Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Баяр-Отгон: “Нүдэнгоо” дууны шинэчилсэн хувилбарыг цацаж хандалт авъя гэж огт бодоогүй

Сүүлийн үед цахим хуудсаар “Нүдэнгоо” хэмээх дуу олны анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, дууны дүрс бичлэг хэтэрхий задгай байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ дууг анх 2013 онд дуучин Б.Баяр-Отгон дуулж, түүнээс хойш гурван ч удаа дүрс бичлэгийг нь шинэчлээд байгаа гэнэ. “Нүдэнгоо” дууны эзэн дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.


-“Нүдэнгоо” дуу 2013 онд анх гарч байсан юм байна. Сүүлд шинэчилсэн дүрс бичлэг нь олны анхаарлыг татаад байгаа. Дүрс бичлэгээр ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ?

-“Нүдэнгоо” дуугаа 2013 онд хийгээд тухайн үедээ Хөвсгөл далай явж дүрсжүүлсэн. Энэ сайхан дууны үгийг Г.Баяр ах маань бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиосон. Тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг бага ч гэсэн татсан л даа. Ингээд 2015 онд илүү сайн клип хийе гээд фитнессийн багш “Төмөр хатагтай” Ш.Солонгыг дүрс бичлэгт нь тоглуулж байсан юм. Дахин клипжүүлчихээд мөн л бага зэрэг шүүмжлэлд өртөж байлаа. Дараагаар нь Богд хан уул руу үзэсгэлэнтэй газар зураг авъя гэтэл ер бүтэж өгөөгүй. Ингэж явсаар саяхан чанарыг нь сайжруулъя гэж зориглоод шинэ клип хийсэн. Харин дууны зохиолын утга санааны тухайд гэвэл хүмүүс “Нүдэнгоо” гэсэн нэртэй учраас нүдний тухай дуу гэж бодоод байна. Уг нь бол эмэгтэй хүний гоо зүй, гоо сайхныг л үзүүлэхийг хичээсэн шүү дээ. Нүд гэдэг чинь гоо сайхныг л таашаах учиртай эрхтэн биз дээ. Үүнийг манайхан сайн ойлгосонгүй.


-Та өмнө өгсөн ярилцлагадаа дүрс бичлэг алдагдсан гэж хэлсэн. Тэр үнэн үү?

-Тийм. Анх надад клип болчихлоо гээд үзүүлсэн. Тэр үед үзэхэд хүнд дүрсүүд их байсан. Айхавтар шалдан нүцгэн, үсээ чулуудаж байгаа, бөгсөн хэсэг гээд хүнд дүрснүүд байх ёсгүй, хасах хэрэгтэй гэж зөвшилцсөн. Ингээд зарим дүрсүүдийг нь хасаад өөрийн цахим хуудсандаа нэг сарын өмнө үзэгчдийн хүртээл болгочихсон байсан. Гэтэл намайг Өвөрхангай яваад ирэх зуур одоо сошиалаар яваад байгаа бичлэг нь цацагдсан. Студи руу залгаад асуухаар “Студийн өрөөгөөр маш олон хүн орж гарч байгаа, чухам хэн нь ингээд гаргаад цацчихсаныг бид мэдэхгүй” гэж хэлсэн.

-Эмэгтэй хүний гоо сайхныг нүцгэн байдлаар харуулах санааг тухайн студиэс гаргасан гэв үү?

-Тийм. Эмэгтэй хүний гоо сайхныг ийм байдлаар харуулъя гэхээр нь би “Арай л болохгүй байх аа” гэж хэлж байсан. Гэтэл “Чи XXI зуунд амьдарч байна. Энэ дуу эмэгтэй хүний гоо зүйг л харуулах ёстой гэж чи ярьдаг шүү дээ” гэж хэлж байсан л даа. Ингээд би фитнесс модель Б.Сугарсүрэнд клипэнд тоглох санал гаргасан. Маш мундаг тамирчин бүсгүй шүү дээ. Бичлэгэнд энэ хүний ажил мэргэжлийн онцлогийг л тодотгож харуулсан. Уран нугараачид өөрсдийн мэргэжлийн хувцсаа өмсөөд нугардаг шүү дээ, яг тэдэнтэй л адилхан.

-Фитнесс модель Б.Сугарсүрэн “Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэсэн байна лээ?

-Үгүй ээ. Энэ худлаа мэдээлэл шүү. Нэгдүгээрт, Б.Сугарсүрэн огт тэгж хэлээгүй. Хоёрдугаарт, зарим сайтууд миний зургийг тавиад “Та нар миний дууг сонсвол сонс, байвал бай” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Би огт ингэж яриагүй.

-Клипэнд тоглосон модель Б.Сугарсүрэнтэй сүүлд хэзээ ярилцав. Дүрс бичлэгийн талаар танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Уулзаж амжаагүй, утсаар л ярилаа даа. Манай хүн шүүмжлэлд өртөөд хэцүү л байгаа юм байна лээ. Хүмүүст хандаж хэлэхэд эмэгтэй хүн рүү дайраад яахав, элдвээр хэлэхээр бол намайг л хэлчих. Би эрэгтэй хүн учраас сэтгэлийн хатаараа арай илүү байлгүй дээ…

-Гэхдээ энэ бичлэг зохиолын дууны бичлэгийн хэв маягийг эвдлээ шүү дээ. Дараа дараагийн дуу, дүрс бичлэгтээ хэвшмэл бус өөр шинэ санаа гаргах бодол бий юү?

-“Нүдэнгоо” гэдэг нэрийг сонсохоор хүмүүс том алаг нүдийг л төсөөлж боддог. Би шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ манай нийтийн дууны зохиолууд нүд гэхээр л нүд гаргах ёстой, хайр гэхээр л эр эм хоёр хөтлөлцөх ёстой гэсэн хэвшмэл болчихоод байна. Энэ байдлыг арай өөр болгочих юмсан гэж бодож байна. Миний дараагийн дуу бол хайрын дуу. Дуун дээрээ заавал залуу, бүсгүй хоёрыг хөтлөлцүүлээд байлгүй арай өөр өнцгөөр хийнэ гэж бодож байгаа.

-“Нүдэнгоо” дуу цахим хуудсаар шүүмжлэл дагуулахад танай гэрийнхэн, ойр дотныхон нь та юу гэж хэлэх юм?

-Ойр дотны хүмүүс “Энэ бол маш том зориг шүү” л гэж хэлж байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд буруу зүйл биш ээ гэдгийг надад хэлж тайтгаруулж байсан л даа.

-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Миний урын санд 13 дуу бий.

-Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Өчигдөрхөн шүлгээ бичээд хөгжмийн зохиолчдоо өгчихсөн. Хайрын дуу юм л даа.

-Таны уран бүтээлд амжилт хүсье?

-Баярлалаа. Би ийм дүрс бичлэг цацаж хандалт огт авах гэсэнгүй. Монголын ард түмнийг бухимдуулъя гэж ерөөсөө бодсонгүй. Уран бүтээлээрээ дамжуулаад арай шинэлэг зүйл үзүүлчих юмсан гэж хичээж хийлээ. Тэр маань та бүгдэд таалагдаагүй бол намайг уучлаарай. Дараа дараагийн уран бүтээлдээ маш сайн хянуур ажиллаж чанартай уран бүтээл гаргана.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хогийн сав биш

Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутагт амарч зугаадахдаа хогоо хогийн саванд хийлгүй байгальд хаясаар байгааг эдгээр зургууд гэрчилж байна. Тэгвэл олны танил эрхэмүүд болон зарим ухамсартай иргэд буудаллаад явахдаа ойр хавийнхаа хогийг түүгээд явж байгаагаа цахим орчинд бичсээр байгаа юм. Энэ нь ч сайн үлгэр дуурайлал юм.

Дурдвал Zaisan Moto Club-ийн хамт олон “Ирлээ явлаа цэвэр билүү” хэмээн байгальд хаясан хогийг түүж хогийн цэгт асгасан тухай пост оруулжээ.

Мөн олны танил загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудсандаа “Шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс нийгмийн хариуцлагын ажил шаардаж байна,
#хүн_шиг_аялъя” гэсэн пост оруулж байгальд хаясан хогоо түүхийг уриалаад байгаа юм.

Түүнчлэн экологийн цагдаагийн албанаас иргэдэд “Амралт чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрүүлэхдээ ахуйн хэрэглээний зүйл авч ирсэн шигээ хогоо аваад буцдаг, зориулалтын газар хаядаг болж хэвшье!
Байгаль Хогийн Сав биш!
Хогоор бүү хорло, Байгаль эн тэргүүнд” гэсэн анхаарал, зөвлөмжийг өгч байна.

........

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Эмээлт” захад хонь, ямааны үнэ 160-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Коронавируст цар тахал гарсан энэ үед Монголчууд уламжлалт баяр наадмаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэж байгаа нь онцлог юм. Баяр наадмын өдрүүдэд хонь, ямаа хамгийн эрэлттэй байдаг цаг. Малчид малаа амьдаар нь борлуулах тохиолдол ч элбэг. Тэгвэл “Эмээлт” захад амьд малын үнэ ямар байгаа талаар сурвалжиллаа.

Нийслэлийн баруун бүсэд орших “Эмээлт” захруу явах замд хашааны нөмөрт хонь ямаа зарж байгаа малчид нэлээдгүй харагдлаа. Тэд янз бүрийн үнэ хэлж байсан бөгөөд “Хонь 220-270 мянган төгрөг, ямаа 160-190 мянган төгрөгийн хооронд байна” гэлээ.

Цаашлаад 22-ын товчоо ороход орох гарах чиглэлийн хөдөлгөөн сийрэг харагдана.

