон байна. Наад зах нь ялын бодлогыг тогтвортой хатуу барих зэрэг байр суурийг тогтмол олон талтай байдлаар хэрэгжүүлж байгаа. Энэ хэрэг бол иргэд олон нийт, цагдаагийн байгууллага гээд бүгд хамтран тэмцэх асуудал юм.

-Оффшорын данстай холбоотой хэдэн хүний хэрэг шалгагдаж байгаа вэ?

-23 иргэн буюу төрийн албан хаагчидтай холбоотой оффшор бүсэд хөрөнгө мөнгө байршуулсан уу гэдэг асуудлыг шалгаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Цэцгээ: Өмнөд Монголын олон аймаг хошуудаас үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх сэтгэлээр ирүүлсэн хандиваар олон гэр бүлд хүнсний тусламж үзүүлж байна

“Эрүүл амьдрах арга ухаан” сургалтаар алдаршсан А.Мөнхөө эмч болон “Сайн энергийн төв” ТББ-аас санаачлан өмнөд монголчууд Улаанбаатар хотод амьдардаг амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулсан юм. Энэ тухай бид “Сайн энергийн төв” ТББ-ын захирал С.Цэцгээтэй ярилцлаа.


-Сайн байна уу. А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” сургалтыг Монгол Улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна. Энэ аянаа хэзээнээс эхлүүлэв?

-Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний улмаас удаан хугацаанд ажилгүй, орлогогүй байна гэдэг олон айлд хүндхэн даваа болж тэр тусмаа өдөр тутмын багахан орлогоор амьдардаг цөөнгүй айл өрхүүд хоолгүй хоноход тулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид харсаар байна. Эдгээр хүмүүст туслах зорилгоор А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Мөнхөө эмч багш, Өвөр Монголын “Сайн энерги” компани, Өвөр Монголын бүх сайн энергичидэд хандан Улаанбаатар хотын амьжиргааны доогуур түвшин дор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.

-Монголчууд А.Мөнхөө эмчийг “Эрүүл амьдрах арга ухаан” сургалт тогтмол явуулдаг гэдгээр нь сайн танина?

-А.Мөнхөө эмч багш “Эрүүл амьдрах арга ухаан ” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион бүтээгч бөгөөд 2014 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулснаар маш олон хүн, гэр бүл эрүүл амьдрах арга ухаанд суралцаж үзэл бодлоо өөрчилж эрүүл энх, аз жаргалыг олж авсаар байна. Өмнөд Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1,3 тэрбум хүнээс оны шилдэг арван хүний нэгээр шалгарч улс даяар танигдсан алдар гавъяатай хүн шүү дээ.


-Энэ сайн үйлсийн аянд нийт хичнээн иргэд хамрагдаж, хэдэн төгрөгний хандив цугларсан бэ?

-А.Мөнхөө эмчийн болон компанийн удирдлага дуртайяа хүлээн авч хандивын ажлыг эхлүүлж Өмнөд Монголын өнцөг булан бүрт Мөнхөө багшийн эрүүл мэндийн хичээлд суралцагч ард иргэд, бүх сайн энергичид, элэг нэгт монгол ахан дүүс минь идэвхийлэн зүтгэж маш богино хугацаанд 206 мянган юань буюу 90 сая төгрөгийн хандивыг цуглуулжээ. Хүн өлсөхгүй байна гэдэг эрүүл байхын үндэс болохоор бид бүхэн энэ мөнгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын есөн дүүрэг бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байна.

-Хүнс түгээх ажлаа ямар хугацаанд хүргэхээр төлөвлөсөн бэ?

-Нэг дүүрэгт дунджаар 300 гаруй өрх, нэг хороонд 15 айлд хүнсний багц хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тн гурил, 12.5 тн будаа, таван тонн ургамлын тосыг нийт 2500 өрхөд шинэ оноос өмнө хүргэхээр төлөвлөж байна. Ингээд нэг айлд 10кг гурил, 5кг будаа, хоёр литр тос хүргэж байна.


-А.Мөнхөө эмч болон Өмнөд Монголын ахан дүүс минь их цаг зав, сэтгэл зүтгэлээ гаргаж байгаад их баярлаж байна?