Явсаар “Эмээлт” захад ирлээ. Бороотой байсан учраас хонь ямаагаа дотогш хашаанд оруулжээ. Дотогш ороход тийм ч их хүмүүс харагдсангүй. Харин ченж нар орж ирсэн хүмүүсийг дуудаж “Ямар хонь сонирхож байна, яриад аваарай Архангай, Завхан, Төв аймгийн тарган хонь байна шүү” гэцгээж байсан юм. Үнийн тухайд янз бүр дуугарна. Хязаалан, соёолон 220-260 мянга гэнэ. Зарим хонинууд нь хэд хоноод гэдсээ татчихсан зарим нь өнөө өглөөхөн ирсэн харагдана.

Бүр цаашилбал эгнэн зогссон портерууд байна. Энд харин малчид өөрсдөө хөдөөнөөс ирж хонь, ямаагаа зардаг юм байна.

Төв аймгийн Бүрэн сумын малчин Г.Ганзориг “Манайх хонио 260-аас яриад өгч байгаа. Өнөө шөнө явсаар байгаад өглөө ирсэн. Одоо буцаад 250 гаруй км явж харина, нойргүй л явах нь шүү дээ. Хорин хоньтой ирээд одоо долоо найман хонь үлдсэн байна. Ер нь ах нь мөнгөний хэрэгцээ болохоор ирж хонь зардаг. Яг тэндээ бол хямдхан 180 мянгаар зарна. Тийм учраас наашаа ирж зарж байна” гэлээ.

Өөр нэг малчин дээр очиход бүдүүн эр хонь 300 мянга ч гэж дуугарлаа. Мөн залуугийн хэлж байгаагаар ченж нар малынхаа доор үртэс дэвсчихдэг, харин малчид өтөг дэвсдэг, түүгээрээ ялгаатай шүү хэмээн хуучилсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Цогцэцэг: Нэгдүгээр хавьтал болсон хүмүүст цаг алдалгүй угтуулах эмчилгээ хийвэл эмнэлгийн орны ачаалал, нас баралтын тоо багасна

-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХ ГОЛ АРГА НЬ АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯВДАЛ ЮМ-


Анагаах ухааны доктор клиникийн профессор Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүн А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ вакцинжуулж эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 1.7 сая гаруй хүн вакциндаа бүрэн хамрагдсан байна. Гэтэл яагаад өдөр ирэх тусам өвчлөл, нас баралт нэмэгдсээр байна вэ. Вакцинжуулалтын үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц өвөрмөц арга бол вакцинжуулалт. Монгол Улс гурван сая 357 мянга гаруй хүн амтай. Үүний 1.7 сая нь хоёрдугаар тунгаа бүрэн авсан. Харин нэгдүгээр тунгаа хийлгэсэн нэг сая 200 мянга гаруй хүн, ковидоор өвдсөн 107 мянган хүн байна. Тэгвэл бүх вакцин 75-95 хувь хамгаална гэж шинжлэх ухаан нотолсон. Нөгөөтэйгүүр вакцинд огт хамрагдаагүй 1.2 сая хүүхэд 20 мянган жирэмсэн эх байна. Эдгээр тоонуудыг нэмж хасаад бодох юм бол нийт хүн амын 50-52 хувь нь ковидын халдвар авах өндөр эрсдэл дунд явж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн өвчлөл нэмэгдээд байгаа гол шалтгаан энэ тоонуудаас харахад ойлгомжтой болно. Бидэнд эрсдэл байсаар л байна. Харин ч Монгол Улсын Засгийн газар ард иргэдээ олон сувгаар вакцинжуулалтад хамруулах тал дээр онцгойлон анхаарч ажилласан учир бид дэлхийгээс хоцроогүй явж байна. Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж би өөрөө өвдөхгүй байх ямар арга байна, цаашилбал бусдадаа халдвар тараахгүй ямар боломж бололцоо байна гэдгийг л ухамсарлан үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Вакцинжуулалтаас татгалзах эрх хэнд ч байх ёсгүй. Бид долоон төрлийн вакцинаар 20 гаруй халдварт өвчнөөс хамгаалж чадсан. Сүүлийн үед хүмүүс эдгээр өвчнүүдийг хараа ч үгүй нэрийг нь ч мэдэхгүй болсон байгаа нь нөгөө л вакцины гайхамшиг. Өөрөөр хэлбэл, дөнгөж эхээс төрсөн дунджаар гурван кг жинтэйгээс 30 кг жинтэй болтол нь нас насанд нь хийдэг вакцинжуулалтын үр дүн.

Харин өдөр бүр өвчлөлийн тоо ихэсч байгаа нь нас баралтад шууд нөлөөлнө. Тийм учраас өвчлөл, нас баралтыг яаж бууруулах вэ гэдэг дээр л бүх анхаарлаа хандуулж хүн бүр хичээе, хүн бүр оролцоогоо нэмье, хүн бүр нийгмийн идэвхтэй хариуцлагатай байж энэ цар тахлаас эрсдэл багатай гарч чадна. Үүнд хамааралгүй Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байх ёсгүй.

-Хэчнээн хугацааны дараа сүргийн дархлаа тогтож энгийн амьдралдаа шилжих бол?

-Төр болон иргэдийн хамтын оролцоо их чухал байна. Хаана юу дутаж байна, хаана ямар сул тал байна гэдгээ жагсаагаад дутуугаа хурдан нөхье, сул талаа давуу тал болгоё. Халдварын голомтоо хормойноос нь шууж цомхотгож халдварыг даамжраагүй байхад нь дарж авъя. Ингэсэн цагт бид хамтдаа цар тахалтай тэмцэж, богино хугацаанд ард нь гарна. Үүнээс шалтгаалж энгийн амьдралдаа шилжих хугацаа харагдана. Тухайлбал, бүх хүчээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглүүлэх, өвдсөн хүнээ цаг хугацаа алдалгүй эмчилгээнд оруулах талаар маш хүчтэй идэвхжүүлэлт зохицуулалт хийх, нөгөөтэйгүүр иргэд маань өөрсдийгөө хамгаалах талаар онцгой анхаарах явдал юм. Нэг зүйлийг хэлэхгүй орхиж чадахгүй нь. Гэр бүлийн гишүүд буюу ойрын хавьтлуудын хэн нэг нь коронавирусийн халдвартай гэж онош нь батлагдсан тохиолдолд бусад хүмүүсийг нь дахин PCR, эсвэл түргэвчилсэн тестээр үзэх шаардлагагүй. Иргэд ч эмнэл зүйн шинж тэмдэг нь илэрсэн, хавьтлын асуумж тодорхой байхад шинжилгээ өгнө гэж цаг алдаж хүлээлт үүсгэх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр Өрхийн эмч нарт ЭМД-аас санхүүжилт авч иргэдээ эмчлэх боломж олгосон нь маш сайн хэрэг.

Би эмч хүний хувьд олон өвчнүүдтэй нүүр тулж явдаг л даа. Халдварт өвчний үед авах арга хэмжээ, эмчилгээний тактик урьдчилан сэргийлэлт гээд бүгд онолтой. Онолын хувьд олон халдварт өвчнүүдийг угтуулах эмчилгээ хийж уг халдварт өвчнөөр өвдөхгүй байх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авдаг. Тухайлбал сүрьеэ, халдварт менингит, тэмбүү, тарваган тахал зэрэг өвчнүүдийн үед гэр бүлийн ойрын хавьтлуудыг халдвар авах магадлал хамгийн өндөр гэж үзэн урьдчилан сэргийлэх зорилгоор үндсэн эмчилгээг нь зохих тунгаар шинж тэмдэггүй байсан ч угтуулж хийдэг. Учир нь тэднийг аюулт өвчнөөр өвдүүлэхгүй байх, халдварын нууц үед нь эрт эмчлэх, эрсдэл багатай даван туулах арга зам гэж шинжлэх ухаан тогтоосон хэрэг. Яг үүнтэй адил ковидын халдвар авсан гэж батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох гэр бүлийн гишүүдэд нь угтуулах эмчилгээг хийчихвэл хөнгөн үед нь гэрт нь эмчлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах, нас баралтыг багасгах өвөрмөц арга гэж хараад байгаа юм. Өдөр бүр шинээр илэрч буй халдвартай хүний тоог харахаар ойрын хавьтал 85-95 хувь байна.Тэгэхээр тэд бүгд өвдөж байна гэсэн үг. Гагцхүү хоёр хоногийн дараа, эсвэл тав хоногийн дараа өвдөх үү гэдэг нь цаг хугацааны асуудал байгаа юм. Энэ арга бол удаан хугацаанд иргэдийг хорих биш, богино хугацаанд эмчилж нийгмийн харилцаанд оруулах арга төдийгүй хүндрэлээс сэргийлэх боломж юм.

-Нэгдүгээр хавьтал болсон хүмүүстээ угтуулах эмчилгээ хийе гэж байна. Энэ эмчилгээний тухай илүү тодруулбал?

-Гэхдээ угтуулах эмчилгээ хийж байна гээд халдвар аваагүй байж вирусийн эсрэг эм ууна гэсэн үг огт биш гэдгийг анхаарвал зохино. Эм болгон өөрийн заавартай, хориглох заалттай, нөгөөтэйгүүр сэргийлж байна гэж тогтмол хэрэглээд байвал өвдсөн үедээ юу хэрэглэх билээ гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас угтуулах эмчилгээг халдварт нэрвэгдсэн гэр бүлийн ойрын хавьтал, маш ойр олон цаг халдвартай хүнтэй хамт ажилласан хүмүүсийн хувьд хамаарах бөгөөд эмчийн заавраар аль эмийг нь уух, таны суурь өвчинтэй харшлах эсэх, тунгийн хэтрэлт гаж нөлөө зэргийг зөвхөн эмч л зөвлөнө гэдгийг анхаараарай.

-Ямар нэгэн шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд Веросел, Астразенека, Пфайзер вакцинаас сонголтоороо хийлгэх боломжтой болчихлоо. Гэтэл эхний тунгаа ч хийлгээгүй олон хүн байна. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Өнөөдөр хэн ч байсан халдвар авах бүрэн боломжтой нөхцөл бүрдсэн. Вакцин бол таныг өвөрмөцөөр ковидоос хамгаалах цорын ганц арга. Өнгөрсөн хугацаанд вакцинжуулалтын нэгдүгээр тунгаа авсан хүмүүс хоёрдугаар тундаа хүрч чадалгүй халдвар аваад байна. Хоёрдугаар тунгаа авсан ч 14-21 хоноогүй учир дархлаа тогтож амжаагүй байхдаа халдвар авчихаад байгааг анхаараарай. Нөгөөтэйгүүр шинжлэх ухаанаар нотлогдоогүй цуурхал гаргах тийм вакцин сайн тэр нь муу, энэ эм сайн нөгөөх нь муу ч гэдэг юм уу иймэрхүү төөрөгдөлд иргэдийг оруулахгүй байх талаар хаа хаанаа анхаарах нь зөв. Учир нь вакцин ч бай эм ч бай үйлдвэрлэгчээс нь судалгаа шинжилгээ хийгдээд чанарын маш өндөр түвшинд олон шат дамжлагаар дамжин гардаг ба заавар дээр нь анхааруулга гаж нөлөөг нь бичээд үйлдвэрлэсэн байдаг. Түүнээс хэн нэгэн дур мэдэж янз бүрийн байдлаар ганц нэг тохиолдлын гаж нөлөөг дэвэргэх, нийгэмд цуурхал тарааж дам утгаараа хүний амь насыг аюулд хүргэж огтхон ч болохгүй. Харин зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдал их чухал.

Цаашилбал, ковидоор өвдсөн тохиолдолд таны цаашдын амьдралын чанарт их багаар нөлөөлж буйг анхаараарай. Тийм учраас та өөрийгөө болон өөр хүмүүсийг хуурах хэрэггүй, харин ч олон хүн цугларсан газраас л зугтаж яв. Маскаа өдөрт ядахдаа хоёр удаа сольж зөв зүүгээрэй. Тэнд л хамгийн их халдвар байгаа. Ямар ч тохиолдолд хүнтэй уулзахаас эрс татгалзах хэрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар 400 гаруй жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан байна. Тэднийг хүндрүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой бэ?

-Сүүлийн үед 20-45 насны залуучууд ковидоор хамгийн их өвдөж байгаа нь нийт өвчлөлийн 60 орчим хувийг эзэлж байгаагаас харж болно. Энэ нас бол нөхөн үржихүйн нас. Тэгэхээр жирэмсэн ээжүүдийг давхар эрсдэлд өртүүлэхгүй байхын төлөө энэ насны залуучууд илүү анхаарах хэрэгтэй. Одоогоор 20 мянган жирэмсэн эмэгтэйчүүд байна. Тийм болохоор тэдний ар гэрийнхэн хоёр хүний амийг хариуцаж маш хариуцлагатайгаар халдвараас сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөх шаардлагатай. Сайшаалтай нь жирэмсний 20 долоо хоногтойгоос нь эхэлж Пфайзер вакцин хийхээр болсон. Иймд жирэмсэн ээжүүд вакцинд хамрагдахдаа энгийн хүмүүст вакцин хийхэд анхаарах зүйлийг л дагаж мөрдөнө. Илүү нэг болгоомжлох зүйл байгаа нь өвөрмөц хариу урвал организм үзүүлэх үед булчингийн агшилт, өвдөлт өгөх, тавгүй байхаас хамгаалж олон улсын хэвлэлүүдэд шаардлагатай бол эмчийн заавраар парацетамол хоёр өдөр, өдөрт нэг удаа уухаар зөвлөсөн байна лээ. Нөгөөтэйгүүр жирэмсэн эмэгтэйд ковидын шинж тэмдэг илэрч л байвал маш яаралтай өрхөд хандаж зохих эмчилгээнд яаралтай орох хэрэгтэй.

-Монгол Улс дотроо коронавируст халдварыг алдсанаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Цаашид авах арга хэмжээний талаар таны санал?

-Аливаа бэрхшээлийг даван туулахад заавал нэг гарц байдаг, хонгилын үзүүрт гэрэл харагддаг даа. Миний харж байгаагаар гурван тод гэрэл байна гэж харж байгаа. Нэгдүгээрт, анхан шатны тусламж үйлчилгээнд бүх хүн хүчээ гаргая. Одоо эмчилгээ чухал болсон. Ингэхийн тулд нэмэлтээр дижитал зөвлөгөөг түлхүү өгч түүнд сайн дурын эмч, эмнэлгийн ажилчид, хувийн хэвшлийн эмнэлгүүд, төгсөх курсийн оюутнуудыг дайчилъя. Тэдэнд нэг өдрийн ковидын үеийн оношилгоо эмчилгээгээр заавар зөвлөгөө өгөхөд л хангалттай. Хүний их эмч л бол ковид эмчилнэ. Дайны үед бол эмч л бол эмч шүү дээ. Харин ЭМЯ нэгдсэн удирдлагаар хангаж асуумж стандартуудыг нь яаралтай гаргаж мэргэжил арга зүйгээр хангаж өгөх хэрэгтэй. Хамгийн том голомт Улаанбаатар гэхэд л 414 мянга гаруй өрхтэй. Үүнээс гэр хороололд 248 мянга, 165 гаруй мянга нь байшин хороололд байна. Эдгээр өрхүүдэд хүрсэн хүний нөөцийн хуваарилалт, засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, төр захиргааны дэмжлэгт орчин туйлын чухал. Эхний ээлжинд 100 эмч 500 оюутан байхад л бүх өрхөө хяналтад барьж аваад өвдсөн хүнээ эхний шинж тэмдэг илрэхэд нь л эмчилгээнд оруулж чадна. Тэгвэл хүндрэл бага гарна, эмнэлгийн орны ачааллыг 60-70 хувь бууруулж чадна. Энэ маягаар нэг сар л зүтгээд үзэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, үлдсэн хүмүүсээ вакцинжуулалтад нь яаралтай хамруулах. Хэр богино хугацаанд вакцинжуулж чадна, төдий хэмжээгээр өвчний тархалт буурна. Хүүхдүүдэд хийх вакцины бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх шаардлагатай.

Гуравдугаарт, эмийн хомсдолоос нэн яаралтай сэргийлэх нөөцийг бүрдүүлэх. Мөн л төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шаардлагатай бол хувийн хэвшлүүдээс мөнгийг нь нийлүүлж нэгдсэн захиалгыг нь ЭМЯ буюу ЭЭХХГ хийж зохицуулах боломжийг бүрдүүлэх. Коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн хөнгөлөлтийн тухайд уламжлалт аргуудаас сонгож хэрэглэх боломжтой. Хэрэглэх эмийн жагсаалтыг гаргаж бүгдийг улс даах биш ЭМД-ын сангаас 50 хувиас дээш хөнгөлж үлдсэнийг нь иргэн хариуцахаар шийдвэрлэж болно. Харин ядуу эмзэг бүлгийн хүмүүстээ Өрхийн эмнэлгээр дамжуулан эмчилгээний зардлыг нь хариуцах хэлбэрээр явуулж байгаа нь зөв. ЭМД-аас тэвчиж болох зардал, эрсдэлийн сангийн үлдэгдлүүдийг тооцоолон ЭМДҮ зөвлөлөөр оруулан аль болох болж бүтэх талаас нь шийдвэл нийт даатгал төлөгчдийн эрх ашигт нийцэж хүртээмж ч нэмэгдэнэ.

Хүндээр өвдөөд эдгэрээд гарсан иргэдийн хожмын хор нөлөөг бууруулахын тулд эрхтэн тогтолцооны нөхөн сэргээлт хяналтын асуудлыг ч зэрэгцүүлэн тавих л хэрэгтэй. Бидэнд гашуун туршлага бий. Вирусийн халдваруудын хор уршиг их. 60,70,80 онуудад элэгний С вирусийн халдвар авсан хүмүүс хэрхэн зовж шаналсныг бид мэднэ. Харин ч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлснээрээ 36 мянган хүнийг эрүүлжүүлж чадсан юм. Дашрамд хэлэхэд, миний бие Эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны тэргүүний хувьд энэхүү холбоогоороо дамжуулан “Ковидын эсрэг хамтдаа” сайн дурын баг байгуулж дүүрэг, өрх, хороодын ард иргэд, албан газруудад зөвлөгөө зөвлөмжүүдийг өгч ажиллаад 2.6 сар болж байна. Үүнийг цааш өргөжүүлж үр дүнг нь илүү олны хүртээл болгоход бага гэлтгүй туршлага хуримтлуулсан тул эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагууд, нийгэмлэг холбоод, Их хурлын гишүүд өмнө нь Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан хүмүүс нэгдэж хамтарч ажиллахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч С.Оюунцэцэг: С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй хүмүүс “Алуурчдыг суллачихлаа” гэж яриад байгаад эмзэглэж байна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноогоод байсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож сулласан юм. Олон жил иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэ хэрэгт хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Таны үйлчлүүлэгч Т.Чимгээ ямар учраас энэ хэрэгт холбогдож, ял авах болов гэдгээс яриагаа эхэлье?

-Энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгасан гол шалтгаан бол ялтан Ц.Амгаланбаатарын мэдүүлэг юм. Түүнээс биш хуулийн дагуу цугларсан тэднийг буруутган яллах нотлох баримт байдаггүй. Тухайлбал, хурууны хээ, гутлын мөр, үс, хумс зэрэг олон зүйлд ДНК-ийн шинжилгээ хийлгэхээр АНУ руу явуулсан. Хэргийн газраас олдсон хурууны хээ, үс, гутлын мөр зэрэг нь С.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарынх биш, тэдний ул мөр илрээгүй гэдгийг АНУ-ын шинжээч эмэгтэй хэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Т.Чимгээг мөн Б.Содномдаржааг ялласан шалтгаанд Ц.Амгаланбаатар болон ганц нэг хүний худал мэдүүлгүүдийг дурдаад байдаг. Гэтэл “Энэ хүн мөн” гэж нотолсон гэрч болох хүн нь шүүх хуралдаанд биеэр оролцохдоо “Энэ эмэгтэй өндөр, намаараа таарахгүй байна, нүүр царай нь ч биш байна” гэж Анхан шатны шүүх хурал дээр өмнө нь өгсөн бүх мэдүүлгүүдээ няцааж байсан.

-Ямар учраас Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт татах болов?

-Ц.Амгаланбаатар нь н.Цэвэлмаа гэх эмэгтэйн өргөж авсан хүүхэд. н.Цэвэлмаагийн төрсөн дүү нь Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж юм. Тэгэхээр өргөж авсан ээжийнхээ хамаатан болох С.Бямбасүрэнгийн эхнэр Т.Чимгээг л Ц.Амгаланбаатар гүтгэчихсэн хэрэг. Харин Б.Содномдаржаа бол хөрш зэргэлдээ амьдардаг байсан айлын залуу. Тухайн үед миний үйлчлүүлэгч 28 настай, гурван хүүхэдтэй, Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харж байсан. Дорноговь аймагт байсан гэдгийг нь нотлохын тулд би хүүхдүүдийнх нь сурч байсан сургуулиудаас ирцийн бүртгэл, тодорхойлолтуудыг авсан. Мөн эмээгийнх нь бие муу хэвтэрт байсан гэдэг тодорхойлолтуудыг ч авч ирүүлэн шүүх хуралд оролцсон. Ингээд Дорноговь аймгаас ирүүлсэн 20 гаруй хуудас баримтаа авч Анхан шатны шүүх хуралд орох гэтэл миний баримтыг хурааж авчихаад өгөхгүй бөөн маргаан болж арай гэж авч орсон. Гэтэл тэр баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан бөгөөд яагаад үнэлэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй. Шүүх хурал болохоос өмнө С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргийг шүүх хуралд орж байсан өмгөөлөгчдөөс ганцхан би л бүтэн уншсан. 46 хоног уншиж байж дуусгасан. Бусад өмгөөлөгч нар ажлын ачааллаас болоод бүтэн уншиж амжаагүй байсан. Анхан шатны шүүх хурал эхлэхэд өмгөөлөгчид хэргийн материалыг бүтэн уншаагүй учраас бүтэн унших хугацаа өгнө үү гэсэн хүсэлт, санал өгөхөд огт хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

-Т.Чимгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоригдохдоо ямар орчин нөхцөлд байсан бэ. Та анх очихдоо уулзаж чадалгүй дөрвөн удаа буцсан гэдэг?

-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан Т.Хүрэлбат буюу Т.Чимгээгийн төрсөн ах нь 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр анх надтай ирж уулзсан, тэр өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр ажилласан. Ингээд Т.Чимгээтэй уулзах гэж Төв аймагт дөрвөн удаа очсон боловч уулзаж чадалгүй буцаж байсан. Төв аймгийн хорих байгууллагын ажилтнууд “Тагнуулын төв газрын дарга О.Бархасбадь хурандаагаас зөвшөөрөл аваагүй бол өмгөөлөгчдийг оруулахгүй” гэж хэлдэг байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өмгөөлөгч авах, Эрүүгийн хуульд зааснаар өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхтэй байдаг. Сүүлдээ арга ядаад НПГ-т гомдол гарган, ТЕГ-т очиж нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл аваад очсон байдаг. Намайг очиход заавал 20-30 минут хүлээлгэж уулзалтын өрөөг бэлддэг байсан. Уулзалтын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж миний яриаг чагнаж байгааг мэддэг байсан. Намайг мэдээгүй гэж боддог байсан байх. Хамгийн анх Т.Чимгээтэй уулзахад гурван сар усанд ороогүй учраас үс нь ширэлдчихсэн, дан цамц, богино өмдтэй, эрэгтэй хүний ижил буруу углааш өмсчихсөн гарч ирсэн.

Тухайн үед Т.Чимгээ “Танд баярлалаа, манай байцаагч нар чам шиг хүнийг өмгөөлөх хүн олддоггүй юм гээд басамжлаад, дарамтлаад байсан. Намайг өмгөөлөх өмгөөлөгч олдсон байна шүү дээ” гэж байсан. Тэгээд “Би гурван сар усанд ороогүй. Надад үзэг, цаас ерөөсөө өгдөггүй. Өрөөнд бие засах газар байхгүй, ганцхан сав байдаг. Миний бие ядруу хэцүү байна, дулаан хувцас өмсмөөр байна” гэж хэлж байсан. Эдгээр нөхцөл байдлын талаар гэрийнхэнд нь дуулгаж ХЭҮК-т бичих өргөдлийг нь бичиж өгч явуулсны эцэст Т.Чимгээгийн ар гэрийнхнээс эргэлт оруулдаг болж, мөн эмчийн үзлэгт ч оруулдаг болсон. Т.Чимгээгийн хоригдож байсан байр нь ямар ч цонхгүй, цементэн шалтай, хана нь хөгцөнд идэгдчихсэн, ариун цэврийн өрөөгүй, ямар ч агааргүй, хонгил юм. Манай үйлчлүүлэгч надад хэлэхдээ “Хар цай орж ирэхээр нь ганцхан л балгадаг. Ариун цэврийн хэрэглэл өгдөггүй болохоор хар цайгаа хурааж байгаад дотуур хувцсаа угаагаад нойтноор нь өмсөөд хатаачихдаг” гэж байсан. Мөн “Миний өрөөний үүдэнд хэдэн цагаар ч хамаагүй эмэгтэй хүн, хүүхдийн уйлах цурхирах дуу тавьж сэтгэл санааг минь хүнд байдалд оруулж байна” гэж ярьж байсан. Би “Яагаад чамайг энэ хэрэгт шалгаад байгаа юм. Ямар нэгэн үндэслэл байна уу?” гэж асуухад Т.Чимгээ “Би 1998 оны аравдугаар сарын дундуур Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харах зорилгоор гурван хүүхдээ аваад очсон. С.Зориг гэдэг хүнийг би мэдэх ч үгүй, тэр хүний талаар сонирхож байсан удаа ч байхгүй. Яагаад намайг гүтгэж хилсдүүлээд байгаа юм бэ” гэж хэлдэг байсан.

-2015 онд Т.Чимгээг зочид буудалд оруулж мансууруулж, улмаар эрхэд нь ноцтой халдаж, нүцгэн зургийг авч байгаа гүйцэтгэх ажиллагааны бичлэг ил болсон. Энэ тухай та яриач?

-Т.Чимгээгээс хурууны хээ авахын тулд нүцгэлчихсэн байгаа үйл явдал нь 2015 оны наймдугаар сарын 30-ны өдөр болсон. Хурууны хээ авахад эмэгтэй хүнийг нүцгэлж, далд хэсгийнх нь зургийг аваад байх шаардлага байхгүй. Хэнийг ч гэсэн сэжиглэж байгаа бол энэ цаасан дээр хурууны хээгээ дарчих гэхэд болох л асуудал. Энэ тухай Т.Чимгээ ярихдаа “Намайг архиар шахаад байсан. Архинаас нэг юм уу хоёр л балгасан байх, тэгээд л мэдэхгүй” гээд байдаг. Тухайн үед түүний уусан архинд ямар нэгэн хүчтэй зүйл хольсон байх гэж Т.Чимгээ өөрөө хэлдэг. Мөн өдөр Т.Чимгээг өргөн том ортой хорихын өрөөнд Ц.Амгаланбаатартай уулзуулсан байдаг бөгөөд Ц.Амгаланбаатар “Чамайг энэ орон дээр аваад гурван хоног хэвтчихэж чадна шүү. Чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн байдаг. Энэ бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зөрчсөн үйлдэл. Хүнийг айлган сүрдүүлэх, хүчилж, тулгаж, хөтөлж байцаалт авахыг хориглосон заалтуудыг зөрчсөн төдийгүй хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтууд ноцтой зөрчигдсөн. Тухайлбал, олон нийтэд ил болсон баримтад 2015 оны есдүгээр сарын 9-ний үед хорих ангийн өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж миний үйлчлүүлэгчийг дарамтлуулж байгаа үйлдэл нь маргаашийнх нь полиграффын үеэр хэрэг хүлээлгэх гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан.