-Өмнөд Монголын олон аймаг хошуудаас мянга мянган сайхан сэтгэлт ард иргэдээс 10, 20, 50, 100 гээд 500, 1000-н юань хүртэл ёстой олны олон таван цэн гэгчээр хүн бүр боломжийнхоо хэрээр хандивлаж үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх халуун сэтгэлээр ирүүлсэн мөнгөнөөс энэ их хүнсний тусламж бүрдэж байна. Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм аа. Та нартаа маш их баярлалаа. Энэ хүнсний тусламжийг хорио цээр, халдвар хамгааллын дэглэмтэй аюултай хэцүү нөхцөлд Улаанбаатар хот даяар Налайх, Багахангай, Багануур гээд бүх дүүрэгт бүх хороонд хүрэх ёстой хүмүүст нь 2500 айлд тараах буянтай тустай хэдий ч хүнд ажлыг гардан хийх МУЗН-ийн хамт олонд мөн баярлалаа. Хоол хүнсний тусламж нэн шаардлагатай иргэд, өрхийн судалгааг түргэн шуурхай гаргаж, заавар зөвлөгөө өгч бидний ажлыг тусалж дэмжсэн Улаанбаатар хотын дүүрэг хороодын зохих албаны хүмүүс мөн олон. Өмнөд Монголчуудын онож хэлснээр хайр халамжийн энэ хандив тусламж нь зохих эзэндээ хүрч Монгол Улсын төр засгийн байгууллагаас эхлээд Монгол түмэн баярлаж талархаж буйг сайхан сэтгэлт тэр хүмүүс сонсож мэдвэл бидний зүгээс барих хамгийн том хариу бэлэг болох юм. Мөн чанартай сайн хүнсний бүтээгдэхүүнийг боломжит хамгийн бага үнээр нийлүүлж бидний ажлыг дэмжсэн “Улаанбаатар гурил”, “Дельта Фүүдс”, “Луча” зэрэг компаниуддаа баярлалаа. Хорио цээрийн үед хүнд нахцөлд байгаа Улаанбаатар хотын 2500 өрхөд нэн шаардлагатай хүнсний тусламж хүргэх ажлыг “Сайн энергийн төв” ТББ-аас амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан: Ажлаасаа халагдсан нэг ч хүн байхгүй. Харин салбарын зохион байгуулалтад л өөрчлөлт орж байна

ЭМЯ-ны сайд хариуцлага алдсан ажилчидаа ажлаас нь чөлөөлж байна гэсэн мэдээлэл цахим орчноор тараад байгаа. Тэгвэл бид энэ асуудлаар ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхантай холбогдож тодрууллаа.


-ЭМЯ бүтцийн өөрчлөлт хийж зарим албан хаагчид шинээр байгуулагдсан Эм эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан агентлаг руу шилжин ажиллах шийдвэр гарсан гэж байна. Гэтэл цахим орчноор зарим ажилчидаа ажлаас чөлөөлж байна гэсэн мэдээлэл яваад байна л даа. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлийн ажил хийгдэж байна. ЭМЯ-ны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар баталсан. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж байна. Түүнээс гадна ЭМДЕГ-ын шинэчлэлтэй холбоотойгоор эмнэлгүүдэд очих гол санхүүжилт нь ирэх оноос ЭМДЕГ очихоор болж байна. Тиймээс ЭМДЕГ-т маш өргөн хүрээтэй зохион байгуулалтын бүтэцтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын маш чухал үүрэг бүхий хоёр агентлагийн нэгнийх нь үйл ажиллагаа нэлээд өргөжиж, нөгөөх нь шинээр байгуулагдах гэж байна. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор шинээр байгуулагдаж байгаа агентлагтаа бид дадлага туршлага өндөртэй, чадварлаг хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх нь чухал. Ер нь бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдыг шилжүүлэн ажиллуулах л асуудал юм. Түүнээс биш ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл байхгүй. Тийм ч учраас бид коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээндээ доголдол гаргахгүйгээр дотоод зохион байгуулалтынхаа өөрчлөлтийг хийж байна. Одоогоор ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байна.

-ХӨСҮТ-ийн Д.Нямхүү дарга өгсөн ярилцлагадаа “Өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү нүүлгэх асуудал дээр тантай зөрчилдсөн” гэж ярьсан. Иргэд цар тахлын хүнд нөхцөл байдалтай энэ үед дарга нар зөрөлдөх нь буруу гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна?

– Д.Нямхүү эмч бидний хооронд шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн зүйл л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий. Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал яригдаж таарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал гарч л байдаг шүү дээ. Хамгийн гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Үүнээс гадна одоогоор зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж байгаа ажилчдаас гадна сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа сувилагч болон ариутгалын тасагт ажиллаж байгаа ариутгагч халдвар авсан байна. Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсч байгааг илэрхийлж байгаа дохио. Тиймээс үүнд анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежмэнтээ өөрчлөх шаардлагатай байна. Ер нь бол энэ салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн яаж тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг, мэдээлэл надад бий. Гэхдээ энд коронавирусийн халдвараар өвчилсөн болон сүрьетэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй.

-ХӨСҮТ-ийн ачаалал их, эмч ажилтнууд олон сар ажиллаж ядарч сульдан улмаар халдвар гадагш тархах эрсдэл үүсч байна гэж харж байна. Энэ эрсдэлийг багасгахын тулд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-ХӨСҮТ-ийн ачаалал харьцангуй багассан. Өөрөөр хэлбэл, халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана. Дараагаар нь халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно. Эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжинд коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж байна.

-Д.Нямхүү эмч “Халдвартай хүнийг өөр эмнэлэг рүү зөөж шилжүүлэх нь эрсдэлтэй алхам” гэж хэлж байсан?

-Сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал яриагүй шүү дээ. Сүрьеэгийн тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна. Тиймээс л бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хийж байгаа. Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд эмчлэхгүй байж ХӨСҮТ-д сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал тус тасгийг нүүлгэх шаардлагагүй болно. Үүнээс гадна олон улсад ч тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлтэй байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгэнт зогсоож болохгүй тул хяналт, дэглэмээ сайжруулан ажиллахаас өөр аргагүй юм. Эрүүл мэндийн байгууллага өөрөө хөл хөдөлгөөн ихтэй газар тул халдвар тархах эрсдэл маш өндөр байна.