Ингээд Анхан шатны шүүх хурал болохын өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун хэргийг маш сайн уншиж танилцаад “Энэ хүмүүс миний ахыг алсан хүмүүс гэхэд эргэлзээ төрж байна, шүүх хурлыг нээлттэй явуулаач” гэсэн хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй учраас өөрөө хуралд оролгүй, зөвхөн өмгөөлөгч Л.Энхсайханыг оруулсан байдаг. Шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч нар нэгдүгээрт шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хоёрдугаарт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг биеэр оролцуулах, гуравдугаарт өмгөөлөгчид бүгд хавтаст хэргийн материалыг бүрэн уншиж танилцах боломжит хугацаа олгооч гэсэн санал гаргахад хүлээж аваагүй хурлыг эхлүүлсэн. Шүүх хурлын явцад би Ц.Амгаланбаатараас “Чиний яриад байгаа гэрчүүдийн ихэнх нь дандаа нас барчихсан хүмүүс байна. Энэ ямар учиртай юм бэ?” гэж асуухад “Тийм ээ өмгөөлөгч өө, би чинь муу хүн байхгүй юу, олон жилийн ялтай учраас цаг хугацаа хожмоор байна, нар салхинд явмаар байгаа учраас худлаа ярьдаг юм” гэж гурван удаа хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хожим нь бодоход хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийг нь буруутгах болвол “Би худлаа ярьж байгаагаа шүүх хуралд хэлээд байсан шүү дээ” гэж хэлэх байж гэж бодогддог. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад хорь гаруй хоногийн дараа энэ хэрэгт хамааралгүй гээд хэрэгсэхгүй болгосон.

-Т.Чимгээг хоригдож байх хугацаанд том охин нь авто ослоор өнгөрсөн байдаг. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа Т.Чимгээ ХЗДХЯ-ны сайдад хэлж байсан?

-Энэ хэргээс болж Т.Чимгээгийн амьдрал бүрмөсөн сүйрсэн. Түүний гэр бүл одоо ч айл айлын хашаа, байшин түрээслээд хэцүүхэн амьдарч байна. Т.Чимгээгийн төлөө санаа зовж, хэргийн араас нь явдаг байсан ганц том охин нь нас барчихсан. Охинтой нь сүүлийн удаа салах ёс гүйцэтгүүлэхээр ТЕГ-аас бүрдүүлж ир гэсэн бүх баримтыг бэлэн болгож өгсөн боловч “Салах ёс гүйцэтгүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Талийгаач охиныг оршуулах өдөр байцаагч заавал өнөөдөр Т.Чимгээгээс байцаалт авна гэж дуудсан. Би “Өнөөдөр охиныг нь оршуулж байгаа учраас очих боломжгүй, маш их хямарч байна” гэхэд бид цаг хугацаатай ажилтай хүн гээд маргааш нь байцаалтад оролцуулсан. Тэр үед Т.Чимгээ уйлаад нүүр нь битүү хавдартай болчихсон их хүнд байсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ороод ирэхэд Т.Чимгээ маань их сонин болчихсон уйлаад сууж байна. Яасан бэ гэхэд “Байцаагч нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм гээд намайг басамжлаад байна шүү дээ” гээд уйлаад байсан (Уйлав). Ингээд бид байцаалт өгөхгүй гээд больж байсан. Дараагаар нь өөр нэг байцаагч дээр байцаалт өгөхдөө Т.Чимгээ “Ядаж та нар намайг үртэй минь сүүлийн удаа салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд урдаас нь байцаагч “Чи одоо очих юм уу, овоолготой шороог нь харах уу” гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад хүний мөс, хүн чанар ямар их дор болсон юм бэ дээ гэж бодогдсон.

-Зарим хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн иргэд суллагдчихлаа, ингэж болохгүй гэж маш ихээр шүүмжилж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

– “Алуурчдыг суллалаа” гэж хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний үйлчлүүлэгч Т.Чимгээ нь С.Зоригийг алсан гэдгийг нотлох хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлсэн нотлох баримт байсан бол Улсын дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байсан. Мөн Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэж хүн С.Зоригийн хэргийг ярихдаа басамжилсан өнгө аястай, алуурчдыг гаргалаа гэсэн санаагаар яриад байсан. Мөн Б.Мэргэн гэж залуу энэ тэнд яриа өгөөд яваад байна лээ. Б.Энхбаяр, Б.Мэргэн хоёр яагаад С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, санаан зоргоороо зургаан жил хилсээр хоригдож зовж шаналсан эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна. Харин энэ хэргийг илрүүлж, олон нийтэд ил болгоход хамгийн их хүчин чармайлт гаргасан хүмүүс бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, одоо ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар болон Монголын шударга үнэний төлөө нийлсэн ард түмний хүчин чармайлт гэж үзэж байна.

-Та “Надад болоод манай гэр бүлд байнгын дарамт шахалт ирэх болсон” гэж жилийн өмнөх ярилцлагадаа дурдсан байсан. Тэр ч байтугай хүүг тань хар тамхины хэрэгт холбогдуулсан байдаг. Түүнээс хойш дахин дарамт шахалт ирсэн үү?

-Тухайн үед Т.Чимгээгээр хэргийг нь хүлээлгэ гэх дарамт надад ирж байсан. “Би нас өндөр хүн, үхэхийн хооронд нүгэл хураахгүй, нөгөөтэйгүүр өмгөөлөгчийн ёс зүй, дүрмээ зөрчихгүй” гэдгээ хэлж байсан. Над руу олон ч өмгөөлөгч “Наад хэргээсээ гар, та одоо боль, юу хийгээд яваад байгаа юм” гэж хэлж байсан. Мөн намайг Солонгост байх хойгуур миний бага хүү над руу яриад “Ээж ээ, шөнө болохоор над руу нууцалсан дугаараас залгаад “Хүүхэн байна уу, татах юм байна уу” гэж яриад байна гэж байсан. Гэтэл удалгүй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хүүг маань саатуулчихсан байсан. Том охин маань очиж уулзаад дүүгээ гаргасан. Тэгтэл хорьхон минутын дараа “С.Оюунцэцэг өмгөөлөгч хүүгээ аваад гарлаа” гэсэн худал мэдээлэл цацагдсан. Намайг охинтой минь албаар андуурч бичиж байгаа хэрэг. Түүнээс гадна миний зургийг нэг залуутай хамт эвлүүлээд доллар цацчихсан “С.Оюунцэцэг өмгөөлөгч Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгээс их хэмжээний мөнгө авч, Солонгос улсад тансаглан амарч явна” гэсэн тайлбар хийсэн байсан. Гэтэл үнэндээ би Солонгост эмчлүүлж байсан. Түүний дараа нь намайг “ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтой БНСУ-д уулзан хуйвалдаж, С.Зоригийн хэргийг будлиантуулах гэж байна” гэж бас л гүтгэж бичсэн. Тэр хүн юу гэж надтай уулзах гээд явж байх вэ дээ. Энэ мэт гүтгэлэг, доромжлол, байнгын дарамт шахалтууд ирсээр байсан.

-Энэ хэргийн цаашдын шалгагдах үйл явц яаж өрнөх бол, та юу гэж харж байна. Ямар шийдэл хүлээж байна вэ?

-Одоо захиалагчийн хэргийг шалгах байх. Төгсгөлд нь хэлэхэд, 1937 онд хүмүүсийг хэлмэгдүүлж байсан нөхцөл өнөөдөр XXI зуунд гарч байгаад би маш ихээр харамсдаг. Яагаад хүний эрх, эрх чөлөөг ингэтэл нь зөрчив өө гэдэгт би эвлэрч чаддаггүй гайхдаг. Би хуулийн мэргэжил эзэмшээд 40 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнийг ингэтэл нь хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн удаа гарч байгаагүй. Гэтэл энэ хэргийг уншаагүй, мэдээгүй хүмүүс санаан зоргоороо “Алуурчдыг суллалаа” гэж яриад байгаад маш их эмзэглэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Т.Чимгээ суллагдаад цөөн хэд хонож байна, биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Сүүлд эмнэлэгт хэвтээд эмчилгээ их хийлгэсэн. Хорихын эмнэлгийн хамт олонд их баярладаг. Эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэснээсээ хойш ядаж муухан инээдэг болсон. Сая гараад жаахан тайвширлаа. Хадам ээжийнх нь бие муу, ээжийгээ асарч байгаа даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан: Хэнтий аймгийн Засаг дарга наадмаар түрүүлсэн морь, бөхөд өгдөг шагналаа багасгаж оронд нь хагалгаанд орж байгаа хүүхдүүддээ тусална гэж амласан

ХЭНТИЙ АЙМГААС ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРОХ ШААРДЛАГАТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ АВААД УЛААНБААТАР РУУ ЯВАХ ГЭЖ БАЙНА-


Зүрх мартахгүйтөслийг санаачлагч, Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхантай ярилцлаа.


Сайн байна уу. “Зүрх мартахгүйтөслийн баг хамт олон Хэнтий аймагт явж байгаа юм байна. Та бүхний зорьсон хэрэг бүтэмжтэй юү?

-Бид сайн явж байна. Хэнтий, дорнод аймгуудын бүх сумдаар нь орлоо. том хүн, хүүхэд нийлсэн 560 гаруй хүнд үзлэг хийлээ.

Энэ жил бороо хуртай жил байна, зам бартаа ихтэй байв уу?

-Жаахан төвөгтэй нь гэвэл энэ жил бороо, цастай шавар ихтэй байна. машин тэрэг шаварт сууж чирүүлээд, түүнээс биш сайн явлаа.

-560 гаруй хүнд үзлэг хийсэн гэж байна. Үүнээс яаралтай хагалгаа хийх шаардлагатай хэдэн хүн байна вэ?

-130 гаруй хүүхэд, 60, 70 том хүн хагалгаанд орох шаардлагатай юм байна. Яаралтай, бүр долоо хоног ч хойшлуулж болохгүй гэсэн дөрвөн хүүхдийг бид Хэнтий аймгаас аваад Улаанбаатар руу хөдлөх гээд л байж байна.

Та саяхан хүнд хагалгаанд орсон шүү дээ, замдаа ядарч байна уу?

-Ядарсан гэж ялархахгүй, гэхдээ ядраагүй гэж худлаа хэлээд ч яах вэ дээ.

Улаанбаатар хотод ирээд шаардлагатай хүүхдүүддээ мэс засал хийчихээд цаашдаа ямар аймгууд руу явах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) оччихвол маргааш хагалгаатай. Эндээс яаралтай авч явж байгаа дөрвөн хүүхдэдээ хагалгаа хийнэ.

Түүний маргааш нь дахиад хоёр гурван хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөчихсөн байгаа. Ингээд зургадугаар сарын 29 хүртэл хойшлуулж болохгүй хагалгаанууд байна. Тэгээд зургадугаар сарын 29-нөөс Хөвсгөл явах санаа байна. Сая бол Хэнтий, Дорнодын бүх сумдыг дуусгасан. Өмнө жил Хөвсгөл явсан ч бүх сумдыг нь дуусгаж чадаагүй. Хөвсгөл аймаг олон сумтай, хүн ам ч ихтэй юм байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөлийн Тариалан, Чандмань-Эрдэнэ, Алаг-Эрдэнэ гээд бүр хойшоогоо оччих санаа байна. Гэхдээ бороо, ус ихтэй учраас машин тэрэг нь очиж болохоор байна уу, үгүй юү. Ингээд 9, 10 хоног яваад ирэх байх. Ер нь Хөвсгөл аймаг руу явах их төвөгтэй, бартаа ихтэй, Ханх руу ирж очиход бараг хоёр гурав хонодог шүү дээ. Ингэж явж ирээд нэлээд хагалгаатай байх болов уу.

Түүний дараа хаашаа явах бол?

-Дараа нь говиор явах санаа байна. Өмнө жил Өмнөговь аймгаар нэг явсан юм. Одоо бүх сумдыг нь дуусгах санаатай байна. Гэхдээ манай багийнхан бүгдээрээ ярьж төлөвлөж шийднэ л дээ. Сая бороо, цастай машин шаварт суугаад татаж гаргаад хоёр ч машин эвдрээд, одоо ч гэсэн аймгийн төв дээр нь засаад л байж байна.

Таны сүүлд бичсэн постноос харахад Хэнтий аймгийн Засаг даргаЭнэ жилийн наадмаар бөх, моринд их мөнгө шагнал өгөхийн оронд яаралтай зүрхний хагалгаанд орох хүүхдүүдэд тусалнагэсэн санаачилга гаргасан байна?

-Тийм. Урьд нь бид ерөөсөө дарга нартай уулзаж байгаагүй. Сая Хэнтий аймгийн Засаг дарга уулзъя гэхээр нь өөрт нь шулуухан л хэлсэн. “Хагалгаанд орох шаардлагатай дөрвөн хүүхэд байна. Аав ээжтэй нь нийлээд арван хоёр хүнийг авч явах машин тэрэг хэрэгтэй байна” гэхэд инээгээд “Тэр асуудалгүй, тусална” гэж хэлээд тусалж байна. Одоо 15 цагаас машиныг нь гаргаад Хэнтий аймгаас “Сонгдо” эмнэлэг рүү хүргэж өгье гэсэн. Өөр газар бол ийм яриа болж байгаагүй. Энэ хүн залуу Засаг дарга байна, хуучин дарга нараас арай өөр юм. “Наадмынхаа түрүү бөх, моринд олон сая төгрөг өгөхийн оронд “Нутгийн зөвлөл”-тэйгөө ярьж байгаад хүүхдүүддээ тусалъя. Тэгэхгүй бол манай хүүхдүүд Энэтхэг, Солонгос явж хагалгаа хийлгэж байна. Доод тал нь 90 сая, дээд тал нь 200 гаруй сая төгрөг төлөөд ирсэн байна. Манай аймгаас 100 гаруй хүнд хагалгаа хийхэд хэдэн тэрбумын зардал гарна, түүний оронд “Сонгдо” эмнэлэгт хийж байгаа хагалгааны мөнгөн дээр туслах талаар ярилцана” гэж амласан. Анх удаа л ийм зүйл боллоо.

Та саяхан БнСУ руу явж хагалгаанд орсон. Буцаж ирээд нийт хичнээн хүүхдэд хагалгаа хийж эрүүл саруул болгосон бэ?

-90 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байх шүү. Яг тоолоогүй байна. Хагалгаанд орсон хүүхдүүд бүгд эрүүл болоод гарсан. Тэгэхээр миний буцаж ирсний хэрэг гарсан байгаа биз (инээв).

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны урьдчилгаа нэрээр 200 гаруй сая төгрөг залилуулсан иргэн Б: НОСК-ийн нэр бүхий ажилчид иргэдээс залилсан зургаан тэрбум төгрөгөө богино хугацаанд барагдуулахыг шаардаж байна

Цахим хуудсаар “Орон сууцны урьдчилгаа” нэрээр 100 гаруй иргэнээс нийт зургаа орчим тэрбум төгрөг залилсан гэх хэргийг цагдаагийн газраас шалгаж байна. ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа хэмээн эхнэр, нөхөр хоёр тэргүүтэй хэсэг хүмүүс иргэдийг залилжээ. Тэд өөрсдийгөө НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн танилцуулж, Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас нэг м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлсэн байна.

Байрны урьдчилгаа өгсөн иргэдэд шинээр ашиглалтад орсон орон сууцнуудын түлхүүр өгч, айлуудыг байранд оруулж эхэлжээ. Өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр, ердөө урьдчилгаа мөнгө өгөөд орсон иргэд ах дүү, найз нөхдөө үүнд татан оруулсаар хохирогчдын тоо нэмэгджээ. Түүнчлэн иргэдийг орсон байрныхаа төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө хэмээн хуурсан байна. Залилагчид нэр бүхий орон сууцны компаниудад урьдчилгаа төлж, түлхүүрийг нь авсан даруйдаа иргэдэд өгсөн байжээ. Түлхүүрээ өгсөн орон сууцны компаниуд байранд нь хууртагдаж орсон иргэдэд “Тийм хямдхан орон сууцаа борлуулах боломжгүй” гэж хэлээд байрнаасаа хөөж гаргасан байна. Залилагчид иргэдэд итгэл төрүүлэхийн тулд өөрсдөө “АСЕМ ВИЛЛА” хаус хотхонд амьдарч, 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин унаж, тэр ч бүү хэл зарим нь УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн байна” гэсэн мэдээлэл яваад байгаа юм.


Тэгвэл энэ мэдээллийг тодруулахаар нэр холбогдоод байгаа хүмүүс болон залилуулсан гэх иргэдтэй ярилцлаа.


ИРГЭН Б: ТЭР ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦТАЙ ХИЙСЭН БИЧИГ БАРИМТ НЬ ЯМАР Ч ТАМГА ТЭМДЭГ БАЙХГҮЙ, ЗҮГЭЭР Л ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХСАН ЗҮЙЛҮҮД БАЙСАН

-100 гаруй иргэнээс зургаан тэрбум төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа гэсэн. Яг юу болсон тухай тодорхой ярихгүй юу?

-2019 онд ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөр явагдаж байгаа тухай Ж.Бодьсад гэх хүн над руу ярьсан л даа. Ингээд 2019 оны нэгдүгээр сараас урьдчилгаа 22-30 сая төгрөг аваад айлуудыг “Туул Ван” гэж хотхонд оруулж эхэлсэн байдаг. Ингэхдээ жилийн хүүгүй, эргэн төлөлтөөр буюу түрээслэх маягаар сар бүр 450-500 мянган төгрөг төлөөд дууссаны дараа тухайн байр өөрсдийнх нь болно гэж хэлээд оруулсан байдаг.

Тухайн үед арав гаруй айлууд орсон байх. Мөн түүний дараа ТОСК-иас “Чухаг”, “Хүннү 2222”, “Дөл” зэрэг хотхонд иргэдийг оруулсан. Зарим айлууд ороод зарим нь орж чадалгүй сунжраад яваад л байсан. Гэхдээ тухайн байрандаа орохдоо борлуулалтын албан дээр нь очиж болохгүй гэдэг. Яагаад вэ гэхээр “Байрны нэг м.кв-ын үнэ нь нэг сая 150 мянган төгрөг хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгч байгаа. Тийм учраас та бүхэн борлуулалтын албан дээр очиж уулзаж болохгүй, очиж уулзвал дарга нар мэдчихээд бөөн юм болоод байна шүү” гэж хэлээд байсан. Түүний дараа “Модун”, “Цэнгэлдэх” зэрэг хотхонд айлууд орсоор л байсан. Мөн 2020 оны сонгуулийн дараа нам ялсан учраас урьдчилгаа 35 сая төгрөг аваад айлуудын байрны бичиг баримтыг гаргаад өгнө гэж хэлээд мөн л олон хүмүүсээс мөнгө авсан юм байна. “МАН-ын менежерүүдэд нь өгөх гэж байгаа байр байгаа юм. Гэхдээ зарим хүмүүс нь авахгүй гээд тэр байрнаас нь ганц хоёр байр сугалж байгаа” гэж ярьсан байгаа юм. Ингэж явсаар бид 2021 оны гуравдугаар сард луйвар гэдгийг нь мэдсэн. Ж.Бодьсад, Э.Солонго, Э.Болорчулуун гээд энэ хүмүүс зохион байгуулалттай явсан юм уу, үнэхээр ТОСК-тай холбоотой юу гэдгийг мэдэхгүй байна. Мөн НОСК-ийн дэд дарга С.Дорждэрэм болон, хэлтсийн дарга н.Мөнхзаяа гэх хүний нэр холбогдсон байдаг.

Та өнгөрсөн хугацаанд байрны урьдчилгаа гэж хичнээн төгрөг төлсөн бэ?

-Миний хувьд 200 гаруй сая төгрөг өгчихсөн явж байна. Байрны чинь бичиг баримт гарахаар түлхүүрийг чинь өгнө гээд байгаад байсан. Би 2020 оны нэгдүгээр сард “Түлхүүрээ өгөхгүй бол мөнгөө авъя” гээд ярьсан. Гэтэл урдаас “Төлбөрийг 80 хувиас илүү барагдуулах юм бол айлуудыг оруулж байгаа” гээд мөнгө нэмж авсан. Энэ мэт надтай адилхан маш олон хүн байгаа. Ингээд арай гэж байрандаа орсон хүмүүст түрээсийн орон сууцны төлбөр, ус цахилгааны мөнгө зэрэг баахан мөнгө төлөөгүй гэсэн нэхэмжлэлүүд ирж эхэлсэн. “Бид энэ байрыг худалдаж авах гэж байгаа. Энэ байр чинь ТОСК, НОСК-иас хөнгөлөлттэй олгож байгаа байр” гээд хэлсэн байдаг. Гэтэл тэр түрээсийн орон сууцтай хийсэн бичиг баримт нь ямар ч тамга тэмдэг байхгүй, зүгээр л гарын үсэг зурчихсан зүйлүүд байсан.

Одоо энэ асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн үү?

-Тийм. Ер нь бол 2021 оны гуравдугаар сард үнэн худал нь эргэлзээтэй болоод илэрсэн. Одоогоор энэ хэрэг Нийслэлийн мөрдөн байцаах газар оччихсон шалгагдаж байгаа.

Та бүхэн тавдугаар сарын 24-нд МАнын дарга У.Хүрэлсүхэд энэ асуудалд анхаарал хандуулна уу гэсэн хүсэлт гаргасан байна шүү дээ. хариу ирсэн үү?

-Хохирогчид нийлээд хүсэлт гаргаад явуулсан. Тэгсэн “Энэ асуудал намтай ямар ч хамааралгүй” гэсэн хариу ирсэн гэдэг. Мөн бид ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарт хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу сайд яаралтай анхааралдаа авсан. Тэр дор нь биднээс мэдүүлэг аваад, нөгөө талаас холбогдох хүмүүсийг хорих ангид аваачсан. Ж.Бодьсад, Э.Солонго нарыг гуравдугаар сарын 29-ний үед хорих ангид хорьсон. Гэтэл Э.Солонго нь хүүхдийнх нь бие өвдсөн гээд баахан бичиг үзүүлээд суллагдсан гэсэн. Гэтэл одоо хүртэл гадуур сэлгүүцээд яваад л байна. Ингээд болохгүй болохоор нь бид Б.Отгон сэтгүүлчид хандаад баримт материалаа хэлсэн байдаг. Хамгийн гол нь хэргийг шалгах явц удаашраад байна л даа.

Нийт хичнээн иргэд хохирсон бэ?

-Гэр оронгүй болсон 100 гаруй айл өрх бий. Үүнийг задлаад яривал маш олон хүн байгаа. Мөн зургаан тэрбум төгрөгөөр хохирсон гэж ярьж байгаа ч цаана нь 8-10 тэрбум төгрөгөөр хохирсон гэж яригдаж байгаа. 500 гаруй хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Одоо хамгийн гол нь бидний мөнгийг олж өгөөсэй гэсэн хүсэлтэй байна. Бид тэдгээр хүмүүсийг шоронд хийхдээ гол нь биш. Ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд хохирсон хүмүүсийн хохирлыг л барагдуулах хэрэгтэй байна.

НОСК-ИЙН ДЭД ДАРГА С.ДОРЖДЭРЭМ: БИ ХЭРЭВ ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ ЛУЙВАРДСАН БОЛ ОДОО ШОРОНД БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмтэй холбогдож энэ талаар тодруулахад “Би хэрэв хүмүүсээс мөнгө луйвардсан бол шоронд байх ёстой биз дээ. Одоо ярих боломжгүй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Маск зүүсэн ч олноороо нэг дор цугларч байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээчихлээ. Хөл хориог сулруулсан өдрөөс хойших халдварын тархалт ямар байна вэ?

-Хөл хорио сулруулснаас хойш 2-3 долоо хоногийн дараа үр дүн нь харагддаг. Бид тавдугаар сарын 8-наас хойш хөл хориогоо сулруулаад гурван долоо хоног болж байна. Хөл хорио тогтоосон 27 хоногийн үр дүнд нийгэмд идэвхтэй тархаж байсан халдварыг бууруулах, мөн халдвартай хүмүүсийг цааш нь халдвар тараахаас сэргийлсэн. Тодорхой хэмжээнд эрчимт эмчилгээний ороо дүүргэчихгүйхэн шиг, ачааллыг нь бууруулж чадсан. Өмнө ч бид хэлж байсан, хоёр ч нууц үеийн хугацаа өнгөрөхөөр хэмжээний хөл хорио тогтоосноор тархалтыг зогсоож чадахгүй юм гэхэд халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулаад тэр хооронд вакцинаа хийж эмнэлгийн ачааллаа бууруулах зорилготой гэж. Түүнийгээ биелүүлсэн гэж харж байна.

Харин эргээд халдварын тохиолдол ихэсдэг зүй тогтол байдаг. Хэдий хөл хорио тогтоосон ч нийгэмд халдварын гинжин хэлхээ хэвээрээ байгаа. Халдварын гинжин хэлхээг тасалж чадаагүй учраас тэр нь буцаад ихсэх хандлага ажиглагдаж байна. Дараагийн давлагаа хэр их хүнийг хамрах вэ гэдэг нь олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх. Хоёрдугаарт, Засгийн газраас хөл хорионы дэглэмээ шат дараатай аажмаар бууруулж байж бид дараачийн давлагааг амжилттай давж чадна. Нөгөөтэйгүүр вакцинжуулалтаас шууд хамааралтай.

Дандаа ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа гэсэн. Массын дундахь шинжилгээ авахгүй байсан, хэвээрээ юү?

-Ер нь бол хэвээрээ. Уг нь бидний барих ёстой зарчим бол массын дунд өргөн хүрээгээр шинжилгээ өгөхийг нь хангах ёстой л доо. Хэтэрхий хоёр туйл руугаа хэлбэлзээд байх шиг байна. Эхэндээ маш их хөрөнгө, хүч, оношлуур гаргаад олон хүнээс шинжилгээ авчихсан. Одоо болохоор аль аль талдаа хомдсол үүсээд, шинжилгээний хүртээмж бага болчихоод байна. Үнэхээр сэжигтэй зүйл илэрч байгаа хүмүүсийг чөлөөтэй шинжилгээ өгөх шаардлагаар хангах хэрэгтэй. Хурдан хугацаанд шинжилгээгээ өгөөд, өөрсдийгөө тусгаарлаад байвал нийгэмд их халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Өнгөрсөн 24 цагт дөрвөн хүн нас барлаа гэж байна. Урьд нь та хэлж байсан, нас баралтын тоо нэг долоо хоногоор хожигдож явдаг гэж. Тэгэхээр нас баралтын тоо буурах төлөв байна уу?

-Тийм. Олон улсын жишгүүдийг харахад 2-3 долоо хоногийн дараа нас баралтын тоо тодорхой бодитой буурдаг. Монгол Улсын хувьд тухайн иргэнээс шинж тэмдэг илрээд, бүрэн оношлогдоод, эмчилгээ аваад өвчин хүндрэх хүртэл 7-10 хоногийн хугацаа зарцуулагдаад байгаа юм. Тийм учраас нас баралтын тоо хоцрогддог гэж ярьж байсан. Одоо нас баралтын тоо буурч байна.

Вакцинжуулалт нэлээд хурдтай байна. Энэ эрчээрээ яваад байвал Монгол Улсын иргэд ойролцоогоор хэдийд маскаа тайлах боломжтой бол?

-Одоогийн байдлаар Монгол Улсын насанд хүрэгчдийн 55 гаруй хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. 23 хувь нь бүрэн тунгаа авсан байна. Тэгэхээр бүрэн тундаа хамрагдаагүй үлдсэн 77 хувь нь халдвар авах эрсдэлтэй хэвээрээ л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна” гэж ярьж байгаа. Энэ 90 хувьд зөвхөн насанд хүрсэн хүмүүс л хамаарч байгаа. Мөн 37 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн. Гэтэл үлдсэн вакцинжуулагдаагүй хүүхдүүд мөн л халдвар авах, цааш нь тараах эрсдэлтэй хэвээр байгаа. Тэрийг ард иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас бид тайвшрах болоогүй, маскаа авах болоогүй байна.

Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсан. Яагаад нас барав?

-Вакцины жинхэнэ үр нөлөө, туршилтын үр нөлөө гэж хоёр янз байдаг. Туршилтын үр нөлөө гэдгийг вакцин үйлдвэрлэгч газрууд зохион байгуулдаг бөгөөд үр нөлөө нь янз бүрийн хувиар гарч байна. Гэхдээ энэ хувиудыг шууд харьцуулахад их учир дутагдалтай. Яагаад гэхээр вакцины туршилтууд цар тахлын ондоо үеүдэд явагдсан, мөн хүн амын хувьд ч ондоо. Тэгэхээр ямар ч вакцин хийлгэсэн халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй, өвчилсөн хүмүүс, өвчлөл нь хүндрээд нас барах тохиолдлууд ч гарна. Ямар вакцин хийлгэснээсээ үл хамаараад дэлхийн улс орнуудад ч тийм тохиолдол гарсан. Хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндээ бодож нийт хүн амын нас баралт хүндрэлийн тоог бууруулж байгаа хэрэг.

Түүнээс гаднаВакциндаа хамрагдсан иргэдийн группдээрСинофармүйлдвэрийн вакциныг хийлгүүлснээс хойш сарын тэмдэг нь ирэхээ больсон, та нарынх тэгж байна уугэх мэт асуулга явж байх юм. Энэ ямар учиртай юм бол, та бүхэн энэ талаар судалж үзсэн үү?

-Тухайн группт нь байдаггүй болохоор олж хараагүй байна. Ямар нэгэн вакцины дараа гаж нөлөө, сөрөг хариу урвал өрнөж болно.

Тэрийг нь гаж нөлөө байна уу, дархлаажуулалтын дараах хүндрэл байна уу гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба тэмдэглэж судалж байгаа. Цахимаар явж байгаа тэр тохиолдлууд нь хэр үнэн бодитой юм, ямар нэгэн байгууллага, хувь хүний явуулга байна уу, шинжлэх ухааны нотолгоо байна уу гэх зэргийг шалгах хэрэгтэй. Хэрэв тийм хүмүүс байгаа бол ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаарай гэж хэлэх байна. Энэ талаар судалж байж хариу дүгнэлт гаргах боломжтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ. Үүнтэй холбоотой иргэд гадаа талбайд олноороо цугларч харагдах юм. Хэдий маскаа зүүсэн ч ингэж нэг дор олноороо цугларах нь эрсдэлийг дагуулж байна уу?

-Яг тийм. Хамгийн тодорхой болчихсон зүйл бол коронавирус ямар нэгэн зүйлийн гадаргуугаар халдахаас илүү агаараар халдах юм байна гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Хэдийгээр гадаа агаарт маскаа зүүгээд цуглаж байгаа нь дотор гэрт цугласнаас эрсдэл багатай ч ингэж олноороо зайгаа барихгүй байгаа үед халдвар авах эрсдэл ихэснэ. Нэг үгээр хэлбэл, маск зүүсэн хэдий ч олон хүнийг нэг дор цуглуулах нь коронавирус авах эрсдэлийг нэмэгдүүлж байна л гэсэн үг. Хэрэв үнэхээр уулзалт цуглаан хийх шаардлагатай бол дотор биш гадаа, нэг дор олон хүн цуглуулахгүйгээр зайг нь бариулаад халдвар хамгааллын дэглэм бариулах шаардлагатай байна л даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатар: Шүүгч хүн зөвхөн мэдлэг, чадвартай байхаас илүү ёс зүйтэй байх нь чухал

Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, Д.Болдбаатар нарт сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ. Тэгвэл тавдугаар сарын 25-нд Шүүхийн ёс зүйн хороо хуралдаж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, З.Болдбаатарын цалингийн 30 хувийг зургаан сараар хасах шийтгэл ногдуулсан юм. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатараас тодрууллаа.


-Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгчдэд авлига өгсөн байж болзошгүй асуудлаар “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Нэхүүл” хөдөлгөөн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Асуудал хэлэлцэх хугацааг удаа дараа хойшлуулсаар байсан шалтгаан нь юу юм бэ?

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдуулан “Зохисгүй байдал гаргасан” гэсэн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Нэхүүл” Нам бус залуусын хөдөлгөөн ТББ, “Дархан Монгол ногоон нэгдэл” ирүүлсэн. Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд зааснаар Ёс зүйн хорооны гишүүн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгана. Энэ хугацаандаа багтаан шалгасан. Шалгалтын дараа Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар дээр дурдсан нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн.

Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор албажуулах, түүнийг гардан авсан этгээд эс зөвшөөрвөл арав хоногийн дотор Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн зургаан цагаас тавдугаар сарын 8-ны өдрийн зургаан цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнээс дараагийн долоон хоногт Шүүхийн ёс зүйн хорооны ажилтнуудыг шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон.

Ингээд Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр хийсэн бөгөөд шүүгчээс гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийн дагуу нэг удаа хуралдааныг хойшлуулах зохицуулалт ёсоор Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан тавдугаар сарын 25-ны өдөр болж холбогдох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Шүүхийн ёс зүйн хорооноос хуралдааныг хууль, дүрэмд заасан хугацаанд хийж ирсэн.

-Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас нь огцруулах, З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Олон нийтэд ил болсон бичлэгт гурван шүүгч хамт байсан. Ямар учраас ондоо шийтгэл өгч байгаа вэ?

-Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн хоёрт “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгч З.Болдбаатарын хувьд цахилгаан шатны болон үүдний хонгилд болсон үйл явдалд байгаагүй. Энэ нь нөгөө хоёр шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэлээс өөр шийтгэл хүлээлгэх нөхцөл болсон.

-Энэ шийдвэрийг өмгөөлөгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар хүлээн зөвшөөрч байгаа юу. Хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

-Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаас гаргасан магадлалыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор бичгээр албажуулна. Нэр бүхий шүүгчид тус магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

-Шүүхийн ёс зүйн хорооноос эдгээр шүүгчдийг ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ?

-Нэр бүхий гурван шүүгчийн хувьд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь … мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн нэгт “…хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж Шүүхийн ёс зүйн хорооноос дүгнэсэн.

-Эдгээр шүүгчид олны анхааралд байдаг том хэргүүд дээр ажиллаж байсан шүү дээ. Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар шүүх байгууллагад хэдэн жил ажилласан бэ?

-Шүүгч Д.Отгонбаатарын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тангараг өргөж, шүүгчээр ажиллаж байна. Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарын хувьд 2006 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Дээрх гурван шүүгчийн хувьд шүүгч болохоос өмнө шүүхэд шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнаар ажиллаж байсан.

-“Шүүгч байхын урьд эхлээд хүн байх ёстой” гэж ахмад шүүгч, салбарын хүмүүс ярьдаг. Иргэд ч шүүгч болох босгыг чангатгах хэрэгтэй байна уу даа гэж шүүмжилж байна. Энэ тал дээр салбарын хүний хувьд та юу гэж харж байна вэ?

-Шүүгч зөвхөн мэдлэг, чадвартай байх хангалтгүй, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхүйцээр албандаа болон хувийн амьдралдаа хандах шаардлагатай байдаг. Хуульчдын дундаас шүүгчийг сонгох үйл явцын алдаа дутагдал нь хожим ёс зүйн зөрчил гаргах шүүгчийг бий болгох байдал ажиглагддаг. Тэгэхээр ёс зүйтэй шүүгч байх нь ёс зүйтэй эрх зүйч, хуульч болохоос эхлэлтэй, хуульчдаас шүүгчийг шилж сонгох зэрэг цогц үйл ажиллагаанаас хамаардаг болохыг онцгой анхаарах шаардлага бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?

Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу Д.Совд гэх иргэн нэвтэрч, сайд Л.Энх-Амгалан руу хутга барин дайрсан явдал болсон. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд энэ үйл явдал болсон бөгөөд цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулж, шалгахад “Бага насны буюу арван жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн” гэж ярьсан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан аж. Сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэн ХУД-ийн харьяалалтайг тогтоожээ.

Тэгвэл энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн юм. Харин Д.Совд гэх иргэн энэ үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө өөрийн цахим хуудсандаа “ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ? Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү, Боловсролын сайд аа” гэж бичсэн байна.

Иргэн Д.Совдын тухай мэдээллийг танилцуулбал тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Мөн УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан Л.Энх-Амгалан сайдтай өрсөлдөж байжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр “Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан” гэх мэдээллүүд ч бичигдсээр байгаа юм. Уг мэдээлэлд Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Д.Совд манай сумын залуу. Бид төрөл садан, хамаатны холбоогүй. Миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодох манатай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ, сүржин юм бодох юм” гэсэн байна.

Д.Совд нэг жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба, танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-т нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байсан гэнэ. Мөн тэрээр 2019 онд гарсан “Хүннү Эйр” ХХК-ийн ослоос хойш сэтгэл зүйн хувьд эмзэг, ихээхэн бухимдалтай байх болсон ба төр засаг болон улс төрчдийг эсэргүүцэж, үзэл бодлоо удаа дараа хэвлэлээр илэрхийлж байсан. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 14-нд “Хүннү Эйр” ХХК-ийн онгоцны далавчнаас унаж осолдон олон сар ухаангүй байсан О.Мөнгөншагай гэдэг залуугийн Улаанбаатар хотод байдаг ганц хамаатан нь гэж, тухайн үед дүүгийнхээ эрүүл мэнд ноцтой хохирсон талаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тууштай эсэргүүцэл илэрхийлж байсан. Эндээс түүний тэмцэл эхэлсэн бөгөөд “Хүннү Эйр” компанийн зүгээс дүүгийнх нь ослын асуудалд ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэргийн баримт материалыг дарагдуулж байна, мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү Нисэхийн цагдаагийн дарга Л.Ганбаатар нь энгийн ардын хүүхдийн амь нас эрсдэлд орж эрүүл мэнд ноцтой хохирчихоод байхад нуун дарагдуулж, хэрэг үүсгэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байна хэмээн эрх мэдэл албан тушаалтнуудад бухимдаж эсэргүүцсэн байна. Ийнхүү гомдол бухимдлаа илэрхийлж явсаар улстөрчдийн хөрөнгө орлогын асуудал руу орж Л.Энх-Амгалан болон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Улмаар төрийн алба хашиж байгаа тул энэ тэмцлээ зогсоож эв зүйгээр шийдэх талаар ойр тойрны хүмүүс нь хэлж ярьж байсан ч “Энэ ажлаа ав, одоо хэн ч, юу ч намайг зогсоохгүй” гээд дэд захирлын ажлаа өгөөд тэмцлээ үргэлжлүүлсэн гэдгийг нь эх сурвалжууд дурдсан байна. Энэ мэт түүний тэмцэл нь ар араасаа үргэлжилж, улмаар эрх мэдэлтнүүдтэй тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэхээс өөр сонголтгүй байна хэмээн 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн гэнэ. Одоогоор түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэнэ. Мөн прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтэй танилцахад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь нас, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах аж.